Исаиа
23 Тирийн тухай тунхаглал.
Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйл!
Учир нь боомт устгагдаж, тийшээ орох боломжгүй болсон.
Киттимийн нутгаас үүнийг мэдэгдсэн.
2 Эргийн оршин суугчид аа, чимээгүй бай!
Та нар тэнгис гаталдаг Сидоны худалдаачдын ачаар баяжсан.
3 Тэд их ус гатлан Нилийн ургац буюу
Шихорын* үр тариаг авчирсан.
Энэ нь та нарт орлого оруулж, үндэстнүүдэд ашиг өгсөн.
4 Тэнгисийн дэргэдэх бэхлэгдсэн хот Сидон оо, ичигтүн!
Учир нь тэнгис:
«Би төрөхийн зовлон үзээгүй, хүүхэд төрүүлж байгаагүй.
Би хөвгүүдийг хүмүүжүүлж, охидыг өсгөж байгаагүй» гэж хэлсэн.
5 Египетийн тухай мэдээ зовлон шаналал авчирсан шиг
Тирийн тухай мэдээ бас тийм байх юм.
6 Тэнгис гатлан Таршиш руу яв!
Эргийн оршин суугчид аа, гашуудан уйл!
7 Энэ чинь танай хот мөн үү? Дээр үеэс, бүр анхнаасаа баяр хөөртэй байсан хот биз дээ?
Алс холын нутгуудад хөл тавьж, эзэгнэн суудаг байсан хот биз дээ?
8 Наймаачин ноёдтой,
Дэлхийд хүндлэгдсэн худалдаачидтай,
Хаадыг томилогч Тирийн эсрэг
Хэн энэ шийдвэрийг гаргасан бэ?
9 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийм шийдвэр гаргасан юм.
Ингэснээр Тир гоо үзэсгэлэндээ эрдэхгүй бөгөөд
Дэлхий дахинд хүндлэгдсэн хүмүүс нь шившиг болох юм.
10 Таршишийн хүмүүс ээ*, нутгаараа Нил мөрөн шиг дайран өнгөр.
Хөлөг онгоцны үйлдвэр* байхгүй болсон.
11 Ехова тэнгисийн дээгүүр мутраа сунгаж
Хаант улсуудыг сэгсэрсэн.
Тэрбээр Фойникийн цайзуудыг устгах тушаал өгсөн.
12 Тэгээд «Дарлагдсан Сидоны хүмүүс ээ*,
Та нар хойшид баярлахгүй.
Босоод тэнгис гатлан Киттим рүү яв.
Тэнд ч чи амар заяа үзэхгүй» гэж хэлэв.
13 Халдейчуудын нутгийг хар.
Ассиричууд бус, харин энэ ард түмэн үүнийг
Цөлийн амьтдын нутагладаг газар болгосон.
Тэд бүслэлтийн цамхгууд босгож,
Бэхлэгдсэн цамхгуудыг нь нураан
Балгас болгов.
14 Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйл!
Учир нь та нарын цайз устгагдсан.
15 Тэр өдрөөс эхлэн Тир 70 жил мартагдана. Энэ нь нэг хааны амьдрах хугацаа юм. Янхны дуунд гардаг шиг зүйл 70 жилийн эцэст Тирт тохиолдоно.
16 «Мартагдсан янхан аа, босоо ятгаа аван хотоор яв.
Босоо ятгаа эгшиглүүл.
Олон дуу дуулбал
Тэд чамайг санана».
17 Ехова Тирийг 70 жилийн эцэст санана. Тир дэлхийн бүх хаант улстай завхайрч мөнгө авна. 18 Биеэ үнэлээд олж авсан мөнгө нь Еховагийн хувьд ариун байх юм. Тэдгээрийг хуримтлуулахгүй, хадгалахгүй. Яагаад гэвэл түүний олсон орлогыг Еховагийн ард түмэнд зориулна. Тэд цадталаа идэж, сайхан хувцаслана.