Хоёрдугаар хаад
25 Зедекиагийн засаглалын 9 дүгээр оны 10 дугаар сарын* 10-ны өдөр Вавилоны хаан Небухаднезар бүх цэргээ дагуулан Иерусалим руу довтлохоор ирж хуарагнан буув. Тэгээд тэрбээр хотыг тойруулан бүслэлтийн хэрэм босгожээ. 2 Зедекиа хааны 11 дүгээр он хүртэл хот бүслэлтэд байлаа. 3 Хотод болсон өлсгөлөн 4 дүгээр сарын* 9-ний өдөр дээд цэгтээ хүрч, оршин суугчдад нь идэх юм олдохоо болив. 4 Мөн халдейчууд хэрмийг нь цөмлөв. Халдейчуудыг хотын эргэн тойронд байхад Зедекиа хааны цэргүүд бүгдээрээ шөнөөр хааны цэцэрлэгийн ойролцоох давхар хэрмийн хаалгаар зугтжээ. Зедекиа хаан Арабагийн замаар зугтсан юм. 5 Халдейчууд араас нь нэхэн хөөсөөр Иерихогийн цөлд түүнийг гүйцэхэд хамаг цэрэг нь тарж бутарлаа. 6 Халдейчууд Зедекиа хааныг барьж аваад Риблад Вавилоны хаан дээр аваачихад тэд түүнд ял оноов. 7 Тэгээд хөвгүүдийг нь Зедекиагийн нүдэн дээр хороожээ. Дараа нь Небудхаднезар Зедекиагийн нүдийг сохолж, зэс дөнгөөр дөнгөлөөд Вавилонд аваачсан юм.
8 Вавилоны хаан Небухаднезарын засаглалын 19 дүгээр онд 5 дугаар сарын* 7-ны өдөр Вавилоны хааны албат, бие хамгаалагчдын ахлагч Небузарадан Иерусалимд очив. 9 Тэрбээр Еховагийн өргөө, хааны ордон болон Иерусалимын бүх байшинг галдан шатаажээ. Нэр нөлөө бүхий хүмүүсийн гэр орныг ч шатаасан юм. 10 Түүгээр удирдуулсан халдей цэргүүд Иерусалимын эргэн тойрны хана хэрмийг нураажээ. 11 Тэгээд бие хамгаалагчдын ахлагч Небузарадан хотод үлдсэн хүмүүс ба Вавилоны хаанд дагаар орогсод гэхчлэн үлдсэн олон түмнийг олзлон авч явав. 12 Харин нутгийн зарим үгээгүй ядуусыг усан үзмийн тариаланч, албадлагын ажилчин болгохоор үлдээжээ. 13 Түүнчлэн халдейчууд Еховагийн өргөөний зэс баганууд, Еховагийн өргөөний хашаан дахь тэрэгнүүд, зэс Тэнгисийг эвдэж хэмхчээд зэсийг нь Вавилон руу авч явжээ. 14 Мөн тэд үнсний хувингууд, хүрзнүүд, дэнгийн унтраагуурууд, аяганууд гээд сүмийн үйлчлэлд хэрэглэж байсан бүх зэс эд хэрэгслийг авч явав. 15 Бие хамгаалагчдын ахлагч Небузарадан шижир алт, цэвэр мөнгөөр хийсэн галын гаргуулууд, савнуудыг авч явлаа. 16 Еховагийн өргөөнд зориулж Соломоны хийсэн хоёр багана, Тэнгис, тэрэгнүүдийн зэс нь хэмжихийн аргагүй их байлаа. 17 Багана бүрийн өндөр нь 18 тохой* байв. Баганын толгой нь зэс бөгөөд өндөр нь гурван тохой, эргэн тойрон дахь тор болон анар жимснүүд нь бүгд зэс ажээ. Хоёр дахь багана нь ч тортой байсан бөгөөд эхний баганатайгаа яг адилхан байв.
18 Бие хамгаалагчдын ахлагч Небузарадан ахлах тахилч Сераиа, ахлах тахилчийн туслах Зефаниа болон гурван хаалгачийг бас авч явав. 19 Мөн цэргүүдийг хариуцагч нэг түшмэл, хотод байсан хааны таван зөвлөх, цэргийн жанжны бичээч буюу нутгийнхныг цэрэгт татагч, хотоос олдсон эгэл ард болох 60 хүнийг авч явжээ. 20 Тэрбээр тэднийг авч яван Риблад байсан Вавилоны хаан дээр аваачив. 21 Вавилоны хаан тэднийг Хаматын нутаг дахь Риблад хөнөөжээ. Иудачууд ийнхүү нутгаасаа цөлөгдсөн юм.
22 Вавилоны хаан Небухаднезар Иудад үлдсэн хүмүүсийг Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад хариуцуулав. 23 Вавилоны хаан ийнхүү Гедалиаг томилсныг цэргийн бүх жанжин, тэрчлэн цэргүүд нь сонсоод нэн даруй Мизпа руу явж Гедалиа дээр очжээ. Тэд бол Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иоханан, нетофат хүн Танхуметийн хүү Сераиа, маакат хүний хүү Иаазаниа болон тэдний цэргүүд юм. 24 Гедалиа тэдэнд болон цэргүүдэд нь тангараглан «Халдейчуудад боолчлогдохоос битгий ай. Энэ нутагт амьдарч, Вавилоны хаанд хүчин зүтгэцгээ. Тэгвэл та нар сайн сайхан явна» хэмээжээ.
25 Хааны гэр бүлээс гаралтай, Елишамагийн ач, Нетаниагийн хүү, Ишмаел долоодугаар сард* 10 хүнийг дагуулан яваад Гедалиаг хөнөөв. Тэд бас Гедалиатай хамт Мизпад байсан иудейчүүд болон халдейчуудыг хөнөөв. 26 Энэ явдлын дараагаар, халдейчуудаас айцгаасан бүх хүн, тэр дундаа цэргийн захирагчид хүртэл Египет рүү зугтжээ.
27 Иудагийн хаан Иехоиахины олзлогдсоны 37 дахь жилд Евил-меродах Вавилоны хаан болж, тэр жилийнхээ 12 дугаар сарын* 27-ны өдөр Иудагийн хаан Иехоиахиныг шоронгоос суллав. 28 Вавилоны хаан түүнтэй эелдгээр ярьж, Вавилонд олзлогдсон бусад хаанаас дээгүүр өргөмжилжээ. 29 Ингээд Иехоиахин шоронгийн хувцсаа тайлж, үлдсэн амьдралынхаа турш Вавилоны хааны ширээнээ зоог барьсан юм. 30 Иехоиахиныг амьд байх бүхий л хугацаанд хаан түүнийг өдөр бүр хоол хүнсээр хангасан билээ.