Хосеа
5 «Тахилчид аа, сонс.
Израйлчууд аа, анхаар.
Хааны гэр бүл ээ, дуулж бай.
Та нарыг шүүх гэж байна.
Учир нь та нар Мизпад тавьсан урхи,
Табор дээгүүр татсан тор болжээ.
2 Тэрслэгчид маш их цус урсгасан.
Би бүгдэд нь анхааруулж байна*.
3 Би Ефраимыг мэднэ.
Израйл ч надад ил харагддаг.
Ефраим аа, чи одоо завхайрч* байна.
Израйл өөрийгөө бузарлаж байна.
4 Тэд үйл хэргээсээ болж Бурхан руу буцаж очиж чаддаггүй.
Учир нь тэд завхайрах хүсэлд автсан бөгөөд
Еховаг хүлээн зөвшөөрдөггүй.
5 Израйлын бардам зан өөрийг нь буруутгасан.
Израйл Ефраим хоёулаа алдаанаасаа болж бүдэрч унасан.
Иуда ч тэдэнтэй хамт бүдэрч унасан.
6 Тэд хонь, үхэр сүргээ аваад Еховаг хайхаар явсан.
Гэвч түүнийг олоогүй.
Тэрбээр тэднээс холдон явсан юм.
7 Тэд Еховагаас урваж,
Харийн хөвгүүдийн* эцэг болсон.
Тэд сарын дотор өмч хөрөнгөтэйгөө үгүй болно.
8 Гибеад эвэр бүрээ үлээ, Рамад бүрээ үлээ!
Бет-авенд дайны уухай хадаа. Бениамин аа, урагшаа!
9 Ефраим аа, шийтгэлийн өдөр чамд юу тохиолдохыг хүмүүс хараад айна.
Израйлын овгуудын дунд зайлшгүй болох явдлыг би тунхагласан.
10 Иудагийн ноёд хилийн тэмдэг хөдөлгөдөг хүмүүстэй адил юм.
Би тэдэн дээр уур хилэнгээ ус шиг асгана.
11 Ефраим дайсантайгаа холбоо тогтоосон учир
Дарлагдаж, устгагдсан нь шударга юм.
12 Би Ефраимын хувьд дэнгийн эрвээхэй,
Иудагийн хувьд ялзрал мэт болсон.
13 Ефраим өвчнөө, Иуда шархаа хараад
Ефраим нь Ассири луу явж, их хаан руу хүн илгээсэн.
Гэвч тэр чамайг эдгээж чадаагүй.
Шархыг чинь анагааж чадаагүй.
14 Би Ефраимын хувьд залуу арслан мэт,
Иудагийн хувьд хүчит арслан мэт болно.
Би тэднийг хэдэн хэсэг болгон тастаад, явж одно.
Тэднийг чирээд явахад хэн ч аврахгүй.
15 Би явж, байрандаа буцаж очно. Тэднийг нүглийнхээ шийтгэлийг үүртэл тэндээ байна.
Дараа нь тэд надаас өршөөл нигүүлсэл гуйна.
Зовох цагтаа тэд надаас тусламж гуйна».