Исаиа
34 Үндэстнүүд та нар наашаа ойртоод сонс.
Ард түмнүүд та нар анхаарлаа хандуул.
Дэлхий ба түүнийг дүүргэдэг бүхэн,
Газар ба түүн дээр амьдардаг бүхэн сонсог.
2 Ехова бүх үндэстэнд хилэгнэж байна.
Тэдний бүх цэрэгт уурлаж байна.
Тэрбээр тэднийг устгана.
Тэднийг хөнөөнө.
3 Алагдагсдыг оршуулахгүй.
Цогцосноос нь өмхий үнэр ханхална.
Цусанд нь уулс будагдана.
4 Тэнгэрийн бүх дайчид илжирнэ.
Тэнгэр хуйлмал ном мэт хуйлагдана.
Усан үзмийн модны навч хатаж унах мэт,
Инжрийн модны жимс хатаж унах мэт
Тэдний бүх цэрэг хатаж унана.
5 «Тэнгэрт миний илд цусанд дүрэгдэнэ.
Тэр нь Едом дээр,
Миний устгахаар шийдсэн ард түмэн дээр бууж тэднийг шийтгэнэ.
6 Ехова миний илд цусанд будагдаж
Өөхөнд дүрэгдэнэ.
Хонь, ямааны цусанд будагдаж,
Хонины бөөрний өөхөнд дүрэгдэнэ.
Учир нь Ехова би Бозрад тахил өргөж,
Едомын нутагт их аллага үйлдэнэ.
7 Зэрлэг бухууд тэдгээртэй хамт унана.
Тугалууд хүчит бухуудтай хамт унана.
Цусанд нь газар норж,
Өөх тосонд нь хөрс шороо дэвтэнэ».
8 Учир нь Еховад өшөө авах өдөр гэж бий.
Тэрбээр Сионд тохиолдсон бузар явдлын төлөө өшөө авах жилийг товлосон.
9 Түүний* гол горхи давирхай болон хувирна.
Хөрс шороо нь хүхэр,
Газар нутаг нь шатаж буй давирхай болно.
10 Гал нь өдөр ч, шөнө ч унтрахгүй.
Утаа нь үүрд мөнхөд олгойдно.
Үеийн үед эзгүй хоосон байна.
Хэн ч хэзээ ч түүгээр өнгөрөхгүй.
11 Тэнд хотон шувуу, үхэр зараа нутаглаж,
Соотон гуйванга*, хэрээ үүрлэнэ.
Бурхан түүнийг хоосролын шугам,
Сүйрлийн тэгшлүүрээр хэмжинэ.
12 Ихэс дээдсийнх нь нэг нь ч хаан болохгүй.
Ноёд нь бүгд байхгүй болно.
13 Бэхлэгдсэн цамхгууд нь өргөст бутаар хүрээлэгдэж,
Цайзуудад нь халгай, өргөст ургамал ургана.
Тэнд чононцор орогнож,
Тэмээн хяруул тоглон наадна.
14 Цөлийн амьтад, ульдаг араатнууд хамт амьдарна.
Янгир ямаа* ижлээ дуудна.
Эргүүбор* тэнд суурьшиж, амрах газраа олно.
15 Суман могой үүрээ засаж, өндөглөнө.
Өөрийнхөө сүүдэрт өндгөө дарж хамгаална.
Тэнд бас элээ хос хосоороо цуглана.
16 Еховагийн номоос хайж олоод чанга унш.
Тэдний нэг нь ч алга болохгүй.
Аль нь ч хань ижлээр дутахгүй.
Учир нь Ехова өөрөө үүнийг тушаасан юм.
Тэрбээр агуу хүчээрээ тэднийг цуглуулсан юм.
17 Тэрбээр тэдний төлөө шавга хаясан.
Тэдэнд өөрийн мутраар газар хэмжиж өгсөн.
Тэд түүнийг нь үүрд эзэмшиж
Үеийн үед тэнд амьдарна.