Хоёрдугаар Самуел
8 Хэсэг хугацааны дараа Давид филистчүүдийг ялаад эрхшээлдээ оруулж тэднээс Метег-аммаг авчээ.
2 Мөн тэрбээр моабчуудыг ялав. Тэднийг газар хэвтүүлээд олсоор хэмжиж гуравны хоёрыг нь алж, гуравны нэгийг нь амьд үлдээсэн юм. Моабчууд Давидад зарцлагдан, алба гувчуур өгөх болов.
3 Давид бас Зобагийн хаан, Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний нутагт дахин ноёрхлоо тогтоохоор явж байхад нь ялжээ. 4 Давид түүний 1 700 морьт цэрэг, 20 000 явган цэргийг олзлов. Тэгээд морин тэргэнд хөллөдөг 100 мориноос бусад мориных нь шөрмөсийг тасалжээ.
5 Зобагийн хаан Хададезерт туслахаар Дамаскийн сиричүүдийг ирэхэд Давид 22 000 цэргийг нь бут цохисон юм. 6 Дараа нь Давид Дамаскийн Сирид цэргийн ангиуд байрлуулсан бөгөөд сиричүүд Давидад зарцлагдаж, алба гувчуур өгөх болжээ. Ехова Давидыг хаана ч очсон ялалт байгуулахад нь тусалж байлаа. 7 Давид Хададезерын албатуудаас дугариг алтан бамбайнуудыг авч Иерусалимд авчрав. 8 Мөн Хададезерын хотууд болох Бета, Беротагаас асар их хэмжээний зэс авчээ.
9 Хададезерын бүх цэргийг Давид ялсан тухай Хаматын хаан Тои сонсов. 10 Тэгээд хүү Иорамаараа Давид хааны амар мэндийг асуулгаж, Хададезертай тулалдаж ялсанд нь баяр хүргүүлэхээр явуулжээ (учир нь Хададезер хаан Тоитой дайтдаг байсан юм). Иорам алт, мөнгө, зэсээр хийсэн эд зүйлс аваачиж өгөв. 11 Давид тэдгээрийг Еховад зориулж өгчээ*. Тэгэхдээ эрхшээлдээ оруулсан бүх үндэстнээс авсан алт, мөнгөө түүнд өгсөн шигээ тэдгээрийг өгсөн юм. 12 Тэрбээр сиричүүд, моабчууд, аммончууд, филистчүүд, амалекчууд болон Рехобын хүү Зобагийн хаан Хададезераас алт, мөнгө олзолж байсан билээ. 13 Давид бас Давст хөндийд 18 000 едомчуудыг хөнөөгөөд эргэж ирэхэд нэр хүнд нь өсжээ. 14 Тэрбээр Едомд цэргийн ангиудаа байрлуулсан юм. Ийнхүү Едомын бүх нутагт цэргийн ангиа байрлуулж, едомчууд бүгдээрээ Давидын зарц болжээ. Еховагийн тусламжтайгаар Давид явсан газар бүрдээ ялалт байгуулж байлаа.
15 Давид Израйлын ард түмнийг бүхэлд нь захирч, шударга ёсыг сахин, үнэн зөвөөр удирдаж байв. 16 Цэргийн жанжин нь Зеруиагийн хүү Иоаб, хэрэг хөтлөгч нь Ахилудын хүү Иехошафат, 17 тахилчид нь Ахитубын хүү Задок, Абиатарын хүү Ахимелех, бичээч нь Сераиа байлаа. 18 Иехоиадагийн хүү Бенаиа херетчүүд, пелетчүүдийг захирч байв. Давидын хөвгүүд тэргүүн түшмэд болжээ.