Исаиа
47 Вавилон* оо,
Буугаад шороон дээр суу.
Халдейчуудын хот* оо, газар суу.
Одоо сэнтий байхгүй болсон.
Хүмүүс чамайг энхрий ялдам гэж дахин хэзээ ч дуудахгүй.
2 Гар тээрмээр тариа тээрэмд.
Гивлүүрээ авч хая.
Банзлаа тайлан хөлөө гаргаж
Гол гатал.
3 Нүцгэн бие чинь ил гарна.
Бузар булайг чинь бүгд харна.
Би өшөө авна. Хэн ч надад саад хийхгүй*.
4 «Биднийг буцаан худалдан авагч нь
Израйлын Ариун Бурхан юм.
Түүний нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова».
5 Халдейчуудын хот* оо,
Дуугүй суу, харанхуй руу яв.
Чамайг хаант улсуудын Эзэгтэй* гэхээ болино.
6 Би ард түмэндээ уурлан,
Өмч болсон тэднийг бузарлаж
Чиний мэдэлд өгсөн.
Гэвч чи тэдэнд өршөөл үзүүлээгүй.
Ахмад буурлуудад хүртэл хүнд буулга тохсон.
7 Чи: «Би үргэлжийн мөнхөд Эзэгтэй* байх болно» гэж хэлээд
Эдгээрийг огт тоогоогүй.
Эцэст нь юу болохыг ч бодоогүй.
8 Зугаа цэнгэлд дурлагч аа, чи одоо сонс.
Айх аюулгүй суудаг чи:
«Над шиг нэгэн байхгүй. Надаас өөр хэн ч байхгүй.
Би бэлэвсрэхгүй.
Хүүхдээ алдахын зовлонг хэзээ ч үзэхгүй» гэж боддог.
9 Гэвч аль алийг нь чи нэг л өдөр гэнэт үзнэ.
Хүүхдээ ч алдана, бас бэлэвсэрнэ.
Ид шид, хүчтэй тарниасаа болж*
Чи энэ бүхнийг бүрэн хүртэнэ.
10 Чи бузар хэрэгтээ найдан
«Хэн ч намайг хардаггүй» гэсэн.
Мэргэн ухаан, мэдлэгээсээ болж чи төөрсөн.
«Над шиг нэгэн байхгүй. Надаас өөр хэн ч байхгүй» гэж чи боддог.
11 Чам дээр гамшиг бууна.
Чиний ямар ч шившлэг зогсоож чадахгүй*.
Чамайг гай дайрна. Чи бултаж чадахгүй.
Чиний мэдэхгүй сүйрэл чам дээр гэнэт бууна.
12 Ид шидээ үйлдэж, тарниа унш л даа.
Чи эдгээрийн араас залуугаасаа л уйгагүй хөөцөлдсөн шүү дээ.
Чамд тус болох ч юм билүү?
Дайснууд чинь айх ч юм билүү?
13 Чи тоймгүй олон зөвлөгчөөсөө болж туйлджээ.
Тэнгэрийг шүтэгчид*, оддыг ажиглагчид,
Чамд юу тохиолдохыг
Шинэ сар гарах тоолонд хэлж өгдөг хүмүүс чинь
Хүрч ирээд чамайг авраг.
14 Тэд сүрэл адил
Галд шатна.
Тэд галын дөлнөөс өөрсдийгөө аварч чадахгүй.
Тэр нь нүүрс биш учраас дулаацуулахгүй.
Дэргэд нь суудаг гал ч биш.
15 Чамтай хамт залуугаасаа
Ид шидээр уйгагүй хөөцөлдсөн илбэчид ийм л болно.
Тэд тус тусынхаа замаар тэнүүчлэн явна.
Чамайг аврах хэн ч байхгүй.