Нэгдүгээр Самуел
9 Бениамин овгийн Киш гэдэг маш чинээлэг эр байжээ. Тэрбээр Абиелын удмынх бөгөөд Абиел нь Зерорын хүү, Зерор нь Бехоратын хүү, Бехорат нь Афиагийн удмын хүн билээ. 2 Киш Саул гэдэг хүүтэй байв. Саул залуухан, царайлаг бөгөөд Израйлын ард түмний дунд түүн шиг царайлаг залуу үгүй байв. Бас хүмүүс түүний мөрөөр нь л татдаг байлаа.
3 Саулын эцэг Киш илжигнүүдээ алдаад хүү Саулдаа «Хүү минь, зарц нараасаа нэгийг нь дагуулж яваад илжигнүүдээ олоод ир» гэлээ. 4 Тэд Ефраимын уулархаг нутаг, Шалишагаар яваад олсонгүй. Тэгээд Шаалимаар хайсан боловч илжигнүүд нь тэнд байсангүй. Тэд Бениамины нутаг даяар хайгаад ч олсонгүй.
5 Зуфт очоод Саул зарцдаа «Хоёулаа буцъя. Эцэг маань одоо илжигнүүддээ биш бидэнд санаа зовж байгаа байх» гэхэд 6 зарц нь: «Энэ хотод олны хүндэтгэлийг хүлээсэн, Бурхны үйлчлэгч байдаг юм. Тэр хүний хэлсэн болгон нь заавал биелдэг. Хоёулаа тийшээ явъя. Бидэнд хаашаа явахыг маань хэлж өгөх байх» гэлээ. 7 Саул: «Тэр хүн дээр очлоо гэхэд бид юу өгөх юм бэ? Богцон дахь талх маань дуусчихсан. Жинхэнэ Бурхны үйлчлэгчид бэлэг болгоод өгчих юм юу ч алга. Бид юугаа өгөх билээ?» гэхэд 8 зарц: «Надад шекелийн* дөрөвний нэгтэй тэнцэх мөнгө байна. Би үүнийг жинхэнэ Бурхны үйлчлэгчид өгье. Бидэнд хаашаа явах хэрэгтэйг хэлж өгнө» гэв. 9 (Эрт цагт Израйлд, хүмүүс Бурхнаас удирдамж заавар авахдаа “Үзмэрч дээр очицгооё” гэдэг байжээ. Зөнчийг эрт цагт үзмэрч гэдэг байв.) 10 Саул зарцдаа «Сайхан санаа байна. Явъя» гэв. Тэгээд тэд жинхэнэ Бурхны үйлчлэгчийн байгаа хот руу явлаа.
11 Тэд хот өөд явж байхдаа, ус авахаар гарч яваа залуу эмэгтэйчүүдтэй таарав. Тэднээс «Үзмэрч хотод байна уу?» гэж асуухад 12 тэд: «Байгаа. Та нарын урдхан явж байсан. Өнөөдөр хүмүүс ариун өндөрлөг дээр тахил өргөх учраас тэрбээр хотод ирсэн. Хурдан яв. 13 Та нар хот руу оронгуутаа үзмэрчийг олно. Түүнийг зоог барихаар ариун өндөрлөг рүү явахаас нь өмнө хурдхан очиж уулз. Яагаад гэвэл хүмүүс тэр хүнийг очоод залбирахаас нааш зоог барихгүй. Уригдсан хүмүүс залбирсных нь дараа л зоог барина. Одоо түргэн явбал та нар түүнтэй уулзана» гэлээ. 14 Тэгээд тэр хоёр хот руу оров. Хотод орж ирэхэд нь Самуел тэдэнтэй хамт ариун өндөрлөг рүү явахаар тосож уулзжээ.
15 Саулыг ирэхийн өмнөх өдөр Ехова Самуелд 16 «Би маргааш өдийд чам руу Бениамины нутгийн нэг хүнийг явуулна. Чи түүнийг миний ард түмэн Израйлын тэргүүнээр томил*. Тэр хүн миний ард түмнийг Филистийн дарлалаас чөлөөлнө. Би ард түмнийхээ зовлон шаналлыг харж, хашхирааныг нь сонслоо» гэсэн байжээ. 17 Самуел Саулыг олж харахад Ехова: «Ард түмнийг минь захирна гэж миний чамд хэлж байсан хүн энэ байна» гэв.
18 Тэгээд Саул дааман хаалганы дэргэд байсан Самуел дээр очоод түүнд «Үзмэрчийнх хаана байдгийг хэлж өгөөч» гэжээ. 19 Самуел Саулд «Би үзмэрч байна. Чи миний урд гараад ариун өндөрлөг өөд яв. Чи өнөөдөр надтай хамт зоог барина. Би маргааш өглөө чамайг гаргаж өгье. Мэдэхийг хүссэн болгоныг чинь хэлж өгнө. 20 Гурван өдрийн өмнө алдсан илжигнүүд чинь олдсон болохоор санаа зовох хэрэггүй. Тэгээд ч Израйлд байгаа үнэтэй бүхэн чинийх, бас эцгийн чинь гэрийнхнийх шүү дээ» гэлээ. 21 Саул түүнд «Би Израйлын овгуудаас хамгийн цөөхөн хүнтэй Бениамин овгийн хүн. Манай ураг Бениамин овгийн ургуудаас хамгийн өчүүхэн нь. Тийм байтал та юунд ингэж хэлнэ вэ?» гэв.
22 Тэгээд Самуел Саулыг зарцтай нь хамт хоолны танхим руу авч явлаа. Тэднийг хамгийн хүндтэй суудалд суулгав. Тэнд 30 эр байлаа. 23 Самуел тогоочид «Миний чамд “Тусад нь тавиарай” гэж өгсөн нөгөө махыг аваад ир» гэв. 24 Тогооч гуяыг бүтнээр нь өргөж авчраад Саулын өмнө тавив. Самуел: «Энэ хоолыг чамд зориулж тусад нь тавиулсан юм. Би тэдэнд “Зочин урьсан” гэж хэлсэн болохоор тэд энэ тусгай өдрийн төлөө чамд зориулж тусад нь тавьсан. Зооглогтун» гэж хэлэв. Тэгээд тэр өдөр Саул Самуелтай зоог барилаа. 25 Тэгээд тэд ариун өндөрлөгөөс хот руу буув. Самуел Саултай байшингийнхаа дээвэр дээр гаран яриагаа үргэлжлүүлэв. 26 Тэд маргааш өглөө нь эрт босжээ. Гэгээ ормогц Самуел Саулыг дээвэр дээр дуудаж ирүүлээд «Аян замдаа бэлд. Чамайг гаргаж өгье» гэлээ. Тэгээд бэлдэж дуусахаар нь хоёул гадагш гарав. 27 Уруудаж явсаар хотоос гарахад Самуел Саулд «Чи хамт явж байгаа хүндээ “Түрүүлээд яв” гэж хэл» гэлээ. Тэгэхэд зарц нь түрүүлээд явлаа. Самуел цааш нь «Чи түр энд байж бай. Би чамд Бурхны хэлсэн үгийг мэдүүлье» гэв.