Иов
41 Чи левиатаныг* загасны дэгээгээр барьж,
Хэлийг нь уяагаар уяж чадах уу?
3 Тэр чамаас дахин дахин гуйж,
Чамтай зөөлөн ярих уу?
4 Тэр чамтай гэрээ байгуулж,
Үүрд чиний боол болох уу?
5 Чи түүнтэй шувуугаар тоглодог шигээ тоглох уу?
Эсвэл бяцхан охиддоо түүнийг уяж өгөх үү?
6 Худалдаачид түүнийг арилжих уу?
Наймаачдын дунд хувааж өгөх үү?
7 Чи арьсыг нь жалангаар сүлбэж,
Толгойг нь загасны сэрээгээр хатгах уу?
8 Түүн дээр гараа тавиад үз.
Тэгвэл чи түүнтэй тулалдсанаа санаад дахин хэзээ ч тэгэхгүй!
9 Түүнийг эрхэндээ оруулна гэж санасны чинь гарз!
Чи барааг нь хараад л айна*.
10 Хэн ч түүнийг өдөж зүрхэлдэггүй юм.
Тэгвэл хэн намайг сөрөн зогсож чадах вэ?
11 Надаар буцааж төлүүлэхийн тулд хэн эхлээд надад юм өгсөн бэ?
Тэнгэрийн доорх бүх юм минийх шүү дээ.
12 Би түүний дөрвөн мөч,
Хүч чадал, сайхан бие галбирын тухай дуугүй байхгүй.
13 Хэн түүний хувцсыг тайлах вэ?
Хэн ангайсан ам руу нь ойртох вэ?
14 Хэн амыг* нь хөшиж онгойлгох вэ?
Ам дүүрэн шүд нь айдас төрүүлэм.
15 Нуруун дээр нь хайрснууд эгнэж*,
Хоорондоо бат бөх холбогдсон байдаг.
16 Хайрс бүр нь бие биетэйгээ нягт холбогддог.
Агаар ч орох зайгүй.
17 Тэдгээр нь хоорондоо зууралдаж,
Салахын аргагүй наалдсан байдаг.
18 Тургихад нь гэрэл цацардаг.
Нүд нь үүрийн туяа лугаа адил.
19 Амнаас нь гэрэл гялбаж,
Галын оч үсэрдэг.
20 Хамраас нь утаа савсах нь
Зэгс түлсэн зуух адил.
21 Амьсгал нь нүүрс шатааж,
Амнаас нь дөл асна.
22 Хүзүүндээ хүч чадалтай тэр
Харсан бүхний айдсыг төрүүлдэг.
23 Хуниралдсан мах нь хоорондоо наалдсан бөгөөд
Хайлсан төмрөөр цутгасан мэт хөдөлшгүй бат бэх ажээ.
24 Зүрх нь чулуу шиг хатуу,
Бүр тээрмийн чулуу* шиг хатуу.
25 Түүнийг босоход хүчтэнүүд ч айдаг.
Биеэ шилгээхэд нь будилж самуурдаг.
26 Илд, жад, өдтэй сум, зэвний аль нь ч
Түүнд хор хүргэж чадахгүй.
27 Тэр төмрийг сүрэлтэй,
Зэсийг хувхайрсан модтой адилтгадаг.
28 Харвасан сумнаас тэр зугтдаггүй.
Дүүгүүрдсэн чулуунууд түүн дээр сүрэл мэт буудаг.
29 Тэр шийдмийг сүрэл шиг үздэг.
Шунгинах жадыг хараад инээдэг.
30 Гэдэс нь ваарын хурц хэлтэрхийнүүд адил.
Шавар дээгүүр гишгэн явахдаа үтрэмийн чарга* шиг мөр үлдээдэг.
31 Гүн ус руу орох нь тогоотой ус буцалгах мэт.
Далай руу орох нь тогоонд тос чанах мэт.
32 Араасаа зам татуулахад
Ус буурал үстэй мэт харагдана.
33 Түүнтэй адил бүтээл дэлхий дээр нэг ч үгүй.
Тэр айдас хүйдсийг үл мэдэхээр бүтээгдсэн.
34 Бардам бүхнийг ширүүн хардаг тэр
Зэрлэг догшин араатан бүхний хаан нь билээ».