Иошуа
13 Иошуа хөгширч, нас дээр гарав. Ехова түүнд «Чи хөгширч, нас дээр гарчээ. Хэдий тийм ч эзлээгүй үлдсэн газар маш их байна. 2 Тэр газар нутаг нь: Филистчүүд болон гешурчуудын нутаг бүхэлдээ, 3 (Египетийн зүүнтээд орших Нил мөрний салаанаас* хойд зүгт Екроны хил хүртэлх газрыг канаанчуудын нутагт тооцдог байжээ) мөн филистчүүдийн таван захирагчийн нутаг буюу Газ, Ашдод, Ашкелон, Гат, Екроныг хамарч, өмнө зүгт Аввим, 4 канаанчуудын нутаг тэр аяараа, Сидоны харьяа Меарагаас Афек, аморичуудын хил хүртэлх нутаг, 5 гебалчуудын нутаг, Хермон уулын бэл дэх Баал-гадаас Лебо-хамат* хүртэлх Ливаны нутгийн зүүн хэсэг бүхэлдээ, 6 Ливанаас Мисрефот-маим хүртэлх уулархаг нутаг бүхэлдээ, сидончуудын бүх нутаг юм. Би израйлчуудын урд байгаа тэндхийн оршин суугчдыг хөөн зайлуулна. Чиний хийх юм бол тушааснаар минь энэ газрыг израйлчуудад өв болгон хуваарилах юм. 7 Одоо чи энэ газар нутгийг есөн овог болон Манассе овгийнхны хагаст өв болгон хуваагтун» гэж айлдав.
8 Реубенчүүд, гадчууд, Манассе овгийнхны нөгөө хагас нь Иорданы зүүнтээд Мосегийн өгсөн газар нутгийг* авсан билээ. Еховагийн үйлчлэгч Мосегийн тэдэнд өгсөн нутаг нь: 9 Арноны хөндийн* захад орших Ароероос уг хөндийн дунд байдаг хот, Дибон хүртэлх Медебагийн тэгш өндөрлөг бүхэлдээ, 10 мөн Хешбоноос захирдаг, аморичуудын хаан Сихоны бүх хот буюу хойшоо аммончуудын хил хүртэлх нутаг, 11 Гилеад, гешурчууд, маакатчуудын нутаг, Хермон уул бүхэлдээ, Салека хүртэлх Башаны нутаг бүхэлдээ, 12 Аштарот, Едреигээс захирдаг Башаны хаан Огийн бүхий л хаант улс юм. (Ог бол рефаимчуудаас үлдсэн хүмүүсийн нэг юм.) Мосе тэндхийн оршин суугчдыг бут цохиж, хөөн зайлуулжээ. 13 Гэвч израйлчууд гешурчууд болон маакатчуудыг хөөн зайлуулаагүй юм. Иймээс гешурчууд, маакатчууд өнөөг хүртэл израйлчуудын дунд амьдарч байгаа билээ.
14 Мосегийн өв өгөөгүй цорын ганц овог нь Леви овог байв. Израйлын Бурхан Еховагийн амласан ёсоор, шатаан өргөх тахилаас тэдэнд оногдох хувь нь тэдний өв билээ.
15 Дараа нь Мосе Реубен овгийн ургуудад өв өгчээ. 16 Тэдний газар нутаг нь: Арноны хөндийн захад орших Ароероос, хөндийн дунд байдаг хот, Медебагийн хажуу дахь тэгш өндөрлөг бүхэлдээ, 17 Хешбон нь тэгш өндөрлөг дээрх бүх хоттойгоо, Дибон, Бамот-баал, Бет-баал-меон, 18 Иахаз, Кедемот, Мефаат, 19 Кириатаим, Сибма, хөндийн захад байдаг уулан дээрх Зерет-шахар, 20 Бет-пеор, Писгагийн бэл, Бет-иешимот, 21 тэгш өндөрлөг дээрх бүх хот, Хешбоноос захирдаг, аморичуудын хаан Сихоны хаант улсын бүх газар нутаг байлаа. Мосе Сихоныг ч, Сихонд захирагддаг, уг нутагт суудаг Мидианы захирагчид болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нарыг ч бут цохижээ. 22 Израйлчуудын илдээр хөнөөсөн хүмүүсийн дунд Беорын хүү, мэргэч Балаам байлаа. 23 Реубенчүүдийн хил нь Иордан бөгөөд дээрх нутгууд нь хот тосгодтойгоо Реубений ургуудын өв болсон билээ.
24 Түүнчлэн Мосе Гад овгийн ургуудад өв өгчээ. 25 Тэдний газар нутаг нь: Иазер, Гилеадын бүх хот, Раббагийн харалдаа Ароер хүртэлх аммончуудын нутгийн хагас, 26 Хешбоноос Рамат-мизпе ба Бетоним, Маханаимаас Дебирийн хил хүртэлх нутаг, 27 Хешбоны хаан Сихоны хаант улсын газар нутгийн үлдсэн хэсэг буюу хөндийд байдаг Бет-харам, Бет-нимра, Суккот, Зафон, мөн Хиннерет* нуурын адаг хүртэлх Иорданы зүүн талын нутаг байв. 28 Энэ нутаг нь хот тосгодтойгоо Гадын ургуудын өв болсон билээ.
29 Түүнээс гадна Мосе Манассе овгийнхны хагаст ургуудынх нь дагуу өв өгчээ. 30 Газар нутаг нь Маханаимаас Башаны нутаг бүхэлдээ буюу Башаны хаан Огийн хаант улсын нутаг тэр чигтээ, Башан дахь Иаирын бүх майхант тосгон байлаа. Тэдний газар нутагт 60 хот байв. 31 Манассегийн хүү Махирын удмынхны хагаст ургуудынх нь дагуу Гилеад нутгийн хагас, Башаны хаан Огийн хаант улсын хоёр хот болох Аштарот, Едреиг өгсөн юм.
32 Эдгээрийг Мосе Иерихогийн зүүнтээд Иорданы цаад тал дахь Моабын цөлд байхдаа тэдэнд өв болгон өгсөн билээ.
33 Гэлээ ч Мосе Леви овгийнхонд өв өгөөгүй юм. Израйлын Бурхан Ехова амласан ёсоороо өөрөө тэдний өв болсон билээ.