Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • nwt Эхлэл 1:1-50:26
  • Эхлэл

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Эхлэл
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Эхлэл

ЭХЛЭЛ

1 Эхэнд Бурхан тэнгэр*, газрыг бүтээжээ.

2 Газар нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон бөгөөд гүн усны мандал дээгүүр харанхуй бүрхсэн байв. Бурхны үйлдэх хүч усны мандал дээр нааш цааш хөдөлж байлаа.

3 Бурхан: «Гэрэл тусаг» гэхэд гэрэл тусжээ. 4 Тэрхүү гэрэл Бурханд сайхан харагдав. Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. 5 Бурхан гэрлийг өдөр, харанхуйг шөнө хэмээн нэрлэв. Орой болоод өглөө болов. Энэ нь эхний өдөр* байлаа.

6 Тэгээд Бурхан: «Усны дунд огторгуй* бий болж, усыг хувааг» гэж айлдав. 7 Ингээд Бурхан огторгуйг бүтээж, усыг хуваахад нэг хэсэг нь огторгуйн доор, нөгөө хэсэг нь огторгуйн дээр хураагдав. Энэ нь айлдсан ёсоор нь болжээ. 8 Бурхан тэр огторгуйг тэнгэр хэмээн нэрлэжээ. Орой болоод өглөө болов. Энэ нь хоёр дахь өдөр байлаа.

9 Тэгээд Бурхан: «Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг» хэмээсэнд тэр ёсоор болжээ. 10 Бурхан хуурай газрыг эх газар, хуримтлагдсан усыг далай хэмээн нэрлэв. Бурхан хийж бүтээснээ харахад тэр нь сайхан байжээ. 11 Бурхан: «Газраас өвс, үрт ургамал, үрт жимсний мод төрөл төрлөөрөө ургаг» хэмээсэнд ёсоор болов. 12 Газар дээр өвс, үрт ургамал, үрт жимсний мод төрөл төрлөөрөө ургажээ. Энэ бүхэн Бурханд сайхан харагджээ. 13 Орой болоод өглөө болов. Энэ нь гурав дахь өдөр байлаа.

14 Тэгээд Бурхан: «Өдөр шөнийг ялгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байг. Тэдгээр нь улирал, өдөр, жилүүдийг заах тэмдэг байх бөгөөд 15 дэлхийг гийгүүлэхээр тэнгэр огторгуйд байх юм» хэмээсэнд тэр ёсоор болов. 16 Бурхан асар том хоёр гэрэлтүүлэгчийг томилсон нь томоор нь өдрийг, жижгээр нь шөнийг захируулах гэснийх ажээ. Бас оддыг томилов. 17 Бурхан тэдгээрийг тэнгэр огторгуйд байрлуулсан нь дэлхийг гийгүүлэх, 18 өдөр шөнийг захируулах, гэрэл харанхуй хоёрыг салгахын тулд байв. Бурхан хийж бүтээснээ харахад тэр нь сайхан байлаа. 19 Орой болоод өглөө болов. Энэ нь дөрөв дэх өдөр байв.

20 Тэгээд Бурхан: «Ус амьтдаар дүүрэг. Жигүүртэн амьтад* газрын дээгүүр тэнгэр огторгуйд нисэг» хэмээн айлджээ. 21 Бурхан далайн аварга том амьтад, усанд хөдөлдөг, сүргээрээ амьдардаг бүх амьтныг төрөл төрлөөр нь, жигүүртэн амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Энэ бүхэн Бурханд сайхан харагджээ. 22 Бурхан тэднийг ерөөн «Өсөн нэмэгдэж, үржин олшроод тэнгисийн усыг дүүргэ. Жигүүртэн амьтад дэлхий дээр үржиж олшрог» хэмээжээ. 23 Орой болоод өглөө болов. Энэ нь тав дахь өдөр байлаа.

24 Тэгээд Бурхан: «Газар дэлхий дээр амьтад төрөл төрлөөрөө буюу мал амьтад, хэвлээр явагчид*, зэрлэг амьтад төрөл төрлөөрөө бий болог» гэж айлдсанд ёсоор болжээ. 25 Бурхан зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь, мал амьтдыг төрөл төрлөөр нь, хэвлээр явагч бүх амьтныг төрөл төрлөөр нь бүтээв. Бурхан хийж бүтээснээ харахад тэр нь сайхан байжээ.

26 Тэгээд Бурхан: «Өөрсдийнхөө дүр төрхөөр, өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээцгээе. Тэднээр далайн загас, тэнгэрийн шувууд, мал амьтад, хэвлээр явагчдыг захируулж, газар дэлхийг арчлуулан тордуулъя» хэмээн айлдав. 27 Ингээд Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээв. Бурхны дүр төрхөөр хүнийг бүтээжээ. Хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээсэн юм. 28 Бурхан тэднийг ерөөж, тэдэнд «Өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш. Далайн загас, тэнгэрийн шувуу, газар дээрх бүх амьтныг захир» хэмээв.

29 Тэгээд Бурхан: «Би та нарт газар дэлхий дээрх бүх үрт ургамал, бүх үрт жимсний модыг өгч байна. Энэ нь та нарын хоол хүнс болно. 30 Зэрлэг амьтан, тэнгэрийн шувуу, газар дээрх бүх амьтанд өвс ногоог хоол хүнс болгон өгч байна» хэмээн айлдсанд ёсоор болов.

31 Үүний дараа, Бурхан бүтээсэн бүхнээ харахад нэн сайхан байжээ. Орой болоод өглөө болов. Энэ нь зургаа дахь өдөр байлаа.

2 Ийнхүү тэнгэр газрыг бүх юмтай нь бүтээж дуусгав. 2 Бурхан хийж байсан ажлаа долоо дахь өдөр гэхэд дуусгасан бөгөөд бүх ажлаа дуусгаад долоо дахь өдөр амарчээ. 3 Тэгээд Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун гэж тунхаглав. Учир нь Бурхан бүтээж байсан бүхнээ дуусгаж, хийхээр зорьж байсан бүхнээ хийгээд энэ өдөр амарч эхэлсэн билээ.

4 Энэ бол тэнгэр, газар бүтсэн үе буюу Ехова* Бурхан тэнгэр, газрыг бүтээсэн өдрийн* түүх юм.

5 Ехова Бурхан газар дээр бороо оруулаагүй, газар хагалах хүн байгаагүй тул газар дээр ямар ч бут, ямар ч ургамал ургаагүй байв. 6 Гэхдээ уур манан газраас хөөрч, газрын гадаргыг бүхэлд нь чийглэдэг байлаа.

7 Ехова Бурхан тоос шороогоор хүнийг бүтээгээд хамрынх нь нүхээр амин амьсгалыг үлээж оруулахад хүн амьтай* болов. 8 Ехова Бурхан зүүн зүгт, Еден нутагт цэцэрлэг байгуулж, бүтээсэн хүнээ тэнд суурьшуулав. 9 Ехова Бурхан сайхан жимстэй, үзэсгэлэнт моддыг төрөл төрлөөр нь ургуулжээ. Бас цэцэрлэгийн голд амийн мод болон сайн, муугийн мэдлэгийн модыг* ургуулжээ.

10 Еденээс урсдаг нэгэн мөрөн цэцэрлэгийг усалдаг бөгөөд түүнээс дөрвөн мөрөн эх аван салаалдаг байв. 11 Эхнийх нь Пишон бөгөөд Хавилаг бүхэлд нь тойрон урсдаг. Хавила нутаг алттай ажээ. 12 Алт нь шижир. Тэнд бас анхилуун үнэрт давирхай*, судалт гартаам байдаг. 13 Хоёр дахь нь Гихон бөгөөд Кушийн нутгийг бүхэлд нь тойрон урсдаг. 14 Гурав дахь нь Тигр*. Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх нь Евфрат билээ.

15 Ехова Бурхан Еден цэцэрлэгийг арчилж тордуулахаар хүнийг тэнд суурьшуулав. 16 Тэгээд Ехова Бурхан хүнд тушаан «Энэ цэцэрлэгийн бүх модны жимснээс чи ханатлаа идэж болно. 17 Харин сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс идэж болохгүй. Идвэл тэр өдөртөө чи гарцаагүй үхнэ» гэжээ.

18 Тэгээд Ехова Бурхан: «Хүн ганцаараа амьдрах нь сайн биш учраас би түүнд тохирох туслагчийг бүтээе» гэж хэлжээ. 19 Ехова Бурхан тоос шороогоор хээрийн бүх зэрлэг амьтан, тэнгэрийн бүх шувууг бүтээсэн бөгөөд тэр амьтдыг хэрхэн нэрлэхийг нь сонирхож хүнд авчирч өгөв. Тэгээд хүний нэрлэснээр амьтдыг нэрлэх болжээ. 20 Ийнхүү хүн бүх мал адгуус, тэнгэрийн шувуу, хээрийн зэрлэг амьтанд нэр өгчээ. Харин хүнд тохирох туслагч байсангүй. 21 Иймээс Ехова Бурхан хүнийг гүн нойронд автуулаад, унтах зуур нь нэг хавиргыг нь аваад шархыг нь аниулжээ. 22 Ехова Бурхан хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд өнөөх хүн дээр авчирлаа.

23 Тэгэхэд хүн:

«Яснаас минь авсан яс

Махнаас минь авсан мах ингээд хүн боллоо

Түүнийг эрэгтэй хүнээс гаргаж авсан учир

Эмэгтэй хүн гэж нэрлэе» хэмээжээ.

24 Иймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлээд* нэг бие болно. 25 Эр хүн эхнэртэйгээ хоёулаа нүцгэн байсан боловч ичсэнгүй.

3 Ехова Бурхны бүтээсэн хээрийн зэрлэг амьтдаас хамгийн сэрэмжтэй* нь могой байжээ. Могой эмэгтэйгээс «Та нарыг энэ цэцэрлэгийн бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан яг хэлсэн үү?» гэж асуужээ. 2 Тэгэхэд эмэгтэй: «Бид энэ цэцэрлэгийн моддын жимснээс идэж болно. 3 Гэхдээ цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан: “Та нар түүнээс идэж болохгүй, хүрч ч болохгүй. Хэрэв тэгвэл та нар үхнэ” хэмээн айлдсан» гэж могойд хэлэв. 4 Тэгэхэд нь могой эмэгтэйд «Та нар ерөөсөө үхэхгүй. 5 Харин ч тэр модны жимснээс идсэн өдөртөө л та нарын нүд нээгдэн сайн мууг мэдэж өөр шиг нь болно гэдгийг Бурхан мэдэж байгаа» гэж хэллээ.

6 Эмэгтэйд тэр модны жимс хүнс болоход шимтэй, нүд булаам, сайхан* харагджээ. Иймд жимснээс авч идэв. Дараа нь нөхөртэйгөө хамт байхдаа нөхөртөө өгөхөд нөхөр нь ч иджээ. 7 Тэгэхэд тэр хоёрын нүд нээгдэж, нүцгэн байгаагаа мэдээд инжрийн навч хэлхэж ташаагаараа ороожээ.

8 Дараа нь тэд сэвшээ салхи үлээх цагаар* цэцэрлэгт алхаж яваа Ехова Бурхны дууг сонсов. Тэгээд эр хүн эхнэртэйгээ цэцэрлэгийн модон дунд Ехова Бурхнаас нуугдлаа. 9 Ехова Бурхан: «Чи хаана байна вэ?» хэмээн хүнийг дуудаад л байв. 10 Эцэст нь эрэгтэй: «Би цэцэрлэгт таны дууг сонсоод нүцгэн байсан болохоор айсандаа нуугдсан юм» гэж хэлэхэд 11 Бурхан: «Нүцгэн байгааг чинь чамд хэн хэлсэн юм бэ? Идэж болохгүй гэж миний чамд тушаасан модноос чи идээ юү?» гэж асуув. 12 Тэгэхэд эрэгтэй: «Надтай хамт байлгахаар таны өгсөн эмэгтэй тэр модны жимсийг өгсөн. Тэгэхээр нь би идсэн юм» гэж хариулжээ. 13 Ехова Бурхан эмэгтэйд хандан «Чи юу хийчих нь энэ вэ?» гэхэд эмэгтэй: «Могой намайг мэхэлж идүүлсэн» гэж хариулав.

14 Тэгээд Ехова Бурхан могойд «Чи ийм юм хийсэн учраас хамаг мал адгуус, хээрийн зэрлэг амьтдаас чи ганцаараа хараагдлаа. Чи хэвлээрээ явж, үхэн үхтэлээ тоос шороо идэх болно. 15 Би чамайг тэр эмэгтэйтэй, чиний үр удмыг эмэгтэйн үр хүүхэдтэй дайсагнуулна. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг бяцална, чи түүний өсгийг няцална» гэж айлдав.

16 Бурхан эмэгтэйд «Би чиний жирэмсний зовлонг ихээр нэмнэ. Чи өвдөж шаналж байж хүүхэд төрүүлнэ. Чи эр нөхрөө хүсэн хүлээнэ, эр нөхөр чинь чамайг захирна» гэж айлдлаа.

17 Тэгээд Адамд* «Чи эхнэрийнхээ үгэнд орж, “Идэж болохгүй” гэж миний тушаасан модноос идсэн учир чамаас болж газар хараагдлаа. Чи насаараа зүтгэж байж ургацыг нь иднэ. 18 Газар чамд өргөст ургамал, азаргана ургуулна. Чи хээрийн ургамал ногоог иднэ. 19 Чи газар шороонд буцаж очтолоо духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг тоос шороогоор бүтээсэн. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна» гэж айлджээ.

20 Үүний дараа Адам эхнэртээ Ева* гэдэг нэр өгөв. Учир нь Ева амьд бүхний эх болох ажээ. 21 Ехова Бурхан Адам болон эхнэрт нь өмсгөхөөр урт арьсан дээл хийж өгчээ. 22 Ехова Бурхан: «Ийнхүү хүн сайн мууг мэдэх тухайд бидэнтэй адил боллоо. Одоо хүн гараа сунган, амийн модноос бас жимс авч идээд мөнх амьдрах вий. Иймээс би ...» хэмээв. 23 Ингээд Ехова Бурхан газар шорооноос бүтээсэн хүнээ газрыг хагалуулахаар Еден цэцэрлэгээс хөөн гаргажээ. 24 Бурхан хүнийг явуулсныхаа дараа амийн модонд хүрэх замыг сахиулахаар Еден цэцэрлэгийн зүүнтээд херубууд болон тасралтгүй эргэлддэг галт илдийг байрлуулав.

4 Адам эхнэр Еватайгаа унтаж, эхнэр нь жирэмслэв. Ева Каиныг төрүүлээд «Еховагийн ачаар би хүү төрүүллээ» гэж хэлжээ. 2 Дараа нь дүү Абелийг нь төрүүлэв.

Абел хоньчин, Каин тариачин болжээ. 3 Хожим нь Каин Еховад ургацаасаа өргөв. 4 Харин Абел сүргийнхээ анхны төлөөс хэдийг өөхтэй нь өргөжээ. Ехова Абелийг болон өргөлийг нь таалан хүлээж авсан ч 5 Каиныг болон өргөлийг нь огт таалсангүй. Иймд Каин ихэд уурлан, сэтгэл нь гонсойв. 6 Тэгэхэд Ехова Каинд «Чи яагаад ингэтлээ уурлаж, гонсойно вэ? 7 Хэрэв чамайг өөрчлөгдөж, сайн юм хийвэл би таална. Сайн юм хийхгүй бол би таалахгүй. Нүгэл чамайг захирахыг хүсэмжлэн үүдэн дээр чинь гэтэж байна. Харин чи нүглийг ялан дийлэх ёстой биш үү?» гэж хэлжээ.

8 Үүний дараа Каин дүү Абелдээ «Хээр талд очъё» гэжээ. Тэгээд хээр талд байхдаа Каин дүү Абел рүүгээ дайрч, хөнөөв. 9 Дараа нь Ехова Каинаас «Чиний дүү Абел хаана байна вэ?» гэж асуухад Каин: «Мэдэхгүй. Би ямар дүүгийнхээ хамгаалагч юм уу?» гэж хариулжээ. 10 Тэгэхэд Бурхан: «Чи юу хийчхэв ээ? Сонс! Дүүгийн чинь цус газраас над руу хашхирч байна. 11 Чиний гарт амиа алдсан дүүгийн чинь цусыг уусан тэр газраас би чамайг хөөн зайлуулж харааж байна. 12 Чамайг газар хагалахад газар чамд ургац өгөхгүй. Чи дэлхийгээр тэнүүчилж, оргодол босуул мэт амьдарна» гэж айлджээ. 13 Тэгэхэд нь Каин Еховад «Алдсаны минь төлөө надад дэндүү хатуу, хэрээс минь хэтэрсэн шийтгэл оноож байна. 14 Өнөөдөр та намайг энэ газраас зайлуулж байгаа учир би таны нүднээс далд орж, дэлхийгээр тэнүүчлэн, оргодол босуул болж амьдарна. Надтай тааралдсан хэн боловч намайг алах нь гарцаагүй» гэж өчив. 15 Тэгэхэд Ехова: «Тэгүүлэхгүйн тулд “Каиныг хөнөөсөн хэн боловч долоон удаа шийтгүүлнэ” гэсэн тунхгийг би гаргаж байна» хэмээв.

Ингээд Ехова Каинтай тааралдсан хэнээр ч Каиныг хөнөөлгөхгүйн тулд Каины төлөө тэмдэг* тавьжээ. 16 Улмаар Каин Еховагаас холдож, Еденээс зүүн зүгт Цөллөгийн газар* амьдран суух болов.

17 Дараа нь Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмслээд Енохыг төрүүлжээ. Каин хот байгуулж хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэв. 18 Енох Ирадын эцэг болж, Ирад Мехуиаелын эцэг болж, Мехуиаел Метушаелын эцэг болж, Метушаел Ламехийн эцэг болжээ.

19 Ламех хоёр эхнэр авав. Эхнийхийг нь Ада, хоёр дахийг нь Зилла гэдэг ажээ. 20 Ада Иабалыг төрүүлэв. Иабал нь майханд амьдардаг малчдын дээд өвөг болжээ. 21 Дүүг нь Иубал гэдэг байв. Тэрбээр босоо ятгачид, цуурчдын* дээд өвөг болжээ. 22 Түүнчлэн, Зилла нь Тубал-каиныг төрүүлжээ. Тубал-каин зэс, төмрөөр төрөл бүрийн багаж хийдэг байжээ. Эгчийг* нь Наама гэдэг байв. 23 Ламех эхнэрүүддээ буюу Ада Зилла хоёрт

«Эхнэрүүд минь ээ, намайг сонсогтун

Үгийг минь чих тавьж сонсогтун

Намайг шархдуулсан хүнийг би хөнөөчихлөө

Тийм ээ, намайг цохисон залууг би хөнөөчихлөө

24 Каиныг хөнөөсөн хүн 7 удаа шийтгүүлэх бол

Ламехийг хөнөөсөн хүн 77 удаа шийтгүүлнэ» гэж хэлжээ.

25 Адам эхнэртэйгээ дахин унтаж, эхнэр нь хүү төрүүлэв. Ева: «Каин Абелийг хөнөөсөн учраас Бурхан надад Абелийн оронд өөр хүү өглөө» гэж хэлээд хүүдээ Сет* гэдэг нэр өгчээ. 26 Сет бас хүүтэй болсон бөгөөд хүүдээ Енош гэдэг нэр өгөв. Тэр үеэс хүмүүс Еховагийн нэрийг дуудах болжээ.

5 Энэ бол Адамын түүх юм. Бурхан Адамыг бүтээхдээ* өөртэйгөө адилхнаар бүтээжээ. 2 Бурхан хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээсэн юм. Бүтээсэн өдрөө тэднийг ерөөж, хүн* хэмээн нэрлэв.

3 Адам 130 настайдаа өөртэйгөө адилхан, өөр шигээ дүр төрхтэй хүүтэй болж, хүүдээ Сет гэдэг нэр өгөв. 4 Адам Сетийг төрснөөс хойш 800 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 5 Адам 930 насалжээ.

6 Сет 105 настайдаа Енош гэдэг хүүтэй болов. 7 Сет Еношийг төрснөөс хойш 807 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 8 Сет 912 насалжээ.

9 Енош 90 настайдаа Кенан гэдэг хүүтэй болов. 10 Енош Кенаныг төрснөөс хойш 815 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 11 Енош 905 насалжээ.

12 Кенан 70 настайдаа Махалалел гэдэг хүүтэй болов. 13 Кенан Махалалелийг төрснөөс хойш 840 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 14 Кенан 910 насалжээ.

15 Махалалел 65 настайдаа Иаред гэдэг хүүтэй болов. 16 Махалалел Иаредыг төрснөөс хойш 830 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 17 Махалалел 895 насалжээ.

18 Иаред 162 настайдаа Енох гэдэг хүүтэй болов. 19 Иаред Енохыг төрснөөс хойш 800 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 20 Иаред 962 насалжээ.

21 Енох 65 настайдаа Метусела гэдэг хүүтэй болов. 22 Енох Метуселаг төрснөөс хойш 300 жил жинхэнэ Бурхантай хамт явжээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 23 Енох 365 насалжээ. 24 Енох жинхэнэ Бурхантай үргэлж хамт явсан билээ. Бурхан түүнийг авсан тул тэрбээр алга болжээ.

25 Метусела 187 настайдаа Ламех гэдэг хүүтэй болов. 26 Метусела Ламехийг төрснөөс хойш 782 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 27 Метусела 969 насалжээ.

28 Ламех 182 настайдаа хүүтэй болов. 29 Ламех: «Еховагийн хараасан газраас болж хүнд хүчир ажил хийдэг биднийг болон эцэж цуцсан гарыг маань энэ хүү амраана» хэмээгээд хүүдээ Ноа* гэдэг нэр өгөв. 30 Ламех Ноаг төрснөөс хойш 595 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм. 31 Ламех 777 насалжээ.

32 Ноа 500 хүрсэн хойноо Шем, Хам, Иафет гэдэг хөвгүүдтэй болжээ.

6 Газар дээр хүмүүс өнөр өтгөн болж эхлэв. Тэднийг охидтой болоход 2 жинхэнэ Бурхны хөвгүүд* хүний охидын гоо үзэсгэлэнтэйг хараад сонгосон болгоноо эхнэрээ болгон авах болжээ. 3 Тэгэхэд Ехова: «Би нүгэлт хүмүүсийг дандаа тэвчээд байж чадахгүй. Иймээс тэдний амьд явах хугацаа 120 жил* байх юм» гэж айлдав.

4 Бурхан үүнийг айлдах үед дэлхий дээр нефилимүүд* байжээ. Яагаад гэвэл тухайн үед жинхэнэ Бурхны хөвгүүд эмэгтэйчүүдтэй унтаж, хөвгүүдтэй болж байв. Тэдний дундаас төрсөн хөвгүүд алдар нэртэй, хүч чадалтай хүмүүс байлаа.

5 Дэлхий дээрх хүмүүсийн хорон муу явдал үлэмж ихсэж, зүрхнийх нь бодол хандлага ямагт муу муухай байх болсныг Ехова харжээ. 6 Тэгээд Ехова дэлхий дээр хүнийг бүтээсэндээ харамсан*, сэтгэл нь энэлэн шаналав. 7 Иймд Ехова: «Би хүмүүсийг мал амьтан, хэвлээр явагч, тэнгэрийн шувуудтай хамт газрын хөрснөөс арчина. Яагаад гэвэл би тэднийг бүтээсэндээ харамсаж байна» хэмээжээ. 8 Харин Ноа Еховагийн таалалд нийцсэн юм.

9 Энэ бол Ноагийн түүх юм.

Ноа үнэнч шударга хүн байв. Тухайн үеийнхнийхээ дунд гэм зэмгүй бөгөөд жинхэнэ Бурхантай хамт явсан хүн билээ. 10 Тэрбээр Шем, Хам, Иафет гэдэг гурван хүүтэй болсон юм. 11 Бурхныг харахад дэлхий завхарч, хүчирхийллээр дүүрсэн байлаа. 12 Бурхныг харахад дэлхий үнэхээр завхарсан байв. Дэлхий дээрх бүх хүн завхарчээ.

13 Үүний дараа Бурхан Ноад «Хүнээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрсэн тул би тэднийг устгахаар шийдлээ. Иймд тэднийг болон газар дээрх бүхнийг устгана. 14 Чи давирхайт модоор хөвөгч авдар барь. Тасалгаа гаргаж, авдраа дотор гадаргүй давирхайд. 15 Хөвөгч авдраа ингэж бариарай. Урт нь 300 тохой*, өргөн нь 50 тохой, өндөр нь 30 тохой байх ёстой. 16 Авдрын оройгоос нэг тохой доор гэгээвч* хий. Авдар хажуу талдаа хаалгатай, гурван давхар байна.

17 Би тэнгэрийн доорх амин амьсгалтай бүх махан биетнийг устгахаар газар дэлхий дээр үер буулгана. Газар дэлхий дээрх бүхэн устана. 18 Би чамтай гэрээ байгуулж байна. Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдтэйгээ хөвөгч авдарт орох ёстой. 19 Түүнчлэн амьтдыг аврахын тулд төрөл бүрээс нь хоёрыг буюу эр, эмээр нь хөвөгч авдарт оруул. 20 Эсэн мэнд үлдэхийн тулд жигүүртэн амьтад төрөл төрлөөрөө, мал адгуус төрөл төрлөөрөө, хэвлээр явагч бүх амьтан төрөл төрлөөрөө, бүгд хос хосоороо чам дээр ирж авдарт орно. 21 Харин чи өөртөө болон амьтдад зориулж бүх төрлийн хоол хүнсийг цуглуулж, авч орох ёстой» хэмээн айлдав.

22 Ноа Бурхны тушаасан болгоныг биелүүлэв. Бүхнийг хэлсэн ёсоор нь гүйцэтгэжээ.

7 Тэгээд Ехова Ноад «Чи гэрийнхэнтэйгээ хөвөгч авдарт ор. Яагаад гэвэл би чамайг энэ үеийнхний дундаас үнэнч шударга хүн гэж үзсэн. 2 Чи цэвэр амьтны төрөл бүрээс долоог* эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёрыг эр эмээр нь, 3 түүнчлэн тэнгэрийн шувуудаас долоог* эр эмээр нь авч ор. Тэгвэл амьтад устаж мөхөхгүй бөгөөд үржиж олшроод дэлхийгээр тархана. 4 Би долоон хоногийн дараа 40 өдөр, 40 шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын гадаргаас арчина» гэж айлджээ. 5 Ноа Еховагийн тушаасан бүхнийг биелүүлэв.

6 Ноаг 600 настай байхад дэлхий дээр үер буужээ. 7 Ноа эхнэр, хөвгүүд, бэрүүдтэйгээ үер буухаас өмнө хөвөгч авдарт орсон юм. 8 Цэвэр ба бузар бүх амьтан, жигүүртэн амьтад, газар дээр хөдөлдөг бүх амьтан 9 хос хосоороо буюу эр эмээрээ Ноа дээр очиж, хөвөгч авдар луу Бурхны Ноад хэлснээр оржээ. 10 Долоон хоногийн дараа дэлхий дээр үер буужээ.

11 Ноаг 600 нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын 17-ны өдөр буюу яг тэр өдөр тэнгэрийн бүх ус сад тавьж, тэнгэр дэх усны бүх хаалга нээгдэв. 12 Тэгээд 40 өдөр, 40 шөнийн турш дэлхий дээр бороо цутгажээ. 13 Тэр өдөр Ноа хөвгүүд буюу Шем, Хам, Иафет, бас эхнэр, гурван бэртэйгээ хөвөгч авдарт орсон билээ. 14 Бас бүх зэрлэг амьтан төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, хэвлээр явагч бүх амьтан төрөл төрлөөрөө, бүх нисдэг амьтан төрөл төрлөөрөө буюу бүх шувуу, бусад жигүүртэн амьтан орсон. 15 Амин амьсгалтай бүх амьтан хос хосоороо Ноагийн байсан авдарт орж байлаа. 16 Ийнхүү бүх амьтан эр эмээрээ Бурхны Ноад тушааснаар орсон юм. Ноаг орсны дараа Ехова хаалгыг нь хаав.

17 Дэлхий дээр 40 хоног үер буужээ. Ус нэмэгдсээр хөвөгч авдар газраас хөндийрч, нэлээн дээш өргөгдөв. 18 Ус улам бүр нэмэгдэж, газар дэлхий усанд автав. Харин авдар усны мандал дээгүүр хөвж байлаа. 19 Газар дэлхий бүхэлдээ усанд автсан учир тэнгэрийн доорх бүх өндөр уул далд оржээ. 20 Ус уулсаас дээш 15 тохой* болсон байлаа.

21 Иймд газар дэлхий дээрх хөдөлдөг, амьтай бүхэн буюу жигүүртэн амьтад, мал амьтад, зэрлэг амьтад, сүргээрээ амьдардаг амьтад болон нийт хүн төрөлхтөн устжээ. 22 Хуурай газар дээрх амин амьсгалтай бүхэн үхэв. 23 Бурхан ийнхүү хүн, мал адгуус, зэрлэг амьтан, хэвлээр явагч, тэнгэрийн шувууд гээд амьтай бүхнийг газрын хөрснөөс арчив. Тэднийг бүгдийг нь дэлхийгээс устгасан юм. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүхэн эсэн мэнд үлдэв. 24 Газар дэлхий усанд автсан хэвээр 150 хоножээ.

8 Бурхан Ноа болон түүнтэй хамт авдарт байсан бүх зэрлэг амьтан, мал адгуусыг анхаарч, газар дээр салхи салхилуулсанд ус татарч эхлэв. 2 Тэнгэрээс ус цутгахаа больж, тэнгэр дэх усны бүх хаалга хаагдаж улмаар бороо зогсов. 3 Тэгээд ус аажмаар татарсаар 150 хоногийн эцэст нэлээд багассан байв. 4 Долоо дахь сарын 17-ны өдөр хөвөгч авдар Арарат уулан дээр тогтов. 5 Арав дахь сарыг хүртэл ус аажмаар татарсаар байлаа. Арав дахь сарын эхний өдөр уулсын орой үзэгдэх болжээ.

6 Дөч хоногийн эцэст Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээж 7 нэг хэрээг гаргаж нисгэв. Хэрээ нисэж байгаад эргэж ирдэг байлаа. Газрын гадаргуу хаттал ийнхүү ниссэн юм.

8 Ноа газрын гадарга дээрх ус багассан эсэхийг мэдэх гэж дараа нь тагтаа нисгэв. 9 Ус газрын гадаргыг бүрхэж байсан учир тагтаа буух газар ололгүй, хөвөгч авдарт байсан Ноа руу буцаж иржээ. Ноа гараа сунган тагтааг хөвөгч авдарт оруулав. 10 Ноа долоон хоног хүлээгээд тагтааг дахин гаргаж нисгэв. 11 Оройн хэрд тагтаа буцаж ирэхдээ чидуны шинэхэн навч зуусан байхыг Ноа харлаа! Ингээд Ноа ус багассаныг мэдэв. 12 Ноа дахиж нэг долоо хоног хүлээгээд тагтааг гаргаж нисгэв. Тагтаа буцаж ирсэнгүй.

13 Ноаг 601 нас хүрсэн тэр жилийн нэг дэх сард, уг сарын эхний өдөр газар дээрх ус татарсан байв. Ноа хөвөгч авдрын дээврийг аваад харахад газрын гадарга хатаж байлаа. 14 Хоёр дахь сард, уг сарын 27-ны өдөр газар хатсан байв.

15 Бурхан Ноад 16 «Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдтэйгээ хөвөгч авдраас гар. 17 Бас бүх төрлийн амьтан буюу жигүүртэн амьтан, мал адгуус, зэрлэг амьтан, хэвлээр явагчдыг гарга. Тэгээд амьтад дэлхийгээр тархаж, өсөн нэмэгдэж, үржиж олшрог» хэмээжээ.

18 Ингээд Ноа эхнэр, хөвгүүд, бэрүүдтэйгээ гарчээ. 19 Мөн хэвлээр явагчид, жигүүртэн амьтад, газар дээр хөдөлдөг амьтад гээд бүх амьтан хэсэг хэсгээрээ хөвөгч авдраас гарчээ. 20 Тэгээд Ноа Еховад зориулан тахилын ширээ босгоод бүх цэвэр амьтан, бүх цэвэр шувуунаас авч тахилын ширээн дээр шатаах тахил болгон өргөв. 21 Анхилуун үнэр нь Еховад таатай байв*. Иймээс Ехова: «Би хүнээс болж газрыг дахиж хэзээ ч хараахгүй. Хүний бодол санаа бүр багаас нь муу муухай байдаг. Би амьд бүхнийг ийнхүү дахиж хэзээ ч устгахгүй. 22 Үүнээс хойш газар дэлхийд тариалалт хураалт, халуун хүйтэн, өвөл зун, өдөр шөнө байсаар байна» гэж өөртөө хэлжээ.

9 Бурхан Ноа болон хөвгүүдийг нь ерөөн «Өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэгтүн. 2 Газар дээрх бүх амьтан, тэнгэрийн бүх шувуу, газар дээр хөдөлдөг бүхэн, далайн бүх загас хойшдоо ч та нараас айна. Та нар амьтдыг захирна. 3 Амьд бөгөөд хөдөлдөг бүх амьтнаас та нар идэж болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ бүх амьтныг өгч байна. 4 Гагцхүү махыг цустай нь идэж болохгүй. Яагаад гэвэл цус бол амь юм. 5 Түүнчлэн, хүн юм уу амьтан хүний амийг хөнөөвөл* би хариуцлага тооцно. Хүний амь хөнөөсөн амьтныг алах ёстой. Хүний амийг хөнөөсөн хүн амиараа төлөх ёстой. 6 Хэн хүний цусыг урсгана*, түүний цусыг өөр хүн урсгана. Яагаад гэвэл Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн юм. 7 Та нар өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэгтүн» хэмээн айлдав.

8 Тэгээд Бурхан Ноа болон хөвгүүдэд нь 9 «Би та нартай, та нарын үр удамтай, 10 бас та нартай цуг авдраас гарсан бүх амьтан буюу шувуу, мал адгуус, зэрлэг амьтан гээд газар дэлхий дээрх бүх амьтантай гэрээ байгуулж байна. 11 Би та нартай гэрээ байгуулж байна. Хүн, амьтныг нийтээр нь устгах үерийг би дахин хэзээ ч буулгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй» хэмээжээ.

12 Бурхан цааш нь «Миний та нартай болон та нартай цуг авдраас гарсан бүх амьтантай байгуулж байгаа, ирэх бүх үеийнхэнд хамаатай гэрээний тэмдэг нь энэ байна. 13 Би үүлэн дунд солонго татууллаа. Солонго бол газар дээрх бүхэнтэй байгуулсан миний гэрээний тэмдэг юм. 14 Намайг газар дэлхий дээгүүр үүл хуралдуулах тоолонд үүлэн дунд солонго татна. 15 Тэгээд би та нартай болон бүх төрлийн амьтантай байгуулсан гэрээгээ санана. Хүн, амьтныг устгах үер дахин хэзээ ч буухгүй. 16 Үүлэн дунд солонго татахыг би хараад дэлхий дээрх бүх хүн, амьтантай байгуулсан мөнхийн гэрээгээ санах юм» хэмээв.

17 Бурхан Ноад «Энэ бол газар дээрх бүх хүн, амьтантай байгуулсан миний гэрээний тэмдэг юм» гэж давтан хэлжээ.

18 Хөвөгч авдраас гарсан, Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар билээ. Хам нь хожим Канааны эцэг болсон юм. 19 Ноагийн энэ гурван хүүгээс хүн төрөлхтөн бий болж дэлхийгээр тархжээ.

20 Ноа газар тариалан эрхлэх болж усан үзэм тарив. 21 Тэрбээр дарс ууж согтоод майхандаа нүцгэн хэвтэж байлаа. 22 Канааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад гадагш гарч Шем Иафет хоёрт хэлэв. 23 Тэр хоёр хувцас авч мөрөн дээгүүрээ нөмрөөд майханд ухарч оров. Буруу харсан чигээрээ эцгээ хучиж, нүцгэн байгааг нь хараагүй ажээ.

24 Ноагийн согтуу нь гарч сэрээд отгон хүүгийнхээ яасныг мэдээд

25 «Канаан хараагдаг

Ах нарынхаа хамгийн дорд боол болог» хэмээгээд

26 «Шемийн Бурхан Ехова магтагдах болтугай

Канаан Шемийн боол болог

27 Бурхан Иафетад өргөн уудам газар нутаг хайрлаг

Иафет Шемийн майханд сууг

Канаан Иафетын ч боол болог» гэж хэлжээ.

28 Ноа Үерээс хойш 350 жил амьдарчээ. 29 Ноа 950 насалсан юм.

10 Энэ бол Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафетын түүх юм.

Үерээс хойш тэд хөвгүүдтэй болжээ. 2 Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас юм.

3 Гомерийн хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма юм.

4 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим юм.

5 Тэднээс арлуудын* оршин суугчид үүсэж, хэлтэн хэлтнээрээ, овог овгоороо, үндэстэн үндэстнээрээ суурьшжээ.

6 Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан юм.

7 Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека юм.

Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан юм.

8 Куш бас Нимродын эцэг болжээ. Нимрод дэлхий дээрх анхны хүчирхэг хүн болов. 9 Тэрбээр Еховаг эсэргүүцдэг хүчирхэг анчин болсон юм. Иймээс хүмүүс: «Еховаг эсэргүүцдэг хүчирхэг анчин Нимрод шиг» гэж ярьдаг болжээ. 10 Тэрбээр эхэндээ Шинарын нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнег захирч байв*. 11 Тэндээсээ Ассири руу явж Ниневе, Рехобот-Ир, Калаг байгуулж, 12 Ниневе Кала хоёрын дунд Ресен хотыг байгуулав. Энэ нь их хот ажээ*.

13 Мизраим нь Лудим, Анамим, Лехабим, Нафтухим, 14 Патрусим, Каслухим (түүнээс филистчүүд үүсжээ), Кафторимийн* эцэг болжээ.

15 Канааны ууган хүү нь Сидон, удаах нь Хет. 16 Канаан бас иебусчууд, аморичууд, гиргашчууд, 17 хивичүүд, аркичүүд, синчүүд 18 арвадчууд, земарчууд, хаматчуудын дээд өвөг болсон юм. Хожим Канааны ургууд тархан суурьшжээ. 19 Канаанчуудын хил нь Сидоноос Газын ойролцоох Герар, тэгээд Лашагийн ойролцоох Содом, Гоморра, Адма, Зебойим хүртэл үргэлжилдэг. 20 Хамын үр удам нь овог овгоороо, хэлтэн хэлтнээрээ, нутаг нутгаараа, үндэстэн үндэстнээрээ ийм болой.

21 Шем ч үр хүүхэдтэй болж Еберийн үр удмын дээд өвөг болжээ. Шем нь ууган хүү болох Иафетын дүү* юм. 22 Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам юм.

23 Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш юм.

24 Арпахшад Шелагийн эцэг болж, Шела Еберийн эцэг болов.

25 Ебер хоёр хүүтэй болжээ. Нэг хүүг нь Пелег* гэдэг. Яагаад гэвэл Пелегийн үед хүмүүс хуваагдаад тарж явсан юм. Нөгөө хүүг нь Иоктан гэдэг.

26 Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера, 27 Хадорам, Узал, Дикла, 28 Обал, Абимаел, Шеба, 29 Офир, Хавила, Иобабын эцэг болсон юм. Эд бүгд Иоктаны хөвгүүд билээ.

30 Тэд Мешагаас эхлээд зүүн зүг дэх уулархаг нутаг буюу Сефар хүртэл нутагладаг байжээ.

31 Шемийн үр удам нь овог овгоороо, хэлтэн хэлтнээрээ, нутаг нутгаараа, үндэстэн үндэстнээрээ ийм болой.

32 Эдгээр нь Ноагийн хөвгүүдийн үр удам бөгөөд тэд овог овгоороо, үндэстэн үндэстнээрээ ийм болой. Үерийн дараа үндэстнүүд тэднээс үүсэж дэлхийгээр тархсан юм.

11 Дэлхий даяараа нэг хэлтэй, нэг үгийн сантай байв. 2 Хүмүүс зүүн зүг рүү явж байхдаа Шинар нутагт хөндий тал олоод тэндээ нутаглах болжээ. 3 Тэгээд тэд нэг нэгэндээ «Бүгдээрээ тоосго цохиж, шатаацгаая» гэж хэлэв. Тэд чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ. 4 Тэд: «Хот байгуулж, тэнгэрт тулам оройтой цамхаг барьж, алдар нэрээ дуурьсгацгаая. Эс тэгвэл бид дэлхийгээр тарна» гэлцэв.

5 Ехова хүмүүсийн барьсан хот, цамхгийг үзэхээр буулаа. 6 Ехова: «Хар даа. Энэ хүмүүс нэг хэлтэй ард түмэн бөгөөд ийм юм хийж эхэлжээ. Тэгэхээр тэдний хийхээр сэдсэн бүхэнд боломжгүй юм гэж байхгүй болно. 7 Бууцгаая. Хэлийг нь хутгалдуулъя. Тэгвэл тэд бие биеэ ойлгохоо болино» хэмээн айлдав. 8 Улмаар Ехова тэднийг дэлхий даяар тараасанд хот байгуулах ажил яваандаа зогсжээ. 9 Иймд уг хотыг Бабел* гэж нэрлэсэн юм. Яагаад гэвэл тэнд Ехова дэлхийн хүмүүсийн хэлийг хутгалдуулсан бөгөөд Ехова тэднийг дэлхий даяар тараажээ.

10 Энэ бол Шемийн түүх юм.

Шем 100 насандаа буюу Үерээс хойш хоёр жилийн дараа Арпахшад гэдэг хүүтэй болов. 11 Шем Арпахшадыг төрснөөс хойш 500 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.

12 Арпахшад 35 насандаа Шела гэдэг хүүтэй болов. 13 Арпахшад Шелаг төрснөөс хойш 403 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.

14 Шела 30 насандаа Ебер гэдэг хүүтэй болов. 15 Шела Еберийг төрснөөс хойш 403 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.

16 Ебер 34 насандаа Пелег гэдэг хүүтэй болов. 17 Ебер Пелегийг төрснөөс хойш 430 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.

18 Пелег 30 насандаа Реу гэдэг хүүтэй болов. 19 Пелег Реуг төрснөөс хойш 209 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.

20 Реу 32 насандаа Серуг гэдэг хүүтэй болов. 21 Реу Серугийг төрснөөс хойш 207 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.

22 Серуг 30 насандаа Нахор гэдэг хүүтэй болов. 23 Серуг Нахорыг төрснөөс хойш 200 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.

24 Нахор 29 насандаа Тера гэдэг хүүтэй болов. 25 Нахор Тераг төрснөөс хойш 119 жил амьдарчээ. Тэрбээр охид хөвгүүдтэй болсон юм.

26 Тера 70 хүрсэн хойноо Абрам, Нахор, Харан гэдэг хөвгүүдтэй болжээ.

27 Энэ бол Терагийн түүх юм.

Тера нь Абрам, Нахор, Харан гэдэг хөвгүүдтэй болсон билээ. Харан Лот гэдэг хүүтэй болов. 28 Харан эцэг Терагаа амьд байхад төрсөн нутагтаа буюу Халдеин Ур хотод нас барав. 29 Абрам Нахор нар эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка юм. Харан нь Милка, Иска хоёрын эцэг ажээ. 30 Сараи хүүсэр тул хүүхэдгүй байлаа.

31 Тера хүү Абрам, Хараны хүү буюу ач хүү Лот, хүү Абрамынхаа эхнэр буюу бэр Сараигаа дагуулаад Канаанд очихоор Халдеин Ураас явжээ. Гэхдээ Харанд хүрээд тэндээ суурьшив. 32 Тера 205 жил амьдарч Харанд нас баржээ.

12 Ехова Абрамд «Чи нутгаасаа гарч, төрөл садангаа, эцгийнхээ гэр бүлийг орхиж, миний зааж өгөх нутагт оч. 2 Би чамайг агуу үндэстэн болгож, ерөөж, алдар нэртэй болгоно. Чиний ачаар хүмүүс ивээл хүртэнэ. 3 Чамайг ерөөсөн хүнийг би ерөөнө, хараасан хүнийг хараана. Чиний ачаар газар дэлхий дээрх бүх үндэстэн ивээл хүртэнэ» гэж айлджээ.

4 Ингээд Абрам Еховагийн айлдсанаар явлаа. Лот түүнтэй хамт явав. Абрам 75 настайдаа Харанаас явсан юм. 5 Абрам эхнэр Сараи, ахынхаа хүү Лот болон Харанд хурааж хуримтлуулсан эд хөрөнгөө авч, мэдэлдээ байсан хүмүүсээ дагуулаад Канаан нутгийг зорин явжээ. Канаанд ирээд 6 Абрам тэр нутгаар явсаар Морегийн том моддоос холгүй байдаг Шехем гэдэг газарт хүрчээ. Тэр үед канаанчууд уг нутагт суудаг байв. 7 Тэгэхэд Ехова Абрамд үзэгдэж «Би энэ нутгийг чиний үр хүүхдүүдэд өгнө» гэж хэлжээ. Абрам өөрт нь үзэгдсэн Еховад зориулж тэнд тахилын ширээ босгов. 8 Дараа нь Абрам цааш хөдөлж Бетелээс зүүн зүг дэх уулархаг нутагт очоод Бетелийн зүүнтээ, Аин баруунтаа майхнаа барив. Тэндээ Еховад зориулж тахилын ширээ босгоод Еховагийн нэрийг дуудах* болжээ. 9 Дараа нь Абрам цааш Негевийг зорин нэг газраас нөгөө рүү нүүдэллэв.

10 Тэр нутагт их өлсгөлөн болсон тул Абрам Египетэд түр суухаар явжээ. 11 Тэрбээр Египетэд дөхөж очоод эхнэр Сараидаа «Одоо миний юу хэлэхийг сонс. Чи минь дэндүү үзэсгэлэнтэй эмэгтэй. 12 Египетчүүд чамайг хараад “Энэ эмэгтэй эхнэр нь юм байна” гэх нь гарцаагүй. Тэгээд намайг ална, чамайг амьд үлдээнэ. 13 Чи өөрийгөө миний дүү гэж хэлж тус болооч. Тэгвэл надад муу юм тохиолдохгүй, би амьд гарна» гэж хэлэв.

14 Абрамыг Египетэд очмогц египетчүүд Сараигийн дэндүү үзэсгэлэнтэйг үзжээ. 15 Фараоны ноёд ч түүнийг хараад фараонд магтан ярив. Ингээд Сараиг фараоны ордонд аваачжээ. 16 Фараон Сараигийн төлөө Абрамд сайн хандаж, хонь, үхэр, эр эм илжиг, зарц, шивэгчин, тэмээ өгчээ. 17 Тэгтэл Ехова Абрамын эхнэр Сараигийн улмаас фараон болон ордныхонд нь хөнөөлт гамшиг учруулав. 18 Иймээс фараон Абрамыг дуудаж ирүүлээд «Чи юунд ингэв? Яагаад Сараиг эхнэрээ гэж хэлэлгүй, 19 дүүгээ гэсэн юм бэ? Би түүнийг эхнэрээ болгох шахлаа. Эхнэр чинь энд байна. Одоо эхнэрээ аваад яв!» гэж хэлжээ. 20 Фараон Абрамын талаар тушаал гаргаж хүмүүстээ мэдэгдэхэд тэд Абрамыг эхнэр, хамаг юмтай нь явуулав.

13 Тэгээд Абрам эхнэр болон хамаг бүхнээ аваад Лоттой хамт Египетийг орхин Негев рүү өгсөн явжээ. 2 Абрам мал сүрэг, алт мөнгө ихтэй асар баян хүн байв. 3 Тэрбээр Негевээс Бетел хүртэл нүүж сууж явсаар Бетел Аи хоёрын дунд өмнө нь майхнаа барьж байсан газартаа хүрч иржээ. 4 Тэнд өмнө нь тахилын ширээ босгож байсан билээ. Абрам тэнд Еховагийн нэрийг дуудав*.

5 Абрамтай хамт яваа Лот бас маш олон хонь, үхэр, майхантай байлаа. 6 Иймээс тэр газар нь тэднийг нэг дор байхад хүрэлцэхгүй байв. Тэдний мал хөрөнгө арвин их болсон учир хамт байхад бэрх болжээ. 7 Үүнээс болж Абрамын болон Лотын малчдын хооронд маргаан гарчээ. (Тэр үед канаанчууд, перизчүүд уг нутагт суудаг байв.) 8 Иймд Абрам Лотод «Чи бид хоёрын хооронд, танай манай малчдын хооронд маргаан гарах учиргүй. Бид чинь ах дүүс шүү дээ. 9 Чи энэ нутгийн хаана амьдармаар байна, тэр газраа сонгоод ав. Тусдаа амьдарцгаая. Чамайг зүүн тийшээ явбал би баруун тийшээ явъя. Чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя» гэж хэлжээ. 10 Лот алсын барааг харахад Зоар хүрдэг Иорданы ай сав нь бүхэлдээ ус элбэгтэй (Ехова Содом, Гоморраг устгахаас өмнө ийм байжээ), Еховагийн цэцэрлэг мэт, Египетийн нутаг мэт байлаа. 11 Тэгээд Лот Иорданы ай савыг бүхлээр нь сонгож аваад зүүн зүгт нүүв. Ийнхүү Абрам Лот хоёр тус тусдаа амьдрах болжээ. 12 Абрам Канаан нутагт, Лот Иорданы ай сав дахь хотуудаас холгүй амьдрах болов. Хожим нь Лот Содомын ойролцоо майхнаа босгожээ. 13 Содомын хүмүүс Еховагийн хувьд асар их нүгэлтэй, хорон муу хүмүүс байв.

14 Лотыг нүүсний дараа Ехова Абрамд «Байгаа газраасаа урд, хойд, баруун, зүүн зүг рүү хар даа. 15 Би чиний харж байгаа газар нутгийг тэр чигээр нь чамд болон чиний үр хүүхдэд үүрдийн эзэмшил болгож өгнө. 16 Би чиний үр удмыг шорооны ширхэг мэт тоолшгүй олон болгоно. Хүн шорооны ширхгийг тоолж чадахгүй шиг чиний үр удмыг ч тоолж чадахгүй. 17 Энэ нутгаар хөндлөн гулд явж харагтун. Би чамд энэ нутгийг өгнө» гэж айлджээ. 18 Ингээд Абрам аян замдаа гарч, цаашдаа ч майханд амьдарчээ. Хожим нь тэрбээр Хеброн дахь Мамрегийн том моддын дунд амьдран суух болов. Тэнд Еховад зориулж тахилын ширээ босголоо.

14 Тэр үед Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нь 2 Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебер, Бела буюу Зоарын хаантай дайтжээ. 3 Энэ таван хаан Сиддимийн хөндий буюу Давст тэнгист* хүчээ нэгтгэжээ.

4 Таван хаан Хедорлаомерт 12 жил зүтгэсэн боловч 13 дахь жилдээ эсэргүүцэн босов. 5 Иймээс 14 дэх жилд нь Хедорлаомер болон түүнтэй нэгдсэн хаад ирж Аштерот-карнаим дахь рефаимчууд, Хам дахь зузимчууд, Шаве-кириатаим дахь емимчүүд, 6 Сеир уулан дахь хоричуудыг цөл дэх Ел-паран хүртэл бут цохижээ. 7 Тэгээд буцаж эргэн Ен-мишпат буюу Кадешт очоод амалекчуудын газар нутгийг бүхэлд нь эзэлж, Хазазон-тамарт суудаг аморичуудыг бут цохижээ.

8 Тэгэхэд нь Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Бела буюу Зоарын хаан хөдөлж Сиддимийн хөндийд байраа эзлэн 9 Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал, Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариохтой дайтахаар болов. Ийнхүү дөрвөн хаан таван хаантай дайтахаар болсон юм. 10 Сиддимийн хөндий нь давирхайтай нүхээр дүүрэн ажээ. Содом, Гоморрагийн хаад зугтах гэж яваад нүхэнд унав. Бусад нь уулархаг нутаг руу зугтжээ. 11 Ялсан хаад нь Содом, Гоморрагийн бүх эд хөрөнгө, хоол хүнсийг булааж аваад явав. 12 Тэгэхдээ бас Абрамын ахын хүү буюу Содомд амьдардаг Лотыг эд хөрөнгөтэй нь олзолж аваад оджээ.

13 Тэгэхэд зугтаж яваа нэг хүн ирээд еврей хүн Абрамд хэл хүргэжээ. Абрам тэр үед Ешкол Анер хоёрын ах, амори хүн Мамрегийн том моддын дунд амьдарч байв. Тэд Абрамтай гэрээ байгуулж, бие биедээ туслахаар амласан байжээ. 14 Абрам дүүгээ олзлогдсоныг дуулаад тулалдаж сурсан эрчүүд буюу гэрт нь төрсөн 318 зарцаа дайчлан Дан хүртэл нэхжээ. 15 Шөнө нь Абрам хүн хүчээ хуваагаад дайсан руу довтолж бут цохив. Тэднийг Дамаскаас хойд зүгт байдаг Хоба хүртэл нэхэн хөөжээ. 16 Абрам хамаатан Лотоо эд хөрөнгөтэй нь, эмэгтэйчүүд, бусад хүн болон бүх эд хөрөнгийг буцааж авав.

17 Абрамыг Хедорлаомер болон түүнтэй нэгдсэн хаадыг ялаад буцаж явахад нь Содомын хаан Абрамтай уулзахаар Шавегийн хөндий буюу Хааны хөндий рүү явжээ. 18 Салемын хаан Мелхизедек талх, дарс авчирчээ. Тэрбээр Хамгийн дээд Бурхны тахилч юм.

19 Мелхизедек Абрамыг ерөөн

«Тэнгэр газрыг бүтээсэн, Хамгийн дээд Бурхан

Абрамыг ивээх болтугай!

20 Чамайг дарлагчдыг эрхэнд чинь оруулсан

Хамгийн дээд Бурхан магтагдах болтугай!» гэжээ.

Абрам буцааж авсан бүхнийхээ аравны нэгийг Мелхизедект өгөв.

21 Үүний дараа Содомын хаан Абрамд «Хүмүүсийг минь надад өг. Эд хөрөнгийг чи ав» гэжээ. 22 Абрам Содомын хаанд «Би гараа өргөн, тэнгэр газрыг бүтээсэн Хамгийн дээд Бурхан Еховад тангараглая. 23 Би таны гэсэн юмнаас юу ч авахгүй. Утас ч, шаахайн сур ч авахгүй. “Би Абрамыг баян болгосон юм” гэж танаар хэлүүлмээргүй байна. 24 Залуучуудын идсэн хүнсийг намайг авсанд тооцоорой. Би өөр юу ч авахгүй. Харин надтай хамт явсан Анер, Ешкол, Мамре гурав хувиа хүртэг» гэж хэлэв.

15 Энэ явдлын дараа Ехова Абрамд үзэгдэл үзүүлж «Абрам аа, бүү ай. Би бол чиний бамбай. Чамд маш том шагнал өгнө» гэж айлдав. 2 Тэгэхэд Абрам: «Хэмжээгүй эрхт эзэн Ехова, та надад юу өгөх сөн бол? Би одоо болтол хүүхэдгүй яваа. Тэгэхээр миний өв залгамжлагч бол Дамаскийн хүн Елиезер юм» гээд 3 цааш нь «Та надад үр хүүхэд хайрлаагүй билээ. Зарц маань миний өв залгамжлагч болно шүү дээ» гэж хэлэв. 4 Тэгэхэд Ехова: «Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй. Харин төрсөн хүү чинь өв залгамжлагч болно» гэж хариулжээ.

5 Бурхан Абрамыг гадагш гарган «Тэнгэр өөд хар даа. Оддыг тоолж чадвал тоол» гэв. Тэгээд «Чиний үр удам ийм олон болно» гэж хэлжээ. 6 Абрам Ехова Бурханд итгэсэнд Бурхан түүнийг үнэнч шударга гэж тооцов. 7 Тэгээд Бурхан: «Би бол Ехова. Би энэ нутгийг чамд эзэмшил болгон өгөхөөр чамайг Халдеин Ураас гаргасан билээ» гэж айлдлаа. 8 Тэгэхэд Абрам: «Хэмжээгүй эрхт эзэн Ехова, энэ нутгийг эзэмшил болгон авна гэдгээ би яаж мэдэх вэ?» гэж асуухад 9 Бурхан: «Гунжин үнээ, зусаг ямаа, хязаалан хуц, хүүрзгэнэ, залуу тагтаа авч ир» гэж хэлэв. 10 Абрам бүгдийг нь авчирч таллан хуваагаад тал бүрийг нь өөд өөдөөс нь харуулан тавилаа. Харин шувуудыг хуваасангүй. 11 Махчин шувуудыг махан дээр бууж ирэхэд Абрам үргээж байлаа.

12 Нар жаргахын хэрд Абрам гүн нойронд автжээ. Түүнийг айдас төрүүлэм түнэр харанхуй нөмрөн авав. 13 Тэгээд Бурхан Абрамд «Чиний үр удам харийн нутагт гаднын хүмүүс болохыг мэдтүгэй. Тэндхийн хүмүүс тэднийг 400 жил боолчилно, дарлан зовооно. 14 Гэхдээ тэднийг боолчлох үндэстнийг би шүүнэ. Дараа нь тэд их эд баялагтай тэндээс явна. 15 Чи урт удаан, сайн сайхан амьдраад эцэг өвгөд шигээ амар тайван нойрсоно. 16 Харин чиний үр удам дөрөв дэх үедээ энд буцаж ирнэ. Учир нь аморичуудыг шийтгэх цаг хараахан болоогүй байна» гэж айлджээ.

17 Нар жаргаж, түнэр харанхуй болоход утаа баагьсан зуух үзэгдэж, талласан махнуудын дундуур галт бамбар өнгөрөв. 18 Тэр өдөр Ехова Абрамтай гэрээ байгуулж «Би Египетийн мөрнөөс Их мөрөн Евфрат хүрдэг энэ нутгийг чиний үр удамд өгнө. 19 Энэ нутаг нь кенчүүд, кенизчүүд, кадмончууд, 20 хитчүүд, перизчүүд, рефаимчууд, 21 аморичууд, канаанчууд, гиргашчууд, иебусчуудын нутаг юм» хэмээн айлдав.

16 Абрамын эхнэр Сараи хүүхэд төрүүлээгүй байжээ. Сараи Хагар гэдэг египет шивэгчинтэй байв. 2 Сараи Абрамд «Надад нэг гуйлт байна. Ехова надад үр хүүхэд хайрлаагүй билээ. Тэгэхээр та миний шивэгчинтэй унтана уу. Шивэгчин минь надад хүүхэд төрүүлж өгөх байх» гэж хэлжээ. Абрам Сараигийн хэлснээр хийв. 3 Абрамыг Канаанд 10 жил амьдарсны дараа эхнэр Сараи нь египет шивэгчин Хагараа нөхөр Абрамдаа эхнэр болгон өгсөн нь энэ билээ. 4 Абрамыг Хагартай унтахад Хагар жирэмслэв. Хагар жирэмсэн болсноо мэдээд эзэгтэйгээ дорд үзэх болжээ.

5 Тэгэхэд Сараи Абрамд «Хагарын намайг ингэж доромжилж байгаа нь таны буруу. Би танд шивэгчнээ өгсөн нь үнэн. Гэтэл тэр жирэмсэн болсноо мэдээд намайг дорд үзэх боллоо. Та бид хоёрын хэргийг Ехова шүүг» гэж хэлэв. 6 Тэгэхэд нь Абрам Сараид «Шивэгчин чинь чиний мэдлийнх шүү дээ. Яахаа өөрөө мэд» гэжээ. Сараиг Хагарт хатуурхахад Хагар зугтжээ.

7 Еховагийн тэнгэрийн элч цөл дэх булаг буюу Шур орох замд байдаг булгийн дэргэдээс Хагарыг олжээ. 8 Тэгээд «Сараигийн шивэгчин Хагар аа, чи хаанаас хаа хүрч явна вэ?» гэхэд Хагар: «Эзэгтэй Сараигаасаа зугтаж явна» гэлээ. 9 Еховагийн тэнгэрийн элч түүнд «Эзэгтэй дээрээ буцаж оч. Даруу байж, үгэнд нь ороорой» гэж захижээ. 10 Еховагийн тэнгэрийн элч цааш нь «Би чиний үр хүүхдийг тоолж барахааргүй олон болгоно» хэмээв. 11 Тэгээд Еховагийн тэнгэрийн элч: «Чи одоо жирэмсэн байна. Чи хүү төрүүлнэ. Хүүдээ Ишмаел* гэдэг нэр өгөөрэй. Яагаад гэвэл Ехова зовж яваа чиний хашхирахыг сонссон. 12 Ишмаел зэрлэг илжиг мэт хүн болно*. Тэрбээр бүх хүнтэй сөргөлдөнө, бүх хүн ч түүнтэй сөргөлдөнө. Ишмаел бүх ах дүүгээсээ тусдаа амьдарна*» хэмээжээ.

13 Тэгээд Хагар: «Намайг харж ханддаг нэгнийг би харлаа гэж үү?» гээд өөртэй нь ярьж байсан Еховагийн нэрийг дуудан «Та бол хардаг Бурхан» гэж хэлэв. 14 Ийм учраас тэр худгийг Беер-лахаи-рои* гэдэг болжээ. (Тэр худаг Кадеш болон Бередийн хооронд байдаг.) 15 Хагар Абрамд хүү төрүүлж өгөхөд Абрам Хагарын төрүүлж өгсөн хүүд Ишмаел гэдэг нэр өгөв. 16 Хагарыг хүү Ишмаелаа төрүүлэхэд Абрам 86 настай байлаа.

17 Абрамыг 99 настай байхад Ехова түүнд үзэгдэж «Би бол Төгс хүчит Бурхан. Надад үнэнч байж, гэм зэмгүй гэдгээ батлагтун. 2 Би чамтай гэрээ байгуулж, үр удмыг чинь асар олон болгоно» хэмээн айлджээ.

3 Абрамыг сөхөрч мөргөхөд Бурхан цааш нь 4 «Би чамтай гэрээ байгуулсан билээ. Чи олон үндэстний эцэг болно. 5 Би чамайг олон үндэстний эцэг болгох учраас үүнээс хойш чамайг Абрам* гэхгүй, Абрахам* гэнэ. 6 Би чамайг үй олон үр хүүхэдтэй болгоно. Үндэстнүүд чамаас гарч, хаад чамаас төрнө.

7 Би чиний болон үр удмын чинь Бурхан гэдгээ батлахын тулд чамтай, үр удамтай чинь байгуулсан үүрдийн гэрээгээ үеэс үед биелүүлнэ. 8 Чиний харь хүн болж амьдарсан тэр нутаг буюу Канааныг бүхэлд нь би чамд, чиний үр удамд үүрдийн эзэмшил болгон өгч, Бурхан нь болно» хэмээн айлдав.

9 Бурхан цааш нь Абрахамд «Чи ч, чиний үр удам ч миний гэрээг үеэс үед биелүүлэх ёстой. 10 Миний та нартай байгуулсан, чиний болон үр удмын чинь биелүүлэх гэрээгээр та нарын дундах эр хүйстэн бүр хөвчөө таслуулах ёстой. 11 Өөрөөр хэлбэл тээрхийн арьсаа огтлуулах ёстой. Энэ нь миний та нартай байгуулсан гэрээний тэмдэг болно. 12 Танайд төрсөн хүү болгоны хөвчийг найм хоногтойд нь тасал. Харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан, танай удмын биш эрэгтэй хүн бүрийн хөвчийг тасал. Үеэс үед ийн үйлдэх учиртай. 13 Танайд төрсөн эрэгтэй хүн бүр, чиний мөнгөөрөө худалдаж авсан эрэгтэй хүн бүр хөвчөө таслуулах ёстой. Та нарын бие дэх энэ тэмдэг нь миний та нартай байгуулсан үүрдийн гэрээний баталгаа болох юм. 14 Тээрхийн арьсаа огтлуулахгүй бол хөнөөгтүн. Тэр хүн миний гэрээг зөрчсөн хэрэг» гэж хэлжээ.

15 Тэгээд Бурхан Абрахамд «Чи эхнэрээ Сараи* гэж бүү дууд. Яагаад гэвэл түүнийг Сара* гэх болно. 16 Би түүнийг ивээх бөгөөд тэр чамд хүү төрүүлж өгнө. Би түүнийг ивээх бөгөөд үндэстнүүд түүнээс гарна, хаад түүнээс төрнө» гэжээ. 17 Тэгэхэд Абрахам сөхөрч мөргөөд инээн «100 настай хүн хүүхэдтэй болж, 90 настай Сара хүүхэд төрүүлэх гэж үү?» хэмээн дотроо боджээ.

18 Тэгээд Абрахам жинхэнэ Бурханд «Та Ишмаелыг ивээгээрэй» гэхэд 19 Бурхан: «Чиний эхнэр Сара чамд заавал хүү төрүүлж өгнө. Чи хүүдээ Исаак* гэдэг нэр өгөөрэй. Би түүнтэй гэрээ байгуулна. Энэ гэрээ нь Исаакт, Исаакийн үр удамд хамаатай мөнхийн гэрээ байх юм. 20 Ишмаелын тухайд би чиний хүсэлтийг сонслоо. Би түүнийг ивээж үр удмыг нь өнөр өтгөн, бүр асар олон болгоно. Түүнээс 12 удирдагч гарах бөгөөд би түүнийг агуу үндэстэн болгоно. 21 Харин ирэх жилийн өдийд Сарагийн төрүүлэх Исаактай би гэрээ байгуулна» хэмээн айлдав.

22 Бурхан Абрахамтай ярьж дуусаад дээш одлоо. 23 Абрахам тэр өдөртөө хүү Ишмаелаа, өөрийнх нь гэрт төрсөн бүх эр хүйстэн, мөнгөөрөө худалдаж авсан бүх эрэгтэй хүн гээд гэрийнхээ эрчүүдийг бүгдийг нь цуглуулаад Бурхны хэлсэн ёсоор тээрхийн арьсыг нь огтлов. 24 Абрахам 99 настайдаа хөвчөө таслуулжээ. 25 Хүү Ишмаел нь 13 настайдаа хөвчөө таслуулжээ. 26 Яг тэр өдөр Абрахам ч, хүү Ишмаел нь ч хөвчөө таслуулсан юм. 27 Бас эрчүүд нь бүгдээрээ буюу тэднийд төрсөн, харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан бүх эрэгтэй тэр өдөр хөвчөө таслуулсан билээ.

18 Өдрийн ид халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байв. Тэгтэл Ехова Мамрегийн том моддын дунд түүнд үзэгджээ. 2 Абрахамыг хартал гурван эр холгүйхэн зогсож байлаа. Абрахам тэдэнтэй уулзахаар гүйн очоод сөхөрч мөргөв. 3 Абрахам: «Ехова, хэрэв би таны таалалд нийцсэн бол боолындоо саатаж болгооно уу. 4 Ус авчруулж, та бүхний хөлийг угаалгая. Модны доор сууж амарна уу. 5 Та нар боолынхоо гэрт ирсэн билээ. Би талх авчиръя. Хүч сэлбэж аваад замдаа гараарай» гэхэд тэд: «Тэгье. Хэлснээрээ хий хий» гэцгээв.

6 Абрахам майхан руугаа яаран очоод Сарад «Бушуулаарай! Гурван хэмжүүр* сайн гурил авч зуураад талх бариарай» гэжээ. 7 Тэгээд мал сүрэг рүүгээ гүйн очиж хүч тэвээрэг сайтай, залуу бухыг сонгож аваад төхөөрүүлж, хоол хийлгүүлэхийн тулд зарцдаа өгөв. 8 Абрахам цөцгий, сүү, үхрийн махаа зочдод тавиад тэднийг зооглож байх зуур хажууд нь, модон дор зогсож байлаа.

9 Тэд Абрахамаас «Эхнэр Сара чинь хаана байна вэ?» гэж асуухад «Майханд байгаа» гэж хариулжээ. 10 Тэдний нэг нь: «Ирэх жилийн өдийд би чам дээр заавал буцаж ирнэ. Чиний эхнэр Сара хүү төрүүлнэ» гэж хэлэв. Сара ард нь, майхны үүдэнд чагнаж байлаа. 11 Абрахам Сара хоёр хөгширч нас дээр гарсан байв. Сарагийн хүүхэд төрүүлэх нас нь ч хэтэрчээ. 12 Сара инээж «Би хөгширсөн. Эзэн маань ч өтөлсөн. Тэгэхээр би ийм жаргал эдэлнэ гэж үү?» гэж дотроо боджээ. 13 Тэгтэл Ехова Абрахамд «Яагаад Сара инээж “Над шиг хөгшин хүн хүүхэд төрүүлнэ гэж үү?” гэж бодно вэ? 14 Ехова надад дэндүү хэцүү юм байдаг гэж үү? Ирэх жилийн өдийд би чам дээр буцаж ирнэ. Сара хүү төрүүлнэ» гэж айлдав. 15 Сара айсандаа «Би инээгээгүй» гэж мэлзэхэд Бурхан: «Чи инээсэн» гэжээ.

16 Өнөөх эрчүүд явахаар босов. Абрахам тэднийг үдэж гаргахаар хамт явжээ. Өнөөх эрчүүд Содомын зүг харав. 17 Ехова: «Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү? 18 Абрахам агуу, хүчирхэг үндэстэн болно. Газар дэлхий дээрх бүх үндэстэн түүний ачаар ивээл хүртэнэ. 19 Ехова би Абрахамыг сонгосон нь хүүхдүүд, үр удамдаа миний тушаалыг зааж өгөн зөв, шударга юм хийлгүүлээсэй гэснийх юм. Тэгснээр Ехова би Абрахамын талаарх амлалтаа биелүүлнэ» хэмээн айлдав.

20 Дараа нь Ехова: «Содом, Гоморрагийн хүмүүс асар их нүгэлтэй. Тэднээс болж зовж байгаа хүмүүсийн хашхирахыг би сонссон. 21 Доош буугаад тэдний гомдол үндэстэй эсэхийг, Содом, Гоморра хотынхон тэдний гомдоллоод байгаа шиг муу муухай юм хийж байгаа эсэхийг мэдэж авъя» хэмээжээ.

22 Өнөөх эрчүүдийг тэндээс Содом руу явахад Ехова Абрахамтай үлдэв. 23 Тэгэхэд Абрахам: «Та гэмгүй хүнийг муу хүнтэй адилтган устгах юм гэж үү? 24 Тэр хотод гэмгүй хүн 50 байлаа гэж бодъё. Тэгвэл тэнд байгаа гэмгүй 50 хүний төлөө та тэр хотынхныг өршөөхгүй гэж үү? Бүгдийг нь устгах юм гэж үү? 25 Та бол гэмгүй хүнийг муу хүнтэй хамт устгах Бурхан биш шүү дээ. Хэрэв устгавал гэмгүй хүнийг муу хүнтэй адилтгасан хэрэг болно. Та бол тийм Бурхан огт биш. Газар дэлхийн Шүүгч та зөвийг хийхгүй гэж үү?» гэж хэлэв. 26 Ехова: «Би Содомоос 50 гэмгүй хүн олбол тэдний төлөө тэр хотынхныг бүгдийг нь өршөөнө» гэж айлдав. 27 Абрахам дахин «Би тоос шороо, үнс атлаа Ехова танд юм хэлэхээр зүрхэллээ. 28 Тавин гэмгүй хүн олдохгүй, тав дутлаа гэж бодъё. Тэгвэл та таван хүн дутсан гээд тэр хотынхныг бүгдийг нь устгах уу?» гэхэд Бурхан: «45 хүн байвал би устгахгүй» гэж айлдлаа.

29 Гэсэн ч Абрахам: «40 хүн байвал яах вэ?» гэхэд Бурхан: «Би тэр 40 хүний төлөө устгахгүй» гэлээ. 30 Тэгтэл Абрахам Бурханд «Ехова, та бүү уурлаарай. Би дахин үг хэлье. 30 хүн байвал яах вэ?» гэхэд Бурхан: «30 хүн байвал би устгахгүй» хэмээжээ. 31 Абрахам дахиад л «Ехова, би дахин үг хэлэхээр зүрхэллээ. 20 хүн байвал яах вэ?» гэхэд Бурхан: «Би тэр 20 хүний төлөө устгахгүй» гэлээ. 32 Эцэст нь Абрахам: «Ехова, та бүү уурлаарай. Одоо дахиад ганцхан үг хэлье. Ердөө 10 хүн байвал яах вэ?» гэхэд Бурхан: «Тэр 10 хүний төлөө устгахгүй» гэжээ. 33 Еховаг Абрахамтай ярьж дуусаад одоход Абрахам ч майхан руугаа буцжээ.

19 Оройн хэрд хоёр тэнгэрийн элчийг Содомд ирэхэд Лот Содомын дааман хаалганы дэргэд сууж байлаа. Лот тэднийг хараад уулзахаар босож сөхөрч мөргөв. 2 Лот: «Эзэнтнүүд минь, зарцынхаа гэрт очно уу. Би та нарыг гэртээ хонуулж хөлийг тань угаалгая. Та нар өглөө эрт босоод аян замдаа гараарай» гэсэнд тэд: «Үгүй, бид хотын талбайд хононо» гэжээ. 3 Гэвч Лот тэднийг шалсанд тэд гэр лүү нь хамт явлаа. Лот тэдэнд зориулж зоог бэлдэж, исгээгүй талх барьсан бөгөөд тэд зооглов.

4 Тэднийг унтаж амрах гэж байтал Содом хотын эрчүүд хүүхэд хөгшид гэлтгүй бүгдээрээ гэрийг нь тойрон бүчив. 5 Тэд Лотыг дуудаж «Өнөө орой танайд ирсэн эрчүүд хаана байна вэ? Гаргаад ир. Бид тэдэнтэй хурьцъя» гэцгээж байлаа.

6 Лот тэдэнтэй ярилцахаар гараад хаалгаа хааж зогсов. 7 Тэгээд «Ах дүү нар минь, та нараас гуйя. Бузар муу юм битгий хийгээч. 8 Эр хүнтэй хавьтаж үзээгүй хоёр охин надад бий. Тэднийг та нарт гаргаж өгье. Тэгээд та нар юу хүссэнээ хий. Харин энэ эрчүүдэд бүү хүр. Энэ хүмүүс аюулгүй хоноглох гэж манайд ирсэн юм» гэжээ. 9 Тэгтэл тэд: «Холдож үз» гээд «Энэ нэг цагаач юу хийхийг бид нарт заана гэнэ ээ! Тэгвэл наадуулаас чинь илүүгээр чамайг болгоод өгье л дөө» гэцгээв. Тэгээд Лот руу дайрч, мөн хаалгыг нь эвдэх гэв. 10 Тэгэхэд гэрт байсан эрчүүд гараа сунган Лотыг татаж оруулаад хаалгаа хаажээ. 11 Тэгээд гадаа байсан эрчүүдийг хөгшин залуу гэлгүй юу ч харахгүй болгосонд тэд хаалгыг олох гэсээр арга ядав.

12 Гэрт байсан эрчүүд Лотод «Танайхнаас хэн хэн энэ хотод байдаг вэ? Хүргэд, хөвгүүд, охид гээд өөртэйгөө хамаатай бүх хүнээ энэ хотоос гарга. 13 Бид энэ газрыг устгах гэж байна. Яагаад гэвэл энэ хотынхноос болж зовж байгаа хүмүүсийн чанга хашхирахыг Ехова сонссон. Иймээс Ехова энэ хотыг устгуулахаар биднийг явуулсан юм» гэлээ. 14 Ингээд Лот явж, охидтой нь гэрлэх гэж байсан хүргэддээ «Алив түргэл! Энэ хотоос гарцгаа. Ехова энэ хотыг устгах гэж байна» гэж дахин дахин хэлсэн боловч хүргэд нь түүнийг тоглож байна гэж боджээ.

15 Үүр цайж байхад тэнгэрийн элчүүд Лотыг яаруулан «Нүгэлт энэ хотынхонтой хамт устгагдахгүйн тулд энд байгаа эхнэр, хоёр охиноо аваад яв!» гэлээ. 16 Лотыг тээнэгэлзээд удсанд өнөөх эрчүүд Лот болон эхнэр, охидынх нь гараас зууран авч гадагш гаргаад хотын гадна аваачив. Учир нь Ехова түүнийг өрөвдсөн юм. 17 Өнөөх эрчүүд тэднийг хотоос гаргамагцаа «Амиа аврахын тулд зугт! Эргэж бүү хар. Иорданы ай саваас гартлаа амсхийж болохгүй. Устгагдахгүйн тулд уулархаг нутаг руу зугт» гэж хэлэв.

18 Лот тэдэнд «Ехова, намайг тийшээ бүү явуулаач. 19 Боол тань таны таалалд нийцэж, та амийг минь аварч их сайхан сэтгэл гаргасан* билээ. Гэвч би уулархаг нутаг руу зугтаж чадахгүй нь. Яагаад гэвэл гамшиг тохиолдож, би амиа алдах вий гэж айж байна. 20 Энэ хот ойрхон юм байна. Би энэ хот руу явъя. Тэгээд ч жижиг юм. Намайг энэ хот руу явуулж болохгүй юм уу? Жижиг хот юм байна шүү дээ. Тэгээд би амь гарна» гэж гуйжээ. 21 Тэгэхэд тэрбээр: «За, чиний хүссэнээр болъё. Чиний хэлсэн тэр хотыг би устгахгүй. 22 Тийшээ хурдан яв. Чамайг тэнд хүрэхээс нааш би юу ч хийх аргагүй байна» гэж хэлэв. Иймээс энэ хотыг Зоар* гэж нэрлэжээ.

23 Нар мандсан хойно Лотыг Зоарт ирэхэд 24 Ехова Содом, Гоморрагийн дээр хүхэр, галаар бороо оруулав. Ехова үүнийг тэнгэрээс буулгажээ. 25 Ийнхүү Бурхан энэ хотуудыг, Иорданы ай савыг тэр чигт нь бүх оршин суугч, ургамал ногоотой нь устгав. 26 Харин Лотын ард явсан эхнэр нь эргэж хараад давсан багана болжээ.

27 Абрахам өглөө эрт босоод өмнө нь Еховатай ярьж байсан газар луугаа явав. 28 Абрахамыг Содом, Гоморра болон Иорданы ай савыг бүхэлд нь харахад зуухнаас гарч байгаа мэт өтгөн утаа баагьж байх нь тэр. 29 Бурхан Иорданы ай сав дахь хотууд буюу Лотын амьдарч байсан хотуудыг устгахдаа Абрахамыг бодож Лотыг тэндээс гаргасан юм.

30 Лот Зоарт амьдрахаас айсан тул хожим нь хоёр охинтойгоо Зоараас өгсөн явж уулархаг нутагт суух болжээ. Тэгээд хоёр охинтойгоо агуйд амьдрах болов. 31 Том охин нь дүүдээ «Аав хөгширчээ. Бас ертөнцийн жам ёсоор бидэнтэй хавьтах эр хүн энэ газар алга. 32 Тэгэхээр аавд дарс уулгаж байгаад аавтай унтаж үр удмаа залгуулъя» гэж хэлжээ.

33 Тэр оройдоо тэд аавдаа дарс уулгасаар согтоожээ. Том охин нь аавтайгаа унтав. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг мэдсэнгүй. 34 Маргааш нь эгч нь дүүдээ «Өнгөрсөн шөнө би аавтай унтсан. Өнөө орой хоёулаа бас дарс уулгая. Тэгээд чи аавтай унт. Ингэж үр удмаа залгуулъя» гэжээ. 35 Тэгээд тэр орой ч бас аавдаа дарс уулгасаар согтоов. Бага охин нь аавтайгаа унтжээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг мэдсэнгүй. 36 Ийнхүү Лотын хоёр охин эцгээсээ жирэмсэлжээ. 37 Том охин нь хүү төрүүлж, Моаб гэдэг нэр өгөв. Хүү нь өнөөгийн моабчуудын өвөг болжээ. 38 Бага охин нь бас хүү төрүүлж, Бен-Амми гэдэг нэр өгөв. Хүү нь өнөөгийн аммончуудын өвөг болсон юм.

20 Абрахам цааш Негев рүү нүүж Кадеш Шур хоёрын дунд суух болов. Абрахам Герарт амьдарч байхдаа 2 эхнэр Сарагаа урьдын адил дүүгээ гэж хэлжээ. Иймд Герарын хаан Абимелех хүн явуулж Сараг авчруулав. 3 Тэгтэл Бурхан шөнө Абимелехийн зүүдэнд ирж «Чи энэ эмэгтэйгээс болж үхнэ. Яагаад гэвэл тэр бол гэрлэсэн эмэгтэй, өөр эрийнх» хэмээн айлджээ. 4 Гэхдээ Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байлаа. Тэрбээр: «Ехова, та ямар ч буруугүй үндэстнийг устгах гэж үү? 5 Абрахам Сараг дүүгээ гэсэн. Сара ч Абрахамыг ахаа гэсэн шүү дээ. Би муу санаа өвөрлөөгүй. Буруу юм хийе гэж бодоогүй» гэлээ. 6 Тэгэхэд жинхэнэ Бурхан зүүдэнд нь «Муу санаа өвөрлөөгүйг чинь би мэдэж байна. Иймээс чамайг миний эсрэг нүгэл үйлдэхээс хамгаалж түүнд ойртуулаагүй юм. 7 Одоо тэр хүний эхнэрийг буцааж явуул. Тэр хүн бол зөнч, чиний төлөө залбирна. Тэгвэл чи үхэхгүй. Харин буцааж явуулахгүй бол чи ч, чиний гэсэн бүх хүн гарцаагүй үхнэ гэдгийг мэдтүгэй» хэмээв.

8 Абимелех өглөө эрт босоод бүх зарцаа дуудаж ирүүлээд энэ бүхнийг ярихад тэд ихэд айжээ. 9 Дараа нь Абимелех Абрахамыг дуудуулж «Та яах нь энэ вэ? Би танд ямар гэм хийсэн гэж та намайг, миний хаант улсыг асар их гэм нүгэлд унагав? Та буруу юм хийлээ» гэж хэлэв. 10 Тэгээд Абрахамаас «Та ямар санаа өвөрлөж ингэсэн юм бэ?» гэж асуухад 11 Абрахам: «Энэ нутгийн хүмүүс Бурхнаас эмээдэггүй тул эхнэрийг минь авах гээд намайг хөнөөнө гэж бодсон юм. 12 Тэгээд ч Сара миний дүү гэдэг нь үнэн. Бид эцэг нэгтэй ч, өөр эхийн хүүхдүүд. Тэгээд би түүнийг эхнэрээ болгосон билээ. 13 Бурхан намайг эцгийн минь гэрээс явуулахаар болоход би Сарад “Хаа явсан газраа намайг ахыгаа гэж хэлж байгаарай. Энэ нь намайг үнэнчээр хайрлаж байгаа хэрэг” гэж захисан юм» хэмээн өчжээ.

14 Абимелех Абрахамд хонь, үхэр, зарц, шивэгчин өгч, эхнэр Сараг нь буцааж өгөв. 15 Тэгээд Абрахамд «Манай нутгаас дуртай газраа сонгоод амьдраарай» гэж хэлжээ. 16 Бас Сарад «Би таны ахад 1 000 мөнгөн шекел өглөө. Энэ нь таныг гэм буруугүй гэдгийг танай хүмүүс болон бусад бүх хүний өмнө батлах тэмдэг болно. Ингэснээр таныг хэн ч муу хэлэхгүй» гэж хэлжээ. 17 Тэгээд Абрахамыг жинхэнэ Бурханд залбирсанд Бурхан Абимелех болон эхнэр, шивэгчдийг нь эдгээсэн бөгөөд тэд дахин хүүхэд төрүүлэх болов. 18 Учир нь Ехова Абрахамын эхнэр Сарагийн улмаас Абимелехийн гэрийн бүх эмэгтэйг хүүсэр болгосон байжээ.

21 Ехова хэлсэн ёсоороо Сараг ивээжээ. Ийнхүү Ехова амласнаа биелүүлэв. 2 Сара жирэмсэлж өтөл буурал Абрахамд хүү төрүүлж өглөө. Энэ нь Бурхны Абрахамд товлосон цагт болсон юм. 3 Абрахам Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөөд 4 Бурхны тушаасан ёсоор найм хоногтойд нь хүүгийнхээ хөвчийг таслав. 5 Хүү Исаакаа төрөхөд Абрахам 100 настай байлаа. 6 Сара: «Бурхан надад инээд бэлэглэлээ. Үүнийг сонссон хүн бүр надтай цуг инээнэ*» гээд 7 «“Сара хүүхдүүдээ хөхүүлнэ” гэж Абрахамд хэн хэлж чадах байсан бэ? Гэвч би өтөл буурал Абрахамд хүү төрүүлж өглөө» гэж хэлжээ.

8 Хүү өсөж хөхнөөс гарав. Абрахам Исаакийг хөхнөөс гарсан өдөр том найр хийжээ. 9 Тэгэхэд египет эмэгтэй Хагарын Абрахамд төрүүлж өгсөн хүү нь Исаакийг тохуурхаж байхыг Сара ажиглав. 10 Тэгээд Абрахамд «Энэ шивэгчнийг хүүтэй нь зайлуул. Энэ шивэгчний хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй!» гэж хэлэв. 11 Сараг хүүгийнх нь талаар ингэж хэлсэнд Абрахам ихэд дургүйцэв. 12 Тэгтэл Бурхан Абрахамд «Тэр хүү болон шивэгчин бүсгүйн талаар Сарагийн чамд хэлсэн үгэнд бүү дургүйц. Хэлснээр нь хий. Яагаад гэвэл чиний үр удам гэгдэх хүмүүс Исаакаас гарна. 13 Шивэгчний хүүгийн тухайд, би бас түүнээс нэг үндэстнийг бий болгоно. Яагаад гэвэл тэр чиний үр хүүхэд юм» гэж айлджээ.

14 Абрахам өглөө эрт босоод туламтай ус, талх авчирч Хагарт үүрүүлээд хүүтэй нь цуг явууллаа. Ингээд Хагар гарч Беершебагийн цөлөөр явав. 15 Туламтай ус нь дуусахад Хагар хүүгээ бутан дор үлдээж 16 «Би хүүгийнхээ үхэхийг хармааргүй байна» гээд харвасан сум буух дайны газар очиж ганцаараа суугаад уйлж гарлаа.

17 Бурхан хүүгийн уйлахыг сонсжээ. Бурхны тэнгэрийн элч тэнгэрээс Хагарыг дуудаж «Хагар аа, чи яагаа вэ? Бурхан тэнд байгаа хүүгийн чинь уйлахыг сонссон учир бүү ай. 18 Босогтун. Хүүгээ босгоод түшээд яв. Би түүнийг агуу үндэстэн болгоно» гэв. 19 Бурхан Хагарт нэгэн худгийг харуулахад Хагар очиж тулмаа усаар дүүргээд хүүдээ ус уулгажээ. 20 Бурхан Ишмаелтай хамт байсан бөгөөд Ишмаел өсөж том болов. Тэрбээр цөлд амьдарч харваач болжээ. 21 Ишмаел Параны цөлд амьдарч, эх нь Египетээс эхнэр авч өгчээ.

22 Тэр үед Абимелех цэргийн жанжин Фиколтойгоо ирээд Абрахамд «Таныг юу ч хийсэн Бурхан тантай хамт байх юм. 23 Та намайг, үр хүүхэд, үр удмыг минь хуурахгүй гэдгээ, мөн би таныг үнэнчээр хайрласан шиг та надад болон амьдран суугаа энэ нутгийнхаа хүмүүст тийн хандахаа энд Бурхнаар тангараглаач» гэхэд 24 Абрахам: «Би тангараглаж байна» гэжээ.

25 Абимелехийн зарц нар худгийг нь хүчээр булааж авсан талаар Абрахам Абимелехт гомдол мэдүүлжээ. 26 Абимелех: «Хэн ингэснийг би мэдэхгүй байна. Та хэлээгүй шүү дээ. Би өнөөдөр л сонсож байна» гэв. 27 Тэгэхэд Абрахам Абимелехт хонь, үхэр өгч, тэд гэрээ байгуулжээ. 28 Абрахам долоон охин хургыг сүргээсээ ялгахад 29 Абимелех Абрахамаас «Та яагаад долоон охин хургыг сүргээсээ ялгав?» гэж асуулаа. 30 Абрахам: «Би энэ худгийг ухсанаа батлан энэ долоон охин хургыг танд гэрч болгон өгч байгаа юм» гэж хариулав. 31 Иймээс тэр газрыг Беершеба* гэж нэрлэжээ. Яагаад гэвэл тэр хоёр тэнд тангараг өргөсөн юм. 32 Ийнхүү тэд Беершебад гэрээ байгуулаад Абимелех цэргийн жанжин Фиколтойгоо хөдөлж филистчүүдийн нутаг руугаа буцжээ. 33 Үүний дараа Абрахам Беершебад сухай мод тарьж, тэндээ мөнхийн Бурхан Еховагийн нэрийг дууджээ*. 34 Абрахам филистчүүдийн нутагт удаан амьдарсан билээ.

22 Энэ явдлын дараа жинхэнэ Бурхан Абрахамыг сорьжээ. Бурхан: «Абрахам аа!» гэж дуудахад тэрбээр: «Би энд байна» гэлээ. 2 Тэгэхэд Бурхан: «Чи хүүгээ, амин хайртай ганц хүү Исаакаа аваад Мориагийн нутагт очиж миний зааж өгөх уулан дээр хүүгээ шатаах тахил болгож өргөөрэй» гэж айлдав.

3 Ингээд Абрахам өглөө эрт босож илжгээ эмээллээд хоёр зарц, хүү Исаакаа дагуулан явлаа. Абрахам шатаах тахилын түлээ бэлтгэж аваад жинхэнэ Бурхны заасан газрыг зорин хөдөлжээ. 4 Гурав дахь өдөр нь Абрахам алсыг харахад очих газрынх нь бараа харагдав. 5 Абрахам зарц нартаа «Та нар энд илжигтэйгээ байж бай. Хүү бид хоёр тийшээ яваад Бурханд тахил өргөчихөөд ирье» гэж хэллээ.

6 Абрахам шатаах тахилын түлээгээ авч хүү Исаактаа үүрүүлжээ. Гал, хутгаа өөрөө бариад хоёул цааш явав. 7 Тэгтэл Исаак эцэгтээ хандан «Аав аа!» гэхэд Абрахам: «Яасан, миний хүү?» гэжээ. Исаак: «Бидэнд гал, түлээ байна. Харин шатаах тахил болгож өргөх хонь хаана байгаа юм бэ?» гэж асуув. 8 Абрахам: «Шатаах тахилын хонийг Бурхан өөрөө өгнө, миний хүү» гэж хариулжээ. Тэгээд тэд цааш явлаа.

9 Тэд явсаар жинхэнэ Бурхны зааж өгсөн газарт иржээ. Абрахам тэнд тахилын ширээ босгож, дээр нь түлээгээ өрж тавив. Тэгээд хүү Исаакийнхаа гар, хөлийг хүлээд тахилын ширээн дээрх түлээн дээр хэвтүүллээ. 10 Ингээд хүүгээ алахаар гараа сунгаж хутгаа авав. 11 Тэгтэл Еховагийн тэнгэрийн элч: «Абрахам аа! Абрахам аа!» гэж тэнгэрээс дуудахад Абрахам: «Би энд байна» гэжээ. 12 Тэнгэрийн элч: «Хүүг бүү ал. Хүүд бүү хүр. Бурхнаас эмээдгийг чинь одоо би мэдлээ. Чи хүүгээ, ганц хүүгээ надаас харамласангүй» гэж хэлэв. 13 Абрахам өөрийнх нь цаахан талд шигүү бутанд нэгэн эр хонь эврээрээ тээглэсэн байхыг харлаа. Тэгээд тэр хонийг авчраад хүүгийнхээ оронд шатаах тахил болгон өргөжээ. 14 Ингээд Абрахам тэр газрыг Ехова-Ире* гэж нэрлэв. Иймээс одоо ч хүмүүс «Еховагийн ууланд хангагдана» гэж ярьцгаадаг.

15 Еховагийн тэнгэрийн элч хоёр дахь удаагаа тэнгэрээс Абрахамтай ярьж 16 «Ехова ийн тунхаглаж байна. “Чи ийнхүү үйлдэж хүүгээ, ганц хүүгээ надаас харамлаагүй учир би өөрөөрөө тангараглаж байна. 17 Би чамайг ивээж үр хүүхдийг чинь тэнгэрийн од, далайн эргийн элс мэт олон болгоно. Чиний үр хүүхэд дайснуудынхаа дааман хаалгыг* эзлэн авна. 18 Чиний үр хүүхдийн ачаар ивээл хүртэх боломж дэлхийн бүх үндэстэнд олдоно. Яагаад гэвэл чи миний үгийг дагасан”» хэмээв.

19 Ингээд Абрахам зарц нар дээрээ ирлээ. Тэд хөдөлж Беершеба руу буцав. Абрахам Беершебад нутагласаар байлаа.

20 Энэ явдлын дараа нэг хүн Абрахамд «Милка таны ах Нахорт хөвгүүд төрүүлж өгчээ. 21 Ууган нь Уз, удаах нь Буз юм. Бас Кемуел (Арамын эцэг), 22 Хесед, Хазо, Пилдаш, Иедлаф, Бетуелийг төрүүлжээ» гэж дуулгав. 23 Бетуел нь Ребекагийн эцэг юм. Милка Абрахамын ах Нахорт эдгээр найман хүүг төрүүлж өгсөн билээ. 24 Нахорын татвар эм Реума ч хөвгүүд төрүүлжээ. Хөвгүүд нь Теба, Гахам, Тахаш, Маака нар юм.

23 Сара 127 насалжээ. 2 Сараг Канаан нутагт Хеброн буюу Кириат-Арбад нас барахад Абрахам Сарагийн араас гашуудан уйлав. 3 Абрахам эхнэрийнхээ дэргэдээс босож яван хитчүүд дээр очоод 4 «Би бол та нарын дунд нутаглаж байгаа харь хүн. Та нар эзэмшлээсээ надад газар өгнө үү. Би оршуулгын газар болгоод эхнэрээ оршуулъя» гэж хэлэв. 5 Хитчүүд Абрахамд 6 «Эзэнтэн минь, биднийг сонсоно уу. Та бол Бурхны сонгосон хүн билээ. Манай оршуулгын газруудаас хамгийн сайнд нь эхнэрээ оршуулаарай. Хэн маань ч танаас оршуулгын газраа харамлахгүй» гэцгээжээ.

7 Тэгэхэд Абрахам босож нутгийн хүмүүс буюу хитчүүдэд мэхийгээд 8 «Эхнэрээ оршуулахыг минь та нар зөвшөөрч байгаа бол хүсэлтийг минь хүлээн авч Зохарын хүү Ефроныг ятгаж 9 түүний эзэмшлийн, талбайнх нь захад байдаг Махпелагийн агуйг надад заруулна уу. Би та нарыг байлцуулж байгаад үнийг нь бүрэн гүйцэд төлөөд авъя. Тэгээд оршуулгын газар болгоё» гэж хэлэв.

10 Ефрон хитчүүдийн дунд сууж байлаа. Хит хүн Ефрон хитчүүд болон хотынх нь дааман хаалгаар орж ирсэн бүх хүний өмнө Абрахамд хандан 11 «Эзэнтэн минь ээ, миний хэлэхийг сонсоно уу. Би танд тэр талбайг ч, талбай дахь агуйг ч өгье. Ард түмнийхээ нүдэн дээр танд өгье. Та эхнэрээ оршуулаарай» гэж хэлэв. 12 Тэгэхэд Абрахам нутгийн хүмүүст мэхийгээд 13 хүмүүсийн өмнө Ефронд «Та намайг сонсож болгооно уу. Би талбайн үнийг бүрэн гүйцэд төлнө. Та авах ёстой. Тэгээд би эхнэрээ оршуулъя» гэж хэлжээ.

14 Тэгэхэд Ефрон Абрахамд 15 «Эзэнтэн минь, намайг сонсоно уу. Энэ газрын үнэ 400 мөнгөн шекел*. Гэхдээ би зүгээр өгье. Та эхнэрээ оршуулаарай» гэжээ. 16 Абрахам Ефроны хэлэхийг сонсоод, хитчүүдийн өмнө хэлсэн үнийг нь буюу 400 мөнгөн шекелийг* худалдаачдын хэмжүүрээр жинлэн түүнд өглөө. 17 Ийнхүү Ефрон Мамрегийн ойролцоо байдаг Махпелагийн талбайгаа худалдав. Тэр талбай, талбай дахь агуй, модод нь ч 18 хитчүүд болон хотын дааман хаалгаар орж ирсэн бүгдийн өмнө Абрахамын өмч болжээ. 19 Тэгээд Абрахам Канаан нутгийн Хеброн буюу Мамрегийн ойролцоох Махпелагийн талбай дахь агуйд эхнэр Сарагаа оршууллаа. 20 Хитчүүд тэр талбай болон талбай дахь агуйг оршуулгын газар болгохоор Абрахамд шилжүүлсэн юм.

24 Абрахам хөгширч, нас дээр гарчээ. Ехова Абрахамын бүх юмыг ивээсэн билээ. 2 Абрахам хамаг юмыг нь хариуцдаг, хамгийн ахмад зарцдаа «Чи миний гуян доор гараа тавьж, 3 амьдран суугаа нутгийн маань канаанчуудын охидоос хүүд минь эхнэр авч өгөхгүй гэдгээ тэнгэр, газрын Бурхан Еховагаар тангарагла. 4 Харин чи манай нутагт хамаатнууд дээр маань очоод хүү Исаакт минь эхнэр болох эмэгтэйг авчрах ёстой» гэж хэлэв.

5 Тэгтэл зарц нь Абрахамд «Хэрэв тэр эмэгтэй надтай хамт энэ нутагт ирэхгүй гэвэл яах вэ? Хүүг тань танай нутагт авч очих уу?» гэсэнд 6 Абрахам: «Хүүг минь тийшээ авч явж огт болохгүй. 7 Намайг эцгийн минь гэрээс, төрөл садангийн минь нутгаас явуулсан, тэнгэрийн Бурхан Ехова надад амлаж “Би чиний үр хүүхдэд энэ газрыг өгнө” гэсэн юм. Тэрбээр тэнгэрийн элчээ чиний өмнө явуулна. Чи тэндээс хүүд минь эхнэр авчирна. 8 Харин тэр эмэгтэй чамтай хамт явахгүй гэвэл чи энэ тангаргаас чөлөөлөгдөнө. Гэхдээ хүүг минь тийшээ авч явж болохгүй» гэж хэлжээ. 9 Ингээд зарц нь эзэн Абрахамынхаа гуян доор гараа тавьж, хэлснээр нь гүйцэтгэхээ тангараглав.

10 Тэгээд зарц төрөл бүрийн бэлэг сэлт эзнээсээ аваад 10 тэмээнд ачиж Месопотамид байдаг Нахорын хотыг зорин хөдөлжээ. 11 Тэрбээр хотын гадна ирээд худгийн хажууд тэмээнүүдээ хэвтүүлэв. Энэ нь оройн хэрд эмэгтэйчүүдийн ус авахаар гарч ирдэг цаг байлаа. 12 Зарц залбиран «Миний эзэн Абрахамын Бурхан Ехова, өнөөдрийн ажил үйлсийг минь бүтээж өгч, эзэн Абрахамыг минь үнэнчээр хайрладгаа батлаач. 13 Би худгийн дэргэд зогсож байна. Одоо энэ хотын охид ус татахаар ирнэ. 14 Би: “Устай ваараа буулгаж, надад ус уулгаач” гэж нэг бүсгүйд хэлье. Тэгэхэд тэр бүсгүй: “Та уу, уу. Би бас таны тэмээнүүдийг усалъя” гэж хэлбэл би тэр бүсгүйг таны үйлчлэгч Исаактаа сонгосон хүн мөн байна гэж ойлгоё. Би таныг эзнийг минь үнэнчээр хайрладгийг ингэж мэдье» гэлээ.

15 Зарцыг үгээ хэлж дуусаагүй байхад мөрөн дээрээ усны ваар тавьсан Ребека гарч ирэв. Тэр бол Абрахамын ах Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин юм. 16 Бүсгүй ихэд үзэсгэлэнтэй бөгөөд эр хүнтэй хавьтаагүй, онгон байлаа. Тэрбээр худаг руу уруудаж ваараа усаар дүүргээд дээш гарч ирлээ. 17 Тэр даруй зарц түүнтэй уулзахаар гүйн очоод «Надад ваартай уснаасаа жаахан уулгаач» гэжээ. 18 Бүсгүй: «Та уу, уу» гээд ваараа шалавхан буулгаж гартаа барьж байгаад ус уулгажээ. 19 Ууж дуусахаар нь бүсгүй: «Би бас таны тэмээнүүдийг ханатал нь усалъя» гээд 20 ваартай усаа онгоц руу яаран юүлэв. Тэгээд худаг руу дахин дахин гүйж, ус татсаар бүх тэмээг нь усалжээ. 21 Гайхсан зарц энэ хооронд Ребекаг чимээгүйхэн ширтэнгээ Еховаг аяныг нь ивээсэн болов уу гэж бодож байлаа.

22 Тэмээнүүдийг ус ууж дуусахад зарц хагас шекелийн жинтэй, хамрын алтан гархи, 10 шекелийн жинтэй хоёр алтан бугуйвч гаргаж Ребекад өгөөд 23 «Чи хэний охин гэдгээ надад хэлээч. Эцгийн чинь гэрт биднийг хонуулах газар байна уу?» гэж асуулаа. 24 Тэгэхэд бүсгүй: «Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин» гэж хариулав. 25 Бас «Манайд сүрэл, тэжээл их байгаа. Хонуулах газар ч байгаа» гэжээ. 26 Тэгэхэд зарц Еховад сөхөрч мөргөөд 27 «Эзэн Абрахамынхаа Бурхан Еховаг магтъя. Учир нь тэрбээр эзнийг минь үнэнчээр хайрлаж, түүнд амласнаа биелүүлдэг. Ехова намайг удирдаж, эзний минь ах дүүгийнд авчирчээ» гэж өгүүлэв.

28 Бүсгүй болсон явдлыг эхдээ болон бусад хүнд хэлэхээр гүйн одлоо. 29 Ребека Лабан гэдэг ахтай байв. Лабан хотын гадна, худгийн дэргэд байгаа өнөөх хүн рүү гүйжээ. 30 Лабан дүүгийнхээ хамрын гархи, гар дахь бугуйвчийг хараад, бас дүү Ребекагаа «Тэр хүн надад ийн хэллээ» гэснийг сонсоод тэр хүнтэй уулзахаар очсон юм. Өнөөх хүн худаг дээр тэмээнүүдийнхээ дэргэд зогсож байв. 31 Лабан түүнийг хармагцаа «Еховагийн ивээлийг хүртсэн хүн та манайд морилно уу. Би танд хонох байшин, бас тэмээнүүдэд тань байр бэлдсэн болохоор гадаа зогсоод яах вэ» гэж хэлэв. 32 Ингээд зарцыг гэрт нь очиход тэрбээр тэмээнүүдийнх нь тохшийг авч, ачааг нь буулгаад сүрэл, тэжээл тавьж өгөв. Бас зарц болон хамт яваа хүмүүсийнх нь хөлийг угаах ус өглөө. 33 Өмнө нь идээ будаа тавихад зарц: «Би ямар хэргээр яваагаа хэлэхээс нааш юм идэхгүй» гэжээ. Тэгэхэд Лабан: «Та хэл л дээ» гэв.

34 Зарц: «Би бол Абрахамын зарц. 35 Ехова эзнийг минь арвин их ивээж хонь, үхэр, алт, мөнгө, зарц, шивэгчин, тэмээ, илжиг өгөн асар их эд хөрөнгөтэй болгосон билээ. 36 Бас эзний минь эхнэр Сара хөгширсөн хойноо хүү төрүүлж өгсөн юм. Эзэн минь байгаа бүхнээ хүүдээ өгнө. 37 Эзэн минь надаар тангараг өргүүлэхдээ надад “Миний амьдран суугаа нутгийн канаанчуудын охидоос хүүд минь эхнэр авч өгч болохгүй. 38 Харин чи миний эцгийн гэр, миний хамаатнууд руу очиж хүүд минь эхнэр авах ёстой” гэж хэлсэн юм. 39 Гэхдээ би: “Хэрэв тэр эмэгтэй надтай хамт явахгүй гэвэл яах вэ?” гэхэд 40 эзэн: “Миний үйлчилдэг Ехова Бурхан тэнгэрийн элчээ чамтай хамт явуулж аяныг чинь ивээнэ. Чи миний хамаатнуудаас, эцгийн минь гэрээс хүүд минь эхнэр авч өгөх ёстой. 41 Гэвч чамайг миний хамаатнууд руу очиход тэд охиноо өгөхгүй гэвэл чи надад тангарагласнаасаа чөлөөлөгдөнө” гэсэн юм.

42 Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан Ехова, аяныг минь ивээснийг тань би ингэж мэдье. 43 Би одоо худгийн дэргэд зогсож байна. Нэг бүсгүйг ус авахаар ирэхэд би: «Надад ваартай уснаасаа жаахан уулгаач» гэж хэлье. 44 Тэгэхэд тэр: «Та уу, уу. Би бас таны тэмээнүүдийг усалъя» гэж хэлбэл тэр бүсгүй эзний минь хүүд Еховагийн сонгосон хүн мөн байх нь” гэж залбирсан юм.

45 Намайг хэлж дуусаагүй байтал мөрөн дээрээ ваар тавьсан Ребека ирээд худаг руу уруудаж ус татсан. Намайг “Надад уснаасаа уулгаач” гэхэд 46 ваараа мөрөн дээрээсээ яаран буулгаж “Та уу, уу. Би бас таны тэмээнүүдийг усалъя” гэсэн юм. Би ус ууж, Ребека тэмээнүүдийг усалсан. 47 Тэгэхээр нь би: “Чи хэний охин бэ?” гэхэд тэрбээр: “Би Милкагийн Нахорт төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин” гэж хариулсан. Тэгээд би хамарт нь гархи, хоёр гарт нь бугуйвч зүүж өгсөн билээ. 48 Эзний минь ахын охиныг эзний минь хүүд эхнэр болгон авхуулахаар намайг зөв замаар явуулсан Еховад би сөхрөн мөргөж, эзэн Абрахамынхаа Бурхан Еховаг магтсан юм. 49 Тэгэхээр одоо та бүхэн эзнийг минь үнэнчээр хайрлаж, түүнд үнэнчээ баталмаар байвал надад хэлэгтүн. Үгүй бол үгүй гэдгээ бас хэлэгтүн. Тэгвэл би цаашид яахаа бодъё» гэж ярьжээ.

50 Тэгэхэд Лабан Бетуел хоёр: «Энэ явдлыг Ехова удирдаж байгаа тул бид тийм, үгүй гэж хэлэх аргагүй байна. 51 Ребека энд та нарын өмнө байна. Авч яваад Еховагийн хэлснээр эзнийхээ хүүгийн эхнэр болгоорой» гэв. 52 Абрахамын зарц тэдний хэлэхийг сонсмогцоо Еховад сөхөрч мөргөлөө. 53 Тэгээд зарц алт мөнгөн эдлэл, хувцас гарган Ребекад өгөөд ах болон эхэд нь үнэтэй бэлэг сэлт барьжээ. 54 Дараа нь зарц болон хамт яваа эрчүүд нь идэж уугаад тэндээ хоножээ.

Зарц өглөө босоод «Намайг эзэн рүү минь явуулна уу» хэмээв. 55 Тэгэхэд Ребекагийн ах ээж хоёр: «Ребека гэртээ ядаж 10 хоноод яваг» гэжээ. 56 Тэгтэл зарц: «Ехова миний аяныг ивээсэн учир намайг бүү саатуул. Намайг явуулна уу. Би эзэндээ очъё» гэхэд 57 тэд: «Ребекаг дуудаж ирүүлээд өөрөөс нь асууя» гэлээ. 58 Тэд Ребекаг ирүүлээд «Чи энэ хүнтэй хамт явах уу?» гэж асуухад бүсгүй: «Явалгүй яах вэ» гэжээ.

59 Ингээд тэд Ребека, түүний асрагч эх*, Абрахамын зарц, дагалдан яваа эрчүүдийг нь үдэн 60 Ребекаг «Дүү минь, түм буман хүний эх болоорой. Үр хүүхэд чинь дайснуудынхаа дааман хаалгыг* эзлэн авах болтугай» гэж ерөөв. 61 Ребека шивэгчидтэйгээ босож, тэмээ унаад өнөөх хүнийг даган явав. Ийнхүү зарц Ребекаг авч замд гарлаа.

62 Исаак Негевт сууж байсан бөгөөд Беер-лахаи-роин зүгээс ирсэн байжээ. 63 Тэгээд юм бодохоор үдшийн бүрийгээр хээр явж байв. Нэг хартал тэмээн цуваа ирж байлаа! 64 Ребека Исаакийн барааг хараад тэмээнээсээ яаран бууж 65 «Биднийг угтахаар хээр яваа энэ хүн хэн бэ?» гэж зарцаас асуухад «Манай эзэн» гэж зарц хариулав. Тэгэхэд Ребека гивлүүрээ зүүлээ. 66 Зарц хийсэн бүхнээ Исаакт ярьж өгчээ. 67 Үүний дараа Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулж ороод эхнэрээ болгожээ. Исаак Ребекад хайртай болов. Эхээ алдаад гашуудаж явсан Исаак ийнхүү тайтгарчээ.

25 Абрахам дахин эхнэр авчээ. Эхнэрийг нь Кетура гэдэг. 2 Кетура нь Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлэв.

3 Иокшан нь Шеба, Деданы эцэг болж,

Дедан нь Ашурим, Летушим, Леумимийн* эцэг болжээ.

4 Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар юм.

Эд бүгд Кетурагийн үр удам юм.

5 Хожим нь Абрахам байгаа бүхнээ Исаакт өгч, 6 харин татвар эмсийнхээ хөвгүүдэд бэлэг өгчээ. Абрахам амьд байхдаа тэднийг хүү Исаакаасаа холдуулж, зүүн зүгийн нутаг руу явуулжээ. 7 Абрахам 175 насалж 8 амьсгал хураав. Тэрбээр сайхан урт насалж, сэтгэл хангалуун амьдарсан бөгөөд эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсжээ*. 9 Түүнийг хөвгүүд нь болох Исаак Ишмаел хоёр Мамрегийн ойролцоо байдаг, хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпелагийн агуйд оршуулав. 10 Энэ талбайг Абрахам хитчүүдээс худалдан авч байсан юм. Абрахамыг эхнэр Сараг нь оршуулсан газар оршуулжээ. 11 Абрахамыг нас барснаас хойш ч Бурхан хүү Исаакийг нь ивээж байлаа. Исаак Беер-лахаи-роин орчим амьдарч байв.

12 Энэ бол Ишмаелын түүх юм. Ишмаел бол Сарагийн шивэгчин египет хүн Хагарын Абрахамд төрүүлж өгсөн хүү билээ.

13 Ишмаелын хөвгүүд нь дараах бөгөөд тэднээс бий болсон овгууд нэрсээр нь нэрлэгджээ. Ишмаелын ууган хүү нь Небаиот, удаах нь Кедар. Бас Адбеел, Мибсам, 14 Мишма, Дума, Масса, 15 Хадад, Тема, Иетур, Нафиш, Кедема нар юм. 16 Эд бол Ишмаелын хөвгүүд бөгөөд арван хоёулаа тус тусынхаа овгийн удирдагч ажээ. Тэдний тосгон, суурингуудыг нэрээр нь нэрлэсэн юм. 17 Ишмаел 137 насалж, амьсгал хураан эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсжээ*. 18 Үр удам нь Египетээс холгүй байдаг Шурын ойролцоох Хавилагаас Ассири хүртэл нутагладаг байв. Тэд бүх ах дүүтэйгээ ойр амьдардаг байжээ*.

19 Энэ бол Абрахамын хүү Исаакийн түүх юм.

Абрахам Исаакийн эцэг болсон билээ. 20 Исаак 40 настайдаа Паддан-Арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны дүү Ребекатай гэрлэжээ. 21 Ребека хүүсэр учир Исаак эхнэрийнхээ төлөө Еховад залбирсаар байлаа. Иймд Ехова залбиралд нь хариулж, эхнэр Ребека нь жирэмслэв. 22 Хэвлий дэх хөвгүүд нь бие биетэйгээ тэмцэлдэх болжээ. Иймээс Ребека: «Би ингэж зовох ёстой юм бол амьд явахын хэрэг байна уу?» гэжээ. Тэрбээр Еховагаас асуухад 23 Ехова: «Хэвлийд чинь хоёр үндэстэн байна. Хоёр тусгаар ард түмэн чамаас гарна. Нэг үндэстэн нь нөгөөгөөсөө хүчирхэг болно. Том нь багадаа үйлчилнэ» гэж айлдав.

24 Ребекагийн амаржих цаг болж, ихэр хүүхэд төрүүлжээ. 25 Түрүүлж гарсан хүү нь нэлэнхүйдээ улаан, үстэй хувцас өмссөн мэт үсэрхэг байсан учир тэд түүнд Есав* гэдэг нэр өгөв. 26 Дүү нь Есавын өсгийнөөс зуурсаар гарч ирсэнд түүнд Иаков* гэдэг нэр өгөв. Ребекаг ихрүүдээ төрүүлэхэд Исаак 60 настай байжээ.

27 Хөвгүүд өсөж том болов. Есав гарамгай анчин, хээр талын хүн болжээ. Иаков майханд суудаг, гэм зэмгүй хүн байв. 28 Исаак Есавт хайртай байжээ. Яагаад гэвэл Есавын агнадаг ангийн маханд дуртай байв. Харин Ребека Иаковт хайртай байлаа. 29 Нэг удаа Есавыг хээрээс ядраад ирэхэд Иаков зутан шөл буцалгаж байв. 30 Есав Иаковт «Наад улаан зутан шөлнөөсөө надад хурдхан өгөөдхөөч*. Би ядарч* үхлээ!» гэж хэлэв. Түүнийг Едом* гэдэг болсон нь ийм учиртай. 31 Тэгэхэд Иаков: «Эхлээд ууган хүүгийн эрхээ надад худалд» гэхэд 32 Есав: «Би үхэх гэж байна. Ууган хүүгийн эрх ямар хэрэгтэй юм бэ!» гэж хэлжээ. 33 Тэгэхэд Иаков: «Тэгвэл эхлээд тангарагла» гэсэнд Есав Иаковт тангараглаж ууган хүүгийн эрхээ худалдав. 34 Тэгэхээр нь Иаков талх, сэвэг зарамтай зутан шөл өгсөнд Есав идэж уугаад босож явлаа. Есав ууган хүүгийн эрхээ ингэж үл тоомсорлосон юм.

26 Тэр нутагт Абрахамын үед анх өлсгөлөн болсноос хойш дахин өлсгөлөн болов. Иймээс Исаак Герарт байдаг филистчүүдийн хаан Абимелехтэй уулзахаар явлаа. 2 Тэгэхэд Ехова түүнд үзэгдэж «Египет рүү бүү яв. Миний чамд зааж өгөх нутагт суурьш. 3 Энэ нутагт харь хүн болж амьдар. Би цаашдаа ч чамтай хамт байж, ивээнэ. Яагаад гэвэл чамд болон чиний үр удамд энэ бүх нутгийг өгнө. Би чиний эцэг Абрахамд тангараглан 4 “Би чиний үр удмыг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх нутгийг өгнө. Чиний үр удмын ачаар ивээл хүртэх боломж дэлхийн бүх үндэстэнд олдоно” гэж айлдсанаа биелүүлнэ. 5 Абрахам миний үгийг дагаж, миний хууль, зарлиг, тушаал, шаардлагыг биелүүлсэн учраас тэр юм» гэж айлдав. 6 Иймд Исаак Герарт нутагласаар байлаа.

7 Тэр нутгийн хүмүүс Ребекагийн талаар асуухад Исаак эхнэрээ гэлгүй, дүүгээ гэдэг байлаа. Тэднийг Ребекаг авах гээд өөрийг нь алах байх гэж айсандаа тэгж хэлдэг байв. Яагаад гэвэл Ребека үзэсгэлэнтэй бүсгүй ажээ. 8 Хэсэг хугацааны дараа филистчүүдийн хаан Абимелех цонхоороо харж байтал Исаак эхнэр Ребекагаа энхрийлж* байв. 9 Тэр даруй Абимелех Исаакийг дуудаж ирүүлээд «Ребека эхнэр тань юм байна шүү дээ! Яагаад дүүгээ гэсэн юм бэ?» гэхэд Исаак: «Ребекагаас болоод намайг алах вий гэж айгаад тэгж хэлсэн юм» гэж өчжээ. 10 Тэгэхэд нь Абимелех: «Та яах нь энэ вэ? Манай хүмүүсийн хэн нь ч таны эхнэртэй ядах юмгүй унтаж болох байлаа. Та биднээр нүгэл үйлдүүлэх шахлаа шүү дээ!» гээд 11 «Энэ хүн болон эхнэрт нь хүрсэн хэнийг ч болов хөнөөнө» хэмээн бүх хүндээ тушаажээ.

12 Исаак тэр нутагт үр суулгаж, тэр жилдээ 100 дахин их ургац хураав. Учир нь Ехова ивээж байлаа. 13 Исаак баяжиж, эд хөрөнгө нь арвижсаар маш их баян болов. 14 Үхэр, хонин сүргүүдтэй, олон тооны зарцтай болсонд нь филистчүүд атаархах болжээ.

15 Тэгээд филистчүүд эцэг Абрахамынх нь үед зарц нарынх нь ухсан бүх худгийг шороогоор дүүргэв. 16 Абимелех Исаакт «Манай эндээс яв. Та биднээс илүү хүчирхэг болжээ» гэсэнд 17 Исаак тэндээс нүүж Герарын хөндийд* буун, тэнд суух болов. 18 Эцэг Абрахамынх нь үед ухсан боловч нас барсных нь дараа филистчүүдийн битүүлсэн худгуудыг Исаак дахин ухаж, эцгийнхээ нэрлэснээр нэрлэв.

19 Исаакийн зарц нар хөндийд* худаг ухаж байлаа. Тэгээд цэнгэг устай нэг худаг олжээ. 20 Тэгтэл Герарын хоньчид Исаакийн хоньчидтой маргалдаж «Наад худаг чинь манайх!» гэцгээв. Исаак тэр худгийг Есек* гэж нэрлэсэн нь тэд түүнтэй маргасных юм. 21 Исаакийн хоньчид өөр нэг худаг ухаж эхлэхэд Герарын хоньчид дахиад л маргав. Иймээс Исаак энэ худгийг Ситна* гэж нэрлэсэн юм. 22 Хожим нь тэрбээр тэндээс нүүж дахин нэг худаг ухахад маргаан гарсангүй. Иймд Исаак тэр худгийг Рехобот* гэж нэрлээд «Ехова бидэнд өргөн уудам нутаг өгч, биднийг энэ нутагт өнөр өтгөн болголоо» гэжээ.

23 Тэгээд тэрбээр тэндээс Беершеба руу явав. 24 Тэр шөнө Ехова түүнд үзэгдэж «Би чиний эцэг Абрахамын Бурхан билээ. Би чамтай хамт байгаа тул бүү ай. Би зарц Абрахамынхаа төлөө чамайг ивээж, үр хүүхдүүдийг чинь өнөр өтгөн болгоно» гэж айлджээ. 25 Иймээс тэрбээр тэнд тахилын ширээ босгож Еховагийн нэрийг дуудав. Исаак тэнд майхнаа босгож, зарц нар нь худаг ухжээ.

26 Дараа нь Абимелех зөвлөх Ахуззат, цэргийн жанжин Фиколтойгоо Герараас Исаак дээр ирэв. 27 Тэгэхэд нь Исаак тэдэнд «Та нар намайг үзэн ядаж, нутгаасаа явуулсан атлаа яагаад над дээр ирэв?» гэжээ. 28 Тэд: «Ехова таныг ивээдэг нь илэрхий байна. Иймээс бид тантай гэрээ байгуулж, тангараг өргөе гэсэн юм. 29 Та бидэнд муу юм хийхгүй гэдгээ тангараглаач. Учир нь бид танд муу юм хийлгүй, таныг амар тайван явуулж сайныг л үйлдсэн билээ. Та бол Еховагийн ивээлийг хүртдэг хүн» гэж хэлжээ. 30 Исаак тэдэнд зориулж зоог барьсанд тэд идэж ууцгаалаа. 31 Өглөө нь тэд эрт босоод бие биедээ тангараг өргөв. Дараа нь Исаак тэднийг явуулсанд тэд амар тайван буцжээ.

32 Тэр өдөр зарц нар нь Исаак дээр ирээд, худаг ухсанаа дуулгаж «Ус оллоо!» гэжээ. 33 Иймд Исаак тэр худгийг Шиба гэж нэрлэв. Одоог хүртэл тэр хотыг Беершеба гэдэг нь ийм учиртай.

34 Есав 40 настайдаа хит хүн Бееригийн охин Иудит, хит хүн Елоны охин Басематыг эхнэрээ болгожээ. 35 Тэд Исаак Ребека хоёрын сэтгэлийг тун их зовоох болов.

27 Исаак хөгширч хараа нь ихэд мууджээ. Тэрбээр том хүү Есаваа дуудаж ирүүлээд «Миний хүү!» гэхэд хүү нь: «За, аав аа» гэжээ. 2 Исаак: «Би хөгширчээ. Хэзээ үхэхээ мэдэхгүй байна. 3 Иймээс чи одоо ангийн хэрэгсэл, нум саадгаа авч хээр очоод надад зориулж ан хий. 4 Тэгээд миний дуртай, амттай хоолыг хийгээд надад авчир. Би тэр хоолыг идээд, үхэхээсээ өмнө чамайг ерөөе» гэжээ.

5 Исаакийг хүү Есавтайгаа ярьж байхыг Ребека сонсжээ. Есав ан хийж авчрахаар хээр тал руу явлаа. 6 Ребека хүү Иаковтаа «Аав чинь чиний ах Есавт ингэж хэлэхийг би сая сонслоо. 7 “Надад ангийн мах авчраад амттай хоол хийж өг. Би идээд, үхэхээсээ өмнө Еховагийн өмнө чамайг ерөөе” гэж байна. 8 Тэгэхээр одоо миний хүү, хэлэхийг минь сайн сонсоод хийгээрэй. 9 Яваад сүргээсээ хоёр сайн ишиг аваад ир. Ээж нь аавынх нь дуртай, амттай хоолыг хийж өгье. 10 Чи тэр хоолыг авч очоод аавдаа өгөөрэй. Тэгвэл аав чинь үхэхээсээ өмнө чамайг ерөөнө» гэж хэлжээ.

11 Иаков эх Ребекадаа «Есав ах үсэрхэг хүн шүү дээ. Харин би тийм биш. 12 Аав надад хүрч үзвэл яана? Би ааваар доог тохуу хийсэн болж ерөөлгөх биш, хараалгана шүү дээ» гэжээ. 13 Тэгэхэд эх нь: «Хүү минь, тэр хараал надад хүрэг. Ээжийнхээ хэлснээр хий. Яваад ишигнүүд аваад ир» гэв. 14 Ингээд Иаков явж эхдээ ишигнүүд авчирч өгөхөд эх нь эцгийнх нь дуртай, амттай хоолыг хийлээ. 15 Тэгээд Ребека том хүү Есавынхаа хамгийн сайн хувцсыг гэрээсээ авч бага хүү Иаковтаа өмсгөв. 16 Бас нөгөө ишигнүүдийн арьсаар хүүгийнхээ гарыг, хүзүүнийх нь үсгүй хэсгийг ороожээ. 17 Тэгээд хийсэн амттай хоол, барьсан талхаа хүү Иаковтаа өглөө.

18 Иаков эцэг дээрээ очиж «Аав аа!» гэхэд эцэг нь: «Миний хүү, чи хэн бэ?» гэж асуув. 19 Иаков: «Би таны ууган хүү Есав байна. Таны хэлсэн бүхнийг хийчихлээ. Та өндийж суугаад миний ангийн махнаас иднэ үү. Тэгээд намайг ерөөгөөч» гэжээ. 20 Тэгэхэд нь Исаак: «Хүү минь, ийм хурдан ан хийгээ юү?» гэхэд хүү нь: «Таны Бурхан Ехова өглөө» гэж хариулав. 21 Тэгэхэд Исаак Иаковт «Хүү минь, надад ойртооч. Аав нь хүүдээ хүрч Есав яг мөн үү биш үү гэдгийг мэдье» гэлээ. 22 Иймд Иаков эцэг Исаактаа ойртож очиход эцэг нь түүнд хүрээд «Дуу нь Иаковынх байдаг, тэгсэн гар нь Есавынх юм» гэжээ. 23 Иаковын гар ах Есавынх шиг нь үсэрхэг байсан тул эцэг нь түүнийг танилгүй ерөөжээ.

24 Тэгээд эцэг нь: «Чи миний хүү Есав яг мөн үү?» гэхэд Иаков: «Мөн байна» гэлээ. 25 Тэгэхэд нь «Миний хүү ангийн махнаасаа аваад ир. Тэгээд би чамайг ерөөе» гэжээ. Иаков эцэгтээ мах өгсөнд идэж, дарс авчирсанд уув. 26 Исаак хүүдээ «Миний хүү, наашаа ирээд намайг үнс» гэлээ. 27 Иаков очиж үнссэнд хувцасных нь үнэр Исаакт үнэртжээ. Тэгээд хүүгээ ерөөн

«Миний хүүгийн үнэр бол Еховагийн ивээсэн хээрийн үнэр мөн. 28 Жинхэнэ Бурхан чамд тэнгэрийн шүүдэр, үржил шимтэй газар, элбэг дэлбэг үр тариа, шинэ дарсыг хайрлах болтугай. 29 Ард түмнүүд чамд үйлчилж, үндэстнүүд чамд бөхийнө. Чи ах дүүгээ захирна, эхийн чинь хөвгүүд чамд бөхийнө. Чамайг хараасан хүн бүр хараагдана, ерөөсөн хүн бүр ерөөгдөнө» хэмээжээ.

30 Исаак Иаковыг ерөөж, Иаков эцэг Исаакаа дөнгөж орхин гармагц ах Есав нь ангаас буцаж ирэв. 31 Есав ч бас амттай хоол хийж эцэгтээ авчраад «Аав минь, босож хүүгийнхээ ангийн махнаас иднэ үү. Тэгээд намайг ерөөгөөч» гэжээ. 32 Тэгэхэд эцэг нь: «Чи хэн бэ?» гэж асуухад хүү нь: «Би таны хүү, таны ууган хүү Есав байна» гэлээ. 33 Исаак ихэд цочирдон салганаж «Тэгвэл ан хийж надад мах авчирсан хүн хэн байсан юм бэ? Би чамайг ирэхээс өмнө хоолыг нь идчихээд тэр хүнийг ерөөсөн. Тэр хүн л ерөөгдөнө» гэж хэлжээ.

34 Есав эцгийнхээ үгийг сонсоод халаглан харуусаж, чанга гэгч нь хашхиран эцэгтээ «Намайг ерөөгөөч. Намайг бас ерөө л дөө, аав аа!» гэжээ. 35 Тэгтэл Исаак: «Дүү чинь ирж намайг мэхлээд чиний оронд ерөөлгөжээ» гэв. 36 Есав: «Түүнийг Иаков* гэсэн нь яг оножээ! Миний байрыг хоёр ч удаа эзэллээ. Ууган хүүгийн эрхийг минь авчихаад одоо миний оронд ерөөлгөлөө!» гэснээ «Та намайг ч бас ерөөж болохгүй юм уу?» гэж асуулаа. 37 Исаак: «Би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүүг нь түүний зарц болгосон. Үр тариа, шинэ дарсаар хангасан. Тэгэхээр одоо, хүү минь, би чамд юу өгөх билээ?» гэж хэлжээ.

38 Есав эцэгтээ «Аав аа, та ганц л удаа ерөөдөг юм уу? Намайг ерөөгөөч. Намайг бас ерөө л дөө, аав аа!» гээд чанга гэгч нь асгартал уйлав. 39 Исаак хүүдээ

«Чи үржил шимтэй газраас алсад, дээд тэнгэрийн шүүдрээс хол суух болно. 40 Чи сэлмээрээ амьдарч, дүүдээ үйлчилнэ. Тэвчээр чинь барагдахаар хүзүүнээсээ түүний буулгыг авч хаяна» гэжээ.

41 Есав Иаковт өш санажээ. Учир нь Иаков эцгээрээ ерөөлгөсөн юм. Есав: «Аавын араас гашуудах цаг ойртож байна. Аавыг өнгөрөхөөр дүү Иаковаа алъя» гэж боддог болжээ. 42 Том хүү Есавынхаа юу төлөвлөж байгааг Ребека дуулсан даруйдаа бага хүү Иаковаа дуудуулаад «Есав ах чинь чамайг алж өшөө авах гэж байна*. 43 Тэгэхээр миний хүү, хэлснээр минь хий. Эндээс зугтаж, Харанд байдаг миний ах Лабан дээр оч. 44 Ахын чинь уур гарч, 45 хилэн нь дарагдаж чиний яасныг марттал тэндээ бай. Би чамайг буцааж авчруулна. Та хоёрыг нэг өдөр алдмааргүй байна» гэж хэлэв.

46 Үүнээс хойш Ребека Исаакт «Хит охидоос болж амьд явах хүсэлгүй боллоо. Иаков бас энэ нутгийн хит охидоос эхнэр авбал надад амьд явахын хэрэг юу байна вэ?» гэх болжээ.

28 Иймд Исаак Иаковыг дуудаж ирүүлээд ерөөж, ийн тушаав. «Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав. 2 Паддан-Арам руу явж ээжийнхээ эцэг Бетуелийн гэрт оч. Тэнд очоод ээжийнхээ ах Лабаны охидоос эхнэр ав. 3 Төгс хүчит Бурхан чамайг ивээж, олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болгоно. Чамаас нэгэн агуу үндэстэн гарна. 4 Бурхан Абрахамыг ерөөсөн шигээ чамайг болон чиний үр удмыг ерөөнө. Чи харь хүн болж суугаа газраа буюу Бурхны Абрахамд өгсөн газрыг эзэмшил болгон авна» хэмээжээ.

5 Ингээд Исаак Иаковыг явуулсанд Иаков Паддан-Арам руу Лабаныг зорин гарав. Лабан бол арам хүн Бетуелийн хүү, Иаков Есав хоёрын эх Ребекагийн ах билээ.

6 Исаак Иаковыг ерөөн, Паддан-Арамаас эхнэр авхуулахаар явуулж, түүнийг ерөөхдөө «Канаанчуудын охидоос эхнэр бүү ав» гэж тушаахыг, 7 Иаков ч эцэг эхийнхээ үгэнд орж Паддан-Арам руу явахыг Есав харжээ. 8 Тэгээд канаанчуудын охид эцэг Исаакийнх нь сэтгэлд нийцдэггүйг ойлгоод 9 Ишмаел дээр очиж эхнэрүүд дээрээ нэмээд Махалатыг эхнэр болгон авчээ. Махалат бол Абрахамын хүү Ишмаелын охин, Небаиотын дүү билээ.

10 Иаков Беершебагаас гарч Хараны зүг явсаар 11 нэгэн газар хүрч тэндээ хонохоор болжээ. Учир нь нар жаргасан байлаа. Тэгээд тэр газрын нэг чулууг авч дэрлэж хэвтэв. 12 Иаков зүүд зүүдэлжээ. Газраас тэнгэрт хүрсэн нэг шат байх бөгөөд Бурхны тэнгэрийн элчүүд тэр шатаар өгсөж, уруудах ажээ. 13 Дээр нь Ехова заларч байлаа! Тэрбээр:

«Би бол Ехова. Чиний өвөг эцэг Абрахам, Исаакийн Бурхан. Би чиний хэвтэж байгаа энэ газрыг чамд болон үр удамд чинь өгнө. 14 Чиний үр удмыг шорооны ширхэг мэт тоолшгүй олон болгоно. Үр удам чинь баруун, зүүн, хойд, өмнө зүгт тархана. Чиний ачаар, үр удмын чинь ачаар газар дэлхий дээрх бүх гэр бүл ивээл хүртэх юм*. 15 Би чамтай хамт байгаа бөгөөд чамайг хаана ч явсан хамгаалж, энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлтлээ чамайг орхихгүй» гэж айлдлаа.

16 Иаков сэрээд «Ехова энэ газар байдаг юм байна. Гэтэл би мэдсэнгүй» гэж хэлэв. 17 Тэрбээр айн сүрдэж «Ямар сүрдмээр газар вэ! Бурхны өргөө байх нь гарцаагүй. Тэнгэрийн хаалга байх нь» гэв. 18 Иаков өглөө эрт босоод дэрлэсэн чулуугаа багана мэт босгож тавиад дээр нь тос асгав. 19 Ингээд тэр газрыг Бетел* гэж нэрлэжээ. Өмнө нь тэр хотыг Луз гэдэг байсан юм.

20 Иаков: «Бурхан надтай хамт байж, аян замд намайг хамгаалж, идэх талх, өмсөх хувцас өгч, 21 эцгийн минь гэрт эсэн мэнд буцааж авчирвал Ехова миний Бурхан гэдгээ баталсан хэрэг болно. 22 Миний багана мэт босгож тавьсан энэ чулуу Бурхны өргөө болно. Таны надад өгсөн бүхний аравны нэгийг би танд заавал өгнө» гэж тангараглажээ.

29 Үүний дараа Иаков цааш хөдлөн дорнын хүмүүсийн нутаг* руу явав. 2 Иаков талд нэгэн худаг харжээ. Худгийн хажууд гурван сүрэг хонь хэвтэж байлаа. Хоньчид ихэвчлэн тэр худгаас сүргээ усалдаг ажээ. Худгийн амыг том чулуугаар тагласан байлаа. 3 Бүх хоньчин сүргээ авчраад худгийн амыг тагласан чулууг холдуулж, хонио усалдаг байв. Дараа нь нөгөө чулуугаараа худгийн амыг буцаагаад тагладаг байжээ.

4 Иаков тэднээс «Ах дүү нар минь, та нар аль нутгийн хүмүүс вэ?» гэж асуухад тэд: «Хараных» гэж хариулав. 5 Иаков: «Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу?» гэхэд нь «Танина, танина» гэжээ. 6 «Тэр сайн байгаа юу?» гэж асуухад тэд: «Сайн сууж байгаа. Одоо охин Рахел нь хонио хариулаад ирж яваа» гэж хэлэв. 7 Тэгэхэд нь Иаков: «Одоо үд дунд л болж байна. Хонь хураах цаг биш шүү дээ. Хонио услаад бэлчээхгүй юү» гэхэд 8 хоньчид: «Тэгж болохгүй. Бүх хоньчин сүргээ авчрахаар худгийн амнаас чулууг холдуулаад хонио усалдаг юм» гэцгээжээ.

9 Иаковыг тэдэнтэй ярьж байхад Рахел эцгийнхээ хонийг хариулсаар ирэв. Тэрбээр хоньчин билээ. 10 Иаков эхийнхээ ах Лабаны охин Рахел болон хонийг нь хармагцаа дөхөж очоод худгийн амнаас чулууг холдуулж эхийнхээ ах Лабаны хонийг услав. 11 Тэгээд Рахелийг үнсэж чанга гэгч нь асгартал уйллаа. 12 Иаков өөрийгөө эцгийнх нь хамаатан буюу Ребекагийн хүү гэдгээ Рахелд хэлэв. Рахел гүйн очиж эцэгтээ хэлжээ.

13 Лабан дүүгийнхээ хүү Иаковын тухай сонсмогцоо уулзахаар гүйлээ. Түүнийг тэвэрч үнсээд гэртээ авчрав. Иаков явдал учраа бүгдийг нь Лабанд ярьжээ. 14 Лабан: «Чи бол гарцаагүй миний мах цусны тасархай» гэж хэлэв. Ингээд Иаков тэднийд бүтэн сар байлаа.

15 Лабан Иаковт «Чамайг хамаатнаа гээд хөлсгүй ажиллуулахгүй. Ямар хөлс авахаа хэлээч» гэжээ. 16 Лабан хоёр охинтой байв. Томыг нь Леа, багыг нь Рахел гэдэг. 17 Леагийн нүд цог золбоогүй, харин Рахел ихэд үзэсгэлэнтэй, сэтгэл татам бүсгүй ажээ. 18 Иаков Рахелд сэтгэлтэй болсон тул «Би таны бага охин Рахелийн төлөө долоон жил танд зүтгэе» гэхэд 19 Лабан: «Охиноо өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай» гэж хэллээ. 20 Иймд Иаков Рахелийн төлөө долоон жил Лабанд зүтгэв. Иаков Рахелд хайртай байсан тул тэр долоон жил хэдхэн өдөр мэт санагджээ.

21 Иаков Лабанд «Миний танд зүтгэх хугацаа дууссан тул эхнэрийг минь надад өгөөч. Би түүнтэй гэрлэе*» гэж хэлжээ. 22 Тэгэхэд нь Лабан айл саахалтынхаа бүх хүнийг цуглуулаад найр хийв. 23 Орой нь Лабан охин Леагаа Иаковтай унтуулахаар авчирлаа. 24 Лабан шивэгчин Зилпагаа охин Леадаа өгчээ. 25 Иаков өглөө нь хартал Леа байв! Иймээс Иаков Лабанд «Та яах нь энэ вэ? Би Рахелийн төлөө танд зүтгэсэн шүү дээ! Намайг яагаад мэхлэв?» гэлээ. 26 Тэгэхэд Лабан: «Манай ёсонд ууган охиноосоо түрүүлээд багыгаа өгдөггүй юм. 27 Хурим найрын долоо хоногийг өнгөрөө. Тэгээд дүүг нь бас өгье. Гэхдээ чи надад дахин долоон жил зүтгэ» гэв. 28 Иаков хэлснээр нь хийж, мөн хурим найрын долоо хоногийг өнгөрөөжээ. Тэгээд Лабан охин Рахелээ түүнд эхнэр болгон өгөв. 29 Мөн шивэгчин Билхагаа охин Рахелдээ өгчээ.

30 Иаков бас Рахелтэй унтсан бөгөөд Рахелийг Леагаас илүү хайрлан эцэгт нь дахин долоон жил зүтгэжээ. 31 Ехова Леагийн хайр үзээгүйг* хараад жирэмслэх чадвартай болгов. Харин Рахел хүүсэр байлаа. 32 Леа жирэмсэлж хүү төрүүлээд «Ехова миний зовлонг харжээ. Нөхөр минь одоо надад хайртай болно» гэж хэлэн хүүдээ Реубен* гэдэг нэр өгөв. 33 Леа дахин жирэмсэлж хүү төрүүлээд «Ехова хайр үзээгүй намайг сонсоод энэ хүүг бас өглөө» гэлээ. Тэгээд хүүдээ Симеон* гэдэг нэр өгөв. 34 Леа дахиад жирэмслэв. Хүү төрүүлээд «Одоо нөхөр минь надад татагдана. Яагаад гэвэл би түүнд гурван хүү төрүүлж өглөө» гэж хэлжээ. Иймээс хүүдээ Леви* гэдэг нэр өгсөн юм. 35 Леа дахин жирэмсэлж хүү төрүүлээд «Одоо би Еховаг магтана» гээд хүүдээ Иуда* гэдэг нэр өгчээ. Тэгээд хүүхэд төрүүлэх нь зогсов.

30 Рахел Иаковт хүүхэд төрүүлж өгч чадаагүй учраас эгчдээ атаархах болов. Тэгээд Иаковт «Намайг хүүхэдтэй болго. Үгүй бол би үхнэ» гэдэг байжээ. 2 Тэгэхэд нь Иаков Рахелд ихэд уурлан «Би Бурхан юм уу? Би чамайг хүүхэд төрүүлэхгүй болгоо юу?» гэж хэлэв. 3 Рахел: «Миний шивэгчин Билха энд байна. Түүнтэй унт. Билха надад хүүхэд төрүүлж өгөх байх. Шивэгчнийхээ ачаар би бас хүүхэдтэй болъё» гэжээ. 4 Ингээд Рахел шивэгчин Билхагаа Иаковт эхнэр болгон өгсөнд Иаков Билхатай унтав. 5 Билха жирэмсэлж Иаковт хүү төрүүлж өгчээ. 6 Рахел: «Бурхан миний шүүгч болж, намайг сонсжээ. Тэгээд хүү өглөө» гэж хэлэв. Ийм учраас хүүдээ Дан* гэдэг нэр өгсөн юм. 7 Рахелийн шивэгчин Билха дахин жирэмсэлж Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгөв. 8 Тэгэхэд Рахел: «Би эгчтэйгээ олон удаа барилдаад давлаа» гээд хүүдээ Нафтали* гэдэг нэр өгчээ.

9 Леа хүүхэд төрүүлэхээ больсноо ойлгоод шивэгчин Зилпагаа Иаковт эхнэр болгон өгөв. 10 Леагийн шивэгчин Зилпа Иаковт хүү төрүүлж өгчээ. 11 Тэгэхэд Леа: «Ямар азтай вэ!» гээд хүүд Гад* гэдэг нэр өгөв. 12 Дараа нь Леагийн шивэгчин Зилпа Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгөхөд 13 Леа: «Би жаргалтай байна! Эмэгтэйчүүд намайг жаргалтай хүн гэнэ» гээд хүүд Ашер* гэдэг нэр өгчээ.

14 Реубен буудай хураах үеэр хээр явж байгаад жимс* олоод эх Леадаа авчирч өгөв. Рахел Леад «Хүүгийнхээ авчирсан жимснээс надад өгөөч» гэлээ. 15 Тэгэхэд Леа: «Нөхрийг минь авсан чинь багадаад одоо хүүгийн минь авчирсан жимсийг авах нь уу?» гэхэд Рахел: «Тэгвэл нөхөр минь өнөө шөнө тантай унтаг. Хариуд нь хүүгийн чинь авчирсан жимснээс авъя» гэж хэлжээ.

16 Орой Иаковыг хээрээс ирэхэд Леа түүнийг тосохоор гарч очоод «Би хүүгийнхээ авчирсан жимсээр таныг хөлсөлж авсан болохоор та надтай унтана» гэж хэлэв. Иаков тэр шөнө Леатай унтжээ. 17 Бурхан Леаг сонсоод хариулахад Леа жирэмсэлж Иаковт тав дахь хүүгээ төрүүлж өгөв. 18 Леа: «Би нөхөртөө шивэгчнээ өгсөн учир Бурхан надад хөлсийг минь өглөө» гээд хүүдээ Иссахар* гэдэг нэр өгчээ. 19 Леа дахиж жирэмслээд Иаковт зургаа дахь хүүгээ төрүүлж өгөв. 20 Тэгээд Леа: «Бурхан надад сайхан бэлэг өглөө. Одоо эр нөхөр минь намайг хүлээн зөвшөөрнө. Би түүнд зургаан хүү төрүүлж өгсөн» гээд хүүдээ Зебулун* гэдэг нэр өгчээ. 21 Дараа нь нэг охин төрүүлж Дина гэдэг нэр өгсөн билээ.

22 Эцэст нь Бурхан Рахелийг санаж түүнийг сонсоод хариулж, жирэмслэх чадвартай болгожээ. 23 Рахел жирэмсэлж хүү төрүүлэв. Тэгээд «Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө!» гэв. 24 Рахел: «Ехова надад дахин нэг хүү өглөө» гээд хүүдээ Иосеф* гэдэг нэр өгчээ.

25 Рахелийг хүү Иосефоо төрүүлсний дараахан Иаков Лабанд «Би нутаг буцаж, гэртээ харья. Та намайг явуулаач. 26 Танд зүтгэж байж авсан эхнэр хүүхдүүдийг минь өгч явуулна уу. Хэрхэн зүтгэснийг минь та мэднэ шүү дээ» гэж хэлэв. 27 Тэгэхэд Лабан: «Би чиний сэтгэлд нийцэж байвал эндээ үлдээч. Ехова чиний төлөө намайг ивээж байгааг би мэргэ төлгөөр* мэдсэн юм» гээд 28 «Авах хөлсөө тогт. Би чамд өгье» гэж хэлжээ. 29 Тэгэхэд нь Иаков: «Миний танд хэрхэн зүтгэж, мал сүргийг тань хэрхэн өсгөснийг та мэднэ. 30 Намайг ирэхээс өмнө таны эд хөрөнгө бага байсан. Гэхдээ одоо таны мал сүрэг өсөж үржсэн. Намайг ирснээс хойш Ехова таныг ивээсэн. Хэзээ би өөрийнхөө гэр орны төлөө зүтгэх болж байна аа?» гэж өчив.

31 Лабан: «Чи юу авмаар байна вэ?» гэж асуухад Иаков: «Би танаас юу ч авахгүй. Гэхдээ таныг ийм нэг зүйл хийвэл мал сүргийг тань хариулж хамгаалж байя. 32 Би өнөөдөр таны сүрэг дундуур явж үзье. Та цоохор, алаг хонь, бор зүсмийн залуу хуц, алаг, цоохор эм ямааг бүгдийг нь ялгаж ав. Үүнээс хойш төрөх ийм зүсмийн мал нь миний хөлс болно. 33 Хожим та ирээд хөлсийг минь шалгахад үнэнч шударга минь батлагдана. Миний хөлс болгож авсан малын дунд цоохор, алаг эм ямаа болон бор зүсмийн залуу хуцнаас өөр зүсмийн мал байх юм бол намайг хулгайлсанд тооцоорой» гэж хэлэв.

34 Тэгэхэд Лабан: «Болж байна. Чиний хэлснээр болъё» гэж хэлжээ. 35 Тэр өдөр Лабан толботой, алаг бүх эр ямаа, цоохор, алаг бүх эм ямаа, цагаан толботой бүх ямаа, мөн бор зүсмийн бүх залуу хуцыг ялгаж аваад хөвгүүддээ өгөв. 36 Дараа нь Лабан нүүж Иаковынхаас гурван өдөр явах газар очжээ. Иаков Лабаны үлдсэн малыг хариулж байлаа.

37 Иаков бүйлс, чинар, өөр нэг модны дөнгөж тасадсан мөчрүүдийг аваад холтосных нь цаадах цагааныг ил гарч байхаар энд тэнд нь хуулжээ. 38 Тэгээд холтсыг нь хуулсан мөчрүүдээ усны хоолой болон мал услах онгоцон дотор, малын урд байхаар тавьжээ. Энэ нь хонь ямааг ус уухаар ирэхдээ мөчрүүдийн өмнө хээлтэг гэснийх ажээ.

39 Мал сүрэг тэр мөчрүүдийн өмнө хээлтээд толботой, цоохор, алаг төл гаргах болжээ. 40 Иаков залуу хуцнуудыг ялгаад Лабаны малыг толботой, бор зүсмийн бүх малын өөдөөс харуулж зогсоов. Тэгээд өөрийнхөө бүх малыг ялгаж, Лабаны малтай нийлүүлсэнгүй. 41 Тарга тэвээрэгтэй мал хээлтэхэд Иаков мөчрүүдээ усны хоолойн дотор, малд харагдаж байхаар тавьдаг байлаа. Энэ нь хоньдыг мөчрүүдийн хажууд хээлтэг гэснийх ажээ. 42 Харин тарга тэвээрэггүй малын урд мөчрүүдээ тавьдаггүй байв. Ингээд тарга тэвээрэггүй мал Лабаных, тарга тэвээрэгтэй мал Иаковынх болсон ажээ.

43 Иаков их баяжиж, арвин мал сүрэг, зарц, шивэгчин, тэмээ, илжигтэй болов.

31 Лабаны хөвгүүдийг «Эцгийн маань хамаг юмыг Иаков авч, хамаг хөрөнгөөр нь хөлжсөн» гэж ярьж байхыг Иаков сонсов. 2 Иаков Лабаны царайнаас зангаа хувиргасныг нь анзаарчээ. 3 Тэгэхэд Ехова Иаковт «Эцэг өвгөдийнхөө нутаг, төрөл садан руугаа буц. Би чамтай үргэлж хамт байна» гэж айлдав. 4 Иаков Рахел Леа хоёрт хэл хүргүүлж малын бэлчээрт ирүүлээд 5 тэдэнд

«Танай эцэг надад урьдынх шигээ хандахаа больсныг би анзаарлаа. Гэхдээ миний эцгийн Бурхан надтай хамт байгаа. 6 Би танай эцэгт хамаг чадлаараа зүтгэснийг та хоёр сайн мэднэ. 7 Тэрбээр намайг хуурахыг оролдож, хөлсийг минь 10 удаа өөрчилсөн. Гэвч намайг хохироохыг Бурхан түүнд зөвшөөрөөгүй юм. 8 Танай эцэг надад “Цоохор малыг чамд хөлс болгож өгнө” гэсэн. Тэгэхэд сүргээрээ цоохор төл гаргасан. Тэгээд дараа нь “Толботой малыг чамд хөлс болгож өгнө” гэсэн. Тэгэхэд сүргээрээ бидэртэй төл гаргасан. 9 Ингэж эцгийн чинь малыг Бурхан авч надад өгдөг байсан. 10 Мал хээлтэх үеэр би нэг зүүд зүүдэлсэн юм. Тэр зүүдэнд хээлтүүлэгч ухнууд толботой, цоохор, алаг зүсмийнх байв. 11 Тэгтэл жинхэнэ Бурхны тэнгэрийн элч миний зүүдэнд “Иаков аа!” гэж намайг дуудахад “Би энд байна” гэсэн юм. 12 Тэрбээр: “Хээлтүүлэгч ухнууд толботой, цоохор, алаг зүсмийнх байгааг хар даа. Лабан чамд яаж хандсаныг би бүгдийг нь харсан учраас ийм байгаа юм. 13 Би бол чамайг Бетелд байхад үзэгдсэн жинхэнэ Бурхан байна. Чи тэнд нэг баганыг тосолж, надад тангараг өргөсөн билээ. Одоо энэ нутгаас явж төрсөн нутаг руугаа буц” хэмээн айлдсан юм» гэжээ.

14 Тэгэхэд Рахел Леа хоёр: «Эцгийнхээ эд хөрөнгөнөөс өвлөх хувь бидэнд байхгүй биз дээ? 15 Эцэг маань биднийг худалдаж тэр мөнгөөрөө амьдардаг болохоор биднийг гаднын хүн гэж үздэг шүү дээ. 16 Эцгээс маань Бурхны салгасан бүх эд баялаг биднийх, бас бидний хүүхдүүдийнх. Тэгэхээр, та Бурхны хий гэсэн бүхнийг хийгээрэй» гэж хэлжээ.

17 Тэгэхэд нь Иаков эхнэр хүүхдүүддээ тэмээ унуулж 18 бүх мал сүрэг, хурааж хуримтлуулсан хөрөнгө, Паддан-Арамд олж авсан мал хуйгаа аваад Канаанд суугаа эцэг Исаак дээрээ очихоор хөдөлжээ.

19 Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур Рахел шүтээнүүдийг нь хулгайлав. 20 Иаков ч арам хүн Лабаныг мэхэлж, юу ч хэлэлгүй яваад өгчээ. 21 Иаков хүмүүсээ эд хөрөнгөтэйгөө аваад зугтаж явсаар Их мөрнийг* гаталж, Гилеадын уулархаг нутгийг зүглэн явав. 22 Гурав дахь өдөр нь Лабан Иаковын зугтсаныг дуулжээ. 23 Иймээс ах дүү нараа дагуулаад Иаковын араас долоо хоног мөшгөж байж Гилеадын уулархаг нутагт байхад нь гүйцэж очив. 24 Бурхан шөнө нь арам хүн Лабаны зүүдэнд үзэгдэж «Чи Иаковтай ярихдаа үгээ цэнээрэй» гэж хэлжээ.

25 Иаков уулархаг нутагт майхнаа барьсан байв. Лабан ч Гилеадын уулархаг нутагт ах дүүтэйгээ буудаллаад байлаа. Тэгээд Иаков дээр очоод 26 «Чи яах нь энэ вэ? Яагаад намайг мэхэлж, охидыг минь олзны хүн мэт авч явав? 27 Яагаад үг хэлгүй, сэм зугтаж намайг хуурч байгаа юм бэ? Надад хэлсэн бол би чамайг найртай сайхнаар, дуу хууртай, хэнгэрэг, босоо ятгын эгшгээр үдэх байлаа. 28 Гэтэл чи надад охид, зээ нарыг минь ч үнсүүлсэнгүй. Чи мунхаг юм хийлээ. 29 Би чамд муу юм хийж дөнгөнө. Гэхдээ чиний эцгийн Бурхан урьд шөнө надад “Иаковтай ярихдаа үгээ цэнээрэй” гэж хэлсэн юм. 30 Чи эцгийнхээ гэрт очихын хүслэн болсон болохоор ингэж яваа биз. Гэхдээ яагаад миний бурхдыг хулгайлсан юм бэ?» гэж хэлэв.

31 Иаков Лабанд «Таныг охидоо булааж авах байх гэж айгаад хэлэлгүй явсан юм. 32 Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн үхэг. Ах дүүгийн минь өмнө миний ачаануудыг нэгжээд үз. Тэгээд юмаа олоод аваарай» гэж өчжээ. Рахел хулгайлсан гэдгийг Иаков мэдээгүй ажээ. 33 Лабан Иаковын майхан, Леагийн майхан, хоёр шивэгчний майхнаас шүтээнүүдээ эрээд олсонгүй. Тэгээд Леагийн майхнаас гарч Рахелийн майханд оржээ. 34 Рахел шүтээнүүдийг тохошныхоо богцонд хийгээд дээр нь сууж байв. Лабан Рахелийн майхнаас шүтээнүүдээ хайгаад хайгаад олсонгүй. 35 Рахел эцэгтээ «Эзэн минь, та битгий уурлаарай. Миний сарын тэмдэг ирсэн болохоор босож чадахгүй нь» гэжээ. Лабан сайн үзсэн боловч шүтээнүүдээ олсонгүй.

36 Тэгэхэд Иаков Лабанд уурлаж, түүнийг буруутгав. Иаков: «Би ямар буруу юм хийсэн юм бэ? Ямар нүгэл хийсэн гэж халуун мөрөөр минь мөшгөнө вэ? 37 Та хамаг ачааг минь нэгжээд гэрийнхээ юуг олов? Тэр юмаа миний ах дүү болон өөрийнхөө ах дүүгийн өмнө гаргаад тавь. Тэд та бид хоёрыг шүүг. 38 Танайд байсан 20 жилд танай хонь ямаа хээлээ хаяагүй. Би танай сүргээс хуц идсэн удаагүй. 39 Зэрлэг амьтанд бариулсан мал танд авчирч байгаагүй. Би өөрийнхөө малаар төлдөг байсан. Өдөр ч алдсан бай, шөнө ч алдсан бай, хулгайд алдсан л бол та нэхдэг байсан. 40 Би халуунд халж, хүйтэнд хөрч, нойроо хасан байж өдөр шөнөгүй зүтгэдэг байлаа. 41 Би танайд 20 жил ингэж амьдарсан. Хоёр охины тань төлөө 14 жил зүтгэж, малыг тань 6 жил хариулсан. Та миний хөлсийг 10 удаа өөрчилсөн. 42 Миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн эмээдэг Нэгэн миний талд байгаагүй бол та намайг гар хоосон буцаах байж дээ. Бурхан миний зовлон, гарын минь хөдөлмөрийг хараад урьд шөнө таныг зэмлэжээ» гэж хэлэв.

43 Тэгэхэд Лабан Иаковт «Энэ охид миний охид. Энэ хүүхдүүд миний хүүхдүүд. Энэ мал сүрэг ч минийх. Чиний харж байгаа бүхэн минийх, бас миний охидынх. Би юу гэж охиддоо, охидынхоо төрүүлсэн хүүхдүүдэд муу юм хийх вэ дээ! 44 Тэгэхээр хоёулаа гэрээ байгуулъя. Тэр гэрээ чи бид хоёрын гэрч болно» гэж хэллээ. 45 Иаков нэг чулуу аваад багана мэт босгов. 46 Тэгээд ах дүү нартаа «Чулуу цуглуул!» гэв. Тэд чулуу цуглуулж овоо босголоо. Дараа нь чулуун овооныхоо дэргэд хоол идэцгээв. 47 Лабан тэр овоог Иегар-сахадута* гэж, харин Иаков Галеед* гэж нэрлэжээ.

48 Лабан: «Энэ чулуун овоо өнөөдөр чи бид хоёрын гэрч боллоо» гэж хэлэв. Ийм учраас тэр овоог Галеед гэж нэрлэсэн юм. 49 Бас Харуулын цамхаг гэж нэрлэжээ. Яагаад гэвэл Лабан: «Бид бие биеэ харахгүй байсан ч Ехова чи бид хоёрыг харж байг. 50 Чи охидтой минь зүй бус харьцах юм уу эхнэр нэмж авбал хүн хараагүй байлаа ч Бурхан чи бид хоёрын гэрч болно гэдгийг санаж яваарай» гэж хэлжээ. 51 Тэгээд цааш нь «Бидний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болгож миний босгосон чулуун овоо, багана энэ байна. 52 Би чамд муу юм хийх гэж энэ чулуун овоог давж гарахгүй, чи надад муу юм хийх гэж энэ чулуун овоо, баганыг давж гарахгүй гэдгийг энэ чулуун овоо, энэ багана гэрчлэг. 53 Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний эцгийн Бурхан биднийг шүүг» хэмээсэнд Иаков эцэг Исаакийнхаа эмээдэг Нэгнээр тангараглав.

54 Дараа нь Иаков уулан дээр тахил өргөөд ах дүүгээ дуудан хооллож ундлав. Тэд ууланд хоноцгоов. 55 Харин Лабан өглөө эрт босон зээ нар, охидоо үнсэж, ерөөгөөд замд гарч, гэртээ харьжээ.

32 Иаковыг цааш явж байтал Бурхны тэнгэрийн элчүүд түүнтэй уулзжээ. 2 Иаков тэднийг хармагцаа «Энэ бол Бурхны хуаран байна!» хэмээжээ. Иймээс тэр газрыг Маханаим* гэж нэрлэв.

3 Иаков Едом буюу Сеир нутагт суугаа ах Есав дээрээ очихоосоо өмнө элч нарыг илгээхдээ 4 тэдэнд «Миний эзэн Есавт “Таны боол Иаков ингэж хэлсэн. «Би өнөөг хүртэл Лабантай олон жил амьдарлаа. 5 Би бух, илжиг, хонь, зарц, шивэгчидтэй болсон. Таны сэтгэлд нийцэх гэж эзэн тандаа ийн хэл хүргүүлж байна»” гэж хэлээрэй» хэмээн тушаав.

6 Элч нар Иаков дээр буцаж ирээд «Бид таны ах Есавтай уулзлаа. Тэр тантай уулзахаар 400 хүн дагуулаад ирж яваа» гэхэд 7 Иаков ихэд айж түгшив. Иймээс хамт яваа хүмүүс, мал сүрэг, үхэр, тэмээгээ хоёр бүлэг болгон хуваав. 8 Тэрбээр: «Есав нэг рүү нь дайрлаа гэхэд нөгөө бүлэг нь зугтаг» гэжээ.

9 Дараа нь Иаков: «Миний өвөг эцэг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, Ехова, та надад “Нутаг ус, төрөл садан руугаа буц. Би чамайг сайн сайхан байлгана” гэж хэлсэн шүү дээ. 10 Бас та үйлчлэгч намайгаа үнэнчээр хайрлаж, амласнаа биелүүлсэн билээ. Уг нь би энэ бүхнийг хүртэх зохисгүй хүн. Ганц таягтайгаа энэ Иорданыг гаталж байсан бол одоо хүн хүч, мал сүргээ хоёр бүлэг болгож хуваагаад явж байна. 11 Ах Есавын минь гараас намайг авраач гэж залбирч байна. Ах ирээд над руу, хүүхэд эмэгтэйчүүд рүү дайрах вий гэж айж байна. 12 Та: “Би чамайг сайн сайхан байлгана. Чиний үр хүүхдийг далайн эргийн элс мэт тоолж барамгүй олон болгоно” гэсэн шүү дээ» гэж хэлжээ.

13 Иаков тэндээ хонов. Тэгээд ах Есавтаа бэлэг өгөхөөр эд хөрөнгөөсөө 14 эм ямаа 200, ухна 20, эм хонь 200, хуц 20, 15 ботготой ингэ 30, үнээ 40, бух 10, эм илжиг 20, нас бие гүйцсэн эр илжиг 10-ыг сонгожээ.

16 Иаков эдгээрийг хэдэн бүлэг болгож хуваагаад зарц нартаа хариуцуулав. Тэдэнд «Надаас түрүүлж гол гаталцгаа. Хоорондоо зайтай яваарай» гээд 17 эхэнд явах хүнд «Миний ах Есав чамтай уулзаж “Танай эзэн хэн бэ? Хаа хүрэх нь вэ? Хэний малыг туугаад явж байгаа юм бэ?” гэж асуувал 18 чи: “Манай эзэн бол таны боол Иаков билээ. Есав эзэнтэн, энэ бол танд өгүүлж байгаа бэлэг юм. Эзэн өөрөө араас ирж байгаа” гэж хэлээрэй» гэж захив. 19 Тэгээд Иаков хоёр дахь, гурав дахь гээд мал тууж яваа бүх хүнд «Есавтай уулзахаараа ингэж хэлээд 20 бас “Таны боол Иаков араас ирж байгаа” гээрэй» гэжээ. Яагаад гэвэл Иаков: «Эхлээд бэлэг явуулж түүнийг тайвшруулбал надтай уулзахдаа найрсаг байж магадгүй» гэж боджээ. 21 Иймд бэлэг авч явсан хүмүүс түрүүлэн гаталж, Иаков буусан газраа хоножээ.

22 Тэр шөнөдөө Иаков босож хоёр эхнэр, хоёр шивэгчин, 11 хөвгүүнээ авч Иаббок голыг гүехэн хэсгээр нь гаталжээ. 23 Ийнхүү тэднийг дагуулан гол гаталсан юм. Бас байгаа бүхнээ авч гарчээ.

24 Иаковыг ганцаараа байж байтал нэгэн хүн түүнтэй үүр хаяартал барилджээ. 25 Тэрбээр Иаковыг дийлэхгүйгээ ойлгоод түнхэнд нь хүрчээ. Иаковыг барилдаж байхад түнх нь мултрав. 26 Тэр хүн: «Намайг явуул. Үүр хаяарч байна» гэхэд Иаков: «Намайг ерөөхөөс нааш таныг явуулахгүй» гэжээ. 27 Тэгэхэд өнөөх хүн: «Нэр чинь хэн бэ?» гэхэд «Иаков» гэж хариулав. 28 Өнөөх хүн: «Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй, Израйл* гэх болно. Яагаад гэвэл чи Бурхан болон хүмүүстэй тэмцэлдээд эцэст нь дийллээ» гэж хэлжээ. 29 Тэгэхэд нь Иаков: «Та нэрээ хэлээч» гэсэнд «Юунд миний нэрийг асууна вэ?» хэмээгээд түүнийг ерөөжээ. 30 Иаков: «Би Бурхантай нүүр нүүрээрээ учирсан ч амьд үлдлээ» гэж хэлээд тэр газрыг Пениел* гэж нэрлэв.

31 Иаковыг Пенуелээс* явмагц нар манджээ. Тэрбээр түнхнээсээ болж доголж явлаа. 32 Өнөөх хүн Иаковын түнхийг мулталсан учраас израйлчууд өнөөг хүртэл түнхтэй холбогддог гуяны шөрмөсийг иддэггүй юм.

33 Иаков Есавыг 400 хүнтэй ирж явааг хараад хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хариуцуулж өглөө. 2 Тэрбээр урд талд шивэгчдээ хүүхдүүдтэй нь, тэдний араас Леаг хүүхдүүдтэй нь, ард талд нь Рахел Иосеф хоёрыг явуулахаар болов. 3 Тэгээд өөрөө тэдний урд явав. Иаков долоон удаа сөхөрч мөргөсөөр ахдаа дөхөж очжээ.

4 Есав Иаков руу гүйн очиж тэвэрч үнсээд, хоёулаа асгартал уйллаа. 5 Есав эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хараад Иаковаас «Чамтай хамт яваа энэ хүмүүс юун хүмүүс вэ?» гэж асуухад «Таны зарцад Бурхны хайрласан хүүхдүүд» гэж хариулжээ. 6 Тэгэхэд хоёр шивэгчин хүүхдүүдтэйгээ ирээд сөхөрч мөргөв. 7 Леа ч хүүхдүүдтэйгээ ирж сөхөрч мөргөлөө. Дараа нь Иосеф Рахелтэй ирж сөхөрч мөргөв.

8 Есав Иаковаас «Надтай дайралдсан хүмүүс, мал сүрэг ямар учиртай юм бэ?» гэж асуухад Иаков: «Таны таалалд нийцүүлэх гээд өгч байгаа юм» гэж хариулав. 9 Есав: «Дүү минь, би их эд хөрөнгөтэй. Чи өөртөө үлдээ» гэлээ. 10 Харин Иаков: «Үгүй ээ. Хэрэв би таны таалалд нийцсэн бол бэлгийг минь авна уу. Би тантай нүүр тулж уулзах гэж энэ бэлгийг авчирсан юм шүү дээ. Та намайг найрсгаар угтан авсан болохоор би таны нүүрийг харснаа Бурхны нүүрийг харсан мэт үзэж байна. 11 Танд л гэж авчирсан бэлгийг минь авна уу. Бурхан намайг таалсан тул хэрэгтэй бүхнийг минь өгсөн» гэв. Иаков ятгасаар байсан тул Есав бэлгийг нь авчээ.

12 Дараа нь Есав: «Эндээс хөдөлж замд гарцгаая. Би чиний урд явъя» гэв. 13 Гэвч Иаков: «Хүүхдүүд минь бага балчир, мал сүрэг маань нялх төлтэй. Нэг өдөр ширүүн туувал мал сүрэг минь үхэж үрэгдэх аюултайг эзэн та мэдэх билээ. 14 Эзэн минь, та зарцаасаа түрүүлээд явна уу. Харин би мал сүрэг, үр хүүхдүүдийнхээ аясаар аажуу уужуу яваад Сеирт эзэн тан дээр очъё» гэлээ. 15 Тэгэхэд Есав: «Тэгвэл би хэдэн хүнээ чамтай үлдээе» гэхэд Иаков: «Тэгэх хэрэггүй. Би эзэн таныхаа таалалд нийцсэн л бол боллоо» хэмээжээ. 16 Ингээд Есав тэр өдөр Сеир лүү буцжээ.

17 Иаков Суккотод очоод өөртөө байшин, мал сүрэгтээ саравч барьжээ. Иаков тэр газрыг Суккот* гэж нэрлэсэн нь ийм учиртай.

18 Иаков Паддан-Арамаас гарч Канаан нутгийн Шехем хотод эсэн мэнд ирээд хотын ойролцоо майхнаа барьжээ. 19 Майхнаа барьсан тэр газраа Шехемийн эцэг Хаморын хөвгүүдээс 100 ширхэг мөнгөөр худалдаж авсан юм. 20 Тэнд тахилын ширээ босгоод түүнийгээ Бурхан буюу Израйлын Бурхан гэж нэрлэжээ.

34 Иаковт Леагийн төрүүлж өгсөн охин Дина тэр нутгийн бүсгүйчүүдтэй уулзахаар гарч явдаг байв. 2 Тэр нутгийн захирагч хиви хүн Хаморын хүү Шехем Динаг хараад авч явж хүчинджээ. 3 Шехем Иаковын охин Динад хүчтэй татагдаж, тэр бүсгүйд дурласан бөгөөд энхрий зөөлөн үгээр сэтгэлийг нь эзэмдэх гэж оролдов. 4 Эцэст нь Шехем эцэг Хамороосоо «Энэ бүсгүйг надад эхнэр болгон авч өгөөч» гэж гуйжээ.

5 Иаков охин Динаг нь Шехем бузарласныг дуулав. Тэр үед хөвгүүд нь хээр мал дээрээ байсан юм. Иймд Иаков буцаж иртэл нь дуугүй байлаа. 6 Шехемийн эцэг Хамор Иаковтай ярилцахаар явжээ. 7 Иаковын хөвгүүд болсон явдлыг дуулаад тэр даруй хээрээс буцаж ирэв. Шехем байж болшгүй хэрэг хийн Иаковын охинтой унтаж Израйлыг гутаан доромжилсон тул тэд харамсан шаналж, ихэд уурлав.

8 Хамор тэдэнд «Манай хүү Шехем танай охинд сэтгэлтэй болжээ. Охиноо хүүд минь эхнэр болгон өгч 9 бидэнтэй ураг барилдаач. Тэгээд охидоо бидэнд өгч, манай охидыг ав. 10 Та нар бидэнтэй цуг амьдран суу. Энэ нутаг та нарынх болно. Энд худалдаа наймаа эрхэлж, амьдран суурьшаарай» гэж хэлжээ. 11 Шехем Динагийн эцэг болон ах нарт «Гуйлтыг минь зөвшөөрөөч. Би та нарын хүссэн болгоныг өгье. 12 Та нар ямар ч инж, бэлэг шаардсан, би хэлсэн бүгдийг тань өгье. Бүсгүйг л надад эхнэр болгон өгнө үү» гэв.

13 Дүү Динаг нь бузарласан учир Иаковын хөвгүүд Шехем болон эцэг Хаморыг нь мэхлэн 14 «Хөвч таслуулаагүй хүнд бид дүүгээ өгч болохгүй. Энэ нь бидний хувьд гутамшигтай хэрэг. 15 Харин ийм болзолтой зөвшөөрье. Танай бүх эрчүүд бидэн шиг хөвчөө таслуулах ёстой. 16 Тэгсэн цагт бид охидоо та нарт өгч, танай охидыг авна. Бид та нартай амьдран сууж, нэг ард түмэн болно. 17 Харин та нар бидний хэлснээр хөвчөө таслуулахгүй бол бид дүүгээ авч явна» гэлээ.

18 Тэдний үг Хамор болон хүү Шехемд нь таалагджээ. 19 Тэр залуу Иаковын охинд дурласан тул хэлснийг нь биелүүлэхээ хойшлуулсангүй. Тэрбээр эцгийнхээ гэрт хамгийн нөлөө бүхий хүн байжээ.

20 Хамор хүү Шехемтэйгээ хотын дааман хаалган дээр очиж хотынхондоо 21 «Энэ хүмүүс бидэнтэй эвтэй найртай байхыг хүсэж байна. Иймд тэд манай нутагт сууж, худалдаа наймаа эрхлэг. Манай газар нутаг тэдэнд хүрэлцэхүйц өргөн уудам шүү дээ. Тэдний охидыг эхнэр болгон авч, охидоо тэдэнд өгцгөөе. 22 Биднийг ердөө ганцхан шаардлага биелүүлбэл тэд бидэнтэй нэг ард түмэн болж хамт амьдран суухыг зөвшөөрнө гэсэн. Тэр нь юу гэвэл, манай бүх эрэгтэйчүүд тэдний адилаар хөвчөө таслуулах ёстой. 23 Ингэвэл тэдний өмч хөрөнгө, эд баялаг, бүх мал сүрэг биднийх болно. Тэгэхээр хэлснийг нь зөвшөөрцгөөе. Тэгээд тэд бидэнтэй амьдраг» гэж хэлжээ. 24 Хотын дааман хаалгаар орж гарсан бүх хүн Хамор болон хүү Шехемийнх нь хэлснийг зөвшөөрч, хотын бүх эрэгтэй хөвчөө таслуулжээ.

25 Гурав дахь өдөр нь тэднийг эдгээгүй байхад Иаковын хоёр хүү болох Динагийн хоёр ах Симеон Леви илдээ авч, хотынхныг сэжиг аваагүй байхад очиж бүх эрэгтэйг нь хөнөөв. 26 Тэр хоёр Хамор болон хүү Шехемийг нь илдээр хөнөөж, Шехемийн гэрээс Динаг аваад явжээ. 27 Иаковын бусад хөвгүүд хүмүүсийг алуулсны дараа ирж, хотыг тонов. Яагаад гэвэл тэд дүүг нь бузарласан юм. 28 Тэдний мал амьтад, илжиг гээд хотод болон бэлчээрт байсан бүхнийг авав. 29 Бүх өмч хөрөнгө, гэр орон дахь хамаг юмыг нь тонож, эхнэр хүүхдийг нь олзолжээ.

30 Иаков Симеон Леви хоёрт «Та хоёр надад их гай авчирлаа. Та нараас болж намайг энэ нутгийн канаанчууд, перизчүүд жигшинэ. Манайхан цөөхүүлээ. Тэд хүч хавсран над руу дайрч, намайг ч, гэрийнхнийг маань ч алах нь гарцаагүй» гэхэд 31 тэд: «Тэгээд тэд нар манай дүүтэй янхан мэт харьцах ёстой байсан юм уу?» гэжээ.

35 Энэ явдлын дараа Бурхан Иаковт «Эндээс хөдлөөд Бетелд очиж амьдар. Чамайг ах Есаваасаа зугтаж явахад чинь үзэгдсэн жинхэнэ Бурхан надад зориулж тэнд тахилын ширээ босгогтун» гэж айлдав.

2 Тэгээд Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүндээ «Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдыг зайлуулж, өөрсдийгөө ариусган, хувцсаа соль. 3 Тэгээд бүгдээрээ хөдөлж Бетел рүү явъя. Зовж явахад минь надад хариулсан, намайг хаана ч явсан хамт байдаг жинхэнэ Бурханд зориулж би тэнд тахилын ширээ босгоно» гэлээ. 4 Тэгэхэд тэд харийн бурхдаа, чихэндээ зүүсэн ээмгээ Иаковт өгөв. Иаков тэдгээрийг Шехемийн ойролцоо байдаг том модны доор булжээ.

5 Иаковынхныг аян замдаа явж байхад Бурхнаас айх айдас эргэн тойрных нь хотуудыг нөмөрсөн тул тэд Иаковынхныг мөшгөөгүй юм. 6 Иаков хамт яваа бүх хүнтэйгээ Канаан нутгийн Луз буюу Бетелд хүрэв. 7 Тэгээд тэнд тахилын ширээ босгож тэр газрыг Ел-бетел* гэж нэрлэжээ. Яагаад гэвэл ахаасаа зугтаж явахад нь жинхэнэ Бурхан тэнд үзэгдсэн юм. 8 Дараа нь Ребекагийн асрагч эх Дебора нас эцэслэв. Түүнийг Бетелээс доохон талд царс модны доор оршуулжээ. Иймээс Иаков тэр газрыг Аллон-бакут* гэж нэрлэсэн юм.

9 Бурхан Иаковыг Паддан-Арамаас ирж явахад түүнд дахин үзэгдэж, ерөөв. 10 Бурхан: «Чамайг Иаков гэдэг. Гэхдээ үүнээс хойш Иаков гэхгүй. Чиний нэрийг Израйл гэх болно» гэлээ. Тэгээд Бурхан түүнийг Израйл гэх болжээ. 11 Бурхан цааш нь «Би бол Төгс хүчит Бурхан. Чи олон үр хүүхэдтэй болж, өнөр өтгөн бологтун. Үндэстнүүд, ард түмнүүд чамаас гарч, хаад чамаас төрнө. 12 Би Абрахам, Исаакт өгсөн газраа чамд болон үр удамд чинь өгнө» гэж айлдав. 13 Тэгээд Бурхан Иаковыг орхин, түүнтэй ярьж байсан газраасаа дээш оджээ.

14 Иаков Бурхны өөртэй нь ярьсан газар чулуун багана босгоод дээр нь ундаан өргөл, тос асгав. 15 Тэрбээр Бурхны өөртэй нь ярьсан тэр газрыг дахин Бетел гэж нэрлэжээ.

16 Тэгээд тэд Бетелээс хөдлөв. Тэднийг Ефратад хараахан хүрээгүй байхад Рахелийн амаржих цаг болж, хүндрэлтэй төржээ. 17 Төрөх гээд маш их өвдөж байхад нь эх баригч эмэгтэй: «Та энэ хүүгээ бас төрүүлж чадах учраас битгий ай» гэв. 18 Рахел үхлийн ирмэг дээр байлаа. Тэрбээр амьсгал хураахынхаа өмнө хүүдээ Бен-они* гэдэг нэр өгчээ. Харин эцэг нь хүүдээ Бениамин* гэдэг нэр өгөв. 19 Ингээд Рахел нас барав. Түүнийг Ефрат буюу Бетлехем орох замд оршуулжээ. 20 Иаков булшин дээр нь багана босгосон бөгөөд тэр багана өнөөг хүртэл Рахелийн булшин дээр байдаг.

21 Тэгээд Израйл тэндээс хөдөлж Едер цамхгийг өнгөрөөд майхнаа босгов. 22 Израйлыг тэр нутагт сууж байхад Реубен явж эцгийнхээ татвар эм Билхатай унтжээ. Израйл энэ талаар дуулав.

Иаков 12 хүүтэй болсон билээ. 23 Леагийн хөвгүүд нь Иаковын ууган хүү Реубен, тэгээд Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун нар юм. 24 Рахелийн хөвгүүд нь Иосеф Бениамин хоёр, 25 Рахелийн шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан Нафтали хоёр, 26 Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад Ашер хоёр юм. Паддан-Арамд төрсөн Иаковын хөвгүүд нь эд нар билээ.

27 Иаков явсаар Кириат-Арба буюу Хебронд хүрч, Мамред суугаа эцэг Исаак дээрээ очив. Абрахам ч, Исаак ч тэнд харь хүн болж амьдарсан билээ. 28 Исаак 180 наслаад 29 амьсгал хураав. Тэрбээр сайхан урт насалж, сэтгэл хангалуун амьдарсан бөгөөд эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсжээ*. Есав Иаков хоёр эцгээ оршуулав.

36 Энэ бол Есав буюу Едомын түүх юм.

2 Есавын гэрлэсэн канаан эмэгтэйчүүд нь хит хүн Елоны охин Ада, хиви хүн Зибеоны ач охин, Анагийн охин Охолибама юм. 3 Мөн тэрбээр Ишмаелын охин, Небаиотын дүү Басематыг эхнэрээ болгов.

4 Ада Есавт Елифазыг төрүүлж өгсөн ба Басемат Реуелийг төрүүлж өгчээ.

5 Охолибама нь Иеуш, Иалам, Кораг төрүүлжээ.

Эд бол Канааны нутагт төрсөн, Есавын хөвгүүд юм. 6 Есав эхнэр хүүхэд, хамт байсан бүх хүн, бүх мал сүрэг, Канаанд хурааж хуримтлуулсан бүх эд хөрөнгөө аваад дүү Иаковынхаасаа холдож нүүжээ. 7 Яагаад гэвэл Есав Иаков хоёрын өмч хөрөнгө асар их арвижсаны улмаас тэд нэг дор амьдрах аргагүй болсон юм. Мал сүрэг нь олширсон тул бэлчээр нутаг нь хүрэлцэхгүй байв. 8 Иймд Есав Сеирийн уулархаг нутагт суурьшжээ. Есавыг бас Едом гэдэг.

9 Энэ бол Сеирийн уулархаг нутагт суудаг едомчуудын өвөг Есавын түүх юм.

10 Есавын хөвгүүд нь эхнэр Адагийнх нь төрүүлсэн Елифаз, эхнэр Басематынх нь төрүүлсэн Реуел ажээ.

11 Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар юм. 12 Тимна Есавын хүү Елифазын татвар эм болсон бөгөөд Елифазад Амалекийг төрүүлж өгөв. Эд бол Адагийн ач нар билээ.

13 Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар юм. Эд бол Есавын эхнэр Басематын ач нар ажээ.

14 Зибеоны ач охин, Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагийн Есавт төрүүлж өгсөн хөвгүүд нь Иеуш, Иалам, Кора юм.

15 Есаваас гарсан овгийн ахлагчид нь Есавын ууган хүү Елифазын хөвгүүд болох Теман, Омар, Зефо, Кеназ, 16 Кора, Гатам, Амалек нар юм. Эд бол Елифазаас гарсан, Едом нутгийн ахлагчид бөгөөд Адагийн ач нар билээ.

17 Есавын хүү Реуелийн хөвгүүд нь ахлагч Нахат, ахлагч Зера, ахлагч Шамма, ахлагч Мизза ажээ. Эд бол Реуелээс гарсан, Едом нутгийн ахлагчид бөгөөд Есавын эхнэр Басематын ач нар юм.

18 Есавын эхнэр Охолибамагийн төрүүлсэн хөвгүүд нь ахлагч Иеуш, ахлагч Иалам, ахлагч Кора билээ. Эд бол Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагаас гарсан ахлагчид ажээ.

19 Эд бол Есав буюу Едомын үр удам бөгөөд едомчуудын ахлагчид юм.

20 Хори хүн болох Сеирээс гарсан, тэр нутгийн оршин суугчид нь Лотан, Шобал, Зибеон, Ана, 21 Дишон, Езер, Дишан нар юм. Эд бол Сеирээс гарсан, Едом нутгийн хоричуудын ахлагчид билээ.

22 Лотаны хөвгүүд нь Хори, Хемам бөгөөд Лотаны эмэгтэй дүүг* Тимна гэдэг.

23 Шобалын хөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам нар юм.

24 Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана юм. Ана бол эцэг Зибеоныхоо илжгийг хариулж яваад хээрээс халуун рашаан олсон хүн билээ.

25 Анагийн хүүхдүүд нь Дишон, Охолибама юм. Охолибама бол охин нь билээ.

26 Дишоны хөвгүүд нь Хемдан, Ешбан, Итран, Херан нар юм.

27 Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Акан ажээ.

28 Дишаны хөвгүүд нь Уз, Аран юм.

29 Хоричуудын овгийн ахлагчид нь Лотан, Шобал, Зибеон, Ана, 30 Дишон, Езер, Дишан нар юм. Эд бол Сеир нутгийн хоричуудын ахлагчид юм.

31 Израйлчуудыг хаан захирдаг болохоос өмнө Едомд дараах хаад захирч байжээ. 32 Едомыг Беорын хүү Бела захирсан бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг. 33 Белаг үхэхэд Бозрагийн уугуул Зерагийн хүү Иобаб оронд нь захирчээ. 34 Иобабыг үхэхэд теманчуудын нутгийн Хушам оронд нь захирав. 35 Хушамыг үхэхэд Бедадын хүү Хадад оронд нь захирсан бөгөөд түүний хотыг Авит гэдэг. Хадад Моабын нутагт мидианчуудыг бут цохисон юм. 36 Хададыг үхэхэд Масрекагийн уугуул Самла оронд нь захирав. 37 Самлаг үхэхэд мөрний дэргэдэх Рехоботын уугуул Шаул оронд нь захирсан юм. 38 Шаулыг үхэхэд Ахборын хүү Баал-ханан оронд нь захирчээ. 39 Ахборын хүү Баал-хананыг үхэхэд оронд нь Хадар захирсан юм. Түүний хотыг Пау, эхнэрийг нь Мехетабел гэдэг. Мехетабел нь Матредийн охин, Матред нь Мезахабын охин юм.

40 Есаваас гарсан ахлагчид нь (тэдний нэрээр овог, газар нутаг тус бүрийг нь нэрлэжээ) Тимна, Алва, Иетет, 41 Охолибама, Ела, Пинон, 42 Кеназ, Теман, Мибзар, 43 Магдиел, Ирам нар юм. Эд бол Едомоос гарсан ахлагчид бөгөөд эзэмшлийнх нь нутаг дахь тосгодыг тэдний нэрээр нэрлэсэн билээ. Едомчуудын өвөг Есавын үр удам ийм болой.

37 Иаков Канаанд амьдарч байлаа. Иаковын эцэг энэ нутагт харь хүн болж амьдарсан юм.

2 Энэ бол Иаковын түүх билээ.

17 настай хүү Иосеф эцгийнхээ эхнэрүүд болох Билха Зилпа хоёрын хөвгүүдтэй мал хариулж байв. Тэрбээр эцэгтээ тэдний талаар базаахгүй мэдээ дуулгажээ. 3 Иосеф Израйлыг нас дээр гарсан хойно төрсөн учраас Израйл түүнийг бусад хүүгээсээ илүү их хайрладаг байлаа. Тиймдээ ч Иосефт урт гоёмсог дээл хийлгэжээ. 4 Эцэг нь Иосефыг өөрсдөөс нь илүү их хайрладгийг хараад ах нар нь Иосефыг үзэн ядаж, ширүүн харьцдаг болов.

5 Нэгэн удаа Иосеф зүүдэлж, тэр зүүдээ ах нартаа ярьсанд ах нар нь түүнийг бүр их үзэн ядах болжээ. 6 Иосеф ах нартаа «Би юу зүүдэлсэн гээч! 7 Бүгдээрээ тариалангийн талбайд тариа багцалж байсан чинь миний багцалсан тариа босоод зогсчихсон. Та нарын багцалсан тариа минийхийг тойрч зогсоод бөхийн мөргөж байсан» гэв. 8 Ах нар нь: «Чи бидний хаан болж, биднийг захирах хэрэг үү?» гээд Иосефын зүүд, хэлсэн үгнээс нь болж түүнийг бүр ч их үзэн ядах болжээ.

9 Дараа нь Иосеф дахин зүүдэлж ах нартаа ярьж өгчээ. Тэрбээр: «Би бас нэг зүүд зүүдэллээ. Тэр зүүдэнд нар, сар, 11 од надад мөргөж байв» гэжээ. 10 Тэрбээр энэ зүүдээ эцэгтээ, ах нартаа ярьж өгсөнд эцэг нь түүнийг зэмлэж «Чи юу зүүдлээд байгаа юм бэ? Ээж бид хоёр чинь, бас ах нар чинь чам дээр очиж сөхөрч мөргөх болж байна уу?» гэв. 11 Ах нар нь Иосефт атаархаж, харин эцэг нь түүний үгийг мартсангүй.

12 Ах нар нь Шехемийн ойролцоо эцгийнхээ малыг оторлуулахаар явлаа. 13 Хэсэг хугацааны дараа Израйл Иосефт «Ах нар чинь Шехемийн ойролцоо малаа хариулж байгаа. Чамайг ах нар луу чинь явуулъя» гэхэд Иосеф: «За» гэжээ. 14 Израйл: «Очоод ах нарыгаа, бас мал сүргээ мэнд сайн байгаа эсэхийг мэдээд ир» хэмээв. Ингээд Иосефыг Хеброны хөндийгөөс явуулахад Иосеф Шехем рүү явлаа. 15 Иосефыг хээр явж байтал нэгэн хүн түүнийг хараад «Чи юу эрж яваа юм бэ?» гэж асуужээ. 16 Иосеф: «Ах нарыгаа эрж байна. Малаа хаана хариулж яваа юм бол?» гэхэд 17 тэр хүн: «Эндээс явчихсан. “Дотан руу явцгаая” гэж ярьж байхыг нь би сонссон» гэж хэлэв. Иймд Иосеф ах нарынхаа араас явж Дотанд байхад нь олжээ.

18 Ах нар нь түүний барааг хараад хүрч ирэхээс нь өмнө хуйвалдан, алахаар болов. 19 Тэд нэг нэгэндээ «Хар даа. Нөгөө зүүдлэгч ирж явна. 20 Бүгдээрээ Иосефыг алаад энэ нүхнүүдийн* нэг рүү хаяж, зэрлэг араатанд бариулжээ гээд хэлчихье. Тэгээд нөгөө зүүднүүд нь яаж биелэхийг харъя л даа» гэцгээлээ. 21 Реубен үүнийг сонсоод Иосефыг аврах гэсэндээ «Алаад яах юм бэ!» гэжээ. 22 Тэгээд бас «Цус урсгах хэрэггүй. Эзгүй цөлд энэ нүх рүү хаячихъя. Аминд нь битгий хүр» гэж хэлэв. Реубен Иосефыг аварч эцэг рүү нь буцаах санаатай байжээ.

23 Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц ах нар нь өмсөж явсан урт гоёмсог дээлийг нь тайлж аваад 24 түүнийг барьж нүхэнд хаяв. Тэр үед нүх усгүй, хоосон байлаа.

25 Дараа нь ах нар нь юм идэхээр суув. Тэгтэл Гилеадаас ирж яваа ишмаелчуудын жингийн цуваа үзэгдэв. Тэд тэмээндээ бараан давирхай, гүгэл, үнэрт модны давирхай ачаад урагшаа Египет рүү явж байжээ. 26 Иуда бусдадаа «Дүүгээ хөнөөж, хэргээ нуулаа гээд ямар хэрэгтэй юм бэ? 27 Иосефыг ишмаелчуудад зарчихъя. Амийг нь хороогоод яах юм бэ! Эцсийн эцэст бидний л дүү, мах цусны маань тасархай шүү дээ» гэхэд тэд үгэнд нь оржээ. 28 Ингээд тэд мидиан худалдаачдыг өнгөрч явахад нь Иосефыг нүхнээс гаргаж аваад ишмаелчуудад 20 мөнгөн шекелээр зарав. Худалдаачид Иосефыг Египет рүү авч одлоо.

29 Дараа нь Реубен буцаж ирээд нүх рүү хартал Иосеф байсангүй. Реубен хувцсаа урав. 30 Тэгээд дүү нар дээрээ очоод «Хүүхэд алга болчихож! Одоо би яах вэ?» гэж хэлжээ.

31 Тэд эр ямаа нядлаад цусанд нь Иосефын дээлийг дүрэв. 32 Тэгээд тэр дээлээ эцэгтээ хүргүүлж «Бид нар энийг оллоо. Хүүгийн тань дээл мөн эсэхийг үзнэ үү» гэж хэлүүлжээ. 33 Эцэг нь тэр дээлийг үзээд «Хүүгийн минь дээл мөн байна! Зэрлэг араатан Иосефыг барьж идсэнээс зайлахгүй. Хүү минь тасдчуулчхаж» гэж халаглав. 34 Ингээд Иаков хувцсаа урж, ууцаараа таар ороон хүүгийнхээ хойноос олон хоног гашуудав. 35 Охид хөвгүүд нь бүгдээрээ түүнийг тайтгаруулахыг оролдсон боловч тэрбээр тайтгарахыг хүссэнгүй. Харин «Би хүүгийнхээ хойноос гашуудсаар Булшинд* орно» гэдэг байв. Ийнхүү Иаков хүүгийнхээ хойноос гашуудсаар байлаа.

36 Мидианчууд Египетэд ирээд Иосефыг Потифар гэдэг хүнд зарав. Потифар бол фараоны ордны түшмэл, бие хамгаалагчдын ахлагч ажээ.

38 Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, адуллам хүн Хирагийнхтай ойрхон майхнаа барьжээ. 2 Иуда тэнд канаан хүн Шуагийн охиныг хараад эхнэрээ болгон авч, унтав. 3 Эхнэр нь жирэмсэлж хүү төрүүлэхэд Иуда хүүдээ Ер гэдэг нэр өгчээ. 4 Эхнэр нь дахин жирэмсэлж хүү төрүүлээд хүүдээ Онан гэдэг нэр өгөв. 5 Эхнэр нь дахин хүү төрүүлж Шела гэдэг нэр өглөө. Иудаг Ахзибт байхад эхнэр нь амаржжээ.

6 Хожим Иуда ууган хүү Ертээ эхнэр авч өгөв. Нэрийг нь Тамар гэдэг. 7 Иудагийн ууган хүү Ер Еховагийн жигшлийг төрүүлжээ. Ехова түүнийг үхүүлэв. 8 Иймд Иуда Онанд «Ахынхаа бэлэвсэн эхнэртэй гэрлэж, хадам дүүгийн үүргээ биелүүл. Түүнтэй унтаж удмыг нь залгах үртэй болгож өг» гэж хэлжээ. 9 Гэвч Онан төрөх хүүхдийг өөрийнх нь болохгүйг мэдэж байлаа. Иймээс ахыгаа хүүхэдтэй болгохгүйн тулд эхнэртэй нь унтахдаа үрийн шингэнээ гадуур нь тавьдаг* байжээ. 10 Ехова Онаныг бузар муу хэрэг хийсэн гэж үзээд түүнийг ч үхүүлэв. 11 Иуда бэр Тамартаа «Хүү Шелаг минь өсөж том болтол төрсөн эцгийнхээ гэрт очиж, бэлэвсэн эмэгтэйн ёсоор амьдар» гэж хэллээ. Яагаад гэвэл Иуда Шелаг бас ах нар шигээ үхэх вий гэж боджээ. Ингээд Тамар төрсөн эцгийнх рүүгээ явж тэндээ амьдрав.

12 Хэсэг хугацааны дараа Иудагийн эхнэр буюу Шуагийн охин нас баржээ. Иуда гашуудлын үеийг өнгөрөөгөөд Тимнад байдаг хонь хяргагчид руугаа анд найз адуллам хүн Хиратайгаа явав. 13 Тамар хадам эцгийгээ хонио хяргахаар Тимна руу явж байгааг дуулаад 14 бэлэвсний хувцсаа тайлж гивлүүр зүүн, нөмрөг нөмрөөд Тимна орох замд байдаг Енаимын хаалганы дэргэд суув. Учир нь Иуда Шелаг том болсон ч Тамарыг эхнэр болгон өгөөгүй юм.

15 Иуда Тамарыг хармагцаа янхан гэж боджээ. Яагаад гэвэл Тамар нүүрээ бүтээсэн байв. 16 Иуда замаасаа хазайж түүн дээр очоод «Би чамтай унтмаар байна» гэжээ. Учир нь бэрээ таниагүй юм. Тэгэхэд нь Тамар: «Та юу өгөөд надтай унтах юм бэ?» гэж асуув. 17 Тэгэхэд нь Иуда: «Сүргээсээ нэг залуу ямаа өгүүлье» гэхэд «Тэр болтол та барьцаа өгөх үү?» гэж асуужээ. 18 Иуда: «Барьцаанд юу авмаар байна вэ?» гэхэд Тамар: «Тамгат бөгж, оосор, гарт тань байгаа таягийг авъя» гэжээ. Ингээд Иуда эдгээрийг Тамарт өгөөд унтав. Тамар жирэмсэлжээ. 19 Тамар босоод явж одлоо. Тэгээд нөмрөгөө тайлж бэлэвсний хувцсаа өмсөв.

20 Иуда тэр эмэгтэйгээс барьцаагаа буцааж авахын тулд өөрийн анд адуллам хүнээр залуу ямаа өгч явуулжээ. Гэвч өнөөх эр эмэгтэйг олсонгүй. 21 Тэрбээр тэндхийн хүмүүсээс «Энэ Енаимд зам дагуу суудаг сүмийн янхан хаана байна вэ?» гэхэд тэд: «Манай энд сүмийн янхан ерөөсөө байдаггүй» гэжээ. 22 Эцэст нь өнөөх эр буцаж ирээд «Би тэр эмэгтэйг олсонгүй. Бас тэр газрын хүмүүс: “Манай энд сүмийн янхан ерөөсөө байдаггүй” гэцгээх юм» гэж хэлэв. 23 Тэгэхэд Иуда: «Тэгвэл тэр эмэгтэй тэдгээрийг аваг. Түүнийг хайж явж шившиг болоод яах вэ! Ямартай ч, би ямаа явуулсан. Тэр эмэгтэй олдоогүй» гэж өгүүлжээ.

24 Гэтэл гурван сар орчмын дараа Иудад «Танай бэр Тамар биеэ үнэлж, бүр жирэмсэлжээ» гэж дуулгав. Иуда: «Тамарыг гаргаж ирээд шатаа» гэжээ. 25 Гаргах гэхэд нь Тамар: «Эдгээрийн эзэн намайг жирэмсэн болгосон юм. Энэ тамгат бөгж, оосор, таяг хэнийх болохыг үзнэ үү» гэж хадам эцэгтээ хэлүүлэв. 26 Иуда тэдгээрийг үзээд «Би түүнийг хүү Шеладаа эхнэр болгон өгөөгүй болохоор миний буруу, түүний зөв юм байна» гэжээ. Үүнээс хойш Иуда түүнтэй унтсангүй.

27 Тамарын амаржих цаг болж ихэр хүүхэд төрүүлжээ. 28 Төрж байхад нэг хүүхэд нь гараа гаргахад эх баригч: «Энэ нь түрүүлж гарлаа» гээд тэр даруй улаан утас авч гарт нь уяв. 29 Гэвч тэр хүүхдийг гараа татаж авмагц нөгөөдөх нь гарчээ. Эх баригч: «Чи яагаад ээжийгээ ураад гараад ирэв?» гэв. Иймээс хүүд Перез* гэдэг нэр өгчээ. 30 Гартаа улаан уяатай нь сүүлд гарав. Хүүд Зера гэдэг нэр өгөв.

39 Ишмаелчууд Иосефыг Египетэд авчирчээ. Фараоны ордны түшмэл, бие хамгаалагчдын ахлагч Потифар гэгч египет хүн Иосефыг тэднээс худалдаж авсан юм. 2 Гэсэн ч Ехова Иосефтой хамт байлаа. Иймд Иосефын ажил үйлс бүтэмжтэй байж, египет эзнийхээ гэрийг хариуцах болов. 3 Эзэн нь Еховаг Иосефтой хамт байдгийг, Ехова бүх ажил үйлсийг нь бүтэмжтэй болгож байгааг ойлгожээ.

4 Иосеф эзнийхээ таалалд улам их нийцэж гэрийн даамал болов. Эзэн нь түүнд гэр орон, өөрийн гэсэн бүхнээ хариуцуулжээ. 5 Тэр цагаас эхлэн Ехова Иосефын төлөө өнөөх египет хүний гэрийг ивээх боллоо. Ехова түүний гэр, талбайд байсан бүхнийг ивээв. 6 Эзэн нь сүүлдээ бүх юмаа Иосефт даатгаж, идэх хоолноосоо бусдыг мэдэхээ байжээ. Иосеф бие бялдар, царай зүс сайтай залуу болжээ.

7 Энэ үеэс эзнийх нь эхнэр Иосеф руу харц чулуудаж «Надтай унтаач» гэдэг болов. 8 Гэвч Иосеф татгалзаж эзнийхээ эхнэрт «Эзэн маань гэр доторх надад хариуцуулсан юмаа тоохгүй орхичихдог, бүх юмаа надад даатгасан. 9 Энэ гэрт надаас илүү эрх мэдэлтэй хүн байхгүй. Эзэн минь надад танаас бусад юуг ч хориглоогүй. Яагаад гэвэл та бол түүний эхнэр шүү дээ. Би яаж ийм бузар булай хэрэг хийж Бурхныхаа эсрэг нүгэл үйлдэх билээ?» гэжээ.

10 Тэр эмэгтэй өдөр бүр Иосефыг шалдаг байв. Харин Иосеф түүнтэй унтахыг ч, хамт байхыг ч огт зөвшөөрдөггүй байлаа. 11 Гэтэл нэг өдөр Иосефыг ажлаа хийхээр гэрт ороход нэг ч зарц байсангүй. 12 Эмэгтэй хувцаснаас нь зуурч «Надтай унтаач!» гэхэд Иосеф хувцсаа гарт нь орхиод зугтан гарав. 13 Иосефыг хувцсаа гарт нь орхиод зугтан гармагц 14 өнөөх эмэгтэй гэрийнхээ зарц эрчүүдийг хашхиран дуудаад «Хар даа. Нөхрийн маань авчирсан энэ еврей хүн биднийг элэг доог болгох гэлээ. Надтай унтах гээд орж ирэхээр нь би хамаг чадлаараа хашхирсан юм. 15 Намайг чанга хашхирахыг сонсонгуутаа хувцсаа хажууд хаяад зугтчихлаа» гэж хэлжээ. 16 Эмэгтэй Иосефын эзнийг гэртээ иртэл тэр хувцсыг хажуудаа байлгав.

17 Эмэгтэй нөхөртөө мөн л нөгөө үгээ хэлж «Таны авчирсан еврей зарц намайг элэг доог болгохоор ирээд 18 намайг чанга хашхирмагц хувцсаа хажууд хаяад зугтчихсан» гэлээ. 19 Иосефын эзэн эхнэрийнхээ «Таны зарц намайг ингэлээ» гэж хэлэхийг сонсоод уур нь шатжээ. 20 Эзэн нь Иосефыг барьж, хааны хоригдлуудыг хорьдог шоронд хийлгэв. Иосеф нэг хэсэгтээ шоронд байлаа.

21 Харин Ехова Иосефтой үргэлж хамт байсан бөгөөд түүнийг үнэнчээр хайрлаж, шоронгийн ахлах хуягийн таалалд багтаажээ. 22 Шоронгийн ахлах хуяг Иосефт бүх хоригдлыг хариуцуулсан бөгөөд Иосеф тэдэнд ажил үүрэг оноон хийлгэх болов. 23 Ахлах хуяг Иосефт хариуцуулсан ажилдаа огт санаа зовдоггүй байлаа. Учир нь Ехова Иосефтой хамт байсан бөгөөд Ехова бүх ажил үйлсийг нь бүтэмжтэй болгож байжээ.

40 Эдгээр явдлын дараа Египетийн хааны ахлах сөнч ахлах талхчин хоёр хаан эзнийхээ эсрэг нүгэл үйлдэв. 2 Иймд фараон хоёр албатдаа буюу ахлах сөнч, ахлах талхчиндаа хилэгнэжээ. 3 Тэгээд бие хамгаалагчдын ахлагчийн хариуцдаг шоронд хийлгэв. Тэр шоронд Иосеф хоригдож байлаа. 4 Бие хамгаалагчдын ахлагч, Иосефыг тэдэнтэй хамт байлгаж, үйлчлүүлж байхаар болжээ. Тэд нэг хэсэгтээ шоронд байв.

5 Египетийн хааны сөнч талхчин хоёр шоронд байхдаа хоёулаа нэг шөнө зүүд зүүдэлжээ. Зүүднүүд нь өөр өөр тайлалтай ажээ. 6 Маргааш өглөө нь Иосеф ирээд хартал тэд баргар царайтай байлаа. 7 Иосеф эзнийх нь шоронд өөртэй нь хамт хоригдож байгаа фараоны хоёр албатаас «Та хоёр өнөөдөр яагаад ийм дүнсгэр байна вэ?» гэж асуухад 8 тэд: «Бид хоёулаа зүүд зүүдэлсэн юм. Гэвч тайлж өгөх хүн алга» гэжээ. Иосеф тэдэнд «Бурхан зүүдийг тайлдаг шүү дээ. Надад хэлээч» гэв.

9 Ингээд ахлах сөнч Иосефт зүүдээ ярив. Тэрбээр: «Миний өмнө усан үзмийн мод байхыг би зүүдэндээ үзсэн юм. 10 Мод гурван мөчиртэй байсан ба нахиалж, цэцэглээд усан үзмийн хонгорцгууд нь боловсров. 11 Миний гарт фараоны аяга байх бөгөөд би усан үзэм аваад фараоны аяга руу шүүсийг нь шахлаа. Тэгээд аягыг нь фараонд өгөв» гэж ярилаа. 12 Иосеф түүнд «Тайлал нь ийм байна. Гурван мөчир нь гурван өдөр. 13 Өнөөдрөөс гурван өдрийн дотор фараон таныг гаргаж, ажилд тань буцааж оруулна. Тэгээд та сөнч байсан үеийнх шигээ фараонд аягыг нь өгч байх юм. 14 Та сайн сайхан явахдаа намайг санаарай. Намайг үнэнчээр хайрлаж, фараонд миний тухай яриад эндээс гаргаж өгнө үү. 15 Үнэндээ намайг еврейчүүдийн нутгаас хүчээр авчирсан юм. Би шоронд* орох ямар ч хэрэг хийгээгүй» гэж хэлэв.

16 Иосеф зүүдийг сайнаар тайлж байгааг ахлах талхчин сонсоод «Би бас зүүд зүүдэлсэн юм. Цагаан талхтай гурван сагс миний толгой дээр байлаа. 17 Хамгийн дээд талын сагсанд фараонд зориулсан, жигнэж болгосон төрөл бүрийн идээ байв. Гэтэл шувууд толгой дээр минь байсан сагснаас идэж байлаа» гэж ярив. 18 Тэгэхэд Иосеф: «Тайлал нь ийм байна. Гурван сагс нь гурван өдөр. 19 Фараон өнөөдрөөс гурван өдрийн дотор таны толгойг авч, таныг шонд өлгөнө. Шувууд таны махыг иднэ» гэж хэлжээ.

20 Гурав дахь өдөр нь фараоны төрсөн өдөр болов. Фараон бүх зарц нараа цуглуулаад найр хийж, ахлах сөнч ахлах талхчин хоёрыг зарц нарынхаа өмнө авчирчээ. 21 Тэгээд ахлах сөнчийг ажилд нь буцааж оруулсанд фараонд аягыг нь бариулдаг болов. 22 Харин ахлах талхчныг шонд өлгөжээ. Ийнхүү Иосефын тайлсан зүүд биелэв. 23 Гэвч ахлах сөнч Иосефыг мартаж, огт санасангүй.

41 Бүтэн хоёр жилийн дараа, фараон өөрийгөө Нил мөрний дэргэд зогсож байна гэж зүүдэлжээ. 2 Мөрнөөс тарга тэвээрэг, өнгө зүс сайтай долоон үнээ гарч ирээд Нилийн дэргэд идээшилж байлаа. 3 Гэтэл тэдний араас өнгө зүсгүй, хэрзийсэн туранхай долоон үнээ Нилээс гарч ирээд эрэг дээрх тарган сайхан үнээнүүдийн хажууд зогсов. 4 Тэгснээ өнгө зүс муутай, туранхай долоон үнээ өнгө зүс сайтай, тарган сайхан долоон үнээг идчихэв. Ингээд фараон сэржээ.

5 Фараон эргэж унтаад дахин зүүдэллээ. Тарианы нэг ишээс өтгөн сайхан долоон түрүү ургажээ. 6 Дараа нь дорнын салхинд хатаж хорчийсон долоон түрүү гарч ирэв. 7 Тэгээд хорчгор түрүүнүүд өтгөн сайхан долоон түрүүг залгичхав. Тэгтэл фараон сэрээд зүүд байсныг ойлгожээ.

8 Өглөө сэтгэл нь тавгүйтсэн фараон Египетийн ид шид үйлддэг тахилчид, мэргэдийг бүгдийг нь дуудуулав. Тэдэнд зүүдээ ярьж өгөхөд хэн нь ч тайлж чадсангүй.

9 Тэгэхэд ахлах сөнч фараонд «Өнөөдөр би нүглээ хүлээе. 10 Өмнө нь фараон та зарц нартаа хилэгнэж, намайг ахлах талхчинтай хамт бие хамгаалагчдын ахлагчийн хариуцдаг шоронд хийлгэсэн билээ. 11 Тэгэхэд бид хоёулаа нэг шөнө зүүд зүүдэлсэн юм. Өөр өөр утгатай зүүд зүүдэлсэн. 12 Тэнд бидэнтэй хамт нэг еврей залуу байсан юм. Бие хамгаалагчдын ахлагчийн зарц юм л даа. Биднийг тэр залууд зүүдээ ярихад зүүдний маань утгыг тайлж өгсөн. 13 Тэгээд яг түүний тайлснаар болсон. Би ажилдаа буцаад орж, талхчин шонд өлгүүлсэн» гэж ярив.

14 Иймд фараон Иосеф руу хүмүүс явуулж, шоронгоос* даруй авчруулав. Иосеф үс, сахлаа хусаж хувцсаа солиод фараонд бараалхлаа. 15 Тэгэхэд нь фараон: «Би зүүд зүүдэлсэн юм. Гэвч тайлж чадах хүн алга. Чамайг зүүд тайлж чаддаг гэж сонслоо» гэхэд 16 Иосеф: «Би биш, Бурхан зүүдийг тайлна. Танд сайнаар тайлж өгнө» гэж өчив.

17 Фараон Иосефт «Би зүүдэндээ Нил мөрний эрэг дээр зогсож байлаа. 18 Тэгтэл Нилээс өнгө зүс сайтай, тарган сайхан долоон үнээ гарч ирээд Нилийн дэргэд идээшлэв. 19 Тэдний араас тарга тэвээрэггүй, өнгө зүсгүй, хэрзийсэн туранхай долоон үнээ гарч ирлээ. Би Египетийн хаана ч тийм өнгө зүс муутай үнээ харж байсангүй. 20 Эцэнхий туранхай, өнгө зүсгүй үнээнүүд эхний тарган сайхан долоон үнээг идчихэв. 21 Гэхдээ огт идсэн шинжгүй, яг л хэвээрээ хэрзийгээд байж байлаа. Тэгээд би сэрэв.

22 Дараа нь би тарианы нэг ишээс өтгөн сайхан долоон түрүү гарахыг зүүдэлсэн юм. 23 Араас нь дорнын салхинд хатаж хорчийсон долоон түрүү гарч ирлээ. 24 Хорчгор түрүүнүүд долоон сайхан түрүүг залгичхав. Би зүүдээ ид шид үйлддэг тахилчдад ярьсан юм. Гэвч тайлж чадах хүн алга» гэж ярив.

25 Тэгэхэд Иосеф: «Фараон таны хоёр зүүд адилхан утгатай. Жинхэнэ Бурхан юу хийхээ фараон танд мэдэгджээ. 26 Долоон сайхан үнээ нь долоон жил юм. Долоон сайхан түрүү нь ч долоон жил. Хоёр зүүд адилхан утгатай. 27 Дараа нь гарч ирсэн эцэнхий туранхай, өнгө зүсгүй долоон үнээ нь долоон жил юм. Дорнын салхинд хатаж хорчийсон долоон түрүү ч долоон жил. Энэ нь долоон жил өлсгөлөн болно гэсэн үг. 28 Миний танд хэлснээр, жинхэнэ Бурхан хийх гэж байгаа зүйлээ фараон танд үзүүлжээ.

29 Египет даяар долоон жил тариа будаа элбэг дэлбэг байна. 30 Гэвч дараа нь долоон жил өлсгөлөн болно. Тэгэхэд Египетийн нутагт тариа будаа арвин их байсан нь мартагдаж өлсгөлөнгийн улмаас нутаг орон сүйрнэ. 31 Их өлсгөлөн нүүрлэх учир тариа будаа элбэг дэлбэг байсан урьдын үе мартагдана. 32 Фараон та ингэж хоёр удаа зүүдэлсэн нь жинхэнэ Бурхан үүнийг гүйцэлдүүлэхээр бат шийдсэнийх юм. Жинхэнэ Бурхан үүнийг удахгүй биелүүлнэ.

33 Тэгэхээр одоо, фараон та хэрсүү, мэргэн хүн олоод Египет нутгийг хариуцуулагтун. 34 Фараон та нутаг даяар хариуцагчдыг томилж, өнтэй долоон жилд Египетийн ургацын тавны нэгийг хураалгаарай. 35 Тэднээр ирэх сайхан жилүүдэд ургац хураалгаж, хотуудад тариа будааг нөөцлүүлэгтүн. Тэр бүх тариа фараон таны мэдлийнх болно. 36 Нөөцөлсөн тариа будааг Египетэд өлсгөлөн нүүрлэх долоон жилд идэх юм. Ингэвэл нутаг орон өлсгөлөнгөөс аврагдана» гэжээ.

37 Энэ санал фараон, бүх зарц нарт нь таалагдав. 38 Иймээс фараон зарц нартаа «Бурхны хүчийг авдаг ийм хүн өөр байна гэж үү?» хэмээв. 39 Тэгээд Иосефт «Бурхан чамд энэ бүхнийг мэдүүлснээс хойш чамаас илүү хэрсүү, мэргэн хүн байхгүй. 40 Чи миний ордныг захирах бөгөөд миний ард түмэн бүгдээрээ чамд үг дуугүй захирагдана. Гагцхүү би хаан учир чамаас илүү эрх мэдэлтэй байна» хэмээгээд 41 «Ийнхүү би чамайг Египетийн бүх нутгийн захирагч болголоо» гэж айлдав. 42 Тэгээд фараон гартаа зүүж байсан тамгат бөгжөө тайлаад Иосефын гарт зүүж, сайн чанарын маалинган хувцас өмсгөөд хүзүүнд нь алтан зүүлт зүүжээ. 43 Бас хоёрдугаар тэргэндээ суулгасан бөгөөд хүмүүс урд нь «Аврех!*» гэж зарлаж явав. Ингэж фараон Иосефыг Египетийн бүх нутгийн захирагч болгосон юм.

44 Фараон Иосефт «Би фараон ч гэсэн Египетэд чиний зөвшөөрөлгүйгээр хэн ч, юу ч хийх эрхгүй» гэж айлдав. 45 Тэгээд Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны* тахилч Потиферагийн охин Асенатыг эхнэр болгон өгчээ. Иосеф Египетийг захирах болов. 46 Иосеф Египетийн хаан фараон дээр ирэхдээ* 30 настай байлаа.

Иосеф фараоны ордноос гарч Египетийн нутгаар хөндлөн гулд явав. 47 Өнтэй долоон жилд газар арвин их ургац өглөө. 48 Иосеф тэр долоон жилд Египет нутгийн ургацыг цуглуулж, хотуудад нөөцлөв. Хот бүрд эргэн тойрных нь тариалангийн талбайгаас хураасныг хадгалсан юм. 49 Иосеф тариа будааг далайн эргийн элс мэт асар ихээр нөөцөлж байсан нь хэмжихийн аргагүй их болсон тул хэмжихээ болив.

50 Өлсгөлөн болохын өмнө Оны* тахилч Потиферагийн охин Асенат Иосефт хоёр хүү төрүүлж өгчээ. 51 Иосеф ууган хүүгээ төрөхөд «Бурхан миний бүх зовлон, эцгийн минь гэрийг мартуулсан юм» гээд Манассе* гэдэг нэр хайрлав. 52 Удаах хүүгээ төрөхөд «Миний зовсон энэ нутагт Бурхан намайг үр хүүхдүүдтэй болголоо» гээд Ефраим* гэдэг нэр хайрлажээ.

53 Тэгээд Египетэд өнтэй долоон жил дуусаж, 54 Иосефын хэлснээр, өлсгөлөнгийн долоон жил эхлэв. Бүх газар оронд өлсгөлөн болж байсан ч Египет нутаг даяар хоол хүнстэй* байлаа. 55 Яваандаа Египет тэр чигээрээ өлсгөлөнд нэрвэгдэхэд ард олон фараоноос хоол хүнс* гуйв. Тэгэхэд фараон бүх египетчүүдэд «Иосеф дээр оч. Хэлснийг нь хий» гэж тушаажээ. 56 Өлсгөлөн дэлхий дахиныг нэрвэж, Египет нутгийнхныг туйлдуулж байлаа. Тэр үед Иосеф агуулахуудыг бүгдийг нь нээж египетчүүдэд тариа будаа зарж эхлэв. 57 Дэлхий нийтээрээ их өлсгөлөнд нэрвэгдсэн тул бүх газар орны хүмүүс Иосефоос тариа будаа худалдаж авахаар Египетэд ирж байлаа.

42 Иаков Египетэд тариа будаа байгааг дуулаад хөвгүүддээ «Та нар яагаад бие биеэ харан зүгээр сууна вэ?» гээд 2 «Египетэд тариа будаа байгаа гэж дууллаа. Тийшээ явж тариа будаа худалдаж ав. Ингэж бүгдээрээ өлсөж үхэлгүй, амиа аваръя» гэж хэлэв. 3 Ингээд Иосефын 10 ах Египетээс тариа будаа худалдаж авахаар явлаа. 4 Гэхдээ Иаков: «Бениаминд муу юм тохиолдож амиа алдах вий» хэмээгээд Иосефын дүү Бениаминыг ах нартай нь явуулсангүй.

5 Канаан нутаг өлсгөлөнд нэрвэгдсэний улмаас тариа будаа худалдаж авахаар Египетэд очсон хүмүүсийн дунд Израйлын хөвгүүд ч байлаа. 6 Иосеф Египетийг захирч, газар дэлхийн бүх хүнд тариа будаа зарж байсан учраас ах нар нь Иосеф дээр очиж сөхөрч мөргөлөө. 7 Иосеф ах нараа хармагцаа таньсан ч өөрийгөө таниулсангүй. Тэгээд ах нартайгаа ширүүн харьцаж «Та нар хаанаас ирэв?» гэхэд тэд: «Бид тариа будаа авахаар Канаанаас ирлээ» гэжээ.

8 Иосеф ах нараа таньсан боловч ах нар нь Иосефыг таньсангүй. 9 Иосеф ах нараа зүүдэлж байснаа тэр даруй санав. Тэрбээр: «Та нар тагнуул хийж яваа юм байна. Манай нутгийн хаана дэл сул газар байгааг мэдэхээр иржээ» гэхэд 10 «Үгүй, эзэн минь. Таны боол бид тариа будаа авахаар ирсэн билээ. 11 Бид бол нэг эцгийн хөвгүүд, үнэнч шударга хүмүүс. Таны боол бид тагнуул биш ээ» гэж өчив. 12 Иосеф: «Тагнуул л байж таарна! Манай нутгийн хаана дэл сул газар байгааг мэдэхээр ирээ биз дээ!» гэж хэлэв. 13 Тэд: «Таны боол бид нэг эцгийн хөвгүүд, ах дүү арван хоёулаа. Эцэг маань Канаанд суудаг. Отгон дүү маань эцэгтэйгээ хамт байгаа. Харин нэг дүү маань байхгүй болсон» гэж хариуллаа.

14 Иосеф: «Миний хэлсэн зөв. Та нар тагнуул мөн. 15 Та нарыг шалгаж үзнэ. Отгон дүүг чинь иртэл та нарыг эндээс явуулахгүй гэдгээ фараоны амьд буйгаар тангараглаж байна. 16 Иймд нэгийгээ явуулж дүүгээ авчруул. Харин бусад нь хорионд байна. Үнэнээ хэлсэн эсэхийг чинь ингэж мэдье. Дүүгээ авчрахгүй бол та нарыг гарцаагүй тагнуул мөн гэж үзэхээ фараоны амьд буйгаар тангараглаж байна» гэжээ. 17 Ингээд Иосеф тэднийг гурван өдөр хорив.

18 Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд «Би Бурхнаас эмээдэг хүн. Миний хэлснийг хийж, амиа аврагтун. 19 Та нар үнэнч шударга хүмүүс юм бол нэгийгээ хорионд үлдээгээд бусад нь яв. Өлсгөлөнд нэрвэгдсэн гэрийнхэндээ тариа будаа аваачиж өг. 20 Тэгээд отгон дүүгээ авчир. Тэгвэл үнэнээ хэлсэн чинь батлагдаж, та нар үхэхгүй» гэж хэлэв. Тэд хэлснээр нь хийжээ.

21 Тэд нэг нэгэндээ «Дүүдээ муу юм хийснээс болж шийтгүүлж байгаа нь энэ. Дүү маань асар их шаналан, өрөвдөж энэрэхийг гуйж байсныг бид харсан ч өрөвдөөгүй шүү дээ. Тэгээд одоо өөрсдөө зовж байна» гэцгээв. 22 Тэгэхэд Реубен: «“Хүүхдэд битгий хор хүргэ” гэж би та нарт хэлээгүй юү? Гэтэл та нар намайг сонсоогүй. Одоо Бурхан биднээс амийг нь* нэхэж байна» гэв. 23 Тэд Иосефыг яриаг нь ойлгож байгааг мэдсэнгүй. Учир нь Иосеф тэдэнтэй хэлмэрчээр дамжуулан ярьж байлаа. 24 Иосеф тэднийг орхиж гараад уйлав. Буцаж ирээд яриагаа үргэлжлүүлжээ. Тэгээд Симеоныг барьж аваад тэдний өмнө хүлэв. 25 Мөн Иосеф зарц нартаа тушаан шуудайнуудыг нь тариа будаагаар дүүргүүлж, хүн бүрийн мөнгийг шуудайнд нь буцаан хийлгэж, замын хүнс өгүүлжээ.

26 Ингээд тэд тариа будаагаа илжгэндээ ачаад явлаа. 27 Буудаллах газраа ирээд нэг нь илжгэндээ тэжээл өгөхөөр шуудайнхаа амыг нээсэнд мөнгө байх нь тэр! 28 Тэрбээр ах дүүстээ «Миний мөнгийг буцаагаад хийчихэж. Шуудайнд байна!» гэхэд тэд айдаст автан түгшиж бие биедээ «Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ?» гэлцэв.

29 Тэд Канаанд эцэг Иаков дээрээ очин болсон бүхнийг ярьж өгчээ. 30 Тэд: «Тэр нутгийн эзэн бидэнтэй ширүүн харьцаж, биднийг тагнуул гэж сэжиглэсэн. 31 Тэгэхээр нь бид тэр хүнд “Бид үнэнч шударга хүмүүс, тагнуул биш. 32 Нэг эцгийн хөвгүүд, ах дүү арван хоёулаа. Нэг маань байхгүй болсон. Отгон дүү маань Канаанд эцэгтэйгээ хамт байгаа” гэж хэлсэн юм. 33 Тэгтэл тэр нутгийн эзэн: “Та нарын үнэнч шударгыг ингэж мэдье. Ах дүү нарынхаа нэгийг надтай үлдээгээд өлсгөлөнд нэрвэгдсэн гэрийнхэндээ тариа будаа аваачиж өгөхөөр яв. 34 Тэгээд отгон дүүгээ авчир. Тэгвэл би та нарыг тагнуул биш, үнэнч шударга хүмүүс гэдгийг мэдье. Дараа нь би ахыг чинь та нарт буцааж өгнө. Та нар манай нутгаас тариа будаа худалдаж авч болно” хэмээсэн» гэж ярив.

35 Тэднийг шуудайнуудаа суллаж байтал хүн бүрийн шуудайнд боодолтой мөнгө нь байлаа! Тэд ч, эцэг нь ч боодолтой мөнгийг хараад айн балмагдав. 36 Эцэг Иаков нь: «Та нараас болж би хүүхдүүдээсээ хагацаж байна! Иосеф байхгүй болсон, Симеон ч байхгүй боллоо. Одоо Бениаминыг авах нь уу? Би ингэж их зовох гэж!» хэмээн халаглажээ. 37 Тэгтэл Реубен эцэгтээ «Би Бениаминыг танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг хөнөөгөөрэй. Бениаминыг надад даатгана уу. Би танд буцааж авчирна» гэлээ. 38 Тэгсэн ч Иаков: «Би хүүгээ та нартай хамт явуулахгүй. Ах нь өнгөрөөд ганцаараа үлдсэн юм. Та нартай явж байгаад муу юм тохиолдож амиа алдвал хөгшин би та нараас болж уй гашууд автаж Булшинд* орно» гэж хэлжээ.

43 Тэр нутаг их өлсгөлөнд нэрвэгдсэн байлаа. 2 Тэднийг Египетээс авчирсан тариа будаагаа идэж дуусахад эцэг нь: «Дахиж яваад тариа будаа аваад ир» гэжээ. 3 Тэгэхэд нь Иуда: «Тэр хүн бидэнд “Дүүгээ авчрахгүй бол миний царайг дахин харна гэж санахын ч хэрэггүй” гэж хатуу сануулсан. 4 Та дүүг бидэнтэй явуулбал бид явж тариа будаа авчиръя. 5 Явуулахгүй бол бид явахгүй. Учир нь тэр хүн: “Дүүгээ авчрахгүй бол миний царайг дахин харна гэж санахын ч хэрэггүй” гэсэн шүү дээ» гэв. 6 Тэгэхэд нь Израйл: «Та нар яагаад тэр хүнд дүүтэй гэдгээ хэлчихсэн юм бэ? Та нар юунд намайг зовооно вэ?» гэлээ. 7 Тэд: «Тэр хүн биднээс “Танай эцэг амьд сэрүүн байгаа юу? Та нар өөр дүүтэй юү?” гэж бидний талаар, садан төрлийн маань талаар тулгаж асуугаад байсан юм. Тэгэхээр нь бид үнэнээ хэлсэн. “Дүүгээ авчир” гэж хэлнэ гэж яаж санах юм бэ?» гэж хэлэв.

8 Иуда эцэг Израйлаа ятган «Хүүг надтай явуулаач. Бид яваад ирье. Тэгвэл бид ч, та ч, хүүхдүүд маань ч өлбөрч үхэхгүй, амиа аварна шүү дээ. 9 Би Бениаминыг хариуцъя*. Та надтай хариуцлага тооцоорой. Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол бүх насаараа таны өмнө гэмтэй явъя. 10 Хойшлуулаагүй байсан бол өдийд хоёр ч удаа яваад ирэх байлаа» гэж хэлэв.

11 Иймээс эцэг Израйл нь: «Өөр аргагүй юм бол тэгэхээс дээ! Энэ нутгийн хамгийн сайн гэсэн бүхнээс шуудайндаа хийгээд тэр хүнд бэлэг болгон барь. Багахан гүгэл, жаахан зөгийн бал, бас бараан давирхай, үнэрт модны давирхай, ангаахай самар, бүйлс авч яв. 12 Мөн хоёр дахин их мөнгө авч яв. Шуудайнуудын чинь аманд буцааж хийсэн мөнгийг ч авч яв. Андуураа байлгүй. 13 Дүүгээ авч яваад нөгөө хүн дээр дахиж оч. 14 Та нарыг өршөөн нигүүлсэх сэтгэлийг Төгс хүчит Бурхан тэр хүнд төрүүлж, тэр хүн ахыг чинь ч, Бениаминыг ч та нартай буцааж явуулаасай. Хэрэв би хүүхдүүдээсээ хагацах ёстой юм бол хагацъя даа» гэжээ.

15 Хөвгүүд нь бэлэг сэлт, хоёр дахин их мөнгө авч, Бениаминыг дагуулаад Египетийг зорин замд гарав. Тэгээд Иосеф дээр дахин ирлээ. 16 Иосеф Бениаминыг тэдэнтэй хамт байгааг харангуутаа гэрийн даамалдаа «Энэ хүмүүсийг гэрт оруулаад мал төхөөрч, зоог бэлд. Тэд нар надтай хамт үдэд хоол иднэ» гэжээ. 17 Даамал тэр даруй Иосефын хэлснээр хийж тэднийг Иосефын гэрт хүргэв. 18 Тэд Иосефын гэрт очихдоо айж түгшин «Түрүүчийн удаа бидний мөнгийг шуудайнд маань буцаагаад хийчихсэн байсан. Тэгээд л биднийг энд авчирч байна. Одоо тэд бидэн рүү дайрч зарцаа болгоод илжгүүдийг маань авна даа!» гэлцэв.

19 Тэд Иосефын гэрийн даамалд дөхөж очоод гэрийн үүдэнд 20 «Өршөөгөөрэй, эзэн минь! Бид анх ирэхдээ тариа будаа авсан. 21 Харьж явахдаа буудаллах газраа ирээд шуудайнхаа амыг нээж хартал аман дээр нь хүн бүрийн мөнгө яг тэр чигээрээ байсан юм. Иймээс бид тэр мөнгийг өөрсдийн биеэр буцааж өгөх гэсэн юм. 22 Бас тариа будаа авахаар мөнгө нэмж авчирсан. Шуудайнд маань хэн мөнгө хийснийг мэдэхгүй байна» гэв. 23 Тэгэхэд нь даамал: «Битгий санаа зов. Айх хэрэггүй. Та нарын мөнгийг би анх авсан. Гэхдээ танай Бурхан, эцгийн чинь Бурхан та нарын шуудайнд эрдэнэс хийжээ» гэж хэлэв. Дараа нь Симеоныг гаргаж өглөө.

24 Даамал тэднийг Иосефын гэрт оруулаад хөл угаах ус, илжгэнд нь тэжээл өгөв. 25 Тэд тэнд хоол идэхээр болсноо дуулаад Иосефыг үдэд ирэхээр нь өгөх бэлгээ бэлдэцгээлээ. 26 Иосефыг гэртээ орж ирэхэд тэд өгөх бэлгээ гэрт оруулж ирээд сөхөрч мөргөв. 27 Иосеф амар мэндийг нь асуугаад «Та нарын ярьж байсан нас өндөр эцэг тань сайн уу? Амьд сэрүүн байгаа юу?» гэхэд 28 тэд: «Таны боол, манай эцэг сайн, амьд сэрүүн байгаа» гэж хариулав. Тэгээд Иосефт мэхийн, сөхөрч мөргөлөө.

29 Иосеф эх нэгтэй дүү Бениаминаа хараад «Та нарын надад ярьж байсан отгон дүү чинь үү?» гээд «Бурхан чамайг таалалдаа багтаах болтугай, хүү минь» гэлээ. 30 Иосеф дүүгээ хараад сэтгэл нь ихэд хөдөлж, уйлах газар хайсаар яаран гарав. Тэгээд өөр өрөөнд орж уйллаа. 31 Тэрбээр нүүрээ угааж гарч ирээд сэтгэлээ барин «Хоол авчир» гэв. 32 Ингээд Иосеф ч, ах нар нь ч, тэнд байсан египетчүүд ч тусдаа хоол идэцгээжээ. Египетчүүд еврейчүүдтэй хамт хоол идэхийг жигшдэг тул хамт хоол иддэггүй байлаа.

33 Ах дүү нарыг нь Иосефын өмнө суулгахдаа ууган хүүгийн эрхтэй ууганаас нь авхуулаад отгоныг нь хүртэл насных нь дарааллаар суулгажээ. Тэд ихэд гайхан бие биеэ харав. 34 Иосеф ширээн дээрх хоолноосоо тэдний ширээ рүү зөөлгөж байсан бөгөөд Бениаминд бусдаас нь тав дахин их хувь хүртээжээ. Тэд цадталаа идэж уув.

44 Дараа нь Иосеф гэрийн даамалдаа «Энэ хүмүүсийн шуудайг даах хэмжээгээр нь тариа будаагаар дүүргэ. Хүн бүрийн мөнгийг шуудайнх нь аман дээр хий. 2 Тэгэхдээ миний мөнгөн аягыг отгон дүүгийнх нь шуудайн аманд тариа будааных нь мөнгөтэй хамт хий» гэж тушаав. Даамал Иосефын тушааснаар хийжээ.

3 Өглөө гэгээ ороход тэд илжгээ унаад замд гарлаа. 4 Тэднийг хотоос холдоогүй байхад Иосеф гэрийн даамалдаа «Алив, тэдний араас яв. Гүйцэж очоод “Та нар яагаад сайныг муугаар хариулж байгаа юм бэ? 5 Эзний минь аягыг яагаад хулгайлав? Эзэн тэр аяганаасаа уудаг, тэр аягаараа алдаа мадаггүй мэргэлдэг юм. Та нар буруу юм хийлээ” гэж хэл» хэмээн тушаав.

6 Даамал тэднийг гүйцэж очоод тийн хэлжээ. 7 Гэвч тэд: «Эзэнтэн минь, та юу ярих нь энэ вэ? Таны боол бид яалаа гэж тийм юм хийх билээ? 8 Шуудайнуудын маань аманд байсан мөнгийг бид Канаанаас буцааж авчирсан шүү дээ. Тэгсэн байтлаа яаж эзний тань гэрээс алт мөнгө хулгайлах юм бэ? 9 Хэрэв тэр аяга боол бидний нэгээс олдвол тэр хүнийг хөнөөгөөрэй. Бусад нь эзнийхээ зарц болъё» гэж өчжээ. 10 Тэгэхэд нь даамал: «Та нарын хэлснээр болъё. Аяга хэнээс олдоно, тэр хүн миний зарц болно. Бусад нь буруугүй» гэж хэлэв. 11 Тэд бүгдээрээ тэр даруй шуудайгаа газар буулгаж задаллаа. 12 Даамал ууганых нь шуудайнаас эхэлж нэг бүрчлэн үзсээр сүүлд нь отгон дүү Бениаминых нь шуудайг үзтэл аяга олдов.

13 Тэгэхэд тэд хувцсаа урж, буулгасан ачаагаа дор бүрнээ илжгэндээ ачаад хот руу буцжээ. 14 Иудаг ах дүүтэйгээ Иосефын гэрт ороход Иосеф байж байлаа. Тэд сөхөрч мөргөв. 15 Иосеф тэдэнд «Та нар яах нь энэ вэ? Над шиг хүн алдаа мадаггүй мэргэлдгийг мэддэггүй юм уу?» гэхэд 16 Иуда: «Эзэн танд юу ч гэж хэлэх вэ дээ! Хэлэх үг олдохгүй байна. Гэм буруугүй гэдгээ яаж батлах билээ? Жинхэнэ Бурхан боолуудын тань урьдын алдааг олж мэджээ. Бид ч, шуудайнаас нь аяга олдсон хүн ч одоо эзэн таны зарц болъё» гэжээ. 17 Харин Иосеф: «Би бүгдийг чинь зарц болгохгүй. Шуудайнаас нь аяга олдсон хүн л миний зарц болно. Бусад нь санаа амар явж эцэгтээ очицгоо» гэж өгүүлэв.

18 Иуда Иосефт дөхөж очоод «Танаас гуйя. Фараонтой адил эрх мэдэлтэй эзэн таныхаа сонорт боол би үг айлтгая. Та боолдоо бүү хилэгнээрэй. 19 Эзэн та боолуудаасаа “Танай эцэг амьд сэрүүн байгаа юу? Та нар өөр дүүтэй юү?” гэж асуусан билээ. 20 Тэгэхэд бид эзэн танд “Нас өндөр эцэг маань амьд сэрүүн байгаа. Бас бид эцгийг маань өтөлсөн хойно төрсөн отгон дүүтэй. Тэр дүүгийн маань ах нь өнгөрчихсөн учир эхээсээ ганцаараа хоцорсон юм. Эцэг нь түүнд хайртай” гэж хариулсан. 21 Тэгэхэд та боолууддаа “Дүүгээ аваад ир. Би нүдээрээ харъя” гэсэн билээ. 22 Харин бид эзэн танд “Тэр хүү эцгээ орхиж явж болохгүй. Хэрэв орхиж явбал эцэг нь гарцаагүй үхнэ” гэж хэлэхэд 23 та: “Дүү чинь та нартай ирэхгүй бол та нар миний царайг дахин харахгүй” гэж боолууддаа айлдсан билээ.

24 Тиймд бид таны боол болох эцэгтээ очиж, эзэн таны үгийг уламжилсан юм. 25 Дараа нь эцэг маань: “Дахиж яваад тариа будаа аваад ир” гэхээр нь 26 “Бид явахгүй. Отгон дүү маань хамт явбал бид явна. Отгон дүү маань бидэнтэй явахгүй бол бид тэр хүний царайг харахгүй шүү дээ” гэсэн юм. 27 Тэгэхэд таны боол болох эцэг маань: “Эхнэр маань надад хоёрхон хүү төрүүлж өгснийг та нар сайн мэднэ. 28 Гэтэл нэг нь намайг орхисон. Би: «Хүү минь тасдчуулчхаж» гэж байсан шүү дээ. Тэр цагаас хойш би хүүгээ хараагүй. 29 Та нар энэ хүүг минь бас аваад явж байтал хүүд минь муу юм тохиолдож амиа алдвал яах юм бэ? Хөгшин би та нараас болж уй гашууд автаж Булшинд* орно шүү дээ” гэж хэлсэн юм.

30 Энэ хүү бол эцгийн маань амин хайртай хүү учраас, таны боол болох эцэгтээ би энэ хүүг дагуулж очихгүй бол 31 хүүгээ ирээгүйг хармагцаа эцэг маань үхнэ. Таны боол болох нас өндөр эцэг маань боол биднээс болж уй гашууд автаж Булшинд* орох болно. 32 Боол би энэ хүүг хариуцаж, эцэгтээ “Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол бүх насаараа эцэг таны өмнө гэмтэй явъя” гэж хэлсэн юм. 33 Иймд одоо эзэн та энэ хүүг ах нартай нь буцааж явуулаад оронд нь намайг зарцаа болгооч. 34 Би энэ хүүг орхиод яаж эцэгтээ очих юм бэ? Эцгийнхээ тэгж зовохыг би харж чадахгүй» гэж учирлажээ.

45 Иосеф зарц нарынхаа өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд «Бүгдээрээ гарцгаа!» гэж хашхирчээ. Ах дүүдээ өөрийгөө илчлэхэд нь нэг ч зарц тэнд байсангүй.

2 Иосеф чанга гэгч нь уйлж эхлэв. Уйлах нь египетчүүдэд ч, фараоны ордныхонд ч сонсогджээ. 3 Дараа нь Иосеф ах дүүдээ «Би Иосеф байна. Аав минь амьд сэрүүн байгаа юу?» гэхэд ах дүү нь гайхаж балмагдсандаа үг дуугарсангүй. 4 Иосеф: «Алив, нааш ирээч» гэхэд тэд дөхөн очлоо.

Иосеф: «Би Иосеф байна. Та нарын египетчүүдэд зарсан дүү чинь байна. 5 Гэхдээ намайг зарсандаа бүү шанал, нэг нэгнээ бүү буруутга. Яагаад гэвэл Бурхан та нарын амийг аврахаар намайг та нараас түрүүнд ийш нь явуулжээ. 6 Газар нутаг өлсгөлөнд нэрвэгдээд хоёр дахь жилээ үзэж байна. Дахиад таван жил газар хагалахгүй, ургац хураахгүй. 7 Харин Бурхан та нарыг ер бусын аргаар аварч амьд үлдээх гээд, та нарын төлөө газар дээр үр удмыг чинь үлдээх гээд намайг та нараас түрүүнд явуулжээ. 8 Иймээс намайг ийш нь явуулсан нь та нар биш, жинхэнэ Бурхан юм. Бурхан намайг фараоны ахлах зөвлөх болгож, ордныг нь хариуцуулж, Египетийн бүх нутгийн захирагч болгохоор явуулжээ.

9 Аав дээр минь түргэн буцаж очоод ийн хэл. “Таны хүү Иосеф ингэж хэллээ. «Бурхан намайг Египетийн бүх нутгийн эзэн болгосон. Над дээр ирнэ үү. Даруйхан ирээрэй. 10 Тэгээд Гошен нутагт суугаарай. Тэгвэл та ч, таны үр хүүхэд, ач зээ нар ч, мал сүрэг, байгаа бүхэн тань ч надтай ойрхон байх юм. 11 Дахиад таван жил өлсгөлөн болох учраас би таныг, таны гэрийнхэн, байгаа бүхнийг тань тариа будаагаар хангая. Тэгвэл өлсгөлөнд нэрвэгдэхгүй»” гэж хэлээрэй. 12 Та нартай ярьж байгаа хүн бол Иосеф би үнэхээр мөн гэдгийг та нар ч, миний дүү Бениамин ч харж байна. 13 Иймээс Египетэд нэр хүндтэй явааг минь, бас үзсэн харсан болгоноо аавд ярьж өгөөрэй. Одоо бушуухан яваад аавыг минь аваад ир» гэжээ.

14 Тэгээд Иосеф дүү Бениаминаа хүзүүгээр нь тэвэрч аваад уйлахад Бениамин ч ахыгаа тэврэн уйллаа. 15 Иосеф ах нараа бүгдийг нь үнсээд тэвэрч уйлав. Үүний дараа тэд Иосефтой ярьжээ.

16 «Иосефын ах дүү иржээ!» гэсэн мэдээ фараоны ордныхонд хүрэхэд фараон болон зарц нар нь баярлажээ. 17 Тэгээд фараон Иосефт «Ах дүүдээ ийн хэл. “Унаа хөсөг, ачаа бараагаа аваад Канаанд очиж 18 эцгээ, гэрийнхнээ аваад над дээр ир. Би та нарт Египетийн сайн сайхан бүхнийг өгье. Та нар энэ газар нутаг дахь хамгийн сайныг иднэ”. 19 Бас ингэж хэлэгтүн. “Египетээс эхнэр хүүхдэдээ тэрэгнүүд авч яваад нэгэнд нь эцгийгээ суулгаад аваад ир. 20 Эд хөрөнгөдөө харамсах хэрэггүй. Учир нь Египетийн сайн сайхан бүхэн та нарынх болно”» гэжээ.

21 Израйлын хөвгүүд хэлснээр нь хийв. Иосеф тэдэнд замын хүнс, бас фараоны тушаалаар тэрэгнүүд өгчээ. 22 Хүн бүрд нэг ээлжийн хувцас, харин Бениаминд 300 мөнгөн шекел, таван ээлжийн хувцас өгөв. 23 Тэрбээр эцэгтээ зориулж 10 илжгэнд Египетийн сайхан эд зүйлсийг, 10 эм илжгэнд тариа будаа, талх, замынх нь хүнсийг ачаад явуулжээ. 24 Иосеф ах дүүгээ явахад нь «Замдаа битгий муудалцаарай» гэж захиад үдэж гаргав.

25 Ингээд тэд Египетээс Канаан руу явж эцэг Иаков дээрээ иржээ. 26 Тэгээд эцэгтээ «Иосеф одоо ч амьд байна. Бүр Египет нутгийн захирагч болжээ!» гэв. Гэвч эцэг нь тэдэнд итгээгүй тул ойшоосонгүй. 27 Харин тэднийг Иосефын хэлсэн ярьсан бүхнийг ярьж өгөхөд, бас өөрийг нь авчруулахаар Иосефын явуулсан тэрэгнүүдийг хараад Иаковын сэтгэл уужирч сэргэв. 28 Израйл: «Одоо л итгэлээ! Миний хүү Иосеф амьд байгаа юм байна! Үхэхээсээ өмнө явж хүүтэйгээ уулзъя!» гэлээ.

46 Ингээд Израйл гэрийнхнээ, байгаа бүхнээ аваад явжээ. Беершебад хүрч очоод эцэг Исаакийнхаа Бурханд тахил өргөв. 2 Бурхан шөнө нь үзэгдэж «Иаков аа! Иаков аа!» гэж дуудахад Иаков: «Би энд байна» гэжээ. 3 Бурхан: «Би бол жинхэнэ Бурхан, чиний эцгийн Бурхан. Чи Египет рүү явахаас бүү ай. Учир нь тэнд би чамайг агуу үндэстэн болгоно. 4 Би өөрөө чамтай хамт Египет рүү явна. Би өөрөө чамайг тэндээс буцааж авчирна. Чамайг нас барахад Иосеф нүдийг чинь аниулна» гэж айлдав.

5 Үүний дараа Иаков Беершебагаас хөдлөв. Израйлын хөвгүүд эцгийг нь авчруулахаар фараоны явуулсан тэрэгнүүдэд эцэг Иаковаа, эхнэр хүүхдүүдээ суулгаад авч явжээ. 6 Тэд Канаан нутагт өсгөж үржүүлсэн мал сүрэг, хурааж хуримтлуулсан эд хөрөнгөө авч явав. Ингээд Иаков бүх үр хүүхэдтэйгээ Египетэд очлоо. 7 Иаков охид хөвгүүд, ач зээ гээд бүх үр хүүхдээ дагуулаад Египетэд очсон билээ.

8 Египетэд очсон Израйлын хөвгүүд буюу Иаковын хөвгүүдийг нэрлэвэл: Иаковын ууган хүү Реубен.

9 Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар.

10 Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, канаан эмэгтэйгээс төрсөн Шаул нар юм.

11 Левигийн хөвгүүд нь Гершон, Кохат, Мерари.

12 Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела, Перез, Зера нар юм. Харин Ер Онан хоёр Канаан нутагт үхжээ.

Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул хоёр юм.

13 Иссахарын хөвгүүд нь Тола, Пува, Иов, Шимрон нар.

14 Зебулуны хөвгүүд нь Серед, Елон, Иахлеел нар юм.

15 Эд бол Паддан-Арамд байхдаа Леагийн Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд билээ. Леа бас Дина гэдэг охин төрүүлсэн юм. Иаковын охид хөвгүүд нийлээд 33 байв.

16 Гадын хөвгүүд нь Зифион, Хагги, Шуни, Езбон, Ери, Ароди, Арели нар юм.

17 Ашерийн хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа нар юм. Охин нь Сера билээ.

Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр юм.

18 Эд бол Зилпагийн хөвгүүд юм. Лабан Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгч байсан билээ. Зилпа нь Иаковт 16 хүүхэд төрүүлж өгчээ.

19 Иаковын эхнэр Рахелийн хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр юм.

20 Египет нутагт төрсөн, Иосефын хөвгүүд нь Манассе, Ефраим нар юм. Тэднийг Оны* тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлж өгчээ.

21 Бениамины хөвгүүд нь Бела, Бехер, Ашбел, Гера, Нааман, Ехи, Рош, Муппим, Хуппим, Ард нар юм.

22 Эд бол Рахелийн Иаковт төрүүлж өгсөн 14 хөвгүүн юм.

23 Даны хүү нь Хушим.

24 Нафталигийн хөвгүүд нь Иахзеел, Гуни, Иезер, Шиллем нар билээ.

25 Эд бол Билхагийн хөвгүүд юм. Билхаг Лабан охин Рахелдээ шивэгчин болгон өгч байсан юм. Билха нь Иаковт долоон хүүхэд төрүүлж өгчээ.

26 Иаковын бэрүүдийг эс тооцвол, Иаковаас гарсан, Иаковтай хамт Египет рүү явсан 66 хүн байв. 27 Иосеф Египетэд хоёр хүүтэй болсон юм. Египетэд очсон Иаковын гэрийнхэн нийт далуулаа байв.

28 Иаков Гошен руу очиж яваагаа Иосефт хэлүүлэхээр Иудаг түрүүлж явууллаа. Тэднийг Гошен нутагт ирэхэд 29 Иосеф тэргээ бэлдүүлээд эцэг Израйлтайгаа Гошенд уулзахаар явав. Тэрбээр эцгээ хармагцаа тэвэрч аваад хэсэг уйлжээ. 30 Тэгээд Израйл Иосефт «Чиний царайг харж, амьд мэнд байгааг чинь мэдлээ. Одоо үхсэн ч харамсах юм алга» гэж хэлэв.

31 Тэгээд Иосеф ах дүү болон эцгийнхээ гэрийнхэнд «Би фараон дээр явж очоод “Миний ах дүү, эцгийн минь гэрийнхэн Канаанаас над дээр ирлээ. 32 Тэд бол хоньчин, мал хариулдаг. Мал сүрэг, байгаа бүхнээ аваад иржээ” гэж хэлье. 33 Фараон та нараас “Та нар юу хийдэг хүмүүс вэ?” гэж асууна. 34 Тэгэхээр нь “Таны боолууд бага залуугаасаа өдийг хүртэл мал хариулж ирсэн. Бид ч, өвөг дээдэс маань ч малчин” гээрэй. Тэгвэл та нарыг Гошенд суулгана. Яагаад гэвэл египетчүүд хоньчдыг үздэггүй юм» гэж хэлжээ.

47 Ингээд Иосеф фараон дээр явж очоод «Миний эцэг, ах дүү нар маань Канаанаас мал сүрэг, байгаа бүхнээ авч ирээд одоо Гошенд байна» хэмээжээ. 2 Иосеф ах дүүгээсээ тавыг нь фараонд бараалхуулав.

3 Фараон ах дүүгээс нь «Та нар юу хийдэг хүмүүс вэ?» гэхэд тэд: «Таны боол бид хоньчид. Өвөг дээдэс маань ч хоньчид байсан» гэж хариулжээ. 4 Тэгээд тэд фараонд «Бид энэ нутагт харь хүн болж амьдрахаар ирлээ. Канаан нутаг их өлсгөлөнд нэрвэгдэж боолуудын тань мал сүрэг бэлчээргүй болсон юм. Иймээс боолууддаа Гошен нутагт суухыг зөвшөөрнө үү» гэхэд 5 фараон Иосефт «Чиний эцэг, ах дүү нар чинь чам дээр ирсэн байна шүү дээ. 6 Египетийн нутаг чиний мэдэлд байна. Энэ нутгийн хамгийн сайхан газар эцгээ, ах дүүгээ суулгаарай. Гошенд суулга. Бас танайхан дунд сайн малчин байвал миний сүргийг хариулуул» гэж хэлэв.

7 Тэгээд Иосеф эцэг Иаковаа дагуулж ирээд фараонд бараалхуулахад Иаков фараоныг ерөөв. 8 Фараон Иаковаас «Таны нас сүүдэр хэд вэ?» гэж асуухад 9 Иаков фараонд «Хэрэн хэсүүчилж амьдарсан би 130 хүрчээ. Хэдий өндөр наслаагүй ч хэцүү бэрхийг их тууллаа. Хэрэн хэсүүчилж амьдарсан өвөг дээдэс маань надаас урт насалсан» гэж хариулжээ. 10 Иаков фараоныг ерөөгөөд гарч явав.

11 Ингээд Иосеф фараоны тушааснаар эцгээ, ах дүү нараа Египетэд суурьшуулж, хамгийн сайхан газар нь буюу Раамсест эзэмшил өгчээ. 12 Иосеф эцэгтээ, ах дүүдээ, эцгийнхээ гэрийнхэнд хүүхдийнх нь тоогоор хоол хүнс өгдөг байв.

13 Их өлсгөлөн гаарсаар бүх газар нутаг хоол хүнсгүй болж, египетчүүд ч, канаанчууд ч өлсгөлөнгөөс болж туйлджээ. 14 Иосеф хүмүүст тариа будаа зарж, Египет, Канааны бүх мөнгийг цуглуулж фараонд тушааж байлаа. 15 Египетчүүд, канаанчууд хамаг мөнгөө баржээ. Египетчүүд бүгдээрээ Иосеф дээр ирээд «Бидэнд хоол хүнс өгөөч! Биднийг мөнгөгүй гээд та харсаар байж үхүүлэх юм гэж үү?» гэх болов. 16 Тэгэхэд Иосеф: «Мөнгө чинь дууссан бол малаа өгөгтүн. Оронд нь би хоол хүнс өгье» хэмээжээ. 17 Иймд тэд малаа Иосефт авчрах болж, Иосеф ч адуу, хонь, ямаа, үхэр, илжигнийх нь оронд хоол хүнс өгч байв. Тэр жилдээ бүх малынх нь оронд хоол хүнс өгсөн юм.

18 Тэр жил шувтарч, дараа жил нь тэд Иосеф дээр ирээд «Эзэн танаас юуг нь нуух вэ дээ. Бид хамаг мөнгө, мал сүргээ танд өгсөн билээ. Эзэнтэн, одоо бидэнд энэ бие, газраас өөр юу ч алга. 19 Бид таныг харсаар байхад үхэж, газар маань сүйдэх ёстой юм гэж үү? Биднийг газартай маань аваад оронд нь хоол хүнс өгөөч. Бид фараоны зарц болъё. Газар маань ч фараоных болог. Бидэнд тарих үр өгнө үү. Тэгвэл бид өлсөж үхэхгүй, амь гарна. Газар маань ч сүйдэхгүй» гэсэн ажээ. 20 Тэгэхээр нь Иосеф египетчүүдийн бүх газрыг худалдан авч фараоны мэдлийнх болгов. Их өлсгөлөнгийн улмаас Египетийн бүх хүн газраа зарсан нь энэ юм. Ийнхүү газар фараоных болжээ.

21 Ингээд Иосеф Египетийн нэг захаас нөгөө зах хүртэл ард олныг хотууд руу нүүлгэжээ. 22 Гагцхүү тахилчдын газрыг тэрбээр аваагүй юм. Яагаад гэвэл тахилчид фараоноос хувь хүртдэг, тэр хувиараа амьдардаг байв. Иймээс тэд газраа зараагүй юм. 23 Иосеф ард түмэнд «Би та нарыг болон та нарын газрыг худалдан авч фараоны мэдлийнх болголоо. Та нарт үр өгье. Газартаа тарь. 24 Ургахаар нь тавны нэгийг нь фараонд өгөгтүн. Тавны дөрвийг нь өөрсдөө аваад газартаа тариарай, ар гэрийнхэн, үр хүүхэдтэйгээ идээрэй» гэж хэлжээ. 25 Ард олон: «Та бидний амийг аварлаа. Бид эзнийхээ таалалд багтах болтугай. Бид фараоны зарц болъё» гэцгээв. 26 Тэр үед Иосеф нэгэн тогтоол гаргасан нь өнөөг хүртэл Египетэд хүчинтэй байдаг юм. Тэр нь тавны нэг бол фараоных гэсэн тогтоол ажээ. Гагцхүү тахилчдын газар фараоных болоогүй юм.

27 Израйлынхан Египетийн Гошен нутагт суун тэндээ суурьшиж, өсөн нэмэгдэж өнөр өтгөн болов. 28 Иаков Египетэд 17 жил амьдарч, 147 насалжээ.

29 Израйл үхэх цаг нь дөхөхөд хүү Иосефоо дуудаж «Би чиний таалалд нийцсэн бол намайг хувиршгүй сэтгэлээр хайрлаж, надад үнэнч байхаа миний гуян доор гараа хийн тангараглаач. Намайг Египетэд бүү оршуулаарай. 30 Намайг үхэхээр Египетээс авч яваад өвөг дээдсийн минь булшинд оршуулаарай» гэхэд Иосеф: «Хэлснээр тань болъё» гэж хэлэв. 31 Эцэг нь: «Надад тангараглаач» гэсэнд Иосеф тангараглажээ. Израйл орныхоо толгойн хавьд мэхийв.

48 Энэ бүхний дараа Иосефт «Танай аавын бие муу байна» гэж дуулгахад Иосеф хоёр хүү Манассе, Ефраимаа аваад эцэг рүүгээ явлаа. 2 Иаковт «Хүү Иосеф тань иржээ» гэхэд Иаков хамаг хүчээ шавхан орон дээрээ өндийж суув. 3 Тэгээд Иосефт

«Төгс хүчит Бурхан Канаан нутгийн Лузад надад үзэгдэн намайг ерөөсөн юм. 4 Бурхан надад “Би чамайг олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болгоно. Чамайг нэгэн агуу үндэстэн болгож, энэ нутгийг чиний үр удамд үүрдийн эзэмшил болгон өгнө” гэж айлдсан. 5 Намайг чам дээр Египетэд ирэхээс өмнө Египетэд төрсөн чиний хоёр хүү одоо минийх болно. Ефраим Манассе хоёр Реубен Симеон хоёр шиг минийх болно. 6 Харин тэр хоёрын дараа чамаас гарах хүүхдүүд чинийх болно. Тэд ах нарынхаа нэр дор өв авна. 7 Намайг Падданаас гараад Ефрат хүрэх яагаа ч үгүй байтал Канаанд Рахел дэргэд минь нас барж, би түүнийгээ Ефрат буюу Бетлехем хүрэх замд оршуулсан юм» гэж өгүүлжээ.

8 Израйл Иосефын хөвгүүдийг хараад Иосефоос «Эд чинь хэн бэ?» гэж асуухад 9 Иосеф: «Энэ нутагт Бурхны надад хайрласан хөвгүүд» гэж хариулжээ. Тэгэхэд нь Израйл: «Алив, наашаа ойртуул даа. Би ерөөе» гэв. 10 Өтөл буурал Израйлын хараа муудаж, юм үзэхээ байжээ. Иосеф хөвгүүдээ эцэг рүүгээ ойртуулсанд Израйл хөвгүүдийг нь үнсээд тэврэв. 11 Израйл Иосефт «Би чиний царайг дахин харна гэж бодоо ч үгүй явсан. Гэтэл Бурхан надад чиний үр хүүхдүүдийг ч үзүүллээ» гэж хэлэв. 12 Тэгээд Иосеф хоёр хүүгээ Израйлын өвдөг хавиас холдуулаад сөхөрч мөргөжээ.

13 Иосеф хоёр хүүтэйгээ эцэг рүүгээ дөхөж очив. Ингэхдээ Ефраимыг баруун гараараа хөтлөн эцгийнхээ зүүн талд аваачихаар, Манассег зүүн гараараа хөтлөн эцгийнхээ баруун талд аваачихаар дөхөв. 14 Ефраим бага нь атал Израйл баруун гараа сунгаж толгой дээр нь тавив. Харин зүүн гараа Манассегийн толгой дээр тавив. Манассе ууган хүүхэд атал Израйл зориуд ийн тавьжээ. 15 Тэгээд Иосефыг ерөөн

«Миний өвөг эцэг Абрахам, эцэг Исаакийн үйлчилсэн* жинхэнэ Бурхан

Өнөөг хүртэл насаар минь намайг хариулсан миний хоньчин, жинхэнэ Бурхан

16 Намайг бүх зовлонгоос гэтэлгэсэн тэнгэрийн элч энэ хөвгүүдийг ивээх болтугай!

Тэд миний нэрээр, миний өвөг эцэг Абрахам, эцэг Исаакийн нэрээр овоглуулаг

Газар дэлхий дээр үй түм болог» хэмээв.

17 Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсан нь Иосефын сэтгэлд нийцсэнгүй. Иймээс эцгийнхээ гарыг Ефраимын толгой дээрээс авч, Манассегийн толгой дээр тавихыг оролдов. 18 Иосеф эцэгтээ «Биш ээ, аав аа. Энэ нь ууган нь. Баруун гараа ууганых нь толгой дээр тавина уу» гэхэд 19 эцэг нь зөрж «Мэдэж байна, хүү минь. Мэдэж байна. Тэр ч гэсэн нэг үндэстэн болно. Тэр ч гэсэн агуу болно. Гэвч дүү нь түүнээс илүү агуу болж, үр хүүхэд нь олон үндэстэнтэй тэнцэхээр үй олон болно» гэж хэлжээ. 20 Израйл тэр өдөр тэднийг ерөөн цааш нь

«Израйлчууд ерөөл хэлэхдээ

“Бурхан чамайг Ефраим шиг, Манассе шиг болгох болтугай” хэмээн чамайг дурдаж байг» гэж хэлжээ.

Ийнхүү Ефраимыг Манассегаас дээгүүр тавьсан юм.

21 Тэгээд Израйл Иосефт «Би удахгүй үхнэ. Гэхдээ Бурхан чамтай үргэлж хамт байж, эцэг өвгөдийн чинь нутагт буцааж аваачна. 22 Харин би чамд ах дүүд чинь өгснөөсөө нэг газар* илүү өгнө. Тэр газрыг би аморичуудтай илд, нумаараа тулалдаж байж авсан юм» гэж хэлжээ.

49 Иаков хөвгүүдээ дуудаж «Бүгдээрээ цуглагтун. Хожим та нарт юу тохиолдохыг хэлж өгье. 2 Бүгдээрээ цуглаад сонсоцгоо. Иаковын хөвгүүд ээ, эцэг Израйлаа сонсоцгоо.

3 Реубен, чи бол миний ууган хүү, миний хүч чадал, анхны үр минь, сүр жавхлангийн минь сор, хүч чадлын минь сор. 4 Гэвч ширүүн ус мэт мунхаг явдлаасаа болж чи сор биш болсон. Учир нь чи эцгийнхээ орон дээр гарсан. Ийнхүү миний орыг бузарласан. Реубен үнэхээр тэгсэн юм!

5 Симеон Леви хоёр бол ах дүү. Тэд илд агсан хүчирхийлэл үйлдсэн. 6 Энэ бие* минь тэдэнтэй бүү хамсаг. Нэр* минь тэдэнтэй бүү холбогдог. Учир нь тэд хилэгнэн уурлаж хүмүүсийг хөнөөсөн. Зугаагаа гаргах гэж бухнуудын шөрмөсийг тасалсан. 7 Тэдний догшин уур, харгис хилэн хараагдаг. Би тэднийг Иаковын дунд тараан Израйлын дунд бутаргана.

8 Иуда, чамайг ах дүү чинь магтана. Чиний гар дайснуудын чинь хүзүүн дээр байх болно. Эцгийн чинь хөвгүүд чамд мэхийнэ. 9 Иуда бол арслангийн гүег. Тэрбээр арслан шиг мярааж, суниана. Арслан шиг түүнийг, хэн өдөөж зүрхлэх билээ? 10 Шилог* иртэл очирт таяг Иудагаас салахгүй. Захирагчийн таяг ч хөлийнх нь хоорондоос салахгүй. Хүмүүс түүнийг дуулгавартай дагана. 11 Тэрбээр илжгээ усан үзмийн модноос, дудрангаа сайн усан үзмийн модноос уяна. Хувцсаа дарсанд, гадуур хувцсаа усан үзмийн шүүсэнд угаана. 12 Дарс уусаар нүд нь улайж, сүү уусаар шүд нь цайна.

13 Зебулун далайн эрэг хавиар нутаглана. Хөлөг онгоцнуудын зангуугаа хаядаг эрэг хавиар оршин сууна. Алс холын хил нь Сидоны зүгт байна.

14 Иссахар бол хоёр талдаа богцтой хэвтэх яс сайтай илжиг юм. 15 Тэрбээр амрах газар нь сайн, нутаг орон нь таатайг харна. Ачаа үүрэхийн тулд бөхийж, албадлагын ажил хийнэ.

16 Дан Израйлын нэг овог болж, ард түмнийг шүүнэ. 17 Дан морины өсгийг хазаж морьтныг гэдрэг унагадаг замын хажуугийн могой, замын хажуугийн эвэрт могой болог. 18 Ехова, таны аврахыг би хүлээнэ.

19 Гад руу дээрэмчдийн бүлэг довтлох боловч тэрбээр тэдний араас довтолно.

20 Ашер элбэг дэлбэг талхтай байх бөгөөд хааныг идээ ундаагаар хангана.

21 Нафтали бол шаламгай согоо. Тэрбээр яруу сайхан ярьдаг.

22 Иосеф бол булгийн дэргэдэх, үр жимстэй модны мөчир. Мөчрүүд нь хэрэм давж ургадаг. 23 Харваачид түүнийг үзэн ядаж, хайр найргүй дайрсаар харвав. 24 Гэсэн ч түүний гартаа барьсан нум байрандаа байлаа. Гар нь хүчтэй, шалмаг байсан. Энэ нь Израйлын чулуу болох хоньчноос буюу Иаковын хүчит нэгний гарын улмаас ажээ. 25 Тэр бол* чиний эцгийн Бурхнаас ирсэн бэлэг. Бурхан чамд тусална. Тэрбээр Төгс хүчит Нэгэнтэй хамт байдаг. Бурхан дээд тэнгэрийн ивээл, доод гүний ивээл, хөх болон умайн ивээлийг чамд хүртээнэ. 26 Чиний эцгийн ерөөл мөнхөд орших уулс, өнө мөнхөд байх толгодын үзэсгэлэнгээс ч илүү байх юм. Тэр ерөөл нь Иосефын толгой дээр, ах дүүгийнхээ дундаас тодрон гарсан нэгний толгойн титэм дээр үргэлж байх болно.

27 Бениамин олзоо чоно шиг урж тасдсаар байх юм. Барьснаа өглөө нь идэж, олзоо орой нь хуваана» гэжээ.

28 Эдгээр нь Израйлын 12 овог юм. Эцэг нь тэднийг ерөөхдөө ийн айлдаж, хүн бүрд тохирсон ерөөл хэлжээ.

29 Дараа нь Иаков тэдэнд тушаан «Би эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсох* гэж байна. Намайг өвөг дээдсийг минь оршуулсан, хит хүн Ефроны талбай дахь агуйд оршуулаарай. 30 Тэр агуй Канаанд, Мамрегийн ойролцоох Махпелагийн талбайд байдаг. Тэр талбайг Абрахам оршуулгын газар болгон өмчилж хит хүн Ефроноос худалдаж авсан юм. 31 Тэнд Абрахамыг, эхнэр Сараг нь оршуулсан. Бас Исаакийг, эхнэр Ребекаг нь оршуулсан. Тэнд би Леаг оршуулсан. 32 Тэр талбайг, талбай дахь агуйг хитчүүдээс худалдаж авсан юм» гэж хэлжээ.

33 Иаков хөвгүүддээ ийн захиад буцаж хэвтэн эцсийн амьсгалаа авч эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсжээ*.

50 Иосеф эцгийнхээ дээрээс бөхийн уйлж үнсэв. 2 Иосеф үйлчлэгч эмч нартаа эцгийг нь занданшуулахыг тушаахад эмч нар Израйлыг занданшуулав. 3 Ийнхүү бүтэн 40 хоног занданшуулжээ. Занданшуулахад ийм хугацаа ордог ажээ. Египетчүүд түүний хойноос 70 хоног гашуудав.

4 Гашуудах хугацаа дуусахад Иосеф фараоны ордныхонд «Би та нарын таалалд нийцсэн бол фараонд ийн уламжилж өгнө үү. 5 “Миний эцэг: «Би удахгүй үхнэ. Канаанд миний өөртөө бэлдсэн оршуулгын газарт намайг оршуулаарай» гэж хэлэхэд би эцэгтээ тангарагласан юм. Намайг явуулна уу. Би эцгээ оршуулаад ирье”» гэжээ. 6 Тэгэхэд фараон: «Явж тангарагласан ёсоороо эцгээ оршуулагтун» гэж хэлэв.

7 Ингээд Иосефыг эцгээ оршуулахаар явахад фараоны бүх зарц буюу ордны түшмэд, Египетийн бүх ноён хамт явжээ. 8 Бас Иосефын гэрийнхэн бүгдээрээ, ах дүү нь, эцгийнх нь гэрийнхэн явжээ. Тэд хүүхэд багачууд, мал сүргээ л Гошенд үлдээв. 9 Иосефтой хамт бас тэрэг, морьд хөлөглөсөн хүмүүс явлаа. Ийнхүү их олуулаа явжээ. 10 Тэд Иорданы бүс нутаг дахь Атадын үтрэм дээр ирээд ихэд эмгэнэн гашуудаж уйлав. Иосеф эцгийнхээ хойноос долоон хоног гашууджээ. 11 Тэр нутгийн канаанчууд Атадын үтрэм дээр тэдний гашуудахыг хараад «Египетчүүд ихэд гашуудаж байна даа» гэлцэв. Иймээс Иорданы бүс нутаг дахь тэр газрыг Абел-мизраим* гэх болжээ.

12 Хөвгүүд нь эцгийнхээ захисан ёсоор гүйцэтгэв. 13 Тэд түүнийг Канаанд авчраад Мамрегийн ойролцоох Махпелагийн талбай дахь агуйд оршуулжээ. Тэр талбайг Абрахам оршуулгын газар болгон өмчилж хит хүн Ефроноос худалдаж авсан билээ. 14 Иосеф эцгээ оршуулаад ах дүүтэйгээ, мөн оршуулгад явсан бүх хүнтэй хамт Египет рүү буцлаа.

15 Эцэг нь нас барахад Иосефын ах нар: «Иосеф өш санаж өөрт нь муу юм хийсэн биднээс хариугаа авч мэдэх юм» гэж ярилцав. 16 Иймээс тэд Иосефт хэл хүргүүлж «Чиний эцэг өнгөрөхөөсөө өмнө ингэж захисан билээ. 17 “Та нар Иосефт ингэж хэл. «Ах нарынхаа гэм бурууг уучилж, чамд муу юм хийсэн тэдний нүглийг уучлахыг чамаас гуйя»” гэсэн юм. Иймд эцгийнхээ Бурхны үйлчлэгчдийн гэм бурууг уучилна уу» гэв. Үүнийг сонсоод Иосеф уйлжээ. 18 Тэгэхэд ах нар нь бас ирээд сөхөрч «Бид бол таны зарц нар» гэсэнд 19 Иосеф: «Айх хэрэггүй. Би та нарыг шүүх Бурхан гэж үү? 20 Та нар надад хор хүргэх гэсэн боловч Бурхан энэ явдлыг сайнаар эргүүлж өнөөдрийнх шиг олон хүнийг аврах санаатай байжээ. 21 Иймээс бүү ай. Би та нарт, танай хүүхдүүдэд тариа будаа өгнө» гэж хэлэв. Ийнхүү Иосеф тэднийг тайвшруулж, тэдэнтэй ярилцаж санааг нь амраажээ.

22 Иосеф болон эцгийнх нь гэрийнхэн Египетэд амьдран суусаар байв. Иосеф 110 насалжээ. 23 Иосеф Ефраимын ач нарыг, Манассегийн хүү Махирийн хөвгүүдийг ч үзэв. Тэднийг төрсөн хүүхдүүд шигээ үздэг байлаа*. 24 Эцэст нь Иосеф ах дүүдээ «Нүд аних цаг минь болжээ. Гэхдээ Бурхан та нарыг анхаарч, энэ нутгаас гарган Абрахам, Исаак, Иаковт амласан газартаа аваачих нь гарцаагүй» гэж өгүүлэв. 25 Тэгээд Иосеф: «Бурхан та нарыг анхаарах нь дамжиггүй. Та нар миний ясыг эндээс авч яваарай» гэж хэлэхэд Израйлын хөвгүүд тангараглажээ. 26 Иосеф 110-тайдаа нас барав. Тэд түүнийг занданшуулж Египетэд авсанд хийсэн юм.

буюу сансар огторгуй

Библид «өдөр» гэдгээр 24 цагаар хэмжигдэх хугацааг төдийгүй харилцан адилгүй үргэлжлэх хугацааг хэлэх нь бий.

буюу агаар мандал

Үүнд далавчтай шавж бас багтах бололтой.

Ингэж орчуулсан еврей үгээр бас мэрэгч, шавж болон жижиг биетэй амьтдыг хэлдэг бололтой.

Бурхны оноосон нэр буюу יהוה (ЙХВХ) энд анх удаа гардаг. Хавсралт А4-ийг үзнэ үү.

Бүтээлийн зургаан өдрийг нийтэд нь хэлсэн.

Еврейгээр «нефеш». Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.

Энэ мод нь зөв, буруугийн талаарх хэм хэмжээг тогтоох Бурхны эрхийг төлөөлдөг.

Бделлиум хэмээх давирхайг халуун оронд ургадаг, жижиг навчтай, өргөстэй, бутлаг модноос гаргаж авдаг.

Бас Хиддекел гэдэг.

Еврей үг нь «нийлүүлээд наачихсан мэт салахгүй байх» гэсэн утгатай.

Эсвэл «гярхай, зальтай»

Эсвэл «мэргэн ухаантай болгомоор» гэсэн бололтой.

буюу орой болохын алдад

«Хүн, газрын хүн» гэсэн утгатай.

«Амьд нэгэн» гэсэн утгатай.

Бусдад сануулга болгох үүднээс гаргасан тунхаг бололтой.

Эсвэл «Нод гэдэг газар»

Эсвэл «лимбэчдийн»

Эсвэл дүү нь бололтой.

«Томилогдсон, өгөгдсөн» гэсэн утгатай.

Үгч. «бүтээсэн өдрөө». Библид «өдөр» гэдгээр 24 цагаар хэмжигдэх хугацааг төдийгүй харилцан адилгүй үргэлжлэх хугацааг хэлэх нь бий.

Еврейгээр «адам»

«Амралт, тайвшрал» гэсэн утгатай бололтой.

Тэнгэрийн элчүүдийг хэлдэг еврей хэлц үг

Үерээр хорон муу хүмүүсийг устгатал 120 жил үлдсэнийг хэлжээ.

«Унагаагч» буюу бусдыг унагадаг гэсэн утгатай бололтой. Үгийн тайлбараас «Нефилим»-ийг үзнэ үү.

Эсвэл «гашуудан»

1 тохой нь 44,5 см. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Еврейгээр «цохар». Энэ үгээр гэгээвчийг биш, нэг тохой өндөр, налуу дээврийг хэлдэг гэж тайлбарлах нь бий.

Эсвэл «бүх цэвэр амьтнаас долоон хосыг» гэсэн бололтой.

Эсвэл «тэнгэрийн шувуудаас долоон хосыг» гэсэн бололтой.

1 тохой нь 44,5 см. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Эсвэл «Еховаг тайвшруулав»

Эсвэл «амь болох цусыг нь урсгавал»

буюу амийг хөнөөнө

Эсвэл «далайн эрэг орчмын»

Эсвэл «Түүний хаант улсын анхны хотууд нь Шинарын нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калне юм»

Эсвэл «Эдгээр нь нийлээд их хот болдог ажээ» гэсэн бололтой.

Эдгээр нэрээр Мизраимаас үүссэн овог, ард түмнийг хэлсэн байж болох юм.

Еврей эх бичгийг үзвэл Шем нь Иафетын ах гэж ойлгогдож болохоор байдаг.

«Хуваагдах» гэсэн утгатай.

«Хутгалдуулах» гэсэн утгатай.

Еврей үг нь Бурхнаас тусламж хүсэн нэрийг нь дуудах, түүнд итгэж найдах, нэрийг нь тунхаглах гэсэн санаа агуулдаг.

Еврей үг нь Бурхнаас тусламж хүсэн нэрийг нь дуудах, түүнд итгэж найдах, нэрийг нь тунхаглах гэсэн санаа агуулдаг.

Сөнөсөн тэнгис

«Ехова сонсдог» гэсэн утгатай.

Хараат бус байхыг нь хэлсэн бололтой.

Эсвэл «бүх ах дүүдээ дайсагнаж амьдарна» гэсэн бололтой.

«Намайг хардаг амьд нэгний худаг» гэсэн утгатай.

«Өргөмжлөгдсөн эцэг» гэсэн утгатай.

«Түмэн олны эцэг» гэсэн утгатай.

«Хэл амтай» гэсэн утгатай бололтой.

«Язгууртан эмэгтэй» гэсэн утгатай.

«Инээд» гэсэн утгатай.

Үгч. «сеа». 1 сеа нь 7,33 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

буюу үнэнчээр хайрласан

«Жижиг» гэсэн утгатай.

Эсвэл «намайг хараад инээнэ» гэсэн бололтой.

«Тангаргийн худаг» эсвэл «Долоогийн худаг» гэсэн утгатай.

Еврей үг нь Бурхнаас тусламж хүсэн нэрийг нь дуудах, түүнд итгэж найдах, нэрийг нь тунхаглах гэсэн санаа агуулдаг.

«Ехова хангана, Ехова харна» гэсэн утгатай.

буюу хотуудыг

1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Багад нь асарч байгаад шивэгчин нь болсон хүн.

буюу хотуудыг

Эдгээр еврей нэрээр овог, ард түмнийг хэлсэн бололтой.

Үгч. «өөрийнхөнтэйгөө нийлжээ»

Үгч. «өөрийнхөнтэйгөө нийлжээ»

Эсвэл «бүх ах дүүдээ дайсагнан амьдардаг байжээ» гэсэн бололтой.

«Үсэрхэг» гэсэн утгатай.

«Өсгийнөөс зуурагч, бусдын байрыг эзлэгч» гэсэн утгатай.

Эсвэл «нэг балгуулаач»

Эсвэл «өлсөж»

«Улаан» гэсэн утгатай.

Эсвэл «тэвэрч»

Эсвэл «сайрт»

Эсвэл «сайрт»

«Хэрүүл маргаан» гэсэн утгатай.

«Гүтгэлэг» гэсэн утгатай.

«Өргөн уудам газар» гэсэн утгатай.

«Өсгийнөөс зуурагч, бусдын байрыг эзлэгч» гэсэн утгатай.

Эсвэл «чамайг ална гэж өөрийгөө тайвшруулж байна»

Эсвэл «газар дэлхий дээрх бүх гэр бүлд ивээл хүртэх боломж олдох юм»

«Бурхны өргөө» гэсэн утгатай.

Канаанаас зүүн зүгийн нутаг

Эсвэл «Би түүнтэй унтъя»

Үгч. «үзэн ядагдсаныг»

«Хар даа, хүү байна» гэсэн утгатай.

«Сонссон» гэсэн утгатай.

«Наалдсан, нийлсэн» гэсэн утгатай.

«Магтуулсан нэгэн» гэсэн утгатай.

«Шүүгч» гэсэн утгатай.

«Би барилдсан» гэсэн утгатай.

«Аз» гэсэн утгатай.

«Жаргал» гэсэн утгатай.

Төмсний овогт багтдаг нэгэн төрлийн жимс. Шар, улбар өнгөтэй, чавга шиг хэлбэртэй, тошлойтой төстэй. Энэ жимсийг нөхөн үржихүйн чадварыг сайжруулдаг гэж үздэг байжээ.

«Тэр бол хөлс» гэсэн утгатай.

«Хүлээн зөвшөөрөх» гэсэн утгатай.

Иосифиа гэдэг нэрийн товчилсон хувилбар. «Яа нэмэг, өсгөг» гэсэн утгатай.

Эсвэл «баримтаас»

Евфрат мөрөн

«Гэрч овоо» гэсэн утгатай арамей үг.

«Гэрч овоо» гэсэн утгатай еврей үг.

«Хоёр хуаран» гэсэн утгатай.

«Бурхантай тэмцэлдэгч» эсвэл «Бурхан тэмцдэг» гэсэн утгатай.

«Бурхны нүүр» гэсэн утгатай.

буюу Пениелээс

«Саравч» гэсэн утгатай.

«Бетелийн Бурхан» гэсэн утгатай.

«Гашуудлын царс» гэсэн утгатай.

«Шаналлын минь хүү» гэсэн утгатай.

«Баруун гарын хүү» гэсэн утгатай.

Үгч. «өөрийнхөнтэйгөө нийлжээ»

Эсвэл эгч нь байж болох юм.

Ус хуримтлуулахаар ухсан нүхнүүд байсан бололтой.

буюу Шеолд. Хүн төрөлхтний нийтийн булшийг хэлдэг. Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.

Үгч. «үрийн шингэнээ газар асгадаг»

«Урагдах» гэсэн утгатай. Хярзан урагдахыг хэлсэн бололтой.

Үгч. «нөөцлүүрт», «нүхэнд»

Үгч. «нөөцлүүрээс», «нүхнээс»

Хүндэтгэхийг шаардсан үг бололтой.

Энэ хотыг бас Хелиополис гэдэг.

Эсвэл «фараонд үйлчилж эхлэхдээ»

Энэ хотыг бас Хелиополис гэдэг.

«Мартуулдаг нэгэн» гэсэн утгатай.

«Хоёр дахин олон хүүхэдтэй болголоо» гэсэн утгатай бололтой.

Үгч. «талхтай»

Үгч. «талх»

Үгч. «цусыг»

буюу Шеолд. Хүн төрөлхтний нийтийн булшийг хэлдэг. Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.

буюу батлан даая

буюу Шеолд. Хүн төрөлхтний нийтийн булшийг хэлдэг. Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.

буюу Шеолд. Хүн төрөлхтний нийтийн булшийг хэлдэг. Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.

Энэ хотыг бас Хелиополис гэдэг.

Үгч. «хамт явсан»

буюу нэг уулын бэл

Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.

Эсвэл «Бодол санаа» гэсэн бололтой.

«Эзэмшигч» гэсэн утгатай.

Иосефыг хэлжээ.

Үгч. «Би өөрийнхөнтэйгөө нийлэх»

Үгч. «өөрийнхөнтэйгөө нийлжээ»

«Египетчүүдийн гашуудал» гэсэн утгатай.

Үгч. «Тэд Иосефын өвдгөн дээр төржээ»

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах