БУРХНЫ ҮЗЭЛ БОДОЛ
Порно
Порно үзэх нь буруу юу?
«Эмэгтэй хүнийг харсаар байгаад тачааддаг хэн боловч тэр эмэгтэйтэй бодол санаандаа аль хэдийн завхайрчээ» (Матай 5:28).
НУХАЦТАЙ БОДОХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Өнөөдөр порног хаанаас л бол хаанаас амархан үзэх боломжтой болсон. Бурхны тааллыг олж, жаргалтай сайхан амьдаръя гэвэл порног Бурхан юу гэж үздэгийг мэдэх хэрэгтэй.
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
Библид порно гэдэг үг гардаггүй ч порно үзэх нь Библийн олон зарчимтай илт зөрчилддөг.
Библид гэрлэсэн эрэгтэй эхнэрээсээ өөр «эмэгтэй хүнийг харсаар байгаад» бэлгийн харьцаанд орох хүслээ өөгшүүлж, яваандаа завхайрч магадгүй гэсэн байдаг. Библийн энэ зарчим нь бэлгийн харьцаанд орох хүслээ өөгшүүлж, порно дүрс зургийг «харсаар» байдаг гэрлэсэн ч бай, гэрлээгүй ч бай бүх хүнд хамаатай. Ийм үйлдэл Бурханд үнэхээр гутамшигтай санагдах нь ойлгомжтой.
Садар самуунтай орооцолдохгүй гээд порно үзэх нь үнэхээр буруу юу?
«Тиймээс садар самуун, бузар булай явдал, тачаал[аас] ... хол байхын тулд биеийнхээ эрхтнүүдийг үхүүл» (Колосай 3:5).
ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ?
Бэлгийн харьцааны гажууд үйлдлүүд порнотой үнэхээр холбоотой эсэхэд зарим судлаачид эргэлздэг. Тэгвэл порно үзэх нь үнэхээр бузар явдал уу?
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
Библид «Шалиг завхай юм ярьж хошигнох нь зохисгүй» гэж байдаг (Эфэс 5:3, 4). Тэгвэл порно үзэх нь бүүр зохисгүй байх нь ээ. Өнөө үед порно материал гэдэгт завхай явдал, ижил хүйстэнтэйгээ явалдах, садар самууны бусад хэлбэрийг бодитоор харуулсан дүрс бичлэг багтдаг. Ийм юм Бурханд ямар санагдах вэ? Садар самуун, бузар булай юмыг хорхойсон үзэх нь шалиг завхай юм ярихаас илүү ой гутам санагдах нь ойлгомжтой.
Судлаачид порно үзлээ гээд шалиг завхай юм бодож, садар самуун үйлдэхэд хүргэх нь юу л бол гэж маргадаг. Гэхдээ порно үздэг хүн Бурхантай дотно байж чадахгүй. Бурхан ийм юмыг маш их жигшдэг нь Библиэс тодорхой харагддаг. Библид «Садар самуун, ... тачаал[аас] ... хол байхын тулд биеийнхээ эрхтнүүдийг үхүүл» гэсэн сануулга бий (Колосай 3:5). Порно үздэг хүмүүс яг үүний эсрэг юм хийдэг. Буруу хүслээ өөгшүүлэн дэвэргэдэг.
Порно үзэхгүй байхад юу тус болох вэ?
«Мууг биш, харин сайныг хай. ... Мууг үзэн яд, сайныг хайрла» (Амос 5:14, 15).
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
Библид завхай, архичин, хулгайч хүмүүс ийм муухай үйл хэргээсээ салсан тухай гардаг (1 Коринт 6:9–11). Яаж салсан бэ? Бурхны Үгэнд байдаг мэргэн зөвлөгөөг хэрэгжүүлж, бузар мууг үзэн ядаж сурчээ.
Энэ муухай зуршил ямар хор хөнөөлтэй үр дагаварт хүргэдгийг эргэцүүлэн бодвол үзэн ядаж сурна. Юта мужийн их сургуулийн саяхны гаргасан судалгаанаас үзвэл порно үздэг зарим хүн «сэтгэл гутралд ордог, бусдаас зожгирдог, бусадтай харьцах харьцаанд нь асуудал үүсэх» гэх мэтээр гунигт үр дагаварт хүрдэг байна. Түүнээс гадна дээр дурдсанчлан порно нь Бурхны жигшил зэвүүцлийг хүргэдэг учир өөр бүр ноцтой үр дагаварт хүргэдэг. Хүнийг Бүтээгчээс нь холдуулдаг.
Библи бидэнд сайныг хайрлахыг зааж өгдөг. Библийг унших тусам ёс суртахууны өндөр хэм хэмжээг улам илүү эрхэмлэн хайрладаг болно. Сайныг хайрлах сэтгэлтэй хүн порноноос эрс татгалзана. Бас «Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй» гэж бичсэн дуулалчийг дуурайна (Дуулал 101:3).