Нас барагсад ирээдүйд яах вэ?
Нас барсан дотнын хүмүүс маань яах бол оо гэж олон хүн санаа зовдог. «Тэдэнтэйгээ эргээд уулзах болов уу?» гэж боддог. Та ч гэсэн тэгж бодож байсан байх. Энэ л дэлхий дээрээ, хамгийн сайхан орчинд хайртай хүмүүстэйгээ дахин уулзах боломж бий гэвэл танд ямар санагдах вэ?
Бурхны бичүүлсэн ном гэж олон хүний үздэг Библид: «Үхэгсэд амилж, ...босно» гэж амласан байдаг. Бас «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» хэмээжээ (Исаиа 26:19; Дуулал 37:29).
Эдгээр амлалтад бат итгэхийн тулд юуны түрүүнд «Хүн яагаад үхдэг вэ? Үхээд яадаг вэ? Нас барагсад дахин амилна гэдэгт итгэхийн учир юу вэ?» гэх зэргийн чухал асуултын хариуг мэдэх хэрэгтэй.
Үхэл гэж юу вэ? Хүн үхээд яадаг вэ?
Ехова гэдэг Бүтээгч Бурхан анх хүнийг бүтээхдээ мөнх амьдруулах зорилготой байсныг Библид тодорхой бичжээ. Бурхан анхны хос Адам Еваг бүтээгээд диваажин шиг сайхан, Еден гэдэг цэцэрлэгт суулгажээ. Тэгээд тэднийг үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болж, бүх дэлхийг тэр цэцэрлэг шиг болгохыг даалгажээ. Харин Бурхны хуулийг зөрчвөл тэд үхэх байв (Эхлэл 1:28; 2:15—17).
Адам Ева хоёр сайхан сэтгэлийг нь үнэлэлгүй, дуулгаваргүй загнасан тул Ехова Бурхан тэдэнд ял оноосон. Бурхан Адамд: «Чи газар шороондоо эргэж очно... Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж мэдэгджээ (Эхлэл 3:19). Бурхан Адам гэдэг хүнийг бүтээхээс өмнө тоос шорооноос өөр юу ч байгаагүй. Адам дуулгаваргүй зан буюу гэм нүглийнхээ төлөө эргээд тоос шороо болох ял авч, оршин байхаа больжээ.
Тэгэхлээр, амьгүй болохыг үхэл гэдэг байх нь. Библид: «Нүглийн хөлс бол үхэл, харин Бурхны бэлэг бол... мөнх амь мөн» гэж бичсэн нь үхэл амьдрал хоёрын ялгааг онцолсон хэрэг ажээ (Ром 6:23). Нас барсан хүнд ямар ч мэдрэмж байдаггүйг Библид: «Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй» гэж тайлбарлажээ (Номлогчийн үгс 9:5). Бас, хүн үхээд «газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг» гэж бичжээ (Дуулал 146:3, 4).
Гэхдээ Бурхны хуулийг анх зөрчсөн нь Адам Ева хоёр атал бид яагаад үхдэг юм бэ? Яагаад гэвэл, бид бүгдээрээ Адамыг дуулгаваргүй болсны дараа төрж, нүгэл, үхлийг өвлөн авсан. Үүнийг Библид: «Нэг хүнээр [Адамаар] ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс... үхэл нь бүх хүнд иржээ» гэж тайлбарладаг (Ром 5:12; Иов 14:4).
Гэхдээ зарим хүн: «Хүнийг үхэхэд сүнс нь үлддэг биз дээ?» гэж асууж магадгүй. Олон шашин үхэшгүй мөнхийн сүнс, хойд нас байдаг гэж сургадаг. Гэхдээ энэ бол Библийн сургаал биш ээ. Хүнийг нас барахад бие нь үхэж, сүнс нь амьд үлддэг гэсэн санаа Библийн хаана ч байдаггүй. Библийн эх бичигт «үхэшгүй мөнхийн сүнс» гэдэг үгийг огт хэрэглээгүй ажээ.
Нас барагсад дахин амилах нь
Хүн төрөлхтнийг нүглийн эрхшээлд орж, үхдэг болсны дараа Бурхан нас барагсдыг дахин амилуулах зорилгоо мэдэгджээ. Тийм учраас, эрт цагт Ехова Бурхныг шүтдэг байсан Абрахам гэгч хүний тухай Библид: «Бурхан [хүү Исаакийг нь] үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн» гэж тэмдэглэсэн байдаг (Еврей 11:17—19). Абрахам бүтэшгүй юманд итгэж найдсан хэрэг биш байсан. Яагаад гэвэл, Библид Төгс хүчит Бурхны тухай: «Тэр үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан мөн. Учир нь Түүний хувьд бүгд амьд» хэмээсэн байдаг (Лук 20:37, 38).
Тийм ээ, Ехова бол таалдаг хүнээ дахин амилуулах чадалтай бөгөөд хүсэлтэй Төгс хүчит Бурхан билээ. Бурхны Хүү Есүс Христ нэгэнтээ: «Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна» гэж хэлжээ (Иохан 5:28, 29; Үйлс 24:15).
Есүс ингэж хэлснээсээ хойш удалгүй Израилийн Найн хотоос гарч явсан оршуулгатай таарсан тухай Библид тэмдэглэсэн байдаг. Нас барсан залуу, бэлэвсэн эмэгтэйн цор ганц хүүхэд байжээ. Асар их гашуудаж буй эмэгтэйг хараад Есүс өрөвдөж, шарилд хандан: «Би чамд хэлж байна. Залуу минь, бос!» гэхэд үхсэн хүн босоод иржээ. Ийнхүү Есүс, хүүг эхэд нь амилуулж өгсөн байна (Лук 7:11—17).
Түүнээс гадна, Есүсийг иудейн синагогийн ахлагч Иайр гэдэг хүний гэрт очиход дээрх бэлэвсэн эмэгтэйд тохиолдсон шиг явдал болжээ. Есүсийг ирэхээс өмнө Иайрын 12 настай охин нас барчихсан байв. Есүс үхсэн хүүхдэд дөхөж очоод: «Охин минь, бос» гэж хэлэхэд охин босоод иржээ! (Лук 8:40—56).
Тэр явдлаас хойш Есүсийн найз Лазар бас нас барсан. Есүсийг гэрт нь ирэхэд Лазар нас бараад дөрөв хоночихсон байлаа. Дүү Марта нь ахынхаа хойноос их гашуудаж байсан ч: «Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ» гэж хэлжээ. Тэгэхэд нь Есүс Лазарыг оршуулсан агуй уруу очиж, амыг нь тагласан чулууг холдуулахыг гуйгаад: «Лазар, гараад ир» гэж хашхирсанд гараад ирэв! (Иохан 11:11—44).
Лазар нас бараад дөрөв хонохдоо ямар байдалд байсныг бодож үзье. Тэрбээр тэнгэрт гарч жаргасан юм уу тамд унаж зовсон тухай юу ч яриагүй. Хэрэв тийм юм үнэхээр болсон бол заавал ярих байсан. Лазар үхээд ямар ч ухаангүй байсан бөгөөд Есүс түүнийг тэр үед амилуулаагүй бол «эцсийн өдрийн амилалт» болтол тэр л хэвээрээ байх байв.
Есүсийн амилуулсан хүмүүс дахиад үхсэн учраас үйлдсэн гайхамшиг нь цаг зуурын ач тустай байсан нь үнэн. Гэхдээ нас барагсад Ехова Бурхны хүчээр дахин амилна гэдгийг тэртээ 1 900 гаруй жилийн өмнө ийнхүү батлан харуулсан. Тэгэхлээр, Есүс дэлхийг захирах цагтаа юу хийхээ үйлдсэн гайхамшгаараа урьдчилан үзүүлжээ.
Дотнын хүн маань нас барахад...
Бурхан нас барагсдыг дахин амилуулна гэдгийг та мэддэг ч үхэл гэдэг дайсан дотнын хүнийг тань авч одоход асар ихээр эмгэнэн гашуудаж болох юм. Өмнө бидний ярилцаж байсан Абрахам эхнэр Сарагаа нас барахад дахин амилна гэдэгт нь эргэлзээгүй ч «Сарагийн төлөө гашуудан уйлсан» гэж Библид тэмдэглэсэн байдаг (Эхлэл 23:2). Тэгвэл Есүсийн тухайд юу хэлж болох вэ? Лазарыг нас барахад Есүс «гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж, уйлав» гэж бичжээ (Иохан 11:33, 35). Тэгэхлээр, дотнын хүн тань нас барахад уйлж гашуудах нь сул доройн шинж биш ээ.
Хүүхдээ алдсан эх хүний элэг үнэхээр эмтэрдэг гэлтэй. Эх хүний тэр гашуун зовлонг Библид ч хүлээн зөвшөөрдөг (Хаадын дэд 4:27). Үр хүүхдийнхээ хойноос гашуудаж буй эцэг хүн ч гэсэн энэлэн шаналдаг. Эртний Израилийн хаан Давид хүү Абсаломоо үхэхэд, «Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм» хэмээн харамсан гашуудаж байсан (2 Самуел 18:33).
Гэхдээ нас барагсад дахин амилна гэдэгт итгэдэг хүний уй гашуу тайлагдашгүй биш ээ. Тийм хүн «ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудахгүй» гэж Библид бичжээ (1 Тесалоник 4:13). Хэрэв та Ехова Бурханд хандан залбирвал Ехова таныг заавал дэмжинэ (Дуулал 55:22).
Хэрэв өөр заалт байхгүй бол Библийн ишлэлийг «Ариун Библи» (АББН, 2004 он) орчуулгаас авсан болно.