Гэр бүлээрээ жаргагтун
Гэр бүл үнэхээр аз жаргалтай байж болох уу?
Яавал аз жаргалтай болох вэ?
Энэхүү танилцуулга дээр дүрсэлсэн шиг тийм аз жаргалтай, эв нэгдэлтэй гэр бүлийг та мэдэх үү? Газар сайгүй гэр бүлүүд салж сарниж байна. Гэр бүл салалт, ажлын байрны баталгаа үгүй болж буй явдал, эцэг эхийн аль нэг нь өрх толгойлох болсон, урам хугарсан байдал зэрэг нь хямралыг улам ихэсгэж байна. Гэр бүлийн амьдрал судалдаг нэгэн мэргэжилтэн: «Гэр бүлийн сүйрлийн талаарх урьдчилсан дүгнэлт одоо хүн бүхэнд нэгэнт тодорхой болжээ» хэмээн харамсан өгүүлжээ.
Гэр бүлүүд ийм олон ноцтой бэрхшээлтэй тулгардгийн учир юу вэ? Гэр бүлийн маань амьдрал яавал жаргалтай байж болох вэ?
Гэр бүлийн үүсэл
Эдгээр асуултад хариулахын тулд гэрлэлт хийгээд гэр бүлийн уг гарлыг мэдэх хэрэгтэй. Хэрэв үүнийг Санаачлагч буюу Бүтээгч байдаг бол гэр бүлийн гишүүд түүнээс удирдамж зөвлөгөө авах нь зүйн хэрэг. Учир нь, Бүтээгч л бидний гэр бүлийн амьдрал яавал бүрэн дүүрэн аз жаргалтай байх вэ гэдгийг хамгийн сайн мэдэх учиртай.
Сонирхолтой нь, гэр бүлийг Санаачлагч гэж байдгийг олон хүн мэддэггүй. «Америкийн нэвтэрхий толь»-д («The Encyclopedia Americana»): «Зарим эрдэмтэд гэр бүлийн үүслийг, хүнээс доогуур түвшний амьтад хосоороо амьдардагтай холбон тайлбарлах гэж өрөөсгөл ханддаг» гэжээ. Гэтэл, Есүс Христ эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээсэн тухай ярьсан. Тэрбээр Библийн эртний бичээсээс иш татан, «Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» хэмээн өгүүлжээ (Матай 19:4—6).
Тийм ээ, үнэхээр Есүс Христийн зөв. Мэргэн ухаант Бурхан анхны хүмүүсийг бүтээсэн ба тэдний гэр бүл аз жаргалтай байх талаар санаа тавьжээ. Бурхан анхны хосыг гэр бүл болгон нийлүүлээд, эр хүн «эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» гэж хэлжээ (Эхлэл 2:22—24). Тэгвэл, Бүтээгчийн Үгээрээ буюу Библиэр дамжуулан тогтоосон хэм хэмжээг зөрчсөн амьдралын хэв маягаас болоод өнөөгийн гэр бүлүүд бэрхшээлтэй тулгардаг байж болох уу?
Сайн сайханд хүргэх ямар зам байна вэ?
Өнөөгийн нийгэм хүнийг амин хувийнхаа ашиг сонирхлын төлөө юу ч хийхээс буцахгүй болгодгийг та андахгүй болсон нь эргэлзээгүй. Америкийн нэгэн санхүүч, коллежийн төгсөх ангийнханд хандан: «Шунал бол хэвийн л зүйл. Та шуналтай байж болох юм. Гэхдээ, өөрийнхөө тухай сайнаар л бодно шүү дээ» хэмээн өгүүлжээ. Гэвч, эд баялгийн хойноос хөөцөлдөх нь сайн сайханд хүргэдэггүй. Үнэндээ, эд баялгийг эрхэмлэх нь гэр бүлийн амьдралд аюул занал учруулдаг ноцтой зүйлүүдийн нэг мөн. Яагаад гэвэл энэ нь хүмүүсийн харьцааг эвдэж, цаг завыг нь үрж, мөнгийг үгүй хийдэг. Харин, үүний оронд аз жаргалтай байхад маань юу чухал вэ гэдгийг ойлгоход тус болохуйц Библийн ердөө хоёр сургаалт үгийг авч үзье.
«Үзэн ядалтаар дүүрсэн газар тарган шарын мах огтолсноос, хайраар дүүрсэн газар таваг шөл хүртсэн нь дээр».
«Хэрүүлийн бузартай гэрт тарган цатгалан амьдарснаас хээрийн амгалан талд хатсан талх мэрсэн нь дээр».
Сургаалт үгс 15:17; 17:1, ШЕ.
Үнэхээр тийм биш гэж үү? Хэрэв, эдгээр сургаалыг гэр бүл болгон дагаж мөрддөг байсан бол хүний ертөнц хэчнээн өөр байх байсныг бодоод үз л дээ! Түүнчлэн, гэр бүлийн гишүүд бие биетэйгээ хэрхэн харьцах тухай үнэтэй зөвлөгөө Библид байдаг. Түүний зарим нэгээс авч үзье.
Нөхрүүдэд: «Өөрийн бие адил эхнэрээ хайрлах ёстой»
(Эфэс 5:28—30).
Энгийн боловч их тустай зөвлөгөө! Библид, нөхөр нь эхнэрээ хүндлэхийг зөвлөдөг (1 Пэтр 3:7). Эхнэрээ ойлгон, эелдэг зөөлөн харьцаж, эхнэртээ түшиг болон онцгой анхаарал тавьснаар эр нөхөр үүнийг биелүүлэх болно. Тэрчлэн, нөхөр хүн эхнэрийнхээ санал бодлыг үнэлдэг ба үгийг нь сонсдог байх ёстой. (Эхлэл 21:12 харьцуул.) Хэрэв нөхөр нь эхнэртэйгээ харьцахдаа, хүмүүс өөртэй нь хэрхэн харьцахыг хүсдэг шиг харьцвал энэ нь ямар ч гэр бүлд ач тустай гэдгийг та зөвшөөрөхгүй гэж үү? (Матай 7:12).
Эхнэрүүдэд: «Эхнэр нь нөхрөө хүндэтгэх ёстой» (Эфэс 5:33, ШГ).
Амаргүй үүргээ биелүүлэхэд нь нөхөртөө тусалснаар эхнэр хүн гэр бүлийнхээ аз жаргалд хувь нэмрээ оруулдаг. Учир нь Бурхан эхнэр хүнийг нөхрийн «дутууг гүйцээх туслагч» байхаар бүтээж өгсөн юм (Эхлэл 2:18, ШЕ). Хэрэв эхнэр нь нөхрийнхөө гаргасан шийдвэрийг дэмжин, гэр бүлийнхээ зорилгод хүрэхийн тулд санаа нийлэн ажиллаж, нөхөртөө хүндэтгэл үзүүлдэг бол энэ нь гэр бүлийнхээ амьдралд оруулж байгаа ивээл гэж та үзэх үү?
Нөхөр, эхнэрүүдэд: «Нөхөр, эхнэр аль нь ч самуун явдлыг тэвч» (Еврей 13:4, ШГ).
Нөхөр эхнэр хоёр бие биедээ үнэнч байвал гэр бүлийн амьдрал тэгш байх нь эргэлзээгүй. Садар самуун явдал нь ихэнхдээ гэр бүлийг сүйрүүлдэг (Сургаалт үгс 6:27—29, 32). Тийм болохоор: «Залуу байхдаа гэрлэсэн эхнэртэйгээ баяр жаргалыг эдэл.... Хайрын үндсэн дээр түүнтэйгээ биеийн жаргалыг эдэл.... Өөр хүний эхнэртэй дэр нийлүүлэх замаар эдлэх ёстой юм уу?» хэмээн Библийн уриалдаг нь зөв юм (Сургаалт үгс 5:18—20).
Эцэг, эхчүүдэд: «Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдээ багаас нь сурга» (Сургаалт үгс 22:6).
Эцэг эхчүүд цаг зав гарган хүүхдүүддээ анхаарал тавьдаг бол гэр бүлийн амьдралд сайнаар нөлөөлнө. Иймээс «гэртээ байхдаа ч, замд явахдаа ч, хэвтээ босоо аль ч үедээ» зөв зарчимд үр хүүхдээ сургахыг Библи эцэг эхчүүдээс шаарддаг (Дэд хууль 11:19, ШЕ). Түүнчлэн, эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэн хайраа илэрхийлэх хэрэгтэй гэж Библи зөвлөдөг (Эфэс 6:4).
Хүүхдүүдэд: «Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага» (Эфэс 6:1).
Энэхүү ёс бус ертөнцөд эцэг эхийнхээ үгийг дагах нь тийм ч амаргүй гэдэг нь үнэн. Гэвч, гэр бүлийг Санаачлагчийн бидэнд хандан хэлдгийг гүйцэлдүүлэх нь зөв зүйтэй гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү? Тэрбээр, гэр бүлийн амьдралаа илүү аз жаргалтай болгоход маань чухам юу хэрэгтэй болохыг мэддэг. Иймээс, эцэг эхийнхээ үгэнд орохыг ямагт хичээ. Муу зүйл хийх хүсэл төрүүлж, уруу татагч энэ дэлхийн элдэв нөлөөллөөс шийдэмгийгээр зайлсхий (Сургаалт үгс 1:10—19).
Гэр бүлийн гишүүдээс Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийн хирээр гэр бүлийн амьдрал өөдрөг сайн байх болно. Гэр бүлийн амьдрал зөвхөн өнөөдөр сайжирч, аз жаргалтай болоод зогсохгүй, тэд Бурхны амласан гайхамшигтай шинэ ертөнцөд амьдрах найдвартай болно (2 Пэтр 3:13; Илчлэлт 21:3, 4). Тиймээс, гэр бүлээрээ хамтдаа Библи судлах явдлыг хэвшил болго! Дэлхий даяар сая сая хүн «Гэр бүлийн аз жаргалын нууц» номд үнэхээр ашигтай зөвлөгөө байдгийг олж мэдсэн билээ.
Хэрэв өөр заалт байхгүй бол Библийн ишлэлийг «Хуучин Гэрээ» (МБОХ, 1998), «Шинэ Гэрээ» (МБОХ, 1996) орчуулгаас авсан болно. Бусад орчуулга: ШГ — «Шинэ Гэрээ» (ОҮМБОХ, 1998); ШЕ — англи «Ариун Бичээсийн Шинэ Ертөнцийн Орчуулга».