Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • гб бүлэг 10 х. 116-127
  • Гэрийнхний хэн нэг нь өвдвөл

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гэрийнхний хэн нэг нь өвдвөл
  • Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ТА ЯАХ БОЛ?
  • ЗӨВ ХАНДЛАГАТАЙ БАЙХ НЬ
  • УХААЛГААР ШИЙДЭХ НЬ
  • ХҮҮХДЭДЭЭ ТУСЛАХ НЬ
  • ЭМЧИЛГЭЭ СОНГОХ НЬ
  • Иов бол тэсвэр тэвчээр, үнэнч байдлын үлгэр жишээ мөн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Гэр орноо хэрхэн авч явах вэ?
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • «Еховад найдагтун»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Иов бол Бурханд үнэнч хүн
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Илүү дэлгэрэнгүй харах
Гэр бүлийн аз жаргалын нууц
гб бүлэг 10 х. 116-127

БҮЛЭГ АРАВ

Гэрийнхний хэн нэг нь өвдвөл

1, 2. Иовын үнэнч байхыг болиулах гэж Сатан яасан бэ?

ГЭР БҮЛЭЭРЭЭ аз жаргалтай амьдарсан хүний тоонд Иов зүй ёсоор ордог. Түүнийг «дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн» гэж Библид тэмдэглэжээ. Долоон хүү, гурван охинтой тэрбээр бэл бэнчин сайтай, элбэг хангалуун амьдралтай хүн байв. Хамгийн гол нь, гэрийнхнээ сүнслэг үйл хэрэгт тэргүүлдэг, үр хүүхдийнхээ Еховатай тогтоосон харьцааг онцгойлон анхаардаг байсан. Энэ бүхний дүнд Иовынх элэгсэг дотно, жаргалтай сайхан амьдарч байжээ (Иов 1:1–5).

2 Ехова Бурхны гол дайсан Сатан түвшин сайхан амьдарч байсан Иовыг анхааралдаа авсан. Бурхны үйлчлэгчдийг үнэнч бус болгохыг цаг ямагт оролддог Сатан Иов руу довтолж, жаргалтай гэр бүлийг нь сүйтгэжээ. Тэгээд «хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь яр хатиганд бариулав». Сатан Иовыг үхэл хагацал, өвчин зовлон үзэхлээрээ Бурханд үнэнч байхаа болино гэж боджээ (Иов 2:6, 7).

3. Иовын өвчний шинж тэмдгийг хэлнэ үү.

3 Иов яг ямар өвчнөөр өвчилснийг Библид тодорхой бичээгүй боловч өвчнийх нь шинж тэмдгийг ингэж бичжээ. «Бие минь өтөнд болон тоосон хальсанд хучигдан, арьс минь эвэршин хагардаг. ... Миний амьсгал эхнэрт минь цээрлэгдэж, өөрийн ах дүүстээ би жигшигдэж байна» гэжээ (Иов 7:5; 19:17; 30:17, 30). Өвчиндөө шаналсан тэрбээр үнс нурман дунд сууж, ваарны хэлтэрхийгээр биеэ мааждаг байжээ (Иов 2:8). Яасан өрөвдмөөр юм бэ!

4. Гэр бүл болгонд хааяа юу тохиолддог вэ?

4 Та ийм өвчин туссан бол яах байсан бол? Дээр үед Сатан Иовд өвчин тусгасан нь үнэн. Харин өнөөдөр Бурхны үйлчлэгчдэд өвчин тусгадаггүй. Гэхдээ бид төгс бус байдал, сэтгэл зовоосон өдөр тутмын бэрхшээл, байгаль орчны бохирдол гэх зэргээс болж үе үе өвдөж шаналдаг. Иов шиг тэгж их шаналдаг хүн цөөхөн боловч бид бүгдээрээ яаж ч сэргийлээд өвдөж зовдог. Гэр бүлийнхний маань хэн нэг нь өвдөхөд тун амаргүй байдаг. Тиймээс хүн төрөлхтнийг үргэлж дагаж явдаг энэ дайсантай тэмцэхэд Библи хэрхэн тусалдгийг авч үзье (Номлогчийн үгс 9:11; 2 Тимот 3:16).

ТА ЯАХ БОЛ?

5. Нэгийгээ хэдэн өдөр өвдөхөд бусад нь яадаг вэ?

5 Амьдралын тогтсон хэв маяг ямар нэг шалтгаанаас болж алдагдахад амаргүй байдаг. Ялангуяа, гэр бүлийн гишүүдийн нэг нь өвдөж, удаан зовж шаналахад бүр хэцүү. Хэдхэн өдөр өвдөхөд л дадал хэвшлээ өөрчилж, юм юмаа зориулдаг. Ту⁠хайлбал, өвчтэй хүнийг сэрээчихгүйн тулд чимээ гаргахгүй байх юм уу ямар нэг юмаа хойш тавих хэрэг гарч мэднэ. Жаахан хүүхэд хүртэл өвдсөн нэгнээ, эцэг эхээ өрөвдөж хайрладаг. Гэхдээ хүүхэд л юм хойно дахин дахин хэлүүлж байж ухаарах нь бий (Колоссай 3:12). Нэгийгээ цөөхөн хэд хоног өвдөхөд ч гэрийнхэн нь хэрэгтэй бүхнийг хийхэд бэлэн байдаг. Ямар ч хүн өвдлөө гэхэд гэрийнхнээрээ асруулж халамжлуулахыг хүсэх нь зүйн хэрэг (Матай 7:12).

6. Хэн нэг нь хүнд өвчнөөр удаан өвдөхөд гэрийнхэн нь яадаг вэ?

6 Нэг нь саажих юм уу хорт хавдар эсвэл шизофрени (сэтгэцийн эмгэг) гэх зэргийн хүнд өвчин туссанаас гэрийнхэн нь амьдралын хэв маягаа урт хугацаагаар эрс өөрчлөх хэрэг гарвал яах вэ? Эхэндээ хүнд өвчтэй нэгнээ өрөвддөг. Гэхдээ нэг л хүнээс болж амьдрал тэгтлээ их өөрчлөгдөж, хүссэн юмаа хийх боломжгүй болоход бусад нь яваандаа тэвчээр алдан цухалдаж «Яахлаараа ийм юм болдог байна аа?» гэж бодож болох юм.

7. Иовыг өвдөхөд эхнэр нь яасан бэ? Ямар чухал зүйлийг умартсан бэ?

7 Иовын эхнэрт ч бас иймэрхүү бодол төрсөн бололтой. Хүүхдүүдээсээ хагацаж, ар араасаа дараалсан олон зовлон үзсэн энэ эмэгтэй асар их шаналж байсан нь лавтай. Тэгтэл зовлон үүгээр дууссангүй. Нэгэн цагт эрч хүчтэй, тамир тэнхээтэй явсан эр нөхөр нь шаналгаат муухай өвчин тусахад, учирсан бүх зовлонг давахад тустай чухал зүйл буюу хань нөхрийнхөө ч, өөрийнхөө ч Еховатай тогтоосон харьцааг умартсан бололтой. Улмаар нөхөртөө «Чи үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх» гэж хэлснийг Библид тэмдэглэсэн байдаг (Иов 2:9).

118-р хуудасны зураг

Христиан хүн хань ижлээ өвдөж зовоход нь ч чин сэтгэлээсээ хайрладаг

8. Хүнд өвчтэй хүнтэй бол Библийн ямар зүйлийн ачаар зөв үзэлтэй байж болох вэ?

8 Өвчтэй хүнээс болж амьдрал нь үндсээрээ өөрчлөгдөхөд урам нь хугарч, бүр уурлаж уцаарладаг хүн олон байдаг. Харин христиан хүн хайраа үйл хэргээрээ батлан харуулахыг бодох учиртай. Жинхэнэ хайр «тэвчээртэй, энэрэнгүй, ... өөрийнхийг эрдэггүй, ... бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг» (1 Коринт 13:4–7). Хэтэрхий их гуньж гутрахын оронд өөдрөг байхын төлөө чадах бүхнээ хийх нь чухал (Сургаалт үгс 3:21).

9. Хүнд өвчтэй хүний гэр бүлийнхэн сүнслэгээр сэргэг, сэтгэлийн тэнхээтэй байхын тулд Бурхны ямар амлалтыг эргэцүүлж бодох нь тустай вэ?

9 Нэг нь хүнд өвчнөөр өвчилсөн бол гэрийнхэн нь сүнслэгээр сэргэг, сэтгэлийн тэнхээтэй байхын тулд яах хэрэгтэй вэ? Ер нь, өвчтэй хүн бүрд тохирох эмчилгээ, сувилгаа өөр өөр байдаг учир энэ номд тэр бүхнийг нэгбүрчлэн тоочоогүй. Ехова сүнслэг утгаар «сөхөрсөн бүхнийг босгодог» (Дуулал 145:14). Давид хаан: «Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ! Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна. ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулах бөгөөд ... өвчтэй байхад нь сэргээн босгоно» хэмээн бичжээ (Дуулал 41:1–3). Үйлчлэгч нь зовлон бэрхшээлийг давж чадахааргүй болтлоо сэтгэлээр унасан ч Ехова сүнслэгээр сэргээдэг (2 Коринт 4:7). Хүнд өвчтэй хүнтэй хамт амьдардаг олон христиан: «Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч» хэмээсэн дуулалчтай санал нийлдэг (Дуулал 119:107).

ЗӨВ ХАНДЛАГАТАЙ БАЙХ НЬ

10, 11. а) Нэг нь хүнд өвчнөөр өвчилсөн амаргүй үеийг гэр бүлээрээ амжилттай даван туулахад юу чухал бэ? б) Өвчтэй нөхрөө асарсан нэг эмэгтэй юуны ачаар сэтгэлийн тэнхээтэй байсан бэ?

10 «Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг. Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?» гэ⁠сэн сургаалт үг Библид бий (Сургаалт үгс 18:14). Санаа сэтгэлээр хэт их унах нь «хүмүүний [өөрийнх нь] сүнс» буюу үзэл бодолд төдийгүй гэр бүлийн бусад гишүүний үзэл бодолд ч сөргөөр нөлөөлдөг. Харин «амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг» (Сургаалт үгс 14:30). Энэ амаргүй үеийг даван туулах эсэх нь гэр бүлийн бүх гишүүн ямар хандлагатай байхаас ихээхэн шалтгаалдаг (Сургаалт үгс 17:22-той харьцуулна уу).

11 Нэг христиан эмэгтэй гэрлэснээсээ хойш зургаахан жилийн дараа нөхрийгөө цус харвахад их шаналжээ. Тэрбээр: «Цус харвалт нөхрийн минь хэл ярианд нөлөөлсөөр сүүлдээ бараг үг солих аргагүй болсон юм. Юу хэлэх гээд байгааг нь ойлгочих юмсан гэж их зүдэрдэг байлаа» гэжээ. Нөхөр нь ч бас зовж шаналж, гутарч байсан байж таарна. Энэ хоёр яасан бол? Хэдийгээр тэднийх цуглаан болдог газраас хол байсан ч эхнэр нь сүнслэг эрч хүчээ алдахгүйн тулд чадах бүхнээ хийн, байгууллагын талаарх сүүлийн үеийн бүх мэдээллийг цаг тухайд нь авч, «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлээс сүнслэг хоолоо таслахгүй хүртдэг байжээ. Энэ бүхний ачаар сүнслэгээр сэргэг байж, нөхрөө нас бартал нь дөрвөн жил асарч халамжилжээ.

12. Иовын жишээнээс харахад өвчтэй хүн яавал гэрийнхэндээ дэм болох вэ?

12 Иов хүнд өвчинд нэрвэгдэн зовж байхдаа ч сүнслэгээр хүчтэй байсан. Тэрбээр: «Бид ... Бурханаас [зөвхөн] сайныг хүлээн авч, зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй байх ёстой юу?» хэмээн эхнэрээсээ асуудаг (Иов 2:10). Тэгэхлээр, шавь Иаков Иовыг тэсвэр хатуужлын жишээ болгон бичсэнийг гайхах хэрэггүй! Иаков 5:11-д «Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм» хэмээжээ. Хүнд өвчтэй ч тэвчээртэй байдгийнхаа ачаар ар гэрийнхнээ зөв үзэлтэй байхад нь тусалдаг христиан өнөөдөр ч олон бий.

13. Хүнд өвчтэй хүний ар гэрийнхэн яах нь ухаалаг биш вэ?

13 Нэг нь хүнд өвдөхөд гэрийнхэн нь тухайн нөхцөл байдалтай эхэндээ эвлэрч чаддаггүйг олон хүн батлан хэлдэг. Мөн тэдний хэлснээс харахад нөхцөл байдлыг хэрхэн үзэх нь их чухал аж. Амьдралын тогтсон хэв маягаа өөрчлөх эхэндээ амаргүй л байх. Гэхдээ хичээгээд байвал шинэ нөхцөлд дасан зохицдог. Үүний тулд өвчтэй хүнгүй айлтай өөрсдийгөө харьцуулж, тэднийг жаргаж байхад «бид зовж явдаг нь яасан шударга бус юм бэ!» гэж битгий бодоорой. Үнэндээ, хүний зовлонг хүн мэдэхгүй шүү дээ. «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая» гэсэн Есүсийн үг христиан хүн бүрийг тайвшруулдаг (Матай 11:28).

УХААЛГААР ШИЙДЭХ НЬ

14. Асуудлыг ухаалаг шийдэхийн тулд яах хэрэгтэй вэ?

14 «Олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй» хэмээсэн Бурхны Үгийн мэргэн зөвлөгөөг хүнд өвчнөөр өвчилсөн хүний ар гэрийнхэн санах нь зүйтэй (Сургаалт үгс 15:22). Бүгдээрээ цуглаад ярилцаж яагаад болохгүй гэж? Ингэж ярилцахдаа залбирч байгаад Бурхны Үгнээс удирдамж заавар авах нь ухаалаг (Дуулал 25:4). Юуны тухай ярилцах вэ? Эмчилгээ, мөнгө төгрөг, ар гэрийн амьдралд гарах өөрчлөлтийн талаар ярилцах нь зүйтэй. Өвчтэй хүнийг хэн голлон асрах вэ? Бусад нь яаж туслах вэ? Эдгээр өөрчлөлт гэр бүлийн бусад гишүүнд яаж нөлөөлөх вэ? Өвчтэй нэгнээ голлон асрах хүний сүнслэг болон бусад хэрэгцээг хэрхэн хангах вэ?

15. Өвчтэй нэгнээ асардаг хүмүүсийг Ехова хэрхэн дэмждэг вэ?

15 Еховагаас удирдлага гуйн шаргуу залбирч, Үгийг нь эргэцүүлэн бодож, Библийн зарчмыг тууштай мөрдвөл ихэнхдээ бодсоноос ч илүү үр дүнд хүрдэг. Өвчтэй хүний биеийн байдал сайжрахгүй ч байж болох юм. Гэхдээ Еховад найдаж явбал гарах үр дүн нь тухайн тохиолдолд хамгийн сайн нь байдаг (Дуулал 55:22). Дуулалч нэгэнтээ «ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түш[сэн]. Миний дотор санаа зовсон бодлууд олшроход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» хэмээжээ (Дуулал 94:18, 19; Дуулал 63:6–8-ыг бас үзнэ үү).

ХҮҮХДЭДЭЭ ТУСЛАХ НЬ

125-р хуудасны зураг

Гэр бүлийнхэн санаа нэгтэй бол бэрхшээлийг давж чадна

16, 17. Өвчтэй нэгнийх нь талаар бага насны хүүхдэд юу ойлгуулах хэрэгтэй вэ?

16 Гэр бүлийн хэн нэг нь хүнд өвдөхөд хүүхдэд хэцүү байдаг. Нөхцөл байдлын улмаас гэр бүлд нь ямар өөрчлөлт гарахыг, яах хэрэгтэйг хүүхдэдээ хэлж ойлгуулах нь чухал. Хэрвээ хүүхэд хүнд өвчнөөр өвдсөн бол илүү их анхаарч халамжлах хэрэгтэй болдог. Гэвч энэ нь бусдаас нь илүү хайрлана гэсэн үг биш гэдгийг ах эгч дүү нарт нь ойлгуулах хэрэгтэй. Нөгөөдөө атаархаж, өрсөлдөхийг нь хараад суухын оронд бие биеэ хайрлаж, элэгсэг дотно харьцаж сурахад эцэг эх нь тусалбал хэцүү үеийг хамт даван туулна.

17 Бага насны хүүхдэд өвчний талаар тайлбарлахдаа анагаахын нэр томьёо хэлснээс өвчтэй хүн яаж зовж байгааг ойлгуулбал илүү нааштай хүлээж авдаг. Өөрийнх нь төвөггүй хийчихдэг юмыг өвчтэй нэг нь хийж чадахгүйг ухаарсан хүүхэд илүү «энэрэнгүй, ахан дүүсэг» байх биз ээ (1 Петр 3:8).

18. Өвчний улмаас гэрийнхэнд нь бэрхшээл тулгарч байгааг том болсон хүүхдэд хэрхэн ойлгуулах вэ? Ингэх нь хүүхдэд ямар ач холбогдолтой вэ?

18 Ар гэрт нь ямар бэрхшээл тулгараад байгааг, гэр бүлийн гишүүн бүр эрх ашгаа хойш тавих шаардлагатай болж байгааг арай том болсон хүүхдэд ярьж ойлгуулах хэрэгтэй. Эм тариа авч, эмчилгээ хийлгэх шаардлага гарах учир бусад хүүхдийнхээ төлөө мөнгө төгрөг санаснаараа зориулж чадахгүй байж мэднэ. Хүүхдүүд тань гоморхон дургүйцэж, юм юмаар дутаалаа гэж үзэх үү? Эсвэл учир шалтгааныг ойлгоод, өөрсдийгөө л биш бусдыгаа бодох болов уу? Эцэг эх нь ямар үзэл бодолтой болгон хүмүүжүүлдгээс, учир байдлыг хэрхэн ойлгуулснаас ихээхэн шалтгаална. Өвдөж зовсон хүний дэргэд өссөн хүүхэд «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар» гэж зөвлөсөн Паулын үгийг ажил хэрэг болгож сурдаг нь амьдрал дээр харагддаг (Филиппой 2:3, 4).

ЭМЧИЛГЭЭ СОНГОХ НЬ

19, 20. а) Гэр бүлийнх нь гишүүн өвдөхөд өрхийн тэргүүн ямар үүрэгтэй вэ? б) Библи анагаахын ном биш боловч эмчилгээний асуудлаар тустай заавар өгдөг гэхийн учир юу вэ?

19 Ухаалаг христиан Бурхны хуультай зөрчилддөггүй эмчилгээ хийлгэхээс татгалздаггүй. Өвчтэй нэгнийхээ зовлонг нимгэлэх боломжтой бүхнийг гэр бүлийнхэн нь хайдаг. Гэхдээ зарим асуудлаар эмч мэргэжилтнүүд санал зөрөлддөгийг бодолцож үзэх учиртай. Мөн сүүлийн жилүүдэд шинэ шинэ өвчин гарч байна. Эмчлэх тогтсон арга нь олдоогүй байгаа өвчин олон. Заримыг нь оношлоход ч төвөгтэй байдаг. Тийм үед христиан хүн яах хэрэгтэй вэ?

20 Библи бичигсдийн дунд нэг эмч байснаас гадна элч Паул ч дотны анд Тимотдоо эрүүл мэндэд нь тустай зөвлөгөө өгсөн байдаг. Гэхдээ Библи бол анагаахын биш, харин ёс суртахуун болон сүнслэг асуудлаар удирдлага өгдөг ном юм (Колоссай 4:14; 1 Тимот 5:23). Тиймээс христиан гэр бүлийн тэргүүн эмчилгээний асуудалд ухаалаг хандаж эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Гэхдээ мэргэжлийн нэг биш, хэд хэдэн хүнээс асууж лавлахыг хүсэж болох юм (Сургаалт үгс 18:17-той харьцуулна уу). Өвчтэй нэгнээ аль болохоор сайн эмчлүүлэхийг бодох нь зүйн хэрэг. Ихэнх хүн анагаах ухааны орчин үеийн аргаар эмчлүүлдэг бол зарим нь уламжлалт эмчилгээг илүүд үздэг. Яаж эмчлүүлэхээ хүн өөрөө шийдэх эрхтэй. Гэхдээ христиан хүн эрүүл мэндийн асуудлыг шийдэхдээ ч Бурхны Үгийг «хөл дэх дэнлүү, ... зам дахь гэрлээ» болгодог (Дуулал 119:105). Библийн удирдамж зааврыг ямагт дагадаг (Исаиа 55:8, 9). Тиймээс христиан хүн ид шид, далдын хүч гэх зэрэгтэй холбоотой аргаар өвчнөө оношлуулдаггүй, Библийн зарчимд харш эмчилгээ хийлгэдэггүй (Дуулал 36:9; Үйлс 15:28, 29; Илчлэлт 21:8).

21, 22. Нэг ази эмэгтэй Библийн зарчмаас юу ойлгосон бэ? Зөв шийдвэр гаргасан гэхийн учир юу вэ?

21 Азид амьдардаг нэгэн залуу эмэгтэйд юу тохиолдсоныг үзье. Тэрбээр Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг болоод удаагүй байж. Гэнэт хугацаанаасаа өмнө амаржиж, 1 кг 470 гр жинтэй охин төрүүлжээ. Гэтэл эмч охиныг нь оюуны хомсдолтой, суумгай хүн болно гэсэн аж. Тэгээд тусгай асрамжийн газар өгөхийг зөвлөхөд нөхөр нь яах ч учраа олохгүй байв. Эмэгтэй яасан бол?

22 Тэрбээр: «„Үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, умайн үр жимс бол шагнал юм“ гэж Библиэс уншсанаа санаж билээ» гэжээ (Дуулал 127:3). Тэгээд энэ «бэлгээ» гэртээ асарч сувилахаар шийджээ. Эхэндээ амаргүй байсан ч Еховагийн Гэрч найзуудынхаа тус дэмээр охиныхоо төлөө шаардлагатай бүхнийг хийжээ. Арван хоёр жилийн дараа гэхэд охин нь цуглаанд явдаг, хурлынхаа хүүхдүүдтэй найзалдаг болсон байлаа. Өнөөх эмэгтэй: «Библийн зарчмыг баримталж зөв юм хийсэндээ их баярлаж явдаг. Библийн мэдлэгтэй болсны ачаар насан туршдаа харамсахааргүй шийдвэр гаргаж, Ехова Бурхны өмнө мөс чанар цэвэр явж байна» гэж ярьжээ.

23. Өвчтэй хүнийг, ар гэрийнхнийг нь Библи хэрхэн тайвшруулдаг вэ?

23 Өвчин эмгэг үгүй болох цаг ирнэ. «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» болох ирээдүйн сайхан цагийг Исаиа зөгнөсөн (Исаиа 33:24). Энэ зөгнөл тун удахгүй бий болох шинэ ертөнцөд биелнэ. Тэр болтол бид өвчин зовлон, үхэл хагацал үзсэн хэвээр байна. Гэхдээ Бурхан бидэнд Үгээрээ удирдамж заавар өгч тусалдагт талархаад баршгүй. Биеэ хэрхэн авч явахыг заасан Библийн хууль тушаал өөрчлөгддөггүй бол төгс бус хүний үзэл бодол цаг ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг. Үүгээрээ Библийн заавар зөвлөгөө хавьгүй давуу юм. «ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. ... ЭЗЭНий шүүлтүүд үнэн. Тэд бүгдээрээ зөв шударга. ... Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг» хэмээсэн дуулалчийн үгийг ухаалаг хүн хүлээн зөвшөөрдөг (Дуулал 19:7, 9, 11).

НЭГ НЬ ХҮНД ӨВДӨЖ, АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ АЛДАГДАХАД БИБЛИЙН ДАРААХ ЗАРЧИМ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Хайр бол тэвчээртэй, бүгдийг тэсвэрлэдэг (1 Коринт 13:4–7).

Зөв хандлагатай байх нь чухал (Сургаалт үгс 18:14).

Чухал шийдвэр гаргахын өмнө зөвлөгөө авах нь ухаалаг (Сургаалт үгс 15:22).

Хүнд хэцүү үед Ехова тусалж дэмждэг (Дуулал 55:22).

Ямар ч нөхцөлд Еховагийн Үг удирдлага заавар болдог (Дуулал 119:105).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах