Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • гб бүлэг 13 х. 153-162
  • Салж сарнихдаа тулсан бол

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Салж сарнихдаа тулсан бол
  • Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • АМЬДРАЛЫГ БАЙГААГААР НЬ ХАРАХ НЬ
  • ӨӨР ӨӨР БОДОЛТОЙ БОЛ ЯРИЛЦААРАЙ
  • ХАНИЙН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ НЬ
  • ГЭРЛЭЛТИЙГ ЦУЦАЛЖ БОЛОХ БИБЛИЙН ҮНДЭСЛЭЛ
  • ТУСДАА АМЬДРАХ ШАЛТГААН
  • НЭГЭН ГЭР БҮЛ АВРАГДСАН НЬ
  • Жаргалтай хос ямар байх ёстой вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • «Бурхны нийлүүлснийг» эрхэмлэж яваарай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Гэрлэсний дараа
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Гэр бүл бол Бурхны бэлэг
    Бурхнаараа хайрлуулж явъя
Илүү дэлгэрэнгүй харах
Гэр бүлийн аз жаргалын нууц
гб бүлэг 13 х. 153-162

БҮЛЭГ АРВАН ГУРАВ

Салж сарнихдаа тулсан бол

1, 2. Гэр бүлд болж бүтэхгүй юм гардаг бол ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

ЛУЧИА гэдэг итали эмэгтэй гэрлэснээсээ хойш арван жилийн дараа буюу 1988 онд нөхрөөсөө тусдаа амьдрахаар шийдээд сэтгэл санаа нь ихэд хямарчээ.a Нөхөртэйгөө эвтэй байх гэж олон ч удаа оролдоод бүтэлтэй юм болоогүй аж. Таарч тохирохгүйгээсээ болоод тусдаа амьдарч, хоёр охиноо ганцаараа өсгөхөөр болжээ. «Манайд юу ч тус болохоосоо өнгөрсөн» гэж тэр үед бодож байснаа Лучиа дурсан ярьсан юм.

2 Хэрэв танай гэр бүлд болж бүтэхгүй юм гардаг бол та энэ эмэгтэйг ойлгох биз ээ. Бас гэр бүлээ салж сарнихын аюулаас яаж аврах вэ гэж боддог байх. Тийм бол, «Гэр бүлд тустай, Бурхны өгдөг бүх зөвлөгөөг би ажил хэрэг болгосон бил үү?» гэж бодож үзээрэй (Дуулал 119:105).

3. Судалгаанаас харахад гэр бүл салах явдал нэмэгдэж байгаа ч салсан хүмүүс яадаг вэ? Ар гэрийнхэн нь яадаг вэ?

3 Нөхөр эхнэр хоёр таарч тохирохоо больсон бол салаад л бүх юмыг шийдчихнэ гэж бодож болох юм. Сүүлийн үеийн олон судалгаанаас харахад гэр бүл салах нь олон оронд ихсэж байгаа ч үнэндээ салсан хүмүүсийн ихэнх нь харамсаж явдаг аж. Салж сарниагүй хүмүүсийг бодвол салсан хүмүүсийн зарим нь бие муутай, сэтгэл санааны хувьд тайван биш байдаг нь ажиглагддаг. Эцэг эх нь салахад хүүхэд учрыг нь олохгүй хэдэн жилээр зовж шаналдаг. Салсан хүмүүсийн ар гэр, найз нөхөд ч бас зовдог. Тэгвэл гэр бүлийг Санаачлагч Бурхан салалтыг хэрхэн үздэг вэ?

4. Гэр бүлд гардаг асуудлыг хэрхэн шийдэх вэ?

4 Бурхны санаа зорилгоор бол нөхөр эхнэр хоёр насан туршдаа хамт амьдрах учиртайг өмнөх бүлгүүдэд тэмдэглэсэн (Эхлэл 2:24). Тэгвэл ямар учраас ийм олон гэр бүл салдаг вэ? Гэр бүл ганцхан өдрийн дотор салж сарнихдаа тулахгүй байх л даа. Ер нь, салах шинж илэрч байдаг. Нөхөр эхнэрийн хооронд гардаг үл ялих асуудал даамжирсаар эцэстээ давж гарахын аргагүй мэт болдог. Харин Библийн зөвлөгөөг дагаж цаг тухайд нь шийдээд байвал салж сарнихгүй байж болно.

АМЬДРАЛЫГ БАЙГААГААР НЬ ХАРАХ НЬ

5. Нөхөр эхнэр хоёр амьдралыг хэрхэн үзэх хэрэгтэй вэ?

5 Нөхөр эхнэрийн аль нэг нь эсвэл хоёулаа амьдралыг байгаагаар нь хардаггүй нь бэрхшээл гарах нэг шалтгаан аж. Хайр дурлалын сэдэвтэй ном зохиол, нийтэд зориулсан сэтгүүл, зурагтын нэвтрүүлэг, кино шийнээс болж амьдралаас тасархай юмыг хүсэж мөрөөддөг болдог. Хүсэл мөрөөдөл нь биелэхгүй болохлоор хууртсан юм шиг санагдаж, сэтгэл дундуур болж, бүр уурлаж цухалддаг. Тэгвэл төгс бус хоёр хүн яаж жаргалтай амьдрах вэ? Гэр бүлээ сайн сайхан авч явахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

6. а) Гэр бүлтэй байх талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? б) Нөхөр эхнэр хоёр юунаас болж санал зөрдөг вэ?

6 Библид бичсэн бүхэн амьдралд нийцдэг. Гэр бүлтэй байхын сайхныг ч, гэрлэсэн хүмүүсийг «махан биедээ зовлонтой» болохыг ч хэлдэг (1 Коринт 7:28). Өмнө тэмдэглэснээр, нөхөр эхнэрийн хэн хэн нь төгс бус бөгөөд алдаа гаргадаг. Хүмүүжсэн орчин, үзэл бодол, сэтгэл мэдрэмж нь ч өөр өөр байдаг. Заримдаа мөнгө төгрөг, үр хүүхэд, хамаатан садангаасаа болж санал зөрөлддөг. Бас хамт байх цаг нь багасах, бэлгийн амьдралын асуудлаар ойлголцохгүй байх үе бий. Энэ нь санал зөрөлдөх өөр нэг шалтгаан болдог.b Иймэрхүү асуудлыг шийдэхэд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ битгий шантраарай! Олон хос ийм асуудлыг санал нэгтэй шийдэж чаддаг.

ӨӨР ӨӨР БОДОЛТОЙ БОЛ ЯРИЛЦААРАЙ

154-р хуудасны зураг

Асуудлыг даруй шийдээрэй. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг

7, 8. Гомдол, үл ойлголцол гарвал гэр бүлийн хос Библийн зарчмын дагуу хэрхэн шийдэх ёстой вэ?

7 Хань ижил нь гомдоох юм уу буруу ойлгоход эсвэл өөрөө алдаа гаргахлаараа ханьтайгаа тайван ярилцаж чаддаггүй хүн олон. «Намайг буруу ойлгоод байх шиг байна» гэж хэлж болох байтал сэтгэл нь хямарсандаа ч тэр үү «Чи өөрийгөө л бодох юм», «Чи надад хайргүй юм байна» гэх мэтээр хэлж, байдлыг хурцатгадаг. Ингэхлээр хань ижил нь хэрэлдэж маргахгүй гэсэндээ дуугаа хураадаг байж мэднэ.

8 «Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг» гэсэн Библийн зөвлөгөөг сахих нь ухаалаг юм (Ефес 4:26). Нэгэн хосоос 60 жил жаргалтай амьдарсных нь нууцыг хуримынх нь ойгоор асуухад нөхөр нь: «Бид шалихгүй маргааныг ч шийдсэн хойноо л орондоо ордог хэвшилтэй болсон» гэж хэлжээ.

9. а) Библид бичсэнээр, хүнтэй харьцахдаа яах нь чухал бэ? б) Нөхөр эхнэр хоёр ямар үед даруу, зоригтой байх хэрэгтэй вэ?

9 Нөхөр эхнэр хоёр санал зөрвөл «сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байх» нь чухал (Иаков 1:19). Бие биеэ анхаарч сонсвол хэн хэн нь уучлал гуйх хэрэгтэйгээ ухаарч болох юм (Иаков 5:16). «Чамайгаа гомдоосныг минь уучлаарай» гэж үнэн сэтгэлээсээ хэлэхэд даруу зан, эр зориг хэрэгтэй. Ханьдаа ингэж ханддаг бол бэрхшээлийг даваад зогсохгүй ханьтайгаа илүү дотносон, бие биеэ улам их хайрладаг болж, хамт байхын сайхныг илүү их мэдэрнэ.

ХАНИЙН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ НЬ

10. Коринтын христиануудыг хамгаалах гэж өгсөн Паулын зөвлөгөө өнөөгийн христиануудад тустай байж болохын учир юу вэ?

10 Элч Паул Коринт дахь христиануудад захидал бичихдээ гэрлэхийг зөвлөсөн нь «садар самуун» явдал газар авсантай холбоотой байжээ (1 Коринт 7:2). Өнөөгийн байдал эртний Коринтынх шиг, бүр тэрнээс ч дор байна. Хүмүүс садар самуун явдлын талаар ичиж зовохгүй ярьж, ил задгай хувцаслаж, ном сэтгүүл, кино, зурагтаар садар самууныг сурталчилдаг нь гаж хүсэл төрүүлэх аюултай байдаг. Тэгэхлээр, өнөөгийнхтэй төстэй орчинд амьдарч байсан Коринтынхонд элч Паул: «Шатаж байснаас гэрлэх нь илүү дээр» гэж зөвлөсөн нь хамгаалах гэснийх аж (1 Коринт 7:9).

11, 12. а) Нөхөр эхнэрүүд бие биеийнхээ өмнө ямар үүрэг хүлээдэг вэ? Ямар сэтгэлээр биелүүлэх ёстой вэ? б) Ханийн үүргээ биелүүлэх боломжгүй үед яах нь зүйтэй вэ?

11 «Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлэг» гэсэн Библийн тушаал гэр бүлтэй христиануудад хамаатай (1 Коринт 7:3). Зөвхөн өөрийгөө бус, нөгөө хүнээ бодохыг онцлон тэмдэглэсэн байгааг анхаарууштай. Тийм ээ, нөгөөгийнхөө сайн сайхныг боддог хосууд л биеийн жаргал эдэлдэг. Нөхөр хүнийг эхнэртэйгээ «ойлголцож амьдар» гэсэн байдаг (1 Петр 3:7). Энэ нь бэлгийн амьдралд туйлын чухал юм. Энхрийлэн хайрладаггүй бол эхнэр нь бэлгийн таашаал эдлэхгүй байж мэднэ.

12 Бэлгийн харьцаанд орох аргагүй үе бас бий. Жишээлбэл, сарын тэмдэг үзэгдэх юм уу хэтэрхий их ядрах үе эхнэрт нь гардаг (Левит 18:19-тэй харьцуулна уу). Нөгөөтээгүүр, ажил албаны таагүй асуудал тулгарах эсвэл сэтгэл санаа нь хямрах үе нөхөрт нь гарч болох юм. Ийм тохиолдолд учир байдлаа бие биедээ ний нуугүй хэлж, хэзээ «дахин хамтдаа байхаа» шийдэх нь хамгийн зөв юм (1 Коринт 7:5). Ингэвэл бие биеэ буруу ойлгох явдал гарахгүй. Харин эхнэр нь санаатайгаар нөхрийнхөө өмнө үүргээ биелүүлдэггүй, нөхөр нь хайрын сэтгэлээр ханийн үүргээ биелүүлдэггүй бол хань ижил нь хорхой хүргэм зүйлд татагдаж болзошгүй. Улмаар гэр бүлд аюул учирч мэднэ.

13. Христиан хүн ухаан санаагаа цэвэр байлгахын тулд яах хэрэгтэй вэ?

13 Христиан хүн порно материал үзэж сонирхох ёс⁠гүй. Гэр бүлтэй христианууд ч бас үзэх учиргүй. Порно материал гаж буруу, ёс бус хүсэл төрүүлдэг (Колоссай 3:5). Бас эсрэг хүйсийн ямар ч хүнтэй харь⁠цахдаа бодох ёсгүй юмыг бодохоос болгоомжилж, үг хэл, үйл хөдлөлөө хянаж байх ёстой. Есүс: «Эмэгтэй хүнийг та⁠чаадан харах хүн бүр зүрхэн⁠дээ түүнтэй хэ⁠дийнээ завхайрсан хэрэг» гэж сэ⁠рэмжлүүлсэн (Матай 5:28). Бэлгийн амьдралд хамаатай Библийн зөв⁠лөгөөг сахидаг нөхөр эхнэрүүд хорхой хүргэм зүйлд татагдахгүй, завхай явдалд орооцолдохгүй байж чадна. Ийм хосууд бие, сэтгэлийн таашаал эдлэн, гэр бүлийг Санаачлагч Ехова хэчнээн нандин бэ⁠лэг өгснийг ойлгодог (Сургаалт үгс 5:15–19).

ГЭРЛЭЛТИЙГ ЦУЦАЛЖ БОЛОХ БИБЛИЙН ҮНДЭСЛЭЛ

14. Зарим гэр бүлд ямар амаргүй асуудал тулгардаг вэ? Яагаад?

14 Христиан гэр бүлийн ихэнх нь тулгарсан бэрхшээлийг давж чаддаг нь сайн хэрэг. Гэхдээ дандаа тэгж чаддаггүй. Төгс бусын гайгаар, Сатаны мэдэлд байдаг нүгэлт ертөнцөд амьдардгаасаа болоод зарим гэр бүл салж сарнихдаа тулдаг (1 Иохан 5:19). Ийм амаргүй асуудлыг христиан хүн хэрхэн шийдэх учиртай вэ?

15. а) Библийнхээр бол гэрлэлтээ цуцлуулаад дахин гэрлэж болох цорын ганц ямар шалтгаан байдаг вэ? б) Ямар учраас зарим хүн салахгүй байхаар шийддэг вэ?

15 Библийнхээр бол, нөхөр эхнэрийн аль нэг нь садар самуун явдалд орооцолдсон тохиолдолд л гэрлэлтээ цуцлуулж, дахин гэрлэж болдгийг энэ номын 2-р бүлэгт тэмдэглэсэнc (Матай 19:9). Хэрэв хань тань үнэнч бус болсон нь баримтаар батлагдвал салах уу, болих уу гэдэг их ярвигтай асуудлыг шийдэх хэрэг гарлаа гэсэн үг. Ийм асуудлыг ингэж шийдээрэй гэсэн тодорхой дүрэм журам байхгүй. Зарим христиан ханиа үнэн голоосоо гэмшихэд нь уучилж, салж сарниагүй нь сайн хэрэг болсон байдаг. Зарим нь үр хүүхдээ бодоод салдаггүй.

16. а) Ямар шалтгааны улмаас зарим хүн гэрлэлтээ цуцлуулахаар шийддэг вэ? б) Буруугүй ханийг нь гаргасан шийдвэрээс нь болж бусад хүн шүүмжлэх ёсгүйн учир юу вэ?

16 Нөгөө талаар, садар самуун явдалд орооцолдох нь жирэмслэх, бэлгийн замын халдварт өвчин тусах гэх мэтийн аюул дагуулдаг. Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эсвэл садар самуунд уруу татсан эцэг юм уу эхээс нь үр хүүхдээ хамгаалах шаардлага ч гарч болох юм. Юутай ч, шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг бодолцох хэрэгтэй. Гэхдээ та ханиа үнэнч бус зан гаргасныг мэдсэн ч бэлгийн харьцаанд орсон бол уучилснаа, салах хүсэлгүй гэдгээ харуулсан хэрэг болно. Ингэсэн бол гэрлэлтээ цуцлуулж дахин гэрлэх Библийн үндэслэл танд хамаарахгүй болно. Хэн ч таны хувийн хэрэгт оролцох ёсгүй бөгөөд яаж шийдэхийг заах, ингэж тэгж шийдлээ гэж таныг шүүмжлэх учиргүй. Бусдын үгээр шийдвэл үр дагаврыг нь та л үзнэ. «Хүн бүр өөрийн ачааг үүрнэ» гэж Библид байдаг (Галат 6:5).

ТУСДАА АМЬДРАХ ШАЛТГААН

17. Садар самуунаас өөр шалтгаанаар тусдаа амьдрах юм уу гэрлэлтээ цуцлуулбал Библид бичсэнээр яах эрхгүй вэ?

17 Садар самуунаас өөр шалтгааны улмаас тусдаа амьдрах юм уу гэрлэлтээ цуцлуулж болдог уу? Болдог. Гэхдээ тийм тохиолдолд христиан хүн дахин гэрлэх эрхгүй (Матай 5:32). Хэдийгээр тусдаа амьдарч болох ч «салбал дахин гэрлэхгүй байг, эсвэл ... эвлэрэг» гэж Библид бичсэн байдаг (1 Коринт 7:11). Тэгвэл туйлын хүнд ямар нөхцөлийн улмаас тусдаа амьдарч болох вэ?

18, 19. Ямар онцгой тохиолдолд зарим хүн дахин гэрлэхгүйгээр тусдаа амьдрах юм уу салахаар шийдэж болох вэ?

18 Нөхөр нь дэндүү залхуу юм уу муу зуршилтай бол айл гэрийн амьдрал тартагтаа тулж мэднэ.d Өрхийн орлогоо мөрийтэй тоглоом юм уу мансууруулах бодис, архинд зарцуулдаг байж болох юм. Библид «Хэн нэгэн нь ... гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм» гэж байдаг (1 Тимот 5:8). Ийм зуршлаа хаяхыг боддоггүй, тэр байтугай муу зуршлаасаа болж эхнэрийнхээ олсон мөнгийг үрэн таран хийдэг бол эхнэр нь өөрийнхөө болон үр хүүхдийнхээ сайн сайхныг бодоод тусдаа амьдарч болох юм.

19 Мөн нөхөр нь дэндүү харгис хэрцгий ханддаг, тухайлбал байнга зоддог, улмаар эрүүл мэнд, бүр амь насыг нь хохироочих гээд байдаг бол эхнэр нь тусдаа амьдрахаар шийдэж болох юм. Бас Бурхны хуулийг ямар нэг байдлаар зөрчүүлэх гэж байнга оролддог, ялангуяа Бурхантай тогтоосон харьцаанд нь аюул учруулахаар байдаг бол тусдаа амьдарсан цагт л «хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах» боломжтой болно гэж үзэж болох юм (Үйлс 5:29).

20. а) Салж сарнихдаа тулсан хүнд төлөвшсөн христианууд болон ахлагчид хэрхэн тусалж болох вэ? Гэхдээ яаж болохгүй вэ? б) Гэр бүлтэй христианууд тусдаа амьдрах юм уу салах талаарх Библийн зарчмыг ямар зорилгоор ашиглах ёсгүй вэ?

20 Туйлын хүнд дарамтан дор амьдардаг хүнийг тусдаа амьдар, эсвэл битгий сал гэж хэн ч шахаж шаардаж болохгүй. Төлөвшсөн христианууд, ахлагчид дэмжлэг үзүүлж, Библийн үндэстэй зөвлөгөө өгч болох ч нөхөр эхнэрийн нарийн ширийн асуудлыг мэдэхгүй шүү дээ. Ехова л энэ бүхнийг мэддэг. Христиан эхнэр шалихгүй юмаар шалтаглан салсан бол Бурхны санаачилсан гэр бүл гэдэг байгууламжийг үл хүндэтгэсэн хэрэг болно. Гэхдээ туйлын аюултай байдал хэвээр байгаагийн улмаас тусдаа амьдрахаар шийдлээ гэхэд хэн ч шүүмжлэх эрхгүй. Тусдаа амьдрахаар шийдсэн христиан эрэгтэйд ч энэ зарчим хамаатай. «Бид бүгдээрээ Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно» (Ром 14:10).

НЭГЭН ГЭР БҮЛ АВРАГДСАН НЬ

21. Нөхөр эхнэрт зориулсан Библийн зөвлөгөөний тустайг батлах жишээ хэлнэ үү.

21 Энэ бүлгийн эхэнд дурдсан Лучиа нөхрөөсөө тусдаа амьдрах болсноос хойш гурван сарын дараа Еховагийн Гэрчүүдтэй тааралдаж, Библийн хичээл хийж эхэлжээ. «Тулгараад байсан асуудлыг шийдэхэд яг таарсан зөвлөгөө Библиэс олоод их гайхаж билээ. Библийн хичээл хийснээсээ хойш долоохон хоногийн дараа гэхэд нөхөртэйгөө эргэж нийлье гэж бодсон. Ханиа хэрхэн хүндэтгэхийг Ехова зааж өгдөг. Тиймээс ноцтой асуудал тулгарсан гэр бүлд хэрхэн тусалж, яаж аврахаа Ехова мэддэг гэж би хэлнэ. Еховагийн Гэрчүүд айл гэрийн амьдралыг бусниулдаг гэж зарим хүн ярьдаг ч энэ нь ор үндэсгүй юм. Харин ч манай гэр бүлийг салж сарнихын аюулаас аварсан шүү дээ» гэж ярьсан. Лучиа амьдралдаа Библийн зарчмыг баримталж сурчээ.

22. Гэр бүлтэй хүмүүс юунд итгэлтэй байж болох вэ?

22 Библийн зарчмыг баримтлахын ач тусыг Лучиагаас гадна өөр олон хүн үзжээ. Уг нь, хүн гэр бүлтэй болоод зовох бус, жаргах учиртай. Тийм учраас Ехова гэр бүлд зориулсан, өөр хаанаас ч олдохооргүй, хамгийн сайн зөвлөгөөг Үгэндээ бичүүлсэн. Библи «гэнэнийг ухаантай болгодог» билээ (Дуулал 19:7–11). Библийн ачаар олон хүн гэр бүлээ аварч, ярвигтай асуудлыг амжилттай шийдээд жаргалтай сайхан амьдарч явна. Бурхны өгдөг зөвлөгөөний ач тусыг бүх гэр бүл хүртэх болтугай!

a Нэрсийг өөрчлөв.

b Энд хөндсөн асуудлын заримыг өмнөх бүлгүүдэд тайлбарласан.

c Библийн үүднээс үзвэл завхайрах, ижил хүйстэнтэйгээ явалдах, малтай хурьцах болон бэлгэ эрхтнийг зүй бусаар ашиглах зэргийг «садар самуунд» тооцдог.

d Нөхөр хүн хэдий хичээж зүтгэдэг ч өвчин юм уу ажилгүйдэл гэх зэргийн өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас гэр бүлээ тэжээх аргагүй байдгийг энд дурдаагүй.

ГЭР БҮЛЭЭ БАТ БЭХ БАЙЛГАХАД БИБЛИЙН ДАРААХ ЗАРЧИМ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

Нөхөр эхнэрүүд жаргал ч эдэлдэг, зовлон ч үздэг (Сургаалт үгс 5:18, 19; 1 Коринт 7:28).

Санал зөрвөл даруй шийдэх хэрэгтэй (Ефес 4:26).

Хүнийг сонсох нь ярихаас дутуугүй чухал (Иаков 1:19).

Хувиа бодолгүй, ханиа энхрийлэн хайрлаж, үүргээ биелүүлэх учиртай (1 Коринт 7:3–5).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах