Хичээл 3
Есүс Христ гэж хэн бэ?
Есүсийг Бурхны «ууган» Хүү гэсэн нь ямар учиртай вэ? (1)
Есүсийг яагаад «Үг» гэж нэрлэсэн бэ? (1)
Есүс яагаад хүн болж дэлхийд ирсэн бэ? (2—4)
Есүс ямар учраас гайхамшиг үйлдэж байсан бэ? (5)
Ойрын ирээдүйд Есүс юу хийх вэ? (6)
1. Есүс дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт, сүнсэн биетэй байжээ. Еховагийн анхны бүтээл учраас түүнийг Бурхны «ууган» Хүү гэдэг (Колоссай 1:15; Илчлэлт 3:14). Ехова ганцхан Есүсийг хэний ч оролцоогүйгээр бүтээжээ. Харин тэнгэр, газар дээрх бусад бүх зүйлийг «уран дархан» Есүстэй хамтран бүтээсэн (Сургаалт үгс 8:22—31, МБОХ, 2000; Колоссай 1:16, 17). Есүс бусдад Эцгийнхээ үгийг дамжуулдаг гол төлөөлөгч байсан учраас «Үг» гэдэг нэртэй болжээ (Иохан 1:1—3; Илчлэлт 19:13).
2. Бурхан ууган Хүүгээ дэлхий рүү илгээжээ. Ингэхдээ амийг нь Мариа гэдэг эмэгтэйн хэвлийд шилжүүлэн, хүн болгож төрүүлсэн. Эцэг нь хүн биш, Бурхан учраас Есүс нүгэл, төгс бус байдлыг өвлөөгүй юм. Есүс: 1) Бурхны тухай үнэнийг хүмүүст заах (Иохан 18:37), 2) ямар ч үед Бурханд чин үнэнч байхын үлгэр дуурайл үзүүлэх (1 Петр 2:21), 3) хүн төрөлхтнийг нүгэл болон үхлээс аврахын тулд амиа золиослох зорилгоор дэлхийд иржээ (Матай 20:28). Чухам яагаад амиа золиослох ёстой байсан бэ?
3. Бурхны тушаалыг зөрчихийг Библид «нүгэл» гэдэг. Анхны төгс хүн Адам тушаалыг нь зөрчиж, нүгэл хийсэн учраас Бурхан түүнд үхлийн ял оноожээ (Эхлэл 3:17—19). Тэрбээр Бурхны шаардлагыг хангахаа больж, төгс бус болсон учир аажмаар хөгширч, эцэстээ үхсэн. Үүгээр ч зогсохгүй, бүх үр хүүхдэд нь нүгэл удамшжээ. Тийм учраас, бид ч бас хөгширч, өвдөж, үхдэг юм. Хүн төрөлхтнийг энэ бүхнээс аврах арга бий юү? (Ром 3:23; 5:12).
4. Есүс Адамтай адилхан төгс хүн байсан. Гэхдээ, давж гаршгүй хүнд сорилт тулгарахад ч Бурханд дуулгавартай байсан нь түүнийг Адамаас өөр хүн болохыг нь харуулдаг. Тийм ч учраас, хүн төрөлхтнийг Адамын нүглээс аврахын тулд төгс амиа «золиос» болгон өгчээ. Адамын үр удам үүний ачаар үхлийн ялаас чөлөөлөгдөх боломжтой болсон. Есүст итгэдэг хүн бүр нүглээ уучлуулж, мөнх амьдрах ирээдүйтэй (1 Тимот 2:5, 6; Иохан 3:16; Ром 5:18, 19).
5. Есүс дэлхийд байхдаа өвчтэй хүмүүсийг эдгээж, өлссөн хүмүүсийг хооллож, хүчтэй шуургыг номхруулж, тэр ч байтугай, нас барагсдыг амилуулж байжээ. Ямар учраас ийм гайхамшиг үйлдсэн бэ? 1) Зовж шаналсан хүмүүсийг өрөвдөж, тэдэнд туслахыг хүсдэг байв. 2) Бурхны Хүү гэдгээ батлах зорилготой байсан. 3) Ирээдүйд дэлхийг захирахдаа Бурханд дуулгавартай хүмүүсийн төлөө юу хийхээ бодитоор үзүүлсэн (Матай 14:14; Марк 2:10—12; Иохан 5:28, 29).
6. Есүсийг үхэхэд Бурхан түүнийг сүнсэн биетэй болгон амилуулсан бөгөөд тэрбээр тэнгэрт буцжээ (1 Петр 3:18). Хожим нь Ехова түүнийг хаанаар томилсон. Удахгүй Есүс гай зовлон болоод ёс бус бүхнийг арилгана (Дуулал 37:9—11; Сургаалт үгс 2:21, 22).
[7-р хуудасны зураг]
Есүс Бурхны тухай үнэнийг зааж, гайхамшиг үйлдэж, бидний төлөө амиа золиосолсон