Зовлон удахгүй дуусна!
«Хүн ямар учраас ингэтлээ их зовдог юм бол оо?» гэж асуух үе танд лав байсан биз ээ. Хүн төрөлхтөн дайн, ядуурал, байгалийн гамшиг, гэмт хэрэг, шударга бус явдал, өвчин эмгэг, үхэл хагацал зэргээс болж олон мянган жил зовж байна. Өнгөрсөн зуунд бүр ч их зовсон. Энэ бүхэн хэзээ нэгэн цагт дуусах болов уу?
Дуусна. Тун удахгүй дуусна гэдгийг мэдвэл таны сэтгэл лав тайвширна даа! Хүнийг бүтээсэн Ехова гэдэг Бурхан Библи номоор дамжуулан: «Хорон санаатан үгүй болно. [...] Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» хэмээн амласан байдаг. Тэгвэл тэр сайхан амьдрал хэр удаан үргэлжлэх вэ? «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:10, 11, 29).
Ехова Бурхан ёс бус байдал, зовлонг арилгасныхаа дараа дэлхийг диваажин болгон хувиргана. Тэр цагт хүмүүс үүрд мөнх эрүүл саруул, баяр жаргалтай амьдрах юм. «[Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» гэж Библид зөгнөжээ (Илчлэлт 21:4).
Ирээдүйн шинэ ертөнцөд, нас барагсад хүртэл дахин амилж, тэр сайхан цагийг биеэрээ үзэх ажээ. Тийм ээ, «зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна» (Үйлс 24:15). Тийм ч учраас, Ехова Бурхны Хүү Есүс Христ өөрт нь итгэдгээ хэлээд, гэмшсэн гэмт хэрэгтэнд: «Чи Надтай хамт Диваажинд байх болно» гэж хэлсэн билээ (Лук 23:43).
Хүмүүс зовдог болсны учир юу вэ?
Бурхан хүн төрөлхтөнд гайхамшигтай сайхан ирээдүй бэлэглэхээр зорьж байсан юм бол өнөөдөр хүмүүс яагаад зовдог юм бэ? Хүмүүс ингэж их зовж байхад Бурхан зүгээр хараад байдаг нь ямар учиртай вэ?
Ехова Бурхан, анхны хос Адам Еваг төгс бие махбод, төгс оюун ухаантай бүтээжээ. Тэднийг диваажин шиг цэцэрлэгт суулгаж, сайхан ажил өгсөн. Тэгээд «Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» (Эхлэл 1:31). Хэрэв тэд Бурханд дуулгавартай байсан бол төгс үр хүүхэдтэй болж, дэлхийг тэр аяар нь диваажин болгож, хүн төрөлхтөн үүрд мөнх амар тайван, аз жаргалтай амьдрах байв.
Бурхан, Адам Ева хоёрыг бүтээхдээ нэгэн гайхамшигтай бэлэг өгсөн нь сонгох эрх чөлөө байлаа. Өөрөөр хэлбэл, хүмүүс оюун ухаангүй робот шиг байгаагүй юм. Гэхдээ сонгох эрх чөлөөгөө зөв ашиглах буюу Бурхны хуульд захирагдах эсэхээс мөнхөд жаргалтай амьдрах эсэх нь шалтгаалах байжээ. Ехова өөрөө: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» хэмээн хэлдэг (Исаиа 48:17). Хүн Бурхнаас хамааралгүйгээр жаргалтай амьдрах аргагүй тул сонгох эрх чөлөөгөө буруугаар ашиглавал аюул болох байв. Библи: «Хүний зам өөрийн нь мэдлийнх биш... Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй» гэж хэлдэг (Иеремиа 10:23, «New World Translation»).
Харамсалтай нь, өвөг дээдэс маань Бурхнаас хараат бус байвал сайн сайхан амьдарна хэмээн эндүү боджээ. Бурханд захирагдахаа больсон хүмүүс Бурхны дэмжлэгийг ч, төгс байдлаа ч алджээ. Ийнхүү хүний бие махбод муудсаар, эцэстээ хөгширч, үхдэг болов. Генетикийн хуулийн дагуу бид өвөг дээдсээсээ төгс бус байдал, үхлийг өвлөн авсан (Ром 5:12).
Бурхан захирах эрхтэй юү?
Ехова яагаад Адам Ева хоёрыг устгачихаад, дахин шинэ хос бүтээж болоогүй юм бэ? Яагаад гэвэл, Бурхны эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал боссон юм. Өөрөөр хэлбэл, Бурхан захирах эрхтэй юү? Бурхан шударгаар захирдаг уу? гэсэн асуулт тавигдсан. Үүнтэй уялдаад, хүн Бурханд захирагдахгүйгээр сайн сайхан амьдрах юм биш үү гэсэн асуулт ч мөн хөндөгджээ. Бурхан хүн төрөлхтөнд өөрөөс нь хараат бусаар, эрх чөлөөтэй амьдрах хангалттай хугацаа олговол Бурханд захирагдах, өөрсдийгөө захирах хоёрын аль нь дээр болох нь эгнэгт батлагдах байв. Хүмүүсийн хувьд тэр хугацаа нь улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцооны бүх хэлбэр болон шашныг бие даан туршиж үзэхэд хангалттай урт байх учиртай байлаа.
Үр дүн нь юу байсан бэ? Зовлон улам нэмэгдсэнийг хүн төрөлхтний олон мянган жилийн түүх харуулдаг. Өнгөрсөн зуун л гэхэд хэзээ хэзээнээс илүү их зовлон авчирсан. Тухайлбал, дэлхийн II дайнд олон сая хүн үрэгдэж, дайн дажин нийтдээ 100 гаруй сая хүний амийг авч одсон. Гэмт хэрэг, хүчирхийлэл хяналтаас гарч, мансууруулах бодис хэрэглэх явдал тахал мэт дэгдэж, бэлгийн замын халдварт өвчин газар авч байна. Өлсгөлөн болон өвчний улмаас жил бүр олон арван сая хүн амиа алддаг. Гэр бүлийн амьдралыг эрхэмлэн үзэхээ больж, ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэх явдал хаа сайгүй гарах болжээ. Нэг ч засгийн газар эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэж, өвчин, хөгшрөл, үхлийг арилгаж чадаагүй.
Өнөө үед хүн төрөлхтөнд тохиолдож буй бүхэн Библид зөгнөсөн тэр л ёсоор болж байна. Өнөө үеийг энэ ертөнцийн «эцсийн өдрүүд» бөгөөд «хэцүү цаг» гэж Библид тодорхойлдог. Үнэхээр ч, Библид бичсэн үг биелж, «муу хүмүүс, мэхлэгч нар... улам бүр бузар муу» болжээ (2 Тимот 3:1—5, 13).
Зовлон удахгүй дуусна
Бурхнаас хараат бус байх гэсэн хүн төрөлхтний эмгэнэлт туршилтын төгсгөл ойртож буйг эдүгээ бүх баримт харуулж байна. Хүмүүс Бурхнаас хараат бусаар өөрсдийгөө захирах нь хэзээ ч амжилт олохгүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Тэгэхлээр, одоо Ехова Бурхны олгосон, ёс бус байдал, зовлонг хүлцэн зөвшөөрсөн цаг хугацаа дуусаж байна гэсэн үг. Бурхан л хүмүүст энх тайван, аз жаргал, төгс эрүүл мэнд, мөнхийн амь өгч чадна. Удахгүй Ехова Бурхан хүн төрөлхтний үйл хэрэгт оролцож, өнөөгийн зовлонт ертөнцийг бүхэлд нь устгана.
Библид: «Тэдгээр хаадын [одоо оршин буй хүний засаглалын] үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулна... Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг [өнөөгийн засаглалыг] бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» хэмээн зөгнөжээ (Даниел 2:44). Библийн гол сургаал бол Ехова Бурхан тэнгэрт байгуулсан тэрхүү Хаанчлалаараа эрх мэдлээ зөвтгөх тухай юм. Есүс Христ өнөө үеийн нэг чухал онцлогийг зөгнөн: «Хаанчлалын [тухай] энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» хэмээн хэлсэн (Матай 24:14).
Энэ ертөнцийн төгсгөл болоход хэн эсэн мэнд үлдэх бол? «Цэх шулуун хүн л газар дэлхий дээр амьдарч, буруугүй нь байсаар байх болно. Харин хар санаатан газраас тастагдаж, итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана» гэж Библи хариулдаг (Сургаалт үгс 2:21, 22). «Цэх шулуун хүн» гэдэг бол Ехова Бурхны хүсэл тааллыг таньж мэдээд, биелүүлдэг хүн юм. Есүс Христ: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» хэмээсэн (Иохан 17:3). Тийм ээ, энэ «ертөнц... өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршино» (1 Иохан 2:17).
Хэрэв өөр заалт байхгүй бол Библийн ишлэлийг «Ариун Библи» (АББН, 2004 он) орчуулгаас авсан болно.