Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • еб бүлэг 9 х. 87-104
  • Сайн мэдээ дэлгэрүүлэх арга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сайн мэдээ дэлгэрүүлэх арга
  • Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • АЙЛААР ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ
  • ЗОХИСТОЙ ХҮНИЙГ ОЛОХ НЬ
  • ДАВТАН УУЛЗАЛТ
  • БИБЛИЙН ХИЧЭЭЛ ХИЙХ НЬ
  • СУРАЛЦАГЧАА БАЙГУУЛЛАГАТАЙ ТАНИЛЦУУЛАХ НЬ
  • БИБЛИД ҮНДЭСЛЭСЭН НОМ ХЭВЛЭЛИЙГ АШИГЛАХ НЬ
  • АЛБАН БУСААР ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ
  • ДЭЛГЭРҮҮЛЭХ ХЭСЭГ
  • БҮХ ХЭЛНИЙ ХҮМҮҮСТ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ
  • ХАМТРАН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ
  • Олон хэлний хэсгээр дэлгэрүүлэхдээ хурлууд хамтарч ажиллах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2018
  • Өөрийн гэсэн хэсэгтэй байхын ач тус
    Христиан үйлчлгл 2013
  • Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Хэсгийнхээ бүх хүнтэй уулзах
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2017
  • Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Гадаад хүнд дэлгэрүүлэх
    Христиан үйлчлэл 2015
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
еб бүлэг 9 х. 87-104

БҮЛЭГ 9

Сайн мэдээ дэлгэрүүлэх арга

ЕСҮС сайн мэдээг урам зоригтой тунхаглаж, дагалдагчдадаа сайн жишээ үзүүлсэн. Өөрөө санаачилга гарган хүмүүсийн гэрт, олон нийтийн газар очиж сайн мэдээг тунхаглан, зааж сургадаг байв (Мат. 9:35; 13:36; Лук 8:1). Хүмүүстэй дотночлон ярьж, шавь нартаа хувьчлан зааж, олон мянган хүний өмнө сургаалаа айлддаг байлаа (Марк 4:10–13; 6:35–44; Ёох. 3:2–21). Боломж бүрийг алдалгүй ашиглан урам зориг, итгэл найдвар өгдөг байв (Лук 4:16–19). Тэр байтугай амарч байхдаа ч дэлгэрүүлэх боломжийг алдана гэж үгүй (Марк 6:30–34; Ёох. 4:4–34). Есүсийн хэрхэн дэлгэрүүлж байсныг Библиэс уншаад бидний сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй дуураймаар санагддаг. Есүсийн элч нарт ч мөн тэгж санагддаг байсан нь эргэлзээгүй (Мат. 4:19, 20; Лук 5:27, 28; Ёох. 1:43–45).

2 2000-аад жилийн өмнө Есүсийн эхлүүлсэн дэлгэрүүлэх ажлыг бид одоо ч хийдэг. Дэлгэрүүлэх ямар ямар арга байдгийг авч үзье.

АЙЛААР ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

3 Еховагийн Гэрчүүд Хаант төрийн тухай сайн мэдээг айлаар тунхаглахын чухлыг ойлгодог. Энэ нь бидний өргөн хэрэглэдэг арга билээ. Хүмүүс ч биднийг айлаар дэлгэрүүлдгээр маань сайн мэддэг. Айлаар явж дэлгэрүүлэх нь сайн мэдээг олон сая хүнд богино хугацаанд хүргэдэг шалгарсан арга билээ (Мат. 11:19; 24:14). Бас Еховаг болон хөршөө хайрладгийн маань баталгаа болдог (Мат. 22:34–40).

4 Айлаар дэлгэрүүлэх нь Еховагийн орчин үеийн үйлчлэгчдийн зохиосон шинэ арга биш ээ. Элч Паул хүмүүсийн гэрт очиж, Библийн үнэнийг заадаг байсан нь хэлсэн үгнээс нь харагддаг. Паул хэрхэн дэлгэрүүлсэн тухайгаа Эфэс дэх хурлын ахлагчдад ийн бичжээ. «Ази мужид анх хөл тавьсан өдрөөсөө эхлэн ... та нарт тустай гэсэн болгоныг хэлж ярихаас, ... айлаар яван зааж сургахаас хойш суугаагүй билээ. Гэмшиж, Бурхан руу эргэж, бидний Эзэн Есүст итгэх учиртайг иудейчүүд, грекчүүдийн хэн хэнд нь сайтар гэрчилсэн» (Үйлс 20:18, 20, 21). Тухайн үед Ромын эрх баригчид шүтээн шүтэх явдлыг дэвэргэдэг байсан бөгөөд ард иргэд нь ч «шүтлэгтэй» байжээ. Тийм учраас «Дэлхий ертөнцийг байгаа бүхэнтэй нь бүтээсэн» бөгөөд «газар газрын бүх хүнд гэмшихийг тунхагладаг» Ехова Бурхныг хүмүүс цаг алдалгүй таньж мэдэх шаардлагатай байв (Үйлс 17:22–31).

5 Өнөөдөр Хаант төрийн тухай сайн мэдээг хүмүүст бүр ч яаралтай хүргэх хэрэгтэй болоод байна. Энэ бузар муу ертөнцийн төгсгөл асар хурдтай ойртож байна. Ийм эгзэгтэй цагт амьдарч байгаагаа мэдэрдэг хүн улам хичээл зүтгэлтэй байдаг. Үнэнээр цангаж байгаа хүмүүсийг айлаар явж олох нь цаг хугацааны шалгуурыг давсан, хамгийн шилдэг арга билээ. Энэ арга нь Есүсийн болон элч нарын үед төдийгүй өнөөдөр ч үр дүнтэй хэвээрээ байгаа (Марк 13:10).

6 Та айлаар дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцдог уу? Тэгдэг бол Ехова таныг хараад баярладаг (Езе. 9:11; Үйлс 20:35). Гэхдээ айлаар дэлгэрүүлэх нь амаргүй байж болох юм. Өндөр настай, өвчин хуучтай эсвэл хэсгийн тань хүмүүс сайн мэдээг нааштай хүлээж авдаггүй бол танд хэцүү санагддаг байх. Бүр засгийн газраас хориг тавьж мэдэх юм. Эсвэл ичимхийгээсээ болоод танихгүй хүнтэй яриа өрнүүлж чаддаггүй байж мэднэ. Иймэрхүү бэрхшээлээс болоод айлаар явах болгондоо санаа зовдог байж магадгүй. Гэхдээ битгий шантраарай (Ег. 4:10–12). Та ганцаараа биш ээ. Бусад орны итгэл нэгтнүүд тань адилхан бэрхшээлтэй тулгардаг.

7 Есүс шавь нартаа «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэж амласан (Мат. 28:20). Энэ амлалт бидэнд урам зориг хайрладаг учраас шавь бэлдэх ажлаа цөхрөлтгүй хийдэг. Бид элч Паулынхтай адилхан сэтгэл өвөрлөж явдаг. Тэрээр: «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж хэлсэн (Флп. 4:13). Хурлынхаа айлаар дэлгэрүүлэх арга хэмжээнд идэвхтэй оролцоорой. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт дэлгэрүүлэхээр тэднийхээ тусламж дэмжлэгийг авч, урам зориг ордог. Дэлгэрүүлэхэд ямар ч бэрхшээл тулгарсан даван туулахад туслаач гэж Еховагаас гуйн, биеэ дайчлан сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлээрэй (1 Ёох. 5:14).

8 Та сайн мэдээ тунхаглахын хэрээр «итгэл найдварынхаа» тухай хүмүүст ярих боломж бүрдэнэ (1 Петр 3:15). Бас Бурхны Хаант төрийн амласан найдварыг өвөрлөж явдаг хүмүүс ийм найдвар өвөрлөдөггүй хүмүүсээс хэчнээн ялгаатайг ойлгоно (Ис. 65:13, 14). Түүнээс гадна «Хүмүүсийн өмнө та нар гэрэлт» гэсэн Есүсийн тушаалыг дуулгавартай дагадагтаа та сэтгэл өег явна. Үүний зэрэгцээ Еховатай танилцаж, мөнхийн амьтай болгох үнэнийг мэдэхэд нь бусдад туслах хосгүй завшаан эдэлнэ (Мат. 5:16; Ёох. 17:3; 1 Тим. 4:16).

9 Айлаар дэлгэрүүлэх ажлын цуглаан амралтын өдөр ч, ажлын өдөр ч болдог. Хэсгийнх нь хүмүүс өдрийн цагаар гэртээ байдаггүй бол оройн цагаар дэлгэрүүлдэг хурал бий. Өглөө очсоноос үдээс хойш юм уу орой очиход айлын хүн төвөгшөөхгүй байж болох юм.

ЗОХИСТОЙ ХҮНИЙГ ОЛОХ НЬ

10 Есүс «зохистой хүнийг олж» уулзахыг шавь нартаа зөвлөсөн байдаг (Мат. 10:11). Тэрээр зохистой хүнтэй уулзахын тулд зөвхөн айлаар явдаггүй байсан. Албан ёсоор ч, албан бусаар ч дэлгэрүүлэх бүх боломжийг алдалгүй ашигладаг байв (Лук 8:1; Ёох. 4:7–15). Элч нар нь бас хаана хүн байна, тэнд очоод сайн мэдээ тунхагладаг байжээ (Үйлс 17:17; 28:16, 23, 30, 31).

Бид Хаант төрийн тухай сайн мэдээг хүн бүрд тунхаглах зорилготой

11 Бурхны орчин үеийн үйлчлэгчид ч Хаант төрийн тухай сайн мэдээг хүн бүрд тунхаглах зорилготой. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Есүс болон элч нарыг дуурайж хэсгийнхээ хүмүүсийн амьдрал ахуй, нөхцөл байдалд тохируулдаг (1 Кор. 7:31). Жишээ нь албан газраар үр өгөөжтэй дэлгэрүүлдэг. Цэцэрлэгт хүрээлэн, машины зогсоол, гудамж гэх мэт хөл хөдөлгөөн ихтэй газраар дэлгэрүүлэх нь олон оронд үр дүнтэй байдаг. Зарим хурал дугуйтай тавиур болон ширээн дээр ном хэвлэл тавиад дэлгэрүүлдэг. Хүн ам ихтэй хотод нийтэд дэлгэрүүлэх тусгай арга хэмжээг салбараас зохион байгуулдаг. Ингэхдээ хэд хэдэн хурлын дэлгэрүүлэгчдээс сонгож оролцуулдаг. Уг арга хэмжээний ачаар, гэрт нь уулзах боломжгүй хүмүүст сайн мэдээ хүргэх боломж олддог.

12 Олон нийтийн газраар дэлгэрүүлж байхдаа Библийн сайн мэдээг сонирхдог хүнтэй таарвал тохиромжтой ном хэвлэлийг танилцуулна. Тухайн хүний сонирхлыг дэмжихийн тулд өөрийн утасны дугаар юм уу э-мэйл хаягийг өгч давтан уулзалт тохироорой. Эсвэл jw.org сайтад зочлохыг уриалах юм уу хамгийн ойр болдог цуглааны хаягийг өгч болно. Та олон нийтийн газар дэлгэрүүлбэл үйлчлэлээ өргөжүүлэх үр өгөөжтэй арга мөн гэдгийг ойлгоно.

13 Орчин үеийн Христийн дагалдагч хүн зөвхөн сайн мэдээ тунхаглах үүрэгтэй юм биш ээ. Хэрэв та мөнхийн амьтай болгох Библийн үнэнийг хүлээж авахад нь бусдад тусалъя гэвэл сонирхсон хүнтэй дахин дахин уулзах хэрэгтэй. Ингэвэл тухайн хүн ахиц дэвшил гарган яваандаа төлөвшсөн Гэрч болно.

ДАВТАН УУЛЗАЛТ

14 Есүс дагалдагчдадаа «Та нар намайг ... дэлхий даяар гэрчилнэ» гэж хэлсэн (Үйлс 1:8). Бас «Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун. ... Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэжээ (Мат. 28:19, 20). Сайн мэдээг шимтэн сонирхсон хүнтэй дахин уулзах нь Еховад үйлчлэхийн бас нэг баяр хөөр билээ. Тэд ч тантай дахин уулзаад баярлах биз ээ. Тэдэнд Библийн зүйл үзүүлж ярилцвал Бурхан бодитой оршин байдагт итгэхэд нь, «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарлахад» нь тусална (Мат. 5:3). Сонирхсон хүмүүстэй дахин уулзахын тулд сайн бэлдэж, тохиромжтой цагт очвол Библийн хичээл эхлэх боломжтой байж болох юм. Хүмүүстэй дахин дахин уулздагийн маань гол зорилго бол Библийн хичээл хийх билээ. Бид үнэний үрийг тариад зогсохгүй услах хэрэгтэй (1 Кор. 3:6).

15 Хүмүүстэй дахин уулзах нь зарим хүнд амаргүй санагддаг. Та сайн мэдээ тунхаглахдаа товчхон оршил үг хэлэх чадвартай болж, дэлгэрүүлэх арга барил эзэмшсэн байж болох юм. Харин айлын хүнтэй дахин уулзаад Библиэс ярилцана гэхээр зүрхшээдэг байж мэднэ. Сайн бэлдвэл итгэлтэй ярьж чадна. Ажлын өдрийн цуглаанаар сурсан ярианы жишээг ашиглаарай. Илүү туршлагатай дэлгэрүүлэгчтэй хамт явсан ч болно.

БИБЛИЙН ХИЧЭЭЛ ХИЙХ НЬ

16 Сайн мэдээ тунхаглагч Филип, Бурхны Үгийг уншиж байсан Еховаг шүтдэг иудей биш хүнээс «Та уншиж байгаагаа ойлгож байна уу?» гэж асуужээ. «Хэн ч тайлбарлаж өгөхгүй бол би яаж ойлгох билээ» хэмээн тэр хүн хариулав. Энэ үйл явдал «Үйлс» номын 8 дугаар бүлэгт гардаг. Филип өнөөх хүнд «Судрын тэр хэсгийг эхэлж тайлбарлаад» дараа нь «Есүсийн тухай сайн мэдээг хүргэжээ» (Үйлс 8:26–36). Хэр удаан ярилцсаныг нь бид мэдэхгүй ч Филип сайн мэдээг сайтар гэрчилсэн учраас тэр хүн үнэнийг хүлээн авч, баптисм хүртээхийг гуйдаг. Тэгээд Есүс Христийн дагалдагч болсон.

17 Өнөө үед Библийг мэддэггүй хүн олон бий. Тиймээс хүмүүс дээр дахин дахин очиж, Библийн хичээл хийх нь зүйтэй. Хэдэн сараар, тэр байтугай жил юм уу түүнээс удаан хугацаагаар Библийн хичээл хийсний дүнд тухайн хүний итгэл батжиж, баптисм хүртэх шаардлага хангаж болох юм. Зөв зүрх сэтгэлтэй хүмүүсийг Есүсийн шавь болгохын тулд тэвчээртэй байж, санаа тавих хэрэгтэй. Ингэдэг бол үр шимийг нь хүртэхээс гадна «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэсэн Есүсийн үгийн үнэнийг биеэрээ мэдэрнэ (Үйлс 20:35).

18 Та Библи судлахад зориулан гаргасан гарын авлагыг ашиглан хүмүүстэй Библийн хичээл хийхийг хүсдэг нь лавтай. Ажлын өдрийн цуглаанаар өгдөг заавар зөвлөгөөг хэрэгжүүлж, хурлын чадварлаг заадаг хүмүүстэй хамтран ажилладаг бол хичээлээ үр өгөөжтэй зааж Есүс Христийн шавь болоход нь суралцагчдадаа тусална.

19 Хэрэв Библийн хичээл эхэлж, үргэлжлүүлэн хийхэд тань тусламж хэрэгтэй бол ахлагчдад юм уу Библийг үр өгөөжтэй заадаг итгэл нэгтэндээ хэлээрэй. Бас «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал» дээр нийтлэгддэг зөвлөгөө, цуглаан дээр үзүүлдэг үзүүлбэр танд тус болно. Еховад найдаж, энэ тухайгаа хэлж залбираарай (1 Ёох. 3:22). Та гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хичээл хийдэг байж болох юм. Гэлээ ч боломжтой бол, өөр нэг хичээлтэй болохыг зорилгоо болгоорой. Та Библийн хичээлтэй болбол дэлгэрүүлэх ажлын баяр хөөрийг бүр ч их эдэлнэ.

СУРАЛЦАГЧАА БАЙГУУЛЛАГАТАЙ ТАНИЛЦУУЛАХ НЬ

20 Ехова Бурхныг таньж мэдэн, Есүс Христийн шавь болоход нь бусдад тусалбал тэд яваандаа хурлын маань нэг хэсэг болно. Суралцагч маань байгууллагатай танилцаж, нягт холбоотой байдаг бол ахиц дэвшил гаргаж, төлөвшинө. Байгууллагынхаа тухай заах нь их чухал. Ийм зорилгоор олон видео, «Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?» гэсэн товхимлыг гаргасан. Мөн энэ номын 4-р бүлэгт байгаа зарим мэдээлэл тустай.

21 Та суралцагчтайгаа Библийн хичээл хийж эхэлмэгцээ Ехова байгууллагаараа дамжуулан дэлгэрүүлэх ажлыг дэлхий дахинд өрнүүлдгийг хэлж өгөөрэй. Библи судлахад зориулсан гарын авлага ямар үнэ цэнтэйг онцлох нь чухал. Бурханд амь амьдралаа зориулсан хүмүүс байгууллагад сайн дураараа ажиллаж, эдгээр гарын авлагыг гаргаж, дэлхий даяар илгээдгийг тайлбарлаж өгөөрэй. Суралцагчаа цуглаанд уриарай. Цуглаанаа хэрхэн явуулдгийг хэлж өгч, итгэл нэгтнүүдтэйгээ танилцуулаарай. Бас чуулганд урьж хүмүүстэй найз болоход нь туслаарай. Христийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинж болсон хайрыг Гэрчүүд хэрхэн илэрхийлдгийг суралцагчдаа мэдрүүлээрэй (Ёох. 13:35). Суралцагч тань байгууллагыг үнэлж эрхэмлэдэг болохын хэрээр Еховатай улам дотносно.

БИБЛИД ҮНДЭСЛЭСЭН НОМ ХЭВЛЭЛИЙГ АШИГЛАХ НЬ

22 Христийн эртний дагалдагчид Бурхны Үгийг хүмүүст идэвх зүтгэлтэй мэдүүлдэг байсан. Тэд бие даан судлахад болон хурлаараа судлахад зориулан Судрыг гараараа хуулан бичдэг байжээ. Бас Судрыг судлахыг бусдад уриалдаг байв. Хуулан бичсэн хувилбар нь ховор байсан учраас их нандигнадаг байжээ (Кол. 4:16; 2 Тим. 2:15; 3:14–17; 4:13; 1 Петр 1:1). Еховагийн Гэрчүүд сүүлийн үеийн техник технологи ашиглан Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг сая саяар нь хэвлэдэг. Танилцуулга, товхимол, ном, сэтгүүлийг хэдэн зуун хэлээр гаргадаг.

23 Сайн мэдээг бусадтай хуваалцахдаа байгууллагаас гаргадаг, Библи судлахад зориулсан гарын авлагуудыг сайтар ашиглаарай. Та байгууллагаас гаргадаг ном хэвлэлийг уншиж судлан ач тусыг нь хүртэх тусам бусадтай хуваалцах хүсэлтэй болно (Евр. 13:15, 16).

24 Хүмүүсийн мэдээлэл авдаг гол эх сурвалж нь интернэт болж байна. Тийм учраас Библид үндэслэсэн ном хэвлэлээс гадна манай байгууллагын албан ёсны сайт болох jw.org нь Хаант төрийн тухай сайн мэдээг тунхаглах нэг сайн багаж юм. Дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүс манай сайтаас Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл, бичлэгийг хэдэн зуун хэлээр уншиж, сонсдог. Бас татаж авах боломжтой. Танихгүй хүнтэй ярилцахаас цааргалдаг эсвэл бидэнтэй бараг уулзах боломжгүй газар амьдардаг хүмүүс гэрээсээ jw.org сайт руу орж итгэл үнэмшлийн маань талаар мэдэж авах боломжтой болсон.

25 Тийм болохоор бид jw.org сайтаа хүмүүст сурталчлах боломжийг алдалгүй ашигладаг. Хэрэв итгэл үнэмшлийн маань талаар айлын хүн асуувал гар утас юм уу таблетаасаа хариуг нь тэр дор нь үзүүлэх боломжтой. Гадаад хүн эсвэл дохионы хэлээр ярьдаг хүнтэй таарвал сайтаасаа Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг эх хэлээр нь үзүүлээрэй. Хүмүүстэй Библийн сэдвээр яриа өрнүүлэхийн тулд вэб сайтад байгаа видеоноос үзүүлдэг дэлгэрүүлэгч олон бий.

АЛБАН БУСААР ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

26 Есүс үгийг нь анхааралтай сонсож байсан хүмүүст «Та нар бол дэлхийн гэрэл. ... Хүмүүсийн өмнө та нар гэрэлт. Тэгвэл хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэрийн Эцгийг тань магтан алдаршуулна» гэжээ (Мат. 5:14–16). «Би бол ертөнцийн гэрэл» хэмээн хэлсэн Есүсийг тэд дуурайж аливааг хийхдээ Бурхны үзэл бодол, үйл хэргийг тусган харуулсан. «Амь руу хөтлөх гэрлийг» хүмүүст хэрхэн тусгаж байхыг Есүс дагалдагчдадаа өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн (Ёох. 8:12).

27 Элч Паул бас бидэнд дуурайвал зохих жишээ үзүүлсэн (1 Кор. 4:16; 11:1). Тэрээр Афинд байхдаа «өдөр бүр зах дээр очиж, таарсан хүн болгонд» сайн мэдээ тунхаглаж байв (Үйлс 17:17). Филиппой хотын Христийн дагалдагчид түүнийг дуурайсан. Тийм учраас Паул тэдэнд захидал бичихдээ «хорон муу, нүгэлт үеийнхний дунд» тэднийг «гэрэл мэт гэрэлтэж» явсан гэжээ (Флп. 2:15). Бид сайн мэдээг бусдад тунхаглах боломж олдох бүрд үнэнийг үг яриа, үйл хэргээрээ гэрэлтүүлдэг. Зөв зүрх сэтгэлтэй, үнэнч шударга байвал хүмүүс биднийг бусдаас өөр гэдгийг ойлгоно. Харин сайн мэдээний тухай ярьж өгвөл тэд биднийг бусдаас яагаад ийм өөр байдгийг мэдэж авна.

28 Еховагийн Гэрчүүд ажил, сургууль, автобусанд гэх мэт хаа явсан газраа Библийн үнэнийг тунхагладаг. Аялал зугаалгаар явж байхдаа ч тааралдсан хүмүүстээ дэлгэрүүлдэг. Бид хүмүүстэй жирийн зүйл ярьж байхдаа ч ярианы сэдвээ аль болох Библийн мэдээ рүү хандуулах боломжийг алдалгүй ашиглах хэрэгтэй. Ингэхийн тулд ямар ч үед дэлгэрүүлэхэд бэлэн байх нь чухал.

29 Хэрэв бид Бүтээгчээ болон нэрийг нь алдаршуулахыг үргэлж бодож явдаг бол ямар ч үед үнэнийг тунхаглах хүсэлтэй байна. Бас зөв зүрх сэтгэлтэй хүмүүст Еховаг таньж мэдэхэд нь тусална. Үүний ачаар тэд Еховад үйлчилж, Есүс Христэд итгэн мөнх амьтай болно. Ехова үүнийг хараад баярлаж, биднийг «ариун үүргээ» биелүүлж байна гэж үзнэ (Евр. 12:28; Илч. 7:9, 10).

ДЭЛГЭРҮҮЛЭХ ХЭСЭГ

30 Ехова Хаант төрийн тухай сайн мэдээг дэлхий даяар, түүний дотор хот, хөдөө орон нутагт тунхаглаасай гэж хүсдэг. Еховагийн энэ хүслийг биелүүлэхийн тулд хувиараа эсвэл хурлаараа салбараас хуваарилсан газарт очиж дэлгэрүүлдэг (1 Кор. 14:40). I зуунд бас Бурхны удирдлагын дагуу ингэж дэлгэрүүлдэг байсан (2 Кор. 10:13; Гал. 2:9). Хаант төрийн үйл хэргийг урагшлуулах ажил өргөжин тэлж буй эцсийн энэ өдрүүдэд зохион байгуулалт сайтай байвал хурлынхаа хэсгийг сайн боловсруулж үр өгөөжтэй дэлгэрүүлнэ.

31 Үүнийг үйлчлэл хариуцагч удирдан зохион байгуулдаг. Туслах үйлчлэгч хэсэг хуваарилах ажил хийж болох юм. Дэлгэрүүлэх хэсэг нь хурлаараа дэлгэрүүлэх, хувиараа дэлгэрүүлэх гэсэн хоёр янз байдаг. Хэсэг багатай бол бүлэг хариуцагч бүлгээрээ дэлгэрүүлж болох хэсгийг авдаг. Хэрэв хэсэг хангалттай бол дэлгэрүүлэгчид хувиараа дэлгэрүүлэх хэсэг авч болдог.

32 Өөрийн гэсэн хэсэгтэй бол дэлгэрүүлэх ажлын цуглаангүй эсвэл хурлынхантайгаа дэлгэрүүлэх боломжгүй үед ч дэлгэрүүлж чаддаг. Зарим дэлгэрүүлэгч ажилдаа ойр хэсэг аваад цайны цагаараа юм уу ажлаа тараад дэлгэрүүлдэг. Гэрийнхээ ойр хавьд хэсэг аваад оройн цагаар дэлгэрүүлдэг гэр бүлүүд бас байдаг. Аль болох ойрхон хэсэгтэй бол дэлгэрүүлэх ажилдаа их цаг зарцуулж чаддаг. Хурлаараа дэлгэрүүлэх үед ч дэлгэрүүлэгч өөрийнхөө хэсгээр дэлгэрүүлж болдог. Та өөрийн гэсэн хэсэгтэй болъё гэвэл хурлынхаа хэсэг хариуцагчид хандаарай.

33 Бүлэг хариуцагчийн авсан хэсэг ч бай, дэлгэрүүлэгчийн хувийн хэсэг ч бай хэсгээ сайтар боловсруулах хэрэгтэй. Үүний тулд хэсгийнхээ бүх айлд сайн мэдээ хүргэхийг чадлынхаа хэрээр хичээх учиртай. Хэсгээ боловсруулахад зохион байгуулах арга хэмжээ нь мэдээллийн нууцлалыг хамгаалах тухай хуулийн дагуу хийгдэх ёстой. Хэсэг авсан бүлэг хариуцагч эсвэл дэлгэрүүлэгч дөрвөн сарын дотор хэсгээ боловсруулах хэрэгтэй. Боловсруулж дууссаныхаа дараа хэсэг хариуцагчид хэлнэ. Бүлэг хариуцагч эсвэл дэлгэрүүлэгч боловсруулж дууссан хэсгээ нөхцөл байдлаас шалтгаалан, хадгалж байгаад дахин явах юм уу хэсэг хариуцагчид буцааж өгдөг.

34 Бүх дэлгэрүүлэгч хурлынхаа арга хэмжээг дэмждэг бол дэлгэрүүлэх ажлын хэсгийг сайтар боловсруулж чадна. Мөн хэд хэдэн дэлгэрүүлэгч нэг хэсгээр давхардан явж айлын хүний дургүйг хүргэх явдал гаргахгүй. Ингэж итгэл нэгтнүүддээ болон хэсгийнхээ хүмүүст санаа тавьдгаа илэрхийлж болно.

БҮХ ХЭЛНИЙ ХҮМҮҮСТ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ

35 Бүх хүн Ехова Бурхныг болон Хүүг нь, мөн Хаант төрийн тухай мэдэх хэрэгтэй (Илч. 14:6, 7). Аврагдахын тулд Еховагийн нэрээр дуудаж, Еховад таалагддаг зан чанарыг төлөвшүүлэхэд нь бид бүх үндэстэнд дуртайяа тусалдаг (Ром 10:12, 13; Кол. 3:10, 11). Тэгвэл янз бүрийн хэлээр ярьдаг хүмүүс амьдардаг нутагт сайн мэдээ тунхаглахад ямар бэрхшээл тулгардаг вэ? Бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ? Хаант төрийн тухай сайн мэдээг аль болох олон хүнд эх хэлээр нь хүргэхийн тулд яах хэрэгтэй вэ? (Ром 10:14).

36 Хурлууд хэсгээ хэл хэлээр нь хувааж авдаг. Тиймээс янз бүрийн үндэстэн ястан амьдардаг газар өөр өөр хурлын дэлгэрүүлэгчид нэг хэсгээр дэлгэрүүлэх нь бий. Ийм тохиолдолд дэлгэрүүлэгчид харьяа хурлынхаа хэлээр ярьдаг хүмүүст сайн мэдээ хүргэх нь их чухал. Жил бүр урилга тараах аянаар ч ийм аргаар дэлгэрүүлнэ. Харин нийтэд эсвэл албан бусаар дэлгэрүүлж байхдаа ямар ч хүнтэй уулзаж, аль ч хэлээр хэвлэл өгч болдог.

37 Зарим тохиолдолд өөр хэлний хурлууд алслагдсан хэсгээ тогтмол боловсруулж чаддаггүй байж мэднэ. Тийм үед эдгээр хурлын үйлчлэл хариуцагчид хамтран ажиллаж, аль аль талдаа тохиромжтой аргаар хэсгээ боловсруулах хэрэгтэй. Ингэвэл тухайн хэсгийн бүх хүнд сайн мэдээг хүргэх боломжтой бөгөөд өөр өөр хурлын дэлгэрүүлэгчид давхардаж очихоос зайлсхийнэ (Сур. 15:22).

38 Айлаар дэлгэрүүлж яваад гадаад хүнтэй таарвал яах вэ? Төрөлх хэлээр нь ярьдаг дэлгэрүүлэгч тэр хүнтэй яриг гэж бодоод орхих учиргүй. Зарим дэлгэрүүлэгч хэсгийнхээ дийлэнх гадаад хүмүүсийн эх хэлээр оршил үг бэлддэг. Төрөлх хэл дээр нь гарсан хэвлэлийг jw.org сайтаас унших юм уу татаж авах аргыг зааж өгөх нь сайн. Эсвэл эх хэлээр нь гарсан хэвлэл аваачиж өгч болно.

39 Хэрэв айлын хүн чин сэтгэлээсээ сонирхож байвал түүнд тусалж чадах дэлгэрүүлэгчийг танилцуулах хэрэгтэй. Мөн тэр хэлний цуглаан ойр хавьд байдаг бол зааж өгөөрэй. Тухайн хүн эх хэлээр нь ярьдаг хүнтэй холбоо барихыг хүсвэл jw.org сайтад буй «Библийн хичээл үнэ төлбөргүй заалгах» гэсэн хэсгийг хэрхэн бөглөхийг заагаарай. Тэгвэл салбар тухайн хүнд тусалж чадах, гэртэй нь ойрхон дэлгэрүүлэгч, бүлэг, хурлыг олохыг хичээдэг.

40 Эх хэлээр нь ярьдаг дэлгэрүүлэгч түүнтэй уулзах хүртэл бид холбоотой байх хэрэгтэй. Зарим тохиолдолд салбараас тухайн хүний эх хэлээр ярьдаг дэлгэрүүлэгч байхгүйг ахлагчдад мэдэгдэж болох юм. Ийм үед тухайн хүнд үнэнийг мэдэхэд нь туслахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Боломжтой бол эх хэлээр нь гарсан хэвлэлийг ашиглан Библийн хичээл хийж болно. Зургийг сайн ашиглаж, эш татсан зүйлүүдийг хамт уншвал Библийн үндсэн ойлголттой болоход нь тусалж чадна. Хэрэв суралцагчийн гэрийнхнээс эх хэлээр нь ч, тухайн орны хэлээр ч ярьдаг хүн байдаг бол бидэнд тусалж Библийн хичээл хийхэд орчуулж өгч болох юм.

41 Цуглааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн ойлгохгүй байлаа ч тухайн хүнийг Бурхны байгууллагатай танилцуулахын тулд цуглаанд урих хэрэгтэй. Хэрэв эх хэл дээр нь гарсан Библитэй бол Библийн зүйлийг олж уншихад нь туслаарай. Хурлын хүмүүстэй танилцуулбал түүнд таатай санагдах бөгөөд цаашдаа ахиж дэвшихэд нь тустай байна.

42 Бэлтгэл бүлэг: Бэлтгэл бүлэгт тухайн хурлын хэлээс өөр хэлээр дэлгэрүүлдэг хэд хэдэн дэлгэрүүлэгч байдаг. Уг хэлээр долоо хоног бүр цуглаан явуулж чадах ахлагч юм уу туслах үйлчлэгч байхгүй байж мэднэ. Хурал дараах шаардлагыг хангасан бол бэлтгэл бүлгийг хариуцах хурал болох зөвшөөрлийг салбараас авна.

  1. 1) Тухайн хэсэгт хурлын хэлээс өөр хэлээр ярьдаг хүн цөөнгүй байх.

  2. 2) Тухайн хэлээр ярьдаг эсвэл хэлийг нь сурах хүсэлтэй хэд хэдэн дэлгэрүүлэгчтэй байх.

  3. 3) Ахлагчдын зөвлөл тухайн хэлээр дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулахад дуртайяа удирдах.

Ахлагчдын зөвлөл бэлтгэл бүлгийг зохион байгуулах хүсэлтэй байвал дүүрэг хариуцагчтай ярилцах нь зүйтэй. Дүүрэг хариуцагч бусад хурал бас тухайн хэлний хүмүүст дэлгэрүүлэх хүсэлтэй байгаа эсэхийг анзаарч, бэлтгэл бүлэг байгуулахад аль хурал уг бүлгийг хариуцах нь хамгийн тохиромжтой байхыг шийдэхэд хэрэгтэй мэдээлэл өгч болох юм. Хариуцах хурал шийдэгдсэн бол ахлагчид салбар луу захиа явуулж уг бэлтгэл бүлгийг хариуцах албан ёсны зөвшөөрөл авах хүсэлт гаргана.

43 Бүлэг: Хурал дараах шаардлагыг хангасан бол бүлгийг хариуцах хурал болох зөвшөөрлийг салбараас авна:

  1. 1) Үнэнийг сонирхдог, тухайн хэлээр ярьдаг хүн цөөнгүй байх ёстой бөгөөд цаашид өсөх магадлалтай байх.

  2. 2) Тухайн хэлээр ярьдаг эсвэл тухайн хэлийг сурч байгаа дэлгэрүүлэгч цөөхөн ч болов байх.

  3. 3) Долоо хоног бүр болдог цуглаануудын аль нэгийг, эсвэл нийтийн илтгэл юм уу «Харуулын цамхаг» судлал гэх мэтийн, цуглааны нэг хэсгийг тухайн хэлээр хөтөлж явуулах шаардлага хангасан ахлагч эсвэл туслах үйлчлэгчтэй байх.

Дээрх шаардлагыг тодорхой хэмжээнд хангаж байвал ахлагчид салбар луу бүлэг байгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бичиж, албан ёсны зөвшөөрөл хүсдэг. Удирдан зохион байгуулж байгаа ахлагч эсвэл туслах үйлчлэгчийг «Бүлгийн хариуцагч» юм уу «Бүлгийн үйлчлэгч» гэж үздэг.

44 Бүлэг байгуулагдсан бол тухайн хурлын ахлагчдын зөвлөл цуглааны бусад хэсгийг бас тухайн хэлээр явуулах эсэхийг, мөн сард хэдэн удаа явуулахыг шийднэ. Дэлгэрүүлэх ажлын цуглааныг бүлгээрээ бие даан хийж болдог. Бүлгийнхэн нь харьяа хурлынхаа ахлагчдын зөвлөлийн удирдлага зааврыг дагадаг. Ахлагчид удирдамж заавар өгөхдөө уян хатан байхаас гадна санаачилга гарган бүлгийнхний хэрэгцээ шаардлагыг анхаарах учиртай. Дүүрэг хариуцагч хуралд эргэлт хийхдээ бүлгийн хүмүүстэй бас уулзаж хамтран ажиллана. Бүлгийн гаргаж байгаа ахиц дэвшил болон зарим нэг хэрэгцээ шаардлагынх нь талаар салбарт товч мэдээлнэ. Бүлэг яваандаа хурал болж болох юм. Энэ ажилд хамаатай хүн бүр байгууллагын удирдамж зааврыг дагадаг бол Еховаг баярлуулна (1 Кор. 1:10; 3:5, 6).

ХАМТРАН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

45 Еховад өөрийгөө зориулсан хүн бусдад сайн мэдээг тунхаглах үүрэгтэй. Сайн мэдээг тунхаглах олон арга байдаг ч бидний ихэнх нь бусадтай хамтарч дэлгэрүүлэх дуртай байдаг (Лук 10:1). Тиймээс хурлууд ажлын өдрүүдээс гадна амралтын өдрүүдэд ч дэлгэрүүлэх ажлын цуглаан зохион байгуулдаг. Баярын өдрүүдэд албан газрууд амардаг болохоор олон дэлгэрүүлэгчийн хувьд хурлынхантайгаа дэлгэрүүлэх сайхан боломж гардаг. Дэлгэрүүлэх ажлын цуглааныг хэзээ, хаана хийвэл тохиромжтойг хурлын үйлчлэлийн хороо шийддэг. Ингэхдээ өглөө, өдөр, оройн цагаар цуглах хуваарь гаргаж болох юм.

46 Хурлаараа цуглаад дэлгэрүүлбэл бие биетэйгээ хамтарч ажиллахаас гадна «урамшин зоригждог» (Ром 1:12). Шинэ дэлгэрүүлэгчид чадварлаг, туршлагатай хүнтэй хамт дэлгэрүүлж олон зүйлийг сурч авдаг. Зарим хэсгээр дэлгэрүүлэхдээ аюулгүй байдлаа бодож хоёр эсвэл түүнээс ч олон дэлгэрүүлэгч хамт явдаг. Та хэсгээрээ ганцаараа дэлгэрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч дэлгэрүүлэх ажлын цуглаанд очвол бусдыгаа урамшуулна. Таны явж байгаа хэсгээр итгэл нэгтнүүд тань бас дэлгэрүүлж байгаа гэж бодохоор сэтгэл өег байх биз ээ. Хурлынхаа дэлгэрүүлэх ажлын бүх цуглаанд, ялангуяа өдөр бүр цуглаантай байдаг бол эхлэгчид болон бусад дэлгэрүүлэгч алгасалгүй очих ёстой гэж бодох учиргүй. Гэхдээ долоо хоног болгон боломжийнхоо хэрээр дэлгэрүүлэх ажлын цуглаанд очдог байх нь сайн.

47 Есүс болон элч нарынх нь жишээг цаашдаа ч дагаж явцгаая! Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах энэ чухал ажилд бие сэтгэлээ дайчлан оролцож байгаа биднийг Ехова ивээх нь гарцаагүй (Лук 9:57–62).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах