Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц96 5/1 х. 9-11
  • Бурхан ба Цезарь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхан ба Цезарь
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч–1996
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Бурхны эртний үйлчлэгчид ба төр засаг
  • Есүс төр засагт яаж хандсан бэ?
  • Христийн дагалдагчид ба Цезарь
  • «Дээд эрх мэдлүүд» гэдгийг илүү сайн ойлгодог болсон нь
  • Хэмжээ хязгаартай захирагдах нь
  • Цезарийн юмыг Цезарьт өгөх нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч–1996
  • Христийн эртний дагалдагчид ба төр засаг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч–1996
  • «Эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа төвийг сахидаг христианууд
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2002
  • Та хэний эрх мэдэлд захирагдах ёстой вэ?
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч–1996
хц96 5/1 х. 9-11

Бурхан ба Цезарь

«Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» (ЛУК 20:25).

1. а) Ехова хэр зэрэг өндөр байр суурьтай вэ? б) Бид Цезарьт өгч болохгүй юуг Еховад өгөх ёстой вэ?

ЕСҮС дээрх зааврыг өгөхдөө Цезарь буюу төр засаг юу ч шаардсан Бурхны үйлчлэгчид Бурхныхаа шаардлагыг эн тэргүүнд тавих ёстой гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Есүс дуулалчийн «Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд Таны ноёрхол [хэмжээгүй эрх мэдэл] бол үеийн үед үргэлжилнэ» гэж залбирсан үгний үнэнийг хэнээс ч илүү сайн мэдэж байв (Дуулал 145:13). Диавол Есүст дэлхийн бүх улс гүрнийг захирах эрх мэдлийг өгье гэж санал болгоход Есүс: «“Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой” хэмээн бичсэн байдаг» гэж хариулдаг (Лук 4:5–8). «Цезарь» гэж Ромын эзэн хаан эсвэл ямар нэгэн удирдагч, төр засгийн аль нь ч байсан түүнийг шүтэх учиргүй байв.

2. а) Сатан энэ ертөнцөд ямар байр суурь эзэлдэг вэ? б) Хэн үүнийг зөвшөөрсөн бэ?

2 Сатан дэлхийн улс гүрнүүдийг хэн нэгэнд өгөх эрх мэдэлтэйг Есүс үгүйсгээгүй. Хожим нь Есүс түүнийг «ертөнцийн захирагч» гэсэн (Ёохан 12:31; 16:11). 1-р зууны эцэст элч Ёохан: «Бид Бурхных гэдгээ мэддэг. Харин бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» гэж бичжээ (1 Ёохан 5:19). Энэ нь Ехова хэмжээгүй эрх мэдлээсээ ухарсан гэсэн үг биш ээ. Сатан дэлхийн бүх улс гүрнийг Есүст амлахдаа «Энэ бүхнийг захирах эрх мэд[лийг] . . . чамд өгье. Яагаад гэвэл энэ бүхнийг надад өгсөн юм» гэж хэлснийг санаарай (Лук 4:6). Бурхан зөвшөөрсөн учраас Сатан дэлхийн бүх улс үндэстнийг захирах эрхтэй байдаг.

3. а) Еховагийнхтай харьцуулбал төр засаг ямар эрх мэдэлтэй вэ? б) Төр засагт захирагдана гэдэг нь энэ ертөнцийн захирагч Сатанд захирагдаж байгаа хэрэг биш гэж яагаад хэлж болох вэ?

3 Мөн Хэмжээгүй эрхт Бурхан зөвшөөрсөн учраас л төр засаг эрх мэдэлтэй байдаг (Ёохан 19:11). Тиймээс «Бурхан зөвшөөрсөн тул эрх мэдэл байдаг бөгөөд бүгдээрээ хэмжээ хязгаартай». Еховагийн хэмжээгүй эрх мэдэлтэй харьцуулбал төр засгийн эрх мэдэл хамаагүй бага. Гэхдээ тэд хууль дүрэм сахиулж, гэмт хэрэгтнийг шийтгэж шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг учраас «Бурхны үйлчлэгчид» юм (Ром 13:1, 4, 6). Тэгэхлээр хэмжээ хязгаар бүхий эрх мэдэлтэй төр засагт захирагдана гэдэг нь энэ ертөнцийн үл үзэгдэх захирагч Сатанд захирагдаж байна гэсэн үг биш гэдгийг Христийн дагалдагчид ойлгох хэрэгтэй. Харин ч тэд Бурханд захирагддаг. Одоогийн төр засаг бол «Бурхны тогтоосон» арга хэмжээний нэг хэсэг юм. Оршин байхыг нь Бурхан түр зуур зөвшөөрсөн учраас дэлхий дээр байгаа Бурхны үйлчлэгчид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой (Ром 13:2).

Бурхны эртний үйлчлэгчид ба төр засаг

4. Ехова яагаад Иосефыг Египетэд өндөр алба хашихыг нь зөвшөөрсөн бэ?

4 МЭ 1-р зуунаас өмнө Ехова үйлчлэгчдэдээ төр засгийн алба хашихыг зөвшөөрч байсан. Жишээ нь МЭӨ 18-р зуунд Иосеф Египетийн ерөнхий сайд болж эрх мэдлээрээ Фараоны дараа орж байжээ (Эхлэл 41:39-43). Энэ бүхэнд Ехова оролцсон нь дараа дараагийнх нь үйл явдлаас харагддаг. Ехова санаа зорилгоо биелүүлэх Абрахамын үрийг хадгалж авч үлдэхийн тулд Иосефоор чухал үүрэг гүйцэтгүүлсэн. Иосеф Египетэд боол болж худалдагдсан байсан бөгөөд тухайн үед Мосегийн хууль ч, Христийн хууль ч гараагүйг санах хэрэгтэй (Эхлэл 15:5–7; 50:19–21; Галат 6:2).

5. Цөллөгт байгаа иудейчүүд яагаад Вавилоны «амар тайвныг» эрэлхийлэх ёстой байсан бэ?

5 Хэдэн зууны дараа үнэнч зөнч Иеремиа Еховагаар удирдуулан цөллөгт байгаа иудейчүүдийг Вавилоны удирдагчдад захирагдаж, хотын амар амгалангийн төлөө залбираарай гэж хэлдэг. Тэрбээр захидалдаа «Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ... бүх цөлөгдөгсдөд ингэж айлдаж байна. ... “Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг («хотын амар тайвныг», ШЕ) эрэлхийлж, түүний өмнөөс ЭЗЭНд залбир. Учир нь түүнийг сайн сайхан байхад та нар сайн сайхан байх болно”» гэж бичжээ (Иеремиа 29:4, 7). Еховагийн ард түмэн Бурхнаа чөлөөтэй шүтэхийн тулд байгаа газартаа хэзээ ямагт «амар тайвныг» хайх учиртай (1 Петр 3:11).

6. Даниел болон түүний гурван найз төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдий ч Еховагийн хуулийг зөрчихгүй байхаар бат шийдсэнээ хэрхэн харуулсан бэ?

6 Вавилонд цөллөгт байхдаа Даниел болон гурван еврей залуу Вавилоны боловсролыг эзэмшиж төрийн өндөр албан тушаал хашдаг болсон (Даниел 1:3–7; 2:48, 49). Гэхдээ сурч боловсорч байх хугацаандаа Мосегоор дамжуулж өгсөн Ехова Бурхныхаа хуулийг зөрчихөд хүргэх зарим хоол хүнснээс шийдэмгий татгалзсан юм. Үүнийх нь төлөө Ехова тэднийг ивээжээ (Даниел 1:8–17). Небухаднезар хаан улс орноо бэлгэдсэн баримал босгоход Даниелын гурван найз албан шахалтаар мужийн захирагчдын хамт ёслолын арга хэмжээнд очдог. Гэхдээ тэд улсыг бэлгэдсэн тэр хөрөгт «сөгдөж мөргөөгүй» юм. Ехова мөн л тэднийг үнэнч байсных нь төлөө ивээдэг (Даниел 3:1–6, 13–28). Үүнтэй адилаар өнөө үед Еховагийн Гэрчүүд амьдарч байгаа улсынхаа туг далбааг хүндэтгэдэг ч шүтэж мөргөдөггүй (Египетээс гарсан нь 20:4, 5; 1 Ёохан 5:21).

7. а) Даниел Вавилонд өндөр албан тушаал хашиж байсан ч ямар байр суурь баримталж байсан бэ? б) Христийн дагалдагчдын үед юу өөрчлөгдсөн бэ?

7 Вавилоны эзэнт гүрнийг балран унасны дараа оронд нь гарсан Меде-Персийн үед ч Даниел төрийн өндөр албан тушаалд томилогджээ (Даниел 5:30, 31; 6:1–3). Гэхдээ өндөр албан тушаалд томилогдсон гээд үнэнч байдлаасаа няцаагүй юм. Еховаг биш, Дариус хааныг шүтэхийг шаардсан хууль гарсан ч тэрбээр үүнээс татгалздаг. Үүнээсээ болоод арслангийн нүхэнд хаягдав. Гэвч Ехова түүнийг аварчээ (Даниел 6:4–24). Энэ бол 1-р зуунаас өмнө болсон явдал. Христийн дагалдагчдын хурал байгуулагдахад Бурхны үйлчлэгчид «Христийн хуулийг сахих» болсон. Ехова ард түмэнтэйгээ өөрөөр харьцдаг болсноор Иудейн нийгэмд зөвшөөрдөг байсан олон юм өөрчлөгдсөн (1 Коринт 9:21; Матай 5:31, 32; 19:3–9).

Есүс төр засагт яаж хандсан бэ?

8. Есүс улс төрд оролцохоос эрс татгалздаг байсныг ямар үйл явдал харуулдаг вэ?

8 Есүс дэлхий дээр байхдаа дагалдагчдадаа илүү өндөр шаардлага тавьсан. Тэрбээр улс төр, цэрэг дайны асуудалд ямар ч байдлаар оролцохоос татгалзсан юм. Хэдэн мянган хүнийг цөөхөн талх, хоёр жижиг загасаар хооллосныг нь хараад иудейчүүд Есүсийг барьж аваад хаан болгох гэдэг. Тэгэхэд нь Есүс хурдхан шиг уул руу зугтдаг (Ёохан 6:5–15). Энэ тухай нэгэн бүтээлд «Тухайн үед иудейчүүд их үндсэрхэг үзэлтэй байсан. Тэр гайхамшгийг үзсэн олон хүн Ромын эсрэг үйл ажиллагааг манлайлах, Бурхнаас явуулсан удирдагч байна гэж бодсон нь эргэлзээгүй. Тийм болохоор түүнийг өөрсдийнхөө хаан болгох гэсэн» гэж бичжээ («The New International Commentary on the New Testament»). Бас «Улс төрийн удирдагч болгох гэсэн энэ саналаас Есүс эрс татгалзсан» гэж бичсэн байдаг. Христ Ромын засаглалыг эсэргүүцсэн иудейчүүдийн бослогыг огт дэмжээгүй. Тэрбээр нас барсных нь дараа гарах бослого эцэстээ юунд хүргэхийг, Иерусалим устгагдаж оршин суугчид нь үгээр хэлшгүй их зовохыг зөгнөсөн (Лук 21:20–24).

9. а) Есүс өөрийнхөө Хаант төрийн талаар юу хэлсэн бэ? б) Ертөнцийн төр засагт яаж хандах талаар Есүс дагалдагчдадаа ямар зарчим хэлж өгсөн бэ?

9 Есүс нас барахаасаа өмнөхөн Ромын эзэн хааны Иудей дэх төлөөлөгчид «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш. Энэ ертөнцийнх байсан бол дагалдагчид минь намайг иудейчүүдийн гараас аврахын тулд тэмцэх байсан. Харин миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэж хэлдэг (Ёохан 18:36). Хаант төр нь засгийн газруудыг устгах хүртэл дагалдагчид нь Христийн жишээг дуурайдаг. Тэд эрх мэдэлтнүүдэд захирагддаг ч улс төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй (Даниел 2:44; Матай 4:8-10). Есүс шавь нартаа «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» гэсэн зарчим хэлж өгсөн (Матай 22:21). Үүнээс өмнө уулан дээр сургаал айлдахдаа «Эрх мэдэлтэй хүн чамайг нэг бээр яв гэж албадвал түүнтэй хамт хоёр бээр яв» гэж хэлдэг (Матай 5:41). Хам сэдвийг нь үзвэл Есүс энэ жишээгээр, Бурхны хуультай нийцэж байвал хувь хүний ч бай, төр засгийн ч бай зохих ёсны шаардлагыг дуртайяа биелүүлэх хэрэгтэй гэсэн зарчмыг ойлгуулсан (Лук 6:27–31; Ёохан 17:14, 15).

Христийн дагалдагчид ба Цезарь

10. Нэгэн түүхчийн хэлснээр Христийн эртний дагалдагчид Цезарьт яаж ханддаг байсан бэ?

10 Христийн дагалдагчид төр засагт яаж хандах талаарх эдгээр зарчмыг удирдлага болгох ёстой байв. Түүхч Е. В. Барнес номдоо «Христийн үе үеийн дагалдагчид төр засгийн шаардлагыг биелүүлэх эсэхдээ эргэлзэх болгондоо Христийн сургаалыг ёсчлон дагаж шийдвэр гаргадаг байсан. Татвар хэчнээн өндөр байсан ч Христийн дагалдагчид төлдөг байв. Эзэнт гүрний баруун хэсэг нурж унахаас өмнө тэсэхийн аргагүй өндөр татвар ноогдуулдаг байсан юм. Гэлээ ч Христийн дагалдагчид татвараа төлсөөр байсан. Бурхны юмыг Цезарьт өг гэж шаардахгүй л бол төр засгийнхаа ямар ч шаардлагыг биелүүлдэг байсан» гэж бичжээ («The Rise of Christianity»).

11. Паул ертөнцийн удирдагчдад хандах талаар ямар зөвлөгөө өгсөн бэ?

11 Христийг нас барснаас хойш 20 гаруй жилийн дараа Паул Ромын Христийн дагалдагчдад «Дээд эрх мэдлүүдэд хүн бүр захирагд» гэж бас дээрхтэй адилхан зарчим хэлсэн (Ром 13:1). 10 орчим жилийн дараа Ромд хоёр дахь удаагаа шоронд орж цаазлагдахаасаа өмнөхөн Паул Титэд «Төр засаг болон эрх баригчдад захирагдан дуулгавартай байх, сайн үйл хийхэд бэлэн байх, хэнийг ч доромжлохгүй, хэрэлдэж маргахгүй, харин ухаалаг байж бүх хүнтэй ямагт эелдэг харьцахыг [Кретийн дагалдагчдад] сануулж бай» гэж бичжээ (Тит 3:1, 2).

«Дээд эрх мэдлүүд» гэдгийг илүү сайн ойлгодог болсон нь

12. а) Христийн дагалдагчид төр засагт яаж хандах нь зөв гэж Чарлз Тейз Рассел үздэг байсан бэ? б) Дэлхийн нэгдүгээр дайны үед Христийн тослогдсон дагалдагчид цэргийн алба хаах талаар ямар өөр өөр үзэлтэй байсан бэ?

12 Тэртээ 1886 онд Чарлз Тейз Рассел «Бурхны эрин зууны төлөвлөгөө» гэдэг номд «Есүс ч, элч нар ч улс төрийн үйл хэрэгт оролцож байгаагүй. Тэд хуулиа сахиж, өндөр албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүсийг хүндэтгэж, татвараа төлж, Бурхны хуультай зөрчилдөхгүй л бол (Үйлс 4:19; 5:29) ямар ч хуулийг эсэргүүцэхгүй байхыг хуралд зааж сургаж байв (Ром 13:1–7; Матай 22:21). Есүс, элч нар, эртний бүх дагалдагчид энэ ертөнцөөс тусгаар байж төр засгийн ямар ч үйл хэрэгт оролцдоггүй байсан боловч хуулиа сахидаг байв» гэж бичжээ. Энэ номд элч Паулын бичсэн «дээд эрх мэдлүүд» гэдгээр төр засгийг хэлдэг гэж зөв тайлбарласан байсан (Ром 13:1). 1904 онд «Шинэ бүтээл» гэдэг номд «Христийн жинхэнэ дагалдагчид тухайн үедээ хуулиа хамгийн сайн сахидаг хүмүүс байх ёстой. Эсэргүүцэгч, хэрүүл тэмцэл гаргагч, өө сэв хайгч байх ёсгүй» гэж бичжээ. Үүнийг зарим нь төр засагт бүх талаараа захирагдах ёстой, бүр дэлхийн нэгдүгээр дайнд зэвсэг барьж цэргийн алба хаших ёстой гэж ойлгож байжээ. Харин зарим нь энэ нь Есүсийн хэлсэн «Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө» гэсэн үгтэй зөрчилддөг гэж үзэж байв (Матай 26:52). Христийн дагалдагчид дээд эрх мэдлүүдэд захирагдана гэж юу болохыг илүү сайн ойлгох учиртай байв.

13. Дээд эрх мэдлүүд гэдгийг 1929 онд юу гэж ойлгох болсон бэ? Ингэж ойлгох нь ямар ач тустай байсан бэ?

13 Дэлхийн засгийн газрууд Бурхны тушаалыг биелүүлэхийг хориглож, Бурхны хориглосон юмыг хийхийг шаардсан хууль гаргаж байсан 1929 оны үед дээд эрх мэдлүүд гэдгээр Ехова Есүс Христ хоёрыг хэлдэг гэж ойлгодог болсон.a Еховагийн үйлчлэгчид дэлхийн хоёрдугаар дайны өмнө болон тэр үед, байлдааны бэлэн байдалд их гүрнүүд цөмийн зэвсгээр бие биеэ айлган сүрдүүлж байсан «хүйтэн дайны» хүнд үед ийм ойлголттой байсан. Одоо бодоход Ехова Есүс хоёрын эрх мэдлийг бүх эрх мэдлээс дээгүүр тавьсан нь Бурхны ард түмэнд энэ хүнд хэцүү үед төвийг сахих байр сууриасаа няцахгүй байхад тусалжээ.

Хэмжээ хязгаартай захирагдах нь

14. Ром 13:1, 2 болон бусад холбогдох Библийн зүйлүүдийг 1962 онд хэрхэн зөв ойлгодог болсон бэ?

14 1961 онд «Шинэ ертөнц» орчуулга бүтнээрээ гарсан. Орчуулгыг бэлдэхийн тулд Библийн эх хэлийг гүнзгий судлах шаардлагатай байв. Ром 13-р бүлэг төдийгүй, Тит 3:1, 2; 1 Петр 2:13, 17-д гарч байгаа үгсийг зөв орчуулсан нь «дээд эрх мэдлүүд» гэж Ехова Есүс хоёрын хэмжээгүй эрх мэдлийг хэлээгүй, хүний төр засгийн эрх мэдлийг хэлсэн болох нь тодорхой болсон. Хожим нь 1962 онд «Харуулын цамхаг» сэтгүүлд Ром 13-р бүлгийн үнэн зөв, бас Расселын үеийнхээс илүү ойлгомжтой тайлбар гарсан юм. Эдгээр өгүүлэлд Христийн дагалдагч хүн дээд эрх мэдлүүдэд бүрэн захирагдах учиргүйг цохон тэмдэглэжээ. Төр засагт хэмжээ хязгаартай захирагдах ёстой. Бурхны хуультай зөрчилдөхгүй л бол Бурхны үйлчлэгчид төр засагт захирагдах ёстой аж. «Харуулын цамхаг» сэтгүүлийн нэмэлт өгүүлэлд энэ чухал санааг онцолжээ.b

15, 16. а) Ром 13-р бүлгийг илүү сайн ойлгодог болсны ачаар Христийн дагалдагчид ямар уян хатан үзэл бодолтой болсон бэ? б) Дараагийн өгүүллээр ямар асуултыг авч үзэх вэ?

15 Энэхүү гол санааг ойлгоод Ром 13-р бүлгийг бүхэлд нь зөв ойлгодог болсны ачаар Еховагийн ард түмэн Библийн чухал зарчмаас няцахгүй байхын зэрэгцээ төр засгийн эрх мэдэлд зохих ёсоор хүндэтгэлтэй ханддаг болсон юм (Дуулал 97:11; Иеремиа 3:15). Бурхантай тогтоосон харьцаа болон төр засагт хандах хандлагын талаар тэд зөв үзэл бодолтой болсон. Цезарийн юмыг Цезарьт өглөө гээд Бурхны юмыг Бурханд өгөхөө умартахгүй байхад нь тэдэнд энэ ойлголт тус болсон юм.

16 Тэгвэл Цезарийн юм гэж юу вэ? Төр засаг Христийн дагалдагчаас юуг зохих ёсоор шаардах эрхтэй вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээр авч үзнэ.

[Зүүлт]

a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1929 оны 6-р сарын 1 болон 15-ны дугаар (англи)

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1962 оны 11-р сарын 1, 15, 12-р сарын 1, 1990 оны 11-р сарын 1, 1993 оны 2-р сарын 1, 1994 оны 7-р сарын 1-ний дугаарыг тус тус үзнэ үү (англи).

Сонирхолтой нь Ф. Ф. Брүс Ром 13-р бүлгийг тайлбарлан «Хам сэдвийг болон элч нарын бичсэн өөр зүйлийг үзвэл төр засаг Бурхнаар тогтоогдсон эрх мэдлийнхээ хүрээнд л дуулгавартай байхыг шаардах учиртай. Харин зөвхөн Бурханд л өгөх ёстой үнэнч байдлыг төр засаг шаардвал эсэргүүцэж болно. Бүр тэгэх ч ёстой» гэж бичжээ.

Тайлбарлана уу

◻ Дээд эрх мэдлүүдэд захирагдана гэдэг нь Сатанд захирагдаж байгаа хэрэг биш гэж яагаад хэлж болох вэ?

◻ Есүс тухайн үеийнхээ төр засагт яаж ханддаг байсан бэ?

◻ Цезарьт яаж хандах талаар Есүс шавь нартаа ямар зөвлөгөө өгсөн бэ?

◻ Үндэстнүүдийн удирдагчдад хэрхэн хандах талаар Паул Христийн дагалдагчдад юу гэж зөвлөсөн бэ?

◻ Дээд эрх мэдлүүд гэж хэн болох талаар хэрхэн аажим аажмаар ойлгодог болсон бэ?

[10-р хуудасны зураг]

Сатан дэлхийн улс үндэстнүүдийг захирах эрх өгье гэхэд Есүс эрс татгалзсан

[13-р хуудасны зураг]

Рассел «Христийн жинхэнэ дагалдагчид тухайн үедээ хуулиа хамгийн сайн сахидаг хүмүүс байх ёстой» гэж бичжээ

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах