Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц99 9/1 х. 7-10
  • Залуус аа, хэрсүү чанараа хөгжүүлэгтүн!

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Залуус аа, хэрсүү чанараа хөгжүүлэгтүн!
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Хэрсүү чанарыг хөгжүүлэхүй
  • Чөлөөт цагаа өнгөрүүлэх асуудалд хэрсүү хандах нь
  • Боловсролыг бодлоготойгоор төлөвлөх нь
  • Явалдах үедээ ёс суртахууны цэвэр байдлаа хадгалах нь
  • «Багаасаа» сурахуй
  • Та «зөв бурууг ялгаж» чаддаг уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2001
  • «Өөрсдийгөө батал»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2005
  • «Хүн бүр өөрийн ачааг үүрнэ»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Залуус аа, ирээдүйнхээ үндсийг тавьж байна уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
хц99 9/1 х. 7-10

Залуус аа, хэрсүү чанараа хөгжүүлэгтүн!

«Харин бор хоол нь сайн мууг олж харахад дадлага зуршлынхаа мэдрэмжээр чадвараа дасгаж сургадаг боловсорсон хүмүүст тохирох юм» (ЕВРЕЙ 5:14).

1, 2. а) Өнөөгийн нөхцөл байдлыг Эфэсийн анхны христосын шашинтнуудын нөхцөл байдалтай харьцуулж үзнэ үү. б) Ямар ямар чадвар аюулаас хамгаалж болох ба тэдгээрийг хэрхэн хөгжүүлэх вэ?

«ТИЙМЭЭС та нар мэргэн бус хүмүүсийн адил биш, харин мэргэн хүмүүсийн адил яаж алхаж байгаадаа хянамгай бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж» (Эфэс 5:15, 16). Элч Паул эдгээр үгсийг хоёр мянгаад жилийн тэртээ бичжээ. Тэгвэл өнөөдөр «Муу хүмүүс ба мэхлэгчид... улам муу болсон» гэж хэлж болох юм (ШГ). Бид «хэцүү цаг» буюу Филлипсийн орчуулснаар, «аюулаар дүүрэн» цагт аж төрж байна (2 Тимот 3:1–5, 13).

2 Гэвч чи «сэргэлэн цовоо байдлыг..., бодлоготой үйлдэл [хэрсүү чанар] ба мэдлэгийг» хөгжүүлбэл зам дээрээ хөндөлсөгч аюулаас мултарч чадна (Сургаалт үгс 1:4). Сургаалт үгс 2:10–12-т: «Учир нь билиг ухаан цээжийг чинь дүүргэж, мэдлэг сэтгэлд чинь тааламжтай байх болно. Хэрсүү чанар чамайг сэргийлэх бөгөөд ухаан нь чамайг хамгаална. Энэ нь чамайг бузар муугийн замаас, дур зоргоороо яригч хүнээс [салгахын тулд юм]» гэж бичсэн буй. Харин «хэрсүү чанар», «ухаан» гэсэн энэ хоёр чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? Еврей 5:14-т «бор хоол нь сайн мууг олж харахад дадлага зуршлынхаа мэдрэмжээр чадвараа дасгаж сургадаг боловсорсон хүмүүст тохирох юм» гэж байдаг. Аливаа чадварыг ч, «мэдрэмжээ» хэрэглэх дадлага зуршил буюу хэрсүү чанарыг ч бий болгох хэрэгтэй. Паулын хэрэглэсэн грек үг нь «тамирчин шиг сургуулилсан» гэсэн шууд утгатай. Хэрсүү чанараар сургуулилахдаа юунаас эхлэх вэ?

Хэрсүү чанарыг хөгжүүлэхүй

3. Шийдвэр гаргахдаа хэрсүү байх гэдэг нь юу гэсэн үг вэ?

3 Чиний хэрсүү чанар буюу сайн мууг ялгах чадвар чинь «дадлага зуршилтай» болдог. Шийдвэр гаргах болохоороо гэнэт сэхээ орсон юм шиг таамаглал дэвшүүлэх юм уу, эсвээс олонхыг зүгээр нэг дагах нь буруу л болов уу. Мэргэн шийдвэр гаргахын тулд хэрсүү байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ? Нэгд, тухайн нөхцөл байдлын талаар бүгдийг сураглан мэдэж, бүрэн дүр зургийг нь авах хэрэгтэй. Шаардлагатай бол асуулт тавь. Алийг нь сонгохоо магадал. Сургаалт үгс 13:16-д «Хэрсүү хүн бүр ухаанаар үйлддэг» гэж бий. Дараа нь Библийн ямар ямар хууль, зарчим ажил хэрэгт маань хамаатай вэ гэдгийг тодорхойлохыг хичээ (Сургаалт үгс 3:5). Үүний тулд Библийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй нь ойлгомжтой. Учир иймээс Паул биднийг «бор хоол» хэрэглэх буюу үнэний «гүн, өндөр, урт хийгээд өргөнийг» ойлгож авахыг уриалсан байдаг (Эфэс 3:18).

4. Яагаад Бурхны зарчмуудыг мэдэх нь туйлаас чухал бэ?

4 Бид төгс бус, нүгэл үйлдэх хандлагатай учраас ингэх нь нэн чухал (Эхлэл 8:21; Ром 5:12). «Хүний зүрх бол бүхнээс илүү хар санаатай бөгөөд бодлогогүй» гэж Иеремиа 17:9-д бичжээ (ШЕ). Бид Бурхны зарчимд захирагдахгүй явснаараа өөрөө өөрийгөө хуурч, мууг сайн болгон үзэж болох юм. Яагаад гэвэл бидний махан бие үүнийг туйлаас хүсдэг ажээ (Исаиа 5:20-той харьцуулна уу.) «Залуу хүн өөрийн зам мөрөө хэрхэн цэвэрлэх вэ? Эзний үгийн дагуу болгоомжилно. Би Таны тогтоолоос ухаарал авсан. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг» гэж дуулалч бичсэн юм (Дуулал 118:9,104).

5. а) Зарим залуус яагаад буруу зам уруу ордог вэ? б) Нэгэн бүсгүй үнэнийг хэрхэн мэдсэн бэ?

5 Христосын шашинтан гэр бүлд өссөн зарим залуус яагаад буруу зам уруу орсон бэ? Магадгүй «Бурхны хүсэл юу байдаг, тухайлбал, сайн, тааламжит, төгс төгөлдөр байдлыг» таньж мэдээгүй болохоороо юм болов уу? (Ром 12:2). Тэд эцэг эхтэйгээ хамт цуглаанд явдаг бөгөөд Библийн үндсэн сургаалыг хэлж чаддаг ч байж болох юм. Гэхдээ тэднээр итгэл үнэмшил нь юун дээр үндэслэснийг буюу Бурхны Үгийн илүү гүн утгатай сургаалыг тайлбарлуулах гэвэл тэдний мэдлэг хангалтгүй байгаа нь харагддаг. Тийм залуусыг төөрөлдүүлэхэд амархан (Эфэс 4:14). Хэрэв өөрийн чинь тухайд ийм байгаа бол сэтгэл зүрхээ чангалан, нөхцөл байдлыг өөрчлөн засаж болохгүй нь юу билээ? Нэгэн залуу гэрч бүсгүй: «Энэ нь чухамдаа жинхэнэ шашин мөн үү, биш үү гэдгийг яаж мэдэх вэ? Ехова гэдэг нэртэй Бурхан оршин байдгийг хаанаас мэдэж болох вэ? гэж би өөрөөсөө асуусан юм. Тэгээд л судалж гарсан даа» хэмээн дурсжээ. Тэр бүсгүй Бичээсийг анхааралтай судалсны эцэст л эцэг эхийн нь зааж сургаж байсан зүйл үнэхээр тийм юм байна гэдэгт итгэжээ! (Үйлс 17:11-тэй харьцуул.)

6. «Еховад таалагдах юманд» хэрхэн суралцаж болох вэ?

6 Чи Бурхны зарчмуудыг мэдэж, үүгээрээ зэвсэглэвэл «Эзэнд таалагдах юманд суралцахад» хялбар болно (Эфэс 5:10). Гэхдээ, чи ерөөсөө итгэлгүй бол аливаа асуудалд хэрхэн ухаалаг зөв хандах билээ? Еховагаас удирдамж гуйн залбираарай (Дуулал 119:144). Эцэг эхтэйгээ юм уу, боловсорсон христосын шашинтантай бүхий л зүйлийг зөвшин хэлэлцэхийг хичээх хэрэгтэй (Сургаалт үгс 15:22; 27:17). Бас Библи болон Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлүүдийг судалбал ашигтай удирдамж олж болно (Сургаалт үгс 2:3–5). Чи юманд хэдийчинээ хэрсүү хандана энэ чанар чинь төдийчинээ хурц болно.

Чөлөөт цагаа өнгөрүүлэх асуудалд хэрсүү хандах нь

7, 8. а) Нөхөрсөг уулзалтад очих уу, үгүй юу гэдгийг шийдэхдээ яаж хэрсүү байх вэ? б) Амралт чөлөөт цагийг Библи юу гэж үздэг вэ

7 Ямар нэг тодорхой зүйлд хэрхэн хэрсүү байдлаар хандаж болдгийг үзэцгээе. Жишээлбэл, чамайг хамтдаа цаг нөхцөөе гэж урьжээ хэмээн бодъё. Магадгүй чи бүр урилгын хуудас гардаж авсан байж. Олон Гэрч залуус ирнэ гэж хэлж л дээ. Харин очсон хүмүүсээс тэнд зарцуулах мөнгийг авах ёстой байжээ. Очих нь зөв үү, буруу юу?

8 Одоо л хэрсүү чанараа гаргах цаг даа. Эхлээд нарийн учрыг нь сайн ол. Хэдэн хүн цугларах вэ? Хэн хэн ирэх вэ? Уулзалт цуглаан хэдийд эхлэх вэ? Хэзээ дуусах вэ? Тэнд юу болох вэ? Дэг журмыг нь хэн хариуцах вэ? Дараа нь «Харуулын Цамхагийн хэвлэлийн индекс»-ийн «Нөхөрсөг уулзалт», «Зугаа цэнгэл» гэсэн хэсгийг харах зэргээр судалгаа хийгээрэй. Судалгааны явцад юу мэдэж болох вэ? Тухайлбал Ехова биднийг цагаа хамтдаа сайхан өнгөрөөхөд муу гэж үзэхгүй. Номлогчийн үгс 8:15-д «нарны дор хүнд идэж, ууж, наргиж цэнгэхээс илүү сайхан юм гэж үгүй» гэж бий шүү дээ. Есүс Христ л гэхэд онцгой үйл явдлын дайллагад оролцож, доод зах нь нэгэн удаагийн хуримын зочин болж байсан (Лүүк 5:27–29; Иохан 2:1–10). Гагцхүү хир хэмжээгээ тохируулбал нөхөрсөг харьцаа үр ашгаа өгнө.

9, 10. а) Нөхөрсөг уулзалтууд нь цаанаа ямар аюул хөнөөлтэй байж болох вэ? б) Уулзалтад очих уу үгүй юу гэдгээ шийдэхдээ өөртөө ямар асуултууд тавьж болох вэ?

9 Гэвч зохион байгуулалт муутай уулзалт аюултай байдаг. Үерхэж нөхөрлөх хэрэггүй хүмүүстэй нөхөрлөсний гайгаар завхай явдал «ганцхан өдөр хорин гурван мянган [дуулгаваргүй Израиль] хүнийг» үхэлд хүргэснийг бид 1 Коринт 10:8-аас уншдаг билээ. Өөр нэгэн сануулга Ром 13:13-т байдаг нь «өдрийн адил бүгдээрээ зүй зохистой явцгаая. Утга учиргүй найр наадам болон архидалтаар ч бус, өнгөний тачаал болон садар самуунаар ч бус, хэрүүл маргаан болон атаа жөтөөрхлөөр бус юм» гэсэн байдаг билээ. (1 Пэтр 4:3 харьцуул). Нөхөрсөг уулзалтад хичнээн хүн ирэхийг яг тогтоон тооцохын аргагүй. Гэвч хүний тоо хэдийчинээ олон байна эмх замбараагүй байдлыг хянахад төдийчинээ хэцүү болдог гэдгийг хуримтлагдсан туршлага батлан харуулдаг билээ. Харин зохион байгуулалт сайтай цөөхөн хүнтэй уулзалт нь «утга учиргүй наргиан цэнгэл» («бузар найр», МАБ) болохгүй нь эргэлзээгүй (Галат 5:21).

10 Асуудлыг нягтлан үзэх явцад, тэнд боловсорсон христосын шашинтнуудаас хэн нэг нь байх болов уу? Энэ бүх зардлыг хэн даах юм бол? Уг уулзалтыг үр өгөөжтэй яриа хөөрөөний зорилгоор уу, эсвэл хэн нэгний ашиг хонжооны төлөө зохион байгуулж байна уу? Хэн ирж болох, хэн ирж болохгүй гэх зэргээр ямар нэг хязгаарлалт байна уу, үгүй юү? Хэрэв уг уулзалтыг амралтын өдөр зохиох гэж байгаа бол маргааш өдөр нь бүгдээрээ дэлгэрүүлэх үйлчлэлдээ явах боломж хангахуйц тохиромжтой цагт дуусах уу, үгүй юү? Хэрэв хөгжим, бүжиг болох аваас эдгээр нь христосын шашинтны үзэл бодолд нийцсэн байх уу, үгүй юү? гэх зэрэг олон асуулт урган гарч ирэх нь эргэлзээгүй (2 Коринт 6:3). Иймэрхүү асуулт тавих нь хялбархан биш байж болох юм. Гэвч, Сургаалт үгс 22:3-т «хэрсүү хүн гай тотгорыг олж хараад, түүнээс зайлдаг. Харин хөнгөн хуумгай нь гай тотгорыг амсатлаа явдаг» гэж биднийг сэрэмжлүүлдэг. Тийм ээ, хэрсүү чанараа ашиглан аюулаас зайлсхийж болно.

Боловсролыг бодлоготойгоор төлөвлөх нь

11. Залуучууд ирээдүйнхээ амьдралыг төлөвлөхдөө хэрхэн хэрсүү хандах хэрэгтэй вэ?

11 Ирээдүйгээ бодох нь ухаалаг зөв гэдгийг Библи өгүүлдэг (Сургаалт үгс 21:5, ШЕ). Чи ирээдүйнхээ талаар эцэг эхтэйгээ ярилцсан уу? Чи эхлэгч болж, бүрэн цагийн үйлчлэл эхлэхийг хүсэж байж болох юм. Өөр ямар ч үйл хэрэг ийм гүн гүнзгий сэтгэлийн ханамж таашаал өгдөггүй. Хэрэв чи библи судлах хэвшил хийгээд сайн мэдээ дэлгэрүүлэх дадлыг өөртөө бий болгож чадвал энэ нь өөрийгөө энэхүү сайн үйл хэрэгт бэлтгэж байна гэсэн үг болно. Эхлэгч болон үйлчиллээ гэхэд өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хэрхэн яаж хангах тухайгаа бодож үзсэн үү? Хэрэв ирээдүйд гэр бүлтэй болохоор шийдвэл өсөн нэмэгдэх үүрэг хариуцлагыг үүрч дийлэх үү? Иймэрхүү асуудлаар биелүүлж болохуйц дүн нуруутай шийдвэр гаргахын тулд хэрсүү хандах хэрэгтэй.

12. а) Зарим гэр бүлүүд ямар байдлаар өөрчлөгдөн хувьсах эдийн засгийн нөхцөлд дасан зохицдог вэ? б) Нэмэлт боловсрол эзэмших нь эхлэгч болоход саад болдог уу? Тайлбарлана уу.

12 Ямар нэг газар дагалдангаар ажиллаад мэргэжил эзэмшиж болдог. Зарим хөвгүүд охид эцэг эх, ах эгч нарынхаа эрхэлдэг ажилд суралцах юм уу эсвэл хувьдаа арилжаа наймаа эрхэлдэг насанд хүрсэн найз нөхөртөө дагалдангаар орж ажилладаг. Бусад нь сургуульд сурч байхдаа хожим нь амиа тэжээхэд тус нэмэр болохуйц нэмэлт дамжаанд суралцдаг. Харин тийм нөхцөл боломжгүй газар эцэг эхчүүд бүхнийг сайтар нягтлан бодсоны үндсэн дээр хүүхдээ сургууль төгссөний дараа нэмэлт сургалтын талаар санаа тавьж болно. Насанд хүрсэн хүний үүрэг хариуцлагад, ялангуяа, урт удаан хугацааны эхлэгчийн үйлчлэлд өөрийгөө бэлтгэх талаар урьдаас эргэцүүлэн бодох нь Бурхны Хаанчлалыг хоёрдугаар зэрэгт хойш нь тавьж байгаа гэсэн үг биш ээ (Матай 6:33). Харин нэмэлт боловсрол эзэмшинэ гэдэг нь эхлэгч болж үйлчлэх боломжийг үгүйсгэдэггүй. Жишээлбэл, нэг залуухан гэрч эхлэгчийн үйлчлэл эхлэхийг хэдийнээс хүсэж байжээ. Түүнийг дунд сургуулиа төгсөхөд нь өөрсдөө байнгын эхлэгчээр үйлчилдэг түүний эцэг эх охиндоо зориулан нэмэлт сургалт зохион байгуулжээ. Тэрээр сурахын хажуугаар эхлэгчийн үйлчлэлийг амжуулж чадсан бөгөөд одоо өөрийнхөө хэрэгцээг хангах боломжийн мэргэжилтэй болж, эхлэгчийнхээ үйлчлэлийг үргэлжлүүлсээр байна.

13. Гэр бүлүүд нэмэлт боловсролын зардлыг хэрхэн тооцож болох вэ?

13 Нэмэлт сургалтын талаарх асуудлыг гэр бүл бүхэн бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээдэг. Хэрэв энэ талаар зөв сайн сонголт хийсэн бол тийм сургалт ашиг тусаа өгч болдог. Гэхдээ энэ нь урхи ч байж болох талтай. Хэрэв чи нэмэлт боловсрол эзэмших талаар бодож байгаа бол өмнөө ямар зорилт тавьж байгаа вэ? Насанд хүрсэн хүний үүргийг зохих ёсоор биелүүлэхийн тулд бэлтгэлээ хангахыг хүсэж байна уу? Эсвэл «өөртөө их юмыг хайна» уу? (Иеремиа 45:5, ШЕ; 2 Тэсалоник 3:10; 1 Тимот 5:8; 6:9). Хэрэв гэрээсээ хол газар явж суралцах юм уу магадгүй оюутны байранд суух хэрэгтэй болбол яах вэ? Энэ нь зөв зүйтэй алхам мөн үү? Учир нь «муу нөхөрлөл сайн зуршлуудыг эвддэг» хэмээн Паул урьдчилан сануулсан байдаг шүү дээ (1 Коринт 15:33; 2 Тимот 2:22). Түүнчлэн, «цаг ойртсон байна» гэдгийг санаарай (1 Коринт 7:29). Боловсрол мэдлэг олж авах гэж чи хичнээн жил зарцуулах вэ? Залуу насны чинь ихэнх хугацааг үрэхгүй юу? Хэрэв тийм бол «идэр залуу үедээ Агуу их Бүтээгчээ санах» гэсэн библийн зөвлөгөөг хэрхэн дагаж чадах билээ? (Номлогчийн үгс 12:1, ШЕ). Түүнээс гадна, цуглаандаа явах, дэлгэрүүлэх, бие даан судлах зэрэг христосын шашинтны чухал үйл хэрэгт цаг зав гарах уу? (Матай 24:14; Еврей 10:24, 25). Хэрэв чи хэрсүү хандаж чадвал эцэг эхтэйгээ хамтран ирээдүйгээ төлөвлөн, сүнслэг зорилгоосоо хэзээ ч хазайхгүй.

Явалдах үедээ ёс суртахууны цэвэр байдлаа хадгалах нь

14. а) Янаглаж амраглахтай холбоотой ямар зарчмуудыг залуучууд санаж байх нь хэрэгтэй вэ? б) Зарим хос хэрхэн сонор сэрэмжгүй байсан бэ?

14 Бие биетэйгээ явалдах үед ч хэрсүү байх шаардлагатай. Амраг хосууд бие биендээ янаглан амраглах хүсэлтэй байдаг нь зүйн хэрэг. Ёс суртахууны цэвэр байдлаа хадгалсан, «Соломоны дуу»-нд гардаг хоёр амраг гэр бүл болохоос өмнөх янаглал амраглалаа ямар нэг байдлаар илэрхийлж байсан бололтой (Соломоны дуу 1:1; 2:6; 8:5). Өнөөдөр ч гэсэн залуу хархүү бүсгүйтэйгээ гар гараасаа хөтлөлцөн явах, үнсэлцэх болон тэврэлдэх зэрэг нь байж болох зүйл. Ялангуяа удахгүй гэрлэх гэж байгаа бол бүр ч үгүй гэх аргагүй. Гэвч, «өөртөө эрддэг хүн мунхаг» гэдгийг бүү мартагтун (Сургаалт үгс 28:26). Харамсалтай нь зарим хос сонор сэрэмжгүйгээсээ болоод хүсэл тачаалыг нь оргилуулж болох нөхцөл байдлаас зайлсхийж чадаагүй тохиолдол байна. Амраглал нь хэтрэн, тогтоон барих аргагүйд хүрч, цаашаагаа бэлгийн садар самуун болтол буруу явдал болон өрнөсөн ажээ.

15, 16. Явалдах үедээ цэвэр байдлаа хадгалахын тулд хосууд урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч болох вэ?

15 Ирээдүйн ханьтайгаа уулзах үедээ зохимжгүй нөхцөл байдалд хоёулхнаа дангаараа үлдэхгүй байх нь зүйтэй. Иймд амраг хосууд бие биетэйгээ харьцах найз нөхдийнхөө дунд юм уу эсвэл олон нийтийн газар байх нь дээр. Зарим хос болзоондоо очихдоо өөр хэн нэг хүнийг дагуулж очдог. Түүнээс гадна, Хосеа номын 4:11-ийн [ШЕ] «дарс хийгээд амтлаг дарс нь сайн үндэс шалтгааныг үгүй хийдэг» гэсэн үгэнд анхаарлаа хандуулаарай. Согтууруулах ундаа нь эрүүл ухааныг мохоох чадалтай бөгөөд хос залуус үүний нөлөөгөөр хожим нь харамсах үйл хэрэг ч үйлдэж болох юм.

16 Сургаалт үгс 13:10-т «их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг. Харин зөвлөгөө авагсдын дотор мэргэн ухаан байна» гэсэн байдаг. Тийм ээ, биеэ хэрхэн авч явах талаар харилцан ярилцаж, бие биетэйгээ «зөвлөгтүн». Янаглал амраглалын асуудлаа тодорхой хүрээнд хязгаарлаж, бие биесийнхээ сэтгэл хийгээд мэдрэмжийг хүндэтгээрэй (1 Пэтр 3:16; 1 Коринт 13:5; 1 Тэсалоник 4:3–7). Иймэрхүү ээдрээтэй асуудлын талаар ярилцах нь эхэндээ амаргүй байж болох боловч чухамдаа ингэснээрээ ноцтой бэрхшээл үүсэн бий болохоос сэрэмжилж болно.

«Багаасаа» сурахуй

17. Ехова яаж Давидын «багаасаа итгэсэн итгэл» болсон ба энэ нь орчин үеийн залууст ямар сургамж болдог вэ?

17 Сатаны занганаас мултрахын тулд чамаас байнгын сонор сэрэмж, заримдаа нилээд их эр зориг шаардагдана. Хааяа үеийнхэнтэйгээ байтугай дэлхийн бусад хүмүүстэй зөрчилдөх үе ч гарна. Дуулалч Давид «Эзэн Бурхан, Та бол миний найдвар. Та бол миний багаасаа итгэсэн итгэл. Бурхан! Бага балчраас минь эхлэн Та намайг сургасан. Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг дамжуулдаг» хэмээн залбирчээ (Дуулал 71:5, 17). Давид эр зоригоороо алдартай байсан. Гэхдээ энэ чанараа хэдийд хөгжүүлсэн бэ? Бага балчир үедээ! Давид Голиаттай тулалдсан алдарт тулалдаанаасаа өмнө гарамгай эр зориг гаргаж байв. Тухайлбал, хонин сүргээ хамгаалж арслан, баавгайг алж байжээ (1 Самуел 17:34–37). Гэвч Давид эр зоригтойгоо зөвхөн Еховагийн ач хэмээн санаж, «багаасаа итгэсэн итгэл» хэмээн нэрлэсэн буй. Еховад найдах чадвар нь тулгарч байсан аль ч сорилтыг давахад тэнцвэртэй байлгаж байв. Чи ч бас Еховад найдвал «дэлхийг ялахад» чинь эр зориг хүч чадлыг тэр заавал өгнө (1 Иохан 5:4).

18. Бурханд таалагддаг өнөө цагийн залуусыг юунд уриалдаг вэ?

18 Эдүгээ олон мянган залуус өөрийн чинь адилаар эр зоригийн байр эзэлж, сайн мэдээг дэлгэрүүлэх баптисм хүртсэн дэлгэрүүлэгчээр үйлчилж байна. Охид хөвгүүд ээ, бид та бүхний итгэл болон эр зоригийн төлөө Бурханд талархдаг! Дэлхийн ёс бус байдлаас зайлсхийх шийдвэрээ одоо ч, цаашид ч хадгалагтун (2 Пэтр 1:4). Библи судлахдаа хөгжүүлсэн хэрсүү чанараа ашиглаад л байгаарай. Ингэснээрээ та бүхэн одоо гай тотгороос зайлсхийн харин эцэст нь өөртөө аюулгүй байдлыг хангана. Тийм ээ, манай дараагийн нийтлэлд тэмдэглэсэнчлэн та бүхэн амьдралаа амжилттай зохиох болно.

Давтах асуултууд

◻ Залуучууд хэрсүү чанараа хэрхэн хөгжүүлэх вэ?

◻ Итгэл нэгтнүүдтэйгээ хамт нөхөрсөг уулзалтад очих эсэхээ шийдэхдээ залуучууд яаж хэрсүү байх вэ?

◻ Боловсрол эзэмшихийг төлөвлөхдөө ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй вэ?

◻ Хосууд бие биетэйгээ явалдах үедээ бэлгийн садар самууны урхи занганаас хэрхэн зайлсхийж болох вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах