Аз жаргалтай болъё гэвэл «Илчлэлт» номыг уншигтун
«Энэхүү зөгнөлийн үгийг сонсогчид ба уншигчид болоод түүнд бичсэнийг сахигсад ерөөлтэй [«жаргалтай», ШЕ] юм» (ИЛЧЛЭЛТ 1:3).
1. Иохан «Илчлэлт» номыг бичих үедээ ямар нөхцөлд байсан бэ? Тэрбээр хүлээж авсан үзэгдлээ ямар зорилгоор тэмдэглэж авсан бэ?
«ИОХАН би Бурхны үг, Есүсийн гэрчлэлийн төлөө Патм хэмээх арал дээр байв» (Илчлэлт 1:9). Элч Иохан «Апокалипсис» буюу «Илчлэлт» номыг ийм л нөхцөлд бичжээ. Түүнийг Ромын эзэн хаан Домицианы (МЭ 81—96) засаглалын үед Патм уруу явуулсан гэж үздэг. Домициан бол эзэн хаанд мөргөхийг шаардаж, христосын шашинтнуудыг хавчигч болсон хүн юм. Иохан Патмд байхдаа өөрийнхөө бичсэн үзэгдлүүдээс нилээн хэдийг нь хүлээн авчээ. Тэрбээр эртний христосын шашинтнуудыг айлгах гэж биш, харин сорилт амсаж, цаашид тэсвэрлэх хэрэгтэй байсан учраас тайтгаруулж, зоригжуулах гэж энэ үзэгдлийн талаар ярьсан юм (Үйлс 28:22; Илчлэлт 1:4; 2:3, 9, 10, 13).
2. Иохан ба итгэл нэгтнүүдийнх нь байсан нөхцөл байдал яагаад өнөөгийн христосын шашинтнуудад сонирхолтой байна вэ?
2 Библийн эл номыг бичиж байсан нөхцөл байдал нь өнөөгийн христосын шашинтнуудын хувьд нилээд ач холбогдолтой юм. Иохан, Ехова болон Түүний Хүү Христ Есүсийн гэрч байсны учир хавчилт хяхалтыг тэсвэрлэж байв. Тэрбээр итгэл нэгтнүүдийнхээ хамтаар сайн иргэн байх гэж хичээдэг байсан ч эзэн хаанд мөргөж чадаагүйн улмаас дайсагнасан нөхцөл байдалд аж төрж байжээ (Лүүк 4:8). Төр засаг нь «шашны эрхийн» шалгуур тогтоох эрх бүхий зарим оронд өнөөдөр жинхэнэ христосын шашинтнууд иймэрхүү нөхцөл байдалд орсон байдаг. Иймээс «Илчлэлт» номын эхний зүйлүүдэд: «Энэхүү зөгнөлийн үгийг сонсогчид ба уншигчид болоод түүнд бичсэнийг сахигсад ерөөлтэй [«жаргалтай», ШЕ] юм. Учир нь цаг ойрхон байна» гэж бичсэн үг хэчнээн сэтгэл тайвшруулам бэ! (Илчлэлт 1:3). Тийм ээ, «Илчлэлт» номыг анхааралтай уншиж, доторх зүйлийг нь дагадаг хүмүүс жинхэнэ аз жаргалтай болж, их ивээл хүртэх болно.
3. Иоханд өгсөн Илчлэлт эцсийн дүндээ хэнээс ирсэн бэ?
3 Эцсийн дүндээ, «Илчлэлт» ном хэнээс ирж, хэнээр дамжлаа? Удиртгал зүйлд: «Есүс Христийн илчлэлт. Бурхан агшин зуур болох ёстойг боолууддаа үзүүлэхийн тул Түүнд энэхүү илчлэлтийг өгсөн бөгөөд Тэр тэнгэрэлчээ илгээж өөрийн боол Иоханд үүнийг мэдүүлжээ» гэж бичсэн байдаг (Илчлэлт 1:1). Товчоор хэлэхэд, «Илчлэлт» ном эцсийн дүндээ Ехова Бурхнаас ирсэн бөгөөд Ехова Бурхан түүнийг Есүст өгч, Есүс тэнгэрэлчээр дамжуулж Иоханд өгсөн. Арай илүү анхааралтай уншвал Есүс захидал илгээж, Иоханд үзэгдэл өгөхийн тулд ариун сүнсийг ашигласан нь тодорхой болно (Илчлэлт 2:7, 11, 17, 29; 3:6, 13, 22; 4:2; 17:3; 21:10; Үйлс 2:33-тай харьцуулна уу).
4. Ехова ард түмнээ удирдахдаа хэнийг, юуг одоо хир нь ашигласаар байгаа вэ?
4 Ехова «хурлын тэргүүн» Хүүгээрээ дамжуулан дэлхийн албатуудаа одоо хир нь зааж сургасаар байна (Эфэс 5:23, ШЕ; Исаиа 54:13; Иохан 6:45). Түүнчлэн, ариун сүнснийхээ тусламжтайгаар өөрийн ард түмнийг сургадаг (Иохан 15:26; 1 Коринт 2:10). Есүс 1-р зууны үеийн хурлуудад бэхжүүлэх сүнслэг хоол өгөхийн тулд «өөрийн боол Иоханыг» ашиглаж байсанчлан, өнөөдөр ч мөн өөрийн зарц нар болон тэдний хань нөхдөд «цагт нь [сүнслэг] хоол унд» өгөхийн тулд дэлхий дээрх тослогдсон «ах дүүсээс» бүрдсэн «итгэлтэй мэргэн боолыг» ашигладаг (Матай 24:45–47; 25:40). Бидэнд «сайн өглөг» болох сүнслэг хоол Өгөгчийг хийгээд Түүний ашигладаг сувгийг хүлээн зөвшөөрдөг хэн боловч жаргалтай (Иакоов 1:17).
Христийн удирддаг хурлууд
5. а) Хурал болон харгалзагч нарыг нь юутай зүйрлэсэн байдаг вэ? б) Хүн төгс бус ч аз жаргалтай байхад маань ямар зүйл туслах вэ?
5 «Илчлэлт» номын эхний хэдэн бүлэгт христосын шашны хурлуудыг дэнлүүтэй зүйрлэсэн байхад харгалзагч нарыг нь элч буюу одтой зүйрлэжээ (Илчлэлт 1:20). Христ өөрөө өөрийнхөө тухай Иоханд хэлж, «Баруун гартаа долоон одыг Баригч, дэнлүүний долоон алтан суурийн дунд Явагч үүнийг айлдаж байна» гэж бичихийг тушаасан (Илчлэлт 2:1). Хурал болон хурлын ахлагч нарт сайн тал ч байсан, сул тал ч байсан гэдэг нь Азийн долоон хуралд илгээсэн долоон захидлаас харагдана. Өнөөдөр байдал мөн л тийм байна. Тиймд манай Тэргүүн, Христ хурлын дунд байдаг гэдгийг мартчихгүй л бол бид илүү жаргалтай байх болно. Христ хуралд юу болж байдгийг яг таг мэднэ. Дүрсэлбэл, тэрбээр харгалзагч нарыг «баруун гартаа» барьдаг. Энэ нь юу вэ гэвэл, тэд Христийн хяналт ба удирдлагад байж, хурлыг яаж хариулах хариуцлага хүлээдэг гэсэн үг (Үйлс 20:28; Еврей 13:17).
6. Христийн өмнө дан ганц харгалзагч нар хариуцлага хүлээдэггүй гэдэг нь юунаас харагддаг вэ?
6 Гэвч Христийн өмнө зөвхөн харгалзагч нар хариуцлага хүлээдэг гэж бодвол өөрийгөө л хуурч байгаа хэрэг. Христ нэг захидалдаа: «Би бол доторхыг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг, хүн бүрд ажил үйлээр нь өгнө гэдгийг бүх сүм [«хурал», ШЕ] мэднэ» гэжээ (Илчлэлт 2:23). Энэ үг урьдчилан мэдэгддэгийнхээ адилаар найдвар төрүүлдэг. Бидний далдын далд санаа бодол Христэд илэрхий байдгийг урьдчилан мэдэгддэг байхад, хамаг хүчээрээ бүгдийг хийвэл биднийг ивээнэ гэдгийг, хүчин чармайлтыг маань Христ мэднэ гэдгийг батлан хэлж бидэнд найдвар төрүүлдэг (Марк 14:6–9; Лүүк 21:3, 4).
7. Филадэлфийн христосын шашинтнууд Есүсийн «тэвчээрийн үгийг» хэрхэн сахьсан бэ?
7 Лидийн Филадэлфи хотын хуралд илгээсэн Христийн захидалд зэмлэсэн зүйл байдаггүй, харин ихээхэн сонирхол татахуйц амлалт бий. «Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учир Би бас чамайг сорилтын цагаас хамгаалах болно. Энэ цаг газар дээр нутаглагсдыг сорих гэж даян дэлхийд айсуй» (Илчлэлт 3:10). «Миний тэвчээрийн үгийг чи сахьсан» гэсэн грек үг нь «тэвчээрийн тухай Миний хэлснийг чи сахьсан» гэсэн утгатай ч байж болно. Филадэлфийн христосын шашинтнууд Христийн тушаалыг сахиад зогсоогүй, бас сургаал зааврыг нь дагаж мөрдөн, эцсээ хүртэл бат тэвчээртэй байсан нь 8-р зүйлээс харагдана (Матай 10:22; Лүүк 21:19).
8. а) Есүс Филадэлфийн христосын шашинтнуудад юу амласан бэ? б) «Сорилтын цаг» өнөөдөр хэний сэтгэлийг хөдөлгөдөг вэ?
8 Есүс тэднийг «сорилтын цагаас хамгаалах болно» гэж нэмж хэлсэн. Энэ нь тэр үеийн христосын шашинтнуудад чухам юу гэсэн үг байсныг бид мэдэхгүй. Домицианыг таалал төгссөний дараа, МЭ 96 онд хавчилт хяхалт богино хугацаанд намжсан хэдий ч Траяны (МЭ 98—117 он) үед илүү их сорилт бүхий мөрдөн хавчилтын шинэ давалгаа эхэлсэн байна. Гэтэл «сорилтын» гол «цаг» нь «Эзний өдөр» буюу, нарийвчилбал, бидний одоогийн туулж буй «төгсгөлийн цаг үеийн» үргэлжлэл дээр ирсэн (Илчлэлт 1:10; Даниел 12:4, ШЕ). Сүнсээр тослогдсон христосын шашинтнуудын хувьд гэвэл Дэлхийн нэгдүгээр дайны дараагаас л их хүнд хэцүү сорилтод орсон. Гэхдээ «сорилтын цаг» өдгөө болтол үргэлжилсээр байна. Энэхүү цаг нь үй олон хүмүүсийг бүрдүүлдэг, үлэмж их зовлонг давж гарна гэж найддаг сая сая хүнийг багтаасан «газар дээр нутаглагсдын» сэтгэлийг хөдөлгөдөг (Илчлэлт 3:10; 7:9, 14). Тэвчээрийн талаар Есүсийн: «Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж хэлснийг сахивал бид жаргалтай байх болно (Матай 24:13).
Еховагийн хамгийн дээд эрх мэдэлд баяртайгаар захирагдах нь
9, 10. а) Еховагийн хаан ширээний үзэгдэл бидэнд хэрхэн нөлөөлөх ёстой вэ? б) Чухам яавал бид «Илчлэлт» номыг уншингаа аз жаргалаа улам нэмэх вэ?
9 «Илчлэлт» номын 4, 5-р бүлэгт гардаг Еховагийн хаан ширээ болон түүнийг хүрээлэн байгчдын үзэгдэл нь бидэнд бишрэл төрүүлэх учиртай. Еховагийн хамгийн дээд шударга эрх мэдэлд баяртайяа захирагдах тэнгэрийн хүчирхэг бүтээлүүдийн чин сэтгэлийн магтаал нь бидний сэтгэлийг хөдөлгөх ёстой (Илчлэлт 4:8–11). «Ширээнд Залрагч Түүнд ба Хурганд магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь мөнхөд байх болтугай» хэмээн хэлэгсдийн дундаас бидний дуу хоолой сонсогдох учиртай (Илчлэлт 5:13).
10 Жинхэнэ утгаараа энэ нь бид бүх зүйл дээр Еховагийн хүсэл таалалд баяртайгаар захирагдах хэрэгтэй гэсэн үг юм. Элч Паул: «Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, бүх л зүйлийг Эзэн Есүсийн нэрээр хийж, Түүгээрээ дамжуулан Эцэг Бурханд талархагтун» гэж бичсэн (Колоссай 3:17). Хэрэв бид оюун ухаан болон зүрх сэтгэлийнхээ хамгийн угт ч Еховагийн хамгийн дээд эрх мэдлийг хүлээн зөвшөөрөн, амьдралынхаа алхам бүрт түүний хүсэл тааллыг анхаарах аваас «Илчлэлт» номыг уншсанаар үнэхээр аз жаргалтай болно.
11, 12. а) Сатаны дэлхийн тогтолцоог хэрхэн арчин арилгаж, сөнөөх вэ? б) «Илчлэлт» номын 7-р бүлгийн дагуу энэ цагт хэн «тэсэж чадах» вэ?
11 Еховагийн хамгийн дээд эрх мэдэлд баяртайгаар захирагдах нь бидний өөрсдийн болоод бүх нийтийн жаргалын үндэс мөн. Удахгүй бэлэгдлийн их газар хөдлөлт Сатаны дэлхийн тогтолцооны үндэс суурийг арчин арилгаж, сөнөөх болно. Бурхны хууль ёсоор захирах эрхийг эдлэх Христийн засгийн газар буюу тэнгэрийн Хаанчлалд захирагдахаас татгалзсан хүмүүст хоргодох газар хаана ч байхгүй болно. Зөгнөлд: «Дэлхийн хаад, ихэс дээдэс, мянгатын захирагсад, баячууд, хүчтэнгүүд, бүх боол хийгээд чөлөөт хүн агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж, уулс ба хадан цохионуудад „Бидний дээр унаж, биднийг ширээн дээр Залрагчийн нүүрнээс, Хурганы уур хилэнгээс далдлаач. Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ?“ гэх ажээ» хэмээн байдаг (Илчлэлт 6:12, 15–17).
12 Яг л энэ асуултын хариулт юм шиг элч Иохан дараагийн бүлэгт «үлэмж их зовлонгоос гарч ирээд» үй олон хүмүүсийг бүрдүүлдэг тэр хүмүүсийн тухай: «Тэд ширээний өмнө, Хурганы өмнө зогсдог» гэж өгүүлжээ (Илчлэлт 7:9, 14, 15). Тэд Бурхны ширээний өмнө зогсож байгаа нь тэд энэхүү хаан ширээг хүлээн зөвшөөрч, Еховагийн хамгийн дээд эрх мэдэлд бүрэн дүүрэн захирагддаг гэдгийг харуулдаг. Энэ нь Бурхан тэднийг сайшаадаг гэсэн үг.
13. а) Дэлхийн ихэнх хүмүүс юуг шүтдэг ба магнай болон гар дээрх тэмдэг нь ямар утгатай вэ? б) Ямар учраас тэвчих хэрэгтэй вэ?
13 Нөгөө талаас, дэлхийн бусад хүмүүс араатнаар бэлгэдсэн Сатаны улс төрийн тогтолцоог хэрхэн шүтдэгийг 13-р бүлэгт бичжээ. Тэдний «гар» ба «магнай» дээрх тэмдэг нь тэд үзэл бодол болон үйл ажлаараа энэхүү тогтолцоог дэмждэг болохыг харуулдаг (Илчлэлт 13:1–8, 16, 17). Дараа нь 14-р бүлэгт «Хэрэв хэг нэг нь араатанд болон дүрсэнд нь мөргөдөг, магнай дээрээ эсвэл гар дээрээ тэмдэг авдаг нь, Бурхны уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс болох уур хилэнгийнх нь дарснаас уух болно. ... Энд ариун хүмүүсийн тэвчээр байна. Тэд Бурхны тушаал хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг» гэж бичжээ (Илчлэлт 14:9, 10, 12). Яваандаа хамгийн чухал асуулт урган гарах ба энэ нь та хэнийг дэмждэг вэ? Еховаг болон түүнийн хамгийн дээд эрх мэдлийг үү эсвэл араатан бэлгэдэл нь болдог бурхнаас үл эмээгч улс төрийн тогтолцоог уу? гэсэн асуулт юм. Еховад үнэнчээр захирагддаг, биедээ араатны тэмдэггүй хүмүүс л аз жаргалтай байна.
14, 15. Хармагэдооны тухай өгүүлсэн хэсгийн дунд хэсэгт ямар үгс гардаг вэ? Эдгээр үгс бидний хувьд юу гэсэн үг вэ?
14 «Бүх дэлхийн хаадууд» Еховатай сөргөлдөн тэрсэлдэх бөгөөд хэргийн гол учир нь эрх мэдлийн асуудал юм. Энэ сөргөлдөөн гэдэг нь Хармагэдоон буюу «Төгс хүчит Бурхны агуу их өдрийн дайн» билээ (Илчлэлт 16:14, 16). Дэлхийн удирдагчид Еховатай дайтахаар цуглах тухай өгүүллийн дунд хэсэгт анхаарал татам үгс бий. Үзэгдэлд Есүс өөрөө гарч ирээд: «Би хулгайч шиг ирнэ. Нүцгэн гарахгүйн тулд, шившгийг чинь харчихгүйн тул гадуур хувцсаа хажуудаа байлгадаг сэрэмжтэй хүн ерөөлтэй» гэж хэлдэг (Илчлэлт 16:15). Үүнийг левичүүдтэй зүйрлэн хэлсэн байж болох юм. Учир нь левичүүд дуганыг манадаг байсан бөгөөд хэрэв тэд манааныхаа үед унтаж байгаад баригдвал олны өмнө нүцгэн гарч, шившиг болдог байжээ.
15 Есүс үүгээр юу хэлэхийг хүсээ вэ гэдэг нь ойлгомжтой. Хэрэв бид Хармагэдооныг эсэн мэнд даван туулах хүсэлтэй бол сүнслэгээр сэргэг байж, Еховагийн үнэнч Гэрч мөн гэж таниулдаг бэлэгдлийн хувцсаа хадгалах ёстой. Хэрэв бид сүнслэгээр үл нойрмоглон, Бурхны Хаанчлал байгуулагдсан тухай мөнхийн сайн мэдээг тасралтгүйгээр идэвхийлэн дэлгэрүүлбэл аз жаргалтай болно (Илчлэлт 14:6).
«Энэхүү үгсийг сахигч нь жаргалтай»
16. Ямар учраас «Илчлэлт» номын сүүлчийн бүлгүүдэд жаргалтай байх онцгой шалтгаан байдаг вэ?
16 «Илчлэлт» номыг уншдаг аз жаргалтай уншигчид уг номын сүүлчийн бүлгүүдийг уншихдаа баярлан хөөрөхөөс өөр аргагүй юм. Юу гэвээс тэнд бидний гайхамшигт найдвар болох шинэ тэнгэр ба шинэ газрын талаар, өөрөөр хэлбэл цэвэрлэгдсэн, хүний шинэ нийгмийг удирдах засгийн газар буюу тэнгэрийн шударга Хаанчлалын тухай бичсэн байдаг. Энэ бүхэн «Төгс хүчит Бурхан» Еховаг алдаршуулдаг (Илчлэлт 21:22). Хэдэн үзэгдлийн эцэст тэнгэрэлч Иоханд ийн хэлжээ: «Эдгээр үгс нь итгэмжит бөгөөд үнэн. Зөнчдийн сүнсний Эзэн Бурхан, зарц нартаа удахгүй болох зүйлүүдийг үзүүлэхээр тэнгэрэлчээ илгээв. ”Би удахгүй ирнэ. Энэхүү номын зөгнөлийн үгсийг сахигч нь ерөөлтэй [жаргалтай, ШЕ]“» гэжээ (Илчлэлт 22:6, 7).
17. а) Илчлэлт 22:6 юуг баталдаг вэ? б) Бид юунаас сэрэмжлэх ёстой вэ?
17 «Илчлэлт» номын жаргалтай уншигчид энэ мэт үгс «энэхүү номын» эхэнд гардаг гэдгийг санаж байгаа (Илчлэлт 1:1, 3). Эдгээр үгс нь Библийн сүүлчийн номд байдаг зөгнөлүүд «удахгүй болно» гэдгийг баталдаг. Бид сүүлчийн цаг үеийн гүнд нь амьдарч буй болохоор «Илчлэлт» номд байдаг энэ үетэй холбоотой үйл явдлууд тун удахгүй шил шилээ даран биелэх ёстой. Иймд бид Сатаны тогтолцоо ямар нэг байдлаар тогтвортой болсон мэт санаж, үүнд тайвшрах ёсгүй. Сонор сэргэг уншигч Азийн долоон хуралд бичсэн захидалд байсан сануулгыг санан, ашиг хонжоо хайх, хиймэл шүтээн шүтэх, ёс суртахуунгүй явдал, хайнга хойрго байдал, тэрслэгчдийн бүлэглэлээс сэрэмжлэх болно.
18, 19. а) Есүс яахаар ирэх ёстой вэ? Иоханы бичсэн ямар найдварыг бид тээж явдаг вэ? б) Ехова ямар зорилгоор «ирэх» вэ?
18 «Би удахгүй ирнэ» гэж хэлсэн Есүсийн үг «Илчлэлт» номд нилээд хэдэн удаа гардаг (Илчлэлт 2:16; 3:11; 22:7, 20а). Тэрбээр агуу их Вавилоныг, Сатаны улс төрийн тогтолцоог, мөн өнөөдөр Мессиагийн Хаанчлалаар илэрхийлж буй Еховагийн хамгийн дээд эрх мэдэлд захирагдахаас татгалзсан хүмүүсийг яллахаар ирнэ. Бид ч гэсэн Иохантай хамт: «Ирээрэй, Эзэн Есүс минь» гэж бахдан хэлцгээе! (Илчлэлт 22:20б).
19 Ехова өөрөө: «Би удахгүй ирнэ. Миний шагнал надтай хамт байгаа. Хүн бүрт юу хийснийх нь дагуу өгөх болно» гэдэг (Илчлэлт 22:12). Амласан «шинэ тэнгэр» юм уу, эсвэл «шинэ газар» дээр мөнх амьдрах гайхамшигт найдвараа хүлээнгээ бүгдээрээ үнэнч зүрх сэтгэлтэй хүмүүст хандсан: «”Ирээрэй“... Цангасан нэг нь ирэг. Хүссэн нэг нь амийн усыг үнэгүйгээр аваг» хэмээх урилгыг идэвхтэйеэ тараая. Тэд ч гэсэн Бурхны онгод оруулан бичүүлсэн, хүмүүст онгод оруулдаг «Илчлэлт» номыг уншин аз жаргалтай болог!
Давтах асуулт
◻ Ехова «Илчлэлт» номыг хэнээр дамжуулж өгсөн бэ? Үүнээс бид юунд суралцаж байна вэ?
◻ Азийн долоон хуралд илгээсэн захидлыг уншсанаараа бид яагаад аз жаргалтай байх ёстой вэ?
◻ «Сорилтын цагаар» яаж мэнд үлдэж болох вэ?
◻ «Илчлэлт» номын үгийг сахьснаараа ямар аз жаргалыг олох вэ?