Бурхны тогтоосон эрх мэдэлд үнэнчээр захирагдагтун
«ЭЗЭН бол бидний шүүгч, ЭЗЭН бол бидний хууль тогтоогч, ЭЗЭН бол бидний хаан мөн» (Исаиа 33:22).
1. Эртний Израилийг бусад ард түмнээс онцлог болгож байсан зүйл нь юу байсан бэ?
МЭӨ 1513 онд Израилийн ард түмэн бий болсон. Тэр үеийн Израиль «улсад» нийслэл ч, нутаг дэвсгэр ч, залран суусан хаан ч байсангүй. Харьяат албат нь боолууд байв. Гэхдээ тэр шинэ ард түмэн өөр бас нэг зүйлээр онцлог байсан. Юу гэвэл, Ехова Бурхан түүний үл үзэгдэх Шүүгч, Хууль Тогтоогч бөгөөд Хаан нь байв (Египетээс гарсан нь 19:5, 6; Исаиа 33:22). Өөр ямар ч ард түмэнд тийм хувь тавилан байгаагүй!
2. Израильд хэрэгжиж байсан зохион байгуулалттай холбоотой ямар асуулт гарч ирдэг вэ? Энэ асуултын хариу бидний хувьд яагаад чухал бэ?
2 Ехова эмх журмын болоод энх тайвны Бурхан болохоор түүгээр удирдуулж байгаа ямар ч ард түмэн сайн зохион байгуулалттай байх нь зүйн хэрэг (1 Коринт 14:33, МБОХ, 1996). Үүний жишээ нь Израиль байсан юм. Гэхдээ үл үзэгдэх Бурхан дэлхийн үзэгдэх байгууллагыг хэрхэн удирдаж болох вэ? Эртний энэ ард түмнийг Еховагийн хэрхэн удирдаж байсан аргыг авч үзэхийн зэрэгцээ Израильтай харьцаж байсан байдал нь Бурхны тогтоосон эрх мэдэлд үнэнчээр захирагдахын чухлыг тод харуулж байсанд анхаарлаа хандуулах нь бидний хувьд их ач холбогдолтой юм.
Эртний Израилийг хэрхэн удирддаг байсан нь
3. Ехова ард түмнээ удирдахын тулд бодитой ямар арга хэмжээ авсан бэ?
3 Ехова Израилийн үл үзэгдэх Хаан байсан хэдий ч үнэнч хүмүүсийг төлөөлөгчөө болгон томилдог байжээ. Израильд ард түмнийг шүүх, зөвлөгөө өгөх үүрэг бүхий дарга, овгийн тэргүүлэгчид болон ахлагч нар байлаа (Египетээс гарсан нь 18:25, 26; Дэд хууль 1:15). Гэхдээ хариуцлагатай үүрэг хүлээсэн энэ хүмүүс Бурхны удирдлагагүйгээр зөв бурууг төгс сайн ялгаж, ойлгон шүүж байсан гэж үзэж болохгүй. Тэд төгс бус учраас итгэл нэгтнүүдийнхээ зүрхэнд чухам юу байгааг харж чаддаггүй байсан. Тэглээ ч гэсэн Бурхнаас эмээдэг шүүгчид хүмүүст тустай зөвлөгөө өгч чаддаг байлаа. Учир нь тэд зөвлөгөөгөө Еховагийн Хуульд үндэслэн өгдөг байв (Дэд хууль 19:15; Дуулал 119:97–100).
4. Израилийн үнэнч шүүгчид ямар хандлагаас зайлсхийхийг хичээдэг байсан бэ? Яагаад?
4 Гэвч шүүгчид зөвхөн Еховагийн Хуулийг сайн мэдэх нь хангалттай бус байв. Тэр хүмүүс төгс бус учраас зөв шударга шүүхэд нь саад болж болох хувиа хичээх, нүүр тал харах, шунахай сэтгэлд автах зэрэг төрөлх муу хандлагаасаа болгоомжлох хэрэгтэй байв. Мосе тэдэнд: «Шүүх бол Бурхных учир та нар хүнийг шүүхдээ ялгаварлан үзэж болохгүй. Дээдэс, доодсын үгийг нэгэн адил сонсож, хүнээс бүү ай» гэж хэлсэн. Тийм ээ, Израилийн шүүгчид Бурхны нэрийн өмнөөс шүүдэг байсан. Тэр нь нэр хүндтэй бөгөөд хосгүй аз завшаантай хэрэг байлаа! (Дэд хууль 1:16, 17).
5. Ехова ард түмнийхээ тусын тулд шүүгчдийг томилсноос гадна өөр ямар арга хэмжээ авсан бэ?
5 Ехова ард түмнийхээ сүнслэг хэрэгцээг хангахын тулд өөр арга хэмжээ авсан. Тэрбээр израильчуудыг Амласан газар ирэхээс бүр өмнө жинхэнэ шүтлэгийн төв болох асар барихыг тушаажээ. Тэрчлэн Хууль зааж, амьтдаар тахил өргөн, өглөө оройд анхилуун утлага уугиулж байх үүрэг бүхий тахилчдыг томилсон. Мөн Мосегийн ах Аароныг Израилийн анхны тэргүүн тахилчаар тохоож, үүргээ биелүүлэхэд нь аавдаа туслахыг хөвгүүдэд нь даалгасан (Египетээс гарсан нь 28:1; Тооллого 3:10; Шастирын дэд 13:10, 11).
6, 7. а) Тахилч болон тахилч бус левичүүдийн хоорондын харьцаа ямар байсан бэ? б) Левичүүд янз бүрийн даалгавар биелүүлж байсан нь бидэнд ямар сургамж болох вэ? (Колоссай 3:23).
6 Олон сая хүний сүнслэг хэрэгцээг хангана гэдэг амаргүй асуудал. Гэтэл тахилчдын тоо харьцангуй цөөн байв. Тэдэнд туслуулахаар Леви овгийн бусад хүмүүсийг томилж, арга хэмжээ авчээ. Ехова Мосед хандан: «Чи Аарон болон түүний хөвгүүдэд левичүүдийг өгөх ёстой. Тэд Израилийн хөвгүүдийн дундаас бүхлээрээ түүнд өгөгдсөн ажгуу» хэмээн хэлжээ (Тооллого 3:9, 39).
7 Левичүүд сайн зохион байгуулагдсан байв. Тэд Гершон Кохат Мерари гэсэн гурван бүлд хуваагдсан бөгөөд бүл бүр тодорхой ажил үүрэг гүйцэтгэдэг байв (Тооллого 3:14–17, 23–37). Аль нэг даалгавар нь бусдаасаа илүү чухал юм шиг санагдавч бүгдээрээ л чухал байжээ. Кохатынхан гэрээний ариун авдар болон асрын тавилга хэрэгслийг хариуцах үүрэгтэй байв. Гэхдээ леви хүн бүр Кохатын бүлийнх байна уу, үгүй юү гэдгээсээ хамаарахгүйгээр, ер бусын нэр хүндтэй үүрэг хүлээдэг байв (Тооллого 1:51, 53). Харамсалтай нь үүнийг үнэлж үздэггүй хүмүүс байсан билээ. Тэд Бурхны тогтоосон эрх мэдэлд үнэнчээр захирагдахын оронд бухимдан дургүйцэж, биеэ тоон, алдар нэрэнд дурлаж, атаа жөтөөнд автжээ. Тэдний нэг нь Кора гэдэг леви хүн байв.
«Та нар бас тахилчийн үйлчлэлийг эрнэ үү?»
8. а) Кора ямар хүн байсан бэ? б) Кора юунаас болоод тахилч нарыг дан ганц, хүний нүдээр харах болсон бэ?
8 Кора, Леви овгийн болон Кохатын бүлийн аль алиных нь тэргүүн байгаагүй билээ (Тооллого 3:30, 32). Гэсэн хэдий ч тэрээр Израилийн дотор нэр хүндтэй дарга нарын нэг байв. Гүйцэтгэдэг ажил үүргээсээ болоод Аарон болон түүний хөвгүүдтэй ойр дотно харьцаатай байсан байж болох юм (Тооллого 4:18, 19). Энэ хүмүүсийн дутагдлыг нүдээрээ үзсэн Корад: «Энэ тахилч нар илэрхий дутагдалтай байхад би тэдэнд захирагдах ёстой гэж үү! Тун саяхан Аарон алтан тугал хийж, түүнийг нь манай хүмүүс шүтэн, шүтээн шүтэх зам уруу халтирсан. Гэтэл одоо Мосегийн ах, нөгөөх Аарон чинь тэргүүн тахилчаар үйлчилж байдаг! Юутай тал тохой татсан явдал гээч вэ! Аароны хүү Надаб Абиху хоёр яалаа? Үнэндээ, тэд Еховад устгагдах хүртлээ эрхэм үйлчлэлээ үл хүндэтгэсэн бус уу!» гэсэн эргэлзэх сэтгэл төрсөн байж болох юмa (Египетээс гарсан нь 32:1–5; Левит 10:1, 2). Юу ч гэж үзсэн байлаа, Кора тахилч нарыг хүний нүдээр харсан нь тодорхой байна. Үүнээсээ болоод, эцэстээ Мосе Аарон хоёрын эсрэг буюу мөн чанартаа Еховагийн эсрэг босжээ (1 Самуел 15:23; Иаков 1:14, 15).
9, 10. Кора болон түүнийг дагалдагчид Мосег юу гэж буруутгасан бэ? Ингэвэл юунд хүрдгийг тэд сайн мэддэг байх ёстойн учир юу вэ?
9 Нөлөө бүхий Кораг дэмжигчид захаас аван гарч ирсэн. Кора болон Датан Абирам нар нэг санаатай 250 хүнээр өөрсдийгөө хүрээлүүлсэн бөгөөд тэд бүгд хурлын дарга байлаа. Тэд хамтдаа Мосе Аарон хоёр дээр очоод: «Бүх чуулган, түүний хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Тиймээс та нар юунд өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ?» хэмээн хэлжээ (Тооллого 16:1–3).
10 Самуун дэгдээгчид Мосегийн эсрэг босвол юунд хүрдгийг сайн мэддэг байх учиртай. Энэ явдлаас өмнөхөн Аарон Мириам хоёр дээрхтэй ижлийг үйлдсэн билээ. Нарийн яривал, тэд Корагийн адил шүүмжилжээ! Тооллого 12:1, 2-т бичсэнээр тэд: «ЭЗЭН үнэхээр зөвхөн Мосегоор дамжуулан ярьсан гэж үү? Тэр биднээр ч гэсэн дамжуулан яриагүй юу?» хэмээн асуужээ. Ехова үүнийг сонссон. Тэгээд Мосе Аарон Мириам гурвыг хурлын асрын орох хаалганы өмнө цуглахыг тушаан, хэнийг удирдагчаар томилсноо үзүүлэхийг хүсжээ. Ехова: «Хэрэв та нарын дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би Өөрийгөө түүнд үзэгдлээр мэдүүлэх болно. Би түүнтэй зүүдэнд нь ярих болно. Миний үйлчлэгч Мосе тийм биш! Тэрээр гэрийнхнийг минь бүгдийг хариуцдаг» хэмээн түс тас хэлсэн. Үүний дараа Ехова Мириамыг хэсэг зуур уямангаар өвчлүүлсэн (Тооллого 12:4–6, 7, ШЕ, 10).
11. Корагийн бий болгосон нөхцөл байдалд Мосе хэрхэн хандсан бэ?
11 Энэ үйл явдлыг Кора болон түүний талынхан мэдэж байх ёстой учраас тэдний дэгдээсэн самууныг уучлах аргагүй юм. Тэглээ ч Мосе тэдэнтэй эв зүйгээ олох гэж тэвчээртэй хандсан. Тэрээр: «Израилийн Бурхан та нарыг Өөртөө ойртуулахаар... Израилийн цуглаанаас та нарыг тусгаарласан нь та нарт хангалтгүй байна уу?» хэмээн асууж, өөрсдөдөө оногдсон даалгавраа үнэлж үзэхийг сануулсан. Үгүй ээ, энэ бол «хангалтгүй» зүйл биш байлаа! Левичүүдэд итгэн даалгасан нь маш их. Гэтэл тэд илүү юу хүсээд байгаа билээ? Цааш нь Мосе: «Та нар бас тахилчийн үйлчлэлийг эрнэ үү?» гэж хэлсэн нь тэдний санаархлыг илчилсэнb (Тооллого 12:3; 16:9, 10). Өөрийнх нь тогтоосон эрх мэдлийн эсрэг самуун дэгдээсэн явдлыг Ехова хэрхэн хүлээн авсан бол оо?
Израилийн Шүүгч оролцсон
12. Израильчуудын, Бурхантай сайн харьцаатай байх эсэх нь юунаас шалтгаалах байсан бэ?
12 Ехова Израильд Хууль өгөхдөө, тэд дуулгавартай байвал «ариун үндэстэн» болох бөгөөд тогтоосон дэг журамд нь захирагдаж л байсан цагтаа тэр хэвээрээ байх болно гэж хэлсэн (Египетээс гарсан нь 19:5, 6). Одоо самуун явдал нэгэнт улаан цайм дэгдсэн болохоор Израилийн Шүүгч бөгөөд Хууль Тогтоогч энэ хэрэгт оролцох шаардлагатай болсон! «Мосе Корад: „Чи болон чиний бүх нөхөд маргааш ЭЗЭНий өмнө оч. Чи болон тэд Ааронтай хамт байцгаа. Танай хүн бүр өөрийн бойпрыг авч, дотор нь утлага хийгтүн. Танай хүн бүр өөр өөрийн бойпрыг буюу хоёр зуун тавин бойпрыг ЭЗЭНий өмнө авчир. Бас Аарон та хоёр тус тусын бойпрыг авчрагтун“ хэмээн өгүүлэв» (Тооллого 16:16, 17).
13. а) Самуун дэгдээгчид Еховагийн өмнө анхилуун утлага уугиулах нь яагаад даварсан хэрэг болох байсан бэ? б) Ехова самуун дэгдээгчдийг яасан бэ?
13 Бурхны Хуулиар бол анхилуун утлага уугиулах ажлыг зөвхөн тахилч нар гүйцэтгэх ёстой байв. Тахилч бус левичүүд Еховагийн өмнө анхилуун утлага уугиулна гэдэг санаа самуун дэгдээгчдийн толгойд шууд л юм бодуулах ёстой байлаа (Египетээс гарсан нь 30:7; Тооллого 4:16). Гэтэл энэ санаа Кора болон түүний талынхны толгойд зохих ёсоор буугаагүй! Маргааш нь «Кора бүх чуулганыг [Мосе Аарон хоёрын] эсрэг хурлын майхны үүдэнд цуглуулав». Библид: «ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин айлдахдаа: „Би тэднийг даруй устгах учраас өөрсдийгөө энэ чуулганаас салга“ гэв» гэж байдаг. Гэвч Мосе Аарон хоёр хүмүүсийн амийг өршөөн хэлтрүүлэхийг Еховагаас гуйсан. Ехова ч зөвшөөрсөн. Харин Кора болон түүний хамсаатны хувьд гэвэл, «ЭЗЭНээс гал гарч ирэн, утлагыг өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав» (Тооллого 16:19–22, 35)c.
14. Ехова ямар учраас Израилийн хурлын эсрэг хатуу арга хэмжээ авсан бэ?
14 Еховаг самуун дэгдээгчидтэй хэрхэн харьцаж байгааг харсан израильчууд ямар ч сургамж аваагүй нь үнэхээр гайхмаар. «Дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган Мосе Аарон нарын эсрэг гомдоллон: „ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн хүмүүс бол та нар юм“ гэв». Израильчууд хуйвалдагчдын талд оржээ! Эцэстээ Еховагийн тэвчээр барагдсан аж. Одоо хэн ч, тэр байтугай Мосе Аарон хоёр ч хүмүүсийг өршөөхийг гуйгаад нэмэргүй болжээ. Ехова дуулгаваргүй хүмүүст гамшиг учруулсан бөгөөд «Корагийн улмаас үхэгсдээс гадна гамшгаар үхэгсэд нь арван дөрвөн мянга долоон зуу байлаа» (Тооллого 16:41–49).
15. а) Израильчуудад Мосе Аарон хоёрын удирдлагыг үг дуугүй дагах ямар шалтгаан байсан бэ? б) Энэ үйл явдлаас та Еховагийн тухай юу мэдэж авсан бэ?
15 Энэ хүмүүс тухайн нөхцөл байдлыг сайтар эргэцүүлэн бодсон бол амь насаа алдахгүй байх байсан. Тэд өөрсдөдөө: «Амиараа дэнчин тавин байж фараоны өмнө зогссон хүмүүс хэн билээ? Хэн израильчуудыг чөлөөлөхийг шаардлаа? Израилийг чөлөөлөгдсөний дараа Бурхны тэнгэр элчтэй нүүр тулан яриулахаар хэнийг ганцааранг нь Хореб ууланд гарахыг тушаалаа?» гэх зэрэг асуултыг тавьж болох байжээ. Мосе Аарон хоёрын үйлс Еховад үнэнч байсныг нь болон ард түмэндээ хайртай байсныг нь маргаангүй харуулж байв (Египетээс гарсан нь 10:28; 19:24; 24:12–15). Еховагийн хувьд самуун дэгдээгчдийг устгах нь таатай хэрэг биш байлаа. Гэсэн ч ард түмэн самуун дэгдээхээр эргэлт буцалтгүй шийдсэн нь илэрхий болоход Ехова тууштай арга хэмжээ авсан (Езекиел 33:11). Энэ бүхэн бидэнд асар их ач холбогдолтой бөлгөө. Яагаад?
Өнөөдөр Ехова ард түмнээ хэрхэн удирддаг нь
16. а) Есүсийг Еховагийн төлөөлөгч гэдэгт нэгдүгээр зууны иудейчүүдийг юу итгүүлэх ёстой байсан бэ? б) Ехова леви тахилчдыг сольсны учир юу вэ? Хэнээр сольсон бэ?
16 Өнөөдөр дэлхий дээр шинэ «үндэстэн» оршин байгаа бөгөөд түүний үл үзэгдэх Шүүгч, Хууль Тогтоогч, Хаан нь Ехова юм (Матай 21:43). Энэ «үндэстэн» МЭ нэгдүгээр зуунаас бий болсон. Тэр цагт Мосегийн үеийн асрын оронд Иерусалимын үзэсгэлэнтэй сайхан сүм байсан ба тэнд левичүүд урьдын адил ариун үйлчлэлд хүчин зүтгэдэг хэвээр байв (Лук 1:5, 8, 9). Гэтэл МЭ 29 онд шинэ, сүнслэг сүм бий болсон бөгөөд түүний тэргүүн тахилч нь Есүс Христ болсон (Еврей 9:9, 11). Бурхны тогтоосон эрх мэдлийн тухай асуулт дахин гарч ирсэн. Ехова энэ шинэ «үндэстнийг» хэний тусламжтайгаар удирдах болсон бэ? Есүс Бурханд чин үнэнч гэдгээ батлан харуулсан. Мөн хүмүүст хайртай байлаа. Түүнээс гадна, олон гайхамшигтай тэмдэг үзүүлсэн. Гэвч левичүүдийн ихэнх нь зөрүүд өвөг дээдсийнхээ мөрөөр мөшгөн, Есүсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан (Матай 26:63–68; Үйлс 4:5, 6, 18; 5:17). Эцэст нь Ехова леви тахилчдыг огт өөр, «хаант тахилч нараар» сольсон. Энэхүү «хаант тахилч нар» өнөөдрийг хүртэл байж байгаа билээ.
17. а) Өнөөдөр «хаант тахилч нар» хэнээс бүрддэг вэ? б) Ехова «хаант тахилч нарыг» хэрхэн ашигладаг вэ?
17 Өнөөдөр «хаант тахилч нар» хэнээс бүрддэг вэ? Элч Петр онгодоор хөтлүүлэн бичсэн анхны захидалдаа энэ асуултад хариу өгсөн. Тэрээр «Христийн биеийн» тослогдсон гишүүдэд ийн бичжээ: «Та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурхны эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм» (1 Петр 2:9). Энэ үгнээс Петрийн «ариун үндэстэн» гэж нэрлэсэн «хаант тахилч нар» нь Есүсийн мөрөөр мөшгөсөн тослогдогсдоос бүрддэг нь тодорхой байна. Ехова ард түмнээ сургаж, сүнслэг удирдлага өгөхдөө тэднийг суваг болгон ашигладаг (Матай 24:45–47).
18. Томилогдсон ахлагч нар болон «хаант тахилч нарын» хооронд ямар холбоо байдаг вэ?
18 «Хаант тахилч нарын» төлөөлөгчид бол дэлхий дахинд байдаг Еховагийн ард түмний хурлуудад хариуцлагатай үүрэг хүлээж, томилогдсон ахлагч нар юм. Энэ эрчүүд тослогдсон эсэхээсээ хамаарахгүйгээр бидний хүндэтгэл болоод халуун дэмжлэг хүлээх зохистой хүмүүс билээ. Учир нь Ехова тэднийг ариун сүнсээрээ томилдог (Еврей 13:7, 17). Хэрхэн томилдог вэ?
19. Ахлагч нарыг ариун сүнсээр томилдог гэж хэлж болохын учир юу вэ?
19 Ахлагч нар ариун сүнсний үйлчлэлээр бичигдсэн Бурхны Үгэнд байдаг шаардлагуудыг хангасан байдаг (1 Тимот 3:1–7; Тит 1:5–9). Тийм болохоор тэднийг ариун сүнсээр томилогдсон гэж хэлж болно (Үйлс 20:28). Ахлагч нар Бурхны Үгийг маш сайн мэддэг байх ёстой. Түүнээс гадна тэд өөрсдийг нь томилсон Дээд Шүүгч шиг, шүүх хэрэгт тал тохой татахтай холбоотой үнэр төдий зүйл юу гарна, тэр бүхнийг үзэн яддаг байх ёстой (Дэд хууль 10:17, 18).
20. Та идэвх зүтгэлтэй ахлагч нарын юуг нь үнэлдэг вэ?
20 Бид ахлагч нарын эрх мэдлийг шүүмжлэн эсэргүүцэхийн оронд идэвх зүтгэлийг нь өндөр үнэлдэг! Тэдний ихэнх нь Еховад олон арван жил үнэнч үйлчилсэн байдаг нь бидний итгэлийг хүлээх нэг үндэс болдог. Тэд цуглаандаа идэвх чармайлт гарган бэлддэг бөгөөд цуглаануудаа чадварлаг удирдаж, «Хаанчлалын [тухай] сайн мэдээ» дэлгэрүүлэх ажилд бидэнтэй мөр зэрэгцэн оролцож, шаардлагатай үед бидэнд Библид үндэслэсэн зөвлөгөө өгдөг (Матай 24:14; Еврей 10:23, 25; 1 Петр 5:2). Тэд биднийг өвдөхөд эргэж тойрч, гашуудахад тайтгаруулдаг. Тэд Хаанчлалын үйл хэргийг амин хувийн ашиг харалгүй, чин сэтгэлээсээ дэмждэг. Тэдэн дээр Еховагийн сүнс байдаг бөгөөд Ехова тэднийг сайшаадаг (Галат 5:22, 23).
21. Ахлагч нар юуг санаж явах ёстой вэ? Яагаад?
21 Ахлагч нар төгс бус гэдэг нь мэдээжийн хэрэг. Тэд хэмжээ хязгаараа мэддэг учир «Бурхны өв» болох хонин сүргийг ноёлохыг хичээдэггүй. Харин ч өөрсдийгөө ах дүүсийнхээ «баяр баясгалангийн төлөө... хамтран ажиллагч» хэмээн үздэг юм (1 Петр 5:3, ШЕ; 2 Коринт 1:24). Төлөв даруу, идэвх зүтгэлтэй ахлагч нар Еховад хайртай бөгөөд түүнийг хэдийчинээ ойр дөт дуурайна, хуралдаа төдийчинээ ач тус хүргэнэ гэдгээ мэддэг. Тэд үүнийг санаандаа хадгалан, хайр, өрөвч сэтгэл, тэвчээр зэрэг Бурханд таалагддаг чанарыг хөгжүүлэхийг ямагт хичээдэг.
22. Корагийн түүх Еховагийн үзэгдэх байгууллагад итгэх итгэлийг тань хэрхэн бэхжүүлсэн бэ?
22 Ехова үл үзэгдэх Захирагч, Есүс Христ Тэргүүн Тахилч, тослогдсон «хаант тахилч нар» багш, үнэнч христиан ахлагч нар зөвлөгч маань байгаа нь юутай баярлууштай вэ! Хүний удирддаг төгс байгууллага нэгээхэн ч байдаггүй гэлээ Бурхны тогтоосон эрх мэдэлд дуртайяа захирагддаг итгэл нэгт, үнэнч ах дүүсийнхээ хамт Бурханд үйлчилж байгаадаа бид баяртай байдаг!
[Зүүлт]
a Елеазар, Итамар гэдэг нэртэй Аароны өөр хоёр хүү Еховад үйлчлэх байдлаараа үлгэр жишээ үзүүлсэн билээ (Левит 10:6).
b Кораг даган боссон Датан Абирам хоёр Реубений удмынх билээ. Тийм болохоор тэд тахилчийн үйлчлэлийг эрээгүй нь ойлгомжтой. Харин, Мосегийн удирдлага болон тэр үед израильчууд хүсэн хүлээж байсан Амласан газраа орж чадаагүй байсанд тэд зэвүүцдэг байжээ (Тооллого 16:12–14).
c Патриархийн үед гэр бүлийн тэргүүн бүр Бурхны өмнө эхнэр, хүүхдээ төлөөлдөг байсан бөгөөд тэр байтугай тэдний өмнөөс тахил өргөдөг байжээ (Эхлэл 8:20; 46:1; Иов 1:5). Гэхдээ, Ехова Хуулиар ард түмний өмнөөс тахил өргөх эрхийг тахилч нар буюу Аароны бүлийн эрчүүдэд өгсөн. Самуун дэгдээгч 250 этгээд энэхүү өөрчлөлтийг дагахаасаа татгалзсан нь тодорхой.
Та юу мэдэж авсан бэ?
• Ехова израильчуудын тусын тулд хайрын сэтгэлээр ямар арга хэмжээ авч байсан бэ?
• Мосе Аарон хоёрын эсрэг Корагийн дэгдээсэн самуун явдлыг уучлах аргагүйн учир юу вэ?
• Самуун дэгдээгчидтэй Еховагийн хэрхэн харьцсанаас ямар сургамж авч болох вэ?
• Еховагийн тогтоосон эрх мэдлийг талархан хүндэтгэдгээ өнөөдөр хэрхэн харуулж болох вэ?