Дэлхий дээр мөнх амьдрах найдвар дахин илчлэгдсэн
«Даниел чи, цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжил ... Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ» (ДАН. 12:4).
1, 2. Энэ өгүүллээр ямар асуултыг авч үзэх вэ?
ӨНӨӨДРИЙН олон сая хүн диваажин дэлхийд мөнх амьдрах найдвар Библийн үндэстэйг ойлгодог болжээ (Илч. 7:9, 17). Бурхан хүнийг хэдхэн жил амьдраад үхдэгээр бүтээгээгүй, харин мөнхөд амьдруулах зорилгоор бүтээснээ хүн төрөлхтний түүхийн эхнээс л илчилсэн (Эх. 1:26–28).
2 Хүн төрөлхтөн Адамын алдсан төгс амийг буцаан авч төгс болно гэдэгт израильчууд итгэж найддаг байжээ. Бас хүмүүсийг дэлхий дээр мөнх амьдруулахын тулд Бурхан ямар арга хэмжээ авахыг Христиан Грек Сударт тайлбарласан байдаг. Тэгвэл хүн төрөлхтний энэ найдвар дахин илчлэгдэх шаардлагатай болсны учир юу вэ? Олон сая хүнд хэрхэн илчлэгдсэн бэ?
Найдвар нууцлагдсан нь
3. Дэлхий дээр мөнх амьдрах хүн төрөлхтний найдвар нууцлагдсаныг яагаад гайхах хэрэггүй вэ?
3 Хуурамч зөнчид гарч ирэн, өөрийнх нь сургаалыг гажуудуулж олныг төөрөлдүүлэхийг Есүс зөгнөжээ (Мат. 24:11). Бас элч Петр: «Та нарын дунд ч хуурамч багш нар байх болно» хэмээн сэрэмжлүүлсэн (2 Петр 2:1). «Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх» цаг ирэхийг элч Паул хэлсэн байдаг (2 Тим. 4:3, 4). Сатан хүмүүсийг мэхлэхийг оролддог бөгөөд тэрслүү христ шашныг гар хөл болгон ашиглаж, хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх Бурхны санаа зорилготой холбоотой үнэнийг нуудаг (2 Коринт 4:3, 4-ийг уншина уу).
4. Шашны тэрслүү удирдагчид хүн төрөлхтний ямар найдварыг үгүйсгэсэн бэ?
4 Библид бичсэнээр, Бурхны Хаанчлал гэдэг нь хүний төр засгийг бүрмөсөн устгах тэнгэрийн засгийн газар юм (Дан. 2:44). Христийг мянган жилийн турш захирах үеэр Сатан ёроолгүй гүнд хаягдаж, үхэгсэд амилж, дэлхийд амьдрах бүх хүн төгс болно (Илч. 20:1–3, 6, 12; 21:1–4). Гэвч христ шашны тэрслүү удирдагчид гажууд сургаалыг хүлээн зөвшөөрдөг болсон. Жишээ нь, III зууны мяндагтан Александрын Ориген Мянган жилийн засаглалын үеэр дэлхийд ивээл хүртэнэ гэж итгэдэг хүмүүсийг буруушаажээ. Бас «Католик шашны нэвтэрхий толь»-д тэмдэглэснээр, католик шашны теологч Гиппоны хамба лам Августин (МЭ 354–430) «Мянган жилийн засаглал бий болно гэдэгт огт итгэдэггүй байжээ» («The Catholic Encyclopedia»).a
5, 6. Ориген Августин нар Мянган жилийн засаглалыг яагаад үгүйсгэсэн бэ?
5 Ориген Августин нар Мянган жилийн засаглалыг яагаад үгүйсгэсэн бэ? Ориген Грекийн гүн ухааны сургаалын нэг болох үхэшгүй мөнхийн сүнсэнд итгэдэг Александрын Климентийн шавь байжээ. Оригенд Платоны сургаал гүнзгий нөлөөлсөн учир «сүнсний тухай Платоны үзлийг Христийн сургаалд оруулжээ» хэмээн теологч Вернер Иаегер тэмдэглэжээ. Тиймээс, Мянган жилийн засаглалын ивээл нь дэлхийд бус, харин тэнгэрт хүртээлтэй юм гэж Ориген заажээ.
6 Августин 33 настайдаа «христиан» болсон бөгөөд урьд нь «шинэ платонч» үзлийг баримталдаг байв. Энэ нь Платоны сургаалыг нэмж баяжуулсан III зууны гүн ухаантан Плотины сургаал аж. Августин христ шашныг шүтдэг болсноосоо хойш ч уг сургаалыг баримталж байсан. «Тэрбээр Шинэ Гэрээний шашныг Грекийн гүн ухаантан Платоны сургаалтай хольж хутгахаар эргэлт буцалтгүйгээр шийдсэн байжээ» гэж «Британийн шинэ нэвтэрхий толь»-д бичсэн байдаг («The New Encyclopædia Britannica»). «Илчлэлт» номын 20-р бүлэгт дурдсан Мянган жилийн засаглалыг Августин «үлгэр гэж тайлбарласан» бөгөөд «уг тайлбарыг ... барууны нэр хүндтэй теологчид хүлээн зөвшөөрсний улмаас хүмүүс Мянган жилийн засаглалын тухай урьдын ойлголтод итгэхээ больжээ» хэмээн «Католик шашны нэвтэрхий толь»-д бичсэн.
7. Дэлхий дээр мөнх амьдрах хүн төрөлхтний найдвар ямар хуурамч сургаалаар далдлагдсан бэ? Тайлбарлана уу.
7 Эртний Вавилоноос үүсэж хожмоо дэлхий даяар өргөн тархсан нэг сургаал дэлхий дээр мөнх амьдарна гэсэн хүн төрөлхтний найдварыг далдалжээ. Тэр бол хүн үхэшгүй мөнхийн сүнстэй бөгөөд тэр сүнс хүний биед хэсэг зуур байдаг гэдэг сургаал юм. Христ шашны ертөнц уг сургаалыг хүлээн зөвшөөрснөөс хойш теологчид Судрыг мушгин гуйвуулж, тэнгэрийн найдварын тухай тайлбарлахдаа сайныг үйлдсэн бүх хүн тэнгэрт гарна гэж ойлгогдохоор заадаг болов. Үүнээс болж дэлхий дэх хүний амьдралыг түр зуурынх, тэнгэрт амьдрахад зохистой эсэхийн шалгуур гэсэн ойлголт үүссэн. Үүнтэй төстэй явдал болж, дэлхий дээр мөнх амьдрах иудейчүүдийн найдвар өөрчлөгдөж байсан. Иудейчүүд үхэшгүй мөнхийн сүнсний тухай Грекийн гүн ухааны сургаалд аажим автсаар дэлхий дээр амьдарна гэдэгт урьдынх шигээ итгэж найдахаа больжээ. Энэ нь хүн гэдэг бүтээлийн талаарх Библийн сургаалтай огтхон ч авцалддаггүй юм. Хүн махан биетэй болохоос бус, сүнсэн бүтээл биш ээ. Ехова анхны хүнд: «Чи тоос шороо» гэж хэлсэн байдаг (Эх. 3:19). Хүний мөнхийн гэр орон бол тэнгэр биш, газар дэлхий юм (Дуулал 104:5; 115:16-г уншина уу).
Харанхуйд үнэний гэрэл гэрэлтсэн нь
8. XVII зууны зарим судлаач хүн төрөлхтний найдварыг юу гэж үздэг байсан бэ?
8 Сатан христиан гэгддэг ихэнх шашныг ашиглаж, дэлхий дээр мөнх амьдрах найдварыг үгүйсгэдэг боловч үнэнийг бүрмөсөн нууж чадаагүй. Библийг нямбай судалсан зарим хүн Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн төгс болгохыг тодорхой хэмжээгээр ойлгож үнэний «гэрлийг» хардаг болсныг түүх гэрчилдэг (Дуу. 97:11; Мат. 7:13, 14; 13:37–39). XVII зууны үеэс Библийг янз бүрийн хэлээр орчуулан хэвлэсний үр дүнд олон хүний хүртээл болох боломж бүрджээ. 1651 онд нэгэн судлаач Адамаас болж хүн төрөлхтөн «Диваажин болон дэлхий дээр мөнх амьдрах боломжоо алдсан» ба Христийн ачаар «дэлхий дээрээ мөнх амьдрах боломжтой болсон. Үүнийг ойлгохгүй бол ийн харьцуулж чадахгүйд хүрнэ» гэж бичсэн (1 Коринт 15:21, 22-ыг уншина уу). Англи хэлтэй орнуудад алдар нь түгсэн яруу найрагч Жон Милтоны (1608–1674) бичсэн «Алдсан диваажин» («Paradise Lost») болон түүний үргэлжлэл болох «Буцаж ирсэн диваажин» («Paradise Regained») гэдэг номуудад үнэнч хүн диваажин дэлхийд амьдрах шагнал авах тухай өгүүлсэн байдаг. Милтон Библийг судлахад их цаг зарцуулсан боловч Христийн залран байх үе болохоос нааш Судрын үнэнийг бүрэн дүүрэн ойлгох аргагүйг хүлээн зөвшөөрч байжээ.
9, 10. а) Исаак Ньютон хүн төрөлхтний найдварын талаар юу гэж хэлсэн бэ? б) Ньютон Христийн залран байх үеийг бүр хожим, алс ирээдүйд болно гэж боддог байсны учир юу вэ?
9 Библийг нягт нямбай судалсан бас нэгэн хүн бол суут математикч Исаак Ньютон (1642–1727) юм. Тэрбээр ариун хүмүүс тэнгэрт гарч Христтэй хамт үл үзэгдэх байдлаар захирахыг ойлгодог байсан (Илч. 5:9, 10). Бас Хаанчлалын харьяат албатуудын тухай бичихдээ: «Шүүлтийн дараа хүмүүс дэлхий дээрээ амьдарсаар байх бөгөөд зөвхөн 1 000 жил бус, мөнх амьдарна» гэж тэмдэглэжээ.
10 Ньютон Христийн залран байх үеийг олон зууны дараа болно гэж боддог байв. «Ньютон эргэн тойронд нь байсан Гурвалын тухай сургаалын тэрс үзлээс болоод шаналж байсан тул Бурхны Хаанчлалыг бүр хожим, алс ирээдүйд болно гэж үздэг байсан» хэмээн түүхч Стивен Снобелен хэлжээ. Тэр үед ч сайн мэдээ нууцлагдсан хэвээр байсан учраас Ньютон сайн мэдээг дэлгэрүүлэх христиан байхгүй гэж дүгнэсэн юм. Тэрбээр: «Даниел болон [«Илчлэлт» номыг бичсэн] Иоханы зөгнөлүүдийг төгсгөлийн үе болтол ойлгох аргагүй» хэмээснийхээ дараа «Даниел: „Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ“ гэж бичсэн. Учир нь үлэмж их зовлон болон ертөнцийн төгсгөл болохоос өмнө сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдах ёстой. Эс бөгөөс бүх овгоос бүрддэг, хэний ч тоолж чадамгүй үй олон хүн үлэмж их зовлонгоос гарч ирэх боломжгүй болно» гэж бичжээ (Дан. 12:4; Мат. 24:14; Илч. 7:9, 10).
11. Милтон Ньютон нарын үед хүн төрөлхтний найдвар ихэнх хүний хувьд нууцлагдсан хэвээрээ байсны учир юу вэ?
11 Милтон Ньютон нарын үед сүмийн албан ёсны сургаалд харш үзлийг гаргаж ирэх нь их аюултай хэрэг байв. Тиймээс Библийг судлан бичсэн зохиолуудын ихэнх нь тэднийг нас барсны дараа хэвлэгдсэн. XVI зууны үед болсон Шашны шинэчлэл үхэшгүй мөнхийн сүнсний тухай сургаалыг залруулж чадаагүй тул Протестант шашны хамгийн нөлөө бүхий урсгалууд Мянган жилийн засаглалыг ирээдүйнх биш, харин аль хэдийнээ өнгөрчихсөн гэсэн Августины үзлийг баримталсаар ирсэн. Тэгвэл төгсгөлийн цаг үе болоход мэдлэг өсөн нэмэгдсэн болов уу?
Жинхэнэ «мэдлэг өсөн нэмэгдэнэ»
12. Жинхэнэ мэдлэг хэзээнээс өсөн нэмэгдэх байсан бэ?
12 Даниел «цаг хугацааны төгсгөлийн» үед болох сайн үйл явдлыг зөгнөсөн байдаг (Даниел 12:3, 4, 9, 10-ыг уншина уу). Тэр үед «зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно» гэж Есүс хэлжээ (Мат. 13:43). Төгсгөлийн үед жинхэнэ мэдлэг хэрхэн өсөн нэмэгдсэн бэ? Төгсгөлийн үе эхэлсэн 1914 оноос хэдэн арван жилийн өмнө юу юу болсныг одоо авч үзье.
13. Хүн төрөлхтөн төгс амийг хэрхэн буцааж авахыг судалсныхаа дараа Чарлз Тейз Расселл юу гэж бичсэн бэ?
13 XIX зууны сүүлд «эрүүл үгсийг» ойлгохыг чин сэтгэлээсээ хичээдэг байсан цөөн тооны хүмүүс байлаа (2 Тим. 1:13). Тэдний нэг Чарлз Тейз Расселл 1870 онд үнэнийг хайдаг хэсэг нөхдийн хамт Библи судлах бүлгэм байгуулжээ. Тэд 1872 онд, Адамын алдсан төгс амийг хүн төрөлхтөн хэрхэн буцааж авах талаар судалсан. Хожим нь Расселл: «Бид урьд нь одоо соригдож байгаа сүмийн (тослогдсон хүмүүс) хүртэх ивээл болон ихэнх үнэнч хүмүүсийн хүртэх ивээлийн хоорондох том ялгааг тодорхой ойлгодоггүй байсан» гээд, ихэнх хүмүүсийн хүртэх ивээл бол «Еденд амьдарч байсан хүн төрөлхтний өвөг Адамтай адил төгс болох явдал юм» гэж бичжээ. Библийг судлахдаа бусдаас тусламж авснаа Расселл ярьсан байдаг. Тэд хэн байсан бэ?
14. а) Хенри Дан Үйлс 3:21-ийг юу гэж ойлгодог байсан бэ? б) Даны хэлснээр, дэлхий дээр хэн мөнх амьдрах вэ?
14 Хенри Дан бол тэдний нэг байлаа. Тэрбээр «Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас [айлдсан] бүхнийг сэргээх үеийн» тухай бичжээ (Үйлс 3:21). Дан энэхүү «сэргээх үе» гэдэгт Христийн Мянган жилийн засаглалын үеэр дэлхийн хүн төрөлхтөн төгс болох үйл явц ордгийг ойлгож байсан. Бас олон хүний ойлгож чадаагүй, дэлхийд мөнх амьдрах хүмүүсийн дунд хэн хэн байх тухай асуудлыг судалсан бөгөөд амилсан сая сая хүн үнэнийг мэдээд Христэд итгэх боломжтой болохыг тайлбарлажээ.
15. Жорж Сторс амилалтын талаар юу ойлгосон бэ?
15 1870 онд Жорж Сторс Библийг судалсныхаа эцэст зөвт бус хүмүүс ч амилж мөнх амьдрах боломжтой гэж дүгнэжээ. Бас амилсан ч уг боломжоо алдах «нүгэлт хүмүүс зуу насалсан ч үхэх болно» гэдгийг Судраас ойлгожээ (Ис. 65:20). Сторс Нью-Йорк хотын Бруклинд амьдарч байсан бөгөөд «Библи судлаач» («Bible Examiner») сэтгүүлийг гаргадаг байв.
16. Библи Судлаачид христ шашны ихэнх урсгалаас юугаараа ялгаатай байсан бэ?
16 Расселл Библи судлаад сайн мэдээг өргөн далайцтай дэлгэрүүлэх цаг ирснийг ойлгожээ. Тиймээс 1879 оноос одоогийн «Еховагийн Хаанчлалыг тунхаглагч Харуулын цамхаг» буюу тэр үеийн «Сионы Харуулын цамхаг ба Христийн залран буйг тунхаглагч» сэтгүүлийг хэвлэж эхэлсэн. Урьд нь цөөн тооны хүн, хүн төрөлхтний найдварын тухай үнэнийг ойлгодог байсан. Гэхдээ олон орны Библи Судлаачид «Харуулын цамхаг» сэтгүүлийг уншиж судалсны ачаар цөөн тооны хүн тэнгэрт гарч, олон сая хүн дэлхий дээр төгс болж амьдарна гэж итгэдэг болжээ. Үүгээрээ тэд христ шашны ихэнх урсгалаас ялгаатай байсан.
17. Жинхэнэ мэдлэг яаж өсөн нэмэгдсэн бэ?
17 Библид зөгнөсөн «цаг хугацааны төгсгөл» буюу төгсгөлийн цаг үе 1914 оноос эхэлсэн. Харин хүн төрөлхтний найдварын талаарх мэдлэг өсөн нэмэгдсэн үү? (Дан. 12:4). 1913 онд Расселлын номлол 2 000 сонин сэтгүүлд гарсан бөгөөд 15 000 000 хүн уншжээ. Мөн 1914 оны сүүлээр слайд болон хөдөлгөөнт сүүдэр зургийн тусламжтайгаар Христийн Мянган жилийн засаглалыг тайлбарласан «Бүтээлийн фото драм»-ыг гурван тивийн 9 000 000 гаруй хүн үзсэн. 1918–1925 онд Еховагийн үйлчлэгчид дэлхий дээр мөнх амьдрах найдварыг тайлбарласан «Одоо амьд байгаа олон сая хүн хэзээ ч үхэхгүй» гэсэн илтгэлийг 30 гаруй хэлээр дэлхий даяар хүргэсэн. Дэлхий дээр мөнх амьдарна гэж найддаг хүн баптисм хүртэх хэрэгтэйг Еховагийн Гэрчүүд 1934 онд ойлгожээ. Энэ шинэ ойлголтын үр дүнд Гэрчүүд Хаанчлалын тухай сайн мэдээгээ урам зоригтой дэлгэрүүлдэг болсон. Дэлхий дээр мөнх амьдрах найдварын улмаас өнөөгийн олон сая хүн Еховад чин сэтгэлээсээ талархдаг.
«Алдрын эрх чөлөө» ойрхон байна!
18, 19. Исаиа 65:21–25-д ямар амьдралын тухай бичсэн байдаг вэ?
18 Бурхан зөнч Исаиад онгод оруулан дэлхий дэх ирээдүйн амьдралыг дүрслэн бичүүлжээ (Исаиа 65:21–25-ыг уншина уу). Исаиа зөгнөлөө бичиж байх үед буюу одоогоос 2 700 жилийн өмнө ургаж байсан зарим мод өнөөдөр ч хэвээрээ байгаа. Та бид ийм олон жил хүч тэнхээтэй, эрүүл саруул амьдарна гээд төсөөлөөд үз дээ!
19 Тэр үед хүний амьдрал нүд ирмэхийн зуурт өнгөрөхгүй. Харин мөнхөд амьдран, байшин барилга барих, тариа ногоо тарих, шинэ юманд суралцах боломжоор дүүрэн байх болно. Бас та хүмүүстэй ямар харьцаатай болохыг бодож үзээрэй. Андын холбоогоо мөнхөд бэхжүүлж, улам дотносон нөхөрлөх болно. Тэр үед дэлхий дээрх «Бурхны хүүхдүүд» «алдрын эрх чөлөөг» эдлэх болно! (Ром 8:21).
[Зүүлт]
a Августин Бурхны Хаанчлалын Мянган жилийн засаглалыг ирээдүйд биелэх юм биш, бүр аль эрт [католик] шашны тогтолцоо бүрэлдэхэд л бий болсон гэж үзэж байжээ.
Тайлбарлана уу
• Хүн төрөлхтний жинхэнэ найдвар хэрхэн нууцлагдсан бэ?
• XVII зууны үед Библи судалдаг байсан зарим хүн юу ойлгосон бэ?
• 1914 он ойртох тусам хүн төрөлхтний жинхэнэ найдвар хэрхэн тодорхой болсон бэ?
• Дэлхийд мөнх амьдрах найдварын тухай мэдлэг хэрхэн өсөн нэмэгдсэн бэ?
[13-р хуудасны зураг]
Яруу найрагч Жон Милтон (зүүн) болон математикч Исаак Ньютон (баруун) дэлхий дээр мөнх амьдрах найдварын тухай мэддэг байсан
[15-р хуудасны зураг]
Библи Судлаачид хүн төрөлхтний жинхэнэ найдварын тухай мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэх цаг ирснийг Судраас ойлгосон