Сүнсээр явбал өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч чадна
«Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй» (ГАЛ. 5:16).
1. Пентекостын өдрөөр хүмүүс ямар ямар баптисм хүртсэн бэ?
МЭ 33 оны Пентекостын өдөр Есүсийн дагалдагчид ариун сүнсээр баптисм хүртсэнийхээ дараа олон янзын хэлээр ярьж эхлэв. Сүнсний гайхамшигт бэлэг авсан нь тэр аж (1 Кор. 12:4–10). Энэ бэлэг болон элч Петрийн хэлсэн үг ямар үр нөлөөтэй байсан бол оо? Олон хүний «зүрхийг хөндсөн». Хүмүүс Петрийн үгэнд орж гэмшээд, баптисм хүртжээ. «Түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ» хэмээсэн түүхэн баримт байдаг (Үйлс 2:22, 36–41). Есүсийн зааварласнаар тэд Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр, усаар баптисм хүртэх учиртай байв (Мат. 28:19).
2, 3. а) Ариун сүнсээр баптисм хүртэх, ариун сүнсний нэрээр баптисм хүртэх хоёр ямар ялгаатайг тайлбарлана уу. б) Жинхэнэ христиан болохын тулд усаар баптисм хүртэх шаардлагатайн учир юу вэ?
2 Тэгвэл ариун сүнсээр баптисм хүртэх, ариун сүнсний нэрээр баптисм хүртэх хоёр ялгаатай юу? Ялгаатай. Ариун сүнсээр баптисм хүртсэн хүмүүс сүнсээр дахин төрж Бурхны хөвгүүд болдог (Иох. 3:3). Тэд ирээдүйд Бурхны тэнгэрийн Хаанчлалд Есүстэй хамт хаад, тахилчаар үйлчлэхээр тослогдон, Христийн сүнслэг биеийг бүрдүүлдэг (1 Кор. 12:13; Гал. 3:27; Илч. 20:6). Ехова Христийн хамтран залгамжлагч болгохоор сонгосон хүмүүстээ ариун сүнсээр ийнхүү баптисм хүртээдэг. Бурхан ийм баптисмыг Пентекостын өдөр хүртээсэн бөгөөд түүнээс хойш ч хүртээжээ (Ром 8:15–17). Тэгвэл Еховагийн орчин үеийн ард түмний дунд зохиогддог чуулганы үеэр ариун сүнсний нэрээр, усаар баптисм хүртдэгийг юу гэж ойлгож болох вэ?
3 Усаар баптисм хүртэх гэдэг нь жинхэнэ христиануудын хувьд Ехова Бурханд өөрийгөө чин сэтгэлээсээ зориулснаа харуулах бэлгэдлийн утгатай үйлдэл юм. Ийм баптисмыг тэнгэрлэг дуудлагатай христиан хүмүүс хүртдэг. Гэхдээ дэлхийд мөнх амьдарна гэж найддаг олон сая хүн ч бас усаар баптисм хүртэх шаардлагатай. Бурханд таалагдъя л гэвэл ямар найдвар өвөрлөж явдгаасаа үл хамааран Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр, усаар баптисм хүртэх ёстой. Ийм баптисм хүртсэн христиан хүн бүр үргэлж «Сүнсээр явах» учиртай (Галат 5:16-г уншина уу). Та сүнсээр явж, өөрийгөө зориулсныхаа дагуу амьдардаг уу?
«Сүнсээр явах» гэж юу гэсэн үг вэ?
4. «Сүнсээр явах» гэж юу гэсэн үг вэ?
4 «Сүнсээр явах» гэдэг нь ариун сүнсийг өөртөө чөлөөтэй нэвтрүүлж, нөлөөг нь хүлээн авахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын үйл хэргээ ариун сүнсээр удирдуулна гэсэн үг. «Галат» номын 5 дугаар бүлэг ариун сүнсээр удирдуулах ба махан биедээ захирагдахын эрс ялгааг харуулдаг (Галат 5:17, 18-ыг уншина уу).
5. Ариун сүнсээр удирдуулдаг хүн ямар үйлсээс зайлсхийдэг вэ?
5 Ариун сүнсээр удирдуулдаг хүн «завхайрал, бузар байдал, тачаангуй байдал, шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх» гэх зэргийн махан биеийн үйлсээс зайлсхийхийг хичээдэг (Гал. 5:19–21). Өөрөөр хэлбэл, «биеийн үйлсийг» «Сүнсээр ... үхэлд хүргэдэг» (Ром 8:5, 13). Ингэх нь махан биеийн хүсэл тачаалд эзэмдүүлэхгүй байж, сүнсний юмыг зориуд бодон, сүнсээр удирдуулахад тустай.
6. Ариун сүнсний үр жимсийг илэрхийлэхийн тулд яах хэрэгтэйг жишээгээр тайлбарлана уу.
6 «Сүнсний үр жимсийг» ариун сүнсний нөлөөгөөр илэрхийлж болдог (Гал. 5:22, 23). Гэхдээ үүний тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Жишээ нь, тариачин газар боловсруулж байна гэж бодъё. Ус, гэрэл байхгүй бол ургац гарахгүй нь ойлгомжтой. Сүнсний үр жимсийг хөгжүүлж, илэрхийлэхэд ариун сүнс нарны гэрэлтэй адил чухал үүрэгтэй. Гэхдээ тариачин өөрөө хөдөлмөрлөхгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй шүү дээ (Сур. 10:4). Үүнтэй адилаар, бид зүрхнийхээ хөрсийг сайн боловсруулбал ариун сүнсний үр жимсийг чанартай сайн, арвин ихээр ургуулна. Тиймээс дор бүрнээ: «Би ариун сүнсийг өөртөө нэвтрүүлж, үр жимсийг нь бий болгодог уу?» гэж бодож үзээрэй.
7. Ариун сүнсний үр жимсийг ургуулъя гэвэл Бурхны Үгийг судалж, эргэцүүлэн бодох нь яагаад чухал бэ?
7 Сайн ургац авахын тулд услах хэрэгтэй. Үүнтэй адилаар, сүнсний үр жимсийг ургуулахын тулд ус буюу үнэнийг Библи болон цуглаанаас авах хэрэгтэй (Ис. 55:1). Ариун Судар ариун сүнсний нөлөөгөөр бичигдсэн гэдгийг та олон хүнд ярьдаг биз ээ (2 Тим. 3:16). Түүнчлэн, итгэмжит ухаалаг боолын анги одоо юунаас ч илүү хэрэгтэй байгаа, цэвэр устай зүйрлэм Библийн үнэний ойлголтыг өгдөг (Мат. 24:45–47). Тиймээс ариун сүнсээр удирдуулахын тулд Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн бодох ёстой гэсэн үг. Ингэх нь сонсож дуулсан бүхнээ «анхааралтай судалж, лавладаг» байсан зөнчдийн сайхан жишээг дууриаж байгаа хэрэг юм. Тэнгэр элчүүд хүртэл амласан Үр болон тослогдсон христиануудын хурлын талаарх үнэнийг мэдэх гэж ихэд шимтдэгийг тэмдэглүүштэй (1 Петр 1:10–12).
Яаж сүнсээр удирдуулах вэ?
8. Еховагаас сүнсийг нь гуйх нь ямар учраас чухал бэ?
8 Судрыг судалж, эргэцүүлэн бодоод л боллоо гэсэн үг биш ээ. Бид Еховагаас тусламж, удирдлага гуйн тогтмол залбирч байх хэрэгтэй. Бурхан «гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай» билээ (Ефес 3:20; Лук 11:13). Гэхдээ «Бурхан „юу хэрэгтэй байгааг гуйхаас минь өмнө мэддэг“ юм бол дандаа гуйхын хэрэг юу байна вэ?» гэвэл та юу гэж хариулах вэ? (Мат. 6:8). Ариун сүнс гуйж залбирах нь Еховад найддагийн нэг шинж юм. Жишээ нь, та тусламж гуйгаад ирсэн хүнд чадах чинээгээрээ туслах байх. Учир нь тэр хүн танд найддаг учраас л тусламж гуйж байгаа шүү дээ (Сургаалт үгс 3:27-той харьцуулна уу). Үүнтэй адилаар, сүнсийг нь гуйхад Еховад сайхан санагддаг бөгөөд хүсэлтийг тань дуртайяа биелүүлнэ (Сур. 15:8).
9. Цуглаанд очих нь Бурхны сүнсээр удирдуулахад ямар ач холбогдолтой вэ?
9 Бурхны сүнсээр удирдуулах бас нэг сайн арга бол цуглаан, чуулганд очих явдал юм. Цуглаан, чуулганд очиж, хөтөлбөрийг нь анхааралтай сонсох нь их чухал бөгөөд «Бурханы гүн юмсыг» ойлгоход тусалдаг (1 Кор. 2:10). Бас тогтмол хариулах нь ач холбогдолтой. Өнгөрсөн нэг сарын хугацаанд та цуглаанд хэр зэрэг идэвхтэй оролцсоноо бод доо. Итгэл үнэмшлээ илэрхийлэн хариулахын тулд хэр олон удаа гараа өргөсөн бэ? Энэ тухайд сайжруулах зүйл бий юү? Байгаа бол ойрын хугацаанд юу хийхээ шийдээрэй. Ехова цуглаанд оролцох гэсэн таны чин хүслийг хараад сүнсээ өгч, цуглаанаас илүү их ач тус хүртэхэд тусална.
10. Сүнсээр явдаг хүн ямар урилга тараах ажилд оролцдог вэ?
10 Сүнсээр явдаг хүн Илчлэлт 22:17-д бичсэн, «Сүнс болон сүйт бүсгүй: „Ирээрэй“ гэнэ. Сонсогч нь: „Ирээрэй“ гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг» хэмээсэн урилгыг хүлээж авдаг. Тослогдсон сүйт бүсгүйн ангийг удирддаг сүнс амийн усны энэхүү урилгыг тарааж байгаа. Хэрэв та «Ирээрэй!» гэсэн урилгыг хүлээж авсан бол одоо өөрөө бусдыг «Ирээрэй!» гэж урихад бэлэн байдаг уу? Амь аврах энэ ажилд оролцоно гэдэг юутай завшаан бэ!
11, 12. Ариун сүнс дэлгэрүүлэх ажилд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
11 Эдүгээ энэ чухал ажил ариун сүнсний удирдлагаар явагдаж байна. І зуунд миссионерүүд ариун сүнсний удирдлагаар шинэ газар нутагт очин дэлгэрүүлж байсныг Библид тэмдэглэсэн байдаг. Элч Паул болон түүний нөхдөд «Азид үгийг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон» бөгөөд Битин рүү явахыг нь ч зөвшөөрөөгүй. Ариун сүнс тэдний явахыг чухам яаж хориглосныг бид мэдэхгүй. Гэхдээ Паул Европ гэдэг өргөн уудам хэсэгт дэлгэрүүлэхээр чухамдаа сүнсний удирдлагаар явсан нь тодорхой. Тэрбээр Македонийн нэгэн эрийн тусламж гуйж буйг үзэгдлээр үзжээ (Үйлс 16:6–10).
12 Дэлхий даяар явагдаж буй дэлгэрүүлэх ажлыг Еховагийн сүнс өнөөдөр ч бас удирдаж байна. Ехова тослогдогсдод үзэгдэл үзүүлдэггүй ч ариун сүнсээрээ удирдлага заавар өгдөг. Дэлгэрүүлэх болон заах ажилд чадах бүхнээ хийх хүслийг ариун сүнс христиануудад төрүүлдэг. Та ч бас амин чухал энэхүү ажилд оролцдог нь лавтай. Энэ ажлаа илүү их баяр хөөртэй хийх боломж бий юү?
13. Ариун сүнсээр удирдуулахын тулд яах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.
13 Бурхны ард түмэндээ өгдөг зааврыг дагавал ариун сүнсээр удирдуулж чадна. Михоко гэдэг япон бүсгүйн жишээг үзье. Эхлэгч болоод удаагүй байсан тэрбээр өөрийгөө давтан уулзалт хийж чаддаггүй, хүмүүсийн сонирхлыг хэрхэн татахаа мэддэггүй гэж бодож байжээ. Тэр үед «Христиан үйлчлэл»-д товчхон давтан уулзалт хийх талаар зөвлөгөө гарчээ. Бас «Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам» гэдэг товхимол ч хэвлэгдээд байж. Уг товхимол нь япон хүмүүст дэлгэрүүлэхэд их тохирсон хэвлэл байв. Михоко тэр товхимлыг зааврын дагуу ашиглаж, товч давтан уулзалт хийхийг гойд анхаарч эхэлжээ. Ингээд урьд нь Библийн хичээл хийхээс татгалзах байсан хүмүүстэй хичээл хийдэг болов. Михоко: «Би олон хичээлтэй болсон. Заримдаа 12 хүнтэй хичээл хийх үе ч байсан. Бүр зарим нь намайг хүлээж байгаад хичээл хийдэг байсан» гэж ярьжээ. Еховагийн үйлчлэгчдэдээ өгдөг зааврыг даган, сүнсээр явбал арвин их ивээл хүртэнэ.
Бурхны сүнсэнд найдах нь
14, 15. а) Төгс бус хүн юуны ачаар Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч чадах вэ? б) Яавал сайн найзтай болох вэ?
14 Нэгэнт Бурхан таныг үйлчлэгчээ болгон томилсон тул та түүнд үйлчлэх үүрэгтэй (Ром 10:14). Та ийм хариуцлагатай үүрэг хүлээж чадахгүй гэж бодож байж болох юм. Гэхдээ Бурхан тослогдсон христиануудыг өөрт нь үйлчлэх чадвартай болгодог шигээ таныг ч тийм чадвартай болгоно (2 Коринт 3:5-ыг уншина уу). Хэрэв та чадах бүхнээ хийж, Бурхны сүнсэнд найдвал өөрийгөө зориулсныхаа дагуу амьдарч чадна.
15 Төгс Бурхан Еховад өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах нь төгс бус бидэнд амаргүй байдаг нь үнэн. Жишээ нь, урьд нөхөрлөж явсан зарим хүн биднийг амьдралынхаа хэв маягийг өөрчилсөнд гайхаж, «муу хэлж» болох юм (1 Петр 4:4). Гэхдээ та шинэ нөхөдтэй болсноо, хамгийн гол нь, Ехова болон Есүс Христтэй анд нөхөр болсноо бодож үзээрэй (Иаков 2:21–23-ыг уншина уу). Бас дэлхий дахины «ахан дүүсийн барилдлагад» багтдаг хурлынхаа итгэл нэгтнүүдтэй дотносон танилцах нь амин чухал юм (1 Петр 2:17; Сур. 17:17). Үргэлж сайн үлгэр дууриал болох найз нөхдийг олоход тань Ехова сүнсээрээ тусална.
16. Паул шиг «мөхөс байдал дотроо баяртай» байж болохын учир юу вэ?
16 Хурлынхнаасаа сайн нөхөдтэй болсон ч гэлээ өдөр тутмын бэрхшээлийг давахад амаргүй санагдах үе гарч мэднэ. Бэрхшээл зовлон ар араасаа тулгарахад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг өөрийн биеэр үзэж болох юм. Гэхдээ яг тийм л үед Еховад хандан ариун сүнсийг нь гуйх хэрэгтэй. Элч Паул: «Би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг» хэмээжээ (2 Коринт 4:7–10; 12:10-ыг уншина уу). Хүн ямар ч дутагдалтай байсан, Бурхны сүнс түүнийг нь нөхөж чаддагийг Паул мэдэж байв. Тэгэхлээр, хүчин мөхөстсөн мэт санагдаж, тусламж хэрэг болсон тэр үед Бурхны үйлдэх хүч таныг тэнхрүүлнэ. Паул «мөхөс байдал ... дотроо ... баяртай» байдаг тухайгаа бичжээ. Учир нь тэрбээр мөхөс үедээ ариун сүнсний дэмжлэгийг мэдэрдэг байжээ. Та ч бас үүнийг биеэрээ үзэх боломжтой! (Ром 15:13).
17. Таныг зорилгодоо хүрэхэд ариун сүнс хэрхэн туслах вэ?
17 Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахад Бурхны сүнс хэрэгтэй. Еховад үүрд мөнх үйлчлэх зорилготой таныг дарвуулт онгоцны ахмад гэвэл ариун сүнс бол салхи юм. Тэр салхины чигийг даган хөвбөл зорьсон газраа саадгүй хүрнэ. Та Сатаны ертөнцийн салхинд ийш тийш туугдахыг хүсдэггүй нь лавтай (1 Кор. 2:12). Тиймээс, зүйрлэн хэлбэл, зөв салхийг олж, тэр салхины чигийг дагах хэрэгтэй. Тэр салхи нь ариун сүнс юм. Ариун сүнс таныг Бурхны Үг болон байгууллагаар дамжуулан зөв зүгт зална.
18. Одоо та ямар зорилго тавьж байна вэ? Яагаад?
18 Хэрэв та тодорхой хугацаанд Еховагийн Гэрчүүдээр Библи заалгаж байгаа бөгөөд тэдэнтэй харьцах дуртай байдаг атлаа Бурханд өөрийгөө зориулах, баптисм хүртэх гэдэг чухал алхмуудыг хийгээгүй бол «Эргэлзэх хэрэг байна уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Ариун сүнс Еховаг хүсэл тааллаа биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг ойлгодог, үнэхээр үр нөлөөтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг бол сурч мэдсэнийхээ дагуу шаардлагатай алхмуудыг хийгээрэй. Ехова таныг арвин ихээр ивээж, ариун сүнсээ өгөөмрөөр өгнө. Хэрэв та баптисм хүртээд удаж байгаа бол ариун сүнсний удирдлагыг биеэрээ үзсэн нь лавтай. Бурхан сүнсээрээ хэрхэн дэмждэгийг өөрийн биеэр үзэж, мэдэрсэн биз ээ. Бурхны ариун сүнсний дэмжлэгийг одоо төдийгүй үүрд мөнх авах боломжтой. Тиймээс үргэлж сүнсээр явахыг зорилгоо болгогтун!
Санаж байна уу?
• «Сүнсээр явах» гэж яахыг хэлдэг вэ?
• Үргэлж «сүнсээр явахад» юу туслах вэ?
• Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?
[15-р хуудасны зураг]
Зүрхнийхээ хөрсийг боловсруулахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй
[16, 17-р хуудасны зураг]
Та Бурхны сүнсээр удирдуулдаг уу?