«Та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ?»
«Хэрэв энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ?» (2 ПЕТР 3:11).
1. Петрийн хоёр дахь захидал тухайн үеийн христиануудад цагаа олсон уриалга байсны учир юу вэ?
ЭЛЧ Петрийг Бурхнаар удирдуулан хоёр дахь захидлаа бичих үед христианууд эсэргүүцэл хавчлагын их үерт автсан байсан. Гэсэн хэдий ч хичээл зүтгэлээ сулруулаагүй бөгөөд үйл ажиллагаагаа зогсолтгүй үргэлжлүүлж байв. Тиймээс Диавол олон удаа амжилтад хүрсэн өөр нэг аргаа хэрэглэжээ. Сатан Бурхны үйлчлэгчдийг эвдэн завхруулахын тулд «нүд нь завхайрлаар дүүрэн», «шуналд дадлагажсан зүрхтэй» хуурамч багш нарыг ашиглаж байгааг Петр илчилжээ (2 Петр 2:1–3, 14; Иуда 4). Тиймээс хоёр дахь захидлаараа, Бурханд үнэнч байхыг чин сэтгэлээсээ уриалсан байна.
2. Петрийн 2 дахь захидлын 3-р бүлэгт юуны талаар голлон бичсэн байдаг вэ? Бид ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?
2 Петр: «Энэхүү асар дотор байх цагтаа та нарыг сануулгаар сэрээхээ би зөв гэж үзэж байна. ... Би удахгүй асраа тайлахаа мэдэж байна. Намайг одсоны дараа та нар ямар ч үед эдгээр зүйлийг санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно» хэмээн бичжээ (2 Петр 1:13–15). Тийм ээ, Петр үхэх дөхсөнөө мэдэж байсан. Гэвч цагаа олсон сануулгыг нь хэн ч бүү мартаасай гэж хүсэж байжээ. Үнэхээр ч Петрийн сануулга Библид бичигдэн үлдэж, бид бүгдээрээ унших боломжтой болсон билээ. Петрийн хоёр дахь захидлын 3-р бүлэгт өнөөгийн ертөнцийн «эцсийн өдрүүд» болон бэлгэдлийн тэнгэр, газрын сүйрлийн тухай голлон бичсэн байдаг учир бидэнд онцгой хамаатай юм (2 Петр 3:3, 7, 10). Петр бидэнд ямар зөвлөгөө өгсөн бэ? Зөвлөгөөг нь хэрэгжүүлэх нь Еховагийн сайшаалыг хүлээхэд хэрхэн туслах вэ?
3, 4. а) Петр юу гэж уриалсан бэ? Юунаас сэрэмжлүүлсэн бэ? б) Энэ өгүүллээр ямар гурван зүйлийг авч үзэх вэ?
3 Петр Сатаны ертөнцийн төгсгөлийн тухай дурдсаныхаа дараа: «Ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ?» гэж бичжээ (2 Петр 3:11, 12). Энэ нь ямар хүмүүс байх ёстойг маань биднээс асуусан хэрэг биш, харин өөрсдийгөө шалгахыг уриалсан хэрэг юм. Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг, түүнд таалагддаг зан чанар илэрхийлдэг хүмүүс л удахгүй болох «өшөө авах өдрийг» эсэн мэнд давна гэдгийг Петр мэдэж байсан (Ис. 61:2). Тиймээс цааш нь: «Хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүй хүмүүсийн [хуурамч багш нарын] төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий» хэмээн бичжээ (2 Петр 3:17).
4 «Урьдаас мэддэг» хүмүүсийн нэг болох Петр эцсийн өдрүүдэд христианууд үнэнч байдлаа хадгалахын тулд онцгой сэрэмжтэй байх хэрэгтэйг мэдэж байв. Яагаад сэрэмжлэх хэрэгтэй байсныг хожим нь элч Иохан тодорхой тайлбарлажээ. Тэрбээр, Сатаныг тэнгэрээс хөөгдөөд, «Бурханы хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг» хүмүүст «үлэмж их уур хилэн»-гээ гаргахыг урьдаас үзжээ (Илч. 12:9, 12, 17). Бурхны үнэнч тослогдогсод итгэлт нөхөд болох «өөр хонинуудын» хамт ялалт байгуулна (Иох. 10:16). Харин хүн нэг бүрийн тухайд юу хэлж болох вэ? Үнэнч хэвээрээ байж чадах болов уу? Хэрэв бид 1) Бурханд таалагддаг зан чанар хөгжүүлж, 2) сүнслэгээр болон ёс суртахууны хувьд толбогүй, гэм зэмгүй байн, 3) сорилтод зөв хандахыг хичээдэг бол үнэнч байж чадна. Эдгээрийг нэгбүрчлэн авч үзье.
Бурханд таалагддаг зан чанарыг хөгжүүлэх нь
5, 6. Ямар ямар зан чанар хөгжүүлэхийг хичээх нь зүйтэй вэ? Үүний тулд «хичээл зүтгэл» гаргах хэрэгтэй байдгийн учир юу вэ?
5 Петр хоёр дахь захидлынхаа эхэнд: «Та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн давуу байдлыг, сайн давуу байдал дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирах байдлыг, өөрийгөө захирах байдал дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ сүсэглэлийг, сүсэглэл дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. Хэрэв та нарт эдгээр чанар байгаа бөгөөд улмаар нэмэгдсээр байвал, эдгээр нь бидний Эзэн Есүс Христийг мэдэхэд та нарыг үр ашиггүй, үр жимсгүй байлгахгүй» гэж бичжээ (2 Петр 1:5–8).
6 Бурханд таалагддаг зан чанартай болгодог үйл хэрэгт оролцохын тулд «хичээл зүтгэл» гаргах хэрэгтэй нь ойлгомжтой. Жишээлбэл, бүх цуглаанд суух, Библийг өдөр бүр унших, хуваарийнхаа дагуу бие даан чанартай судлахад хичээл зүтгэл хэрэгтэй болдог. Гэр бүлийн Библийн хичээлийг тогтмол хийж, таатай, үр ашигтай болгоход ч сайтар төлөвлөхийн зэрэгцээ хүчин чармайлт гаргах шаардлагатай байж болох юм. Харин нэгэнт сайн хэвшилтэй болчихсон, ялангуяа үр ашгийг нь хүртсэн хүнд хуваариа баримтлахад илүү хялбар байх болно.
7, 8. а) Гэр бүлийн Библийн хичээлийн талаар зарим хүн юу гэж ярьсан бэ? б) Та гэр бүлийн хичээлээсээ ямар ач тус хүртэж байгаа вэ?
7 Нэг Гэрч эмэгтэй Гэр бүлийн Библийн хичээл гэдэг арга хэмжээний талаар: «Бидэнд маш олон сэдвээр сурч мэдэх боломж олгож байна» хэмээн ярьжээ. Өөр нэг Гэрч: «Үнэнийг хэлэхэд би ном судлалын цуглаан хэвээрээ байгаасай гэж хүсэж байлаа. Миний хамгийн дуртай цуглаан байсан юм. Харин одоо Гэр бүлийн хичээл хийдэг болсноос хойш Ехова бидэнд чухам юу хэрэгтэйг мэддэг төдийгүй цагт нь өгдгийг ойлгосон» гэсэн бол, нэгэн өрхийн тэргүүн: «Гэр бүлийн хичээл эхнэр бид хоёрт гайхалтай их тус болж байна. Яг хоёр биеийнхээ хэрэгцээнд тохируулан гэр бүлийн хичээл хийх нь үнэхээр сайн байдаг! Бидний хэн хэн нь ариун сүнсний үр жимсийг илүү сайн илэрхийлдэг болж байгаа. Бас дэлгэрүүлэх ажлаасаа илүү их баяр баясгалан амсдаг болсон» гэсэн бол нэг эцэг: «Хүүхдүүд маань өөрсдөө гүнзгийрүүлж судлаад маш их юм сурч байна. Үүндээ ч дуртай байгаа. Энэ арга хэмжээний ачаар, санааг маань юу зовоож байгааг Ехова мэддэг, залбиралд маань хариулдаг гэдэгт улам их итгэлтэй болсон» гэжээ. Бурхны авсан энэ сайхан арга хэмжээний талаар та ч бас адилхан сэтгэгдэлтэй юү?
8 Шалихгүй юмнаас болж гэр бүлийн хичээлээ бүү тасалдуулаарай. Гэр бүлийн нэг хос: «Сүүлийн дөрвөн долоо хоногийн турш пүрэв гаригийн орой бүр манайд ямар нэг юм тохиолдсоноос болоод хичээл маань зогсох шахаж байсан ч бид хичээлээ огт тасалдуулаагүй» гэж ярьжээ. Заримдаа хуваариа өөрчлөх шаардлага гарч болох юм. Гэсэн ч Гэр бүлийн Библийн хичээлээ ганц долоо хоног ч алгасалгүй хийх шийдвэрээ хатуу чанд баримтлаарай!
9. Ехова Иеремиаг хэрхэн тэтгэсэн бэ? Бид түүний жишээг хэрхэн дууриаж болох вэ?
9 Зөнч Иеремиа бидэнд сайхан жишээ үлдээжээ. Тэрбээр Еховагийн өгдөг сүнслэг хоол ундыг хүртэж, түүнийг өндөр үнэлдэг байсан. Ийм сүнслэг хоол хүртсэний ачаар мэдээ хүлээн авдаггүй хүмүүст дэлгэрүүлэхдээ тэвчээртэй байж чаджээ. Тэрбээр: «ЭЗЭНий үг ... ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт» гэж хэлсэн байдаг (Иер. 20:8, 9). Түүнчлэн, хүнд хэцүү үеийг, тэр үеийн оргил болох Иерусалимын сүйрлийг тэсэж өнгөрөөсөн. Өнөөдөр бидэнд Бурхны Үг бүтнээрээ байна. Үүнийг хичээнгүйлэн судалж, Бурхных шиг бодол санаатай болбол Иеремиагийн адилаар дэлгэрүүлэх ажилд тэвчээртэй, баяр хөөртэй оролцон, сорилтыг үнэнчээр давж, ёс суртахууны хувьд болон сүнслэгээр цэвэр ариун байж чадна(Иак. 5:10).
«Толбогүй бөгөөд гэм зэмгүй» байгтун
10, 11. «Толбогүй бөгөөд гэм зэмгүй» үлдэхийн тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэйн учир юу вэ? Үүний тулд яах шаардлагатай вэ?
10 Христианууд бид төгсгөлийн цаг үед амьдарч байгаагаа мэддэг. Тийм учраас, өнөөгийн ертөнц шунал, садар самуун, хүчирхийлэл гэх зэргийн Еховагийн жигшдэг зүйлүүдэд эзэмдүүлж байгаад гайхдаггүй. Илчлэлт 2:13, 14-т бичсэнийг үзвэл Сатан: «Бурхны үйлчлэгчдийг айлгаж чадахгүй байлаа ч ёс суртахууны доройтолд оруулж чадах байх» гэсэн бодлого баримталдаг гэж хэлж болох юм. Тиймээс бид Петрийн: «Амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр [Бурханд] олдохыг хичээгтүн» хэмээн хайрын үүднээс өгсөн зөвлөгөөг нь зүрх сэтгэлээрээ хүлээн авах учиртай (2 Петр 3:14).
11 «Хичээгтүн» гэдэг үг Петрийн өмнө нь хэрэглэсэн «бүхий л хичээл зүтгэл» гарга гэсэн үгтэй утга нэг юм. Тэгэхлээр Петрийг удирдан эдгээр үгийг бичүүлсэн Ехова биднийг Сатаны ертөнцийн хир буртагт бохирдолгүй, «толбогүй бөгөөд гэм зэмгүй» үлдэхийн тулд өөрийгөө дайчлах хэрэгтэй гэдгийг мэддэг хэрэг. Өөрийгөө дайчлах гэдэг нь буруу хүсэл тачаалд автахаас сэргийлж зүрхээ хамгаална гэсэн үг (Сургаалт үгс 4:23; Иаков 1:14, 15-ыг уншина уу). Бас христиан амьдралыг ойлгодоггүй, биднийг «муу хэлдэг» хүмүүсийн эсрэг бат зогсох учиртай(1 Петр 4:4).
12. Лук 11:13-т ямар амлалт байдаг вэ?
12 Бид төгс бус учир зөв юм хийхийн тулд тэмцэх хэрэгтэй болдог (Ром 7:21–25). Ариун сүнсийг нь чин сэтгэлээсээ гуйсан хүнд харамгүй өгдөг Еховад хандсан цагт л зөв юм хийх боломжтой (Лук 11:13). Ариун сүнс Бурхны сайшаалыг хүлээвэл зохих сайхан зан чанарыг хөгжүүлэхэд бидэнд тусалдаг бөгөөд тийм зан чанарууд амьдралд тулгарах хорхой хүргэм зүйлд автахгүй байхад төдийгүй Еховагийн өдөр ойртох тусам улам өсөн нэмэгдэж болзошгүй бэрхшээл зовлонг даван туулахад хэрэг болдог.
Сорилт таныг хатуужуулах болтугай
13. Амьдралд тулгарсан сорилтыг тэвчихэд юу туслах вэ?
13 Эд юмсын хуучин тогтолцоонд амьдарч байсан цагт янз бүрийн сорилт тулгарах нь зайлшгүй. Сэтгэлээр унахын оронд тухайн сорилтыг Бурханд хайртайгаа баталж, түүнд болон Үгэнд нь итгэх итгэлээ бэхжүүлэх боломж гэж үзэж яагаад болохгүй билээ? Шавь Иаков: «Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ» хэмээн бичжээ (Иак. 1:2–4). Ехова «бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг» мэддэг гэдгийг ч санаарай (2 Петр 2:9).
14. Иосефын жишээ таныг яаж зоригжуулдаг вэ?
14 Иаковын хүү Иосефын жишээг авч үзье. Ах нар нь түүнийг боол болгон худалдсан билээ (Эх. 37:23–28; 42:21). Ийм хатуу сэтгэл Иосефын итгэлийг сулруулсан уу? Өөрт нь муу юм тохиолдохыг зөвшөөрсөн Бурханд Иосеф хорсож уурласан уу? Огт үгүй гэж Бурхны Үг тодорхой хариулдаг. Иосефт тулгарсан сорилт үүгээр дуусаагүй. Хожим нь тэрбээр хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан гэж хилсээр буруутгагдан шоронд хоригджээ. Гэсэн хэдий ч Бурхандаа гуйвшгүй үнэнч хэвээрээ үлдсэн юм (Эх. 39:9–21). Иосеф сорилтыг давж, хатуужсаныхаа ачаар арвин их ивээл хүртсэн.
15. Наомийн жишээнээс юу сурч болох вэ?
15 Үнэндээ сорилтоос болж гуньж гутрах, тэр бүү хэл сэтгэлийн хямралд орох явдал байдаг. Иосеф заримдаа тэгдэг байсан биз ээ. Бурхны бусад үнэнч үйлчлэгчдийн тухайд ч мөн ялгаагүй. Нөхөр болон хоёр хүүгээ алдсан Наомиг бодъё. Тэрбээр: «Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара [«Гашуун» гэсэн утгатай] хэмээн дууд» гэж хэлсэн байдаг (Рут 1:20, 21). Хүн л юм хойно, Наомид тийм сэтгэл төрсөн нь хачирхаж гайхаад байх зүйл биш ээ. Наоми тийнхүү гуньж гутарсан боловч Иосефын адилаар сүнслэгээр бат бэх, үнэнч хэвээрээ байсан. Хариуд нь Ехова энэ эрхэм хүнийг ивээсэн (Рут 4:13–17, 22). Удахгүй дэлхийг диваажин болохлоор Ехова Сатан болон түүний эрхшээлд байдаг ёс бус ертөнцийн учруулсан хор хохирлыг арилгана. «Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна»(Ис. 65:17).
16. Бид залбиралд хэрхэн хандах ёстой вэ? Яагаад?
16 Бурхан биднийг хайрладаг гэдгийг мэдэхлээр ямар ч сорилтыг тэвчиж чаддаг (Ром 8:35–39-ийг уншина уу). Сатан биднийг мохоох гэсэн оролдлогоо зогсоохгүй ч гэсэн «зөв шүүн тунгааж, залбиралдаа эрүүл» байвал биднийг яаж ч чадахгүй (1 Петр 4:7). Есүс: «Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун» гэжээ (Лук 21:36). Эх Библийг үзвэл, Есүс маш шаргуу залбирах гэсэн утгатай илүү хүчтэй үг хэрэглэжээ. Бидэнд шаргуу залбирахыг сануулахдаа, одоо бол өөрийнх нь болон Эцгийнх нь сайшаалыг алдахгүй байхыг онцгойлон анхаарах цаг мөн гэдгийг онцолжээ. Гагцхүү Бурхны таалалд багтсан хүмүүс л Еховагийн өдрийг эсэн мэнд давах найдвартай.
Еховад үргэлж идэвх зүтгэлтэй үйлчлэгтүн
17. Танай хэсэгт дэлгэрүүлэх ажил хийхэд хэцүү байдаг бол эртний зөнчдийн сайхан жишээнээс юу сурч болох вэ?
17 Сүнслэг үйл хэрэгт оролцвол сэргэдэг. Энэ нь Петрийн: «Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ?» хэмээн бичсэнийг санагдуулдаг (2 Петр 3:11). Тийм ээ, сүнслэг үйл хэрэг бидний амьдралын салшгүй хэсэг байх ёстой. Тэдгээр үйл хэргээс хамгийн чухал нь сайн мэдээ дэлгэрүүлэх ажил юм (Мат. 24:14). Зарим оронд дэлгэрүүлэх ажил хийхэд маш хэцүү байдаг. Үүний учир нь хүмүүс нь сайн мэдээг үл тоомсорлодог, дэлгэрүүлэгчдийг эсэргүүцдэг, эсвэл өдөр тутмын ажил амьдралдаа түүртсэн байдагтай холбоотой байж болох юм. Еховагийн эртний үйлчлэгчдэд ч бас тиймэрхүү хандлагыг даван туулах шаардлага тулгарч байжээ. Гэхдээ тэд огтхон ч бууж өгөлгүй, Бурхны мэдээг хүргэхээр «дахин дахин» очиж байв (Шастирын дэд 36:15, 16-г уншина уу; Иер. 7:24–26). Энэ бэрхшээлээ тэвчихэд нь юу тус болсон бол? Тэд авсан даалгавартаа ертөнцийнхний үзлээр бус, Еховагийн үзлээр хандаж, энэ даалгаврыг Бурхны нэрийг авч явах агуу их завшаан гэж үзжээ(Иер. 15:16).
18. Бурхны нэр өргөмжлөгдөх цагт Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлын үр нөлөө хэрхэн харагдах вэ?
18 Бид ч бас Еховагийн нэр хийгээд санаа зорилгыг тунхаглах хосгүй завшаантай. Бидний дэлгэрүүлэх ажлын илэрхий үр дүн юу болохыг бодоод үз дээ. Бурхны агуу өдөр ирж, шүүгдэх цагаа болоход дайснууд нь Бурхан болон түүний санаа зорилгыг мэдээгүй гэдгээр шалтаглах аргагүй болно. Үнэндээ тэд өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа нэгэн нь Ехова гэдгийг эртний фараоны адилаар мэдэх болно (Ег. 8:1, 20; 14:25). Үүний зэрэгцээ, Ехова үнэнч үйлчлэгчдээ хүндэтгэн, үнэхээр өөрийг нь төлөөлж байсныг маш тодорхой болгоно (Езекиел 2:5; 33:33-ыг уншина уу).
19. Еховагийн тэвчээр хараахан барагдаагүй байгаа энэ цагийг ухаалаг ашиглахыг хүсдэгээ хэрхэн харуулж болох вэ?
19 Петр итгэл нэгтнүүддээ хаягласан хоёр дахь захидлынхаа төгсгөлд: «Бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц» гэж бичжээ (2 Петр 3:15). Еховагийн тэвчээр хараахан барагдаагүй байгаа энэ цагийг хэрхэн ухаалаг ашиглах вэ? Түүнд таалагддаг зан чанарыг хөгжүүлж, «толбогүй бөгөөд гэм зэмгүй» байж, сорилтод зөв хандаж, Хаанчлалын үйл хэрэгт үргэлж идэвх зүтгэлтэй оролцоцгооё. Ингэвэл «шинэ тэнгэр, шинэ газар» бий болоход эцэс төгсгөлгүй их ивээл хүртэнэ (2 Петр 3:13).
Санаж байна уу?
• Бурханд таалагддаг зан чанарыг хэрхэн хөгжүүлэх вэ?
• Яаж «толбогүй бөгөөд гэм зэмгүй» үлдэх вэ?
• Иосеф Наоми нараас юу сурч болох вэ?
• Дэлгэрүүлэх ажилд оролцохыг агуу завшаан гэж үзэхийн учир юу вэ?
[9-р хуудасны зураг]
Нөхрүүд өөртөө болон гэрийнхэндээ Бурханд таалагддаг зан чанарыг хэрхэн хөгжүүлэх вэ?
[10-р хуудасны зураг]
Иосеф сорилтод хэрхэн хандсан нь бидэнд ямар сургамжтай вэ?