Төгсгөл ойртохын хэрээр Еховад итгэж найдагтун
«Үүрд ЭЗЭНд итгэгтүн» (ИС. 26:4).
1. Бурхны үйлчлэгчид болон ертөнцийнхөн өөр хоорондоо ямар ялгаатай вэ?
ЭНЭ ертөнцөд сая сая хүн дэндүү олон удаа хууртаж, хохирсондоо ч тэр үү, хэнд, юунд итгэж найдахаа мэдэхээ больжээ. Харин Еховагийн үйлчлэгчид тэс өөр! Бурхны мэргэн ухаанаар удирдуулдаг тэд энэ ертөнц болон түүний «ноёдод» найдаж болохгүйг ойлгодог (Дуу. 146:3). Ехова өөрсдийг нь хайрладаг, амласандаа үргэлж хүрдгийг тэд мэддэг учраас амь нас, ирээдүйгээ түүний гарт даатгадаг (Ром 3:4; 8:38, 39).
2. Бурхан хэлсэндээ хүрдгийг Иошуа хэрхэн нотолсон бэ?
2 Бурхан хэлсэндээ хүрдгийг эрт цагт амьдарч байсан Иошуа нотолсон байдаг. Насныхаа эцэст тэрбээр элэг нэгт израиль ахан дүүстээ: «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа» гэж хэлжээ (Иош. 23:14).
3. Бурхны талаар нэр нь юу хэлдэг вэ?
3 Ехова хэлсэндээ хүрдэг нь зөвхөн үйлчлэгчдээ хайрладгийнх биш юм. Хамгийн гол нь нэрийнхээ төлөө амлалтаа биелүүлдэг (Ег. 3:14; 1 Сам. 12:22). Ж. Б. Ротерхамын орчуулсан Библийн өмнөх үгэнд Бурхны нэрийн утгыг тайлбарласан байдаг. Тэнд бичсэнээр, Бурхан амлалтаа биелүүлэхийн тулд юу ч болж чаддаг; нэрийг нь сонссон хүн хэлсэндээ үргэлж хүрдгийг нь санадаг; юу хийх хэрэгтэй байна, түүнийгээ хэзээ ч хаана ч хийдэг; түүнд хэцүү юм гэж байхгүй; Бурхан нэрдээ хэзээд үнэнч байх болно, нэрээсээ хэзээ ч ичихгүй аж (The Emphasized Bible).
4. а) Исаиа 26:4-т юу гэж уриалсан байдаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
4 Дараах асуултыг өөрсдөөсөө асууцгаая. «Би Еховад бүрэн итгэж найдталаа түүнийг тийм сайн мэддэг бил үү? Бурхан бүхнийг удирдаж байгаа гэж бодоод ирээдүйдээ итгэлтэй байдаг уу?» Исаиа 26:4-т: «Үүрд ЭЗЭНд итгэгтүн. Учир нь ЭЗЭН БУРХАН дотор мөнхийн Хад бий» гэж байдаг. Ехова Библи бичигдэж байх үед хүмүүст туслан, гайхамшиг үйлдэж байсан ч одоо тэгдэггүй. Гэхдээ «мөнхийн Хад» учраас түүнд «үүрд» найдаж болно. Хэлсэндээ хүрдэг Бурхан маань орчин үеийн үнэнч үйлчлэгчдэдээ хэрхэн тусалдаг вэ? Хорхой хүргэм зүйлийг тэвчих хүч гуйхад, хайхрамжгүй, улайм цайм эсэргүүцдэг хүмүүстэй харьцахад, санаа зовоосон зүйл олшроход бидэнд тусалдаг. Эдгээрийг үзэх явцдаа Еховад улам бүр итгэж найддаг болохын тулд яах хэрэгтэйг бодоорой.
Хорхой хүргэм зүйл тулгарвал Бурханд итгэж найдагтун
5. Бурханд итгэж найдах нь ямар тохиолдолд амаргүй байж болох вэ?
5 Еховаг хүн бүрийн хүслэн болсон Диваажин, дахин амилалтын талаарх амлалтаа биелүүлнэ гэж итгэх амархан. Харин Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах нь зөв бөгөөд жинхэнэ аз жаргалд хүргэнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэх нь амаргүй байж болох юм. Соломон хаан: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэж зөвлөжээ (Сур. 3:5, 6). «Зам» гэснийг анхааръя. Бид Еховаг ирээдүйн тухай амлалтаа биелүүлнэ гэдэгт итгээд зогсохгүй, түүнд итгэж найддагаа амьдралынхаа бүх хүрээнд харуулах учиртай. Сорилт тулгарахад ийм итгэлтэйгээ хэрхэн харуулж болох вэ?
6. Муу юм бодохгүй байхад юу тус болох вэ?
6 Муу үйл хэргээс хол байя гэвэл юуны өмнө муу юм бодохгүй байх хэрэгтэй (Ром 8:5; Ефес 2:3-ыг уншина уу). Муу юм бодохгүй байхад дараах таван арга тусална. 1. Бурхнаас тусламж гуйн залбираарай (Мат. 6:9, 13). 2. Еховад дуулгавартай байсан хийгээд дуулгавартай байж чадаагүй эртний хүмүүсийн жишээг эргэцүүлэн бодооройa (1 Кор. 10:8–11). 3. Нүгэл үйлдвэл таны болон хайртай хүмүүсийн тань сэтгэл хэчнээн их шаналахыг бодож үзээрэй. 4. Нэг л үйлчлэгч нь ноцтой нүгэл үйлдлээ гэхэд Бурханд ямар санагдахыг бодоорой (Дуулал 78:40, 41-ийг уншина уу). 5. Үнэнч үйлчлэгч нь олны дунд байхдаа ч, ганцаараа байхдаа ч бузар муугаас зайлсхийн зөвийг үйлдэхэд Ехова хэчнээн их баярладгийг төсөөлөөрэй (Дуу. 15:1, 2; Сур. 27:11). Зөвийг үйлдэн Еховад итгэдгээ батлан харуулж болно.
Хайхрамжгүй хандлага юм уу эсэргүүцэл тулгарвал Бурханд итгэж найдагтун
7. Иеремиад ямар сорилт тулгарсан бэ? Заримдаа түүнд ямар санагддаг байсан бэ?
7 Тэвчээр шалгасан газар үйлчилдэг христиан ах дүүс олон бий. Зөнч Иеремиа Иудагийн хаант улс сүйрэх дөхсөн ороо бусгаа цаг үед үйлчилж байжээ. Тэрбээр Бурхны шүүх мэдээг дуулгавартай тунхаглаж байсан учир Еховад итгэх итгэл нь өдөр бүр соригдож байв. Итгэлт бичээч Барух нь хүртэл, нэгэн үе сульдаж ядарсандаа гомдоллосон (Иер. 45:2, 3). Энэ бүхнээс болоод Иеремиа сэтгэлээр унасан уу? Тийм үе байсан. Тэрбээр: «Миний төрсөн өдөр хараагдах болтугай. ... Миний өдрүүд ичгүүр дотор өнгөрөхийн тулд зовлон, уй гашууг харахаар би юунд хэвлийнээс гарав?» хэмээн халаглажээ (Иер. 20:14, 15, 18).
8, 9. Сайн үр жимс ургуулсаар байхын тулд Иеремиа 17:7, 8; Дуулал 1:1–3-т бичсэнээр бид яах ёстой вэ?
8 Гэвч Иеремиа бууж өгөлгүй, Еховад найдсаар байсан. Үр дүн нь ч гарчээ. Иеремиа 17:7, 8-д бичсэн үг биелэхийг энэ итгэмжит зөнч өөрийн биеэр үзсэн. Ехова түүнд: «ЭЗЭНд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь ЭЗЭН байдаг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж, халуун шатахад айхгүй усаар [«усны дэргэд», ШЕ] таригдсан мод мэт болно. Харин навчис нь ногоон байж, тэр нь ган гачгийн жилд түгшихгүй, үр жимс гаргахаа ч болихгүй» хэмээн айлджээ.
9 Иеремиа «усны дэргэд таригдсан мод» буюу усжуулсан жимсний цэцэрлэг дэх саглагар мод мэт байж «үр жимс гаргахаа» хэзээ ч болиогүй. Эргэн тойрныхоо элэглэн дооглогч ёс бус этгээдүүдийн нөлөөнд автаагүй. Харин амийг тэтгэдэг «усны» Эх булаг Еховагаас зуурч, хэлсэн болгоныг нь зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж байв (Дуулал 1:1–3-ыг уншина уу; Иер. 20:9). Иеремиа бид бүгдэд, ялангуяа тэвчээр шалгасан газар үйлчилдэг хүмүүст хэчнээн сайхан жишээ үзүүлээ вэ! Хэрэв та тэдний нэг бол Еховад бат найдсаар байгаарай. Тэгвэл Ехова танд нэрийг нь «хүлээн зөвшөөрөх» буюу бүх нийтэд тэвчээртэй тунхаглах хүч өгнө (Евр. 13:15).
10. Бид ямар ивээл хүртдэг вэ? Өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
10 Ехова эцсийн өдрүүдийн хэцүү амьдралыг даван туулахад бидэнд тусалж, олон зүйл өгдөг. Тэдгээрийн нэг нь улам олон хэлээр үнэн зөв орчуулан гаргаж байгаа бүтэн Библи юм. Түүнчлэн итгэмжит, ухаалаг боолын ангиар элбэг дэлбэг сүнслэг хоолыг цагт нь өгүүлж байна. Мөн цуглаан, чуулганаар уулзаж учран бие биеийнхээ урмыг сэргээж, тусалж дэмждэг итгэл нэгтнүүдийг өгсөн. Та энэ бүхний ач тусыг бүрэн дүүрэн хүртдэг үү? Хүртдэг бол «сэтгэлдээ баярлан дуулна». Харин Бурхны үгийг хүлээж авдаггүй хүмүүс «шаналсан сэтгэлдээ уйлж, цөхөрсөн сүнсэндээ цурхирах болно» (Ис. 65:13, 14).
Санаа зовоосон зүйл олшроход Бурханд найдагтун
11, 12. Гай зовлон дэлхий даяар газар авч буйг бодож үзвэл, яах нь ухаалаг хэрэг болох вэ?
11 Зөгнөсөн ёсоор, хүн төрөлхтөн зовлон зүдүүрийн үерт автаж байна (Мат. 24:6–8; Илч. 12:12). Ер нь үер болж усанд автах үед хүн дээшээ авирах, дээвэр дээр гарах зэргээр өндөрлөг газар барааддаг. Үүнтэй адил, гай зовлон ихсэхэд олон сая хүн өндөрлөг газар мэт санагдах санхүү, улс төр, шашны байгууллагыг хоргодох газраа болгон, шинжлэх ухаан технологийн дэвшилд найддаг. Гэтэл эдгээрийн аль нь ч жинхэнэ ёсоор аюулгүй байлгаж чадахгүй (Иер. 17:5, 6). Харин Еховагийн үйлчлэгчдэд найдвартай хоргодох газар болох «мөнхийн Хад бий» (Ис. 26:4). Дуулалч: «[Ехова] миний хад, миний аврал, Миний бат цайз юм» хэмээн бичжээ (Дуулал 62:6–9-ийг уншина уу). Энэ Хаданд яаж хоргодох вэ?
12 Еховагаас зууръя гэвэл үгийг нь дагах хэрэгтэй. Еховагийн үг хүний мэргэн ухаантай ихэнхдээ зөрчилддөг (Дуу. 73:23, 24). Жишээлбэл, хүний мэргэн ухааныг удирдлага болгодог хүмүүс: «Ганц л амьдрахаас хойш юу хүссэнээ хий. Алдар нэр, албан тушаалын хойноос яв. Их мөнгө ол. Энийг ч ав, тэрийг ч ав. Юм үзэж, нүд тайл» гэдэг. Харин мэргэн ухаантай Бурхан: «Энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой ... Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна» гэж зөвлөдөг (1 Кор. 7:31). Есүс ч бас Хаанчлалын үйл хэргийг ямагт эн тэргүүнд тавьж, туйлын аюулгүй орчин буюу «тэнгэрт эд баялгийг ... хураахыг» уриалсан (Мат. 6:19, 20).
13. 1 Иохан 2:15–17-г санангаа өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
13 Та «ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсэд» хандахдаа Еховад бүрэн найддагаа харуулдаг уу? (1 Иох. 2:15–17). Сүнслэг эд хөрөнгөө арвижуулах, Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлэхийг энэ ертөнцөөс олж болох бүхнээс илүү чухалд тооцон эрхэмлэдэг үү? (Флп. 3:8). Нүдээ «цэвэр» байлгах гэж хичээдэг үү? (Мат. 6:22). Бурхан таныг, ялангуяа гэр бүлтэй бол, болчимгүй шийдвэр гаргаж, үүрэг хариуцлагаа үл тоомсорлоосой гэж хүсдэггүй нь мэдээж (1 Тим. 5:8). Гэхдээ үйлчлэгчдээ Сатаны мөхөж байгаа ертөнцөд биш, өөрт нь бүрэн дүүрэн найдаасай гэж хүсдэг (Евр. 13:5).
14-16. Зарим хүн нүдээ «цэвэр» байлган, Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавьснаар ямар ивээл хүртсэн бэ?
14 Бага насны гурван хүүхэдтэй Ричард Рут хоёрын жишээг ярилцъя. Ричард: «Еховагийн төлөө одоогийнхоосоо илүү ихийг хийж чадна гэж дотроос минь хэлээд байлаа. Тохь тухтай амьдарч байсан миний хувьд, Есүсийн хэлдгээр, Бурханд илүүдлээсээ өгөөд байгаа юм шиг санагдаж байсан. Тэгээд энэ талаар залбирч, зардлаа тооцон, Руттэй ярилцаж зөвлөлдөөд, эдийн засгийн хямрал ид өрнөж байсан ч ажиллах өдрийг цөөлж, долоо хоногт дөрөв болгож өгөхийг даргаасаа гуйхаар шийдсэн. Дарга миний саналыг зөвшөөрч, сарын дараа би шинэ хуваариар ажиллаж эхэлсэн» гэж ярьсан юм. Тэгээд яасан бол?
15 «Миний цалин өмнөхөөсөө 20 хувиар хасагдсан ч гэр бүлдээ зориулах, үр хүүхдээ сургаж хүмүүжүүлэх цаг жилд 50 өдрөөр нэмэгдсэн. Дэлгэрүүлэх ажилдаа хоёр дахин их цаг зарцуулж, гурав дахин олон Библийн хичээл зааж, хурлынхаа олон ажлыг амжуулдаг болсон. Хүүхдүүддээ туслах цаг минь нэмэгдсэн болохоор эхнэр маань үе үе туслах эхлэгчээр үйлчилж байгаа. Би энэ хуваариа болж өгвөл өөрчлөхгүй гэж бодож байна» хэмээн өгүүлжээ.
16 Одоо Рой Петина хоёрын тухай ярилцъя. Тэд охиноо өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар бүрэн цагаар дэлгэрүүлэхийн тулд ажлын цагаа багасгажээ. Рой: «Би долоо хоногт гурван өдөр, Петина маань хоёр өдөр ажилладаг. Манайх хувийн байшингаасаа гараад орон сууцанд орсон болохоор гэрийн ажил багассан. Хүүхдүүдээ төрөхөд эхнэр бид хоёр эхлэгчээр үйлчлэхээ больсон юм. Гэсэн ч эхлэгч болох хүслээ ерөөсөө орхиж байгаагүй. Тийм учраас, хүү охин хоёроо том болоход дахин бүрэн цагаар үйлчилж эхэлсэн. Бидний хүртэх ивээлийг ямар ч эд баялагтай харьцуулах аргагүй» гэж ярьжээ.
«Бурхны амар тайван» таны зүрх бодлыг хамгаалах болтугай
17. Маргааш юу болохыг мэдэхгүй ч та Библийн ямар санааг уншаад тайвширдаг вэ?
17 «Цаг үе хийгээд боломж [«санамсаргүй тохиолдол», ШЕ]» гардаг учраас маргааш юу болохыг бидний хэн нь ч мэдэхгүй (Ном. 9:11). Тэглээ гээд бид санаа зовдоггүй. Харин Бурхантай ойр дотно харьцаа тогтоогоогүй хүн маргаашийн төлөө санаа зовдог (Мат. 6:34). Элч Паул: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь ...та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» гэж бичжээ (Флп. 4:6, 7).
18, 19. Бурхан биднийг хэрхэн тайвшруулдаг вэ? Жишээ хэлнэ үү.
18 Хүнд хэцүү нөхцөл байдалд орсон олон Гэрч Еховагийн өгдөг амар тайвныг биеэрээ мэдэрдэг. Нэг Гэрч эмэгтэй: «Мэс засал хийх эмч маань намайг айлгаж, цус сэлбэхийг зөвшөөрүүлэх гэж дахин дахин оролдсон. Надтай уулзангуутаа юу гэж мэндэлсэн гээч. „Цус хийлгэхгүй гэж юун дэмий юм яриад байна?“ гэсэн юм даа. Тэр үед ч, түүнээс хойш ч олон удаа дотроо залбирахад Ехова намайг тайвшруулдаг байлаа. Тэгэхэд би яг л хад шиг бат бэх болсноо мэдэрч байсан. Цус багадалтаас болоод бие минь тааруу байсан ч би үзэл бодлоо Библид үндэслэн тодорхой тайлбарлаж чадсан» гэж ярьсан юм.
19 Бурхан заримдаа итгэл нэгтнүүдээр маань дамжуулан, бас сүнслэг хоол ундыг цагт нь өгч бидэнд тусалдаг. «Үнэхээр хэрэгтэй өгүүлэл байна. Яг надад зориулж бичсэн юм шиг!» гэж итгэл нэгтнүүдийнхээ хэлэхийг та лав сонсож байсан биз. Нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага маань ямар ч байлаа гэсэн өөрт нь итгэж найдах л юм бол Ехова бидэнд хайртайгаа батлан харуулна. Тэгээд ч бид түүний «хоньд», нэрээр нь дуудагдсан хүмүүс билээ (Дуу. 100:3; Иох. 10:16; Үйлс 15:14, 17).
20. Сатаны ертөнц сүйрэх цагт Еховагийн үйлчлэгчид аюулгүй байна гэхийн учир юу вэ?
20 Асар хурдан ойртож буй «ЭЗЭНий хилэнгийн өдөр» болоход Сатаны ертөнцийнхний найдвараа тавьдаг бүхэн устгагдана. Алт, мөнгө мэтийн үнэт зүйл юунаас ч аварч хамгаалж чадахгүй (Зеф. 1:18; Сур. 11:4). «Мөнхийн Хад» л бидний цорын ганц хоргодох газар байх болно (Ис. 26:4). Тийм учраас, Еховад бүрэн найддагаа одоо харуулж, зөвт хэм хэмжээг нь дуулгавартай баримталж, хүмүүс биднийг үл тоомсорлох юм уу эсэргүүцсэн ч Хаанчлалын мэдээ тунхаглан, бүх зовнилоо түүнд үүрүүлцгээе. Тэгсэн цагт «аюулгүй байж, хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна» (Сур. 1:33).
[Зүүлт]
Тайлбарлана уу
• Хорхой хүргэм зүйл тулгарвал...
• Хайхрамжгүй хандлага юм уу эсэргүүцэл тулгарвал...
• Санаа зовоосон зүйл олширвол...
Бурханд итгэж найддагаа яаж харуулах вэ?
[13-р хуудасны зураг]
Бурхны хэм хэмжээг баримтлах нь аз жаргалд хүргэнэ
[15-р хуудасны зураг]
Ехова бол «мөнхийн Хад»