«Бүх тайвшралын Бурхан» Еховад найдагтун
«Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн» (2 КОР. 1:3).
1. Хүн бүхэн яахыг хүсдэг вэ?
ХҮНИЙГ төрсөн цагаас нь эхлэн тайвшруулах хэрэгтэй байдаг. Нялх хүүхэд өлссөндөө ч юм уу, тэврүүлэх гэсэндээ уйлж, аргадуулах гэдэг. Өсөж том болсон хойноо, ялангуяа хэцүү үед тайтгарахыг хүсдэг.
2. Ехова өөрт нь найддаг хүмүүстээ юу гэж амласан бэ?
2 Ер нь биднийг найз нөхөд, гэрийнхэн маань тодорхой хэмжээгээр тайвшруулдаг. Гэтэл Бурхнаас өөр хэн ч тайвшруулж чадахааргүй тийм хэцүү үе бас байдаг. Библид: «ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд ... ойр байдаг. ... Тэр бас тэдний хашхирахыг сонсоно» гэж байдаг (Дуу. 145:18, 19). Тийм ээ, «ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг» (Дуу. 34:15). Бурхнаас тусламж дэмжлэг авч, тайвшрахын тулд түүнд итгэж найдах хэрэгтэй. Энэ тухай дуулалч Давид: «ЭЗЭН дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, бэрх цагийн бэхлэлт болно. Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй» хэмээн дуулжээ (Дуу. 9:9, 10).
3. Ехова үйлчлэгчдээ хайрладгийг Есүс ямар жишээгээр тайлбарласан бэ?
3 Ехова үйлчлэгчдээ үнэ цэнэтэй гэж үздэг. Есүс: «Таван бор шувуу хоёрхон ассараар худалдагддаггүй гэж үү? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурхны өмнө мартагдахгүй. Үнэндээ толгой дээрх үс бүр чинь ч тоологдсон. Бүү ай. Та нар үй олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй» гэж хэлжээ (Лук 12:6, 7). Ехова эртний ард түмэндээ: «Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ» гэж зөнч Иеремиагаар хэлүүлсэн байдаг (Иер. 31:3).
4. Еховагийн амлалтад итгэж болохын учир юу вэ?
4 Еховад итгэдэг, амлалт нь биелнэ гэж найддаг хүн зовлон бэрхшээл тулгарахад ч тайвширч чаддаг. Тэгэхлээр бид, «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн» гэж хэлсэн Иошуа шиг итгэлтэй байх хэрэгтэй (Иош. 23:14). Өнөөдөр бид зовдог ч «Бурхан итгэмжит» бөгөөд үнэнч үйлчлэгчдээ орхихгүй гэдэгт итгэж болно (1 Коринт 10:13-ыг уншина уу).
5. Бид ямар учраас бусдыг тайвшруулж чаддаг вэ?
5 Элч Паул Еховаг «бүх тайвшралын Бурхан» гэсэн. «Тайвшруулах» гэдэг нь сэтгэлээр унасан юм уу, гашуудаж байгаа хүний сэтгэлийг засах, зовлонг нимгэлэх, санаа сэтгэлийг тайван болгохыг хэлдэг. Ехова ингэж л тайвшруулдаг (2 Коринт 1:3, 4-ийг уншина уу). Тэнгэрийн эцэг маань хэнээр ч, юугаар ч дутдаггүй тул өөрийг нь хайрладаг хүмүүсийг хэрэгтэй бүхнээр нь тайвшруулдаг. Тийм учраас, бид ч бас «Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар» «аливаа зовлонд» орсон итгэл нэгтнүүдээ тайвшруулж чаддаг. Биднийг Ехова шиг тайвшруулдаг нэгэн байхгүй!
Зовлонгийн шалтгаан
6. Хүн юунаас болж зовлон амсдаг вэ?
6 Бид амьдрах хугацаандаа янз бүрийн зовлон амсдаг. Хайртай хүнээ, ялангуяа хань ижил, үр хүүхдээ үхэлд алдах шиг их уй гашуу байхгүй. Ялгаварлан гадуурхагддаг хүмүүс бас бий. Бие муудах, нас хөгшрөх, ядуу зүдүү байх, гэр бүлийн асуудал болон энэ ертөнцөд болж байгаа муу муухай бүхний уршгаар бид зовдог.
7. а) Хүнд хэцүү үед бид хэрхэн зовдог вэ? б) Ехова «эмтэрсэн» зүрхийг маань яаж эдгээдэг вэ?
7 Хүнд хэцүү үед сэтгэл зүрх өвдөх, санаа зовох, гутрах, өвчин тусах, сүнслэгээр өвдөх зэргээр зовдог. Жишээ нь, зүрх эмтэрдэг тухай Бурхны Үгэнд бичсэн байдаг (Дуу. 51:17). Энэ зовлонг давахад Ехова тусалдаг. Учир нь тэрбээр «эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, тэдний шархыг боодог» (Дуу. 147:3). Бат итгэлтэйгээр залбиран, хууль тушаалыг нь сахидаг бол зовж зүдрэх үед ч Ехова биднийг тайвшруулан, эмтэрсэн зүрхийг маань эдгээж өгнө (1 Иохан 3:19–22; 5:14, 15-ыг уншина уу).
8. Санаа зовсон үед Ехова яаж туслах вэ?
8 Бид янз бүрийн сорилт бэрхшээлээс болоод санаа зовдог. Ийм сорилтыг өөрийн хүчээр давах аргагүй. Дуулалч: «Миний дотор санаа зовсон бодлууд олшроход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» хэмээн дуулжээ (Дуу. 94:19). Паул бас: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» гэж бичжээ (Флп. 4:6, 7). Библийг уншиж, эргэцүүлэн бодох нь санаа зовохгүй байхад их тустай (2 Тим. 3:15–17).
9. Гутранги үзэлд автсан бол яаж тайвшрах вэ?
9 Заримдаа зориг мохон гутардаг. Христиан хүн өөрийгөө Библид байдаг тодорхой хууль тушаалыг сахих юм уу, эсвэл хуралд үүрэг хүлээж чадахгүй гэж бодож магадгүй. Тийм үед ч Ехова тайвшруулж, тусламж үзүүлдэг. Жишээ авъя. Иошуа израильчуудыг удирдан хүчирхэг үндэстнүүдтэй тулалдах болдог. Тэгэхэд нь Мосе ард олонд: «Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй» гэжээ (Д.хууль 31:6). Иошуа Еховагийн тусламжтайгаар ард түмнийг Амласан газар луу авч явсан бөгөөд дайснаа дарсан. Мосе ч Улаан тэнгисийн дэргэд Бурхнаас тусламж авч байжээ (Ег. 14:13, 14, 29–31).
10. Зовлон бэрхшээлээс болоод өвчин эмгэг тусвал яах хэрэгтэй вэ?
10 Зовлон бэрхшээлээс болоод өвчин тусдаг. Зөв хооллож, сайхан амарч, биеийн тамирын дасгал хийж, хувийн ариун цэвэр сахих нь биед сайн. Түүнээс гадна, Библид ирээдүйн тухай юу өгүүлдгийг эргэцүүлэн бодох нь тустай. Паул ч бас зовлон туулж байсныг бодож, урам сэргээм үг хэлснийг нь санаж явах хэрэгтэй. Тэрбээр: «Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй» хэмээн хэлжээ (2 Кор. 4:8, 9).
11. Сүнслэгээр өвдсөн бол яах хэрэгтэй вэ?
11 Заримдаа ямар нэг сорилтоос болоод сүнслэгээр өвддөг. Ийм үед ч Ехова бидэнд тусална. Бурхны Үгэнд: «ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, сөхөрсөн бүхнийг босгодог» гэж байдаг (Дуу. 145:14). Сүнслэг өвчнийг илааршуулахын тулд хурлын ахлагчдаас тусламж авах хэрэгтэй (Иак. 5:14, 15). Бас мөнх амьдрах тухайгаа үргэлж бодож явбал итгэлийн сорилтыг давах сэтгэлийн тэнхээтэй байна (Иох. 17:3).
Бурхан хүмүүсийг тайвшруулж байсан нь
12. Ехова Абрахамыг хэрхэн тайвшруулсан бэ?
12 Дуулалч: «Таны надад найдварыг өгсөн, Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач. [Ехова] Таны үг намайг сэргээсэн нь миний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм» хэмээн Бурхны сүнсээр удирдуулан бичжээ (Дуу. 119:49, 50). Ехова олон хүнийг тайвшруулсан тухай Библид гардаг. Жишээ нь, Абрахам Содом Гоморра хотыг Ехова устгах гэж байгааг дуулаад ихэд санаа зовдог. Тэрбээр Бурхнаас: «Та зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгах уу?» гэж асуужээ. Ехова 50 зөв шударга хүн олдвол Содом хотыг устгахгүй гэж хэлэн Абрахамыг тайвшруулдаг. Гэхдээ Абрахам Еховагаас дахин таван удаа асуудаг. Зөв шударга хүн 45, 40, 30, 20, 10 байвал яах вэ? гэж асуух бүрд нь Ехова тэвчээртэй хариулан хотыг устгахгүй гэдгээ хэлдэг. Гэтэл тэндээс ядаж арван хүн ч олдоогүй. Тэглээ ч гэсэн Ехова Лотыг охидтой нь аварчээ (Эх. 18:22–32; 19:15, 16, 26).
13. Ханна Еховад найддаг нь юунаас харагддаг вэ?
13 Елканагийн эхнэр Ханна хүүхэдтэй болохыг ихэд хүсдэг ч хүүсэр байсан тул сэтгэлээр унажээ. Тэгээд энэ тухайгаа Еховад хэлж залбирсан. Тэргүүн тахилч Ели түүнд: «Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай!» гэж хэлжээ. Ханна ч тайвширч, «нүүр царай нь уйтгар гуниггүй болов» (1 Сам. 1:8, 17, 18). Тэрбээр Еховад найдан, түүний мутарт бүхнийг даатгасан. Цаашдаа юу болохыг мэдэхгүй байсан ч сэтгэл нь тайван амгалан болжээ. Ехова залбиралд нь хариулсанд Ханна жирэмслэн хүү төрүүлж, Самуел гэдэг нэр өгчээ (1 Сам. 1:20).
14. Давид ямар учраас зовж шаналсан бэ? Хэнээс тусламж гуйсан бэ?
14 Бурхан эртний Израилийн хаан Давидыг ч бас тайвшруулжээ. Ехова хүний зүрхийг хардаг. Тийм учраас, Давидыг жинхэнэ шүтлэгийг хайрладаг, чин үнэнч хүн гэдгийг нь мэдээд Израилийн ирээдүйн хаанаар сонгосон билээ (1 Сам. 16:7; 2 Сам. 5:10). Гэтэл хожим нь Давид Батшебатай завхайрчихаад, нүглээ нуухын тулд нөхрийг нь алуулжээ. Тэрбээр хэчнээн ноцтой нүгэл үйлдсэнээ ойлгоод, «Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач. Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж, нүглээс минь намайг цэвэрлээч. Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд миний нүгэл үргэлж миний өмнө байдаг» хэмээн Еховад залбирчээ (Дуу. 51:1–3). Давид үнэн голоосоо гэмшээд Еховагийн өршөөлийг хүртсэн ч, хийсэн хэргийнхээ горыг амсжээ (2 Сам. 12:9–12). Гэхдээ л Ехова энэрэн нигүүлссэн учир Давид тайвширсан.
15. Есүсийг амиа алдахын өмнө Ехова түүнд хэрхэн тусалсан бэ?
15 Есүс дэлхийд байхдаа итгэлийг нь шалгасан янз бүрийн сорилтод орж явжээ. Бурхан тэр бүх сорилтыг зөвшөөрсөн аж. Харин төгс хүн Есүс Еховад үргэлж найдан, хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжин үнэнч байж чадсан. Тэрбээр дайсанд баригдаж, цаазлагдахаасаа өмнө: «Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг» хэмээн Еховад залбирчээ. Тэгтэл нэг тэнгэр элч ирж, Есүсийг тэнхрүүлдэг (Лук 22:42, 43). Бурхан Есүсийг тайвшруулж, тэнхрүүлж, тусалсан.
16. Итгэл үнэмшлээсээ болоод амиа алдахад хүрвэл Ехова яаж тайвшруулдаг вэ?
16 Итгэл үнэмшлээсээ болоод амиа алдахад хүрлээ ч үнэнч байхад Ехова тусалж чадна, туслах ч болно. Түүнээс гадна, бид амилах найдвартай учир тайван байдаг. Бас сүүлчийн «дайсан» болох үхэл устгагдах цагийг бид тэсэн ядан хүлээж байна (1 Кор. 15:26). Еховагийн ой санаанд хадгалагдан үлдсэн үнэнч үйлчлэгчид болон бусад хүн амилна (Иох. 5:28, 29; Үйлс 24:15). Нас барагсдыг амилуулна гэсэн Еховагийн амлалтад итгэдэг бол эсэргүүцэл хавчлагын үед тайван, бат итгэлтэй байна.
17. Хайртай хүмүүс маань нас барахад Ехова биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?
17 Хүн төрөлхтний нийтийн булшинд нойрсож буй хайртай хүмүүс маань өнөөгийн зовлон бэрхшээлээс ангижирсан гайхамшигт шинэ ертөнцөд амилна гээд бодохлоор хэчнээн тайвшрам бэ! Бурханд үйлчилдэг «үй олон хүн» энэхүү ёс бус тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давсныхаа дараа, амилсан хүмүүсийг угтан авч, зааж сургана гээд бод доо! (Илч. 7:9, 10).
Бурхны мөнхийн мутар доор чинь байна
18, 19. Бурхан үйлчлэгчдээ хавчигдаж явахад нь хэрхэн тайвшруулдаг вэ?
18 Мосе Израилийн ард түмэнд зориулан сэтгэл тайвшруулж, урам сэргээм дуу бичсэн. Тэр дуунд: «Мөнхийн Бурхан бол орших газар. Түүний мөнхийн мутар доор чинь байна» гэсэн байдаг (Д.хууль 33:27). Хожим нь зөнч Самуел израильчуудад: «Та нар ЭЗЭНийг дагахаас эргэхгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн. ... Учир нь Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй» гэж хэлсэн байдаг (1 Сам. 12:20–22). Жинхэнэ шүтлэгээс зуурч байсан цагт Ехова биднийг хэзээ ч орхихгүй. Тэрбээр бидэнд үргэлж туслах болно.
19 Эцсийн өдрүүдийн энэ хэцүү цагт Бурхан ард түмнээ тайвшруулж, тусалж дэмжсээр байдаг. Өнгөрсөн зуу гаруй жилийн хугацаанд олон мянган итгэл нэгтэн маань Еховад үйлчилдгээсээ болоод хавчигдаж, шоронд хоригдсон. Хэцүү цагт Ехова үйлчлэгчдээ үнэхээр тайвшруулдгийг тэдний түүх харуулдаг. Тухайлбал, хуучнаар ЗХУ-д амьдарч байсан нэг Гэрч итгэл үнэмшлээсээ болоод шоронд 23 жил ял эдлэхдээ сүнслэг хоол ундаар дутаагүй ажээ. Үүний ачаар сэтгэлийн тэнхээтэй, тайван амгалан байжээ. «Тэр бүх хугацаанд би Еховад найдаж сурсан. Ехова намайг хүч тэнхээтэй болгож байсан» гэж тэрбээр дурссан юм (1 Петр 5:6, 7-г уншина уу).
20. Ехова биднийг хаяхгүй гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
20 Бидэнд юу ч тохиолдсон, «ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй» хэмээн дуулалчийн хэлсэн сэтгэл тайвшруулам үгийг санаж явах нь сайн (Дуу. 94:14). Бид бусдаас тусламж авч тайвширдаг ч, бусдыг бас тайвшруулах боломжтой. Өнөөгийн зовлонт ертөнцөд гашуудан зовж буй хүмүүсийг хэрхэн тайвшруулж болохыг дараагийн өгүүллээр үзье.
Хариулна уу
• Бид юунаас болж зовдог вэ?
• Ехова үйлчлэгчдээ хэрхэн тайвшруулдаг вэ?
• Амиа алдахад хүрвэл хэрхэн тайвширч болох вэ?
[25-р хуудасны хавсралт/Зураг]
ДАРААХ ЗОВЛОНГ ЯАЖ ДАВАХ ВЭ?
▪ Сэтгэл зүрх өвдөх Дуу. 147:3; 1 Иох. 3:19–22; 5:14, 15
▪ Санаа зовох Дуу. 94:19; Флп. 4:6, 7
▪ Гутрах Ег. 14:13, 14; Д.хууль 31:6
▪ Өвчин тусах 2 Кор. 4:8, 9
▪ Сүнслэгээр өвдөх Дуу. 145:14; Иак. 5:14, 15