Зөнчдийг дууриагтун—Иона
1. Иона ямар сайхан зан чанартай байсан бэ?
1 Зөнч Ионагийн тухай бодохлоор таны санаанд юу бууж байна вэ? Зарим нь түүнийг хулчгар, хатуу сэтгэлтэй гэж бодож болох юм. Харин Иона даруу, зоригтой, өөрийгөө золиослох сэтгэлтэй хүн байсан. Ионагийн сайхан зан чанарыг хэрхэн «жишээ болгох» вэ? (Иак. 5:10).
2. Яавал Иона шиг даруу байх вэ?
2 Даруу: Иона эхэндээ томилогдсон газар луугаа явалгүй, өөр зүг рүү зугтдаг. Ассиричууд харгис хэрцгийгээрээ зартай, Ниневе хот хожим нь «цуст хот» гэж нэрлэгдэх болсныг бодвол ингэх нь ч аргагүй биз ээ (Нах. 3:1–3). Ехова Ионаг сахилгажуулж, дахин боломж олгосон. Иона энэ удаа даалгавраа даруухнаар хүлээн авсан (Сур. 24:32; Иона 3:1–3). Нэгэн үе зугтаж явсан зөнч Еховагийн хүслийг биелүүлжээ (Мат. 21:28–31). Дэлгэрүүлэхэд хэцүү хэсэгт үйлчилдэг юм уу сахилга батын арга хэмжээ авахуулсан байлаа ч та Ионагийн адилаар сайн мэдээг дэлгэрүүлэхээр бат шийдсэн үү?
3. Дэлгэрүүлэхэд эр зоригтой, өөрийгөө золиослох сэтгэлтэй байх шаардлагатайн учир юу вэ?
3 Зоригтой, өөрийгөө золиослох сэтгэлтэй: Далайчдын амь насанд аюул учирсан нь өөрийнх нь буруу байсныг ойлгосон Иона амиа золиослоход бэлэн байсан (Иона 1:3, 4, 12). Тэрбээр даалгавраа биелүүлэхийн тулд Ниневе хотоор өдөржин алхан явсан нь Еховагийн шүүх мэдээг тунхаглахад тохиромжтой газар хайж байсных биз ээ. Хулчгар хүн ингэх байсан гэж үү? Тэрбээр харин ч Бурхны зоригтой зөнч байсан! (Иона 3:3, 4). Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ? Хавчлага эсэргүүцэлтэй тулгарах цагт дэлгэрүүлэх эр зоригтой байхын тулд Бурхнаас тусламж гуйх шаардлагатай (Үйлс 4:29, 31). Дэлгэрүүлэх ажилд цаг зав, чадал боломжоо дайчлахад өөрийгөө золиослох сэтгэлтэй байх шаардлагатай (Үйлс 20:24).
4. Еховагийн зөнчдийн сайхан жишээг эргэцүүлэн бодох хэрэгтэйн учир юу вэ?
4 Еховагийн зөнчдийн тухай унших бүрдээ өөрийгөө тухайн үйл явдалд оролцож байгаагаар төсөөлбөл ач тустай. Өөрөөсөө дараах асуултыг асуугаарай: Би түүний оронд байсан бол яах вэ? Түүний сайхан чанарыг хэрхэн дууриаж болох вэ? (Евр. 6:11, 12). «Христиан үйлчлэл»-ийн дараа дараагийн дугаараар Еховагийн үнэнч зөнчдийн үлдээсэн жишээнээс юунд суралцаж болохыг үзнэ.