Заах ажлын багажны хайрцаг
1. Христианууд юугаараа мужаантай адилхан бэ?
1 Мужаан хүн янз бүрийн багаж ашигладаг. Зарим багаж нарийн ажил хийхэд зориулагддаг болохоор хааяа л хэрэглэнэ. Харин гол багажаа дандаа ашигладаг. Туршлагатай мужаан багажны хайрцагтаа гол гол юмаа байнга авч явдаг. Эдгээр нь хамгийн сайн хэрэглэж сурсан багаж юм. Христиан бүрийг «ичих явдалгүй ажилчин» бай гэж Библи уриалдаг (2 Тим. 2:15). Багажны хайрцагт юу хамгийн түрүүнд байх ёстой вэ? Шавь бэлдэхэд хэрэглэдэг хамгийн гол багаж буюу Бурхны Үг (Мат. 28:19, 20). Тэгэхлээр бид «үнэний үгийг зөв заагч» байхыг хичээх хэрэгтэй. Заах ажлын багажны хайрцагт байнга байх ёстой өөр багаж бий. Үүнийг христиан бүр заах ажилдаа чадварлаг ашиглаж сурах учиртай (Сур. 22:29).
2. Заах ажилд өөр ямар багаж хэрэглэдэг вэ?
2 Заах ажлын өөр чухал багаж: Бид Библиэс гадна өөр ямар багаж ашигладаг вэ? «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном. Энэ номыг суралцагчтайгаа үзэж дуусаад «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номоор хичээллэдэг. Уг номын тусламжтайгаар суралцагч Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж сурдаг. Тиймд энэ хоёр номоор хичээл сайн зааж чаддаг байх учиртай. Заах ажлын багажны хайрцагт товхимол бас байх ёстой. «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимлыг Библийн хичээл эхлэхэд хэрэглэж болно. Хэсэгт маань сайн уншиж чаддаггүй эсвэл манай ном хэвлэл бага байдаг, эсвэл огт гараагүй хэлээр ярьдаг хүн байж болох юм. «Бурханд дуулгавартай байгтун» «Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун» товхимлыг ашиглаж болно. Суралцагчаа байгууллага руу чиглүүлэхийн тулд «Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?» гэдэг товхимлыг үзэж болно. «Библи судлахын учир юу вэ?», «Библийн хичээл яаж хийдэг вэ?», «Бурхан нэртэй юү?» («Does God Have a Name?») гэсэн видео шавь бэлдэхэд тустай. Эдгээр багажийг Библи заахдаа сайтар ашиглаж сурах хэрэгтэй.
3. «Христиан үйлчлэл»-ийн дараа дараагийн дугаараар юу үзэх вэ?
3 «Христиан үйлчлэл»-ийн дараа дараагийн дугаараар, үндсэн хэдэн ном хэвлэлийг хэрхэн чадварлаг ашиглах тухай үзнэ. Эдгээр багаж хэрэгслийг чадварлаг ашигладаг бол «Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна» гэсэн Библийн зөвлөгөө дагаж буй хэрэг юм (1 Тим. 4:16).