Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц20 2 сар х. 8-13
  • Бид Эцэг Еховадаа маш их хайртай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бид Эцэг Еховадаа маш их хайртай
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЕХОВАТАЙ ДОТНО БАЙГААРАЙ
  • ДУУЛГАВАРТАЙ БАЙГААРАЙ
  • ЕХОВАГ ХАЙРЛАДАГ БОЛОХОД НЬ ХҮМҮҮСТ ТУСЛААРАЙ
  • ТЭНГЭРИЙН ЭЦГЭЭ ХАЙРЛАЖ, ЖАРГАЛТАЙ АМЬДРААРАЙ
  • Эцэг Ехова бидэнд маш их хайртай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Ехова болон ах дүүтэйгээ дотносъё
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Еховатай үргэлж дотно байгаарай
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Бурхны хайр үүрдийнх
    Бурхнаараа хайрлуулж явъя
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
хц20 2 сар х. 8-13

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 7

Бид Эцэг Еховадаа маш их хайртай

«Эхлээд Бурхан биднийг хайрласан учир бид хайрладаг» (1 ЁОХ. 4:19).

ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл

ТОЙМa

1, 2. Ехова биднийг яагаад гэр бүлийнхээ гишүүн болгохоор шийдсэн бэ? Яаж?

ЕХОВА биднийг гэр бүлийнхээ гишүүн болгохоор урьсан билээ. Ямар гайхалтай урилга вэ! Энэ гэр бүлийн гишүүд нь Бурханд өөрийгөө зориулсан, Хүүгийнх нь золиосонд итгэдэг хүмүүс юм. Үнэхээр жаргалтай энэ гэр бүлийн гишүүд бид өнөөдөр утга учиртай амьдардаг, ирээдүйд тэнгэр газрын аль нэгэнд үүрд мөнх амьдарна.

2 Ехова бидэнд хайртай учраас маш их зардал гарган байж гэр бүлийнхээ гишүүн болгохоор шийджээ (Ёох. 3:16). Үүний тулд «их өндөр үнэ» төлсөн (1 Кор. 6:20). Ехова бидний төлөө хүүгийнхээ амийг золиослон, өөртэй нь дотносох боломжийг олгожээ. Орчлонт ертөнц дэх хамгийн агуу Нэгнийг Эцэг гэж дуудах нь үнэхээр гайхалтай завшаан биш гэж үү? Мөн өмнөх өгүүллээр ярилцсанаар, Ехова бол хамгийн сайн Эцэг юм.

3. Дуулалч юу гэж асуусан бэ? («Ехова намайг харж байгаа болов уу?» гэсэн хавсралтыг үзнэ үү).

3 «Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө би ЭЗЭНд юугаар хариулах вэ?» гэж Библийг бичигчдийн нэг нь асуусан байдаг (Дуу. 116:12). Үнэндээ юугаар ч хариулж чадахгүй. Гэхдээ хайрыг нь хайраар хариулах юм сан гэж боддог. Элч Ёохан: «Эхлээд Бурхан биднийг хайрласан учир бид хайрладаг» хэмээн бичжээ (1 Ёох. 4:19). Тэнгэрийн Эцэгтээ хайртайгаа хэрхэн батлах вэ?

Ехова намайг харж байгаа болов уу?

Гудамжинд хүмүүсийн дунд яваа нэг эмэгтэй «Бурхан намайг хардаг болов уу?» гэж асууж байгаа мэт дээшээ харж байна.

«Энэ дэлхий дээр хөлхөж буй хэдэн тэрбум хүний дундаас Ехова яагаад намайг олж харсан юм бол оо?» гэж та бодож байсан уу? Олон хүн ингэж асуудаг. Жишээ нь Давид хаан: «Өө, ЭЗЭН, хүн гэгч нь юу болоод Та түүнийг мэддэг юм бэ? Хүний хүү гэгч нь юу болоод Та түүний тухай боддог юм бэ?» хэмээн бичжээ (Дуу. 144:3). Ехова намайг сайн мэддэг гэж Давид итгэж байсан (Ш.дээд 17:16–18). Ехова таны хайрыг мэдэрдгээ Үгээрээ, байгууллагаараа дамжуулан батлан хэлдэг. Нотолгоо нь Бурхны Үгэнд бий. Тухайлбал:

  • Ехова таныг төрөхөөс тань өмнө харж байсан (Дуу. 139:16).

  • Ехова зүрх сэтгэл, бодол санааг тань мэддэг (Ш.дээд 28:9).

  • Залбирлыг тань нэг бүрчлэн сонсдог (Дуу. 65:2).

  • Таны үйл хэрэг Еховад хамаатай (Сур. 27:11).

  • Ехова таныг өөр лүүгээ татсан (Ёох. 6:44).

  • Ехова таныг сайн мэддэг учраас нас барлаа гэхэд амилуулна. Танд шинэ бие өгөхийн зэрэгцээ оюун ухаан, ой той, зан чанарыг тань сэргээнэ (Ёох. 11:21–26, 39–44; Үйлс 24:15).

ЕХОВАТАЙ ДОТНО БАЙГААРАЙ

Зургууд: 1. Гэрч эмэгтэй залбирч байна. Библи нь дэлгээстэй байна. 2. Ангийнх нь хүүхэд тамхи өгөхөд Гэрч хөвгүүн татгалзаж байна. 3. Гэрч эрэгтэй явуулын гуанзны тогоочид танилцуулга үзүүлж байна.

Бид тэнгэрийн Эцэг Еховадаа чин сэтгэлээсээ хайртай учраас байнга залбирдаг, дуулгавартай байдаг. Мөн Еховад хайртай болоход нь хүмүүст тусалдаг (4–14-р догол мөрийг үзээрэй)

4. Яаков 4:8-д бичсэнээр, бид Еховатай дотносохын тулд яагаад чармайх хэрэгтэй вэ?

4 Ехова биднийг өөртэй нь дотно байгаасай, ярилцаасай гэж хүсдэг (Яаков 4:8-ыг уншина). «Тасралтгүй залбирахыг» уриалж, залбирлыг маань сонсоход хэзээд бэлэн байдаг (Ром 12:12). Ехова бол зав чөлөөгүй, ядарч сульддаг хүнтэй адилгүй. Тийм учраас биднийг сонсохоос огтхон ч цааргалдаггүй. Бид Библи болон ном хэвлэлийг уншиж, цуглаан дээр анхааралтай сууж Бурхнаа сонсдог. Хүүхэд аав ээжтэйгээ тогтмол ярилцдаг учраас дотно байдаг. Үүн шиг, бид Еховатай тогтмол ярилцдаг бол дотно хэвээрээ байна.

Гэрч эмэгтэй залбирч байна. Библи нь дэлгээстэй байна.

5-р догол мөрийг үзээрэй

5. Залбирлынхаа чанарыг хэрхэн сайжруулах вэ?

5 Залбирлынхаа чанарыг бодоод үз дээ. Ехова бидэнд «зүрхээ нээхийг» уриалдаг (Дуу. 62:8). Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Миний залбирал юутай адил вэ? Хувилах машинаар хуулж олшруулсан бичигтэй адил уу? Эсвэл сэтгэлийн үгээ гараараа хичээнгүйлэн бичсэн захидалтай адил уу?». Та Еховаг маш их хайрладаг бөгөөд улам дотносохыг хичээдэг нь эргэлзээгүй. Тиймээс түүнтэй тогтмол ярилцаж, хэнд ч ярьдаггүй нууцаа хэлж байгаарай. Зовлон жаргалаа хуваалцаарай. Санаа зоволгүй тусламж гуйгаарай.

6. Тэнгэрийн Эцэгтэйгээ дотно байя гэвэл яах ёстой вэ?

6 Тэнгэрийн Эцэгтэйгээ дотно байхад талархах сэтгэл чухал. «Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшиг болоод биднийг бодсон Таны бодол санаа олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй. Би тэдгээр гайхамшгийг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм» гэж дуулалч бичжээ (Дуу. 40:5). Бид энэ дуулалчтай санал нэг учраас Еховад талархдагаа дотроо хадгалахын оронд үгээрээ, үйл хэргээрээ илэрхийлдэг. Үүгээрээ Бурхны хийж өгсөн бүхнийг үнэлдэггүй хүмүүсээс ялгаатай. Бидний амьдарч буй цаг үе бол үнэхээр «эцсийн өдрүүд». Яагаад гэвэл талархдаггүй хүн хаа сайгүй байна (2 Тим. 3:1, 2). Бид тэдэн шиг байхыг хэрхэвч хүсэхгүй!

7. Ехова биднийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Яагаад?

7 Хүүхдүүд маань бүү хэрэлдэж маргаасай, эвтэй байгаасай гэж эцэг эхчүүд хүсдэг. Ехова ч бас бүх хүүхдээ эвтэй байлгах хүсэлтэй. Бид бие биеэ гэсэн хайраараа Христийн жинхэнэ дагалдагч гэдгээ баталдаг (Ёох. 13:35). «Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!» хэмээн бичсэн дуулалчтай санал нэг байдаг (Дуу. 133:1). Итгэл нэгтнээ хайрладаг бол Еховаг хайрладаг гэсэн үг (1 Ёох. 4:20). «Бие биеэ энэрч, нэг нэгнээ өрөвддөг» хүмүүсээс бүрдсэн гэр бүлд багтана гэдэг үнэхээр сайхан! (Эф. 4:32).

ДУУЛГАВАРТАЙ БАЙГААРАЙ

Ангийнх нь хүүхэд тамхи өгөхөд Гэрч хөвгүүн татгалзаж байна.

8-р догол мөрийг үзээрэй

8. Еховад дуулгавартай байх хамгийн гол шалтгааныг 1 Ёохан 5:3-т юу гэж бичсэн бэ?

8 Хүүхдүүд аав ээждээ, бид Еховад дуулгавартай байх учиртай. Ехова биднээс үүнийг хүсдэг (Эф. 6:1). Бүтээгч, амийг Тэтгэгч, хамгийн ухаантай Эцэгтээ дуулгавартай байх нь бидний үүрэг юм. Гэхдээ хамгийн гол нь хайртай учраас үгэнд нь ордог (1 Ёохан 5:3-ыг уншина). Еховад дуулгавартай байх шалтгааныг дурдъя гэвэл олон. Гэлээ ч Ехова үгэндээ оруулах гэж албаддаггүй. Тэрбээр бидэнд сонгох эрх чөлөөг бэлэглэсэн билээ. Тиймээс биднийг хайрандаа хөтлөгдөөд дуулгавартай байхаар шийдвэл маш их баярлана.

9, 10. Бурхны тогтоосон хэм хэмжээг мэдэж аваад, тэр дагуу амьдрах нь яагаад чухал вэ?

9 Эцэг эхчүүд хүүхдээ аюулаас хамгаалахын тулд биеэ хэрхэн авч явах тухай гэрийн дүрэм гаргадаг. Энэ нь хүүхдэд ач тустай. Хүүхэд тэр дүрмийг сахивал эцэг эхдээ итгэдэг, тэднийгээ хүндэлдэг гэсэн үг. Тэнгэрийн Эцгийнхээ тогтоосон хэм хэмжээг мэдэж аваад, тэр дагуу амьдрах нь үүнээс ч илүү чухал! Ингэснээрээ бид Еховаг хайрлаж, хүндэлдгээ харуулна. Энэ нь өөрсдөд маань л ач тустай (Ис. 48:17, 18). Харин Еховаг үл тоомсорлож, хэм хэмжээг нь уландаа гишгэдэг хүмүүс өөрсдөө л зовно (Гал. 6:7, 8).

10 Еховагийн таалалд нийцүүлж амьдарвал бие махбод, сэтгэл санааг хохироодог бүхнээс хамгаалагдана. Мөн Еховатай тогтоосон харьцаа маань бат бэх байна. Бидэнд юу хамгийн сайн болохыг Ехова мэддэг. АНУ-д амьдардаг Орора: «Еховад дуулгавартай хүн хамгийн сайхан амьдардаг» гэжээ. Тийм ээ, яг үнэн. Та Еховагийн зааврыг дагаад ямар ач тус хүртсэн бэ?

11. Яахын тулд залбирах хэрэгтэй вэ?

11 Хэчнээн хэцүү байсан ч Еховад дуулгавартай байхын тулд залбирах хэрэгтэй. Заримдаа Еховагийн үгэнд орох амаргүй санагдаж магадгүй. Гэхдээ нүгэл үйлдэх хандлагатайгаа тасралтгүй тэмцэх шаардлагатай. Нэгэн дуулалч: «Танд дуулгавартай байх хүслийг надад төрүүлээч» хэмээн Бурхнаас гуйжээ (Дуу. 51:12). Денис гэдэг байнгын эхлэгч эмэгтэй: «Еховагийн аль нэг тушаалыг биелүүлэхэд хэцүү юм шиг санагдсан үед зөв юм хийх хүч гуйж залбирдаг» гэж ярьсан юм. Ийм залбиралд Ехова заавал хариулна (Лук 11:9–13).

ЕХОВАГ ХАЙРЛАДАГ БОЛОХОД НЬ ХҮМҮҮСТ ТУСЛААРАЙ

12. Эфэс 5:1-ийг үзвэл, бид яах ёстой вэ?

12 Эфэс 5:1-ийг уншина. Бид «хайрт хүүхдүүд» нь учраас Еховаг дуурайхын тулд чадах бүхнээ хийдэг. Жишээ нь бусдыг хайрлаж, халамжилж, уучлахыг хичээдэг. Биеэ зөв авч явааг маань хүмүүс хараад Бурхны тухай мэдэх хүсэлтэй болж магадгүй (1 Петр 2:12). Гэрч эцэг эхчүүд Еховаг дуурайж хүүхэдтэйгээ харьцах учиртай. Тийм эцэг эхийн хүүхэд Еховатай анд нөхөр болъё гэж өөрөө хүсэх байх.

Гэрч эрэгтэй явуулын гуанзны тогоочид танилцуулга үзүүлж байна.

13-р догол мөрийг үзээрэй

13. Юуг голлон анхаарах хэрэгтэй вэ?

13 Жаахан хүүхэд ааваараа бахархдаг. Аавынхаа тухай ярихаараа баяртай байдаг. Үүнтэй адил, бид тэнгэрийн Эцэг Еховагаараа бахархдаг бөгөөд бусад хүнд Эцгээ танилцуулахыг хүсдэг. «Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана» гэж бичсэн Давид хааных шиг сэтгэгдэл бидэнд төрдөг (Дуу. 34:2). Гэхдээ ичимхий бол яах вэ? Хэрхэн зоригтой болох вэ? Еховагийн тухай яривал Ехова ямар их баярлахыг, хүмүүс ямар их ач тус хүртэхийг голлон анхаарвал зоригтой болно. Зориг дутсан үед Ехова биднийг зоригжуулна. Нэгдүгээр зууны дагалдагчдад зориг хайрласан шүү дээ (1 Тес. 2:2).

14. Шавь бэлдэх ажилд оролцох нь яагаад чухал вэ?

14 Ехова хэнийг ч алаг үздэггүй учраас хүмүүсийг ахуй амьдрал, зэрэг зиндаагаар нь ялгалгүй хайрлаж байгаа биднийг хараад баярладаг (Үйлс 10:34, 35). Бусдад хайраа илэрхийлэх нэг шилдэг арга нь сайн мэдээ дэлгэрүүлэх юм (Мат. 28:19, 20). Энэ ажлын ач тус юу вэ? Сайн мэдээнд нааштай хандсан хүмүүс өнөөдөр жаргалтай амьдраад зогсохгүй ирээдүйд мөнх амьдрах найдвар өвөрлөнө (1 Тим. 4:16).

ТЭНГЭРИЙН ЭЦГЭЭ ХАЙРЛАЖ, ЖАРГАЛТАЙ АМЬДРААРАЙ

15, 16. Жаргалтай байх ямар ямар шалтгаан байдаг вэ?

15 Ехова хайр халамжтай Эцэг учраас хүүхдүүдээ жаргалтай амьдруулахыг хүсдэг (Ис. 65:14). Бид янз бүрийн зовлон амсдаг. Гэлээ ч жаргалтай байх шалтгаан олон. Жишээлбэл, тэнгэрийн Эцэг маань биднийг маш их хайрладаг гэдэгт итгэдэг. Үнэн зөв мэдлэгийг Библиэс олж авсан (Иер. 15:16). Еховаг хайрладаг, хэм хэмжээг нь эрхэмлэдэг, бие биеэ хайрладаг хүмүүсээс бүрдсэн хосгүй гэр бүлийн гишүүн болсон (Дуу. 106:4, 5).

16 Ирээдүйд амьдрал сайхан болно гэдэгт бид итгэдэг учраас дандаа жаргалтай байдаг. Муу муухай бүхнийг Ехова удахгүй арилгах бөгөөд Хаант төр нь дэлхийг диваажин болгоно гэдгийг мэддэг. Нас барагсад амилж, хайртай хүмүүстэйгээ учран золгох гайхалтай найдвар өвөрлөж явдаг (Ёох. 5:28, 29). Ямар их баяр хөөр, хөл хөөрцөг болох бол оо! Хамгийн гол нь, тун удахгүй тэнгэр газар дээрх бүх бүтээл хайр халамжтай Эцгийг хүндлэн дээдэлж, магтан алдаршуулж, шүтэж мөргөнө. Ингэх нь ч зүйн хэрэг!

ТА ЯАГААД ... ГЭЖ БОДДОГ ВЭ?

  • байнга залбирах ёстой

  • Еховад дуулгавартай байх ёстой

  • тэнгэрийн Эцгийнхээ талаар бусдад ярих ёстой

ДУУ 2 Ехова танд баярлалаа

a Тэнгэрийн Эцэг Ехова маань бидэнд маш их хайртай учраас гэр бүлийнхээ гишүүн болгосон билээ. Тиймд бид Еховаг хайрладаг болсон. Халамжтай Эцэгтээ хайртайгаа хэрхэн батлах вэ? Хэдэн аргыг энэ өгүүллээр үзнэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах