Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 3 сар х. 8-13
  • Ехова болон Есүс шиг бодож сураарай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова болон Есүс шиг бодож сураарай
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЕХОВА ШИГ БОДОЖ СУРАХ
  • ДАРУУ БАЙХ
  • «УХААЛАГ» БАЙХ
  • Тэрээр уучилж өршөөхийг Эзнээсээ сурсан
    Итгэлийн жишээ
  • Еховад найдаж шийдвэр гаргах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Тэрээр сорилт тулгарахад үнэнч байсан
    Итгэлийн жишээ
  • Петр шиг тууштай байя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 3 сар х. 8-13

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 10

ДУУ 26 Бурхантай хамт алхагтун!

Ехова болон Есүс шиг бодож сураарай

«Христ махан биетэй байхдаа зовсон билээ. Тиймд та нар бас Христ шиг боддог байхын тулд өөрсдийгөө бэлд» (1 ПЕТР 4:1).

ГОЛ САНАА

Элч Петр хэрхэн Есүс шиг бодож сурсан бэ? Бид ч хэрхэн сурах вэ?

1, 2. Еховаг хэрхэн хайрлах ёстой вэ? Есүс Еховаг бүхий л оюун ухаанаараа хайрладгаа хэрхэн харуулсан бэ?

«БҮХИЙ л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л хүч чадал, бүхий л оюун ухаанаараа Ехова Бурхнаа хайрла» (Лук 10:27). Есүс үүнийг Мосегийн хуулийн хамгийн чухал тушаал гэж хэлсэн. Еховаг бүхий л зүрхээрээ хайрла гэснийг анхаараарай. Зүрх гэдэгт хүсэл эрмэлзэл, мэдрэмж, сэтгэл хөдлөл багтдаг. Мөн бүхий л амь амьдрал, хүч чадлаараа хайрла гэжээ. Харин Еховаг хайрлахад бас бидний оюун ухаан буюу аливаа асуудлын талаар ямар бодолтой байх нь хамаатай. Еховагийн бодол санааг бид хэзээ ч бүрэн дүүрэн ойлгож чадахгүй нь мэдээж. Гэхдээ «Христийнхтэй адил» бодолтой болохыг хичээвэл Ехова хэрхэн боддогийг илүү сайн ойлгож чадна. Учир нь Есүс яг Эцэг шигээ боддог байсан (1 Кор. 2:16).

2 Есүс Еховаг бүхий л оюун ухаанаараа хайрласан. Тэрбээр Бурхан өөрөөс нь юу хүсдэгийг мэддэг бөгөөд өөрөө зовох байсан ч хамаагүй хүслийнх нь дагуу үйлдэхээр бат шийдсэн. Энэ зорилгоо биелүүлэхэд нь юу ч саад болоогүй.

3. Элч Петр Есүсээс юу сурсан бэ? Христийн дагалдагчдад юу гэж уриалсан бэ? (1 Петр 4:1).

3 Есүстэй олон цагаар хамт байсан Петр болон бусад элч түүний үг, үйлдлийг ажиглаад хэрхэн боддогоос нь сурах боломжтой байсан. Петр агуу хүчээр удирдуулан бичсэн эхний захидалдаа Христ шиг боддог байхын тулд «өөрсдийгөө бэлдэхийг» уриалжээ (1 Петр 4:1-ийг уншина). Өөрсдийгөө бэлд гэж бичихдээ цэрэг дайны холбогдолтой үг ашигласан. Тиймээс Христийн дагалдагчид Есүс шиг бодож сурвал өөрсдийгөө зэвсэглэх буюу нүгэлт хандлагатайгаа тэмцэж, Сатаны захиргаан доорх ертөнцийнхнийг эсэргүүцэж чадна (2 Кор. 10:3–5; Эф. 6:12).

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Есүс аливааг хэрхэн боддогийг, бид түүнийг хэрхэн дуурайхыг одоо ярилцана. 1) Өөр хоорондоо санаа нэгтэй байхын тулд хэрхэн Ехова шиг бодож сурахыг, 2) хэрхэн даруу байхыг, 3) Еховад найдан залбирч хэрхэн ухаалаг байхыг мэдэж авна.

ЕХОВА ШИГ БОДОЖ СУРАХ

5. Петр Ехова шиг бодоогүй нэг тохиолдлыг ярина уу.

5 Петр Ехова шиг бодоогүй нэг тохиолдлыг ярилцъя. Есүс элч нартаа Иерусалим руу явах ёстойгоо, мөн шашны удирдагчдад баривчлагдаж, тамлагдан зовж, үхэх ёстойгоо хэлсэн (Мат. 16:21). Петр Есүсийг Бурхны ард түмнийг аврах амласан Мессиа гэдгийг мэдэж байв. Тиймээс Есүсийг цаазлагдахыг Ехова зөвшөөрнө гэдэгт итгэх хэцүү байсан байх (Мат. 16:16). Тэгээд Есүсийг хажуу тийш нь аваачаад «Эзэн, та өөрийгөө бодооч. Ийм юм танд хэзээ ч тохиолдохгүй» гэдэг (Мат. 16:22). Энэ асуудлаар Есүс Петр хоёр санал нийлээгүй, учир нь Петр Ехова шиг бодоогүй юм.

6. Есүс Еховатай адил боддогоо хэрхэн харуулсан бэ?

6 Есүс яг тэнгэрийн Эцэг шигээ боддог байсан. Тэрбээр Петрт «Надаас холд, Сатан аа! Чи надад саад болж байна. Яагаад гэвэл чи Бурхныхаар бус, хүний боддогоор бодож байна» гэж хариулдаг (Мат. 16:23). Есүс Еховагийн хүслийг биелүүлэхийн тулд зовж тарчилж, үхэх ёстойгоо ойлгож байв. Иймээс сайн санаж хэлсэн Петрийн зөвлөгөөг хүлээж аваагүй. Петр энэ явдлаас чухал сургамж авч Бурхан шиг бодож сурах ёстойгоо ойлгосон. Энэ нь мөн бидэнд ч сургамжтай.

7. Петр Ехова шиг бодож сурахыг хичээдэг болсон нь хожим юунаас харагдсан бэ? (Зургийг үзээрэй).

7 Хожим нь Петр Ехова шиг бодож сурахыг хичээдэг болсон. Хөвч хөндүүлээгүй харь үндэстний хүмүүс Бурхны ард түмэнтэй нэгдэх цаг болов. Бурхан Корнелд дэлгэрүүлэхийг Петрт тушаасан. Корнел бол Христийн дагалдагч болсон анхны харь үндэстэн хүн юм. Иудейчүүдийн бараг харьцдаггүй харь үндэстнүүдэд дэлгэрүүлэхийн тулд Петр үзэл бодлоо өөрчлөх шаардлагатай болов. Бурхан харь үндэстнүүдийн талаар ямар хүсэлтэй байгааг Петр ойлгоод Корнелынд «шууд» явж очдог (Үйлс 10:28, 29). Корнел болон гэр бүлийнхэнд нь дэлгэрүүлж, тэд ч баптисм хүртсэн (Үйлс 10:21–23, 34, 35, 44–48).

Корнел гэрийнхээ дээд давхар луу Петр болон нөхдийг нь дагуулаад гарч байна.

Петр Корнелын гэрт орж байна (7-р догол мөрийг үзээрэй)


8. Бид Еховатай адил боддогоо хэрхэн харуулах вэ? (1 Петр 3:8 болон зүүлт).

8 Хэдэн жилийн дараа Петр итгэл нэгтнүүддээ «санаа нэгтэй» байхыг зөвлөсөн (1 Петр 3:8 болон зүүлтийг уншина). Еховагийн бодлыг Библиэс мэдэж аваад түүнийг дуурайдаг бол ах дүүстэйгээ санаа нэгтэй байж чадна. Жишээ нь Есүс Бурхны Хаант төрийг амьдралынхаа эн тэргүүнд тавихыг дагалдагчдадаа уриалсан (Мат. 6:33). Хурлын тань нэг Гэрч үүнийг бодонгоо бүрэн цагаар үйлчлэхээр шийджээ гэж бодъё. Амаргүй шүү дээ, өөрийгөө бодоорой гэхийн оронд зорилгынх нь талаар эерэг юм ярьж, тусалж дэмжинэ гэдгээ та түүнд хэлээрэй.

ДАРУУ БАЙХ

9, 10. Есүс гайхалтай даруу гэдгийг ямар явдлаас мэдэх вэ?

9 Есүс нас барахынхаа өмнөх шөнө Петр болон бусад элчдээ даруу байхын чухлыг ойлгуулсан. Тэдэнтэйгээ сүүлчийн удаа зоог барихын өмнө Петр Ёохан хоёрыг явуулж бэлдүүлсэн. Тэд хоол идэхийн өмнө зочдын хөл угаах сав, алчуур ч бэлдэх ёстой байв. Харин хэн нь даруу байж бусдынхаа хөлийг угаах бол?

10 Есүс огт тээнэгэлзэлгүйгээр энэ ажлыг хийсэн нь маш даруу байсных юм. Зарц хүний ажлыг хийсэн түүнийг хараад элч нар ихэд гайхсан нь лавтай. Есүс гадуур хувцсаа тайлаад алчуур бүслэн саванд ус хийж, тэдний хөлийг угаасан гээд бод доо (Ёох. 13:4, 5). Өөрөөс нь урвах гэж байгаа Юудасыг оруулаад 12 элчийнхээ бүгдийнх нь хөлийг угаахад чамгүй хугацаа хэрэгтэй байсан байх. Есүс үнэхээр даруу тул үүнийг хийсэн. Дараа нь «Та нарын хөлийг яагаад угаасныг ойлгож байна уу? Та нар намайг “Багш”, “Эзэн” гэдэг. Энэ нь ч зөв. Би бол Багш, Эзэн. Би Эзэн, Багш мөртлөө та нарын хөлийг угаасан бол та нар бас нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой» гэж тайвнаар хэлсэн (Ёох. 13:12–14).

Жинхэнээсээ даруу эсэх нь ... өөрийнхөө болон бусдын тухай юу гэж боддогоос шалтгаална

11. Петр даруу байхыг сурсан гэж хэлэх нь яагаад зүйд нийцэх вэ? (1 Петр 5:5). (Бас зургийг үзээрэй).

11 Петр даруу байхыг Есүсээс сурсан. Есүсийг тэнгэрт гарсны дараа тэрбээр гайхамшиг үйлдэн төрөлхийн доголон нэг хүнийг эдгээсэн (Үйлс 1:8, 9; 3:2, 6–8). Энэ нь олны анхаарлыг татсан нь ойлгомжтой (Үйлс 3:11). Петр алдар нэр, албан тушаалыг чухалчилдаг ахуй соёлтой газарт өссөн хэдий ч олны анхаарлыг өөртөө татахыг хүсээгүй. Харин ч даруу байж Ехова Есүс хоёрт алдрыг өргөн «Та нарын мэддэг, одоо харж байгаа энэ хүнийг бид Есүст итгэдгийнхээ ачаар, Есүсийн нэрээр та бүхний өмнө бүрэн эдгээлээ» гэж хэлсэн (Үйлс 3:12–16). Даруу занг хөгжүүлэх талаар Христийн дагалдагчдад бичсэн Петрийн үгийг уншихаар алчуур бүслээд элч нарынхаа хөлийг угаасан Есүс санаанд ордог (1 Петр 5:5-ыг уншина).

Петр болон Ёохан сүм дотор байна. Гараараа дээшээ зааж буй Петрийн хажууд төрөлхийн доголон байсан эр эдгэчихээд зогсож байна.

Петр гайхамшиг үйлдсэнийхээ дараа Ехова Есүс хоёрт алдрыг өргөсөн. Бид ч хүмүүсийн анхаарлыг өөртөө татах юм уу хариу харж бус, харин даруу байж сайныг үйлддэг (11, 12-р догол мөрийг үзээрэй)


12. Петрийн адилаар бид даруу занг хэрхэн хөгжүүлэх вэ?

12 Бид Петрийг дуурайж даруу занг хөгжүүлж чадна. Түүний ашигласан «даруу» гэдэг үг бодол санаатай холбоотой. Тэгэхээр жинхэнээсээ даруу эсэх нь зөвхөн юу хэлж, ярьж байгаагаас бус, харин өөрийнхөө болон бусдын тухай юу гэж боддогоос шалтгаална. Бид магтуулах гэсэндээ бус, Ехова болон бусдыг хайрладаг учраас сайн юм хийдэг. Жинхэнэ даруу хүн хүчин чармайлтыг нь хүмүүс анзаарахгүй байсан ч Еховад, ах дүүстээ үйлчлээд жаргалтай байдаг (Мат. 6:1–4).

«УХААЛАГ» БАЙХ

13. «Ухаалаг» хүн яадаг вэ?

13 «Ухаалаг» хүн яадаг вэ? (1 Петр 4:7). Еховагийн үзэл бодолд нийцсэн шийдвэр гаргахын тулд чадах бүхнээ хийдэг. Еховатай тогтоосон харьцаагаа хамгийн чухал гэдгийг санаж явдаг. Өөрийнхөө талаар зөв үзэлтэй байж, бүх асуултын хариуг мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн удирдамж гуйн дандаа залбирч Еховад найддаг.

14. Петр ямар тохиолдолд Еховад найдаагүй вэ?

14 Есүс нас барахынхаа өмнөх шөнө шавь нартаа «Өнөө шөнө надад тохиолдох явдлаас болж та нар бүгд бүдэрнэ» гэдэг. Харин Петр: «Танд тохиолдох явдлаас болж бүгдээрээ бүдэрсэн ч, би хэзээ ч бүдрэхгүй!» гэж өөртөө итгэлтэй хэлсэн. Есүс бас тэр шөнө зарим шавьдаа «Сэрэмжтэй бай, залбираад байж бай» гэж зөвлөжээ (Мат. 26:31, 33, 41). Гэхдээ Петр энэ зөвлөгөөг нь дагаагүй. Хэрэв дагасан бол зориг гарган Есүсийн шавь гэдгээ хэлж чадах байсан байх. Гэвч Есүсийг танихгүй гэж мэлзэж, дараа нь үүндээ маш их харамсдаг (Мат. 26:69–75).

15. Есүс сүүлчийн шөнө ч хэрхэн ухаалаг байсан бэ?

15 Есүс Еховад бүрэн найдсан. Хэдийгээр төгс байсан ч нас барахынхаа өмнөх шөнө дахин дахин залбирсан. Тийм учраас Еховагийн хүслийг биелүүлэх эр зоригтой болсон (Мат. 26:39, 42, 44; Ёох. 18:4, 5). Тэр шөнө Есүс олон удаа залбирсныг Петр хэзээ ч мартаагүй нь тодорхой.

16. Петр ухаалаг дагалдагч болсон нь юунаас харагдсан бэ? (1 Петр 4:7).

16 Яваандаа Петр Еховад улам бүр найдан залбирдаг болсон. Петр болон бусад элч сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавраа амжилттай биелүүлэхийн тулд агуу хүчийг авна гэдгийг Есүс амилсныхаа дараа тэдэнд хэлдэг. Харин тэр болтол Иерусалимд хүлээж байхыг захисан (Лук 24:49; Үйлс 1:4, 5). Петр хүлээж байхдаа яасан бэ? Христийн дагалдагч ах дүүстэйгээ «шаргуу залбирдаг байв» (Үйлс 1:13, 14). Хожим нь эхний захидалдаа ухаалаг байж, Еховад найдан залбирч байхыг итгэл нэгтнүүддээ уриалсан (1 Петр 4:7-г уншина). Петр Еховад найдаж сурсан бөгөөд «хурлын багана» болсон (Гал. 2:9).

17. Бид ямар авьяас чадвартай байхаас үл хамааран үргэлж яах ёстой вэ? (Бас зургийг үзээрэй).

17 Ухаалаг байхын тулд Еховад залбирдаг байх ёстой. Бид төрөлхийн ямар ч авьяас чадвартай байсан, Еховад үргэлж залбирах ёстойгоо ойлгодог. Тиймээс, ялангуяа чухал шийдвэр гаргахдаа бидэнд юу хамгийн сайныг Ехова мэддэг гэдэгт итгэн удирдлага гуйн залбирдаг.

Петр Еховад найдан залбирдаг болсон. Бид ч, ялангуяа чухал шийдвэр гаргахдаа Еховагаас тусламж гуйн залбирдаг бол ухаалаг байна гэсэн үг (17-р догол мөрийг үзээрэй)a


18. Ехова шиг бодож сурахын тулд яах вэ?

18 Зан чанарыг нь дуурайх чадвартай бүтээсэнд нь бид Еховад маш их талархдаг (Эх. 1:26). Үнэндээ түүнийг төгс дуурайж чадахгүй л дээ (Ис. 55:9). Харин Петрийн адилаар Ехова шиг боддог болж чадна. Иймээс цаашдаа ч Ехова шиг бодохыг хичээж, даруу, ухаалаг байцгаая.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Хэрхэн Ехова шиг бодож сурах вэ?

  • Хэрхэн даруу байх вэ?

  • Хэрхэн «ухаалаг» байх вэ?

ДУУ 51 Бид Еховад үнэнч

a ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч бүсгүй ажлын ярилцлагад орох гээд хүлээж суухдаа дотроо залбирч байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах