СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 12
ДУУ 54 Бат итгэлтэй явъя
Үргэлж итгэлдээ хөтлөгдөн амьдар
«Бид үзэгдэх юманд бус, итгэлдээ хөтлөгдөн амьдарч байна» (2 КОР. 5:7).
ГОЛ САНАА
Чухал шийдвэр гаргахдаа хэрхэн үргэлж итгэлдээ хөтлөгдөх вэ?
1. Элч Паул хэрхэн амьдарснаа бодоод сэтгэл хангалуун байсны учир юу вэ?
ЭЛЧ Паул удахгүй үхнэ гэдгээ мэдэж байсан ч хэрхэн амьдарснаа бодоод сэтгэл хангалуун байв. Тэгээд «Би ... барианд орсон. Бат итгэлтэй байсан» гэж хэлсэн (2 Тим. 4:6–8). Тэрбээр Еховад үйлчлэхэд амьдралаа зориулж зөв шийдвэр гаргасан бөгөөд өөрөөр нь бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байв. Бид ч зөв шийдвэр гаргаж, Еховагийн сайшаалыг хүртэхийг хүсдэг. Яавал зөв шийдвэр гаргах вэ?
2. Итгэлдээ хөтлөгдөн амьдарна гэж яахыг хэлэх вэ?
2 Паул өөрийнхөө болон бусад үнэнч дагалдагчийн тухай «Бид үзэгдэх юманд бус, итгэлдээ хөтлөгдөн амьдарч байна» гэж хэлсэн (2 Кор. 5:7). Энэ юу гэсэн үг вэ? Үзэгдэх юманд хөтлөгдөн амьдардаг хүн зөвхөн харж, сонсож, мэдэрч байгаа зүйлдээ тулгуурлан шийдвэр гаргадаг. Нөгөөтээгүүр, итгэлдээ хөтлөгдөн амьдардаг хүн Ехова Бурханд итгэх итгэлд үндэслэн шийдвэр гаргадаг. Библи дэх Еховагийн зөвлөгөөг дагавал өнөөдөр амьдралд нь тустай, ирээдүйд Ехова шагнана гэдэгт итгэдэг нь үйл хэргээс нь харагддаг (Дуу. 119:66; Евр. 11:6).
3. Итгэлдээ хөтлөгдөн амьдрахын ач тус юу вэ? (2 Коринт 4:18).
3 Бид бүгд заримдаа харж, сонсож, мэдэрсэн юмандаа тулгуурлан шийдвэр гаргадаг. Гэхдээ зөвхөн эдгээрт үндэслэн шийдвэр гаргадаг бол бэрхшээл учирч мэднэ. Яагаад? Хууртагдах аюултай. Хууртагдахгүй байлаа ч зөвхөн үзэгдэх юманд хөтлөгдөөд байвал эцэст нь Еховагийн хүсэл, зөвлөгөөг үл ойшоодог болж мэднэ (Ном. 11:9; Мат. 24:37–39). Харин итгэлдээ хөтлөгдөн амьдарвал «Эзний таалалд» нийцэх шийдвэр гаргаж чадна (Эф. 5:10). Бурхны зөвлөгөөг дагаснаар сэтгэл тайван, жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна (Дуу. 16:8, 9; Ис. 48:17, 18). Мөн цаашид ч итгэлдээ хөтлөгдөн явбал мөнх амьдарна (2 Коринт 4:18-ыг уншина).
4. Үзэгдэх юманд хөтлөгддөг үү эсвэл итгэлдээ хөтлөгддөг үү гэдгээ хэрхэн мэдэх вэ?
4 Үзэгдэх юманд хөтлөгддөг үү эсвэл итгэлдээ хөтлөгддөг үү гэдгээ хэрхэн мэдэх вэ? Өөрөөсөө «Би шийдвэр гаргахдаа зөвхөн харж байгаа зүйлдээ тулгуурладаг уу, эсвэл Еховагийн зөвлөгөөнд үндэслэдэг үү?» гэж асуугаарай. Ажилд орох, хань ижлээ сонгох, байгууллагын удирдамжийг хүлээж авах гэсэн 3 чухал асуудлаар хэрхэн үргэлж итгэлдээ хөтлөгдөн амьдрахыг ярилцъя. Тус бүрд зөв шийдвэр гаргахын тулд юу юуг бодох хэрэгтэйг бас ярилцана.
АЖИЛД ОРОХ
5. Ажилд орохдоо бид юуны тухай боддог вэ?
5 Бид өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангахыг хичээдэг (Ном. 7:12; 1 Тим. 5:8). Зарим ажил цалин өндөртэй байдаг. Ийм ажил хийдэг хүн өдөр тутмын хэрэгцээгээ хангахаас гадна бага багаар цааш нь хийх боломжтой. Зарим нь цалин багатай байдаг. Ийм ажил хийдэг хүн гэр бүлийнхнийхээ зайлшгүй хэрэгцээг л хангаж чаддаг. Ажилд орох эсэхээ шийдэхдээ хэр их цалин авахаа бодох нь ойлгомжтой. Гэхдээ зөвхөн үүнийг л бодох нь үзэгдэх юманд хөтлөгдөж буй хэрэг юм.
6. Ажил сонгохдоо хэрхэн итгэлдээ хөтлөгдөх вэ? (Еврей 13:5).
6 Итгэлдээ хөтлөгдөн амьдардаг бол ажил алба маань Еховатай тогтоосон харьцаанд хэрхэн нөлөөлөхийг бас харгалзан үзнэ. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Энэ ажилд орвол Еховагийн үзэн яддаг юмыг хийхээс аргагүй болох юм биш биз?» (Сур. 6:16–19). «Цуглаанаа таслах, дэлгэрүүлэх болон Библи судлах цаг багасах, гэрийнхнээсээ удаан хугацаагаар хол байх шаардлагатай болох уу?» (Флп. 1:10). Хэрэв та эдгээр асуултад тийм гэж хариулбал ажил олох хэцүү байлаа ч тухайн ажилд орохгүй гэж шийдэх нь ухаалаг хэрэг юм. Бид итгэлдээ хөтлөгдөн амьдардаг учир Ехова хэрэгцээг маань ямар нэг байдлаар хангана гэдэгт итгэн шийдвэрээ гаргадаг (Мат. 6:33; Еврей 13:5-ыг уншина).
7, 8. Өмнөд Америкт амьдардаг Гэрч залуу хэрхэн итгэлдээ хөтлөгдөн амьдарч байгаа вэ? (Бас зургийг үзээрэй).
7 Өмнөд Америкт амьдардаг Хавиерa гэдэг Гэрч эрэгтэй итгэлдээ хөтлөгдөхийн чухлыг ойлгосон. Тэрбээр: «Би өмнөх ажлаасаа хоёр дахин их цалинтай, надад маш их таалагдсан ажлын анкет бөглөсөн юм» гэж ярьсан. Гэхдээ Хавиер эхлэгч болох чин хүсэлтэй байжээ. Цааш нь «Би ерөнхий менежертэй ярилцлага хийхээр болсон. Надад юу хамгийн сайныг Ехова мэддэгт итгэдэг учраас наана нь залбирсан. Ажлаа хариуцлагатай хийж, өндөр цалин авахыг хүссэн ч Еховагийн төлөө илүү их юм хийхэд саад болохоор бол орохгүй гэж шийдсэн» гэжээ.
8 Тэгээд «Ярилцлагын үеэр менежер илүү цагаар тогтмол ажиллах хэрэгтэйг хэлсэн. Бурханд үйлчилдэг тул ингэж ажиллах боломжгүйгээ эвтэйхэн тайлбарласан» гэж тэрбээр ярьжээ. Тийм ээ, Хавиер энэ ажлын саналаас татгалзсан. Хоёр долоо хоног өнгөрсний дараа эхлэгчээр үйлчилж эхлэв. Оны сүүлээр цагийн ажилд орсон. Энэ талаар «Ехова залбирлыг минь сонсож, эхлэгчээр үйлчлэхэд боломжтой ажил олоход тусалсан. Одоо Еховад, ах дүүстээ илүү олон цаг үйлчилдэгтээ би үнэхээр баяртай байгаа» гэжээ.
Хэрэв албан тушаалд дэвшүүлэх санал тавивал танд юу хамгийн сайныг Ехова мэддэгт итгэж шийдвэрээ гаргах уу? (7, 8-р догол мөрийг үзээрэй)
9. Тресороос та юу мэдэж авсан бэ?
9 Одоогийн ажил тань Еховатай дотносоход саад болж байгааг ойлговол яах вэ? Конгод амьдардаг Тресорт юу тохиолдсоныг ярилцъя. Тэрбээр: «Би хүсэн мөрөөдөж байсан ажилдаа орсон. Өмнөх ажлаас минь 3 дахин их цалинтай, хүмүүс ч намайг хүндэлнэ» гэжээ. Гэхдээ Тресор илүү цагаар ажиллаж цуглаанаа тасалдаг болов. Мөн ажил дээр болсон шударга бус явдлыг нуун худал ярихыг заримдаа түүнээс шаардана. Ажлаасаа гаръя гэж бодсон ч өөр ажил олдохгүй байх хэмээн санаа нь зовсон. Түүнд юу тус болсон бэ? «Би Хабаккук 3:17–19-ийг уншаад орлогогүй болсон ч Ехова ямар нэг аргаар дэмжинэ гэдгийг ойлгосон. Тэгээд ажлаасаа гарсан» гэж тэрбээр ярьсан. Бас цааш нь «Хүмүүс өндөр цалинтай ажилд орохын тулд гэр бүл, Бурхандаа зориулах цаг зэрэг юугаа ч золиослоход бэлэн байдаг гэж ажил олгогч нар боддог. Харин би Еховатай, гэр бүлийнхэнтэйгээ сайн харьцаатай хэвээр үлдсэндээ баяртай байна. Жилийн дараа Еховагийн тусламжаар нэг тогтвортой ажилд орсноор энгийн амьдарч, илүү олон цаг түүнд үйлчлэх боломжтой болсон. Еховаг эн тэргүүнд тавивал хэсэг хугацаанд мөнгө төгрөгөөр гачигдаж магадгүй ч тэрбээр заавал санаа тавина» гэж ярьжээ. Тийм ээ, бид Еховагийн зөвлөгөө, амлалтад итгэдэг бол цаашид ч итгэлдээ хөтлөгдөн амьдарч, ивээлийг нь хүртэнэ.
ХАНИА СОНГОХ
10. Ханиа сонгохдоо яавал үзэгдэх юманд хөтлөгдсөн хэрэг болох вэ?
10 Гэрлэлт бол Еховагийн бэлэг бөгөөд гэрлэх хүсэлтэй байх нь байдаг л зүйл. Гэрч эмэгтэй ирээдүйн ханиа сонгохдоо гадаад төрх, биеэ авч явах байдал, мөнгө төгрөгөө хэрхэн зарцуулдаг, гэр бүлдээ хүлээсэн үүрэг хариуцлагатай эсэх, өөрийг нь жаргалтай байлгаж чадах эсэх, мөн бусад хүн түүнийг хэрхэн үздэгийг бодож болох юм.b Энэ бүгдийг анхаарах нь чухал. Гэхдээ зөвхөн эдгээрийг л бодвол үзэгдэх юманд хөтлөгдсөн хэрэг болно.
11. Ханиа сонгохдоо хэрхэн итгэлдээ хөтлөгдөх вэ? (1 Коринт 7:39).
11 Ханиа сонгохдоо зөвлөгөөг нь дагадаг итгэл нэгтнүүдээр маань Ехова хэчнээн их бахархдаг бол! Жишээлбэл тэд Библийн зөвлөгөөг хэрэгжүүлж, «хэтэрхий залуу» байхдаа үерхдэггүй (1 Кор. 7:36). Мөн сайн нөхөр юм уу эхнэр ямар зан чанартай байх зохистойг Ехова зөвлөсөн байдаг. Гол нь үүнд үндэслэн ирээдүйн ханиа сонгодог (Сур. 31:10–13, 26–28; Эф. 5:33; 1 Тим. 5:8). Хэрэв Гэрч биш хүн өөрийг нь сонирхвол 1 Коринт 7:39-д бичсэн «Эзний дагалдагчтай л гэрлэ» гэсэн зөвлөгөөг дагадаг (уншина). Ехова хэнээс ч илүү сэтгэл санааных нь хэрэгцээг хангана гэдэгт итгэж найддаг тул үргэлж итгэлдээ хөтлөгдөн амьдардаг (Дуу. 55:22).
12. Росагийн жишээнээс та юу мэдэж авсан бэ?
12 Колумбад эхлэгчээр үйлчилдэг Росагийн жишээг бодъё. Хамт ажилладаг Гэрч биш залуу түүнийг сонирхдог болж, Роса ч түүнд татагджээ. Тэрбээр: «Тэр залуу маш дажгүй хүн шиг санагдсан. Эргэн тойрныхондоо тусалдаг, эрүүл амьдралын хэв маягтай, надад ч их сайн ханддаг. Яг л ийм хүнтэй гэрлэе гэж боддог байсан. Даанч Гэрч биш» гэжээ. Цааш нь «Түүнтэй үерхмээр байсан учир татгалзах амаргүй байв. Тэр үед би ганцаарддаг, гэрлэх хүсэлтэй ч Гэрчүүдийн дотроос тохирох хүн олдохгүй байсан» гэжээ. Харин Роса үзэгдэх юмыг л анхаараагүй. Хэрэв тэр залуутай үерхэхээр шийдвэл Еховатай тогтоосон харьцаанд нь хэрхэн нөлөөлөхийг сайтар бодсон. Тэгээд түүнээс холбоогоо бүрмөсөн тасалж, Еховад завгүй үйлчилсээр байсан. Удалгүй Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурах урилга авч, одоо тусгай эхлэгчээр үйлчилдэг. Роса: «Ехова намайг баяр жаргалаар бялхааж, сэтгэл дүүрэн болгосон» гэжээ. Ялангуяа зүрх маань ямар нэг зүйлийг маш их хүсэх үед Еховагийн хүслийн дагуу үйлдэх тэр бүр амар байдаггүй. Гэхдээ Еховагийн үзэл бодлыг удирдлага болговол үргэлж ач тус хүртэнэ.
БАЙГУУЛЛАГЫН УДИРДАМЖИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ
13. Байгууллагын удирдамжийг хүлээж авахдаа яавал үзэгдэх юманд хөтлөгдөж магадгүй вэ?
13 Бид ахлагч, дүүрэг хариуцагч болон салбар, Удирдах зөвлөлөөс Еховад үйлчлэхэд тус болох заавар зөвлөгөө авдаг. Гэхдээ өгсөн удирдамжийнх нь учир шалтгааныг заримдаа ойлгохгүй бол яах вэ? Үнэхээр тустай гэдэгт нь эргэлзэж болох юм. Бас заавар өгсөн эрчүүдийн төгс бус байдлыг анхаарч магадгүй.
14. Юунд итгэлтэй бол байгууллагын удирдамжийг дуулгавартай дагах вэ? (Еврей 13:17).
14 Итгэлдээ хөтлөгдөн амьдардаг хүн Ехова байгууллагаа удирддаг, нөхцөл байдлыг нь сайн мэддэгт итгэдэг. Тийм ч учраас огт тээнэгэлзэхгүй, дуртайяа дуулгавартай байна (Еврей 13:17-г уншина). Дуулгавартай байснаар хурлынхаа эв нэгдэлд хувь нэмэр оруулна гэдгээ ойлгодог (Эф. 4:2, 3). Удирдаж буй хүмүүс маань төгс бус ч тэдэнд дуулгавартай байвал Ехова ивээнэ гэдэгт итгэдэг (1 Сам. 15:22). Цаг нь болохоор Ехова шаардлагатай бүхнийг засаж залруулна (Мика 7:7).
15, 16. Зааварт эргэлзсэн Гэрч эрэгтэйд итгэлдээ хөтлөгдөн амьдрахад нь юу тус болсон бэ? (Бас зургийг үзээрэй).
15 Итгэлдээ хөтлөгдөхийн ач тусыг онцолсон нэг явдлыг үзье. Перугийн гол хэл испани боловч нутгийнхны ярьдаг олон хэл байдаг. Нэг нь кечуа юм. Кечуа хэлтэй итгэл нэгтнүүд маань тус хэлээр ярьдаг хүмүүсийг олон жилийн турш хайсан. Харин засгийн газрын дүрэм журмыг дагаж мөрдөх үүднээс хүмүүсийг хайх аргаа өөрчлөх шаардлагатай болов (Ром 13:1). Үүнд зарим нь гайхаж үр дүнгүй арга гэж бодсон. Гэсэн ч шинэ зааврыг дагасан учир Ехова ивээж кечуа хэлтэй олон хүнийг олж уулзсан.
16 Тус хэлний хуралд ахлагчаар үйлчилдэг Кевин бас санаа зовсон. Тэрбээр: «“Кечуа хэлтэй хүмүүсийг олж чадах юм болов уу даа” гэж бодогдсон» хэмээжээ. Тэгээд яасан бол? «Сургаалт үгс 3:5 миний санаанд орсон. Мөн Мосегийн тухай бодсон. Тэрбээр израйлчуудыг Египетээс гаргаж, ямар ч гарах гарцгүй, египетчүүдийн гарт амархан орох газарт дагуулж ирэх хэрэгтэй болсон. Гэсэн хэдий ч энэ зааврыг дуулгавартай биелүүлсэн. Ехова ч түүнийг ивээж, гайхамшиг үйлдэн тэднийг аварсан» гэж ярьжээ (Ег. 14:1, 2, 9–11, 21, 22). Кевин шинэ зааврыг дуртайяа дагасан. Үр дүн нь ямар байсан бэ? Тэрбээр: «Ехова биднийг хэрхэн ивээснийг хараад би их гайхсан. Өмнө нь бид зөндөө их явсан ч ганц хоёрхон хүнтэй л уулздаг байсан. Харин одоо, уг хэлээр ярьдаг хүн олон байдаг хэсгээр л дэлгэрүүлдэг болсон. Илүү олон хүнтэй ярилцаж, давтан уулзаж, Библийн хичээл эхэлсэн. Цуглаанд ирэгсдийн тоо ч нэмэгдсэн» гэж ярьсан. Тийм ээ, бид итгэлдээ хөтлөгдөн амьдардаг бол Ехова үргэлж шагнана.
Олон хүн Гэрчүүдэд кечуа хэлээр ярьдаг хүн хаана байдгийг хэлж өгсөн (15, 16-р догол мөрийг үзээрэй)
17. Та энэ өгүүллээс юу сурсан бэ?
17 Бид 3 чухал асуудлаар хэрхэн үргэлж итгэлдээ хөтлөгдөн амьдрахыг ярилцлаа. Харин амралт юм уу чөлөөт цагаараа юу хийхээ сонгох, ямар боловсрол эзэмших, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх зэрэг амьдралын бүх хүрээнд үргэлж итгэлдээ хөтлөгдөх ёстой. Бид ямар ч шийдвэр гаргах бай зөвхөн үзэгдэх юманд хөтлөгдөх бус, Еховатай тогтоосон харьцаа, түүний зөвлөгөө, бидэнд санаа тавина гэсэн амлалтыг нь анхаарах хэрэгтэй. Ингэвэл бид «үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» (Мика 4:5).
ДУУ 156 Тандаа итгэе
a Зарим нэрийг өөрчлөв.
b Энэ догол мөр дэх зөвлөгөө нөхөр болох хүнээ сонгох гэж буй Гэрч эмэгтэйд хамаатай ч, эхнэр болох хүнээ сонгох гэж буй Гэрч эрэгтэйд ч хамаатай.