Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 3 сар х. 26-31
  • Ехова танд ямагт тусална

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова танд ямагт тусална
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • МОСЕ БОЛОН ИЗРАЙЛЧУУДААС СУРГАМЖ АВАХ НЬ
  • МӨНГӨ ТӨГРӨГӨӨР ГАЧИГДАХАД
  • ӨТӨЛ НАСАНДАА ХЭРХЭН АМЬДРАХ ТАЛААР САНАА ЗОВОХОД
  • Үнэнч эрчүүдийн сүүлчийн үг сургамжтай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Еховад найдаж шийдвэр гаргах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дараах асуултын хариуг мэдэж аваарай
    2025–2026 Дүүрэг хариуцагч оролцох дүүргийн чуулганы хөтөлбөр
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 3 сар х. 26-31

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 13

ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»

Ехова танд ямагт тусална

«Ехова би үүнийг хийж чадахгүй гэж үү?» (ТООЛ. 11:23, ШЕ).

ГОЛ САНАА

Ехова хэрэгцээтэй юмаар хангана гэдэгт итгэх итгэлээ улам батжуулаарай.

1. Мосе израйлчуудыг Египетээс удирдан гаргах үед бат итгэлтэй нь юунаас харагдсан бэ?

МОСЕ нь «Еврей» номд гардаг итгэлийн жишээ болсон хүмүүсийн дундаас итгэлтэйгээрээ онцгой хүн байв (Евр. 3:2–5; 11:23–25). Израйлчуудыг Египетээс удирдан гаргах үед бат итгэлтэй нь харагдсан. Фараон болон түүний цэргүүдийн сүр хүчнээс огтхон ч айгаагүй. Еховад итгэн ард түмнийг Улаан тэнгисийн ёроолоор дагуулж, цөл рүү удирдсан (Евр. 11:27–29). Ихэнх израйл хүн Ехова өөрсдийг нь тэжээх чадалтай гэдэгт эргэлзэхэд ч Мосе Бурхандаа итгэж байсан. Итгэл нь ч хөсөрдөөгүй, учир нь Бурхан үржил шимгүй цөлд ард түмнээ гайхамшгаар хооллож, ундаалсан (Ег. 15:22–25; Дуу. 78:23–25).a

2. Бурхан яагаад Мосед «Ехова би үүнийг хийж чадахгүй гэж үү?» хэмээн хэлсэн бэ? (Тооллого 11:21–23).

2 Ехова израйлчуудыг аварснаас хойш жил орчмын дараа ард түмнээ махаар хангахаа хэлсэн. Мосе бат итгэлтэй ч ингэж чадна гэдэгт нь эргэлзсэн. Эзгүй, хоосон цөлд буудаллаж буй хэдэн сая хүнийг цатгах хангалттай их махыг Ехова яаж өгөх нь санаанд нь багтахгүй байв. Харин Ехова түүнд «Ехова би үүнийг хийж чадахгүй гэж үү?» гэдэг (Тооллого 11:21–23-ыг уншина, ШЕ). Үүнийг еврей хэлнээс «Еховагийн мутар богино гэж үү?» хэмээн үгчлэн орчуулдаг. Өөрөөр хэлбэл Ехова агуу хүчээрээ юу хүссэнээ хийж чадна гэсэн утгатай.

3. Мосе болон израйлчуудад тохиолдсон явдал яагаад бидний анхаарлыг татдаг вэ?

3 Ехова таны болон гэр бүлийнхний тань хэрэгцээг хангана гэдэгт эргэлзсэн удаа бий юү? Тийм ч бай, үгүй ч бай Ехова өөрсдийг нь тэжээх чадалтайд эргэлзсэн Мосе болон израйлчуудын жишээг судалъя. Мөн Еховагийн мутар богино биш гэдэгт итгэх итгэлээ батжуулахад тустай Библийн зарчмуудыг ярилцъя.

МОСЕ БОЛОН ИЗРАЙЛЧУУДААС СУРГАМЖ АВАХ НЬ

4. Ехова өөрсдийг нь тэжээнэ гэдэгт олон израйл хүн яагаад эргэлзсэн бэ?

4 Ехова өөрсдийг нь тэжээнэ гэдэгт олон израйл хүн яагаад эргэлзсэн бэ? Тэд харь үндэстний «холилдсон маш олон хүний» хамт Египетээс гарч Амласан газрыг зорихдоо хэсэг хугацаанд өргөн уудам цөлд буудаллан амьдарсан (Ег. 12:38, ШЕ; Д.хууль 8:15). Тэр хугацаанд харь үндэстний хүмүүс эхэндээ, цаашлаад цөөнгүй израйлчууд ч манна идэхээс залхаж гомдоллоцгоов (Тоол. 11:4–6). Египетэд идэж байсан хоол хүнсээ санагалзсан. Хүмүүсийн шахалтад автсан Мосе яаж гэдгээ мэдэхгүй ч өөрөө л мах олж өгөх үүрэгтэй гэж бодсон бололтой (Тоол. 11:13, 14).

5, 6. Харь үндэстний хүмүүсийн муу нөлөөнд автсан израйлчуудаас бид ямар сургамж авах вэ?

5 Талархах сэтгэлгүй харь үндэстний хүмүүс израйлчуудад муугаар нөлөөлсөн нь лавтай. Бид ч талархах сэтгэлгүй хүмүүсийн нөлөөнд автаж, Еховагийн өгдөг юманд сэтгэл хангалуун бус болж мэднэ. Хэрэв өмнө нь өөрт байсан юмаа санагалзах юм уу бусдын юманд атаархвал ийм зүйл болж магадгүй. Гэхдээ ямар ч нөхцөлд сэтгэл хангалуун байж сурвал илүү аз жаргалтай байна.

6 Бурхан юу гэж амласныг израйлчууд мартах ёсгүй байв. Шинэ газар нутагт очихоор нь зайлшгүй хэрэгцээтэй юмыг хангаад зогсохгүй бүр илүүг өгнө гэсэн. Цөлд бус, Амласан газарт орсон цагт л энэ амлалт биелэх байв. Үүн шиг, бид одоо байхгүй юмаа анхаарахын оронд шинэ ертөнцөд Еховагийн өгөх сайн сайхан бүхнийг тунгаан боддог байх учиртай. Бас Еховад итгэх итгэлээ батжуулахад тустай Библийн зүйлүүдийг эргэцүүлдэг байх хэрэгтэй.

7. Еховагийн мутар богино биш гэдэгт яагаад итгэлтэй байх вэ?

7 «Еховагийн мутар богино гэж үү?» хэмээн Бурхан яагаад Мосегоос асуусан бэ? Мутар нь хэр хүчтэйг төдийгүй хэр хол хүрэхийг ойлгуулах гэснийх байж болох юм. Бурхан ард түмнээ хаана ч, бүр цөлд байсан ч «хүчит гар, сунгасан мутраараа» тусалж, махаар элбэг дэлбэг хангаж чадахаа харуулсан (Дуу. 136:11, 12). Тэгэхээр сорилт тулгарлаа гэхэд танд ч Еховагийн мутар хүрнэ гэдэгт итгэлтэй байгаарай (Дуу. 138:6, 7).

8. Цөлд алдаа гаргасан хүмүүстэй адил болохгүйн тулд бид яах хэрэгтэй вэ? (Бас зургийг үзээрэй).

8 Ехова удалгүй ард түмнээ асар их бөднө шувууны махаар хангасан. Гэтэл израйлчууд ийм гайхамшиг үйлдсэн Бурханд талархаагүй. Харин олон хүн шуналдаа автаж өдөржин шөнөжин, дараагийн өдөр нь ч бөднө шувуудыг бөөн бөөнөөр цуглуулсан. Ехова «шунахайрсан хүмүүст» уурлан хилэгнэж, шийтгэжээ (Тоол. 11:31–34, ШЕ). Энэ явдал бидэнд сургамжтай. Бид шуналд автахаас болгоомжлох хэрэгтэй. Баян ч бай, ядуу ч бай Ехова болон Есүстэй улам дотносож «тэнгэрт эд хөрөнгө хураахыг» чухалд үзэх нь зүйтэй (Мат. 6:19, 20; Лук 16:9). Ингэвэл Ехова хэрэгцээг маань заавал хангана.

Цөлд израйлчууд шөнөөр бөөн бөөнөөр нь бөднө шувуу цуглуулж байна.

Ехова махаар хангахад олон хүн яасан бэ? Бид ямар сургамж авах вэ? (8-р догол мөрийг үзээрэй)


9. Бид юунд итгэлтэй байдаг вэ?

9 Ехова өнөөдөр ч мутраа сунган үйлчлэгчдэдээ тусалдаг. Харин энэ нь бид хэзээ ч эд зүйлээр дутагдахгүй, огт өлсөхгүй гэсэн үг биш ээ.b Гэхдээ Ехова биднийг хаяхгүй, ямар ч сорилт тулгарсан тусална. Тэгвэл Ехова хэрэгцээг маань хангана гэдэгт итгэдгээ хэрхэн харуулах вэ? 1) Мөнгө төгрөгөөр гачигдах, 2) өтөл насандаа хэрхэн амьдрах талаар санаа зовох гэсэн хоёр асуудлыг авч үзье.

МӨНГӨ ТӨГРӨГӨӨР ГАЧИГДАХАД

10. Мөнгө төгрөгтэй холбоотой ямар асуудал тулгарч мэдэх вэ?

10 Энэ тогтолцооны төгсгөл ойртох тусам эдийн засгийн байдал улам муудна гэдгийг бид мэддэг. Улс төрийн тогтворгүй байдал, мөргөлдөөн тэмцэл, байгалийн гамшиг, шинэ цар тахал зэрэг нь мөнгө төгрөгөөр дутагдах юм уу ажил, эд хөрөнгө, гэр оронгүй болоход хүргэж мэднэ. Гэр бүлийнхнээ тэжээхийн тулд ажил хайх эсвэл өөр газар луу нүүх шаардлага гарч болох юм. Ехова тусална гэдэгт итгэдгээ харуулах шийдвэр гаргая гэвэл яах нь тустай вэ?

11. Мөнгө төгрөгийн асуудалтай үед яах нь тустай вэ? (Лук 12:29–31).

11 Хамгийн гол, үр дүнтэй арга бол санаа зовнилоо Еховад хэлэх (Сур. 16:3). Зөв шийдвэр гаргахад хэрэгтэй мэргэн ухаан өгөхийг, «санаа зовдгоо больж» сэтгэл тайван байлгаж өгөхийг гуйгаарай (Лук 12:29–31-ийг уншина). Наад захын хэрэгцээтэй зүйл байгаадаа сэтгэл хангалуун байхад туслахыг бас гуйгаарай (1 Тим. 6:7, 8). Мөнгө төгрөгийн асуудалтай үед тус болох зөвлөгөөг байгууллагын ном хэвлэлээс хайгаарай. Мөн jw.org сайт дахь видео, өгүүллүүд асуудлаа шийдэхэд нь олон хүнд тус болдог.

12. Гэр бүлийнхнийхээ төлөө хамгийн зөв шийдвэр гаргахад ямар ямар асуулт асуух нь тустай вэ?

12 Зарим хүн ажилд орохын тулд гэр бүлээсээ хол газар амьдрахаар шийддэг. Гэвч буруу шийдвэр гаргаснаа дараа нь ойлгодог. Ажил сонгохдоо цалинг нь бодохоос гадна өөрийгөө болон гэрийнхнээ Бурхантай дотно байхад хэрхэн нөлөөлөхийг бодоорой (Лук 14:28). Та өөрөөсөө ингэж асуугаарай. «Ханиасаа хол газар ажиллаж амьдрах болбол, энэ нь бидний харьцаанд хэрхэн нөлөөлөх бол? Бүх цуглаанд сууж, дэлгэрүүлж, ах дүүстэйгээ ойр дотно байж чадах уу?» Хэрэв та хүүхэдтэй бол дараах чухал асуултыг бас асуух хэрэгтэй. «Хамт амьдрахгүйгээр “Еховагийн зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүлж” чадах уу?» (Эф. 6:4). Библийн зарчмыг хэрэгсдэггүй хамаатан, найз нөхдийнхөө үгийг дагах бус, Бурхны үзэл бодлыг удирдлага болгоорой.c Баруун Азид амьдардаг Тони гадаадад ажиллах хэд хэдэн аятайхан ажлын санал авчээ. Гэхдээ энэ талаар залбирч, эхнэртэйгээ ярилцсаны эцэст тэдгээрээс татгалзаж, харин зардлаа багасгахаар шийдсэн. Хожим нь тэрбээр: «Би Еховагийн тухай мэдэхэд нь хэдэн хүнд тусалсан. Хүүхдүүд маань ч Еховаг маш их хайрладаг. Матай 6:33-т бичсэнийг дагаж байгаа цагт Ехова санаа тавина гэдгийг манай гэр бүл ойлгосон» гэжээ.

ӨТӨЛ НАСАНДАА ХЭРХЭН АМЬДРАХ ТАЛААР САНАА ЗОВОХОД

13. Ирээдүйн хэрэгцээгээ хангахын тулд одооноос яаж болох вэ?

13 Өтөлсөн хойноо хэрхэн амьдрах талаар санаа зовох үед Еховад итгэх итгэл маань соригдож магадгүй. Библи бидэнд ирээдүйн хэрэгцээгээ хангахын тулд ажилсаг байхыг уриалдаг (Сур. 6:6–11). Тиймээс боломжтой бол одооноос мөнгө хадгалах нь сайн. Мөнгө нь тодорхой хэмжээгээр хамгаалалт болдог (Ном. 7:12). Гэсэн ч бид мөнгө цуглуулахыг амьдралын хамгийн чухал зүйл болгохоос зайлсхийх хэрэгтэй.

14. Хэтэрхий их санаа зовохгүй байхад Еврей 13:5 тустай гэж яагаад хэлэх вэ?

14 Их мөнгө хурааж хуримтлуулсан ч «Бурхны хувьд ядуу» байвал мунхаг хэрэг гэдгийг Есүс жишээгээр тайлбарласан (Лук 12:16–21). Үнэндээ маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй (Сур. 23:4, 5; Яак. 4:13–15). Бид Христийн дагалдагч гэдгээсээ болж соригддог. Есүс дагалдагч нь болъё гэвэл байгаа бүхнээ «орхиход» бэлэн байх ёстой гэж хэлсэн (Лук 14:33). I зуунд Иудейд амьдарч байсан Христийн дагалдагчдад ингэх шаардлага гарсан ч тэд баяр хөөрөө алдаагүй (Евр. 10:34). Орчин үед олон итгэл нэгтэн маань орлогын эх үүсвэрээ алдах байсан ч улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй (Илч. 13:16, 17). Тэд яаж ийн үнэнч байж чаддаг вэ? Еховагийн «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй» гэсэн амлалтад бүрэн итгэдэг (Еврей 13:5-ыг уншина). Тэгэхээр бид ирээдүйн хэрэгцээгээ хангахын төлөө чадахыгаа хийж, бас гэнэтийн явдал тохиолдоход Ехова тусална гэдэгт итгэлтэй байна.

15. Христийн дагалдагч эцэг эхчүүд хүүхэд өсгөх талаар ямар үзэлтэй байх ёстой вэ? (Бас зургийг үзээрэй).

15 Зарим улс орны хүмүүс хүүхэдтэй болохыг зорьдог нь гол төлөв өтлөхийн цагт хөлөө хучуулна гэж боддогийнх ажээ. Харин Библид эцэг эх нь хүүхдийнхээ хэрэгцээг хангах ёстой гэж байдаг (2 Кор. 12:14). Өтөлж хөгшрөхөөр хүүхдээсээ зарим нэг тусламж авах хэрэг гарч, хүүхдүүд нь ч дуртайяа туслах нь мэдээжийн хэрэг (1 Тим. 5:4). Гэхдээ Христийн дагалдагч эцэг эхчүүд мөнгө төгрөгийн тусламж авах гэж бус, Еховагийн үйлчлэгч болгох зорилгоор хүүхдээ өсгөвөл илүү баяр жаргал эдэлнэ гэдгээ ойлгодог (3 Ёох. 4).

Эхнэр нөхөр хоёр цахимаар охин болон хүргэнтэйгээ дүрсээ харан яриад баяртай байна. Охин хүргэн хоёр нь барилгын тод өнгийн хантааз өмссөн байна.

Бурханд үйлчилдэг эхнэр нөхрүүд ирээдүйгээ төлөвлөн шийдвэр гаргахдаа Библийн зарчмыг удирдлага болгодог (15-р догол мөрийг үзээрэй)d


16. Бие дааж амьдарч сурахад нь эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн туслах вэ? (Эфэс 4:28).

16 Еховад найдаж, хэрэгцээгээ хангаж сурахыг эцэг эхчүүд хүүхдэдээ зааж үлгэр жишээ үзүүлээрэй. Хөдөлмөрч байхын чухлыг багаас нь ойлгуулаарай (Сур. 29:21; Эфэс 4:28-ыг уншина). Сургуульд орохоор нь сайн сурахад нь туслаарай. Өөрөө өөрийгөө тэжээх, бас дэлгэрүүлэх ажилд бүрэн дүүрэн оролцохын тулд ямар боловсрол эзэмшихээ шийдэхэд нь туслаарай. Ингэхдээ Библийн зарчмуудыг судлаарай.

17. Бид юунд итгэлтэй байдаг вэ?

17 Ехова үнэнч үйлчлэгчдийнхээ хэрэгцээг хангах чадалтай, хүсэлтэй гэдэгт бид итгэдэг. Энэ тогтолцооны төгсгөл ойртох тусам Еховад итгэх итгэл маань соригдоно. Гэхдээ юу ч тохиолдсон бай Ехова хэрэгцээг маань хангах чадалтай гэдэгт эргэлзэхгүй байцгаая. Түүний хүчит гар, сунгасан мутар хаа ч хүрнэ гэдэгт итгээрэй.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Мосе болон израйлчуудаас ямар сургамж авах вэ?

  • Мөнгө төгрөгөөр гачигдахад Еховад хэрхэн найдах вэ?

  • Өтөл насандаа хэрхэн амьдрах талаар санаа зовбол юуг санах ёстой вэ?

ДУУ 49 Еховад хоргодъё

a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2023 оны 10-р сарын дугаарт буй «Уншигчдын асуултыг» уншаарай.

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 9-р сарын 15-ны дугаарт буй «Уншигчдын асуултыг» уншаарай.

c «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 4-р сарын 15-ны дугаарт буй «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй» өгүүллийг уншаарай.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бурханд үйлчилдэг эхнэр нөхөр хоёр цуглааны танхим барих ажилд оролцож буй охин хүргэн хоёртойгоо холбогдож байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах