СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 16
ДУУ 20 Цуглааныг маань ивээгээч
Ах дүүстэйгээ дотно байх нь бидэнд сайн!
«Ах дүүс хамтдаа эв нэгдэлтэй амьдрах нь хэчнээн сайхан, хэчнээн тааламжтай вэ!» (ДУУ. 133:1, ШЕ).
ГОЛ САНАА
Нэг нэгэнтэйгээ хэрхэн дотносох вэ? Дотносвол Ехова хэрхэн ивээх вэ?
1, 2. Ехова юуг чухалд үздэг вэ? Биднээс юу хүсдэг вэ?
ХҮМҮҮСТ хэрхэн ханддагийг маань Ехова маш чухалд үздэг. Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла гэж Есүс ч заасан (Мат. 22:37–39). Энэ нь Бурханд үйлчилдэггүй хүмүүст сайхан сэтгэлээр хандахыг бас хэлдэг. Ингэдэг хүн «сайн, муу хүмүүсийн хэн хэнийх нь дээр нар мандуулж, шударга, шударга бус хүмүүсийн хэн хэнийх нь дээр бороо оруулдаг» Ехова Бурхнаа дуурайж байгаа хэрэг (Мат. 5:45).
2 Ехова хүн төрөлхтнийг хайрладаг ч, ялангуяа зөвийг үйлддэг хүнийг бүр ч их хайрладаг (Ёох. 14:21). Тэрбээр биднийг өөрийг нь дуурайгаасай гэж хүсдэг. Тиймээс итгэл нэгтнүүдээ «халуун сэтгэлээр хайрлахыг» уриалдаг (1 Петр 4:8; Ром 12:10). Ийм хайр нь гэрийнхэн, дотнын найзаа сэтгэлийнхээ угаас хайрладаг хайртай адил юм.
3. Хайрын талаар бид юуг санах ёстой вэ?
3 Тасалгааны ургамлыг ургуулахын тулд арчилж тордох шаардлагатай. Хайрыг ч мөн адил. Элч Паул Христийн дагалдагчдад «Бие биеэ ах дүүгийн ёсоор үргэлж хайрлаарай» гэж зөвлөсөн (Евр. 13:1). Ехова бусдыг гэсэн хайраа байнга лавшруулаасай гэж биднээс хүсдэг. Энэ өгүүллээр бид итгэл нэгтнүүдтэйгээ яагаад, мөн хэрхэн улам дотносохыг ярилцана.
НЭГ НЭГЭНТЭЙГЭЭ УЛАМ ДОТНОСОХЫН УЧИР
4. Дуулал 133:1-д бичсэнээр ахан дүүсийн барилдлагаа хэрхэн эрхэмлэсээр байх вэ? (Бас зургийг үзээрэй).
4 Дуулал 133:1-ийг уншина. Еховаг хайрладаг хүмүүсийн жинхэнэ нөхөрлөлийг «сайхан», «тааламжтай» гэж бичсэн дуулалчтай бид санал нийлдэг. Саглагар том модыг өдөр бүр хараад байвал хэчнээн сүрлэг гэдгийг нь анзаарахаа больдог шиг ахан дүүсийн барилдлага хэчнээн сайхан ч анзаарахаа больж мэднэ. Бид ах дүүстэйгээ тогтмол, заримдаа бүр долоо хоногт хэд хэдэн удаа уулздаг. Тэднийгээ хэрхэн эрхэмд үзэн хүндэлсээр байх вэ? Итгэл нэгтэн бүр хуралдаа болон бидэндээ хэчнээн чухал болохыг цаг гаргаад эргэцүүлэн боддог бол тэднийг гэсэн хайр маань улам лавширна.
Ахан дүүсийн барилдлагынхаа сайхныг анхаарч яваарай (4-р догол мөрийг үзээрэй)
5. Ахан дүүсийн маань хайр бусдад хэрхэн нөлөөлдөг вэ?
5 Цуглаанд анх удаа ирсэн зарим хүн нэг нэгнээ хэрхэн хайрлаж байгааг маань хараад сэтгэл нь хөдөлж, улмаар үнэнийг олсноо ойлгодог. Есүс: «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» гэж хэлсэн (Ёох. 13:35). Чайтра гэдэг их сургуулийн оюутны тухай бодъё. Еховагийн Гэрчүүд түүнтэй Библийн хичээл хийдэг бөгөөд бүсийн чуулганы урилга өгчээ. Чуулганы эхний өдөр ямар сэтгэгдэл төрснөө тэрбээр хичээл заадаг Гэрчид «Би аав ээждээ тэврүүлж үзээгүй. Харин танай чуулганд очиход ганцхан өдөрт намайг 52 хүн тэвэрч, мэндэлсэн! Ехова надад хайртайгаа өөрийнхөө гэр бүлийнхнээр ийн мэдрүүлсэн юм шиг санагдсан. Би танай гэр бүлийн гишүүн болмоор байна» гэж ярьжээ. Чайтра хичээлээ үргэлжлүүлэн хийж амьдралаа өөрчлөн 2024 онд баптисм хүртсэн. Тийм ээ, шинэ хүмүүс бидний сайн үйлсийг, ялангуяа нэг нэгнээ хэрхэн хайрлаж буйг хараад Еховад үйлчлэх хүсэлтэй болдог (Мат. 5:16).
6. Ах дүүстэйгээ дотно байх нь хэрхэн хамгаалалт болдог вэ?
6 Ах дүүстэйгээ дотно байх нь бидэнд хамгаалалт болдог. Паул итгэл нэгтнүүддээ «Өдөр бүр нэг нэгнээ урамшуулан зоригжуулж бай. Тэгвэл хэн чинь ч мэхлэх чадалтай нүглээс болж хатуурахгүй юм» гэжээ (Евр. 3:13). Хэрэв сэтгэлээр унаснаас болж зөв юм хийхэд хэцүү санагдвал, энэ байдлыг анзаарсан итгэл нэгтнийг Ехова тан руу явуулж урамшуулна (Дуу. 73:2, 17, 23). Ийм тусламж бидэнд үнэхээр тустай.
7. Хайр эв нэгдэл хоёр ямар холбоотой вэ? (Колосай 3:13, 14).
7 Нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрлахыг хичээдэг Гэрчүүд бид олон ивээл хүртдэг (1 Ёох. 4:11). Жишээ нь бид хайрандаа хөтлөгдөн бие биедээ «хүлээцтэй хандаж», улмаар Христийн дагалдагчдын эв нэгдэлд хувь нэмэр оруулдаг (Колосай 3:13, 14-ийг уншина; Эф. 4:2–6). Тийм учраас манай хурлуудад өөр хаана ч байхгүй таатай орчин ноёлдог.
БИЕ БИЕЭ ХҮНДЭТГЭХ НЬ
8. Ехова бидэнд хэрхэн тусалж эв нэгдэлтэй байлгадаг вэ?
8 Дэлхий даяарх итгэл нэгтнүүд маань эв нэгдэлтэй байдаг нь үнэхээр гайхамшиг билээ. Төгс бус бид ийм байж чаддаг нь зөвхөн Еховагийн ач юм (1 Кор. 12:25). Библид бичсэнээр бид «бие биеэ хэрхэн хайрлахыг Бурхнаар заалгасан» (1 Тес. 4:9). Өөрөөр хэлбэл нэг нэгэнтэйгээ дотносохын тулд чухам яах ёстойг Ехова Сударт бичүүлсэн. Бид сургаалыг нь нямбай судалж, амьдралдаа хэрэгжүүлдэг нь «Бурхнаар заалгаж» байгаа хэрэг (Евр. 4:12; Яак. 1:25). Еховагийн Гэрчүүд яг ингэхийг маш их хичээдэг.
9. Ром 12:9–13-т бичсэнээс ах дүүгээ хүндлэх талаар юу ойлгосон бэ?
9 Нэг нэгэнтэйгээ дотносохыг Бурхны Үг бидэнд хэрхэн заадаг вэ? Энэ талаар элч Паул Ром 12:9–13-т юу гэж хэлснийг бодоорой (уншина). Ялангуяа «Ах дүүгээ өөрөө эхлээд хүндэл» гэснийг анхаарна уу. Үүнийг юу гэж ойлгох вэ? Бид уучлах, зочломтгой, өгөөмөр байх зэргээр бие биедээ хайраа илэрхийлэхийн тулд санаачилга гаргах хэрэгтэй (Эф. 4:32). Хэн нэгэн ирэхийг хүлээхийн оронд та «өөрөө эхлээд» дотносоорой. Тэгвэл Есүсийн «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж хэлснийг өөрийн биеэр мэдэрнэ (Үйлс 20:35).
10. «Ах дүүгээ ... хүндлэхдээ» хэрхэн хөдөлмөрч байх вэ? (Бас зургийг үзээрэй).
10 Паул ах дүүгээ өөрөө эхлээд хүндэл гэж хэлэнгүүтээ дараа нь «Бүү залхуур, хөдөлмөрч бай» гэж хэлсэн нь сонирхолтой. Хөдөлмөрч гэдгээр хичээл зүтгэлтэй, ажилсаг хүнийг хэлдэг. Ийм хүн даалгавар авахаараа нягт нямбай биелүүлдэг. Сургаалт үгс 3:27, 28-д «Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз» гэж байдаг. Энд бичсэний дагуу бид тусламж хэрэгтэй байгаа хэн нэгнийг мэдвэл тээнэгэлзэн суугаад байх юм уу өөр хүн туслах байх гэж бодолгүй аль болохоор хурдан тусалдаг (1 Ёох. 3:17, 18).
Бид санаачилгатай байн тусламж дэмжлэг хэрэгтэй нэгэндээ тус болох ёстой (10-р догол мөрийг үзээрэй)
11. Яадаг бол бие биетэйгээ дотносох вэ?
11 Бусдыгаа хүндэлдэг хүн бас өөрийг нь гомдоосон хүнийг даруухнаар уучилдаг. Эфэс 4:26-д «Нар жаргахаас өмнө уурлахаа боль» гэж байдаг. Яагаад? Ингэвэл 27-р зүйлд бичсэнээр «Диаволд боломж» өгөөгүй гэсэн үг. Ехова Үгэндээ нэг нэгнээ уучлахыг дахин дахин сануулдаг. Колосай 3:13-т «Бие биеэ дуртайяа уучилж байгаарай» гэж уриалжээ. Бусадтайгаа дотносох хамгийн сайн аргуудын нэг нь алдаа дутагдлыг нь уучлах юм. Ингэдэг бол «амар тайвныг эрхэмлэн, Бурхны агуу хүчээр удирдуулж, эв нэгдэлтэй» байгаа хэрэг (Эф. 4:3). Товчхон хэлбэл уучилдаг бол хурлынхаа эв нэгдэл, амар тайванд хувь нэмэр оруулна.
12. Уучилдаг байхад маань Ехова хэрхэн тусалдаг вэ?
12 Биднийг гомдоосон хүнийг уучилна гэдэг үнэндээ амаргүй л дээ. Гэхдээ Бурхны агуу хүчний тусламжаар уучилж чадна. «Ах дүүгийн ёсоор бие биеэ хайрла», «Хөдөлмөрч бай» гэсний дараа Ром 12:11-т «Бурхны агуу хүчээр удирдуулан хичээл зүтгэлтэй бай [«шат», зүүлт]» гэжээ. Агуу хүчний нөлөөгөөр «шатаж» буй хүн хичээл зүтгэлтэй, урам зоригоор дүүрэн байдаг. Тэгэхээр нэг нэгнээ хайрлаж, дуртайяа уучлахад маань агуу хүч тусалдаг байх нь. Еховагаас тусламж гуйдгийн маань учир энэ юм (Лук 11:13).
«ТА НАРЫН ДУНД ХАГАРАЛ БҮҮ ГАРАГ»
13. Юуны улмаас хурал дотор хагарал гарч болзошгүй вэ?
13 Манай хурлуудад янз янзын гарал үүсэл, яс үндэстэй хүмүүс байдаг (1 Тим. 2:3, 4). Тиймээс бид болгоомжтой байхгүй бол хувцаслалт, гадаад байдал, эрүүл мэнд, зугаа цэнгэл зэрэг асуудлаар өөр өөр шийдвэр гаргадгийн улмаас хурал дотор хагарал гарч магадгүй (Ром 14:4; 1 Кор. 1:10). Бие биеэ хэрхэн хайрлахыг Бурхнаар заалгасан учраас бид өөрийнхөө сонголтыг л зөв гээд бусдад тулгах ёсгүй (Флп. 2:3).
14. Бид үргэлж яахыг хичээх хэрэгтэй вэ? Яагаад?
14 Бид үргэлж бие биеийнхээ урам зоригийг бадрааж, сэтгэлийг нь сэргээдэг бол хуралд хагарал гарахаас сэргийлж чадна (1 Тес. 5:11). Сүүлийн үед, Гэрч байх эрхээ хасуулсан юм уу идэвхгүй болсон олон хүн хуралдаа буцаж ирсээр байна. Бид тэднийгээ халуун дотноор хүлээн авдаг! (2 Кор. 2:8). 10 жил идэвхгүй байсан Гэрч эмэгтэй цуглааны танхимд иржээ. Тэрбээр: «Хүн болгон инээмсэглэж, гарыг минь атгасан» гэжээ (Үйлс 3:19). Сайхан сэтгэлийн угаас гарсан ийм энгийн зүйлс түүнд хэрхэн нөлөөлсөн бэ? «Ехова намайг дахин аз жаргалтай болоход тусалж байгаа юм шиг санагдсан» гэж ярьсан. Хэрэв бид нэг нэгнийхээ сэтгэл санааг сэргээхийг хичээдэг бол «эцэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн» хүмүүст Есүс биднээр туслуулна (Мат. 11:28, 29).
15. Хурлынхаа эв нэгдэлд хувь нэмэр оруулах өөр ямар арга байдаг вэ? (Бас зургийг үзээрэй).
15 Бид бас үг яриагаараа хурлынхаа эв нэгдэлд хувь нэмэр оруулах боломжтой. Иов 12:11-т «Хэл хоолыг амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?» гэж бий (ШЕ). Сайн тогооч хоолоо аягалахаас өмнө үргэлж амсаж үздэгийн адил бид үгээ сайтар бодож байгаад хэлэх ёстой (Дуу. 141:3). Бид дандаа бусдыгаа урамшуулах, сэргээх, «сонсогчид тустай үг хэлэхийг» зорих учиртай (Эф. 4:29).
Юу хэлэхээ эхлээд сайн бодоорой (15-р догол мөрийг үзээрэй)
16. Ялангуяа хэн хэн урам нэмэх үг хэлдэг байх ёстой вэ?
16 Ялангуяа нөхрүүд болон эцэг эхчүүд урам хайрлах үг хэлдэг байх ёстой (Кол. 3:19, 21; Тит 2:4). Ахлагчид ч Еховагийн сүргийн хоньчид тул итгэл нэгтнүүдээ сэргээж, тайвшруулах учиртай (Ис. 32:1, 2; Гал. 6:1). Библид «Цагаа олсон үг юутай сайхан бэ!» гэсэн сургаал үг байдаг (Сур. 15:23).
«ҮНЭХЭЭР ХАЙРЛАДГАА ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ ХАРУУЛ»
17. Ах дүүсээ гэсэн хайр маань чин сэтгэлийнх гэдгээ хэрхэн батлан харуулах вэ?
17 Элч Паул бидэнд «Хүүхдүүд ээ, ах дүүгээ хайрладаг гэж яриад байх биш, үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуул» гэж зөвлөсөн (1 Ёох. 3:18). Бид итгэл нэгтнүүдээ чин зүрхнээсээ хайрлахыг хүсдэг. Яавал ийн хайрлах вэ? Тэдэнтэйгээ хамт байх тусам улам дотносно, дотносох тусам улам их хайрлана. Тиймээс цуглаанд очих, дэлгэрүүлэхдээ тэдэнтэйгээ хамт байх боломжийг бүрдүүлээрэй. Цаг гаргаад ах дүүсийндээ очиж байгаарай. Ингэдэг бол «бие биеэ хэрхэн хайрлахыг Бурхнаар заалгадгаа» батлан харуулна (1 Тес. 4:9). Мөн «ах дүүс хамтдаа эв нэгдэлтэй амьдрах нь хэчнээн сайхан, хэчнээн тааламжтайг» өөрийн биеэр мэдэрнэ! (Дуу. 133:1, ШЕ).
ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе