Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 4 сар х. 20-25
  • Та хэзээ ч ганцаараа биш

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Та хэзээ ч ганцаараа биш
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УДИРДДАГ
  • ХЭРЭГЦЭЭГ МААНЬ ХАНГАДАГ
  • ХАМГААЛДАГ
  • ТАЙВШРУУЛДАГ
  • ЕХОВА ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ
  • Ехова бол «амьд Бурхан» гэдгийг мартахгүй байя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Ехова «эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагаадаг»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Өгдөг хүн илүү их жаргалтай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 4 сар х. 20-25

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 17

ДУУ 31 Бид бол Еховагийн Гэрч!

Та хэзээ ч ганцаараа биш

«Би ... чамд тусална» (ИС. 41:10).

ГОЛ САНАА

Ехова бидэнд ямар 4 аргаар тусалдаг вэ?

1, 2. а) Сорилт тулгарахад та ганцаараа биш гэж яагаад хэлэх вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

ХҮНД сорилт тулгарахлаар далайн шуургатай үед хөвж яваа жижигхэн завинд ганцаархнаа байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ үнэндээ та ганцаараа биш ээ. Тэнгэрийн хайр халамжтай Эцэг маань бидэнд зовлон учирсныг мэдээд зогсохгүй даван гарахад туслахаа амладаг. Тэрбээр үнэнч үйлчлэгчдэдээ «Би ... чамд тусална» гэж хайрын сэтгэлээр хэлдэг (Ис. 41:10).

2 Энэ өгүүллээр Ехова биднийг хэрхэн 1) удирдаж, 2) хэрэгтэй юмаар хангаж, 3) хамгаалж, 4) тайвшруулдгийг ярилцана. Амьдралд ямар ч бэрхшээл учирсан Ехова таныг хэзээ ч мартахгүй, хаяхгүй. Тийм ээ, та хэзээ ч ганцаараа биш шүү.

УДИРДДАГ

3, 4. Ехова биднийг хэрхэн удирддаг вэ? (Дуулал 48:14).

3 Дуулал 48:14-ийг уншина. Биднийг өөрөө өөрсдийгөө удирдаж чадахгүй гэдгийг Ехова мэддэг. Өнөөдөр үнэнч үйлчлэгчдээ хэрхэн удирддаг вэ? Нэг арга нь Библиэр (Дуу. 119:105). Тэрбээр бидэнд Үгээрээ одоо жаргалтай, ирээдүйд мөнх амьдрахын тулд ямар шийдвэр гаргаж, ямар зан чанар хөгжүүлэх хэрэгтэйг зааж өгдөг.a Тухайлбал, бусдыг уучлаад уурлахаа болих, бүх юманд үнэнч шударга байх, бие биеэ чин сэтгэлээсээ хайрлахыг заадаг (Дуу. 37:8; Евр. 13:18; 1 Петр 1:22). Эдгээрийг хэрэгжүүлдэг бол бид илүү сайн эцэг эх, хань ижил, анд найз болно.

4 Түүнээс гадна Ехова Үгэндээ соригдож явсан хүмүүсийн тухай бичүүлсэн. Тэд бидэн шиг л хүмүүс байсан (1 Кор. 10:13; Яак. 5:17). Тэдний бодит түүхийг уншиж, сургамжийг нь хэрэгжүүлэх нь тустай. Жишээ нь, ийм зовлон туулж байгаа нь ганцхан би биш гэдгээ ойлгоно. Өөр хүнд ч таныхтай төстэй сорилт тулгарч байсан бөгөөд тэд Еховагийн тусламжаар тэвчиж чадсан (1 Петр 5:9). Бас бид сорилтыг хэрхэн давахаа мэдэж авна (Ром 15:4).

5. Ехова биднийг хэнээр удирдуулдаг вэ?

5 Ехова мөн итгэл нэгтнүүдээр удирдуулдаг.b Тухайлбал дүүрэг хариуцагчид биднийг урамшуулахын тулд хурлуудад тогтмол эргэлт хийнэ. Тэдний тавьдаг илтгэлийн ачаар итгэл батжиж, бид эв нэгдэлтэй байдаг (Үйлс 15:40—16:5). Ахлагчид хурлынхаа дэлгэрүүлэгч бүрийн Еховатай тогтоосон харьцааг анхаарч чин сэтгэлээсээ санаа тавина (1 Петр 5:2, 3). Эцэг эхчүүд хүүхдэдээ Еховаг хайрлах, зөв шийдвэр гаргах, сайн хэвшилтэй байхыг заадаг (Сур. 22:6). Христийн төлөвшсөн дагалдагч эмэгтэйчүүд охид бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болж, тустай зөвлөгөө өгч, урам зориг хайрладаг (Тит 2:3–5).

6. Еховагаар удирдуулж, ач тусыг нь хүртэхийн тулд бид яах хэрэгтэй вэ?

6 Ехова бидэнд зөв шийдвэр гаргаж, жаргалтай амьдрахад хэрэгтэй бүх удирдамжийг өгдөг. Тэгэхээр бид ач тусыг нь хүртье гэвэл яах хэрэгтэй вэ? Сургаалт үгс 3:5, 6-д «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ» гэж бий. Үүнийг хэрэгжүүлдэг бол «Тэр [бидний] замыг шулуун болгох» буюу янз бүрийн асуудлаас хол байж, жаргалтай амьдрахад маань тусална. Ехова хүн нэг бүрийг хайрлаж, тохирсон зөвлөгөө өгдөгт бид маш их талархдаг! (Дуу. 32:8).

ХЭРЭГЦЭЭГ МААНЬ ХАНГАДАГ

7. Ехова бидний ямар хэрэгцээг хангадаг вэ? (Филиппой 4:19).

7 Филиппой 4:19-ийг уншина. Ехова биднийг удирдаад зогсохгүй хоол хүнс, хувцас хунар, орон байр зэрэг зайлшгүй хэрэгцээгээ хангах гэж чармайдгийг маань ивээдэг (Мат. 6:33; 2 Тес. 3:12). Ийм хэрэгцээнийхээ төлөө санаа зовох нь ойлгомжтой ч хэтэрхий санаа зовохгүй байхыг Ехова зөвлөдөг (Мат. 6:25). Яагаад? Учир нь бидний Эцэг Ехова үйлчлэгчдээ хэзээ ч орхихгүй (Мат. 6:8; Евр. 13:5). Тэрбээр хэрэгцээг маань хангана гэж хэлсэн л бол биелүүлэх тул бид түүнд бат итгэдэг.

8. Ехова Давидад хэрхэн тусалсан бэ?

8 Ехова Давидад хэрхэн тусалсныг бодъё. Саул хаанаас зугтаж байсан тэр хэцүү цагт түүний болон хүмүүсийнх нь хэрэгцээг хангадаг байв. Ехова өөрийг нь халамжилж ирсэн он жилүүдийг бодон Давид: «Би залуугаасаа хөгширтлөө зөв хүн хаягдахыг, хүүхэд нь талх гуйж байхыг үзээгүй» гэж бичжээ (Дуу. 37:25, ШЕ). Ехова хайрын сэтгэлээр үнэнч үйлчлэгчдийнхээ хэрэгцээг хангаж байхыг та ч харсан биз ээ.

9. Өнөөдөр гамшиг болоход Ехова ард түмнийхээ хэрэгцээг хэрхэн хангадаг вэ? (Бас зургийг үзээрэй).

9 Ехова гамшгийн үед ч ард түмнийхээ хэрэгцээг хангадаг. Жишээлбэл I зуунд өлсгөлөн болоход газар газрын дагалдагчид гачигдаж буй ах дүүстээ тусламжийн бараа илгээсэн (Үйлс 11:27–30; Ром 15:25, 26). Өнөөдөр ч Бурхны ард түмэн өгөөмөр сэтгэл илэрхийлэн тусламжийн ажилд оролцдог. Гамшигт нэрвэгдсэн ах дүүсээ хоол хүнс, ундны ус, хувцас хунар, эм тариа гэх зэрэг зайлшгүй хэрэгтэй зүйлээр хангах хүслийг Ехова үйлчлэгчдэдээ төрүүлдэг. Барилгын багийнхан эвдэрч нурсан цуглааны танхим болон итгэл нэгтнүүдийнхээ гэр орныг засаж янзалдаг. Мөн гэр орноо алдсан, хайртай хүнээсээ хагацсан нэгнээ тайвшруулж, Библийн үгээр зоригжуулдаг.c

Зургууд: Байгалийн гамшигт нэрвэгдсэн Малавийн ах дүүсийг маань хэрэгцээт юмаар хангаж, бас тайвшруулж байна. 1. Томоохон нутаг дэвсгэр үерт автсан байна. 2. Гэйж Флийгл итгэл нэгтнүүдтэй ярилцаж байна. 3. Эрчүүд машинаас боож багласан хүнс буулгаж байна.

Ехова биднийг гамшгийн үеэр хэрхэн тайвшруулдаг вэ? (9-р догол мөрийг үзээрэй)e


10, 11. Борист тохиолдсон явдлаас та юу мэдэж авсан бэ?

10 Ехова өөрийг нь шүтдэггүй хүмүүст ч харамгүй сэтгэлээр тусалдаг. Бид Еховаг дуурайж түүнд үйлчилдэггүй хүмүүст сайхан сэтгэлээр туслах боломжийг хайдаг (Гал. 6:10). Ингэдэг бол Еховагийн тухай дэлгэрүүлэх боломж гарч болох юм. Украины нэг сургуулийн захирал Борисын тухай ярилцъя. Еховагийн Гэрч биш ч тэрбээр Гэрч сурагчдадаа сайнаар хандаж, итгэл үнэмшлийг нь хүндэтгэдэг ажээ. Дайны улмаас аюулгүй газар луу зугтах хэрэг гарахад нь итгэл нэгтнүүд маань түүнд тусалсан. Хожим нь тэрбээр Христийн нас барсныг дурсах цуглаанд суусан. Өөрт нь тохиолдсон явдлыг дурсан «Еховагийн Гэрчүүд надад сайхан сэтгэлээр хандаж, санаа тавьсан. Би тэдэнд талархдаг» гэж ярьжээ.

11 Еховаг шүтдэг ч бай, үгүй ч бай тусламж хэрэгтэй хэнд ч хайраа илэрхийлж бид тэнгэрийн энэрэнгүй Эцгээ дуурайх боломжтой (Лук 6:31, 36). Ийнхүү хайраа илэрхийлдэг бол хүмүүс Еховагийн тухай мэдэх, бүр үйлчлэгч нь ч болох хүсэлтэй болж магадгүй гэж найддаг (1 Петр 2:12). Гэхдээ ийм юм болохгүй ч бид өгөхийн жаргал эдэлнэ (Үйлс 20:35).

ХАМГААЛДАГ

12. Ехова ард түмнээ нийтэд нь хэрхэн хамгаалахаа амладаг вэ? (Дуулал 91:1, 2, 14).

12 Дуулал 91:1, 2, 14-ийг уншина. Өнөөдөр Ехова өөртэй нь тогтоосон харьцаанд сэв суулгах бүхнээс ард түмнээ хамгаалахаа амладаг. Тэрбээр Сатанд жинхэнэ шүтлэгийг гажуудуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй (Ёох. 17:15). Мөн «агуу их гамшиг» болоход бат итгэлтэй байхад нь ард түмэндээ тусалж, аварна гэдэгт бид бүрэн итгэдэг (Илч. 7:9, 14).

13. Ехова бидний хүн нэг бүрийг хэрхэн хамгаалдаг вэ?

13 Ехова бидний хүн нэг бүрийг хэрхэн хамгаалдаг вэ? Юу нь зөв, юу нь буруу болохыг Сударт бичүүлсэн (Евр. 5:14). Үгэн дэх зарчмуудыг нь дагадаг бол Бурхантай тогтоосон харьцаагаа хамгаална, аз жаргалтай, эрүүл саруул амьдарна (Дуу. 91:4). Мөн хурлууд хамгаалалт болдог (Ис. 32:1, 2). Еховаг хайрладаг, зарчмынх нь дагуу амьдардаг хүмүүсийн дунд байдаг учраас бид урам зоригтой болж, мууг эсэргүүцэж чаддаг (Сур. 13:20).

14. а) Бурхан биднийг яагаад бүх сорилтоос хамгаалдаггүй вэ? б) Дуулал 9:10 юуг баталдаг вэ? (Бас зүүлтийг үзээрэй).

14 Ехова эрт үед зарим үйлчлэгчээ бодитоор хамгаалж байсан. Гэхдээ бүх тохиолдолд биш ээ. Бид хааяа «санамсаргүй тохиолдлоос» болж зовдог (Ном. 9:11, ШЕ). Мөн Ехова Сатаны худалчийг нотлохын тулд үйлчлэгчдээ хавчигдахыг, бүр үхэхийг зөвшөөрч байсан (Иов 2:4–6; Мат. 23:34). Өнөөдөр ч мөн адил. Биднийг сорилт болгоноос ангижруулдаггүй ч өөрийг нь хайрладаг хүмүүсийг хэзээ ч орхихгүй гэдэгт бид бат итгэлтэй байдаг (Дуу. 9:10).d

ТАЙВШРУУЛДАГ

15. Бид залбирч, Бурхны Үгийг уншиж, итгэл нэгтнүүдтэйгээ уулзахаараа хэрхэн тайвширдаг вэ? (2 Коринт 1:3, 4).

15 2 Коринт 1:3, 4-ийг уншина. Бидэнд гашуудах, санаа зовних, сэтгэлээр унах үе байдаг. Яг одоо таны сэтгэл хямран ганцаардаж байж болох юм. Сэтгэлийг тань ойлгох нэгэн байгаа болов уу? Тийм ээ, Ехова ойлгодог. Тэрбээр ойлгоод зогсохгүй «ямар ч зовлон тохиолдоход ... тайвшруулдаг». Яаж? Шаргуу залбирахад «хүний ухаанаас давуу амар тайвныг» өгдөг (Флп. 4:6, 7). Бас Библи биднийг тайвшруулдаг. Библи уншихлаар Еховагийн хайрыг мэдэрч, мэргэн ухаантай болж, найдвараа санан сэтгэл сэргэдэг. Мөн цуглаанд очихоор биднийг хайрладаг ах дүүстэйгээ уулзаж, Библид үндэслэсэн урмын үг сонсоод тайвширдаг.

16. Натан Приссилла хоёрт тохиолдсон явдлаас та юу мэдэж авсан бэ?

16 Ехова Библиэрээ хэрхэн тайвшруулж, урамшуулдгийг харуулах нэг жишээг ярилцъя. АНУ-д амьдардаг Натан Приссилла хоёр хэдэн жилийн өмнө дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар нүүхээр шийджээ. Натан: «Ехова хичээл зүтгэлийг маань ивээнэ гэдэгт бид итгэлтэй байлаа» гэсэн. Гэвч шинэ газартаа очоод удаагүй байтал хоёулангийнх нь эрүүл мэнд гэнэт муудаж, мөнгө төгрөгөөр гачигджээ. Эцэст нь гэртээ харихаас өөр аргагүйд хүрч, нутаг буцсан ч мөнгөний асуудалтай хэвээр байв. Натан: «Бурхан биднийг яагаад ивээгээгүй юм бол гэж өөрийн эрхгүй бодсон. Бүр ямар нэг буруу зүйл хийсэн юм байх даа гэж ч бодогдсон» гэжээ. Гэхдээ Бурхан хэцүү үед нь орхиогүйг Натан Приссилла хоёр яваандаа ойлгосон. Натан: «Тэр үед ухаалаг найз шиг биднийг тайвшруулж, чиглүүлж байсан нь Библи юм. Бэрхшээлээ л анхаарахын оронд, үүнийг давахад Ехова хэрхэн тусалсныг анхаарсан нь хожмын сорилт, бэрхшээлийг давахад тус болсон» гэж ярьжээ.

17. Ехова Хелгаг хэрхэн тайвшруулсан бэ? (Бас зургийг үзээрэй).

17 Итгэл нэгтнүүд маань бас биднийг тайвшруулдаг. Яаж? Унгарт амьдардаг Хелгагийн жишээг бодъё. Олон жилийн турш түүнд янз бүрийн зовлон учирч, улмаар цөхөрч, өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж боддог байв. Гэхдээ өнгөрснөө эргэн бодоод Ехова хурлынхнаар нь тайвшруулж байсныг ойлгосон. Тэрбээр: «Ажил хийж, өвчтэй хүүхдээ асарч, бас өөр сорилт тулгараад хүчин мөхөстөж байхыг минь Ехова хараад үргэлж намайг дэмжиж байсан. Тайвшруулна гэсэн амлалтаа сүүлийн 30 жилийн хугацаанд нэг ч өдөр алгасалгүй биелүүлсэн. Гол нь ах дүүсийн урмын үгээр намайг хүчирхэгжүүлсэн. Тэд хамгийн хэрэгтэй үед минь мессеж илгээж, ил захидал өгч, магтаалын үг хэлж байсан» гэжээ.

Зургууд: Настай Гэрч эрэгтэйн сэтгэл сэргэж байна. 1. Тэрбээр хүүхдүүдийн зурж өгсөн зургийг харж байна. 2. Гэрч залуу түүнд мессеж илгээж байна. 3. Гэрч хос түүнд тортой хүнс болон пицца аваад ирж байна. 4. Гэрч эрэгтэй түүн рүү залгаж байна. 5. Нэг охин түүнд өгөх гээд Диваажингийн зураг зурж байна. Зурган дээр арслан харагдаж байна.

Ехова үйлчлэгчдээ тайвшруулахдаа танаар юу хийлгэх бол? (17-р догол мөрийг үзээрэй)


18. Бусдыг хэрхэн тайвшруулах вэ?

18 Бид бусдыг тайвшруулан Бурхнаа дуурайдаг. Хэрхэн тайвшруулах вэ? Яриаг нь анхааралтай сонсож, сэтгэл сэргээм үг хэлж, бодитой тусламж үзүүлээрэй (Сур. 3:27). Бурханд үйлчилдэг ч бай, үгүй ч бай зовж буй бүх хүнийг тайвшруулахыг бид хүсдэг. Уй гашууд автсан, өвдөж шаналсан, санаа зовж байгаа хүн рүү очиж, яриаг нь чих тавин сонсож, Библиэс урмын үг хуваалцацгаая. «Ямар ч үед тайвшруулдаг Бурхан» Еховаг дуурайдаг бол сорилтыг тэвчихэд нь итгэл нэгтнүүддээ туслаад зогсохгүй, итгэгч бус хүмүүст Бурхны тухай мэдэх хүсэл төрүүлж ч магадгүй (Мат. 5:16).

ЕХОВА ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ

19. Ехова биднийг яадаг вэ? Бид түүнийг хэрхэн дуурайх вэ?

19 Ехова өөрийг нь хайрладаг бүх хүнд маш их санаа тавьдаг. Хүнд бэрх үед биднийг орхидоггүй. Хүүхдээ хайрлан халамжилдаг эцэг эхийн адилаар үнэнч үйлчлэгчдээ анхааран халамжилдаг. Биднийг удирдаж, хэрэгтэй юмаар хангаж, хамгаалж, тайвшруулдаг. Бид тэнгэрийн Эцгээ дуурайн сорилттой тулгарч буй нэгнээ дэмжиж, урамшуулдаг. Өөрсдөө соригдож, сэтгэлийн зовлон амсаж болох ч Ехова хамт гэдэгт итгэдэг. Тэрбээр: «Би чамтай хамт байгаа тул бүү ай!» гэж амласан шүү дээ (Ис. 41:10). Ямар тайвширмаар юм бэ! Тийм ээ, та хэзээ ч ганцаараа биш.

ЕХОВА ХЭРХЭН ...

  • удирддаг вэ?

  • хэрэгцээг маань хангадаг вэ?

  • хамгаалж, тайвшруулдаг вэ?

ДУУ 50 Хайрын Бурхныг дууриая

a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2011 оны 4-р сарын 15-ны дугаарт буй «Бурхны алдрын төлөө шийдвэр гаргагтун» өгүүллийг уншаарай.

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2024 оны 2-р сарын дугаарт буй «Еховагийн удирдамжийг дагаж байцгаая» өгүүллийн 11–14-р догол мөрийг уншаарай.

c jw.org сайтын хайх хэсэгт «гамшигт нэрвэгдэгсдэд туслах» гэж бичээд сүүлийн үеийн жишээнүүдийг олж үзээрэй.

d «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2017 оны 2-р сарын дугаарт буй «Уншигчдын асуулт»-ыг уншаарай.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Байгалийн гамшигт нэрвэгдсэн Малавийн ах дүүсийг маань хэрэгцээт юмаар хангаж, бас тайвшруулж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах