Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 6 сар х. 26-31
  • Агуу Багшаасаа амьдралынхаа туршид сурсан минь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Агуу Багшаасаа амьдралынхаа туршид сурсан минь
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЭЦЭГ ЭХИЙН МИНЬ ҮЛГЭР ЖИШЭЭ
  • БҮРЭН ЦАГААР ҮЙЛЧЛЭХИЙН АМТЫГ МЭДЭРСЭН НЬ
  • МИССИОНЕРЫН АМЬДРАЛ
  • ЕВРОПТ, ДАРАА НЬ АФРИКТ
  • ОЙРХ ДОРНОДОД
  • ДАХИН АФРИКТ
  • Зүрх алдаагүй
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Ехова намайг төсөөлөхийн аргагүйгээр ивээсэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Ехова миний замыг шулуун болгосон
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Еховад үйлчлээд авсан гэнэтийн сонин бэлгүүд болон сургамж
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 6 сар х. 26-31
Франко Дагостини.

НАМТАР

Агуу Багшаасаа амьдралынхаа туршид сурсан минь

ФРАНКО ДАГОСТИНИ

ЗЭВСЭГЛЭСЭН цэргүүд бүхий шалган нэвтрүүлэх цэгүүд, иргэний дайн, зам дээрх шатаж буй хаалт, хар салхи, нүүдэл суудал. Эдгээр нь эхнэр бид хоёрын эхлэгч, миссионероор үйлчилж байхдаа үзэж туулсан зүйлсийн зарим нь юм. Гэхдээ бид энэ амьдралаа юугаар ч солихгүй! Агуу Багш Ехова маань үргэлж биднийг дэмжиж, ивээж, зааж сургасаар ирсэн (Иов 36:22; Ис. 30:20).

ЭЦЭГ ЭХИЙН МИНЬ ҮЛГЭР ЖИШЭЭ

1950-аад оны сүүлээр эцэг эх маань Италиас Канадын Саскачеваны Киндерслид нүүж очсон. Удалгүй тэд үнэнийг сурч мэдэн, энэ нь манай гэр бүлийн хамгийн чухал зүйл болсон. Хүүхэд байхдаа гэрийнхэнтэйгээ өдөржин дэлгэрүүлдэг байснаа санадаг. Тиймээс 8 настайдаа «туслах эхлэгчээр» үйлчилдэг байсан гэж тоглоом шоглоомоор хааяа ярьдаг юм!

Франко хүү аав ээж, ах дүүгийнхээ хамт.

Гэр бүлийнхэнтэйгээ, 1966 оны үед

Манай аав ээж ядуу байсан ч Еховад чадлынхаа хэрээр үйлчилж сайхан жишээ үзүүлсэн. Жишээ нь 1963 онд АНУ-ын Калифорнийн Пасадэнад болсон олон улсын чуулганд суухын тулд зарим эд хогшлоо зарсан. 1972 онд бид итали хэлтэй хүмүүст дэлгэрүүлэх зорилгоор 1 000 километрийн зайд орших Канад улсын Британийн Колумбын Трэйл гэдэг хот руу нүүв. Аав минь хүнсний нэг том дэлгүүрийн цэвэрлэгч, засвар үйлчилгээний ажилчин байв. Тэрбээр Еховад үйлчлэхийг анхаарахын тулд албан тушаал дэвшүүлэх саналаас нэг биш удаа татгалзаж билээ.

Би эцэг эхдээ их талархдаг. Тэд маань хүүхдүүд бидэндээ сайн жишээ үзүүлсэн. Энэ нь миний хувьд Еховагийн олгосон анхны сургалт болсон юм. Хэрэв Хаант төрийг эн тэргүүнд тавивал Ехова санаа тавина гэж заасныг нь би насан туршдаа санаж явдаг (Мат. 6:33).

БҮРЭН ЦАГААР ҮЙЛЧЛЭХИЙН АМТЫГ МЭДЭРСЭН НЬ

Би 1980 онд, Еховад үйлчлэхийг голлон анхаардаг Дебби гэдэг сайхан эмэгтэйтэй гэрлэсэн. Бид бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэй байлаа. Хуримласнаас хойш 3 сарын дараа Дебби минь байнгын эхлэгч болсон. Гэрлээд жилийн дараа бид хэрэгцээ ихтэй нэг жижиг хуралд шилжиж, би ч эхлэгчээр үйлчилж эхэллээ.

Франко Дебби хоёр хуримынхаа өдөр.

Бидний хуримын өдөр, 1980

Яваандаа бид урам зориггүй болж тэндээс нүүхээр шийдсэн. Гэхдээ эхлээд дүүрэг хариуцагчтай ярилцлаа. Тэрбээр: «Та нар нөхцөл байдлаа өөрсдөө л хүндээр тусгаж аваад байна. Сөрөг талыг анхаарахын оронд эерэг талыг харахыг хичээ. Тэгвэл олно шүү дээ» гэж хайрандаа хөтлөгдөн шулуухан хэлсэн. Яг л бидэнд хэрэгтэй зөвлөгөө байв (Дуу. 141:5). Бид шууд хэрэгжүүлж, үнэхээр олон эерэг тал байсныг удалгүй анзаарсан. Хурлын хүүхэд залуус, итгэгч бус хань ижилтэй хүмүүс ч Еховад илүү их үйлчлэхийг хичээж байсан. Энэ нь бидэнд маш сургамжтай байв. Хэцүү санагдах нөхцөл байдлын эерэг талыг харж, Ехова асуудлыг шийдтэл хүлээх хэрэгтэйг бид ойлгосон юм (Мика 7:7). Бид дахин баяр хөөртэй болж, нөхцөл байдал маань ч сайжирсан.

Эхлэгчийн сургуульд анх сурахад багшилж байсан ах нар өмнө нь гадаадад үйлчилж байжээ. Тэд тэр үед авхуулсан зургаа үзүүлж, ямар бэрхшээл тулгарч, ямар ивээл хүртсэнээ ярьсан нь миссионероор үйлчлэх хүслийг маань бадраасан юм. Тиймээс бид миссионер болох зорилго тавьсан.

Их цас орсны дараа цуглааны танхимын зогсоолыг цэвэрлэсэн байгаа нь.

Британийн Колумбын цуглааны танхимд, 1983

Зорилгоо биелүүлэхийн тулд бид франц хэлтэй хүмүүст дэлгэрүүлэхээр Британийн Колумбаас 4 000 гаруй километрийн зайд байх Кебект 1984 онд нүүж очлоо. Тэндхийн хэлийг сурч, шинэ ахуй соёлтой танилцах хэрэг гарсан. Бидэнд тулгарсан нэг асуудал нь мөнгө төгрөгийн гачигдал байв. Нэг хэсэг бид тариан талбай дахь төмсний үлдэгдэл түүн амьдарсан. Дебби төмсөөр янз янзын маш амттай хоол хийдэг байлаа! Бэрхшээл мундахгүй ч баяр хөөрөө алдахгүйг хичээдэг байв. Гэхдээ үүнээс илүү нь Ехова биднийг харж хандаж байгааг мэдэрсэн (Дуу. 64:10).

Нэг өдөр Канадын Бетелээс залгаж, тэнд үйлчлэхийг санал болгосон. Бид их баярласан ч өмнө нь Гилеадад сурах анкет бөглөсөн учир самгардав. Гэхдээ саналыг хүлээн авч, Бетел рүү нүүлээ. Очингуутаа Салбарын хорооны гишүүн Кеннет Литлээс «Бид Гилеад сургуулийн анкет бөглөсөн. Тэгэхээр яах вэ?» гэж асуухад тэрбээр: «Уригдахаар нь л болъё» хэмээн хариулсан.

Долоо хоногийн дараа бид хоёрт Гилеадад сурах урилга ирлээ. Тиймээс шийдвэр гаргах хэрэгтэй болов. Литл бидэнд «Та нар алийг нь ч сонгосон, хожмын нэг өдөр нөгөөг нь сонгодог байж дээ гэж бодож болох юм. Нэг л зам дандаа сайн байна гэж байхгүй. Ехова аль алийг нь ивээнэ» гэж хэлсэн. Бид Гилеад сургуульд сурахаар шийдэв. Литлийн хэлсэн үг үнэн байсныг цаг хугацаа харуулсан. Еховад үйлчлэхдээ аль нэг даалгаврыг сонгох шаардлагатай болсон хүнд Литлийн зөвлөгөөг хэлж өгдөг.

МИССИОНЕРЫН АМЬДРАЛ

(Зүүн) Юлисис Гласс

(Баруун) Жэк Рэдфорд

Бид 1987 оны 4-р сараас Нью-Йоркийн Бруклин дахь Гилеад сургуулийн 83-р ангид суралцах болсондоо хөл газар хүрэхгүй баярласан. Манай анги 24 сурагчтай. Юлисис Гласс, Жэк Рэдфорд үндсэн багш нар маань байв. 5 сар ч нүд ирмэхийн зуур өнгөрч, 1987 оны 9-р сарын 6-нд бид сургуулиа дүүргэсэн. Бид хоёр Жон Гүүд, Мэри Гүүдтэй хамт Хаитид томилогдлоо.

Дэлгэрүүлж буй Франко Дебби хоёр, Хаитигийн далайн эрэг дээр.

Хаитид, 1988

1962 онд сүүлийн миссионеруудыг албадан гаргаснаас хойш Хаитид дахин миссионер томилогдоогүй байв. Бид сургуулиа төгсөөд 3 долоо хоногийн дараа уулсын дундах алс бөглүү газрын 35 дэлгэрүүлэгчтэй нэг жижиг хуралд үйлчлэхээр очлоо. Залуухан, сурах юм ихтэй бид хоёр миссионерын байранд хоёулхнаа амьдарч байлаа. Тэндхийн хүмүүс туйлын ядуу, уншиж чадах хүн цөөн. Тэр үед бид иргэний дайн, төрийн эргэлт, зам дээрх гал дүрэлзэж буй хаалт, хар салхи зэргийг үзэж туулсан.

Хаитигийн тэсвэр хатуужилтай, баяр баясгалантай ах дүүгээсээ их юм сурсан. Амьдрал нь хүнд хэцүү ч тэд Еховад хайртай, дэлгэрүүлэх дуртай. Настай нэг Гэрч эмэгтэй уншиж чаддаггүй ч Библийн 150 эшлэл цээжээр мэддэг. Бид өдөр бүр болж байгаа явдлыг хараад зөвхөн Бурхны Хаант төр хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийднэ гэдгийг дэлгэрүүлээд л байя хэмээн сэтгэл шулуудсан билээ. Анхны суралцагчдын маань зарим нь байнгын болон тусгай эхлэгч, ахлагч болсныг харах их сайхан байдаг.

Хаитид байхдаа би Мормоны сүмийн Тревор гэдэг нэг залуу миссионертой танилцсан бөгөөд түүнтэй Библийн тухай ярилцах боломж хэд хэдэн удаа олдсон юм. Хэдэн жилийн дараа түүнээс гэнэт захиа хүлээж авлаа. «Ирэх чуулганд би баптисм хүртэнэ! Хаитид буцаж очоод Мормоны миссионероор үйлчилж байсан нөгөө дүүрэгтээ тусгай эхлэгчээр үйлчилмээр байна» гэсэн байв. Тэрбээр хэлсэн үгэндээ хүрч эхнэртэйгээ тэнд олон жил үйлчилсэн.

ЕВРОПТ, ДАРАА НЬ АФРИКТ

Франко ажлын ширээнийхээ ард сууж байна.

Словенид үйлчилж байхдаа, 1994

Европын зарим улсад хорио тавигдаж эхэлсэн тул биднийг тийшээ томилсон. 1992 онд Словенийн Люблянад очлоо. Энэ нь аав ээжийн минь өсөж торнисон газартай ойрхон бөгөөд тэд хожим нь Итали руу нүүсэн юм. Хуучин Югославын нутаг дэвсгэрт гарсан дайн арай дуусаагүй байлаа. Австрийн Вена дахь салбар болон Хорватын Загреб, Сербийн Белград дахь оффисууд тухайн газрын үйл ажиллагааг хариуцдаг байв. Хуучин Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан 4 улс тус тусын Бетелтэй болох гэж байлаа.

Бид өөр хэл сурч, өөр ахуй соёлд дасах хэрэгтэй болов. Нутгийнхны «Jezik je težek» гэж ярьдаг нь «Хэл нь хэцүү» гэсэн утгатай. Нээрээ л хэцүү байсан шүү! Байгууллагын өөрчлөлтөд дуртайяа дасан зохицож буй үнэнч ах дүүсээрээ бахархах сэтгэл төрж, бас Ехова тэднийг хэрхэн ивээж байгааг харсан. Ехова хайрын сэтгэлээр асуудлыг яг тохиромжтой цагт нь шийддэгийг бид дахин мэдэрсэн. Словенид өнгөрүүлсэн он жилүүдэд урьд нь сурсан юмаа улам бататгаж, шинийг ч сурсан.

Гэтэл амьдралд маань дахиад л өөрчлөлт гарав. 2000 онд Баруун Африкийн Кот д’Ивуарт томилогдлоо. Дараа нь 2002 оны 11-р сард иргэний дайн өрнөсний улмаас биднийг Сьерра Леон руу шилжүүлсэн. Тэнд 11 жил үргэлжилсэн иргэний дайн дөнгөж дуусаад байлаа. Ийнхүү Кот д’Ивуараас гэнэт явахаар болсондоо их гуниглаж билээ. Харин өмнө авсан сургамжууд баяр хөөрөө алдахгүй байхад тустай байв.

Бид үржил шимтэй дэлгэрүүлэх хэсэг болон олон жил үргэлжилсэн дайныг тэвчээртэй даван гарсан хайрын сэтгэлтэй ах дүүсээ анхаарсан. Тэд ядуу байсан ч байгаагаа хуваалцана. Нэг Гэрч эмэгтэйг хувцас өгөхөд Дебби авах эсэхдээ тээнэгэлзсэн. Тэгэхэд нь тэрбээр: «Дайны үед өөр орны ах дүүс маань бидэнд тусалсан. Одоо бидний ээлж» гэсэн юм. Бид хоёр тэдний жишээг дуурайх зорилго тавьсан.

Хожим нь бид Кот д’Ивуарт буцаж очлоо. Гэвч улс төрийн хурцадмал байдлаас болж зэвсэгт мөргөлдөөн дахин гарсан тул 2004 оны 11-р сард биднийг нисдэг тэргээр авч явав. Бид ганц ганц цүнхтэй л ниссэн. Тэр шөнөдөө Францын цэргийн баазын шалан дээр хоноод маргааш нь Швейцар луу нисэв. Биднийг салбарт шөнө дунд очиход Салбарын хорооны гишүүд, Үйлчлэл дээшлүүлэх сургуулийн багш нар болон эхнэрүүд нь тэвэрч халуун дотноор угтан авч, халуун хоол, зөндөө швейцар шоколадаар дайлсан. Сэтгэл маш их хөдөлсөн.

Франко Кот д’Ивуарын цуглааны танхимд илтгэл тавьж байна.

Кот д’Ивуарт дүрвэж ирэгсдэд илтгэл тавьж байна, 2005

Биднийг Ганад түр томиллоо. Тэгээд зэвсэгт мөргөлдөөн намжихад Кот д’Ивуар луу буцаав. Сайхан сэтгэлтэй ах дүүсийнхээ ачаар нүүдэл суудал, байнгын томилолт зэрэг амаргүй нөхцөл байдлыг даван туулсан. Еховагийн байгууллагад ийнхүү нэг нэгнээ хайрлах нь ердийн зүйл хэдий ч Дебби бид хоёрын хувьд энэ хайр нь үнэхээр эрхэм нандин зүйл юм. Ийм түгшүүртэй цаг үед ч үнэ цэнтэй олон сургамж авсан.

ОЙРХ ДОРНОДОД

Франко Дебби хоёр Ойрх Дорнодын эртний балгас үзэж байна.

Ойрх Дорнодод, 2007

2006 онд байгууллагын төвөөс нэг захидал ирэхэд биднийг Ойрх Дорнодод томилсныг мэдэв. Дахиад шинэ адал явдал, бэрхшээл, хэл ус, ахуй соёл. Улс төр болон шашин шүтлэгийн хувьд хурцадмал ийм газарт сурах юм их байлаа. Хурлын хүмүүс өөр өөр хэлээр ярьдаг ч байгууллагын удирдамжийг дагаж эв нэгдэлтэй байгааг харсан. Мөн гэр бүлийнхэн, сургуулийнхан, ажлынхан, хөршийнхний эсэргүүцлийг тэвчин зоригтой байгаа тэднээр их бахархсан.

Бид 2012 онд Израйлын Тель-Авивд болсон тусгай чуулганд суув. Тэнд Бурхны ард түмэн МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраас хойш анх удаа ийн олноороо цугларсан. Үнэхээр тэмдэглүүштэй үйл явдал болсон!

Тэр он жилүүдэд манай байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан улс орнууд руу биднийг илгээж байв. Бид хэвлэл авч явж, дэлгэрүүлж, цомхон чуулгануудад суусан. Хаа сайгүй зэвсэглэсэн цэргүүд, шалган нэвтрүүлэх цэгүүд байсан ч бид цөөхөн дэлгэрүүлэгчийн хамтаар анхаарал болгоомжтой явсан учраас тийм ч их айж сандраагүй.

ДАХИН АФРИКТ

Франко нөөтбүүк дээрээ юм шивж байна.

Илтгэл бэлдэж байна; Конго, 2014

2013 онд бид огт төсөөлөөгүй газар буюу Конгогийн Киншаса дахь салбарт томилогдсон. Энэ нь байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, өргөн уудам нутаг бүхий улс боловч хүмүүс нь дэндүү ядуу тарчиг, зэвсэгт мөргөлдөөн их гардаг. «Бид Африкийг мэднэ. Явахад бэлэн» гэсэн бодол эхэндээ төрсөн. Гэхдээ сурах юм их байлаа. Тодруулбал зам, гүүр тавигдаагүй алс бөглүү газруудаар аялж сурах хэрэгтэй болсон. Харин эерэг зүйл олон байсныг онцлууштай. Ах дүүс маань мөнгө төгрөгийн гачигдалтай ч тэвчээртэй, баяр хөөртэй, дэлгэрүүлэх дуртай, цуглаан чуулгануудад суухын тулд их хичээл зүтгэл гаргана. Еховагийн дэмжлэг, ивээлийн ачаар л Хаант төрийн ажил урагшилж байгааг бид нүдээрээ харсан. Конгод бүрэн цагаар үйлчилсэн маань сэтгэлд хоногшиж, гэрийнхнээс өөрцгүй найз нөхөдтэй болсон.

Франко хэсэг ах дүүстэйгээ цуг нэг тосгонд дэлгэрүүлэхээр явж байна.

Дэлгэрүүлж байна; Өмнөд Африк, 2023

2017 оны сүүлээр бид шинэ даалгавар авч Өмнөд Африкт ирсэн. Эндхийн салбар очиж байсан салбаруудаас маань хамгийн том нь бөгөөд бид биелүүлж байгаагүй үүрэг даалгавар авсан. Мөн л сурах юм их байсан ч урьд өмнө сурснаа хэрэгжүүлэх нь тустай байв. Олон арван жил тэвчээртэй үйлчилж буй үнэнч ах дүүстээ бид хайртай. Яс үндэс, ахуй соёлоороо эрс ялгаатай Бетелийн гэр бүлийнхэн эв нэгдэлтэй үйлчилж байгааг харахад гайхалтай сайхан. Шинэ хүнийг өмсөж, Библийн зарчмын дагуу амьдарч буй ард түмнээ Ехова амар тайван байлгаж, ивээж байгаа нь тодорхой.

Өнөөг хүртэл Дебби бид хоёр олон сонирхолтой даалгавар биелүүлж, янз янзын ахуй соёлд дасан зохицож, өөр хэлүүдээр ярьж сурлаа. Дандаа амар байгаагүй ч байгууллагаараа болон ах дүүсээр маань дамжуулан Ехова үнэнчээр хайрлаж байгааг үргэлж мэдэрдэг байсан (Дуу. 144:2). Бүрэн цагаар үйлчилсэн хугацаандаа Еховагаар заалгаж илүү сайн үйлчлэгч нь болсон гэдэгтээ итгэлтэй байна.

Эцэг эхийн минь хүмүүжил, хайртай эхнэрийн минь дэмжлэг, дэлхий дахины итгэл нэгтнүүдийн маань үлгэр жишээ надад маш их эрхэм. Дебби бид хоёр цаашид ч Агуу Багшаараа заалгаж явахаар бат шийдсэн.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах