СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 32
ДУУ 60 Бурхан таныг бататгана
Ехова тэвчихэд маань хэрхэн тусалдаг вэ?
«Нигүүлслээр бялхам Бурхан ... та нарыг батжуулна, үнэнч бөгөөд тууштай байхад тусална» (1 ПЕТР 5:10).
ГОЛ САНАА
Тэвчээртэй байхад маань туслахын тулд Ехова бидэнд юу өгдөг вэ? Тэдгээрээс ач тус хүртье гэвэл яах вэ?
1. Төгсгөл хүртэл тэвчих нь яагаад амаргүй санагдаж болох вэ? Хэн бидэнд туслах вэ? (1 Петр 5:10).
БИДЭНД янз янзын бэрхшээл учирдаг тул төгсгөл хүртэл тэвчих амаргүй санагдах үе байдаг. Зарим нь архаг хууч өвчтэй, өөр зарим нь хайртай хүнээ алдахын зовлон амсдаг. Гэр бүлийнхэн эсвэл засгийн газрын эсэргүүцэлтэй тулгардаг нэгэн ч бий (Мат. 10:18, 36, 37). Гэсэн ч танд ямар ч бэрхшээл тулгарсан Ехова тэвчих хүч өгнө гэдэгт итгэлтэй байгаарай (1 Петр 5:10-ыг уншина).
2. Бид яагаад тэвчиж чаддаг вэ?
2 Тэвчих гэдгээр саад бэрхшээл, хавчлага эсэргүүцэл, сорилт, хорхой хүргэм зүйл тулгарсан ч найдвараа анхаарч, Еховад тууштай үйлчлэхийг хэлдэг. Христийн дагалдагч бид өөрсдийнхөө хүчээр бус, харин «хэрээс хэтэрсэн хүч өгдөг» Еховагийн тусламжаар тэвчиж чаддаг (2 Кор. 4:7). Энэ өгүүллээр Ехова тэвчихэд маань тустай ямар 4 зүйл өгдгийг ярилцана. Тэдгээрээс ач тус хүртэхийн тулд яах хэрэгтэйг бас үзнэ.
ЗАЛБИРАЛ
3. Залбирал яагаад гайхамшигтай вэ?
3 Ехова тэвчихэд маань туслахын тулд нүгэлтэй бидэнд өөртэй нь ярих гайхалтай боломж өгсөн (Евр. 4:16). Дараахыг бодоорой. Бид Еховад хэзээд, юуны ч талаар залбирч болдог. Ямар ч хэлээр, хаанаас ч, бүр орь ганцаараа юм уу шоронд байхдаа залбирахад Ехова сонсдог (Иона 2:1, 2; Үйлс 16:25, 26). Заримдаа уймраад сэтгэл санаагаа хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй үед ч Ехова юу хэлэх гэж байгааг маань ойлгодог (Ром 8:26, 27). Тийм ээ, залбирал бол үнэхээр гайхамшиг!
4. Тэвчихэд туслахыг гуйн залбирах нь Еховагийн таалалд нийцдэг гэж яагаад хэлэх вэ?
4 Ехова биднийг «таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан ... сонсдог» гэдгээ Үгэндээ батлан хэлсэн (1 Ёох. 5:14). Бид тэвчихэд туслахыг гуйж болох уу? Бололгүй яах вэ! Энэ нь Еховагийн таалалд яг нийцдэг. Яагаад? Сорилтыг тэвчдэг маань Еховаг доромжлогч Сатан Диаволын бурууг баталж байгаа хэрэг юм (Сур. 27:11). Түүнчлэн Ехова «өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болох» хүсэлтэйг Библид бичсэн байдаг (Ш.дэд 16:9). Тиймээс Ехова тэвчихэд маань туслах хүчтэй төдийгүй хүсэлтэй гэдэгт бид бат итгэдэг (Ис. 30:18; 41:10; Лук 11:13).
5. Амар тайван байхад залбирал ямар ач тустай вэ? (Исаиа 26:3).
5 Юунд санаа зовж байгаа талаараа шаргуу залбирвал «Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг [бидэнд] өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг [маань] хамгаална» гэж Библид бичжээ (Флп. 4:7). Энэ нь юу гэсэн үг болохыг бодъё. Еховад үйлчилдэггүй хүмүүст ч бэрхшээл тулгардаг. Тэд тайвширч, бэрхшээлээ мартахын тулд янз янзын арга хэрэглэдэг. Зарим нь бясалгал хийн ухаан бодлоо хоосолж, санаа зовнилоосоо ангижрахыг хичээдэг. Харин ингэх нь бодол санаагаа хянаж чадахгүйд хүрч, чөтгөрүүдийн нөлөөнд автах аюултай (Матай 12:43–45-тай харьцуулаарай). Мөн бясалгал хийгээд тодорхой хэмжээгээр тайвширч магадгүй ч үүнээс хамаагүй давуу Еховагийн өгдөг жинхэнэ амар тайвныг авахгүй. Бид Еховад залбирвал түүнд бүрэн дүүрэн найддагаа батална, тэрбээр ч бидэнд «дуусашгүй амар тайвныг өгнө» (Исаиа 26:3-г уншина, ШЕ). Хэрхэн өгөх вэ? Нэг арга нь сэтгэл тайвшруулам Библийн зүйлийг сануулах юм. Тэдгээр зүйл нь Ехова биднийг ямар их хайрлаж, туслахыг хүсдэгийг сануулдаг учир бид тайвширдаг (Дуу. 62:1, 2).
6. Еховагийн өгсөн залбирах боломжийг хэрхэн бүрэн ашиглах вэ? (Бас зургийг үзээрэй).
6 Яах хэрэгтэй вэ? Сорилт тулгарвал «ачаагаа Еховад үүрүүлж», амар тайвныг гуйн залбираарай (Дуу. 55:22, ШЕ). Бас сорилтыг давахад хэрэгтэй мэргэн ухаан гуйгаарай (Сур. 2:10, 11). Мөн тэвчээр гуйж шаргуу залбирахын зэрэгцээ талархахаа бүү мартаарай (Флп. 4:6). Өдөр бүр тэвчихэд тань Ехова хэрхэн тусалж байгааг бодож, тэр бүхэнд нь талархаарай. Ехова таныг хэрхэн ивээж ирснийг одоогийн сорилтоос болж мартах учиргүй (Дуу. 16:5, 6).
Та залбирч Еховатай ярьдаг. Библи уншиж Еховаг сонсдог (6-р догол мөрийг үзээрэй)b
БУРХНЫ ҮГ
7. Библиэ судлах нь тэвчихэд тустай гэхийн учир юу вэ?
7 Ехова тэвчихэд маань туслахын тулд Үгээ өгсөн. Тэрбээр бидэнд заавал тусална гэсэн баталгаа Библид олон байдаг. Нэг нь гэвэл, Матай 6:8-д «Та нарын Эцэг гуйхаас тань өмнө та нарт юу хэрэгтэйг мэдэж байдаг» гэж бий. Энэ үгийг Есүс хэлсэн бөгөөд тэрбээр хэн хүнээс илүү Еховаг сайн мэддэг. Тийм учраас зовлон тохиоход бидэнд юу хэрэгтэйг Ехова мэддэг, бас тусална гэдэгт бид эргэлзэх хэрэггүй. Тэвчих хүч өгдөг ийм үгсээр Библи дүүрэн (Дуу. 94:19).
8. а) Тэвчихэд тус болдог Библийн нэг зарчмыг хэлнэ үү. б) Хэрэгтэй үед Библийн зарчмыг санадаг байя гэвэл яах нь тустай вэ?
8 Библийн зарчмууд тэвчихэд тустай. Тэдгээрийн ачаар бид зөв шийдвэр гаргах мэргэн ухаантай болдог (Сур. 2:6, 7). Жишээлбэл маргааш болж магадгүй зүйлийн төлөө санаа зовохын оронд өдөр бүр Еховад найдахыг Библи зөвлөдөг (Мат. 6:34). Хэрэв бид Библи уншиж, эргэцүүлэн бодох зуршилтай бол зөв шийдвэр гаргах, бэрхшээлийг тэвчихэд тус болох Библийн зүйлийг амархан санана.
9. Библид гардаг хүмүүсийн түүх Ехова тусална гэдэгт итгэх итгэлийг маань хэрхэн батжуулдаг вэ?
9 Библид бас Еховад итгэж найдаж, тусламжийг нь авдаг байсан бидэнтэй л адил хүмүүсийн бодит түүх байдаг (Евр. 11:32–34; Яак. 5:17). Ехова тэдэнд хэрхэн тусалсныг эргэцүүлэн бодвол «Бурхан бол бидний хоргодох газар, хүч чадал ... зовох цагт ... туслахад бэлэн байдаг» гэдэгт итгэх итгэл батажна (Дуу. 46:1, ШЕ). Эрт үеийн бат итгэлтэй үйлчлэгчдийн жишээг бодвол тэдний итгэл, тэвчээрийг дуурайх хүсэл бадарна (Яак. 5:10, 11).
10. Бурхны Үгний ач тусыг аль болох бүрэн хүртье гэвэл яах вэ?
10 Яах хэрэгтэй вэ? Библийг өдөр бүр уншиж, яг өөртөө тустай гэсэн эшлэлүүдийг бичиж авч байгаарай. Олон хүн өглөө «Судрыг нягтлах нь» товхимлоос тухайн өдрийн зүйл болон тайлбарыг уншиж, урамтай санааг өдөржин боддог. Эцэг эх хоёр нь хорт хавдартай гэж оношлогдсон Мариa гэдэг Гэрч эмэгтэйд бас энэ нь тустай байжээ. Тэрбээр: «Би “Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь” товхимлоо өглөө бүр уншиж, мэдэж авснаа эргэцүүлэн боддог байв. Ингэсний ачаар зовлонгоо бус, Библид байдаг урам сэргээм зүйлд анхаардаг болсон» гэжээ (Дуу. 61:2).
ИТГЭЛ НЭГТНҮҮД
11. Сорилтыг тэвчиж байгаа нь би ганцаараа биш гэдгийг бодох нь яагаад сайн бэ?
11 Ехова бас бидэнд итгэл нэгтнүүдийг өгсөн. «Дэлхий даяарх итгэл нэгт ах дүү [маань] адилхан зовлон эдэлж байгааг» бодоход л ганцаараа зовоогүйгээ ойлгодог (1 Петр 5:9). Танд ямар нэг бэрхшээл тулгарлаа гэхэд, таныхтай төстэй бэрхшээл аль нэг итгэл нэгтэнд учирч, харин тэрбээр тэвчиж чадсан гэсэн үг. Тиймээс та ч тэвчиж чадна! (Үйлс 14:22).
12. Итгэл нэгтнүүд маань бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бид ч тэдний төлөө юу хийж болох вэ? (2 Коринт 1:3, 4).
12 Итгэл нэгтнүүд маань урам зориг хайрладаг учраас бид тэвчдэг. Элч Паул үүний үнэнийг биеэрээ мэдэрчээ. Тэрбээр итгэл нэгтнүүддээ зориулж бичсэн захидалдаа гэрийн хорионд байхад нь тусалж байсан ах дүүсийнхээ нэрийг дурдаж, талархлаа илэрхийлсэн. Тэд Паулыг тайвшруулж, урмыг нь сэргээж, бодитой тусламж үзүүлсэн (Флп. 2:25, 29, 30; Кол. 4:10, 11). Өнөөдөр ч мөн адил. Хүнд хэцүү үеийг тэвчихэд ах дүүс маань тусалж, тайвшруулдаг. Харин тэднийгээ зовоход бид тусалдаг (2 Коринт 1:3, 4-ийг уншина).
13. Маяа гэдэг Гэрч эмэгтэйд тэвчээртэй байхад нь юу тус болсон бэ?
13 Оросод амьдардаг Маяа гэдэг Гэрч эмэгтэйг итгэл нэгтнүүд нь ихэд зоригжуулжээ. 2020 онд цагдаа нар гэнэт ирж гэрт нь нэгжлэг хийсэн. Дараа нь, түүнийг итгэл үнэмшлээ бусадтай хуваалцсан гээд шүүхэд дууджээ. «Тэр үед би сэтгэл санаагаар унаж, ямар ч хүч тэнхээгүй болсон. Ах дүүс маань утсаар ярьж, мессеж, захидал бичиж надад ямар их хайртайгаа илэрхийлж байв. Би хэчнээн өнөр өтгөн, хайр халамжтай гэр бүлтэйгээ мэддэг байсан л даа. Гэхдээ 2020 оноос хойш бүр ч илүү мэдэрдэг болсон» гэж Маяа ярьжээ.
14. Итгэл нэгтнүүдийнхээ тусламжийн ач тусыг хүртье гэвэл яах вэ? (Бас зургийг үзээрэй).
14 Яах хэрэгтэй вэ? Сорилт тулгарсан үед ах дүүстэйгээ ярилцаж, тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлэх нь маш чухал. Санаа зоволгүй ахлагчдаас тусламж гуйгаарай. Тэд «салхинаас нуугдах газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт» билээ (Ис. 32:2, ШЕ). Итгэл нэгтнүүд тань ч хүнд бэрхийг тэвчиж байгааг бас санаарай. Тусламж хэрэгтэй хүнд сайныг үйлдвэл та баяр хөөртэй болж, улмаар сорилтыг тэвчиж чадна (Үйлс 20:35).
Та итгэл нэгтнүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлж байгаарай (14-р догол мөрийг үзээрэй)c
НАЙДВАР
15. Есүст найдвар хэрхэн тус болсон бэ? Бидэнд хэрхэн тус болдог вэ? (Еврей 12:2).
15 Ехова бидэнд тэвчихэд тустай бат найдвар өгсөн (Ром 15:13). Есүс дэлхий дэх амьдралынхаа хамгийн хүнд өдрийг найдварын ачаар хэрхэн тэвчсэнийг санаарай (Еврей 12:2-ыг уншина). Үнэнч байвал Еховагийн нэрийг ариусгахад хувь нэмэр оруулна гэдгээ тэрбээр мэдэж байв. Бас Эцэгтээ буцаж очих, Хаан болоод тослогдсон ах дүүстэйгээ хамт захирах цагаа хүсэн хүлээж байсан. Үүнтэй адилаар Бурхны байгуулах шинэ ертөнцөд үүрд мөнх амьдрах найдвар маань Сатаны энэ ертөнцөд тулгардаг ямар ч бэрхшээлийг тэвчихэд тустай.
16. Гэрч эмэгтэйд найдвар хэрхэн тусалсан бэ? Түүний үгнээс та юу ойлгосон бэ?
16 Оросод амьдардаг Алла гэдэг Гэрч эмэгтэйд найдвар хэрхэн тус болсныг бодъё. Нөхөр нь баривчлагдаж, урьдчилан хориход орсон байв. Алла: «Найдварынхаа тухай залбирч, эргэцүүлэн бодох нь хэтэрхий сэтгэлээр унахгүй байхад тустай байсан. Ингээд бүх юм дуусчихгүйг би ойлгож байгаа. Ехова ялна, тиймээс бид ч ялна» гэжээ.
17. Библид үндэслэсэн найдвартайдаа талархдагаа хэрхэн харуулах вэ? (Бас зургийг үзээрэй).
17 Яах хэрэгтэй вэ? Еховагийн амласан гайхалтай ирээдүйн тухай эргэцүүлэн бодох цаг гаргаарай. Та шинэ ертөнцөд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт бүгдээрээ баяр жаргалтай байгаагаар төсөөлөөрэй. Тэгвэл өнөөгийн ямар ч сорилт «түр зуурынх бөгөөд ялихгүй» мэт санагдана (2 Кор. 4:17). Бас найдварынхаа тухай хүмүүст ярихыг хичээгээрэй. Еховад үйлчилдэггүй хүмүүс ямар хэцүү амьдардгийг бодоорой. Тэдэнд ч бэрхшээл тулгардаг. Гэхдээ биднээс ялгаатай нь тэд Бурхны гайхалтай амлалтын талаар мэддэггүй. Та товчхон ч гэсэн ярьж өгвөл Хаант төр, Бурхны амлалтын тухай тэд илүү мэдэхийг хүсэж болох юм.
Та Еховагийн амласан гайхалтай ирээдүйн тухай эргэцүүлэн бодох цаг гаргаж байгаарай (17-р догол мөрийг үзээрэй)d
18. Бид Еховагийн амлалтад яагаад итгэдэг вэ?
18 Олон сорилтыг давсан үнэнч Иов: «Та бүх зүйлийг хийж чаддаг, санаснаа хийхэд тань боломжгүй юм байхгүйг би одоо мэдлээ» гэж Еховад хэлдэг (Иов 42:2, ШЕ). Еховагийн санаа зорилго биелэхэд юу ч саад болохгүйг тэрбээр ойлгосон. Энэ нь сорилтыг тэвчиж байгаа биднийг батжуулдаг. Нэг жишээ бодъё. Хүнд өвчин туссан нэг эмэгтэй олон эмчид үзүүлсэн ч эдгэж чадалгүй сэтгэлээр их унажээ. Гэхдээ туршлагатай, итгэл даасан нэг эмч өвчнийг нь зөв оношлоод хэрхэн эмчлэхээ тайлбарлав. Эдгэхэд цаг хугацаа хэрэгтэй ч эмэгтэй их тайвширсан. Одоо тэрбээр тэвчиж чадна. Учир нь хонгилын үзүүрт гэрэл ассан буюу эдгэнэ гэдгээ мэдэж авсан. Үүнтэй адилаар бид ч тэвчиж чадна. Учир нь Бурхны амласан Диваажингийн тухай амлалт биелнэ гэдэгт итгэдэг.
19. Тэвчээртэй байхын тулд бид яах хэрэгтэй вэ?
19 Ехова тэвчихэд маань туслахын тулд залбирах боломж, өөрийн Үг, итгэл нэгтнүүд, найдвар өгснийг ярилцлаа. Эдгээрийн ач тусыг хүртэхийн тулд чадах бүхнээ хийвэл ямар ч зовлон учирсан Ехова тусална. Сатаны захирдаг ертөнц болон бүх зовлон байхгүй болох тэр цаг хүртэл бид тэвчиж чадна (Флп. 4:13).
ДУУ 38 Еховад ачаагаа даатгая
a Энэ өгүүлэлд гарсан зарим хүний нэрийг өөрчлөв.
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Настай Гэрч эрэгтэй олон жил Еховад тэвчээртэй, үнэнч үйлчилж байна.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Настай Гэрч эрэгтэй олон жил Еховад тэвчээртэй, үнэнч үйлчилж байна.
d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Настай Гэрч эрэгтэй олон жил Еховад тэвчээртэй, үнэнч үйлчилж байна.