Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 8 сар х. 20-25
  • Муу хүсэлтэй хэрхэн тэмцэж ялах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Муу хүсэлтэй хэрхэн тэмцэж ялах вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «ХОРОН МУУ НЭГЭН» БИДЭНД ЯМАР БОДОЛ ТӨРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?
  • ТӨРӨЛХИЙН НҮГЭЛТЭЙ БИД ЮУ ГЭЖ БОДОЖ МАГАДГҮЙ ВЭ?
  • ХЭРХЭН ЯЛАХ ВЭ?
  • «ҮРГЭЛЖ ШАЛГА»
  • Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд сэрэмжтэй бай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Баптисм хүртсэн та Есүсийг «үргэлж дагаарай»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Ехова нүгэлт хүмүүсийг аврахын тулд юу хийсэн бэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Еховад найдаж шийдвэр гаргах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 8 сар х. 20-25

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 35

ДУУ 52 Зүрхээ хамгаалъя

Муу хүсэлтэй хэрхэн тэмцэж ялах вэ?

«Үхдэг биеийнхээ хүсэлд дийлдэхгүйн тулд хаан мэт нүгэлд биеэ бүү захируул» (РОМ 6:12).

ГОЛ САНАА

Муу хүсэл төрсөн ч сэтгэлээр унахгүй байхад болон үүнтэй тэмцэхэд энэ өгүүлэл тустай.

1. Төгс бус бүх хүн юутай тэмцдэг вэ?

ЕХОВАД таалагдахгүй юм хийх хүсэл танд төрж байсан уу? Тийм бол хэн хүнд тулгараагүй хэцүү сорилт тохиолдлоо гэж бүү дүгнээрэй. Библид «Та нарт тулгардаг сорилт бол хүнд тохиолддог л юм» гэж бичжээ (1 Кор. 10:13). Энэ нь, муу хүсэлтэй тэмцдэг нь та ганцаараа биш, бусад нь ч тэгдэг гэсэн үг. Та Еховагийн тусламжаар энэ тэмцэлд ялж чадна.

2. Христийн дагалдагчид болон Библийн суралцагчдын зарим нь ямар муу хүсэлтэй тэмцдэг вэ? (Бас зургийг үзээрэй).

2 Библид «Хүн бүр хүсэлдээ хөтлөгдөж, автахлаараа соригддог» гэж бичжээ (Яак. 1:14). Хүн болгонд төрдөг муу хүсэл өөр өөр байдаг. Жишээлбэл Христийн зарим дагалдагчид эсрэг хүйсийн хүнтэй, өөр заримд нь ижил хүйсийн хүнтэй ёс журамгүй юм хийх хүсэл төрж болох юм. Порнограф үзэхээ больсон хүнд дахин үзмээр санагдаж мэднэ. Согтууруулах ундаа хэтрүүлж эсвэл мансууруулах бодис хэрэглэхээ больсон хүнд ч мөн адил. Христийн дагалдагч болсон хүмүүс болон Библийн суралцагчдын зарим нь иймэрхүү муу хүсэлтэй тэмцдэг. Элч Паул: «Сайныг хийхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг» гэжээ (Ром 7:21). Бидэнд ч ийн санагдах үе байдаг.

Хорхой хүргэм зүйл хэзээ ч, хаана ч гэнэт тулгарах нь бий (2-р догол мөрийг үзээрэй)c


3. Байнга муу хүсэл төрдөг бол яаж магадгүй вэ?

3 Муу хүсэлтэй тэмцсээр байгаа танд үүнийг эсэргүүцэх хүч хүрэхгүй юм байна гэсэн бодол төрж магадгүй. Мөн муу хүсэлтэй намайг Ехова буруушаана гэж бодон ямар ч найдваргүй мэт санагдаж мэднэ. Гэхдээ аль нь ч үнэн биш гэдэгт итгээрэй! Яагаад гэдгийг тайлбарлахын тулд энэ өгүүллээр дараах 2 асуултыг ярилцана. 1) Хэн танд хүч хүрэхгүй, найдваргүй гэсэн бодол төрүүлэхийг хүсдэг вэ? 2) Муу хүсэлтэй хэрхэн тэмцэж ялах вэ?

«ХОРОН МУУ НЭГЭН» БИДЭНД ЯМАР БОДОЛ ТӨРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

4. а) Сорилтыг эсэргүүцэх хүч тэнхээ байхгүй гэж бодуулахыг Сатан яагаад хүсдэг вэ? б) Бид яагаад ингэж бодох ёсгүй вэ?

4 Сорилтыг эсэргүүцэх хүч тэнхээ байхгүй гэсэн бодол төрүүлэхийг Сатан хүсдэг. Үүнийг мэддэг Есүс шавь нартаа «Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач. Хорон муу нэгнээс хамгаалаач» гэж залбирахыг заасан (Мат. 6:13). Буруу юм хийх хүсэл хүнд төрвөл Еховад дуулгавартай байж чадахгүй гэж Сатан хэлсэн (Иов 2:4, 5). Яагаад? Учир нь тэрбээр муу хүсэлдээ дийлдсэн анхны нэгэн бөгөөд Еховад үнэнч байхыг хүсээгүй. Сорилт тулгарахад биднийг ч бас өөрийнх нь адилаар шууд үнэнч бус болно гэдэгт итгэдэг. Бурхны төгс Хүү хүртэл сорилт тулгарахад муу хүсэлдээ дийлдэнэ гэж бодсон! (Мат. 4:8, 9). Гэхдээ та: «Буруу юм хийх хүсэлтэйгээ тэмцэх хүч надад үнэхээр байхгүй гэж үү?» хэмээн бодоорой. Огтхон ч тийм биш ээ! «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж хэлсэн элч Паултай бид санал нийлдэг (Флп. 4:13).

5. Биднийг муу хүсэлтэй тэмцэх хүчтэй гэдэгт Ехова итгэдгийг юунаас мэдэх вэ?

5 Сатанаас ялгаатай нь Ехова биднийг муу хүсэлтэйгээ тэмцэж чадна гэдэгт итгэдэг. Үүнийг хэрхэн мэдэх вэ? Еховагийн зөгнөснөөр бол үй олон хүн үнэнч байж агуу их гамшгийг давна. Энэ нь юу гэсэн үг болохыг бодоорой. Худал хэлдэггүй Ехова Бурхан цөөн хэдхэн бус, бүр маш олон хүн «Хурганы цусаар хувцсаа угааж, цагаан болгож» цэвэр гэж тооцогдон шинэ ертөнцөд хөл тавихыг хэлсэн (Илч. 7:9, 13, 14). Тиймээс Ехова биднийг муу хүсэлтэй тэмцэх хүчгүй гэж үздэггүй нь тодорхой байна.

6, 7. Найдваргүй гэж бодуулахыг Сатан яагаад хүсдэг вэ?

6 Сатан биднийг хүч тэнхээгүй төдийгүй найдваргүй буюу муу хүсэлтэй л бол Еховагийн сайшаалыг хэзээ ч хүртэхгүй гэж бодуулахыг хүсдэг. Яагаад? Ехова Сатаныг мөнх амьдрах зохисгүй гэж үзсэн учир тэрбээр ямар ч найдваргүй юм (Эх. 3:15; Илч. 20:10). Тиймээс мөнх амьдрах найдвартай бидэнд атаархаж, өөртэй нь адилхан найдваргүй гэсэн бодол төрүүлэхийг хүсдэг. Гэхдээ бид түүнтэй адилгүй! Үнэндээ Ехова биднийг буруутгах бус, бидэнд туслах хүсэлтэйг Библи батлан хэлдэг. Тэрбээр «хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгохыг хүсдэг билээ» (2 Петр 3:9).

7 Хэрэв бид өөрсдийгөө муу хүсэлтэй тэмцэх хүчгүй, найдваргүй гэж бодвол Сатаны хүслийг биелүүлсэн хэрэг. Үүнийг сайн ойлгодог бол түүний эсрэг бат зогсох шийдвэрээ батжуулж чадна (1 Петр 5:8, 9).

ТӨРӨЛХИЙН НҮГЭЛТЭЙ БИД ЮУ ГЭЖ БОДОЖ МАГАДГҮЙ ВЭ?

8. Нүгэл гэдгээр буруу үйлдлээс гадна өөр юуг хэлдэг вэ? (Дуулал 51:5). (Бас «Үгийн тайлбар»-ыг үзнэ үү).

8 Сатанаас гадна өөр нэг юмнаас болж бид өөрсдийгөө муу хүсэлтэй тэмцэх хүчгүй, найдваргүй гэж бодоход хүрдэг. Тэр нь юу вэ? Анхны хүмүүн эцэг эхээсээ өвлөж авсан нүгэл юм (Иов 14:4; Дуулал 51:5-ыг уншина).a

9, 10. а) Нүгэл Адам Ева хоёрт хэрхэн нөлөөлсөн бэ? (Бас зургийг үзээрэй). б) Бидэнд ч хэрхэн нөлөөлдөг вэ?

9 Нүгэл нь Адам Ева хоёрт хэрхэн нөлөөлснийг бодъё. Еховад дуулгаваргүй загнасныхаа дараахан тэд нуугдаж, биеэ халхлах гэсэн. Энэ тухай «Судрыг ойлгох нь» нэвтэрхий тольд «Ийнхүү нүглийн улмаас тэдэнд буруутай, түгшүүртэй, ичгүүртэй, тайван бус байх мэдрэмж төрөх болсон» гэжээ. Өөрөөр хэлбэл Адам Ева хоёр 4 өрөөтэй байшинд цоожлогдсонтой адил болсон. Энэ өрөөнүүд нь дээрх 4 мэдрэмж юм. Тэд нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орж болох ч гадагш гарах боломжгүй. Ийнхүү нүгэл тэднийг захирах болсон.

10 Бидний нөхцөл байдал Адам Евагийнхаас ялгаатай. Золиосны ачаар нүглээ уучлуулж, цэвэр мөс чанартай байх боломж бидэнд бий (1 Кор. 6:11). Гэхдээ л нүгэл өвлөж авсан нь үнэн. Тиймээс буруутай, түгшүүртэй, тайван бус, ичгүүртэй санагдах нь гайхах зүйл биш юм. Үнэндээ Библид бичсэнээр нүгэл хүн төрөлхтнийг захирч, «Адамын үйлдсэн шиг нүглийг үйлдээгүй хүмүүсийг ч эрхшээлдээ байлгадаг» (Ром 5:14). Энэ нь хэчнээн урамгүй санагдаж болох ч бид өөрсдийгөө хүчгүй, найдваргүй гэж бодох ёсгүй. Ийм сөрөг бодолд автахгүй байх боломжтой. Яаж?

Адам Ева хоёр Еден цэцэрлэгээс шившигтэйгээр хөөгдөж байна. Тэд амьтны арьсаар хийсэн хувцас өмссөн байна.

Нүглийн гайгаар Адам Ева хоёрт буруутай, түгшүүртэй, тайван бус, ичгүүртэй мэдрэмж төрөх болсон (9-р догол мөрийг үзээрэй)


11. Хүч хүрэхгүй мэт санагдвал яах ёстой вэ? Яагаад? (Ром 6:12).

11 Хүч хүрэхгүй мэт санагдах буюу муу хүслээ дийлэхгүй гэсэн бодол нүгэлт бидэнд төрдөг. Үүнийг нүгэл «ярьж» байгаатай зүйрлэж болдог. Гэвч энэ дуу хоолойг сонсох ёсгүй. Яагаад? Библид «хаан мэт нүгэлд биеэ бүү захируул» гэж бий (Ром 6:12-ыг уншина). Эндээс харвал буруу юм хийх хүслээ дагахгүй байж чадна гэсэн үг (Гал. 5:16). Хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадна гэдэгт маань Ехова итгэдэг. Хэрэв тийм биш сэн бол бидэнд ийм шаардлага тавихгүй байсан (Д.хууль 30:11–14; Ром 6:6; 1 Тес. 4:3). Тэгэхээр бид тэмцэх хүчтэй гэдэг нь тодорхой байна.

12. Найдваргүй мэт санагдвал яах ёстой вэ? Яагаад?

12 Найдваргүй мэт санагдах буюу муу хүсэлтэй гээд Ехова намайг шийтгэх байх гэсэн бодол бидэнд төрдөг. Үүнийг бас нүгэл «ярьж» байгаатай зүйрлэж болдог. Гэвч түүнийг сонсох ёсгүй. Яагаад? Ехова төрөлхийн нүгэлтэйг маань мэддэгийг Библид бичсэн байдаг (Дуу. 103:13, 14). Хүн нэг бүрд нүгэл хэрхэн нөлөөлдөг зэрэг бидний тухай «бүх юмыг мэддэг» (1 Ёох. 3:19, 20). Хэрэв бид буруу юм хийх хүсэлтэйгээ тэмцэж, муу хүслийнхээ дагуу үйлдэхгүй бол Ехова биднийг цэвэр гэж үзнэ. Үүнд яагаад итгэлтэй байх вэ?

13, 14. Муу хүсэл төрдөг бол Еховагийн сайшаалыг хүртэхгүй юү? Тайлбарлана уу.

13 Библид бичсэнээр бол буруу юм хийх хүсэл болон энэ хүслийнхээ дагуу үйлдэх хоёр том ялгаатай. Бид хүслээ үргэлж хянаж чадахгүй ч үйлдлээ хянаж чадна. Жишээ нь I зууны Коринт хурлын Христийн зарим дагалдагч урьд нь ижил хүйстэнтэйгээ явалддаг байжээ. Паул: «Та нарын зарим нь тийм байсан» гэжээ. Тэгэхээр тэдэнд ижил хүйстэнтэйгээ явалдах хүсэл дахин хэзээ ч төрөхгүй болсон гэсэн үг үү? Үүнд итгэх хэцүү. Учир нь ийм хүсэл зүрх сэтгэлийн угт байдаг. Гэхдээ биеэ барьж чаддаг, муу хүслийнхээ дагуу үйлддэггүй дагалдагч Еховагийн сайшаалыг хүртсэн. Ехова тэднийг «угаасан» хэрэг (1 Кор. 6:9–11).

14 Өнөөдөр ч мөн адил. Бид ямар ч муу хүсэлд дийлдэхгүйгээр зогсохгүй бүр ялж чадна. Та муу хүслийг үгүй хийж чадахгүй ч биеэ барьж, «юу бодсоноо хий[хгүй,] махан биеийнхээ хүслийг дагахгүй» байж чадна (Эф. 2:3). Тэгвэл хэрхэн тэмцэж ялах вэ?

ХЭРХЭН ЯЛАХ ВЭ?

15. Муу хүсэлтэй тэмцэж ялахын тулд яагаад сул талаа шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?

15 Муу хүсэлтэй тэмцэж ялахын тулд сул талаа шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. «Өөрийгөө хуурахаас» болгоомжлоорой (Яак. 1:22). Жишээлбэл архи хэтрүүлэн уудаг хүн үүнийгээ тийм том асуудал биш, надаас их уудаг хүн байдаг шүү дээ гэж боддог байж болох юм. Эсвэл порнограф үздэг хүн бусдад буруугаа тохож, эхнэр минь надад илүү санаа тавин хайрладаг байсан бол үүнийг үзэх хүсэл төрөхгүй байх байсан гэж хэлж магадгүй. Хэрэв та ингэж бодож эхэлсэн бол сорилтод бууж өгөхөд бэлэн болжээ. Тиймээс өөрийгөө бүү зөвтгөөрэй. Та хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө л хүлээнэ (Гал. 6:7).

16. Бууж өгөхгүй гэж бат шийдье гэвэл яах хэрэгтэй вэ?

16 Сул талаа шударгаар хүлээн зөвшөөрөхөөс гадна бууж өгөхгүй гэж бат шийдэх хэрэгтэй (1 Кор. 9:26, 27; 1 Тес. 4:4; 1 Петр 1:15, 16). Та юунд, хэзээ хамгийн их соригдох гээд байдаг вэ? Тодорхой нэг цагт, тодорхой нэг юманд хорхойсдог байж болох юм. Жишээлбэл ядарсан үед юм уу шөнө орой болоход тэвчихэд хэцүү байж мэднэ. Тулгарах сорилтыг урьдаас төсөөлөөд юу хийхээ бодоорой. Сорилт яг тулгарах үед бус, өмнө нь ийнхүү бэлдэх нь хамгийн сайн шүү (Сур. 22:3).

17. Иосефын жишээнээс юу ойлгож авах вэ? (Эхлэл 39:7–9). (Бас зургийг үзээрэй).

17 Потифарын эхнэр Иосефыг уруу татахыг оролддог байв. Иосеф яасан бэ? Шийдэмгий байж, шууд татгалздаг байсан (Эхлэл 39:7–9-ийг уншина). Энэ явдлаас юу ойлгож авах вэ? Потифарын эхнэр өөрийг нь уруу татахаас өмнө зөв юм хийхээр бат шийдсэн байсан. Үүнтэй адилаар та ч хорхой хүргэм зүйл тулгарахаас өмнө зөвийг үйлдэх шийдвэр төгс байгаарай. Ингэвэл сорилт тулгарлаа гэхэд шийдсэнийхээ дагуу үйлдэж чадна.

Зургууд: 1. Иосеф Потифарын эхнэрийн гарт хувцсаа орхиод зугтаж байна. 2. Өсвөр насны Гэрч хүү сээтгэнэж буй охиныг үл тоож байна.

Иосефын адилаар шийдэмгий байж хорхой хүргэм зүйлийг эсэргүүцээрэй! (17-р догол мөрийг үзээрэй)


«ҮРГЭЛЖ ШАЛГА»

18. Муу хүсэлтэй тэмцэж ялахын тулд өөр юу хийх вэ? (2 Коринт 13:5).

18 Муу хүсэлтэй тэмцэж ялахын тулд тухайн нөхцөл бүрд юу бодож, юу хийдгээ «үргэлж шалгаарай» (2 Коринт 13:5-ыг уншина). Тогтмол ийнхүү өөрийгөө шалгаж, шаардлагатай бол засаж залруулаарай. Жишээ нь та хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадсан ч өөрөөсөө «Тэр даруй татгалзсан уу?» гэж асуугаарай. Хэрвээ шууд «Үгүй» гэж хэлээгүй бол сэтгэлээр бүү унаарай. Харин дараагийн удаа шийдэмгий байхын тулд яахаа бодоорой. Дараахыг өөрөөсөө асуугаарай. «Зохисгүй бодол толгойд орж ирвэл аль болох даруйхан хаяж чаддаг уу? Үзэж харж, уншиж сонсож буй зүйлээсээ болж хорхой хүргэм зүйлийг тэвчихэд амаргүй байдаг уу? Ёс журамгүй юм гарч ирвэл харцаа шууд буруулдаг уу? Еховагийн хэм хэмжээ үргэлж, ялангуяа биеэ захирах шаардлагатай үед ч миний сайн сайхны төлөө гэдгийг би ойлгодог уу?» (Дуу. 101:3).

19. Ялихгүй гэмээр ухаалаг бус шийдвэр муу хүсэлтэй тэмцэхэд хэрхэн саад болдог вэ?

19 Та өөрийгөө шалгахдаа буруу бодол, үйлдлээ бүү зөвтгөөрэй. Библид «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм» гэжээ (Иер. 17:9). Есүсийн хэлснээр зүрхнээс «хорон санаа» гардаг (Мат. 15:19). Жишээ нь порнограф үзэхээ больсон хүн хэсэг хугацааны дараа, дур хүсэл төрүүлэх зураг үзэх нь «аюулгүй», ямар нүцгэн шалдан хүн гарч байгаа биш гэж бодож болох юм. Эсвэл зохисгүй юм ургуулан бодоход буруу юм байхгүй, би ямар хийсэн биш гэж бодож магадгүй. Түүний хуурамч зүрх «махан биеийнхээ хүслийг хангах гэж урьдаас ... төлөвлөж» байгаа хэрэг (Ром 13:14). Ийм байдалд орж болчимгүй юм хийхгүйн тулд яах вэ? Ялихгүй гэмээр ухаалаг бус шийдвэр гаргахаас сэрэмжилж, зайлсхийдэг бол ноцтой гэмээр ухаалаг бус шийдвэр гаргахгүй.b Бас буруу бодол, үйлдлээ зөвтгөх ямар ч «хорон санааг» таягдан хаяарай.

20. Юуны тухай бодохоор сэтгэл тайвширдаг вэ? Одоо бидэнд хэн туслах вэ?

20 Тэгэхээр хорхой хүргэм зүйлийг сөрөн зогсох хүчийг Ехова өгнө гэдгийг мэдэж авлаа. Бас золиосны ачаар бид нүглээ уучлуулж, шинэ ертөнцөд мөнх амьдрах найдвар өвөрлөсөн. Цэвэр бодол, цэвэр зүрхээр Еховадаа үйлчлэх боломжтой гэж бодохоор сэтгэл тайвширдаг! Тэр цаг болтол муу хүсэлтэй тэмцэх хүч ч, найдвар ч бий гэдэгт итгэлтэй байгаарай. Хүчин чармайлтыг маань Ехова ивээх тул бид ялж чадна!

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Хүч хүрэхгүй, найдваргүй мэт санагдвал яах нь тустай вэ?

  • «Хаан мэт нүгэлд биеэ ... захируулахгүйн» тулд яах вэ?

  • Хэрхэн өөрийгөө «үргэлж шалгах» вэ?

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

a ҮГИЙН ТАЙЛБАР: Библид «нүгэл» гэдгээр хулгай хийх, завхайрах, хүний амь хөнөөх зэрэг ямар нэг буруу үйлдлийг хэлдэг (Ег. 20:13–15; 1 Кор. 6:18). Харин зарим зүйлд энэ үгээр төрөлхийн төгс бус байдлыг хэлдэг.

b Сургаалт үгс 7:7–23-т гардаг залуу садар самуун явдалд орооцолдоход хүргэх ноцтой гэмээр ухаалаг бус шийдвэр гаргахын өмнө ялихгүй гэмээр ухаалаг бус шийдвэрүүд гаргасныг анхаараарай.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Зүүн: Кофе шопт сууж буй Гэрч залуу нэг нэгэндээ сэтгэл татагдаж буй хоёр залууг харж байна. Баруун: Гэрч эмэгтэй тамхи татаж буй хоёр хүнийг харж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах