СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 36
ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»
«Ахлагчдыг дуудаарай»
«Тэр хүн хурлын ахлагчдыг дуудаг» (ЯАК. 5:14).
ГОЛ САНАА
Тусламж хэрэгтэй үед ахлагчдад хандах нь яагаад чухал болохыг энэ өгүүллээр үзнэ.
1. Ехова хоньдоо эрхэмлэдэг нь юунаас харагддаг вэ?
ЕХОВА хоньдоо ихэд эрхэмлэдэг. Тэднийг Есүсийн цусаар зольж авсан бөгөөд тэдэнд санаа тавих хурлын ахлагчдыг томилсон (Үйлс 20:28). Хоньдод нь эелдэг зөөлөн хандаасай гэж ахлагчдаас хүсдэг. Ахлагчид Христээр удирдуулж, хурлынхнаа Еховад үргэлж үнэнч байхад нь тусалдаг (Ис. 32:1, 2).
2. Ехова хэнийг онцгойлон анхаардаг вэ? (Езекиел 34:15, 16).
2 Ехова хонь нэг бүрдээ чин сэтгэлээсээ санаа тавьдаг ч, ялангуяа зовж буй нэгнийг онцгойлон анхаардаг. Зарим нь алдаа гаргаснаасаа болж зовдог. Ехова ийм үйлчлэгчдэдээ ахлагчдаар туслуулдаг (Езекиел 34:15, 16-г уншина). Гэхдээ биднийг шаардлагатай үедээ өөрсдөө тусламж гуйж байхыг хүсдэг. Бид Бурханд хандан шаргуу залбирахаас гадна хурлын «хоньчин ба багш» нараас тусламж авах хэрэгтэй (Эф. 4:11, 12).
3. Ахлагчдын үүргийг бодох нь яагаад тустай вэ?
3 Энэ өгүүллээс, Ехова өөртэй нь тогтоосон харьцаа нь суларсан үйлчлэгчдэдээ ахлагчдаар хэрхэн туслуулдгийг илүү сайн мэдэж авна. Дараах асуултуудыг ярилцана. Ахлагчдад хэзээ хандах хэрэгтэй вэ? Яагаад? Тэд хэрхэн тусалдаг вэ? Танд одоохондоо ямар нэг асуудал гараагүй учраас ахлагчдаас тусламж авах шаардлагагүй байж болох юм. Гэхдээ эдгээр асуултын хариуг авбал ахлагчдаар дамжуулан тусалдаг Еховад улам их талархана, тусламж шаардлагатай болоход яах хэрэгтэйгээ мэдэж авна.
ХЭЗЭЭ «АХЛАГЧДЫГ ДУУДАХ» ХЭРЭГТЭЙ ВЭ?
4. Яаков 5:14–16, 19, 20-д Еховатай тогтоосон харьцаа нь суларсан хүний тухай гардаг гэж яагаад хэлэх вэ? (Бас зургийг үзээрэй).
4 Ехова ахлагчдаар дамжуулан бидэнд хэрхэн тусалдгийг шавь Яаков тайлбарласан. Тэрбээр: «Өвчтэй хүн байна уу? Тэр хүн хурлын ахлагчдыг дуудаг» гэжээ (Яаков 5:14–16, 19, 20-ийг уншина). «Өвчтэй» гэдгээр Еховатай тогтоосон харьцаа нь суларсан хүнийг хэлснийг хам сэдвээс нь ойлгоно. Жишээ нь тийм хүн эмчийг бус, ахлагчдыг дуудах учиртай бөгөөд нүглээ уучлуулбал эдгэнэ гэжээ. Өвчин туссан хүн эмч дээр очиж, илэрч байгаа зовууриа хэлж, зааврыг нь дагадаг. Үүнтэй адилаар Еховатай дахин сайн харьцаатай болохын тулд ахлагчидтай уулзаж, асуудлаа ярьж, Библиэс өгөх зөвлөгөөг нь дагах хэрэгтэй.
Өвдсөн юм уу бэртсэн хүн эмчид ханддаг шиг итгэл нь суларсан хүн ахлагчдад хандах хэрэгтэй (4-р догол мөрийг үзээрэй)
5. Еховатай тогтоосон харьцаагаа сайжруулах хэрэгтэй эсэхээ хэрхэн мэдэх вэ?
5 Еховатай тогтоосон харьцаагаа сайжруулах хэрэгтэйгээ анзаарсан бол Яаковын зөвлөгөөг дагаж ахлагчдад хандаарай. Харьцаагаа сэвтүүлэхээс өмнө тусламж авах нь ухаалаг юм! Бид өөрсдийгөө хуурах ёсгүй. Еховатай дотно биш болсон атлаа сайшаалыг нь хүртдэг гэж боддог болох аюулаас Библи сэрэмжлүүлдэг (Яак. 1:22). Эртний Сард дахь хурлын зарим дагалдагч ийн боддог болжээ. Харин Ехова сайшаахаа больсныг Есүс тэдэнд сануулсан (Илч. 3:1, 2). Еховатай дотно байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? Нэг арга нь баптисм хүртсэн үеийнх шигээ одоо ч идэвхтэй үйлчилдэг эсэхээ бодож үзэх юм (Илч. 2:4, 5). Өөрөөсөө ингэж асуугаарай. «Би өмнөх шигээ Библи уншиж, эргэцүүлэн бодох дуртай юу? Цуглаандаа бэлдэхгүй, алдаг оног явдаг болсон уу? Дэлгэрүүлэх ажлыг чухалд үзэхээ больсон уу? Зугаацаж цэнгэх юм уу эд мөнгөтэй болохыг л боддог болсон уу?» Хэрэв аль нэгд нь «Тийм» гэж хариулсан бол Еховатай тогтоосон харьцаагаа анхаарах цаг болсон гэсэн үг. Тэгэхгүй бол улам л муудна. Хэрэв сул талтайгаа тэмцэж чадахгүй юм шиг санагдах юм уу Еховагийн сайшаадаггүй юмыг хийдэг болсон бол ахлагчдаас заавал тусламж аваарай.
6. Ноцтой нүгэл үйлдсэн хүн яах ёстой вэ?
6 Гэрч байх эрхээ хасуулахад хүрч мэдэх ноцтой нүгэл үйлдсэн хүн ахлагчдад хандах ёстой нь ойлгомжтой (1 Кор. 5:11–13). Ийм хүнд Еховатай тогтоосон харьцаагаа сэргээхэд тусламж хэрэгтэй. Золиосонд үндэслэн нүглээ уучлуулъя гэвэл гэмшиж байгаагаа «үйлсээрээ батлах» учиртай (Үйлс 26:20). «Үйлс» гэдгийн тоонд ноцтой нүгэл үйлдсэнээ ахлагчдад хэлэх ордог.
7. Өөр хэнд ахлагчдын тусламж хэрэгтэй вэ?
7 Ахлагчид ноцтой нүгэл үйлдсэн хүнд төдийгүй муу хүсэлдээ дийлдэхгүй гэж тэмцэж буй хүнд тусалдаг (Үйлс 20:35). Жишээ нь үнэнийг мэдэхээсээ өмнө мансууруулах бодис хэрэглэх, порнограф үзэх юм уу ёс журамгүй амьдардаг байсан хүнд дахин ийм юм хийх хүсэлтэйгээ тэмцэх хэцүү санагдаж мэднэ. Ганцаархнаа тэмцэнэ гэж бүү бодоорой. Харьцахад амар санагддаг, итгэл хүлээсэн ахлагчтай ярилцаарай. Тэрбээр таныг анхааралтай сонсож, яг хэрэгтэй зөвлөгөө өгч, муу хүсэлдээ дийлдэлгүй Еховагийн таалалд нийцүүлж чадна гэдгийг тань ойлгуулна (Ном. 4:12). Та муу хүсэлтэйгээ тэмцсээр байгаад зориг мохсон байж болох юм. Харин тусламж гуйсан нь Еховатай тогтоосон харьцаагаа чухалд үзэж, өөртөө эрдэхээс болгоомжилдгийн шинж гэдгийг ахлагчид танд хэлж урамшуулна (1 Кор. 10:12).
8. Алдаа гаргах тоолондоо ахлагчдад хандах хэрэгтэй юү? Тайлбарлана уу.
8 Алдаа гаргах тоолондоо ахлагчдад хандах хэрэггүй. Жишээ нь та итгэл нэгтнээ үг хэлээрээ гомдоож, бүр түүнд ихэд уурласан гэж бодъё. Шууд ахлагчид хандахын оронд Есүсийн зөвлөгөөг дагаж ах дүүтэйгээ эвлэрээрэй (Мат. 5:23, 24). Илүү дөлгөөн, тэвчээртэй байж, биеэ захирч сурахын тулд эдгээр сайхан зан чанарын тухай судлаарай. Хэрэв асуудлаа шийдэж чадахгүй байвал ахлагчдаас тусламж авах боломжтой. Элч Паул филиппойчуудад бичсэн захидалдаа, хоорондоо таарамжгүй байсан Юүдиа Сунтухе гэдэг хоёр эмэгтэйд туслахыг нэг дагалдагчаас гуйсан. Танай хурлын ахлагч ч мөн тусална (Флп. 4:2, 3).
АХЛАГЧДАД ЯАГААД ХАНДАХ ЁСТОЙ ВЭ?
9. Ахлагчдаас тусламж гуйхаасаа яагаад ичих ёсгүй вэ? (Сургаалт үгс 28:13).
9 Ноцтой нүгэл үйлдсэн юм уу муу хүсэлтэй тэмцэж дийлэхээргүй санагдсан хүнд ахлагчдаас тусламж хүсэхэд итгэл, зориг хэрэгтэй. Мөн тусламж гуйхаасаа ичих ёсгүй. Яагаад? Учир нь Ехова өөртэй нь маш дотно байхад тань туслах зорилгоор ахлагчдыг өгсөн. Тиймээс тэдэнтэй ярилцвал Еховад итгэдгээ, дуулгавартай байгаагаа харуулна. Ямагт зөв юм хийхэд тусламж зайлшгүй хэрэгтэйг бид ойлгодог (Дуу. 94:18). Бас нүгэл үйлдсэн хүн үүнийгээ илчилж, үйлдэхээ боливол Еховагийн өршөөлийг хүртэнэ (Сургаалт үгс 28:13-ыг уншина).
10. Нүглээ нуухыг оролдвол яах вэ?
10 Нүгэл үйлдсэнээ ахлагчдад хэлбэл Еховагийн өршөөлийг хүртэж, түүнтэй дахин сайн харьцаатай болно. Гэхдээ ахлагчдад хэлэхгүй бол улам их зовно. Давид хаан нүглээ нуухыг оролджээ. Үүний уршгаар, Еховагийн сайшаалыг алдсанаа мэдээд сэтгэл зүрх нь шаналж, бүр бие нь ч өвдсөн (Дуу. 32:3–5). Өвчтэй юм уу бэртсэн хүн эмчилгээ хийлгэхгүй удвал өвчин нь улам даамжирна. Үүнтэй адилаар ноцтой нүгэл үйлдсэн хүн ахлагчдаас тусламж авахгүй бол Еховатай анд найз байхаа болих аюултай. Үүнийг Ехова мэддэг учраас «учир зүйгээ ололцох» буюу ахлагчдаас тусламж авч өөртэй нь дахин сайн харьцаатай болохыг уриалдаг (Ис. 1:5, 6, 18, ШЕ).
11. Нүглээ илчлэхгүй бол бусдад хэрхэн нөлөөлөх вэ?
11 Ноцтой нүглээ илчлэхгүй бол бусад хүнд муугаар нөлөөлж мэднэ. Өөрөөр хэлбэл Бурхан агуу хүчээрээ ивээхэд саад болж, хурлын амар тайван байдалд аюул учирч болзошгүй (Эф. 4:30). Бас хэн нэгэн нь ноцтой нүгэл үйлдсэнийг бид мэдвэл ахлагчдад хэлэх ёстойг нь түүнд сануулах учиртай.a Хэрэв хэлэхгүй бол бид хэлэх ёстой. Эс тэгвэл бид нүглийнх нь хариуцлагыг хүлээх хэрэгтэй болно (Лев. 5:1). Бид Еховаг хайрладаг учраас ноцтой нүгэл үйлдсэн хүнийг ахлагчдад хэлдэг. Ингэснээр хурлаа цэвэр ариун байлгаж, Еховатай дахин сайн харьцаатай болоход нь нүгэл үйлдсэн хүнд тусална.
АХЛАГЧИД ХЭРХЭН ТУСАЛДАГ ВЭ?
12. Ахлагчид Бурхантай тогтоосон харьцаагаа сэргээх шаардлагатай хүнд хэрхэн тусалдаг вэ?
12 Бурхантай тогтоосон харьцаагаа сэргээх шаардлагатай хүнд ахлагчид туслах учиртайг Библид бичжээ (1 Тес. 5:14). Хэрэв та алдаа гаргасан бол тэд асуултууд асууж юу бодож, ямар санагдаж байгааг тань мэдэхийг зорино (Сур. 20:5). Бүх юмаа ярих танд амаргүй санагдаж болох юм. Угийн ичимхий юм уу болсон явдлаасаа санаа зовж, ичиж байж мэднэ. Гэсэн ч юу болсноо аль болох илэн далангүй яривал ахлагчдад тусалж байгаа хэрэг. «Бодлогогүй» үг хэлчих вий гэж санаа бүү зовоорой (Иов 6:3, ШЕ). Ахлагчид яаран дүгнэлт хийлгүй таныг анхааралтай сонсож, зөвлөгөө өгөхөөсөө өмнө бүхнийг мэдэж авахыг хичээнэ (Сур. 18:13). Тэд итгэл нэгтэндээ туслахад цаг хугацаа хэрэгтэйг ойлгодог тул ярвигтай асуудлыг нэг л удаа ярилцаад шийдчихнэ гэж боддоггүй.
13. Ахлагчдын залбирал болон Библид үндэслэсэн зөвлөгөө бидэнд ямар тустай вэ? (Бас зургийг үзээрэй).
13 Ахлагчид танд өөрийгөө улам буруутгах сэтгэл төрүүлэхгүйг хичээдэг. Харин ч таны төлөө залбирна. Залбирал нь «их үр нөлөөтэйг» мэдрээд та лав гайхах байх. Тэд бас «Еховагийн нэрээр [таныг] тосолно» (Яак. 5:14–16). Энд «тос» гэдгээр Бурхны Үгэн дэх үнэнийг хэлдэг. Тиймээс ахлагчид Библийг чадварлаг ашиглан таныг тайвшруулж, Еховатай дахин сайн харьцаатай болоход тусална (Ис. 57:18). Тэдний өгөх зөвлөгөөний ачаар зөв юм хийх шийдвэр тань батажна. Та тэднээс тусламж авснаараа Еховагийн «Зөв зам энэ байна. Үүгээр алх» гэх дууг сонсоно (Ис. 30:21, ШЕ).
Ахлагчид Библийн зүйлээр биднийг тайвшруулдаг (13, 14-р догол мөрийг үзээрэй)
14. Галат 6:1-д бичсэнээр ахлагчид «замаасаа хазайсан» хүнд хэрхэн тусалдаг вэ? (Бас зургийг үзээрэй).
14 Галат 6:1-ийг уншина. «Замаасаа хазайсан» Христийн дагалдагч хүн Бурхны зөвт хэм хэмжээний дагуу амьдардаггүй. «Замаасаа хазайсан» гэдгээр ухаалаг бус шийдвэр гаргасан юм уу ноцтой нүгэл үйлдсэнийг хэлсэн байж болох юм. Ахлагчид хайрандаа хөтлөгдөн «тэр хүнийг засаж залруулахыг хичээдэг». «Засаж залруулах» гэж орчуулсан грек үгээр бас хугарсан ясыг зөв нийлүүлж эдгээхийг хэлдэг. Туршлагатай эмч хугарсан ясыг эмчлэхдээ хашир болгоомжтой байж, аль болох өвтгөхгүйг хичээдэг. Үүнтэй адилаар ахлагчид замаасаа хазайсан нэгнийг засаж залруулахдаа илүү их шаналгахгүйг анхаарч сайхан сэтгэлээр зөвлөгөө өгдөг. Мөн Библийн дээрх зүйлд «өөрсдийгөө анхаарахыг» ч ахлагчдад захижээ. Тэд бусдад туслахдаа өөрсдөө ч төгс бус, алдаа гаргадаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс өөрсдийгөө бусдаас илүү гэж бодох юм уу шүүмжлэх хандлага гаргахаас зайлсхийж, харин ч өрөвч энэрэнгүй байхыг хичээдэг (1 Петр 3:8).
15. Асуудал гарсан үедээ яах вэ?
15 Бид хурлынхаа ахлагчдад итгэдэг. Тэд Еховагаар заалгаж сургагддаг тул бидний хувийн мэдээллийг бусдад хэлдэггүй, өөрсдийнхөө зөв гэж үзсэнээр бус, харин Библид үндэслэн зөвлөгөө өгч, бэрхшээлийг даван туулахад маань ямагт тусалдаг (Сур. 11:13; Гал. 6:2). Ахлагчид амьдралын туршлага, зан чанараараа ялгаатай ч бид хэнд нь ч хандах боломжтой. Сонсохыг хүссэн зүйлийг маань хэн нэг нь хэлээсэй гээд өөр өөр ахлагчаас зөвлөгөө өгөхийг гуйгаад явах ёсгүй нь мэдээжийн хэрэг. Хэрэв ингэдэг бол Бурхны Үгэн дэх «зөв сургаалыг» гэхээсээ илүү «хүссэн юмаа» сонсохыг илүүд үздэг хүнтэй адил болно (2 Тим. 4:3). Нэг ахлагчид асуудлаа ярихад тэрбээр өөр ахлагчид хандсан эсэхийг болон ямар зөвлөгөө өгснийг нь лавлаж болох юм. Бас даруу байн өөр ахлагчид хандахыг зөвлөж магадгүй (Сур. 13:10).
БИДНИЙ ҮҮРЭГ
16. Бид ямар үүрэгтэй вэ?
16 Ахлагчид Бурхны хоньдод анхаарал халамж тавьдаг ч ямар шийдвэр гаргах ёстойг нь хэлдэггүй. Бид бүгд Еховад хайртайгаа, түүнд таалагдахыг хүсдэгээ үг яриа, үйл хэргээрээ өдөр бүр харуулах учиртай. Еховагийн тусламжаар бид зөв шийдвэр гаргаж, үнэнч байж чадна (Ром 14:12). Тийм учраас ахлагчид бидэнд ингэ тэг гэж тушаахын оронд тухайн асуудлаар Ехова ямар үзэл бодолтойг Библиэс ойлгуулж өгдөг. Бид Библид үндэслэсэн зөвлөгөөг нь дагавал «оюун ухаанаа дайчлан» зөв шийдвэр гаргаж сурна (Евр. 5:14).
17. Бид яах хэрэгтэй вэ?
17 Бид Еховагийн хоньд байх үнэхээр гайхалтай завшаантай! Тэрбээр «сайн хоньчин» Есүсийг илгээсэн. Есүс биднийг мөнх амьдруулахын тулд амиа золиосолсон (Ёох. 10:11). Бас хурлынханд санаа тавих ахлагчдыг томилж, «та нарыг мэдлэг, оюун ухаанаар тэжээх, миний Өөрийн зүрхийг дагадаг хоньчдыг Би та нарт өгнө» гэсэн амлалтаа биелүүлсэн (Иер. 3:15). Еховатай тогтоосон харьцаагаа сайжруулах юм уу сэргээх шаардлагатай болбол айж эмээхгүйгээр ахлагчдад хандаарай. Еховагийн томилсон ахлагчдаар туслуулж ач тусыг нь бүрэн дүүрэн хүртэж байцгаая!
ДУУ 26 Бурхантай хамт алхагтун!
a Нүгэл үйлдсэн хүн тодорхой хугацаа өнгөрсөн ч нүглээ илчлэхгүй бол Еховад үнэнч та мэдэж байгаа бүхнээ ахлагчдад хэлэх учиртай.