СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 37
ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя
Хаа сайгүй шударга бус явдал. Яах ёстой вэ?
«Тэрбээр шударга ёс ноёлно гэж хүлээж байтал шударга бус явдал гарсан» (ИС. 5:7, ШЕ).
ГОЛ САНАА
Есүс шударга бус явдлыг хараад яасан бэ? Бид түүнийг хэрхэн дуурайх вэ?
1, 2. Олон хүн шударга бус явдлыг хараад яадаг вэ? Бидэнд ямар бодол төрж магадгүй вэ?
БИД шударга бус явдлаар дүүрэн ертөнцөд амьдардаг. Хүмүүс нэг нэгнээ баян ядуу, яс үндэс, арьсны өнгө, хүйсээр нь ялгаварлан гадуурхдаг. Мөнгөний хойноос хөөцөлддөг бизнес эрхлэгчид болон улс төрчид байгаль орчныг сүйтгэдэг. Эдгээр болон өөр бусад шударга бус явдал бид бүгдэд шууд болон дам нөлөө үзүүлдэг.
2 Бүх хүн амар тайван, шударга ёс ноёлсон ертөнцөд амьдрахыг хүсдэг учраас шударга бус явдлыг хараад бухимдах нь ерийн хэрэг. Зарим хүн нийгмийг өөрчлөх хөдөлгөөнд оролцдог. Жишээ нь гарын үсэг цуглуулж, эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, шударга бус явдалтай тэмцэнэ гэж ам гардаг улс төрийн удирдагчдыг дэмждэг. Харин Христийн дагалдагч бид энэ «ертөнцийнх биш» гэдгээ ойлгож, Бурхны Хаант төр шударга бус бүх явдлыг арилгана гэдэгт итгэдэг (Ёох. 17:16). Гэсэн хэдий ч шударга бус явдлын золиос болж буй хүмүүсийг хараад өөрийн эрхгүй санаа зовниж, уур хүрдэг. Тэгээд «Би яах вэ? Ямар нэг юм хийх ёстой юм биш үү?» гэсэн бодол төрж болох юм. Энэ асуултуудын хариуг авахын тулд эхлээд Ехова Есүс хоёр шударга бус явдлыг хараад яадгийг ярилцъя.
ЕХОВА ЕСҮС ХОЁР ШУДАРГА БУС ЯВДЛЫГ ЖИГШДЭГ
3. Шударга бус явдлыг харахаар яагаад уур хүрдэг вэ? (Исаиа 5:7).
3 Шударга бус явдлыг харахаар уур уцаар хүрдгийн учрыг Библиэс мэдэж болно. Ехова «зөв зүйл, шударга ёсыг хайрладаг» бөгөөд биднийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн (Дуу. 33:5, ШЕ; Эх. 1:26). Тэрбээр хэзээ ч шударга бусыг үйлддэггүй, хүмүүсийг ч бүү үйлдээсэй гэж хүсдэг! (Д.хууль 32:3, 4; Мика 6:8; Зех. 7:9). Жишээлбэл зөнч Исаиагийн үед элэг нэгтнийхээ шударга бус үйлдлээс болж зовж шаналсан израйлчуудын «уйлах дууг» Ехова сонссон (Исаиа 5:7-г уншина, ШЕ). Тэгээд хуулийг нь дахин дахин зөрчиж, бусдад муугаар хандсан хүмүүсийг шийтгэжээ (Ис. 5:5, 13).
4. Есүс шударга бус явдлыг хэрхэн үздэг вэ? (Бас зургийг үзээрэй).
4 Еховагийн адилаар Есүс шударга ёсыг хайрлаж, шударга бусыг жигшдэг. Тэрбээр нэг удаа хатангир гартай хүнийг хараад ихэд өрөвдсөндөө эдгээх гэж байв. Харин хүний үнэргүй шашны удирдагчид үүнд нь дургүйцэн уурладаг. Тэдний хувьд зовсон нэгэнд туслах бус, Амралтын өдрийн хуулийг өөрсдийнхөө ойлгосноор сахиулах нь л чухал байв. Энэ нь Есүст ямар санагдсан бэ? «Хатуу сэтгэлтэйд нь ихэд харамссан» (Марк 3:1–6).
Иудейн шашны удирдагчид хүмүүст шударга бус ханддаг байсан. Харин Есүс хүмүүсийг хайрлаж, тэдэнд тусалдаг байв (4-р догол мөрийг үзээрэй)
5. Шударга бус явдлаас болж уур хүрвэл юуг санах хэрэгтэй вэ?
5 Ехова Есүс хоёрын хэн хэн нь шударга бус явдлыг хараад уурладаг гэхээр бидний уурлах ч буруу биш юм (Эф. 4:26). Гэхдээ уурлалаа гээд асуудлыг шийдэж чадахгүйгээ санах нь зүйтэй. Уурлаад явах нь сэтгэл санаа, бие махбодод муу (Дуу. 37:1, 8; Яак. 1:20). Тэгвэл шударга бус явдлыг харвал яах ёстой вэ? Есүсийн жишээ бидэнд сургамжтай.
ЕСҮС ШУДАРГА БУС ЯВДЛЫГ ХАРААД ЯАСАН БЭ?
6. Есүсийг дэлхий дээр байхад шударга бус ямар ямар явдал гарч байсан бэ? (Бас зургийг үзээрэй).
6 Есүсийг дэлхий дээр байхад шударга бус явдал их байжээ. Шашны удирдагчид янз янзын дүрэм журам тогтоож эгэл ардыг дарамталж байсан (Мат. 23:2–4). Ромын захирагчид ард иргэдэд харгис ширүүн хандана. Тиймээс иудейчүүд тусгаар тогтнохыг хүсэж байв. Зарим нь, жишээлбэл хэт даврагчид гэгддэг хүмүүс Ромын эсрэг тэмцэж байлаа. Гэхдээ Есүс нийгмийг өөрчлөх ямар нэг хөдөлгөөн зохион байгуулаагүй, дэмжиж ч байгаагүй. Мөн өөрийг нь хаан болгох гэсэн хүмүүсээс зугтдаг (Ёох. 6:15).
Улс төрийн асуудалд оролцуулах гэхэд Есүс татгалзсан (6-р догол мөрийг үзээрэй)
7, 8. Есүс дэлхий дээр байхдаа шударга бус явдлыг яагаад арилгах гэж оролдоогүй вэ? (Ёохан 18:36).
7 Есүс шударга бус явдлыг таслан зогсоохын тулд улс төрийн үйл хэрэгт оролцож байгаагүй. Яагаад? Хүмүүст өөрсдийгөө захирах эрх ч, чадвар ч байхгүйг мэдэж байсан (Дуу. 146:3; Иер. 10:23). Мөн тэд зовлон бэрхшээлийн гол шалтгааныг арилгаж чадахгүй. Энэ ертөнцийг харгис хэрцгий Сатан Диавол захирдаг бөгөөд түүний нөлөөнд автсан хүмүүс шударга бус явдлыг улам гаарахад хүргэдэг (Ёох. 8:44; Эф. 2:2). Хүн нь сайн байлаа ч төгс бусаасаа болж дандаа шударга байж чаддаггүй (Ном. 7:20).
8 Зөвхөн Бурхны Хаант төр л шударга бус явдлыг үндсээр нь устгаж чадна гэдгийг Есүс ойлгодог байв. Тиймээс «Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглахад» цаг хүчээ зориулсан (Лук 8:1). Тэрбээр ёс бус бүхэн байхгүй болохыг «шударга ёсны төлөө өлсөж, цангадаг» хүмүүст хэлж тайвшруулсан (Мат. 5:6; Лук 18:7, 8). Гэхдээ үүнийг хүний засгийн газар бус, Бурхны Хаант төр гүйцэтгэнэ. Энэ Хаант төр «энэ ертөнцийнх биш» билээ (Ёохан 18:36-г уншина).
ЕСҮСИЙГ ДУУРАЙГААРАЙ
9. Зөвхөн Бурхны Хаант төр шударга бус явдлыг зогсооно гэдэгт та яагаад итгэдэг вэ?
9 «Эцсийн өдрүүдэд» шударга бус явдал улам гаарч байна. Гол шалтгаан нь Есүсийн үеийнхтэй адилаар Сатан болон түүний нөлөөн дор байдаг төгс бус хүмүүс юм (2 Тим. 3:1–5, 13; Илч. 12:12). Бид Бурхны Хаант төр л энэ бүхнийг устгана гэдгийг мэддэг. Бас Хаант төрийг бүрэн дэмждэг учир шударга бус явдлыг таслан зогсоох эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн зэрэгт оролцдоггүй. Стэйсиa гэдэг Гэрч эмэгтэйн тухай бодъё. Тэрбээр үнэнийг мэдэхээсээ өмнө нийгмийг өөрчлөх хөдөлгөөнд байнга оролцдог байсан ч яваандаа эргэлзэж эхэлсэн. «Жагсаалд оролцож яваа минь зөв юм уу гэж бодогддог болсон. Харин одоо Бурхны Хаант төрийг дэмждэг. Зөв гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй. Дарамтлагдан зовж байгаа хүмүүсийн төлөө миний хийж чадаагүйг Ехова хийнэ» гэж тэрбээр ярьжээ (Дуу. 72:1, 4).
10. Нийгмийг өөрчлөх хөдөлгөөнд оролцох нь Матай 5:43–48-д байгаа Есүсийн зөвлөгөөтэй зөрчилддөг гэж яагаад хэлэх вэ? (Бас зургийг үзээрэй).
10 Нийгмийг өөрчлөх хөдөлгөөнд оролцдог хүмүүс гол төлөв уур уцаартай, захирагдах дургүй байдаг. Есүс ийм байж болохгүйг зааж, үлгэрлэн харуулсан (Эф. 4:31). Жеффри гэдэг Гэрч эрэгтэй: «Харьцангуй тайван гэмээр жагсаал хоромхон зуур хүчирхийлэл, дээрэм тонуул болж хувирах нь бий» гэжээ. Гэхдээ Есүс бүх хүнийг, бүр бидэнтэй санал нийлдэггүй, хавчдаг хүмүүсийг ч хайрлахыг заасан (Матай 5:43–48-ыг уншина). Христийн дагалдагч бид үлдээсэн жишээг нь дагахын тулд чадах бүхнээ хийдэг.
Бид өнөөгийн улс төр юм уу нийгмийн асуудлаар төвийг сахихаар бат шийдсэн байх ёстой (10-р догол мөрийг үзээрэй)
11. Нийгмийг өөрчлөх хөдөлгөөнд оролцохгүй гэж бат шийдсэн маань хэрхэн шалгагдаж болох вэ?
11 Бурхны Хаант төр шударга бус явдлыг бүрмөсөн үгүй хийхийг мэддэг ч өөрөө шударга бус явдалд өртөхөөрөө Есүсийг дуурайх амаргүй санагдаж болох юм. Жанайягийн тухай бодъё. Түүнийг ялгаварлан гадуурхдаг байжээ. Тэрбээр: «Би их уурлаж бухимддаг байлаа. Сэтгэл зүрх шархалж, өшөө авмаар байсан. Тэгээд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх хөдөлгөөнд оролцох талаар бодлоо. Энэ нь уур гомдлоо тайлах сайн арга юм шиг санагдсан» гэжээ. Гэхдээ Жанайя үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэйгээ яваандаа ойлгосон. «Би бусдын нөлөөнд автаж, Еховад бус, хүнд найдаж байсан юм билээ. Тиймээс хөдөлгөөнд оролцдог хүмүүсээс холбоогоо тасалж, иймэрхүү юманд дахин хэзээ ч оролцохгүй гэж шийдсэн» хэмээн ярьжээ. Хэдийгээр бид өөрсдөө юм уу бусад хүн шударга бус явдлын золиос болоход уурлан бухимддаг ч, үүнээс болж улс төрийн болон нийгмийн асуудлаар төвийг сахих байр сууриасаа няцах ёсгүй (Ёох. 15:19).
12. Унших, сонсох, харах зүйлээ сонгохдоо яагаад болгоомжлох ёстой вэ?
12 Уур уцаараа хянахад юу тустай вэ? Унших, сонсох, харах зүйлээ сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Олон нийтийн сүлжээгээр шударга бус явдлыг дэвэргэн бичиж, нийгмийг өөрчлөх хөдөлгөөнд уриалах нь их болжээ. Мэдээллийн агентлагууд ихэнхдээ нэг талыг баримталсан мэдээ дамжуулдаг. Мэдээлэл нь үнэн зөв байсан ч үүнийг анхаараад байх нь зөв үү? Хэрэв иймэрхүү мэдээг олон цагаар уншиж, сонсоод байвал хий дэмий сэтгэлээр унаж, уур хүрч бухимдаж магадгүй (Сур. 24:10). Бүр үүнээс ч дор юм болж, зөвхөн Бурхны Хаант төр бүх асуудлыг шийднэ гэдгийг умартаж мэднэ.
13. Зөв хандлагатай байхад Библи унших сайн хэвшил тустай гэхийн учир юу вэ?
13 Библи уншиж, эргэцүүлэн бодох сайн хэвшилтэй байх нь шударга бус явдлыг тэвчихэд тустай. Алиа гэдэг Гэрч эмэгтэй ялгаварлан гадуурхагдаж буй бүлэг хүнийг хараад эмзэглэдэг байжээ. Буруу юм хийдэг хүмүүс шийтгэгдэхгүй байгаад уур нь хүрдэг байв. Тэрбээр: «Энэ бүх асуудлыг Ехова шийднэ гэдэгт үнэхээр итгэдэг эсэхээ шалгах хэрэгтэйг ойлгосон. Тэр үед Иов 34:22–29-ийг уншсан юм. Еховагийн хараанаас нуугдах хэн ч байхгүйг энэ зүйл надад сануулсан. Ганцхан Ехова л төгс шударга Нэгэн, бүхнийг зөв шүүнэ» гэж ярьжээ. Бурхны Хаант төр жинхэнэ шударга ёсыг тогтоох хүртэл бид шударга бус явдлыг тэвчих хэрэгтэй. Яаж?
БИДНИЙ ОДОО ХИЙХ ЗҮЙЛ
14. Бидний одоо хийж чадах нэг зүйл юу вэ? (Колосай 3:10, 11).
14 Бид бусдад шударга бус ханддаг хүмүүсийг өөрчилж чадахгүй ч, өөрсдөө бусдад сайнаар хандаж чадна. Дээр дурдсанаар бид Есүсийг дуурайж бүх хүнийг хайрлахыг хичээдэг. Ийн хайрладаг бол бусдад, бүр шударга бусыг үйлддэг нэгэнд ч хүндэтгэлтэй хандана (Мат. 7:12; Ром 12:17). Бүх хүнд сайхан сэтгэлээр, шударгаар ханддаг бол Ехова баярлана (Колосай 3:10, 11-ийг уншина).
15. Библийн үнэнийг хүмүүст мэдүүлэх нь ямар үр дүнд хүргэх вэ?
15 Шударга бус ертөнцөд бидний хийх хамгийн чухал зүйл бол Библийн үнэнийг бусдад мэдүүлэх явдал юм. Яагаад ингэж хэлэх вэ? Учир нь «Еховагийн тухай мэдлэг» харгис хэрцгий хүнийг ч сайхан сэтгэлтэй, амар тайвныг эрхэмлэдэг хүн болгон өөрчилдөг (Ис. 11:6, 7, 9, ШЕ). Жемал үнэнийг мэдэхээсээ өмнө, дарангуйлан захирдаг гэж үздэг засгийн газартайгаа тэмцэхийн тулд босогчидтой нэгдсэн. Тэрбээр: «Хүмүүсийг хүчээр өөрчлөх боломжгүй. Намайг ч хүчээр өөрчлөөгүй. Гэхдээ Библийн үнэн л өөрчилсөн» гэжээ. Библиэс сурч мэдсэн зүйл нь тэмцэлдэхээ болиход гол түлхэц болжээ. Библийн үнэний ачаар өөрчлөгдсөн хүн хэдийчинээ олон болно, шударга бусыг үйлдэгч төдийчинээ цөөрнө.
16. Та яагаад Бурхны Хаант төрийн тухай мэдээг бусдад яримаар байна вэ?
16 Бид Есүсийн адилаар, зөвхөн Бурхны Хаант төр ёс бус бүхнийг үндсээр нь арилгана гэдгийг хүмүүст ярих чин хүсэлтэй. Үүнийг шударга бус явдлын золиос болсон хүн сонсохлоороо тайвширч, урам нь сэргэдэг (Иер. 29:11). Дээр дурдсан Стэйси: «Үнэнийг мэдсэнийхээ ачаар би шударга бус явдлыг тэвчиж чадсан. Ехова Библиэр дамжуулан биднийг тайвшруулдаг» гэжээ. Сэтгэл тайвшруулам энэ сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд сайн бэлдэх хэрэгтэй. Тус өгүүллээр ярилцсан Библийн сургаалууд үнэн гэдэгт та өөрөө бат итгэдэг болбол сургууль юм уу ажил дээрээ тухайн сэдвээр ярих болоход эвтэйхэн тайлбарлаж чадна.b
17. Шударга бус явдлыг тэвчихэд Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ?
17 Сатан «[энэ ертөнцийн] захирагч» байгаа цагт шударга бус явдал гарсаар байхыг бид мэддэг. Гэхдээ түүнийг «зайлуулах» хүртэл энэ бүхнийг тэвчихэд хэрэгтэй тусламж ч бий, найдвар ч өвөрлөсөн (Ёох. 12:31). Өөрөөр хэлбэл, яагаад ийм их шударга бус явдал гардгийг, мөн ийм явдалд өртөн зовж байгаа хүмүүсийг хараад өөрт нь ямар санагддагийг Ехова Библид бичүүлсэн (Дуу. 34:17–19). Бас Есүс шударга бус явдал тулгарвал яах ёстойг үлгэрлэн үзүүлж, Бурхны Хаант төр л бузар муу бүхнийг ул мөргүй устгахыг заасан (2 Петр 3:13). Тэгэхээр, дэлхий даяар «шударга ёс, зөв шударга» байдал ноёлох тэр цагийг хүлээнгээ Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлцгээе! (Ис. 9:7, ШЕ).
ДУУ 158 «Хоцролгүй заавал ирнэ!»
a Зарим нэрийг өөрчлөв.
b «Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё» товхимлын хавсралт А дахь 24–27-р зүйлийг бас үзээрэй.