СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 39
ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!
«Зөв хандлагатай» хүмүүст тусалъя
«Мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай бүх хүн Есүсийн дагалдагч болов» (ҮЙЛС 13:48).
ГОЛ САНАА
Хэзээ Библийн хичээл санал болгож, цуглаанд урих вэ?
1. Хүмүүс сайн мэдээг хэрхэн хүлээж авдаг вэ? (Үйлс 13:47, 48; 16:14, 15).
I ЗУУНД олон хүн сайн мэдээ сонсоод тэр даруй хүлээж авч байжээ (Үйлс 13:47, 48; 16:14, 15-ыг уншина). Өнөөдөр ч зарим хүн энэ мэдээг анх сонсоод баярладаг. Эхэндээ сонирхоогүй ч хожим нь Ехова болон Библийн тухай мэдэхийг хүсдэг хүн ч бий. Бид «зөв хандлагатай» хүнийг олсон бол яах хэрэгтэй вэ?
2. Шавь бэлдэх нь цэцэрлэгчийн ажилтай юугаараа адилхан бэ?
2 Шавь бэлдэхийг цэцэрлэгчийн ажилтай зүйрлэж болно. Зарим жимс ногоо бусдаасаа хурдан боловсордог. Цэцэрлэгч түүнийг тэр даруй хурааж авдаг. Болоогүйг нь арчлан тордож усалсаар байдаг. Үүнтэй адил, бид сайн мэдээг шууд хүлээж авах хүнтэй таарвал Христийн дагалдагч болоход нь цаг алдалгүй тусалдаг. Харин үүний сацуу, үнэний үнэ цэнг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй хүнд ч бид тусалсаар байдаг (Ёох. 4:35, 36). Хүн бүрд яаж туслахаа мэдэхийн тулд хэрсүү байх хэрэгтэй. Одоо, сайн мэдээг хүлээж авах зөв хандлагатай хүнтэй анх уулзахдаа болон цаашид ахиц гаргахад нь хэрхэн туслахыг ярилцъя.
САЙН МЭДЭЭГ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ХҮНТЭЙ УУЛЗВАЛ
3. Үнэнийг дуртайяа хүлээж авах хүн таарвал яах нь зүйтэй вэ? (1 Коринт 9:26).
3 Бид үнэнийг дуртайяа хүлээж авах хүн таарвал амийн зам дээр даруйхан хөл тавихад нь туслахыг боддог. Ийм хүнд анх уулзсан цагаасаа л Библийн хичээл санал болгох болон цуглаанд урихыг хойш тавих учиргүй (1 Коринт 9:26-г уншина).
4. Библийн хичээл шууд эхлэхэд бэлэн байсан нэг хүний жишээг ярина уу.
4 Хичээл санал болгох. Бидний уулзсан зарим хүн Библийн хичээл шууд эхлэхэд бэлэн байдаг. Канадад амьдардаг нэг бүсгүй хэвлэл өрж тавьсан дугуйтай тавиур дээрээс «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлыг авчээ. Энэ явдал пүрэв гарагт болсон. Тэгэхэд нь тавиурын хажууд зогсож байсан Гэрч эмэгтэй энэ товхимлыг авсан хүнтэй үнэ төлбөргүй Библийн хичээл хийдгийг хэлж өгчээ. Бүсгүй сонирхсон тул тэд утасны дугаараа солилцсон. Тухайн өдрийн орой тэр бүсгүй мессеж илгээж, хэзээ хичээл эхлэхийг асуусан байна. Гэрч эмэгтэй амралтын өдөр хийхийг санал болгоход бүсгүй: «Маргааш боломжтой юу? Би завтай» гэжээ. Тэгээд тэд баасан гарагт нь хичээл хийж эхэлсэн. Бүсгүй тэр долоо хоногийн амралтын өдрийн цуглаанд ч сууж, Еховатай ч хурдан дотноссон.
5. Библийн хичээл хийх санал тавихдаа хэрхэн хэрсүү байх вэ? (Бас зургийг үзээрэй).
5 Гэхдээ хүн болгон энэ бүсгүйтэй адил байхгүй нь ойлгомжтой. Сонирхсон зарим хүнд үнэнийг хүлээж авахад нь илүү их цаг хугацаа хэрэгтэй байж магадгүй. Тийм хүнтэй эхлээд сонирхсон сэдвээр нь ярилцах хэрэгтэй. Гэхдээ өөдрөг байж, чин сэтгэлээсээ санаа тавиад байвал богинохон хугацаанд хичээл эхэлж болох юм. Хичээл санал болгохдоо юу гэж хэлэх вэ? Олон хүнтэй хичээл эхэлж чадсан зарим итгэл нэгтнээсээ энэ асуултыг асуусан юм.
Бид хэрхэн яривал энэ хүмүүст хичээл хийх хүсэл төрөх бол? (5-р догол мөрийг үзээрэй)a
6. Үнэнийг сонирхсон хүнтэй дахин ярилцахын тулд юу гэж ярих вэ?
6 Санал асуулгад хамрагдсан зарим улсын дэлгэрүүлэгчид болон эхлэгчид «Библийн хичээл», «зааж өгье» гэж ярихаас зайлсхийж, «ярилцах», «хэлэлцэх», «Библийн тухай мэдэж авах» гэх нь илүү дээр байдгийг хэлжээ. Сонирхлыг нь дэмжихийн тулд «Амьдралын чухал чухал асуултын талаар Библид юу гэж байдгийг мэдээд та лав гайхах байх» гэх юм уу «Библи бол зөвхөн шашны ном бус, амьдралд хэрэгтэй зөвлөгөө байдаг ном юм» гэж хэлж болно. Тэгээд «Удаан ярилцахгүйгээр ердөө 10–15 минутад та чухал юмыг мэдэж авна» гэж хэлнэ. «Тогтмол» юм уу «долоо хоног болгон» гэх зэрэг дарамттай санагдуулах үг хэлэх хэрэггүй.
7. Зарим хүн үнэнийг олсноо хэзээ ойлгодог вэ? (1 Коринт 14:23–25).
7 Цуглаанд урих. Элч Паулын үед зарим хүн Христийн дагалдагчдын цуглаанд анх суугаад үнэнийг олсноо ойлгосон бололтой (1 Коринт 14:23–25-ыг уншина). Өнөөдөр ч мөн адил. Үнэнийг сонирхсон ихэнх хүн цуглаанд ирдэг болохоороо Еховатай хурдан дотносдог. Тэгвэл хэзээ цуглаандаа урих вэ? «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 10-р хичээлээр цуглааны тухай үзэх ч, тэр болтол хойшлуулах хэрэггүй. Анх уулзахдаа л амралтын өдрийн цуглаанд урьж болно шүү дээ. Тухайн цуглаан дээр тавих нийтийн илтгэл юм уу судлах «Харуулын цамхаг»-ийн өгүүллийн сэдвийг хэлж өгч болох юм.
8. Цуглаанд урихдаа юу юуны тухай хэлж өгч болох вэ? (Исаиа 54:13).
8 Цуглаанд урихдаа, хэрэв тухайн хүн өмнө нь өөр шашны үйл ажиллагаанд оролцож байсан бол цуглааныхаа ялгааг тайлбарлаарай. «Харуулын цамхаг» судлалын цуглаанд анх удаа суусан нэг суралцагч багшаасаа «Хөтлөгч нь бүх хүний нэрийг мэддэг юм уу?» гэж асуужээ. Гэр бүлийнхэн нэг нэгнийхээ нэрийг мэддэг шиг бид хурлынхаа бүх хүний нэрийг мэдэхийг хичээдгээ багш нь хэлсэн. Гэрчүүд сүмийнх нь хүмүүсээс их ялгаатайг суралцагч олж харжээ. Мөн манай цуглааны зорилго бусад шашныхаас өөр гэдгийг хэлж өгөөрэй (Исаиа 54:13-ыг уншина). Бид Еховаг шүтэж, Еховагаар заалгаж, нэг нэгнээ урамшуулан зоригжуулахын тулд цугладаг (Евр. 2:12; 10:24, 25). Тийм учраас цуглаан дээр ёс заншил үйлддэггүй, харин амьдралд хэрэгтэй юмыг цэгцтэйгээр сурдаг (1 Кор. 14:40). Сурахын тулд цугладаг учраас цуглааны танхим энгийн бөгөөд гэрэлтүүлэг сайтай. Түүнчлэн бид улс төрийн асуудлаар төвийг сахидаг тул аль нэг намыг сурталчлах юм уу маргаан, мэтгэлцээн явуулдаггүй. Мөн суралцагчдаа «Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд юу болдог вэ?» видеог урьдчилан үзүүлэх нь тустай байж болох юм. Тэгвэл мэдээлэлтэй болно.
9, 10. Цуглаанд очихоосоо цааргалдаг хүнд юу юуг хэлж өгөх вэ? (Бас зургийг үзээрэй).
9 Зарим хүн цуглаанд очихоос цааргалдаг. Учир нь шашиндаа элсүүлчих байх гэж эмээдэг. Гэхдээ ийм юм болохгүйг дурдаад, харин ирвэл ач тустай юм сонсоно, бид ч баярлана гэдгийг хэлээрэй. Гэр бүлээрээ, бага насны хүүхэдтэйгээ ч ирэхийг уриарай. Манай цуглаанд ирсэн хүүхдүүд тусдаа бус, эцэг эхтэйгээ хамт суугаад сурдаг. Тиймээс хүүхдийнхээ төлөө санаа зовох юм гарахгүй (Д.хууль 31:12). Бид хандив цуглуулдаггүй. Есүсийн «Үнэгүй авснаа үнэгүй өг» гэсэн тушаалыг дагадаг (Мат. 10:8). Мөн чамин гоё хувцас өмсөх шаардлагагүйг хэлж өгч болох юм. Бурхан хүний гаднах байдлыг бус, зүрхийг хардаг (1 Сам. 16:7).
10 Урьсан хүн маань цуглаанд ирвэл баяртай байгаагаа мэдрүүлээрэй. Ахлагчдад болон итгэл нэгтнүүддээ танилцуулаарай. Сайхан, халуун дотно орчныг мэдэрвэл дахиж ирэх хүсэл төрөх биз ээ. Цуглааны үеэр Библиэсээ үзүүлэх юм уу өгүүллийн аль догол мөрийг үзэж байгааг зааж өгч туслаарай.
Цуглаанд ирдэг болбол Еховатай хурдан дотносно (9, 10-р догол мөрийг үзээрэй)
БИБЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХЭЭР БОЛБОЛ
11. Айлын хүнийг хүндэлж, завгүй гэдгийг нь ойлгож байгаагаа хэрхэн харуулах вэ?
11 Библийн хичээл хийхээр болбол юуг санах хэрэгтэй вэ? Айлын хүнийг хүндэлж, цаг завыг нь бодолцоорой. Жишээ нь цаг тохирсон бол танай нутгийнхан ямар байдгаас үл хамааран цагаа бариарай. Мөн эхний хичээлээ богинохон хийх нь сайн. Айлын хүн илүү ихийг мэдмээр байсан ч удаан хийхгүй байсан нь дээр гэж туршлагатай зарим дэлгэрүүлэгч хэлжээ. Бас хэтэрхий их юм битгий яриарай. Аль болох айлын хүнээр яриулаарай (Сур. 10:19).
12. Хичээл эхэлсэн цагаасаа ямар зорилготой байх ёстой вэ?
12 Хичээл эхэлсэн цагаасаа л Ехова болон Есүсийг таньж мэдэх, тэднийг хайрладаг болоход нь суралцагчдаа туслахыг зорих ёстой. Ингэхийн тулд өөртөө бус, Бурхны Үгэнд анхаарлыг нь хандуулаарай (Үйлс 10:25, 26). Элч Паул сайн жишээ үлдээсэн. Тэрбээр Есүс Христийн тухай голлон заадаг байв. Учир нь Ехова өөрийг нь таньж мэдэж, хайрладаг болоход хүмүүст туслахын тулд Есүсийг илгээсэн (1 Кор. 2:1, 2). Мөн Паул алт, мөнгө, үнэт чулуутай зүйрлэм сайхан чанаруудыг хөгжүүлэхэд нь шинэ шавь нарт туслахын чухлыг хэлсэн (1 Кор. 3:11–15). Жишээлбэл тэд итгэлтэй, мэргэн ухаантай, хэрсүү, Еховагаас эмээдэг болох хэрэгтэй (Дуу. 19:9, 10; Сур. 3:13–15; 1 Петр 1:7). Итгэлээ батжуулж, тэнгэрийн хайр халамжтай Эцэгтэйгээ дотно харьцаатай болоход нь суралцагчдаа тусалж та Паулыг дуурайгаарай (2 Кор. 1:24).
13. Суралцагчдаа заахдаа хэрхэн тэвчээртэй, уян хатан байх вэ? (2 Коринт 10:4, 5). (Бас зургийг үзээрэй).
13 Заахдаа Есүсийг дуурайж тэвчээртэй, уян хатан байгаарай. Эвгүй байдалд оруулах асуулт бүү асуугаарай. Суралцагч тань зарим сургаалыг хүлээн зөвшөөрч чадахгүй байвал энэ тухай дараа ярилцаж болох юм. Шууд ойлгуулах гэж хүчлэхийн оронд хүлээгээрэй. Тэгвэл суралцагч эргэцүүлэн бодож, үзэл бодлоо өөрчилж магадгүй (Ёох. 16:12; Кол. 2:6, 7). Суралцагчийн баримталдаг хуурамч сургаалыг Библид цайзтай зүйрлэдэг (2 Коринт 10:4, 5-ыг уншина). Энэ цайзыг нураах гэж оролдолгүй шинэ цайз барихад нь туслаарай. Өөрөөр хэлбэл, хуурамч сургаалд итгэдгийг нь болиулах гэлгүй Еховад итгэж найддаг болоход нь туслаарай (Дуу. 91:9).
Зарим сургаалыг хүлээн зөвшөөрөхөд суралцагчид цаг хугацаа хэрэгтэй (13-р догол мөрийг үзээрэй)
ЦУГЛААНД АНХ ИРЭХЭД НЬ
14. Цуглаанд анх удаа ирсэн хүмүүст хэрхэн хандах ёстой вэ?
14 Гарал үүсэл, ахуй соёл, нийгэмд эзлэх байр сууриас үл хамааран бүх хүнд сайхан сэтгэлээр хандахыг Ехова биднээс хүсдэг (Яак. 2:1–4, 9). Тэгвэл цуглаанд ирсэн хүмүүст хэрхэн хайраа илэрхийлэх вэ?
15, 16. Цуглаанд ирсэн хүмүүст хэрхэн таатай мэдрэмж төрүүлэх вэ?
15 Зарим хүн сонирхоод эсвэл өөр хэсэгт амьдардаг хэн нэгнээс сонсоод цуглаанд ирдэг. Тиймээс санаачилга гарган мэндчилж, ярилцаарай. Ингэхдээ ихэд хөөрч баярлан олны анхаарлыг татаж нөгөө хүнийг эвгүй байдалд бүү оруулаарай. Хажуудаа урьж суулгаад Библи болон бусад ном хэвлэлийг хамт үзэх юм уу тухайн материалыг өгч болох юм. Мөн өөрөөр яаж санаа тавихаа бодоорой. Цуглаанд ирсэн нэг эрэгтэй өөртэй нь мэндэлсэн Гэрч эрэгтэйд хэт энгийн хувцасласандаа санаа зовж байгаагаа хэлжээ. Гэрч түүнийг тайвшруулж, Еховагийн Гэрчүүд бол энгийн л хүмүүс гэдгийг тайлбарласан. Эрэгтэй хожим нь баптисм хүртсэн. Нөгөө Гэрчийн хэрхэн хандсаныг тэрбээр мартдаггүй ажээ. Гэхдээ санах ёстой зүйл бий. Анх ирсэн хүнд санаа тавьж цуглааны өмнө юм уу дараа ярилцахдаа хувийн хэрэгт нь бүү оролцоорой (1 Петр 4:15).
16 Бас Гэрч биш хүмүүс болон тэдний итгэл үнэмшлийн тухай ярих, хариулах, илтгэл тавихдаа болгоомжтой, хүндэтгэлтэй байгаарай. Гомдоох юм уу эвгүй сэтгэгдэл төрүүлэх үг хэлэхээс зайлсхийгээрэй (Тит 2:8; 3:2). Жишээ нь өөр итгэл үнэмшилтэй хүнийг дорд үзэж болохгүй (2 Кор. 6:3). Илтгэл тавих хүн энэ талаар онцгой анхаарах хэрэгтэй. Мөн Гэрч биш хүмүүс ирснийг санаж ойлгомжгүй үг хэллэгийг тайлбарлах нь зүйтэй.
17. «Зөв хандлагатай» хүнийг олсон бол яах хэрэгтэй вэ?
17 Шавь бэлдэх нь өдөр өнгөрөх тусам улам бүр яаралтай хийх ёстой ажил болоод байна. Бид «мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүнийг хайсаар байна (Үйлс 13:48). Олбол хойшлуулалгүй Библийн хичээл санал болгож, цуглаанд урих хэрэгтэй. Ийнхүү «амь руу хүргэх» зам дээр хөл тавихад нь тусална (Мат. 7:14).
ДУУ 44 Ургацын ажилд баяртай оролцъё
a ЗУРГИЙН ТАЙЛБАР: Армид алба хашаад тэтгэвэрт суусан настай эрэгтэйг үүднийхээ довжоон дээр сууж байхад нь хоёр Гэрч залуу ирээд ярилцаж байна. Завгүй ээжид хоёр Гэрч эмэгтэй товчхон дэлгэрүүлж байна.