Нэгдүгээр хаад
5 Тирийн хаан Хирам Давидтай найз* байсан учраас Давидын оронд хүү Соломоныг нь хаан болсныг дуулаад албатуудаа Соломон руу илгээв. 2 Тэгэхэд нь Соломон Хирамд ингэж хэлүүлжээ. 3 «Дайснуудыг нь Ехова дарах хүртэл эцэг маань өөр лүү нь довтолсон дайснуудтай их дайтаж явсан. Үүнээсээ болоод Ехова Бурхныхаа нэр алдрын төлөө өргөө барьж чадаагүйг та сайн мэднэ. 4 Харин одоо Ехова Бурхан маань миний эргэн тойронд амар тайвныг тогтоосон. Намайг эсэргүүцэн босох дайсан, гай зовлон алга. 5 Тиймээс би Ехова Бурхныхаа нэр алдрын төлөө өргөө барих санаатай байна. Ехова ч миний эцэг Давидад “Би хүүг чинь чиний оронд сэнтийд чинь суулгана. Тэр миний нэр алдрын төлөө өргөө барина” гэж амласан. 6 Тэгэхээр одоо Ливанаас хуш моднууд тайрч өгөхийг та хүмүүстээ тушааж соёрхоно уу. Миний зарц нар таны зарц нартай хамт ажиллана. Зарц нарын тань хөлсийг таны хэлснээр би төлье. Учир нь мод бэлтгэхийг сидончууд шиг мэддэг хүн бидний дунд байхгүйг та мэднэ шүү дээ» гэв.
7 Хирам Соломоны үгийг сонсоод маш их баярлаж «Энэ агуу ард түмнийг захирах мэргэн хүүг Давидад заяасан Ехова өнөөдөр магтагдах болтугай!» гэжээ. 8 Тэгээд Хирам Соломонд хэл хүргүүлж «Хэлүүлсэн үгийг тань сонслоо. Хуш, арц моддыг хүссэнээр тань хангая. 9 Би зарц нараараа тэдгээрийг Ливанаас тэнгис рүү аваачуулж сал болгуулаад хэлсэн газар луу тань хөвүүлье. Тэгээд тэнд задалж өгөхөд та татаж аваарай. Харин манай ордны хоол хүнсийг хүссэн ёсоор минь хангаж өгнө үү» гэлээ.
10 Ингээд Хирам хуш, арц моддыг Соломоны хүссэнээр нийлүүлжээ. 11 Соломон ч Хирамын ордны хүнсэнд 20 000 кор* улаан буудай, 20 кор маш сайн чанарын чидуны тос өгөв. Үүнийг Соломон Хирамд жил бүр өгсөн юм. 12 Ехова амласнаараа Соломонд мэргэн ухаан өгчээ. Хирам Соломон хоёр эв найрамдалтай байсан бөгөөд хоорондоо гэрээ байгуулав.
13 Соломон хаан израйлчуудаас 30 000 эрийг албадлагын ажилд дайчилжээ. 14 Тэрбээр тэднийг 10 000 10 000-аар нь сар сараар ээлжлэн Ливан руу явуулдаг байв. Тэд Ливанд нэг сар байгаад гэртээ хоёр сар байдаг байлаа. Албадлагын ажилд дайчлагдсан тэр хүмүүсийг Адонирам хариуцдаг байв. 15 Соломонд жирийн ажилчин* 70 000, ууланд чулуу засагч 80 000, 16 ажилчдыг хариуцсан 3 300 хүн байв. 17 Тэд хааны тушаалаар өргөөний суурийг тавихын тулд том, үнэтэй чулуунууд олборлож засав. 18 Соломоны болон Хирамын барилгачид, гебалчууд чулууг зүссэн бөгөөд тэд өргөөг барихад зориулж банз дүнз, чулуунууд бэлдэв.