Обадиа
1 Обадиагийн* үзсэн үзэгдэл.
Едомын талаар Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн айлдсаныг Обадиа хүргэж байна.
«Бид Еховагаас мэдээ сонслоо
Үндэстнүүд рүү илгээгдсэн элч:
“Босоцгоо. Түүнтэй тулалдахаар бэлдэцгээе” гэж байна».
2 «Би чамайг үндэстнүүдийн дунд дорой болгосон
Чи үлэмж их жигшигдэнэ
3 Хадан хавцлууд дунд аюулгүй амьдардаг
Өндөр газарт оршин суудаг чи
“Хэн намайг унагах юм бэ?” гэж бодон
Бардам зүрхэндээ мэхлэгджээ
4 Чамайг бүргэд мэт өндөрт нутагласан ч*
Оддын дунд үүрээ зассан ч
Би тэндээс унагана» гэж Ехова тунхаглаж байна.
5 «Хулгайч чам дээр ирлээ гэхэд
Дээрэмчин шөнөөр тонолоо гэхэд
Авах гэснээ л авдаггүй гэж үү?
Усан үзэм хураагчид чам дээр ирлээ гэхэд
Үлдэгдлийг нь авдаггүй биз дээ?
Харин дайснууд чинь чамайг бүрмөсөн устгана!*
6 Дайснууд нь Есавыг сайтар нэгжээд
Нуусан эрдэнэсийг нь олж авчээ
7 Холбоотнууд чинь чамайг нутгаасаа хөөсөн
Тэд бүгдээрээ чамайг мэхлэв
Чамтай эвтэй явсан хүмүүс чамайг ноёлжээ
Чамтай хамт талх иддэг байсан хүмүүс доор чинь тор тавихыг
Чи анзаарахгүй».
8 Ехова ингэж айлдаж байна.
«Тэр өдөр би Едомын мэргэдийг хөнөөж
Есавын уулархаг нутгаас ухаалаг хүмүүсийг үгүй хийнэ
9 Дайчид чинь айдаст автана, Теман аа!
Учир нь Есавын уулархаг нутгийн бүх хүн хөнөөгдөнө
10 Чи дүү Иаковаа хүчирхийлэн дарласан учир
Ичгүүр шившиг болно
Бүрмөсөн устана
11 Харийнхан Иерусалимын дааман хаалгаар орон
Тэр хотын төлөө шавга хаяж
Гаднынхан их цэргийг нь олзолсон тэр өдөр
Чи зайдуу зогссон
Чи тэдэн шиг авирласан
12 Золгүй явдал тохиолдсон өдөр нь чи дүүгээ тавлах ёсгүй байсан
Иудагийн олон түмэн мөхсөн өдөр чи баярлах ёсгүй байсан
Зовлонгийн өдөр нь басамжлах ёсгүй байсан
13 Сүйрлийнх нь өдөр чи миний ард түмний дааман хаалгаар орох ёсгүй байсан
Сүйрлийнх нь өдөр зовлонгоор нь жаргал хийх ёсгүй байсан
Сүйрлийнх нь өдөр эд хөрөнгөд нь гар дүрэх ёсгүй байсан
14 Дүрвэгсдийг нь хөнөөхөөр чи салаа зам дээр тосож зогсох ёсгүй байсан
Амьд үлдэгсдийг нь зовлонгийн өдөр дайсанд тушаах ёсгүй байсан
15 Учир нь бүх үндэстнийг шийтгэх Еховагийн өдөр ойрхон байна
Чи яасан, чамайг тэгнэ
Чи бусдад яаж хандсан, чамд тэгж хандана
16 Та нар миний ариун уулан дээр уусан
Үүн шиг бүх үндэстэн миний уур хилэнгийн аяганаас уусаар байх болно
Тэд ууж, залгилна
Тэд огт байгаагүй мэт болно
17 Харин дүрвэгсэд Сион уулан дээр байх болно
Тэр уул нь ариун уул болж
Иаковын үр удам эд хөрөнгөө буцааж авна
18 Иаковын үр удам гал
Иосефын үр удам дөл болно
Харин Есавын үр удам хатсан өвс мэт болно
Тэд Есавын үр удмыг галдан шатаахад
Нэг ч хүн нь амьд үлдэхгүй
Учир нь Ехова өөрөө айлдсан юм
19 Тэд Негев, Есавын уулархаг нутаг
Шефела, филистчүүдийн нутаг
Ефраим болон Самарийн газар нутгийг эзлэн авна
Бениамин нь Гилеадыг эзлэн авна
20 Энэ бэхлэлтэд сууж байсан цөлөгдөгсөд буюу
Израйлын ард түмэн Зарефат хүртэлх канаанчуудын нутгийг эзэмшинэ
Иерусалимаас Сефарад руу цөлөгдсөн хүмүүс Негевийн хотуудыг эзэмшинэ
21 Аврагчид Есавын уулархаг нутгийг шүүхээр
Сион ууланд гарна
Хаант засаглал Еховагийнх болно».