Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Итгэл найдвар үнэхээр чухал уу?
    Сэрцгээ!—2004 | 4 сар
    • Итгэл найдвар үнэхээр чухал уу?

      ДАНИЕЛ аравхан настай мөртлөө бүтэн жил хорт хавдартайгаа тэмцжээ. Эмч нарынх нь ч, ойр дотнын хүмүүсийнх нь ч найдвар тасраад байлаа. Харин Даниелын найдвар тасарсангүй. Тэрбээр том болоод эмч болж хорт хавдрыг эдгээх аргыг олж чадна гэж боддог байв. Даниел нэг эмчтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа. Тэр эмч Даниелынх шиг тийм төрлийн хавдрыг эмчилдэг учраас түүнд найдаж байв. Гэхдээ уулзах өдөр нь болоход цаг агаар муудсан учраас эмч нь ирэх боломжгүй болжээ. Тэгэхэд Даниел сэтгэлээр унаж анх удаа найдвар тасарчээ. Хэд хоногийн дараа тэр хүү нас барсан.

      Итгэл найдвар эрүүл мэнд хоёр ямар холбоотойг судалсан нэгэн эмч Даниелын түүхийг ярьсан юм. Та ч бас үүнтэй төстэй түүх сонссон байх. Жишээ нь, настай хүн нас барахынхаа өмнөхөн ойр дотнынхоо хэн нэгэнтэй уулзахыг эсвэл ямар нэгэн тэмдэглэлт ой болохыг тэсэн ядан хүлээж байж болох юм. Хүлээж байсан зүйл нь болсны дараа удалгүй нас бардаг. Яагаад ингэдэг юм бол? Зарим хүн итгэл найдварыг хүчтэй нөлөөлдөг гэж боддог. Үнэхээр тийм үү?

      Итгэл найдвартай, өөдрөг үзэлтэй, сайн сайхан юм бодож байх нь хүний амьдралд болон эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг эмч мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ бүх хүн үүнтэй санал нийлдэггүй. Зарим эмч мэргэжилтнүүд үүнийг шинжлэх ухааны үндэслэлгүй ам дамжсан яриа гэж үзээд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд бие муудах нь сэтгэл санаанаас биш, вирус болон нянгаас болдог гэж үздэг.

      Үнэндээ бол, итгэл найдварын чухлыг үгүйсгэх нь шинэ юм биш. Хэдэн мянган жилийн өмнө итгэл найдвар гэж юу болохыг тодорхойлооч гэж асуухад Грекийн гүн ухаантан Аристотель: «Энэ нь сэрүүн зүүдлэхтэй адилхан» гэсэн. Бас хэдэн зуун жилийн өмнө Америкийн улс төрч Бенжамин Франклин энэ талаар ёжтойгоор: «Итгэл найдвараар тэжээгдэн амьдардаг хүн өлбөрч үхнэ» гэж хэлсэн.

      Тэгвэл итгэл найдварын талаарх үнэн гэж юу вэ? Итгэл найдвар гэдэг нь хүний хүсэл төдий зүйл үү, хүмүүсийг тайвшруулдаг хоосон мөрөөдөл үү? Эсвэл итгэл найдварыг бат үндэстэй, жинхэнэ ач тустай, бүх хүнийг эрүүл саруул, аз жаргалтай амьдрахад хэрэгтэй зүйл гэж үзэх үндэс бий юу?

  • Итгэл найдвар яагаад хэрэгтэй вэ?
    Сэрцгээ!—2004 | 4 сар
    • Итгэл найдвар яагаад хэрэгтэй вэ?

      ХЭРЭВ өмнөх өгүүлэлд гарсан хорт хавдраар нас барсан хүү Даниелын итгэл найдвар тасраагүй бол яах байсан бэ? Хорт хавдар нь эдгэх байсан уу? Өнөөдөр амьд байх байсан болов уу? Итгэл найдвартай байх нь их чухал гэж боддог хүмүүс хүртэл ийм асуултад «тийм» гэж хариулж чадахгүй. Эндээс нэг чухал зүйлийг ойлгож болно. Итгэл найдварын үр нөлөөг хэтрүүлэн бодож болохгүй. Энэ нь бүх өвчнийг эдгээж чадахгүй.

      Америкийн нэгэн телевизийн сувгаар (CBS News) доктор Нэйтан Черний ярилцлага өгөхдөө, хүнд өвчтэй хүнтэй харьцахдаа итгэл найдварын хүчийг хэт чухалчлан үзэхийн аюулыг анхааруулан «Зарим тохиолдолд нөхөр нь эхнэрээ ... илүү өөдрөг юм бодох ёстой гэж загнадаг» гэжээ. Цааш нь: «Ийм үзлээс болоод өвчнөө хянах боломжтой гэсэн буруу сэтгэгдэл төрдөг. Тэгээд бие нь муудахлаар хавдрынхаа явцыг хянаж чадаагүй нь тэр хүний буруу юм шиг болно. Гэхдээ ингэж дүгнэж болохгүй» гэж хэлсэн.

      Үнэндээ, үхэлд хүргэх өвчин туссан хүн өвчинтэйгөө байнга, хамаг хүчээ шавхан тэмцдэг. Ойр дотнынх нь хүмүүс ингэж их зовж байгаа хүнийг дээрээс нь нэмээд буруутгахыг хүсэхгүй нь лавтай. Тэгвэл итгэл найдварыг ямар ч ач тусгүй гэж дүгнэх үү?

      Тийм биш ээ. Жишээлбэл, дээр гарсан эмч бол хөнгөвчлөх эмчилгээний эмч. Хөнгөвчлөх эмчилгээ гэдэг нь өвчний эсрэг эсвэл амь насыг уртасгах зорилгоор хийдэг эмчилгээ биш, амьдралын төгсгөлийн шатанд орсон, хүндээр өвдсөн хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх цогц тусламж үйлчилгээ юм. Ийм эмчилгээ хийдэг эмч нар маш хүнд өвчтэй хүмүүст ч гэсэн илүү өөдрөг, баяртай байхад туслах нь ач тустай гэдэгт итгэдэг. Итгэл найдвар хүнийг өөдрөг байхад туслаад зогсохгүй өөр олон ач тустайг харуулсан олон баталгаа бий.

      Итгэл найдварын ач тус

      «Итгэл найдвар бол их хүчтэй эмчилгээ» гэж анагаахын сэтгүүлч доктор В. Гиффорд-Жонс хэлсэн. Тэрбээр эдгэршгүй өвчтэй хүмүүст сэтгэл санааны дэмжлэг хэр чухал гэдгийг мэдэхийн тулд олон янзын судалгааг харьцуулж үзжээ. Ийм төрлийн тусламж үйлчилгээ нь хүмүүсийг итгэл найдвартай, өөдрөг үзэлтэй байхад тусалдаг бололтой. 1989 онд хийсэн нэг судалгаагаар ийм тусламж үйлчилгээ авсан хүмүүс илүү урт насалдаг гэж гарсан ч сүүлийн үеийн судалгаагаар энэ дүгнэлтийг баталж чадаагүй. Гэсэн хэдий ч, өөр олон судалгаагаар сэтгэл санааны дэмжлэг тусламж авсан өвчтнүүд тусламж аваагүй өвчтнүүдээс сэтгэл гутралд орох болон зовуурь шаналгаа нь багасдаг гэдэг нь батлагдсан.

      Өөр нэг судалгаагаар өөдрөг болон гутранги үзэл нь зүрхний титэм судасны эмгэгт хэрхэн нөлөөлдгийг судалжээ. 1 300 гаруй эрэгтэй хүнийг хамруулан өөдрөг болон гутранги үзэлтэй эсэхийг нь нарийн шалгажээ. Арван жилийн дараа тэдгээр хүмүүсийн 12% нь зүрхний титэм судасны эмгэгтэй болсон байсан. Тэдний дунд гутранги үзэлтэй хүн өөдрөг үзэлтэй хүнээс хоёр дахин олон байжээ. Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн (Harvard School of Public Health) эрүүл мэнд, нийгмийн салбарын туслах профессор Лаура Кубзанский: «Өөдрөг зүйл бодох нь эрүүл мэндэд тустай байдгийн албан ёсны баталгаа ховор байсан. Харин энэ судалгаагаар бараг л анх удаа өөдрөг байх нь зүрх эрүүл байхад нөлөөлдөг гэдгийг тодорхой баталсан» гэж хэлжээ.

      Хагалгааны дараа өөрийгөө бие муутай гэж боддог хүн бие сайтай гэж боддог хүнээс илүү удаан эдгэрдэг гэдгийг зарим судалгаа харуулдаг. Өөдрөг үзлийг бас урт наслахтай холбоотой гэж үзэх үндэс бий. Настай хүмүүст нас ахихтай холбоотой эерэг болон сөрөг бодол хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Хэсэг настай хүмүүст нас ахихтай холбоотой өөдрөг үгийг, жишээлбэл «мэргэн ухаан», «туршлага» гэх мэт үгийг дэлгэцээр маш хурдан харуулжээ. Түүний дараа тэд өмнөхөөсөө илүү эрч хүчтэй алхдаг болсон байна. Энэ нь гурван сар дасгал хийсэнтэй адилхан үр дүнтэй байжээ!

      Итгэл найдвар, өөдрөг үзэл, эерэг хандлага эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг бололтой. Яагаад тэгдэг юм бол? Эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд хүний бие болон сэтгэл зүйг хангалттай сайн судлаагүй учраас одоохондоо тодорхой хариулт өгч чадахгүй байж магадгүй. Гэхдээ мэргэжлийн хүмүүс одоог хүртэл хийсэн судалгаа шинжилгээ дээр үндэслэн дүгнэлт хийж чадна. Жишээ нь, нэгэн мэдрэл судлалын профессор: «Баяр хөөртэй, итгэл найдвартай байх нь хүнд сайхан санагддаг. Ийм тааламжтай, стрессгүй нөхцөл байдал бие махбодод их сайнаар нөлөөлдөг. Энэ нь хүн эрүүл саруул байхын тулд өөрийнхөө төлөө хийж чадах зүйлүүдийн нэг юм» гэж хэлсэн.

      Энэ санаа эмч мэргэжилтнүүд, сэтгэл зүйчид болон эрдэмтэн судлаачдын хувьд шинэ ойлголт мэт санагдаж болох ч Библи судалдаг хүмүүсийн хувьд тийм биш. 3 000 орчим жилийн өмнө мэргэн ухаантай хаан Соломон: «Баяр хөөртэй зүрх бол сайн эм. Шаналсан сэтгэл хүчийг бардаг» гэж бичсэн (Сургаалт үгс 17:22, ШЕ). Энд голыг нь олж хэлжээ. Энэ зүйлд баяр хөөртэй зүрх бүх өвчнийг эдгээдэг гээгүй, харин «сайн эм» гэж хэлсэн.

      Үнэндээ, хэрэв итгэл найдварыг жороор бичиж өгөх боломжтой бол бүх эмч энэ жорыг бичиж өгөхгүй гэж үү? Дээрээс нь, итгэл найдварын ач тус зөвхөн эрүүл мэндээр хязгаарлагдахгүй.

      Өөдрөг болон гутранги үзэл таны амьдралд нөлөөлдөг

      Өөдрөг үзэл олон талын ач тустай гэдгийг судлаачид олж тогтоосон. Өөдрөг хүмүүс сургууль, ажил дээрээ бас спортод ч илүү амжилт гаргадаг. Жишээлбэл, эмэгтэй хөнгөн атлетикийн тамирчдын дунд судалгаа хийжээ. Дасгалжуулагчдаас нь тэдгээр эмэгтэйчүүдийн биеийн хүч, ур чадварыг нарийн тодорхойлж өгөхийг хүссэн. Үүний зэрэгцээ бас эмэгтэйчүүдээс хэр итгэлтэй байгааг нь асууж тодорхойлжээ. Тамирчдын гаргасан амжилт дасгалжуулагчдын хийсэн дүгнэлтээс илүү хэр итгэлтэй байгаагаа хэлсэнтэй нь таарчээ. Итгэл найдвар яагаад ийм хүчтэй нөлөөлдөг юм бол?

      Гутранги үзлийн талаарх судалгаанаас олон зүйлийг мэдэж болно. Эрдэмтэд 1960-аад оны үед амьтад дээр туршилт хийгээд авир үйлдэлтэй холбоотой нэг сонирхолтой нээлт хийсэн. Үүнээс үүдээд «сурмал цөхрөл» гэдэг нэр томьёо гарсан. Хүмүүст ч бас адилхан хам шинж илэрдгийг олж мэджээ. Жишээлбэл, нэг туршилтаар хүмүүст таагүй чимээ сонсгоод товч дарвал чимээгүй болно гэж хэлсэн. Тэд хэлсэн аргаар нь дууг чимээгүй болгожээ.

      Харин өөр нэг бүлэг хүмүүст яг адилхан заавар өгчээ. Гэхдээ одоо тэр товч ажиллахгүй. Энэ бүлэг хүмүүсийн ихэнх нь бууж өгсөн нь ойлгомжтой. Тэд цөхрөөд дараагийн туршилтаар юу ч хийх хүсэлгүй болсон байна. Тэд юу ч хийсэн ямар ч нэмэргүй гэж боджээ. Гэхдээ энэ бүлгийн өөдрөг бодолтой хүмүүс нь бусдаасаа ялгаран бууж өгөөгүй.

      Дээр дурдсан судалгаануудын заримыг хийсэн доктор Мартин Селигман дараа нь өөдрөг болон гутранги үзэлтэй холбоотой судалгаагаар мэргэшжээ. Тэрбээр өөрсдийгөө юу ч хийсэн нэмэргүй гэж бодох хандлагатай хүмүүсийн бодол санааг нарийн судалдаг болсон. Ийм гутранги үзэл хүмүүсийн амьдралд саад болдог, эсвэл тэднийг юу ч хийх идэвхгүй болоход нь нөлөөлдөг гэж дүгнэсэн. Гутранги үзэл хэрхэн нөлөөлдгийг тайлбарлахдаа Селигман: «25 жил судалгаа хийгээд би ийм дүгнэлтэд хүрсэн. Бидэнд тохиолддог зовлон бэрхшээл бидний буруу, хэзээ ч дуусахгүй, бас юу ч хийсэн бүтэлтэй болохгүй гэж бодож хэвшсэн гутранги үзэлтэй хүнд энэ бодол нь ингэж боддоггүй хүнээс илүү амьдрал дээр нь биелдэг» гэж хэлжээ.

      Дээрх дүгнэлт зарим хүмүүсийн хувьд шинэ юм шиг санагдаж болох ч Библи судалдаг хүмүүсийн хувьд энэ санаа ч гэсэн шинэ биш. Дараах зүйр цэцэн үгийг анхаараарай: «Хэрэв чи бэрх цагт урам хугарсан байваас хүч тэнхээ чинь сул аж» (Сургаалт үгс 24:10, ШЕ). Тийм ээ, урам хугарч, гутранги юм бодох нь хүч тэнхээгүй болгодог гэж Библид тодорхой хэлсэн байна. Тэгвэл гутранги үзэлтэйгээ тэмцэж, илүү өөдрөг, итгэл найдвартай болохын тулд яах хэрэгтэй вэ?

      [4, 5-р хуудасны зураг]

      Итгэл найдвар маш сайн нөлөө үзүүлдэг

  • Та гутранги үзлийг ялж чадна
    Сэрцгээ!—2004 | 4 сар
    • Та гутранги үзлийг ялж чадна

      ТА СААД бэрхшээл тулгарсан үед яадаг вэ? Энэ асуултад юу гэж хариулахаас өөдрөг үзэлтэй юү, гутранги үзэлтэй юү гэдгийг мэдэж болно гэж олон мэргэжилтнүүд үздэг. Бид бүгдийн амьдралд янз бүрийн асуудал бэрхшээл тулгардаг, бас бусдаас илүү их зовлон туулдаг хүн ч бий. Гэхдээ яагаад зарим хүн асуудал бэрхшээлийг даваад цаашдаа урам зоригтой явж чаддаг байхад зарим хүн харьцангуй жижиг асуудалд бууж өгөөд байдаг юм бол?

      Жишээ авъя. Та ажил хайж байна гээд төсөөл дөө. Та ажлын ярилцлагад ороод тэнцсэнгүй. Дараа нь энэ талаар юу гэж бодох вэ? Өөрийгөө голж «Намайг хэн ч ажилд авахгүй болохоор энэ асуудал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би хэзээ ч ажилд орохгүй юм байна» гэж бодож магадгүй. Эсвэл бүр дордуулан энэ ганц явдлаас болоод «Би хэнд ч хэрэггүй хүн» гэж бодон бүхий л амьдрал нь бүтэлгүйтсэн юм шиг санагдаж болох юм. Ингэж бодох нь гутранги үзлийн тод илрэл юм.

      Гутранги үзэлтэй тэмцэх

      Гутранги үзэлтэй хэрхэн тэмцэх вэ? Сөрөг бодлыг таньж сурах нь анхны чухал алхам юм. Дараагийн алхам нь энэ бодолтойгоо тэмцэх. Өөр ямар шалтгаан байж болох талаар бодоорой. Жишээлбэл, хэн ч таныг ажилд авахыг хүсээгүй учраас тэнцүүлээгүй гэдэг үнэн үү? Эсвэл ажил олгогч тодорхой шаардлага хангасан хүнийг хайж байсан юм болов уу?

      Ийм сөрөг бодлууд тань үнэхээр үнэн эсэхийг шалгаж бодит байдлыг бодоорой. Нэг удаа бүтэлгүйтлээ гээд угаасаа бүтэлгүй хүн гэсэн үг үү? Найз нөхөд, гэр бүл, хурал гэх мэт амьдралын бусад хүрээнд бүтэмжтэй зүйл байдаг биз дээ? Таны хамгийн сөрөг бодлууд бодит үнэнтэй нийцэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч тэр бодлоо авч хаяж сураарай. Та хэзээ ч ажилд орж чадахгүй гэдгээ сайн мэдэхгүй биз дээ? Гутранги юм бодохгүй байхад тус болох өөр зүйл ч бий.

      Зорилгоо бодож өөдрөг байх

      Сүүлийн жилүүдэд судлаачид итгэл найдварын талаар жаахан явцуу боловч сонирхолтой тодорхойлолт гаргасан. Тэд итгэл найдварыг зорилгодоо хүрнэ гэсэн итгэлтэй холбож үзсэн. Дараагийн өгүүллээр итгэл найдварын талаар илүү өргөн хүрээнд авч үзнэ. Харин энэ тодорхойлолт нь олон сайн талтай гэж хэлж болно. Итгэл найдварыг ингэж үзэх нь зорилгоо бодож илүү өөдрөг байхад тусална.

      Ирээдүйн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байхын тулд өмнө нь зорилго тавиад түүндээ хүрсэн туршлагатай байх хэрэгтэй. Хэрэв тийм туршлага байхгүй юм шиг санагдвал өөртөө ямар зорилго тавьдаг талаараа бодох нь сайн. Эхлээд, танд зорилго бий юү? Өдөр тутмын амьдралдаа автаад «Миний хувьд юу хамгийн чухал бэ? Би яг юу хүсдэг вэ?» гэдгээ бодохоо болих амархан. Амьдралынхаа эн тэргүүнд юуг тавихаа шийдэх талаар нэг сайхан санааг Библид «Илүү чухал юмыг магадалдаг бай» гэж олон жилийн өмнө бичжээ (Филиппой 1:10).

      Амьдралдаа юуг хамгийн чухал гэж үзэхээ тодорхойлбол амьдралын янз бүрийн хүрээнд, жишээлбэл гэр бүл, ажил сургууль болон Бурхнаа шүтэхтэй холбоотой зорилго тавихад илүү амар болно. Гэхдээ нэг дор олон зорилго тавихгүй байх нь чухал. Бас тавьсан зорилго болгондоо амархан хүрэхээр байх хэрэгтэй. Хэрэв хүрэхэд хэтэрхий хэцүү зорилго тавивал урам хугарч, бууж өгч болох юм. Тиймээс урт хугацаанд биелэх том зорилгоо богино хугацаанд биелүүлэх жижиг жижиг зорилго болгож хуваах нь сайн.

      «Санаж явбал бүтнэ». Энэ зүйр үгэнд үнэний хувь бий. Хамгийн чухал зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэхийн тулд шийдэмгий, сэтгэлийн тэнхээтэй, зорилгодоо хүрэх чин хүсэлтэй байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэх хүслээ бадраахын тулд яагаад энэ зорилгыг тавьсан бэ, зорилгодоо хүрвэл ямар ач тустай вэ гэдгийг бодох нь сайн. Мэдээж асуудал бэрхшээл тулгарах нь ойлгомжтой, гэхдээ түүнийг хэзээ ч давж чадахгүй даваа гэж бодохын оронд давах ёстой даваа гэж үзээрэй.

      Нөгөө талаас, зорилгодоо яаж хүрэх аргыг бас бодох хэрэгтэй. Итгэл найдварын ач тусын талаар сайн судалсан зохиолч С. Р. Снайдер, зорилгодоо хүрэх хэд хэдэн аргыг бодвол сайн гэж зөвлөсөн. Тэгвэл эхний арга бүтэхгүй бол дараа дараагийн аргыг ашиглаж болно.

      Снайдер бас зорилгоо хэзээ өөрчлөх вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй гэж хэлсэн. Үнэхээр хүрэх боломжгүй болсон зорилгыг бодоод байвал зөвхөн урам хугарна. Үүний оронд хүрч чадах зорилго тавивал шинэ зорилгодоо хүрнэ гэсэн итгэл найдвартай болно.

      Үүнийг ойлгоход тус болох нэг жишээ Библид байдаг. Давид хаан өөрийн Бурхан Еховад сүм барихыг ихэд хүсэн ийм зорилго тавьжээ. Гэхдээ Бурхан сүм барих завшааныг Давидад биш хүү Соломонд нь өгнө гэсэн. Ийм урамгүй мэдээ сонсоод Давид дургүйцэж зөрүүдлэхийн оронд зорилгоо өөрчилсөн. Тэрбээр хүүгийнхээ хийх энэ ажилд хэрэгтэй эд материалыг цуглуулахад хамаг хүчээ зориулжээ (Хаадын дээд 8:17–19; Шастирын дээд 29:3–7).

      Гутранги үзэлтэйгээ тэмцэж, зорилгоо бодон өөдрөг үзэлтэй болоод өмнөхөөсөө илүү итгэл найдвартай болсон байж мэдэх юм. Гэсэн хэдий ч бүр их итгэл найдвар хэрэгтэй юм шиг санагдаж магадгүй. Яагаад гэвэл энэ ертөнцөд итгэл найдварыг үгүй хийдэг олон асуудал бэрхшээл биднээс шалтгаалдаггүй. Ядуурал, дайн, шударга бус явдал, хэзээ ч тохиолдож болох өвчин эмгэг, үхэл хагацал гэх мэт хүн төрөлхтний өмнө тулгардаг дааж давшгүй асуудал бэрхшээлийг бодвол яаж итгэл найдвартай байх вэ?

      [7-р хуудасны зураг]

      Хэрэв та хүссэн ажилдаа орж чадаагүй бол хэзээ ч ажилд орж чадахгүй гэж бодох уу?

      [8-р хуудасны зураг]

      Давид хаан нөхцөл байдалд тохируулан зорилгоо өөрчилсөн

  • Жинхэнэ итгэл найдварыг хаанаас олох вэ?
    Сэрцгээ!—2004 | 4 сар
    • Жинхэнэ итгэл найдварыг хаанаас олох вэ?

      ТАНЫ цаг эвдрээд зогсжээ. Цагаа хаана засуулах вэ гэдгээ маш олон газраас сонгох хэрэгтэй болно. Сайн засна гэж амладаг, бие биетэйгээ өрсөлдсөн олон зар сурталчилгаа байдаг. Гэхдээ таны цагийг хийсэн авьяаслаг зохион бүтээгч таны хөрш гэдгийг мэдвэл яах вэ? Дээрээс нь, таны цагийг үнэ төлбөргүй засаж өгье гэжээ. Одоо шийдвэр гарахад амархан болсон биз дээ?

      Та итгэл найдвараа тэр цагийг гэж бодоорой. Энэ хэцүү цагт олон хүн итгэл найдвараа алддаг шиг та ч бас алдсан байж мэднэ. Тэгвэл хаанаас тусламж авах вэ? Маш олон хүн эргээд итгэл найдвартай болоход тань тусална гэдэг ч маш олон, эсрэг тэсрэг зөвлөгөө өгч толгой эргүүлдэг. Тэгвэл хүнийг итгэл найдвартай болгож бүтээсэн Нэгэн рүү хандаж болохгүй нь юу билээ? Библид «Бурхан хүн бүрд ойр байдаг» бас бидэнд туслахад бэлэн гэж бичжээ (Үйлс 17:27; 1 Петр 5:7).

      Итгэл найдварын тухай илүү гүнзгий ойлголт

      Библид итгэл найдварын талаар өнөөгийн эмч мэргэжилтнүүд, эрдэмтэд болон сэтгэл зүйчдийн хэрэглэдэг тодорхойлолтоос илүү өргөн хүрээг хамруулан тайлбарлажээ. Библийн эх бичгийг үзвэл «итгэл найдвар» гэж орчуулсан үг нь сайн сайхан зүйлийг тэсэн ядан хүлээнэ гэсэн утга илэрхийлдэг. Итгэл найдвар хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Нэг нь, сайн сайхан зүйл болно гэдэгт итгэх үндэс, нөгөө нь, сайн сайхан зүйл болоосой гэсэн хүсэл юм. Библид гардаг итгэл найдвар нь хоосон хүсэл мөрөөдөл төдий зүйл биш. Харин ч баримт нотолгоонд үндэслэдэг.

      Тэгэхлээр, найдвар нь итгэлтэй адилаар гэнэн итгэмтгий занд биш, бодит баталгаанд үндэслэдэг байх нь (Еврей 11:1). Гэхдээ, итгэл, найдвар хоёрыг ялгаатай гэж Библид бичжээ (1 Коринт 13:13).

      Жишээ авъя. Та сайн найзаасаа тусламж гуйхдаа танд тусална гэж найдаад гуйна. Учир нь та түүнийг сайхан сэтгэлтэй, өгөөмөр зантай гэдгийг нь сайн мэддэг учраас түүнд итгэдэг. Тиймээс тусална гэж найдах үндэс байна. Итгэл, найдвар хоёр олон талаараа ижил төстэй, харилцаа хамааралтай боловч хоёр тусдаа зүйл юм. Тэгвэл Бурханд ингэж найдаж болох уу?

      Итгэл найдварын үндэс

      Бурхан бол жинхэнэ итгэл найдварын эх булаг юм. Библи бичигдэж байх үед Ехова Бурхныг «Израилийн найдвар» гэдэг байсан (Иеремиа 14:8). Ард түмнийх нь өвөрлөдөг бүхий л сайн сайхан итгэл найдвар түүнээс эхтэй учир тэрбээр тэдний итгэл найдвар нь байсан. Энэ итгэл найдвар нь хий хоосон зүйл байгаагүй. Учир нь Бурханд итгэж найдах бат үндэс байсан. Олон зуун жилийн турш тэрбээр ард түмэндээ олон амлалт өгч түүнийгээ биелүүлж байжээ. Тэдний удирдагч Иошуа: «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй ... гэдгийг та нар ... мэдэж байгаа» гэж тэдэнд хэлж байсан (Иошуа 23:14).

      Хэдэн мянган жил өнгөрсөн ч Бурхан амлалтаа биелүүлдэг гэдэг нь өөрчлөгдөөгүй. Библид Бурхны гайхалтай амлалтууд болон хэрхэн биелсэн тодорхой түүхэн баримт маш олон бий. Түүний амлалт заавал биелдэг болохоор зарим амлалт нь аль хэдийн биелсэн мэтээр бичигджээ.

      Ийм болохоор Библийг итгэл найдварын ном гэж хэлж болно. Бурхан хүмүүст хэрхэн хандсан талаар судлах тусам түүнд улам их итгэж найддаг болно. Элч Паул: «Эрт үед бичигдсэн бүхэн биднийг сургахын тулд юм. Бурхны үг тэвчээртэй байхад маань тусалж, биднийг тайвшруулдгийн ачаар бид найдвар өвөрлөж явдаг» гэж бичжээ (Ром 15:4).

      Бурхан бидэнд ямар итгэл найдвар өгдөг вэ?

      Итгэл найдвар хэзээ хамгийн их хэрэгтэй болдог вэ? Үхэл хагацал үзэх эсвэл үхлийн аюулд орох үед биш гэж үү? Ихэнх хүн ийм нөхцөлд, жишээлбэл хайртай дотны хүн нь нас барвал итгэл найдвараа алддаг. Учир нь үхлээс илүү итгэл найдварыг үгүй хийдэг зүйл байхгүй биз дээ? Үхэл бидний хүн нэг бүрийн араас хөөж байдаг. Бид түүнээс удаан зугтаж чаддаггүй, бидэнд түүнийг ялах хүч ч байхгүй. Библид үхлийг «сүүлчийн дайсан» гэсэн нь оножээ (1 Коринт 15:26).

      Үхэл хагацал үзсэн ч, үхлийн аюулд орсон ч хэрхэн итгэл найдвартай байх вэ? Үхлийг «сүүлчийн дайсан» гэсэн Библийн зүйлд бас «үхэл үгүй болно» гэж байдаг. Ехова Бурхан үхлээс илүү хүчтэй. Үүнийгээ олон удаа баталсан. Яаж? Үхсэн хүмүүсийг амилуулж. Библид Бурхан өөрийн хүчээрээ нас барсан хүмүүсийг амилуулсан есөн тохиолдлыг бичсэн байдаг.

      Нэг онцгой тохиолдол нь Есүс, нас бараад дөрвөн хоносон сайн найз Лазарыгаа амилуулах хүчийг Еховагаас авчээ. Есүс түүнийг нууцаар биш, олон хүний нүдэн дээр амилуулсан (Ёохан 11:38–48, 53; 12:9, 10).

      Та «Яагаад хүмүүсийг амилуулсан юм бол? Тэд амилсан ч дараа нь хөгширч дахиад үхсэн биз дээ?» гэж асуух байх. Тийм ээ, үхсэн. Гэхдээ нас барсан хүн амилсан түүх нь бидэнд хайртай дотнын хүнээ амилаасай гэж хүсэхээс илүү амилна гэдэгт итгэх үндэс болдог. Өөрөөр хэлбэл, бидэнд жинхэнэ итгэл найдвар байдаг.

      Есүс: «Би амилуулдаг, амьдруулдаг нэгэн» гэж хэлсэн (Ёохан 11:25). Ехова Есүст хүч өгч түүгээр нас барсан хүмүүсийг амилуулах ажлыг дэлхий даяар хийлгэнэ. Есүс: «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ [Христийн] дууг сонсоод гарч ирэх цаг болох гэж байна» гэж хэлсэн (Ёохан 5:28, 29). Тийм ээ, булшинд нойрсож байгаа бүх хүн диваажин болсон дэлхий дээр амилах найдвартай.

      Зөнч Исаиа нас барагсдыг амилах талаар ингэж дүрсэлжээ: «Таны үхэгсэд амилна, бие нь босно. Газар шороонд нойрсогчид босоод баяртайгаар дуулна; учир нь таны шүүдэр бол гялалздаг гэрлийн шүүдэр, нас бараад удсан хүмүүсийг газар шороо дахин төрүүлэн гаргана» (Исаиа 26:19, «The New English Bible»).

      Амилалтын тухай амлалт үнэхээр сэтгэл тайвшруулам байгаа биз? Хүүхэд эхийнхээ хэвлийд аюулгүй байдаг шиг нас барсан хүмүүс хамгийн аюулгүй газар байгаа гэж хэлж болно. Яагаад гэвэл булшинд байгаа хүмүүс Төгс хүчит Бурхны хязгааргүй ой санамжид хадгалагдсан байгаа (Лук 20:37, 38). Шинэ төрсөн хүүхдээ гэр бүл нь халуун дотноор угтан авдаг шиг амилсан хүмүүсийг удахгүй аз жаргалаар дүүрэн ертөнц угтан авна! Тэгэхлээр үхэл хагацал үзсэн ч итгэл найдвар байдаг байна.

      Итгэл найдвар танд ямар ач тустай вэ?

      Паул итгэл найдварын ач тусын талаар их зүйл зааж өгсөн. Тэрбээр итгэл найдварыг бэлгэдлийн хуяг дуулгын нэг чухал хэсэг болох дуулгатай зүйрлэжээ (1 Тесалоник 5:8). Яагаад ингэж хэлсэн бэ? Библи бичигдэж байх үеийн цэрэг тулалдахдаа эсгий юм уу арьсан малгайн дээрээ төмөр дуулга өмсдөг байжээ. Дуулга өмсвөл толгой руу цохих цохилтын хүчийг сааруулж хүнд гэмтлээс хамгаална. Паул үүгээрээ юу хэлэх гэсэн юм бол? Дуулга толгойг хамгаалдаг шиг найдвар зөв бодох чадварыг хамгаалдаг гэсэн үг. Та Бурхны санаа зорилгод нийцдэг жинхэнэ итгэл найдвартай бол саад бэрхшээл тулгарсан ч сандарч балмагдахгүй тайван байж чадна. Ийм дуулга бүх хүнд хэрэгтэй, тийм биз дээ?

      Паул Бурхны хүсэлтэй нийцдэг найдварын талаар өөр нэг жишээ хэлсэн. Тэрбээр: «Усан онгоцыг зангуу нь хөдөлгөөнгүй байлгадаг шиг энэ найдвар бидэнд түшиг болдог. [Энэхүү найдвар] бат үндэстэй, баараггүй биел[нэ]» гэж бичсэн (Еврей 6:19). Паул онгоцны сүйрэлд нэг бус удаа өртөж байсан учраас зангууны ач тусыг сайн мэддэг. Шуурга дэгдэхэд далайчид усан онгоцны зангуугаа буулгадаг. Зангуу нь далайн ёроол шигдвэл усан онгоц шуурганд туугдан хад мөргөж сүйрэхгүй, аюулгүй үлдэх боломжтой.

      Үүнтэй адилаар, Бурхны амласан «бат үндэстэй, баараггүй биелэх» найдвар биднийг хүнд хэцүү шуурга шиг өнөөгийн хэцүү үеийг даван гарахад тусална. Ехова хүн төрөлхтнийг дайн дажин, гэмт хэрэг, харуусал, үхлээс болоод зовохгүй болох цаг удахгүй ирнэ гэж амласан (10-р хуудсанд байгаа хавсралтыг үзнэ үү). Энэ найдвар биднийг бэлгэдлийн утгаар сүйрэхээс хамгаалдаг. Найдвараа санаж явах нь Бурхны тогтоосон хэм хэмжээг сахих хүсэл төрүүлдэг учраас биднийг энэ ертөнцийн эмх журамгүй, ёс суртахуунгүй хандлагад автахаас хамгаалдаг.

      Еховагийн өгдөг найдвар танд хамаатай. Тэрбээр таныг өөрийнхөө анхны санаа зорилгын дагуу сайн сайхан амьдруулахыг хүсдэг. Бурхан «ямар ч хүнийг аврагдаасай» гэж хүсдэг. Яаж аврагдах вэ? Эхлээд «үнэний тухай зөв мэдлэгтэй» болох хэрэгтэй (1 Тимот 2:4). Бурхны үгээс үнэн, амь аврах чадалтай мэдлэгийг олж аваарай гэж энэ сэтгүүлийг гаргагчид уриалж байна. Тэгвэл энэ ертөнцөөс олж чадах найдвараас хамаагүй илүү найдварыг Бурхан өгнө.

      Ийм найдвартай бол хэзээ ч арга тасрахгүй, учир нь Бурхан өөрийнх нь хүслийн дагуу зорилго тавивал, тэр зорилгодоо хүрэхэд тань хэрэгтэй хүчийг өгнө (2 Коринт 4:7; Филиппой 4:13). Яг ийм итгэл найдвар хэрэгтэй биз дээ? Хэрэв танд ийм итгэл найдвар хэрэгтэй бол, хайж байгаа бол зоригтой байгаарай. Итгэл найдвар бий. Та олж чадна!

      [10-р хуудасны хавсралт, зураг]

      Итгэж найдахын учир

      Эдгээр Библийн зүйл илүү итгэл найдвартай болоход тань тусална:

      ◼ Бурхан сайхан ирээдүй амладаг.

      Бурхны Үгэнд дэлхий бүхлээрээ диваажин болж хүн төрөлхтөн нэгэн гэр бүл шиг эв нэгдэлтэй, жаргалтай амьдарна гэж байдаг (Дуулал 37:11,29; Исаиа 25:8; Илчлэл 21:3,4).

      ◼ Бурхан худал ярьдаггүй.

      Тэрбээр худал хуурмаг бүхнийг үзэн яддаг. Ехова туйлын цэвэр ариун учраас хэзээ ч худал ярьдаггүй (Сургаалт үгс 6:16–19; Исаиа 6:2,3; Тит 1:2; Еврей 6:18).

      ◼ Бурхан хязгааргүй хүчтэй.

      Ехова цорын ганц төгс хүчит Нэгэн. Түүнийг амлалтаа биелүүлэхэд саад болох нэг ч зүйл энэ орчлонт ертөнцөд байхгүй (Египетээс гарсан нь 15:11; Исаиа 40:25,26).

      ◼ Бурхан таныг мөнх амьдраасай гэж хүсдэг.

      (Ёохан 3:16; 1 Тимот 2:3,4)

      ◼ Бурхан бидэнд итгэж найддаг.

      Тэрбээр бидний алдаа дутагдлыг биш, сайхан зан чанар, хичээл зүтгэлийг маань анхаарч хардаг (Дуулал 103:12–14; 130:3; Еврей 6:10). Бурхан биднийг зөв зүйл хийнэ гэж найддаг, бас биднийг зөв зүйл хийвэл баярладаг (Сургаалт үгс 27:11).

      ◼ Хүслийнх нь дагуу зорилго тавьсан хүнд тусална гэж амладаг

      Бурхны үйлчлэгчид хэзээ ч арга тасардаггүй. Тэрбээр бидэнд хамгийн агуу хүч буюу өөрийн ариун хүчийг харамгүй ихээр өгч тусалдаг (Филиппой 4:13).

      ◼ Бурханд итгэж найдвал хэзээ ч харамсахгүй.

      Бурханд бүрэн дүүрэн итгэж найдаж болно. Тэрбээр хэзээ ч таны итгэлийг эвдэхгүй (Дуулал 25:3).

      [12-р хуудасны зураг]

      Дуулга толгойг хамгаалдаг шиг найдвар зөв бодох чадварыг хамгаалдаг

      [12-р хуудасны зураг]

      Бат үндэстэй итгэл найдвар зангуу шиг биднийг хамгаална

      [Зураг эзэмшигч]

      Courtesy René Seindal/Su concessione del Museo Archeologico Regionale A. Salinas di Palermo

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах