-
«Дуугүй байх хийгээд ярих цаг»Харуулын цамхаг (Судлахад зориулсан)–2020 | 3-р сар
-
-
СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 12
«Дуугүй байх хийгээд ярих цаг»
«Бүх юмс цаг хугацаатай ... Дуугүй байх хийгээд ярих цаг [байдаг]» (НОМ. 3:1, 7).
ДУУ 18 Бурхны хайр энэрэл
ТОЙМa
1. Номлогчийн үгс 3:1, 7-гоос юу мэдэж болох вэ?
ЗАРИМ хүн их ярих дуртай, зарим нь дуу цөөтэй. Энэ өгүүллийн үндэс болсон Библийн зүйлд бичсэнээр ярих цаг ч бий, дуугүй байх цаг ч бий (Номлогчийн үгс 3:1, 7-г уншина). Бид зарим итгэл нэгтнээ илүү их яриасай, харин заримыг нь бага яриасай гэж хааяа боддог.
2. Хэзээ, хэрхэн ярих хэм хэмжээг хэн тогтоох эрхтэй вэ?
2 Хэл яриа бол Еховагийн өгсөн бэлэг юм (Ег. 4:10, 11; Илч. 4:11). Энэ бэлгийг хэрхэн зөв ашиглахыг Ехова Үгэндээ бичүүлжээ. Энэ өгүүллээр, хэзээ ярих, хэзээ дуугүй байхаа мэдэхэд тустай Библийн жишээг авч үзнэ. Түүнчлэн, хүмүүстэй яаж ярьж байгааг маань Ехова сонсоод юу гэж боддогийг ярилцана. Эхлээд, ямар үед ярих хэрэгтэйг авч үзье.
ХЭЗЭЭ ЯРИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
3. Ром 10:14-т бичсэнээр, Еховагийн болон Хаант төрийнх нь тухай хэзээ ярих ёстой вэ?
3 Еховагийн болон Хаант төрийнх нь тухай хэзээ ямагт ярих хэрэгтэй (Мат. 24:14; Ром 10:14-ийг уншина). Энэ нь Есүсийг дуурайж буй хэрэг юм. Есүсийн дэлхийд ирсэн нэг гол зорилго нь хүмүүст Эцгийнхээ тухай үнэнийг ярих явдал байсан (Ёох. 18:37). Бас хэрхэн ярих нь чухал гэдгийг санаарай. Еховагийн тухай ярихдаа тухайн хүнийг «гүнээ хүндэтгэж, дөлгөөн байхын» зэрэгцээ сэтгэлийг нь ойлгож, итгэл үнэмшлийг нь бодолцох шаардлагатай (1 Петр 3:15). Тэгдэг бол ярихаас ч илүү үр дүнтэй. Чухал зүйлийг мэдэж авахад нь тусална, зүрх сэтгэлийг нь ч хөдөлгөж болох юм.
4. Сургаалт үгс 9:9-д бичсэнийг үзвэл, хэзээ ярих ёстой вэ?
4 Ахлагчид итгэл нэгтэндээ зөвлөгөө өгөх шаардлагатайгаа ойлгосон бол нүдэн балай чихэн дүлий өнгөрч болохгүй. Эвгүй байдалд оруулахгүйн тулд цагийг нь олоод ярих нь зүйтэй. Жишээ нь эргэн тойронд нь хүнгүй болохыг хүлээж байгаад ярих хэрэгтэй байж мэднэ. Ярихдаа нэр хүндийг нь унагаж болохгүй. Зөв юм хийхэд нь тус болох Библийн зарчмыг үзүүлэх нь зүйтэй (Сургаалт үгс 9:9-ийг уншина). Зарим үед зориг гаргах шаардлагатай болдог. Яагаад? Үүнтэй холбоотой хоёр жишээг одоо авч үзье. Нэг нь хөвгүүдээ сахилгажуулах ёстой байсан аавын, нөгөө нь ирээдүйн хаантай ярилцсан эмэгтэйн тухай юм.
5. Тэргүүн тахилч Ели ямар алдаа гаргасан бэ?
5 Тэргүүн тахилч Ели хоёр хүүдээ ухаангүй хайртай хүн байв. Харин хөвгүүд нь Еховаг ерөөсөө хүндэлдэггүй байжээ. Тэд мөргөлийн асарт тахилчаар үйлчилдэг атлаа эрх мэдлээ урвуулан ашигладаг, Еховад өргөсөн тахилд огт хүндэтгэлгүй ханддаг, улаан цайм завхайрдаг байжээ (1 Сам. 2:12–17, 22). Мосегийн хуулиар бол Елигийн хөвгүүд цаазлагдах ёстой. Гэтэл Ели тэднийг зэмлэсэн болоод өнгөрсөн. Мөн асарт үйлчлэхийг нь болиулаагүй (Д.хууль 21:18–21). Үүнийг хараад Ехова юу бодсон бэ? Тэрбээр Елид «Өөрийнхөө хөвгүүдийг Надаас илүүд үзэж байна» гэж хэлсэн. Тэгээд бузар мууг үйлдэгч тэр хоёр этгээдийг үхүүлэхээр шийджээ (1 Сам. 2:29, 34).
6. Елигийн алдаанаас ямар сургамж авах вэ?
6 Елигийн алдаанаас сургамж авч болно. Дотнын хүн маань Бурхны хуулийг зөрчсөнийг мэдвэл бид түүнтэй ярьж, Еховагийн тогтоосон хэм хэмжээг сануулах учиртай. Дараа нь Еховагийн төлөөлөгчдөөс тусламж авсан эсэхийг нь мэдэх шаардлагатай (Яак. 5:14). Бид найзыгаа эсвэл гэрийнхнээ Еховагаас илүү хүндэлбэл Елитэй адил болно. Ингэж хэрхэвч болохгүй. Сахилга батын арга хэмжээ авхуулах шаардлагатай хүнтэй ярилцахын тулд зориг гаргах хэрэгтэй. Гэхдээ энэ нь сайн үр дүнтэй. Абигаил гэдэг израйл эмэгтэй Елигээс ямар ялгаатай байсныг бодож үзье.
Абигаил цагаа олж ярих талаар сайн жишээ үзүүлсэн (7, 8-р догол мөрийг үзээрэй)d
7. Абигаил яагаад Давидтай ярьсан бэ?
7 Абигаил бол газрын эзэн Набал гэгч баяны эхнэр юм. Давидын талынхан Саул хаанаас зугтаж явахдаа Набалын хоньчдод тусалж, мал сүргийг нь дээрэмчдээс хамгаалж байжээ. Набал тэдэнд талархсан болов уу? Үгүй. Давид хамт яваа хүмүүстээ зориулж жаахан идэх юм, уух ус өгөхийг Набалаас гуйдаг. Тэгэхэд нь Набал уурлаж, харааж зүхсэн (1 Сам. 25:5–8, 10–12, 14). Тэгэхээр нь Давид Набалын бүх эрчүүдийг хүйс тэмтрэхээр шийджээ (1 Сам. 25:13, 22). Ийм аймшигтай гай зовлонгоос зайлах арга байсан уу? Одоо л ярих цаг гэдгийг Абигаил мэдмэгцээ өлсгөлөн, ууртай, зэвсэг барьсан 400 хүний өөдөөс зориглон очоод Давидтай ярьжээ.
8. Абигаилаас юу сурах вэ?
8 Абигаил Давидтай уулзаад зоригтой, хүндэтгэлтэй, үнэмшилтэй ярьсан. Энэ хэрэгт ямар ч буруугүй байсан атлаа Давидаас уучлалт гуйв. Давидыг сайн хүн гэж магтаад, зөв юм хийнэ гэдэгт нь итгэж байгаагаа илэрхийлсэн. Мөн Еховад найджээ (1 Сам. 25:24, 26, 28, 33, 34). Итгэл нэгтэн маань аюултай зам руу явж байгааг анзаарвал Абигаилыг дуурайх шаардлагатай (Дуу. 141:5). Хүндэтгэлтэй ярихын зэрэгцээ зоригтой байх учиртай. Яах ёстойг нь эвтэйхэн хэлбэл жинхэнэ найз гэдгээ батална (Сур. 27:17).
9, 10. Ахлагчид зөвлөгөө өгөхдөө юуг санах хэрэгтэй вэ?
9 Ялангуяа, ахлагчид «замаасаа хазайж» буй итгэл нэгтэнтэйгээ зоригтой ярих хэрэгтэй (Гал. 6:1). Ахлагчид төгс бусаараа тэр хүнтэй адилхан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Бас хатуу үг сонсох өдөр надад ч ирнэ гэж мэдээд даруу байдаг. Гэлээ ч сахилгажуулах шаардлагатай хүмүүсийг зэмлэхээс хойш суудаггүй (2 Тим. 4:2; Тит 1:9). Ингэхдээ хэл яриа хэмээх бэлгээ чадварлаг ашиглан тэвчээртэй заадаг. Итгэл нэгтэндээ хайртай учраас туслахыг л боддог (Сур. 13:24). Гэхдээ ахлагчид Еховаг алдаршуулахыг хамгийн чухалд үздэг учраас Библийн зарчмыг баримталж, хурлыг хамгаалдаг (Үйлс 20:28).
10 Хэзээ ярих хэрэгтэйг авч үзлээ. Заримдаа огт юу ч ярилгүй дуугүй байх нь илүү дээр байдаг. Тийм үед ямар бэрхшээл учирч мэдэх вэ?
ХЭЗЭЭ ДУУГҮЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?
11. Яаков ямар жишээ татсан бэ? Яагаад оновчтой гэж хэлж болох вэ?
11 Амаа хазаарлах тийм ч амархан биш. Библийг бичигч Яаков үүнийг оновчтой жишээгээр тайлбарлажээ. Тэрбээр: «Хэрэв ярихдаа алдаа гаргадаггүй хүн байвал, тэр хүн биеэ бүхэлд нь хянаж чаддаг төгс хүн байх нь. Морь залахын тулд амгайвч хийж, бүх биеийг нь залдаг» гэжээ (Яак. 3:2, 3). Жолоогоо татвал морь нь зогсдог. Харин жолоогоо сул тавивал морь нь хар эрчээрээ давхисаар бахардах юм уу эзнийгээ бэртээж гэмтээнэ. Үүнтэй адил, амаа хазаарлахгүй бол маш их гай тарьж болзошгүй. Ямар үед «жолоогоо татах» буюу амаа хазаарлах хэрэгтэйг ярилцъя.
12. Ямар үед «жолоогоо татаж» дуугүй байх хэрэгтэй вэ?
12 Хэрэв итгэл нэгтэн тань нууцыг мэддэг бол та яах вэ? Жишээ нь манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон улсаас ирсэн хүнтэй уулзвал яаж цуглаж, хэрхэн дэлгэрүүлдэг гэх мэтийг асуух уу? Тэдэнд муу юм хийх зорилгоор нарийн ширийнийг нь мэдэх гээд байгаа юм биш л дээ. Бид итгэл нэгтнээ хайрлаж, санаа тавьдаг учраас юу тохиолдоод байгааг нь мэдэх гэсэндээ л тэр шүү дээ. Бас тэдний төлөө тодорхой залбирахыг хүсдэг. Гэхдээ ийм л үед «жолоогоо татаж» дуугүй байх хэрэгтэй. Хэлэх ёсгүй юмыг хэлүүлэх гэж нэгнийгээ дарамтлах нь тэр хүнд хайргүйн шинж юм. Цаашилбал тэр хүнд итгэдэг бусад ах дүүгээ хайрлахгүй байна гэсэн үг. Манай үйл ажиллагааг хориглосон улсад амьдардаг ах дүү нарынхаа зовлон дээр зовлон нэмж төвөг удахыг бид хүсэхгүй. Тэндхийн итгэл нэгтнүүд ч үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг талаарх нарийн ширийн юмыг ярихгүй.
13. Сургаалт үгс 11:13-ыг үзвэл, ахлагчид яах ёстой вэ? Яагаад?
13 Ялангуяа ахлагчид Сургаалт үгс 11:13-т байдаг зарчмыг баримталж нууцыг чандлан хадгалах ёстой (уншина). Энэ нь эхнэртэй ахлагчдад амаргүй байж болох юм. Эхнэр нөхөр хоёр үргэлж дотно байхын тулд хоорондоо байнга ярилцаж, юу бодож, юунд санаа зовж яваа, сэтгэл санаа ямар байгаагаа хэлэлцдэг байх нь чухал. Гэхдээ ахлагч хүн хурлын гишүүний хувийн «нууцыг задруулж» болохгүй. Хэрэв задруулбал бусдын итгэлийг алдана, нэр хүндгүй болно. Хуралд хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хүмүүс «хоёр нүүргүй» байх ёстой (1 Тим. 3:8). Өөрөөр хэлбэл, хуурч мэхэлдэггүй, хов жив ярьдаггүй байх ёстой. Ахлагч хүн эхнэртээ хайртай л бол мэдэх шаардлагагүй юмыг нь ярьж ачаа үүрүүлэхгүй.
14. Эхнэр хүн нөхрийнхөө нэр төрийг унагахгүйн тулд яах нь зөв бэ?
14 Эхнэр хүн нөхрийнхөө нэр хүндийг боддог бол нууц мэдээллийг хэлүүлэх гэж дарамтлахгүй. Ингэснээрээ нөхрөө дэмжээд зогсохгүй нөхөрт нь итгэдэг хүмүүсийг хүндэлдгээ батлан харуулдаг. Мөн хурлын эв нэгдэл, амар тайванд хувь нэмрээ оруулж байгаа учраас Ехова Бурхнаа баярлуулдаг. Энэ нь хамгийн чухал юм (Ром 14:19).
БИДНИЙ ХЭЛСЭН ҮГ ЕХОВАД ЯМАР САНАГДДАГ ВЭ?
15. Иовын гурван найзын хэлсэн үг Еховад ямар санагдсан бэ? Яагаад?
15 Хэзээ, хэрхэн ярих талаар «Иов» номоос их юм мэдэж болно. Аймшигтай гай зовлон нүүрлэсний улмаас Иов ихэд зовж шаналжээ. Тэр үед түүнийг тайвшруулж сэтгэлийг нь засахаар дөрвөн хүн ирэв. Тэд олон хоног юу ч ярилгүй дуугүй суужээ. Энэ хугацаанд тэдний гурав нь буюу Елифаз Билдад Зофар нар Иовд хэрхэн туслахаа бус, харин яаж буруутгахаа бодож байсныг хожим хэлсэн үг нь баталдаг. Ганц нэг зөв юм ярьсан нь үнэн. Гэхдээ ихэнхдээ Иовыг ч, Еховаг ч муулж, худлаа ярьсан. Иовыг хайр найргүй зэмлэн буруушаасан (Иов 32:1–3). Ехова яасан бэ? Тэр гуравт хилэгнэн уурлаж, мунхаг хэмээжээ. Тэгээд, бидний төлөө залбирч өгөөч гэж Иовоос гуй хэмээн тушаасан (Иов 42:7–9).
16. Елифаз Билдад Зофар нарын муу жишээг тунгаан бодвол юу ойлгож болох вэ?
16 Елифаз Билдад Зофар нарын муу жишээг тунгаан бодвол юу ойлгож болох вэ? Нэгдүгээрт, бид ах дүүгээ шүүх ёсгүй (Мат. 7:1–5). Яриаг нь анхааралтай сонссоныхоо дараа л ярих хэрэгтэй. Тэгвэл ямар зовлон амсаж, юуг тэвчиж байгааг нь ойлгоход дөхөм болно (1 Петр 3:8). Хоёрдугаарт, сайн, үнэн юм ярьж байгаа эсэхээ анхаарах хэрэгтэй (Эф. 4:25). Гуравдугаарт, юу ярьж байгааг маань Ехова маш анхааралтай сонсож байдаг.
17. Елихугаас юу сурах вэ?
17 Иов дээр ирсэн дөрөв дэх хүн нь Абрахамын хамаатан Елиху байлаа. Тэрбээр Иов ба түүний гурван найзын яриаг сонсжээ. Иовыг өрөвдсөн бөгөөд буруу бодлоо засахад нь тус болох зөвлөгөөг шулуухан өгснийг бодвол юу ярьж байгааг нь нэлээд анхааралтай сонссон нь илт (Иов 33:1, 6, 17). Елихугийн хувьд хамгийн чухал зүйл нь өөрийгөө юм уу өөр хэн нэгнийг биш, харин Еховаг алдаршуулах явдал байсан (Иов 32:21, 22; 37:23, 24). Дуугүй суугаад сонсох цаг байдгийг Елихугийн жишээнээс мэдэж болно (Яак. 1:19). Түүнчлэн зөвлөгөө өгөхдөө өөрийгөө биш, Еховаг алдаршуулахыг гол зорилго болгох ёстой байх нь ээ.
18. Хэл яриа гэдэг бэлгээ эрхэмлэдэг хүн яадаг вэ?
18 Хэзээ, хэрхэн ярих тухай Библийн зөвлөгөөг дагавал хэл яриа хэмээх бэлгээ үнэлдгийн шинж болно. Мэргэн ухаант Соломон хаан: «Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу» хэмээн бичжээ (Сур. 25:11). Бусдын ярихыг анхааралтай сонсдог, ярихаасаа өмнө боддог бол үг яриа маань үнэтэй, гоёмсог алтан алим мэт байна. Тийм бол их ч ярьсан, бага ч ярьсан бусдыг сэргээнэ, Еховаг баярлуулна (Сур. 23:15; Эф. 4:29). Ийм сайхан бэлэг өгсөн Бурхандаа талархах үүнээс илүү сайн арга байна гэж үү?
-