МАНАЙ АРХИВААС
Тэд «сорилтын цагт» ч үнэнч байсан
БИБЛИ СУДЛААЧИД 1914 онд дэгдсэн дэлхийн І дайны үед төвийг сахисан нь хүмүүсийн анхаарлыг татсан юм (Ис. 2:2–4; Иох. 18:36; Еф. 6:12). Их Британид амьдарч байсан Библи Судлаачдын тухай өгүүлье.
Хенри Хадсон
1916 онд Британийн засгийн газар 18–40 насны ганц бие эрчүүдийг цэргийн албанд татах журам гаргажээ. «Шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар» цэргийн алба хаах боломжгүй хүнийг чөлөөлнө гэж уг журамд заасан аж. Засгийн газар хэнийг, ямар шалгуураар цэргийн албанаас чөлөөлөхийг шийдэх эрх бүхий комисс байгуулжээ.
Гэвч удалгүй дөчин Библи Судлаачийг цэргийн шоронд хорьж, найман хүнийг Франц дахь галын шугам руу илгээв. Энэ шударга бус явдлыг Их Британи дахь ах дүүс эсэргүүцэж, Ерөнхий сайд Херберт Аскуитад захидал бичжээ. 5 500 хүний гарын үсэг зурсан өргөх бичгийг уг захидалд хавсаргасан байв.
Тэгтэл нэг мэдээ иржээ. Галын шугамд хүргэгдсэн найман хүнд байлдахаас татгалзсаных нь төлөө буудан хороох ял оноосон байв. Өнөөх наймыг эгнэн зогсоогоод ялын тогтоолыг гүйцэтгэх гэж байснаа арван жил хорихоор болжээ. Ингээд жирийн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр Англи руу буцаав.
Жеймс Фредерик Скотт
Дайн сунжрах тусам эхнэртэй эрчүүдийг ч цэрэгт татаж эхэлжээ. Эмч, Библи Судлаач Хенри Хадсоны хэргийг шүүх хурал Английн Манчестер хотод болсон байна. 1916 оны 8 дугаар сарын 3-нд шүүх түүнийг үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгаж, торгууль ногдуулан, цэрэгт татах нь зүйтэй гэж үзжээ. Яг энэ үед үүнтэй төстэй бас нэг асуудал Шотландын Эдинбург хотод гарсан бөгөөд ном түгээгчээр үйлчилдэг 25 настай Жеймс Фредерик Скоттыг буруугүй хэмээн шүүх үзсэн байна. Засгийн газар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч шүүх Лондонгийн шийдвэрт үндэслэн уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ үед Херберт Киппс гэдэг Гэрч эрэгтэйг буруутай гэж үзэн торгууль ногдуулж, цэрэгт татсан аж.
1916 оны 9 дүгээр сар гэхэд нийт 264 Библи Судлаач цэргийн албанаас чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэдний 5-ыг чөлөөлж, 154-ийг нь «үндэсний бүтээн босгох ажилд» дайчлан, 23-ыг нь арын албанд томилж, үлдсэн 82-ыг цэрэгт татан заримыг нь цэргийн шүүхээр шүүж тушаал заавар дагаагүй хэмээн шоронд хорьсон байна. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан учир засгийн газар тэднийг цэргийн шоронгоос хөдөлмөрийн лагерьт шилжүүлжээ.
Прайс Хьюз
Эдгар Клей болон хожим нь Их Британи дахь салбарын харгалзагчаар үйлчилж байсан Прайс Хьюз нар Уэльст далан барих ажил хийж байжээ. Харин Францаас буцаж ирсэн өнөөх 8-ын нэг болох Херберт Синьерийг Йоркширийн Вейкфийлд шоронд хорьсон аж. Бусад нь чанга дэглэмтэй Дартмур шоронд хүнд хүчир ажил хийж ял эдэлсэн байна. Итгэл үнэмшлийнхээ улмаас цэргийн алба хаахаас татгалзсан хамгийн олон хүн уг шоронд ял эдэлжээ.
Цэргийн арын албанд дайчлагдсан Библи Судлаач Френк Платтыг галын шугам руу илгээсэн боловч дайнд оролцохгүй гэснээс нь болж удаан хугацаагаар харгислан хавчиж байв. Цэрэгт татагдсаныхаа дараахан үнэнийг хүлээж авсан Аткинсон Пажет хүний өөдөөс буу шагайхгүй гэснээсээ болоод цэргийн дарга нарын гарт тарчлан зовсон аж.
Херберт Синьер
Нэгэн зууны өмнө амьдарч байсан ах дүү нар маань төвийг сахих гэж юу болохыг бүрэн гүйцэд ойлгоогүй ч Ехова Бурхны таалалд багтахыг хүсдэг байв. Энэ өгүүлэлд нэр нь дурдагдсан хүмүүс хүнд хэцүү «сорилтын цагт» төвийг сахихын сайхан жишээ үлдээжээ (Илч. 3:10).—Их Британи дахь манай архиваас