Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Үнэнч шударга хүн байдаг уу?
    Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2016 | № 1
    • Дарга ажилтнаа хуруугаар чичлэж байна

      ОНЦЛОХ СЭДЭВ | ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

      Үнэнч шударга хүн байдаг уу?

      Хитоши ажилд зуучилдаг нэгэн байгууллагын санхүүгийн хэлтэст ажилладаг байв. Дарга нь санхүүгийн тайланг үзээд тайлангаа хуурамчаар мэдүүлэхийг ятгасан байна. Хитоши ингэж чадахгүйгээ хэлэхэд ажлаас нь хална гэж сүрдүүлэн хэлсэн ёсоороо халжээ.

      Хитоши дараагийн сараас ямар ажил олж хийх тухайгаа бодов. Ажилд орох ярилцлагын үеэр шударга бус юм хийхгүй гэдгээ хэлжээ. Ярилцлага авч байсан хүн: «Та чинь ямар хачин хүн бэ!» гэжээ. Гэр бүлийнхэн найз нөхөд нь түүнийг дэмжиж, үнэнч шударга байна гэсэн шийдвэрээсээ няцахгүй байхыг зөвлөсөн ч Хитоши тээнэгэлзэж «Үнэнч шударга явлаа гээд надад ямар ашиг байгаа юм бэ» гэж хэлжээ.

      Хүмүүс үнэнч шударга занг эрхэмлэдэггүйг Хитошид тохиолдсон явдал харуулж байна. Зарим нь, ялангуяа бизнесийн байгууллагынхан үнэнч шударга байхыг дарамт гэж боддог. Өмнөд Африкт ажилладаг нэгэн эмэгтэй: «Манай ажлын газрынхан худал ярьдаг. Би заримдаа тэднийг дуурайчих гээд байдаг» гэж хэлжээ.

      Худал ярих нь түгээмэл болсон. Хэдэн жилийн өмнө Массачусеттс Амхерст их сургуулийн сэтгэл судлаач Робэрт Фэлдмэн насанд хүрэгчдийн 60 хувь нь 10 минут тутам худал ярьдаг гэсэн тооцоо гаргажээ. Тэрбээр: «Судалгааны дүнг хараад үнэхээр гайхсан. Худал ярих нь ийм жирийн үзэгдэл болно гэж огт санаагүй» гэж хэлсэн байна. Хүмүүс хууртах дургүй мөртлөө ихэнх нь хүнийг хуурдаг нь хачирхалтай.

      Худал хэлэх, хулгай хийх, хууран мэхлэх явдал өнөө үед яагаад олширсон бэ? Хуурч мэхлэхийн хор уршиг юу вэ? Худал хуурмаг үйл хэргээс хэрхэн хол явах вэ?

  • Худалч хүн өөртөө гай тарьдаг
    Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2016 | № 1
    • Хоёр эмэгтэй ярилцаж байна

      ОНЦЛОХ СЭДЭВ | ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

      Худалч хүн өөртөө гай тарьдаг

      «Жаахан ч гэсэн худал ярихад аргалж болохгүй зүйл гэж байхгүй» —Саманта, Өмнөд Африк

      Дээрх үгтэй та санал нийлэх үү? Самантагийн адил, хэцүү асуудал тулгарах үе бид бүгдэд бий. Худал ярихаас өөр аргагүй байдалд орсон үед яахаас ямар хүн бэ гэдэг маань тодорхой болно. Жишээ нь нэр нүүрээ бодохыг чухалд үздэг бол амархан худал ярих байх. Үнэн нь илчлэгдэхлээр худал хуурмаг зан гай дагуулдаг. Ямар гай тарьдаг вэ?

      ХУДАЛЧ ХҮНД ИТГЭХ ХЭЦҮҮ

      Аливаа харилцаа итгэлцэл дээр тогтдог. Бие биедээ итгэдэг хоёр хүнд эргэлзэх юм байдаггүй. Хүний итгэлийг олно гэдэг амаргүй. Чин сэтгэлээсээ санал бодлоо хуваалцаж, хэн хэндээ хувиа хичээсэн зан гаргалгүй, удаан хамт байх тусам хүмүүс бие биедээ итгэдэг. Харин жаахан ч гэсэн хуурч мэхэлснээс болж хүний итгэлийг алддаг. Итгэлийг нь дахин олох амаргүй.

      Сайн найз тань таныг хуурч байсан уу? Танд ямар байсан бэ? Та их гомдсон байх. Ингэх нь ч аргагүй. Худал хуурмаг зан нөхөрлөлийн үндсийг үгүй хийдэг нь гайхах зүйл биш ээ.

      ХУДЛААС ХУДАЛ БИЙ БОЛДОГ

      Калифорнийн их сургуулийн профессор Робэрт Иннэсийн хийсэн судалгаанаас харахад «худал хуурмаг зан халдварладаг» болох нь тогтоогджээ. Худалч хүнтэй байнга харьцдаг бол танд бас ийм «нян» халдварлана.

      Худалч болохгүйн тулд яах хэрэгтэй вэ? Библи танд тусална. Библийн хэд хэдэн зарчмыг авч үзье.

      Хууран мэхлэх гэж яахыг хэлэх вэ?

      Худал хэлэх

      Нэгэн эрэгтэй хуримын бөгжөө авч байна

      ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ? Үнэнээ хэлэх ёстой байтал худал ярих гэсэн үг. Мөн хүнийг хуурч, үнэнийг гуйвуулах, бусдад сайн хүн болж харагдах гэж дэгсдүүлэн ярихыг хэлнэ.

      БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг» (Сургаалт үгс 3:32). «Худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм» (Ефес 4:25).

      Гүтгэх

      Нэг эрэгтэйг өрөөнд орж ирэнгүүт шивнэлдэж байна

      ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ? Хүний нэр хүндийг унагах зорилгоор худал ярихыг хэлнэ.

      БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг. Хов жив тараагч хүн дотнын анд нөхдийг салгадаг» (Сургаалт үгс 16:28). «Түлээ дутагдвал гал унтарна. Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина» (Сургаалт үгс 26:20).

      Луйвардах

      Өвөртөө нуусан бугуйн цагийг үзүүлж буй эрэгтэй

      ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ? Худал хэлээд хүнээс эд хөрөнгө, эсвэл мөнгө салгахыг хэлнэ.

      БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Чи ядуу зүдүү хөлсний зарцаа ... бүү дарангуйл» (Дэд хууль 24:14, 15). «Ядуу хүнийг дарладаг нэгэн Бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг. Харин үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг юм» (Сургаалт үгс 14:31).

      Хулгай хийх

      Хүний цүнхнээс түрийвч хулгайлж буй хүн

      ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ? Хүнээс зөвшөөрөлгүй юмыг нь авахыг хэлнэ.

      БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлө» (Ефес 4:28). «Бүү мэхлэгдэгтүн. ... хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй» (1 Коринт 6:9, 10).

  • Үнэнч шударга байхын үнэ цэн
    Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2016 | № 1
    • Түрүүвчийг эзэнд нь өгч байгаа хүн

      ОНЦЛОХ СЭДЭВ | ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

      Үнэнч шударга байхын үнэ цэн

      «Бид бүх юманд үнэнч шударга байхыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг» (Еврей 13:18, ШЕ).

      Библид «үнэнч шударга» гэж орчуулсан грек үгийг үгчилбэл «үндсэндээ сайн» гэсэн утгатай. Мөн ёс суртахууны хувьд гоё сайхан гэсэн утгыг илэрхийлдэг.

      Элч Паулын «Бүх юманд үнэнч шударга байхыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг» гэсэн үгийг Христийн дагалдагчид нухацтай авч үздэг. Тэгвэл үнэнч шударга байх гэж юу гэсэн үг вэ?

      ДОТООД ТЭМЦЭЛ

      Хүн өглөө гэрээсээ гарахаасаа өмнө толинд хардаг. Яагаад? Бусдад сайхан харагдахыг хүсдэг учраас тэр юм. Гэхдээ үсээ сайхан янзлан гоё ганган хувцаслахаас илүү чухал зүйл бий. Хүний гадаад байдал дотроо ямар байхаас шалтгаалах нь бий.

      Хүн муу юм хийх хандлагатайг Бурхны Үгэнд илэн далангүй бичжээ. Эхлэл 8:21-д «Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг» гэжээ. Тэгэхлээр бид нүгэлт хандлагатайгаа тэмцэх шаардлагатай байх нь. Элч Паул: «Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог» хэмээн нүгэлт хандлагатайгаа тэмцдэгээ тод томруун дүрсэлжээ (Ром 7:22, 23).

      Жишээлбэл, болохгүй юм хийхийг зүрхэндээ хүсвэл, тэр хүслээ хорьж дийлэхгүйд хүрдэг. Гэвч тэр хүсэлдээ боолчлогдох албагүй. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Муу муухай юм бодохоо болих хэрэгтэй. Ингэвэл хууран мэхэлдэг хүмүүсийн нөлөөнд авталгүй үнэнч шударга байж чадна.

      ТЭМЦЭЛД ЯЛАХ НЬ

      Үнэнч шударга байя гэвэл хүн ёс суртахууны хэм хэмжээг баримтлах хэрэгтэй. Хүмүүс хувцас хунартаа анхаардаг шигээ ёс суртахууны хэм хэмжээг баримтлах талаар анхаардаггүй нь тун тоогүй. Ийнхүү тэдний хэр зэрэг шударга бус байгааг нь харагддаг. Энэ тухай нэгэн номд «Бид өөрсдийгөө үнэнч шударга хүн гэж итгэх хүртлээ хуурамч зан гаргадаг» гэж бичжээ («The (Honest) Truth About Dishonesty») Хэр зэрэг хуурамч зан гаргаж байгаагаа шалгах хэм хэмжээ гэж байдаг болов уу? Байдаг.

      Дэлхий дахинд сая сая хүн Библид харьцуулахын аргагүй ёс суртахууны хэмжээ байдаг гэдгийг ойлгох болжээ (Дуулал 19:7). Гэр бүлийн амьдрал, ажил хөдөлмөр, ёс суртахуун, Бурханд итгэж үнэмших талаар найдвартай удирдлага заавар Библид бий. Үе үеийн хүмүүс энэ номоос ач тус хүртдэг. Библийг анхааралтай уншиж эргэцүүлэн бодон зөвлөгөөг нь хэрэгжүүлбэл бид үнэнч шударга хүн болно.

      Хуурамч зантай тэмцэхийн тулд Библийн зөв мэдлэг эзэмшээд болчихгүй. Ёс суртахууны хувьд завхарсан нийгэмд амьдарч байгаа учраас бид нөлөөнд нь автаж мэднэ. Бурхнаас тусламж дэмжлэг гуйн залбирах хэрэгтэй (Филиппой 4:6, 7, 13). Ингэвэл бид ямар ч үед үнэнч шударга байх зоригтой болно.

      ҮНЭНЧ ШУДАРГА БАЙХЫН ҮНЭ ЦЭН

      Эхний өгүүлэлд гарсан Хитоши үнэнч шударга байсныхаа үр шимийг хүртжээ. Тэрбээр ажилтай болоод зогсохгүй, дарга нь үнэнч шударга занг нь үнэлдэг ажээ. Хитоши: «Би худал хуурмаг юм хийхээргүй ажил олсондоо баяртай байна» гэжээ.

      Өөр олон хүн үнэнч шударга байхын ач тусыг хүртдэг. Тэдний зарим нь «Бүх юманд үнэнч шударга бай» гэсэн Библийн зарчмыг хэрэгжүүлээд ямар сайхан байгаагаа ярьж байна.

      • Мөс чанар сайтай байна

        Шерил

        «Би 13 настайдаа сургуулиа хаяж, хулгай хийдэг болсон. Орлогынхоо 95 хувийг нь шударга бус замаар олж байсан. Дараа нь би гэрлэж нөхөртэйгөө хамт Еховагийн Гэрчүүдээр Библи заалгадаг болов. Еховаa Бурхан шударга бус үйл хэргийг үзэн яддаг гэж мэдээд амьдралаа өөрчлөхөөр шийдлээ. 1990 онд бид хоёр Еховад өөрийгөө зориулж баптисм хүртэж, Еховагийн Гэрч болцгоосон» (Сургаалт үгс 6:16–19).

        «Урьд нь манай гэр хулгайн юмаар дүүрэн байсан. Харин одоо тэр бүхнээсээ ангижраад сайн мөс чанартай байна. Буруу юм хийж явсныг минь Ехова уучилсанд би талархдаг. Еховагийн таалалд нийцдгээ бодохлоор нойр ч сайхан хүрдэг»—Шерил, Ирланд.

        Боби

        «Намайг үйлчлүүлэгчээс хахууль аваагүйг дарга мэдээд “Бурхан чинь чамайг ийм найдвартай хүн болгожээ. Ийм хүнийг компанидаа ажиллуулна гэдэг аз шүү” гэж хэлсэн. Бүх юманд шударга байсныхаа ачаар би Ехова Бурхны өмнө сайн мөс чанартай байдаг. Ингэснээр би гэрийнхэндээ, бусдад өөр шигээ байхыг уриалж чаддаг»—Сони, Хонконг.

      • Сэтгэл санаа амар тайван байна

        Том

        «Би олон улсын банкинд ажилладаг. Ер нь эд хөрөнгөтэй болъё гэвэл үнэнч шударга байх хэрэггүй л дээ. “Зардлаа хэмнээд, хөрөнгө цуглуулж чадаж байвал бага зэрэг хуурч мэхлэхэд юу нь болохгүй билээ” гэсэн хандлагатай хүмүүс их бий. Гэхдээ үнэнч шударга байвал сэтгэл санаа амар байдаг. Би ямар ч үр дагавар амсах бай, үнэнч шударга байхаар шийдсэн. Хэзээ ч хэнийг ч хуурахгүй гэдгийг маань дарга нар мэддэг»—Том, АНУ.

      • Өөрийгөө хүндэлнэ

        Каори

        «Манай дарга намайг алга болсон эд материалын талаар худал хэлэхийг ятгасан ч би тэгээгүй. Дараа нь хэн хулгайлсныг мэдээд үнэнч байсанд минь талархсан. Шударга бус хүмүүсийн дунд үнэнч шударга байхад зориг хэрэгтэй. Гэхдээ эцэстээ хүмүүс намайг найдвартай хүн гэж үздэг, бас хүндэтгэдэг»—Каори, Япон.

      Мөс чанар сайтай, сэтгэл санаа амар тайван, өөрийгөө хүндэтгэдэг байх нь үнэнч шударга байхын ач тус юм. Та үүнтэй санал нийлэхгүй гэж үү?

      a Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах