Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Дотны хүнээ алдахад
    Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2016 | № 3
    • Гашуудаж буй эмэгтэй

      ОНЦЛОХ СЭДЭВ

      Дотны хүнээ алдахад

      «Бурхан юу хийхээ сайн мэддэг юм, охин минь. ... Битгий ... уйл»

      Биби гэдэг бүсгүй эцгийнхээ оршуулга дээр ийм үг сонсжээ. Эцэг нь автын ослоор нас барсан байв.

      Биби аавтайгаа их дотно байжээ. Гэрийнхэн, найз нөхдийнх нь тайвшруулах гэж хэлсэн үг сэтгэлийг нь улам шархлуулчихав. «Аав нас барсан нь тэгээд сайн хэрэг гэж үү?» хэмээн бодно. Хэдэн жилийн дараа Биби энэ явдлын тухай ном бичжээ. Үүнээс харвал, тайвширч чадаагүй нь тодорхой байна.

      Бибид тохиолдсон явдлаас харахад олон жил өнгөрсөн ч уй гашуу тайлагддаггүй ажээ. Хамгийн дотны хүнээ алдахад бүр ч хэцүү байдаг. Библид үхлийг «дайсан» гэж бичсэн нь тун оносон хэрэг юм (1 Коринт 15:26). Энэрэх сэтгэлгүй энэ дайсан дотны хүнийг маань авч оддог. Бидний хэнд ч энэ дайсныг эсэргүүцэх хүч байхгүй. Тэгэхлээр дотны хүнээ алдаад тайвширч чадахгүй удах нь гайхах хэрэг биш юм.

      «Уй гашуу тайлагдахгүй хэр уддаг юм бол? Уй гашуугаа яаж тайлах вэ? Гашуудаж байгаа хүнийг хэрхэн тайвшруулах вэ? Нас барсан дотны маань хүмүүст найдвар бий болов уу?» гэсэн асуулт гарч ирнэ.

  • Гашуудах нь буруу юу?
    Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2016 | № 3
    • ОНЦЛОХ СЭДЭВ | ДОТНЫ ХҮНЭЭ АЛДАХАД

      Гашуудах нь буруу юу?

      Хүн ер нь эдгэхлээрээ өвдөж байснаа амархан мартдаг. Харин уй гашуу тийм амар тайлагддаггүй. Аалан Волфелт «Ханиа алдаад гашуудаж буй хүмүүст» гэсэн номдоо «Уй гашууг “эдгээх” арга байдаггүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, бусдын дэмжлэгтэйгээр хүн уй гашуугаа тайлж чаддаг» гэж бичжээ.

      Эхнэрээ нас барахад Абрахам яасныг авч үзье. Библид «Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлж эхлэв» гэсэн байдаг (Эхлэл 23:2, ШЕ). «Эхлэв» гэдэг үгнээс харахад, тэрбээр нэг хэсэгтээ тайвширч чадаагүй ажээ.a Бас Иаковын тухай авч үзье. Иосеф гэдэг хүүгээ зэрлэг араатанд бариулж үхсэн гэж сонсжээ. Хүүхдүүд нь түүнийг тайвшруулах гэсэн боловч тэрбээр «олон хоног» гашуудсан. Хэдэн жил өнгөрсөн ч Иосефыг үгүйлсээр байв (Эхлэл 37:34, 35; 42:36; 45:28).

      Абрахам Сарагийнхаа хойноос гашуудаж байна

      Абрахам хайртай хань Сарагаа алдаад гашуудаж байсан

      Өнөө үед олон хүн дотны хүнээ алдаад гашууддаг. Хоёр жишээ үзье.

      • «Миний нөхөр Робэрт 2008 оны 7-р сарын 9-нд нас барсан. Осол гардаг өдөр жирийн л нэг өдөр байв. Өглөөний цайгаа уугаад тэр минь ажилдаа гарахдаа урьдынхаараа, намайг тэвэрч, үнсээд “Хайртай шүү” гэж хэлээд явсан юм. Зургаан жил өнгөрсөн ч би түүнийгээ үгүйлдэг. Сэтгэлийн шарх минь хэзээ ч эдгэхгүй байх гэж би боддог»—Гэйл, 60 настай.

      • «Хайртай эхнэр минь нас бараад 18 жил болжээ. Би одоо ч түүнийгээ санадаг. Байгалийн сайхныг харахлаар, тэр минь байсан бол баярлах байсан даа гэж боддог»—Этьен, 84 настай.

      Уй гашуу ингэж удаан үргэлжилдэгт гайхах хэрэггүй. Хүн болгон харилцан адилгүй байдаг учраас үхэл хагацал үзсэн хүнийг шүүмжлэх нь ухаалаг бус юм. Бас тайвширч чадахгүй байна гэж өөрийгөө битгий буруутгаарай. Тэгвэл уй гашуугаа тайлах арга байдаг болов уу?

      a Абрахамын хүү Исаак бас их гашууджээ. Ээж Сара нь нас бараад гурван жил болсон ч гашуудсаар байсан (Эхлэл 24:67).

  • Уй гашуугаа тайлах нь
    Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2016 | № 3
    • ОНЦЛОХ СЭДЭВ | ДОТНЫ ХҮНЭЭ АЛДАХАД

      Уй гашуугаа тайлах нь

      Энэ талаар их олон зөвлөгөө байдаг. Гэхдээ ашиг тустай нь цөөхөн. Жишээлбэл, зарим нь битгий уйл, сэтгэлээ барь гэж магадгүй. Зарим нь бүр эсрэг юм хэлдэг. Дотроо онгойтол уйл гэдэг. Харин Библид илүү ухаалаг зөвлөгөө байдаг бөгөөд үр дүнтэй нь орчин үеийн судалгаанаас харагддаг.

      Зарим оронд, эрэгтэй хүнийг уйлахыг сул доройн шинж гэж үздэг. Тэгэхлээр олны дунд нулимс унагах нь ичгэвтэр хэрэг үү? Гашуудаж, нулимс унагах нь байх ёстой зүйл гэдэгтэй сэтгэл зүйчид санал нийлдэг. Бас хүнд байдлыг давахад тустай. Харин уйтгар гунигт хэт их автах нь сайн биш. Уйлж гашуудахыг сул доройн шинж гэсэн санаа Библид огт байдаггүй. Есүс, дотны анд Лазарыгаа нас барахад яасныг саная. Түүнийг амилуулахаа мэдэж байсан хэр нь уйлахаасаа ичиж зовоогүй (Иохан 11:33–35).

      Дотны хүн нь гэнэт нас барахад, гашуудлаа уурлаж бухимдан илэрхийлдэг хүн бас байдаг. Хүндэтгэж явдаг хүн нь бодлогогүй үг хэлэхэд эмзэглэж уурлах нь бий. Өмнөд Африкт амьдардаг Майк: «Намайг 14-тэй байхад аав минь нас барсан юм. Оршуулга дээр нэг пастор, Бурханд сайн хүмүүс хэрэгтэй болохоор тэднийг ийм эрт авч явдаг юм гэж хэлж билээ.a Миний уур хүрсэн. Бидэнд аав минь хэрэгтэй шүү дээ. Тэр явдлаас хойш 63 жил өнгөрсөн ч миний сэтгэлийн шарх эдгээгүй» гэж ярьсан юм.

      Өөрийгөө буруутай гэж бодох нь ямар вэ? Дотны хүн зуурдаар нас барахад «Би ингэсэн бол, тэгсэн бол ийм юм болохгүй байх байсан» гэж бодогддог. Эсвэл талийгаачтай хамгийн сүүлд, маргалдаад салсан байж болох юм. Ийм үед хүн өөрийгөө бүр их буруутгадаг.

      Өөрийгөө буруутгадаг эсвэл уурладаг бол сэтгэл хөдлөлөө хянаж сурах нь чухал. Хагацал үзсэн хүний сэтгэл санааг ойлгодог, өөрийг тань сайн сонсдог хүнтэй ярилцаарай. «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг» гэж Библид байдаг (Сургаалт үгс 17:17).

      Хагацал үзсэн хүнд Бүтээгч, Ехова Бурхан хамгийн сайн анд найз болдог. «Тэр та нарын төлөө санаа тавьдаг» учраас сэтгэл зүрхээ уудлан залбираарай (1 Петр 5:7). Тийнхүү залбирдаг хүний сэтгэлийг амраана гэж Ехова амладаг. Бурхнаас ирдэг амар тайван «бүх оюун ухаанаас дээгүүр» билээ (Филиппой 4:6, 7). Бурхан биднийг Үг болох Библиэрээ дамжуулан тайвшруулдаг. Сэтгэлээ тайвшруулах Библийн зүйлүүдийг жагсааж бичээрэй (Жагсааж бичсэнийг үзнэ үү). Заримыг нь чээжилж болно. Ийм зүйлийг эргэцүүлэн бодох нь ганцаардаад, шөнө нойр хулжсан үед тустай байдаг (Исаиа 57:15).

      Жек 40 настайдаа эхнэрээ хорт хавдраар алджээ. Жек их ганцаарддаг аж. Гэхдээ залбирах нь түүнд тустай байдаг гэнэ. Тэрбээр: «Еховад залбирахлаар би ганцаардахаа больдог. Шөнө дунд сэрээд, буцаад унтаж чаддаггүй байсан. Библи уншиж, сэтгэл тайвшруулам зүйл эргэцүүлэн бодож, дотроо онгойтол залбирдаг. Тэгээд би тайвширч, сайхан амардаг болсон» гэжээ.

      Ванесса гэдэг бүсгүй, ээжийгээ өвчнөөр алджээ. Мөн л залбирахын ач тусыг хүртсэн байна. Ванесса: «Хамгийн хэцүү үедээ би уйлан байж, Бурхны нэрийг дууддаг. Ехова залбирлыг минь сонсож, сэтгэлийн тэнхээ хайрладаг» гэжээ.

      Сэтгэл зүйчид уй гашууд автсан хүмүүст, сайн дурын ажилд идэвхтэй оролцон бусдад туслахыг зөвлөдөг. Энэ нь баяр баясал нэмж, зовлон гунигаа мартахад тустай (Үйлс 20:35). Бусдад тусалбал сэтгэл санаа тайвширдгийг хагацал үзсэн олон хүн ойлгожээ (2 Коринт 1:3, 4).

      a Энэ бол Библийн сургаал биш. Библид үхлийн гурван шалтгааныг бичсэн байдаг (Номлогчийн үгс 9:11; Иохан 8:44; Ром 5:12).

      Сэтгэл Тайвшруулам Библийн Зүйлүүд

      • Танд ямар хэцүү байгааг Бурхан ойлгодог (Дуулал 55:22; 1 Петр 5:7).

      • Өөрт нь үйлчилдэг хүний залбирлыг Бурхан тэвчээртэй сонсдог (Дуулал 86:5; 1 Тесалоник 5:17).

      • Нас барсан хүмүүс Бурхны ой тоонд бий (Иов 14:13–15).

      • Нас барагсдыг амилуулна гэж Бурхан амладаг (Исаиа 26:19; Иохан 5:28, 29).

  • Гашуудаж буй хүмүүсийг тайвшруулах нь
    Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2016 | № 3
    • ОНЦЛОХ СЭДЭВ | ДОТНЫ ХҮНЭЭ АЛДАХАД

      Гашуудаж буй хүмүүсийг тайвшруулах нь

      Аав хүү хоёр оршуулга дээр

      Гашуудаж байгаа хүнийг тайвшруулах аргаа олохгүй үе танд байсан уу? Юу хэлж, юу хийхээ мэдэхгүй байсан биз ээ. Гэлээ ч танд хийж чадах зүйл бий.

      Гашуудаж байгаа хүний хажууд байж, сэтгэлийг нь тайвшруулах үг хэлж болно. Зовж шаналж байгаа хүнийг тэврэх, гарыг нь зөөлөн атгах зэргээр санаа тавьж байгаагаа илэрхийлдэг соёл олон оронд бий. Тэр хүн яримаар байвал анхааралтай сонсоорой. Гашуудаж байгаа хүнд тустай юм хийж өгвөл бүр ч сайн. Жишээ нь, хоол унд хийж өгөх, хүүхдийг нь харах юм уу ажил явдалд нь оролцож болох юм. Ингэж туслах нь гоё сайхан үг хэлснээс дээр байдаг.

      Талийгаачийн сайхан зан чанарын тухай, дурсамжтай явдлынх нь тухай ярьж болно. Ингэвэл гашуудаж байгаа хүнд сайхан санагдаж болох юм. Жишээ нь, зургаан жилийн өмнө нөхрөө алдсан Пам гэдэг эмэгтэй: «Хүмүүс нөхрийн минь тухай миний огт мэдэхгүй зүйлийг дурсаж ярьдаг. Тэгж ярихлаар сайхан санагддаг» гэжээ.

      Хагацал үзсэн хүмүүст найзууд нь эхэндээ тусалж байснаа сүүлдээ завгүй болоод ч тэр үү, холбоо тасардаг нь судалгаанаас харагддаг. Тиймээс тэдэнд ойр байж, байнга туслахыг хичээгээрэй.a Тайвшрахад хугацаа их хэрэгтэй байдаг учир тусалж дэмжихэд тань баярлана.

      Каори гэдэг япон бүсгүйд тохиолдсон явдал. Ээжийгээ алдаад удаагүй байтал, жил 3 сарын дараа эгч нь бас нас барав. Тэр үед үнэнч найз нөхөд нь сэтгэлийн дэм өгч байжээ. Тэдний нэг нь Рицүко юм. Каоригаас насаар эгч боловч дотны найз нь болохыг хичээж байв. Каори ийн дурссан юм. «Үнэнийг хэлэхэд, би нэг их баярлаагүй. Ээжийгээ хэнээр ч орлуулахыг хүсээгүй юм. Харин Рицүко эгч, надад ээж шиг минь хандаж байсан учраас бид хоёр их дотно болсон. Долоо хоног бүр бид дэлгэрүүлж, цуглаанд явдаг байсан. Олон ч удаа хамт цай уудаг байсан. Бас надад хоол хийж авчирж өгдөг, ил захидал, захиа бичдэг байсан. Рицүко эгч сайхан сэтгэл гаргаж байсан нь надад их урам өгсөн».

      Каоригийн ээж нас барснаас хойш 12 жил өнгөрсөн байна. Тэрээр одоо нөхөртэйгөө хамт бүрэн цагаар үйлчилж байгаа ажээ. Каори: «Рицүко эгч надад одоо ч санаа тавьдаг. Би нутагтаа ирээд Рицүко эгчийнд дандаа очиж урам сэргээм сайхан яриа өрнүүлдэг» гэж ярьжээ.

      Кипрт амьдардаг Поли гэдэг Еховагийн Гэрч эмэгтэйд тохиолдсон явдал. Полигийн нөхөр Сүзос сайхан сэтгэлтэй, үлгэр жишээ хүн байв. Хуралд ахлагчаар үйлчилдэг тэрбээр өнчин, бэлэвсэн нэгнийг гэртээ урьж хамт хоол идэж, дотносон нөхөрлөдөг байв (Иаков 1:27). Харамсалтай нь, Сүзос 53 насандаа тархины хавдраар нас баржээ. «33 жил ханилсан үнэнч ханиасаа би хагацсан даа» хэмээн Поли дурссан юм.

      Нэгэн хос, аав хүү хоёрт хоол хийж авчирж байна

      Уй гашууд автаж буй хүмүүст туслах арга бий

      Нөхрийгөө оршуулсны дараа Поли 15 настай бага хүү Даниэлээ аваад Канад руу явжээ. Тэнд байдаг Еховагийн Гэрчүүдийн хурлын цуглаанд явдаг болжээ. Поли: «Шинэ хурлын маань найз нөхөд бидний тухай, урьд нь ямар хэцүү байсныг минь мэдэхгүй байсан ч гэсэн бидэн дээр ирж, тэвэрч, урам сэргээм үг хэлж, тусалж дэмжиж байсан. Тэгж тусалсанд нь талархаад баршгүй. Ялангуяа, хүүд маань эцгийн хайр халамж хэрэгтэй байв. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс Даниэлд илүү их санаа тавьж байсан. Тэдний нэг нь найзуудтайгаа хамт салхинд гарах юм уу хөл бөмбөг тоглохдоо хүүг минь аваад явдаг байсан» хэмээн ярьсан юм. Одоо ээж хүү хоёр дутах юмгүй байгаа ажээ.

      Уй гашууд автаж байгаа хүмүүст хэрэгтэй тусламж үзүүлж, тайвшруулах арга олон бий. Библид нэгэн сайхан найдварын тухай бичсэн байдаг нь сэтгэл тайвшруулдаг.

      a Зарим хүн, ар гэрийнх нь эргэхийн тулд талийгаачийн нас барсан өдрийг календарь дээр тэмдэглэдэг. Тэгээд нас барсан өдөр нь эсвэл өмнө нь юм уу хойно нь очиж тайвшруулдаг.

  • Нас барагсад амилна!
    Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2016 | № 3
    • ОНЦЛОХ СЭДЭВ | ДОТНЫ ХҮНЭЭ АЛДАХАД

      Нас барагсад амилна!

      Нөхрөө алдаад сэтгэл санаа нь тавгүй байсан Гэйлийн тухай өмнөх өгүүлэлд дурдсан. Бурхны амласан шинэ ертөнцөд Гэйл нөхөртэйгөө уулзахыг тэсэн ядан хүлээдэг ажээ. Гэйл: «“Бурхан Өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо” гэж байдаг Илчлэлт 21:3, 4 миний дуртай Библийн зүйл» гэсэн юм.

      Гэйл цааш нь «Энэ найдвар биелэхийг би тэсэн ядан хүлээдэг. Дотно нэгнээ үхэлд алдсан олон хүн, нас барагсад амилна гэдгийг мэддэггүй. Тэдэнд би энэ үнэнийг мэдүүлэхийг хүсдэг» гэжээ. «Үхэл байхгүй болно» гэдэгт Гэйл итгэдэг бөгөөд энэ итгэл үнэмшлээ бусадтай хуваалцахын тулд олон цагаар сайн дурын ажилд оролцдог.

      Өвчин зовлондоо шаналсан Иов гэгч хүн

      Иов амилна гэдэгтээ итгэж байсан

      «Нас барсан хүн амилна гэж юу байх вэ дээ!» гэж та хэлэх байх. Иов гэдэг хүний тухай бодоод үзье. Тэрбээр их хүнд өвджээ (Иов 2:7). Иов шаналсандаа үхэхийг хүсэж байсан ч Бурхан өөрийг нь амилуулах хүчтэй гэдэгт итгэж байсан. «Та намайг Үхэгсдийн оронд нууж, Та дуудах бөгөөд би Танд хариулах болно. Та Өөрийн мутрын бүтээл уруу тэмүүлэх болно» гэж тэрбээр итгэлтэй хэлсэн (Иов 14:13, 15). Бурхан өөрийг нь санаж, амилуулах гэж тэмүүлнэ гэдэгт Иов итгэж байжээ.

      Удахгүй, дэлхийг диваажин болоход, Бурхан Иовыг, бас тоо томшгүй олон хүнийг амилуулна (Лук 23:42, 43). Үйлс 24:15-д нас барагсад амилна гэж баттай хэлсэн байдаг. Есүс: «Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна» гэж хэлсэн (Иохан 5:28, 29). Иов энэ амлалт биелэхийг үзнэ. Бас түүнд «залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж» очих найдвар бий. Түүний бие «залуу үеийнхээсээ ч илүү сэргэг» болно (Иов 33:24, 25). Бурхан нас барагсдыг дэлхий дээр амилуулан, нигүүлслээ үзүүлнэ гэдгийг ойлгож үнэлдэг хүмүүс ийм ивээл хүртэнэ.

      Дотны хүнээ алдаад гашуудаж байгаа таны сэтгэлийг эдгээр өгүүлэл жаахан ч болов эдгээсэн биз ээ. Бурхан юу гэж амласан байдгийг Библиэс уншиж эргэцүүлэн бодвол танд итгэл найдвар төрж, бэрхийг давах тэсвэр хатуужилтай болно (1 Тесалоник 4:13).

      Уй гашуугаа тайлах тухай илүү ихийг мэдмээр байна уу? Бас та «Бурхан яагаад муу муухай явдал гай зовлонг арилгахгүй байгаа юм бол?» гэж боддог байсан уу? Манай jw.org гэсэн Вэб саитад зочилж, асуултынхаа хариуг аваарай. Библи үндэстэй, сэтгэл тайвшруулам хариу аваарай.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах