«Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван»
«Сүнсний дагуу байгчид нь Сүнсний юмсыг боддог» (РОМ 8:5).
1, 2. «Ром» номны 8 дугаар бүлгийг яагаад тослогдсон хүмүүс сонирхдог вэ?
ЕСҮСИЙН нас барсныг дурсах өдөр ойртоход та Ром 8:15–17-г уншдаг биз ээ. Христийн тослогдсон дагалдагчид тэнгэрт мөнх амьдрах найдвартай гэдгээ яаж мэдэж болохыг дээрх зүйлүүд хэлж өгдөг. Ром 8:1-д «Христ Есүс дотор байгаа хүмүүсийн» тухай бичжээ. Тэгвэл «Ром» номны 8 дугаар бүлэг зөвхөн тослогдсон хүмүүст л хамаатай юу? Эсвэл дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүст бас хамаатай юу?
2 «Ром» номны 8 дугаар бүлгийг гол нь тослогдсон хүмүүст зориулж бичжээ. «Сүнсийг» авсан тэд Бурхан өөрсдийг нь «үрчилж авахыг буюу ... золин аврахыг тэсэн ядаж хүлээдэг» (Ром 8:23). Ирээдүйд тэд Бурхны хүүхдүүд болж тэнгэрт амьдарна. Тэднийг баптисм хүртэхэд нь Бурхан золиосны үндсэн дээр нүглийг нь хэлтрүүлж, сүнсэн хөвгүүдээ болгон зөвтгөсөн (Ром 3:23–26; 4:25; 8:30).
3. «Ром» номны 8 дугаар бүлэг дэлхийд амьдрах найдвартай хүмүүст ч хамаатай гэхийн учир юу вэ?
3 «Ром» номны 8 дугаар бүлэг дэлхийд амьдрах найдвартай хүмүүст ч хамаатай. Яагаад гэвэл Бурхан тэднийг бас зөв хүмүүс гэж үздэг. Паул захидлынхаа эхэнд юу гэж бичсэнийг сонирхъё. Дөрөвдүгээр бүлэгт Абрахамын тухай бичжээ. Энэ үнэнч хүн израильчуудыг хуультай болохоос өмнө, Есүсийг бидний нүглийн төлөө амиа золиослохоос ч өмнө амьдарч байв. Гэлээ ч гайхалтай итгэлтэйг нь Ехова хараад зөв хүн гэж үзжээ (Ром 4:20–22-ыг уншина). Өнөөдөр ч бас Ехова дэлхийд амьдрах найдвартай үнэнч үйлчлэгчдээ зөв хүмүүст тооцдог. Тэгэхлээр, «Ром» номны 8 дугаар бүлэгт бичсэн зөвлөгөө тэдэнд ч ач тустай гэсэн үг.
4. Ром 8:21-ийг уншихдаа өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
4 Шинэ ертөнц заавал бий болно гэсэн баталгаа Ром 8:21-д байдаг. Энэ зүйлд «Бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно» гэсэн амлалт бий. Харин та тэнд байх уу? Шинэ ертөнцөд амьдрах шагнал авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна уу? Үүний тулд яах хэрэгтэйг «Ром» номны 8 дугаар бүлгээс мэдэж авъя.
«МАХАН БИЕИЙН ЮМСЫГ БОДДОГ»
5. Ром 8:4–13-т Паул ямар ноцтой асуудлын тухай бичсэн бэ?
5 Ром 8:4–13-ыг уншина. «Ром» номны 8 дугаар бүлэгт «махан биеийн дагуу» явдаг хүмүүс болон «Сүнсний дагуу явагч» хүмүүсийг сөргүүлэн тавьжээ. Зарим хүн үүнийг үнэний замаар явдаг болон явдаггүй хүмүүс эсвэл Христийн дагалдагч болон дагалдагч биш хүмүүсийг хэлж байна гэж боддог. Гэхдээ Паул «Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд» зориулан бичсэн (Ром 1:7). Тэгэхлээр Паул махан биеийн дагуу явдаг дагалдагчид болон сүнсний дагуу явдаг дагалдагчдыг сөргүүлэн бичсэн хэрэг. Тэд ямар ялгаатай байсан бэ?
6, 7. а) Библид «махан бие» гэдэг үгийг ямар утгаар хэрэглэдэг вэ? б) Ром 8:4–13-т гардаг «махан бие» гэдэг үг ямар утгатай вэ?
6 Эхлээд «махан бие» гэдэг үгийг авч үзье. Библид энэ үгийг янз бүрийн утгаар хэрэглэсэн байдаг. Заримдаа хүний бие махбодыг хэлдэг (Ром 2:28; 1 Кор. 15:39, 50). Ураг төрлийн холбоог хэлэх нь ч бий. Есүсийг «махан биеэр Давидын удмаас төрсөн» гэжээ. Паул иудейчүүдийн тухай «Махан биеэрээ миний хамаатан» гэж бичжээ (Ром 1:3; 9:3).
7 Харин Ром 8:4–13-т гарч буй «махан бие» гэж чухам юу болохыг 7 дугаар бүлгээс мэдэж болно. Паул «махан биеийн дагуу байгчдын» тухай хэлэхдээ тэдний биед «нүгэлт хүсэл тачаалууд» «ажиллаж байсан» гэжээ (Ром 7:5). «Махан биеийн дагуу байгчид нь махан биеийн юмсыг боддог» гэсэн үгийн утгыг энэ зүйл тайлж байна. Төгс бус махан биеийнхээ хүслийг голлон анхаардаг, нүгэлт хүсэлдээ захирагддаг хүмүүсийн талаар Паул бичсэн ажээ. Тийм хүмүүс бэлгийн дур хүсэл гэх мэтийн хүслээ дагадаг.
8. Паул яагаад тослогдсон дагалдагчдад «махан биеийн дагуу» явахаас сэрэмжлүүлсэн бэ?
8 Паул тослогдсон хүмүүсийг «махан биеийн дагуу» явахын аюулаас яагаад сэрэмжлүүлсэн юм бол? Өнөөдөр Бурхны орчин үеийн үйлчлэгчдийг бас тийм аюул отдог уу? Харамсалтай нь Бурханд үйлчилдэг хэнд ч болов нүгэлт махан биеийнхээ хүслээр явах эрсдэл байдаг ажээ. Жишээлбэл Ромын ах дүү нарын зарим нь «ходоодондоо боолчлогддог» гэж Паул бичжээ. Үүгээрээ тэрээр бэлгийн дур хүсэл, ууж идэх хүсэл гээд янз бүрийн хүслийг хэлсэн хэрэг юм. Зарим хүн «гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг» байжээ (Ром 16:17, 18; Флп. 3:18, 19; Иуда 4, 8, 12). Коринтын хурлын нэг гишүүн «эцгийнхээ эхнэртэй нөхцдөг» байсныг санаарай (1 Кор. 5:1). Бурхан үйлчлэгчдэдээ ямар учраас «махан биеийн юмсыг» бодохоос сэрэмжлүүлсэн нь ойлгомжтой боллоо (Ром 8:5, 6).
9. Ром 8:6-г юу гэж ойлгож болохгүй вэ?
9 Энэ сэрэмжлүүлэг өнөөдөр ч хүчинтэй. Бурханд олон жил үйлчилсэн хүн ч махан биеийн юмсыг боддог болж мэднэ. Хоол унд, ажил төрөл, амарч зугаацах, тэр бүү хэл хайр дурлалын тухай хааяа бодох нь буруу биш. Энэ бүхэн Бурхны үйлчлэгчийн амьдралд байдаг л зүйл. Есүс хоол идэх дуртай байсан, бас хүмүүсийг хооллож байсан удаатай. Секс бол эхнэр нөхрийн хооронд байх ёстой чухал зүйл гэдгийг Паул бичсэн байдаг.
Бид «Сүнсний юмсыг» боддог уу, «махан биеийн юмсыг» боддог уу? Яриа маань юу харуулдаг вэ? (10, 11-р догол мөрийг үзээрэй)
10. Ром 8:5, 6-д байдаг «бодох» гэдэг үг ямар утгатай вэ?
10 Тэгвэл Паул юуг «махан биеийн юмсыг бодох» гэсэн бэ? Паулын хэрэглэсэн грек үг нь «ямарваа нэг зүйлд оюун бодол, сэтгэл зүрхээ эзэмдүүлж, хүч ухаанаа гарган сайтар төлөвлөн түүнийгээ ажил хэрэг болгохыг хэлдэг. Энэ бүх үйлдлийн цаад шалтгаан болсон сэдэл хандлагыг онцолдог үг» юм. Махан биеийнхээ дагуу явдаг хүмүүс амьдралын замаа нүгэлт хүсэлдээ захируулдаг. Нэг эрдэмтэн Ром 8:5-д байдаг үгийн талаар «Тэд махан биеийнхээ хүслийг, тухайлбал хамгийн их сонирхдог, байнга ярьдаг, оролцдог, алдаршуулдаг зүйлээ л боддог» гэж бичжээ.
11. Бид юуг амьдралдаа хэтэрхий чухал зүйл болгож мэдэх вэ?
11 Ром дахь Христийн дагалдагчид амьдралдаа юуг гол болгодгоо бодож үзэх шаардлагатай байлаа. Тэд «махан биеийн юмсыг» л бодож амьдардаг байсан юм биш биз? Бид ч бас бодож үзэх хэрэгтэй. Хамгийн их сонирхдог зүйл маань юу вэ? Юуны тухай их ярьдаг вэ? Юунд үнэхээр дуртай вэ? Зарим хүн дарсыг төрөл төрлөөр нь уух, гэр орноо гоёх, шинэ загварын хувцас худалдаж авах, мөнгө төгрөгөө арвижуулах, аяллаар явах дуртайгаа анзаарч болох юм. Энэ бүхэн буруу биш. Амьдралд байдаг л зүйл. Жишээ нь Есүс нэг удаа хуриман дээр гайхамшгаар дарс хийсэн. Паул Тимотод «бага зэрэг дарс хэрэглэхийг» зөвлөсөн байдаг (1 Тим. 5:23; Иох. 2:3–11). Гэхдээ Есүс Паул нар дарсны тухай байнга ярьдаг байсан уу? Дарс уухыг ихээр хүсдэг байсан уу? Үгүй. Тэгвэл та яадаг вэ? Юуг их сонирхдог вэ?
12, 13. Яагаад өөрийгөө шалгах хэрэгтэй вэ?
12 Өөрийгөө шалгах нь маш чухал. Яагаад? «Махан биеийн бодол санаа бол үхэл» гэж Паул бичжээ (Ром 8:6). Хэрэв «махан биеийн дагуу» явбал одоо Еховагаас сална, ирээдүйд амиа бүрмөсөн алдана гэсэн үг. Гэхдээ «махан биеийн юмсыг боддог» болсон хүн заавал ийм юм үзэх албагүй. Өөрчлөгдөх боломжтой. Коринтын хурлын нэг гишүүн садар самуун явдалтай орооцолдоод хурлаас хасагддаг. Гэхдээ тэр хүн өөрчлөгдөж чадсан. Хүслээ дагахаа болиод дахин зөв замаар явдаг болсон (2 Кор. 2:6–8).
13 Үнэний замаас хэтэрхий хол явсан тэр хүн өөрчлөгдөж чадсан юм бол, хэтэрхий хол яваагүй хүмүүс өөрчлөгдөх тийм ч хэцүү биш. Махан биеийн хүслээ дагадаг хүн ямар хор уршиг амсдагийг Паул сэрэмжлүүлсэн билээ. Хэрэв бид сэрэмжлүүлгийг нь санаж явбал шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх нь дамжиггүй!
«СҮНСНИЙ ЮМСЫГ БОДДОГ»
14, 15. а) Паул ямар зөвлөгөө өгсөн бэ? б) «Сүнсний юмсыг бодох» гэдгийг юу гэж ойлгож болохгүй вэ?
14 Элч Паул «махан биеийн юмсыг бодохоос» сэрэмжлүүлснийхээ дараа нэг зөвлөгөө өгсөн. «Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой» гэжээ. Хүртэх шагнал нь амь ба амар тайван байх нь ээ! Энэ шагналыг хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?
15 «Сүнсний юмсыг бодох» гэдэг нь амьдралаас тасарна гэсэн үг биш юм. Зөвхөн Библийн тухай, Бурхны тухай, ирээдүйнхээ найдварын тухай яриад, өөр зүйлийг ярьж болохгүй гэсэн үг биш. Паул болон тэр үеийн дагалдагчдыг бодоод үзье. Тэд бусад хүн шиг жирийн л амьдардаг байсан шүү дээ. Идэж уух дуртай байсан. Өөрсдийгөө тэжээхийн тулд ажил төрөл эрхэлж, гэрлэж, үр хүүхэд төрүүлж өсгөдөг байсан (Марк 6:3; 1 Тес. 2:9).
16. Паулын хувьд амьдралынх нь хамгийн чухал зүйл юу байсан бэ?
16 Гэхдээ тэд өдөр тутмын амьдралдаа хамаг анхаарлаа хандуулдаг хүмүүс биш байв. Жишээ нь Паул майхан хийдэг байсан ч энэ нь амьдралынх нь хамгийн чухал зүйл байгаагүй. Тэрээр дэлгэрүүлэх, заах ажлыг голлон анхаардаг байжээ (Үйлс 18:2–4; 20:20, 21, 34, 35-ыг уншина). Ийм үйл хэрэгт идэвхтэй оролцохыг Паул Ром дахь итгэл нэгтнүүддээ уриалжээ. Бурханд үйлчлэх нь Паулын амьдралын гол зүйл байв. Ромчууд Паулыг дуурайх хэрэгтэй байлаа. Бид бас дуурайх хэрэгтэй (Ром 15:15, 16).
17. «Сүнсний бодол санаатай» байвал үр дүн нь ямар байх вэ?
17 Еховад үйлчлэхийг гол болгож амьдарвал үр дүн нь ямар байх вэ? Ром 8:6-д тодорхой хариу бий. «Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой». Энэ нь бодол санаагаа ариун сүнсээр удирдуулж, Бурхны бодол санаатай нийцүүлнэ гэсэн үг. Ингэдэг бол одоо сэтгэл хангалуун, утга учиртай амьдарна. Ирээдүйд тэнгэрт эсвэл дэлхий дээр мөнх амьдарна.
18. «Сүнсний бодол санаатай» хүн амар тайвныг хэрхэн мэдэрдэг вэ?
18 «Сүнсний бодол санаа бол ... амар тайван болой» гэснийг бодож үзье. Маш олон хүн сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээдэг ч чаддаггүй. Харин бид жинхэнэ амар тайвныг мэдэрдэг. Бид гэр бүлийнхэнтэйгээ болон хурлынхантайгаа эв найртай байхыг хичээдэг. Өөрийгөө ч, итгэл нэгтнүүдээ ч төгс бус гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Төгс бус учраас заримдаа үл ойлголцол гардаг. Гэхдээ тийм юм болбол Есүсийн зааснаар «ах дүүтэйгээ эвлэрэхийн» тулд чадах бүхнээ хийдэг (Мат. 5:24). Нөгөөх маань ч бас над шиг «амар амгалангийн Бурханд» үйлчилж байгаа шүү дээ гэж бодвол эвлэрэхэд илүү хялбар байна (Ром 15:33; 16:20).
19. «Сүнсний бодол санаатай» хүн амар тайвныг өөр хэрхэн мэдэрдэг вэ?
19 Хэрэв хүн «сүнсний бодол санаатай» байдаг бол Бүтээгчтэйгээ эв найрамдалтай байна. Зөнч Исаиа: «Танд [Еховад] итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална» хэмээн зөгнөжээ. Энэ зөгнөл тухайн үедээ хамаатай байсан төдийгүй өнөө үед илүү өргөн хүрээнд биелж байна (Ис. 26:3; Ром 5:1-ийг уншина).
20. «Ром» номны 8 дугаар бүлэгт бичсэн зөвлөгөөг яагаад дагах хэрэгтэй вэ?
20 Тэгэхлээр бид тэнгэрт амьдрах ч бай, дэлхийд амьдрах ч бай, «Ром» номны 8 дугаар бүлэгт байдаг зөвлөгөөг дагах хэрэгтэй байх нь ээ. «Махан биеийн юмсыг» амьдралынхаа гол зүйл болгохгүй байхыг уриалсанд нь талархаад баршгүй! «Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван» хэмээн бичсэний дагуу амьдрах нь хэчнээн ухаалаг вэ! Үүний төлөө гайхалтай шагнал хүртэнэ. Паул: «Нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн» гэж бичжээ (Ром 6:23).