Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Зоригт хоёр эмэгтэй
    Библийн тухай өгүүлдэг миний ном
    • ӨГҮҮЛЛЭГ 50

      Зоригт хоёр эмэгтэй

      ИЗРАИЛЬЧУУД гай зовлонд унаад, Еховагаас тусламж гуйв. Гуйлтынх нь хариуд Ехова тэдэнд туслуулахаар зоригтой удирдагчдыг илгээв. Тэднийг Библид «шүүгчид» гэдэг. Хамгийн анх Иошуа, түүний дараа Отниел Ехүд Шамгар зэрэг хүмүүс шүүгч болсон юм. Бас Израильд тусалсан хүмүүсийн дотор Дебора Иаел гэдэг хоёр эмэгтэй байжээ.

      Дебора бол зөнч юм. Ехова ирээдүйд юу болохыг хэлж өгөхөд, Дебора ард олонд дамжуулдаг байв. Тэр бас шүүгч байлаа. Уулархаг нутагт, модны доор суугаад, бэрхшээлээ шийдүүлэхээр ирсэн хүмүүст тусалдаг байв.

      Тэр үед Канааны хаан нь Иабин байлаа. Иабин 900 байлдааны тэрэгтэй байв. Түүний арми маш хүчтэй байсан болохоор олон израиль хүнийг зарцаа болгох гэж хүчээр тулгадаг байжээ. Иабины цэргийн жанжин нь Сисера гэдэг хүн байлаа.

      Нэг удаа Дебора, шүүгч Барак уруу хүн явуулж: «„10 000 хүн аваад Табор ууланд гар. Би тэнд Сисераг ирүүлнэ. Тэгээд түүний армийг ялахад чинь тусална“ гэж Ехова айлдсан» хэмээн хэлүүлжээ.

      Барак Деборад: «Хэрэв таныг надтай хамт явбал би явна» гэж хэлэв. Дебора хамт явахдаа Баракт: «Чи ялж алдаршихгүй. Учир нь Ехова Сисераг нэгэн эмэгтэйн гарт өгнө» гэж хэлжээ. Тэгээд тэр ёсоор болсон аж.

      Барак Сисерагийн цэрэгтэй тулалдахаар Табор уулнаас буув. Ехова гэнэт үер буулгаж, дайсны олон цэргийг живүүлжээ. Харин Сисера тэргээ орхин зугтав.

      Төдөлгүй Сисера Иаел гэдэг эмэгтэйн майханд хүрч ирэв. Иаел түүнийг майхандаа урьж оруулаад сүүгээр дайлав. Сисера сүү уугаад нойр нь хүрч, удалгүй бөх гэгч нь унтаад өгчээ. Тэгмэгц Иаел майхны гадас авч, тэр өөдгүй хүний толгой уруу шаав. Хожим Баракийг ирэхэд Иаел, үхсэн Сисераг үзүүлэв! Деборагийн хэлсэн нь үнэн байжээ.

      Эцэстээ Иабин хаан ч бас алагдаж, израильчууд нэг хэсэгтээ амар жимэр амьдарчээ.

      Шүүгчид 2:14–22; 4:1–24; 5:1–31.

      Судлах асуултууд

  • Рут Наоми хоёр
    Библийн тухай өгүүлдэг миний ном
    • ӨГҮҮЛЛЭГ 51

      Рут Наоми хоёр

      БИБЛИД «Рут» гэдэг ном байдаг. Энэ номд Израилийг шүүгчид удирдаж байх үеийн нэгэн гэр бүлийн түүхийг бичжээ. Рут бол Бурхны ард түмэн болох израиль үндэстэн биш, Моаб нутгийн бүсгүй билээ. Гэвч тэр жинхэнэ Бурхан Еховаг таньж мэдсэн цагаасаа хойш түүнийг хамаг зүрх сэтгэлээсээ хайрлах болжээ. Наоми бол Еховагийн тухай таньж мэдэхэд нь Рутэд тусалсан настай эмэгтэй юм.

      Наоми израиль эмэгтэй билээ. Израильд өлсгөлөн болоход Наоми нөхөр, хоёр хүүгийнхээ хамт Моаб нутагт нүүн ирж суурьшжээ. Хэдэн жилийн дараа нөхөр нь нас барав. Хожим хөвгүүд нь Рут Орпа гэдэг хоёр моаб бүсгүйтэй гэрлэжээ. Гэтэл арваад жилийн дараа Наомийн хоёр хүү нас барав. Наоми болон тэр хоёр бүсгүй хэчнээн их гашуудсан бол оо! Одоо Наоми яах вэ?

      Нэгэн өдөр Наоми нутаг буцаж, ард түмэндээ очъё гэж шийдээд, холын аянд гарчээ. Рут Орпа хоёр ч түүнээс салахыг хүсээгүй учир хамт явав. Гэвч хэсэг яваад Наоми хоёр охинд хандан: «Та хоёр гэр гэртээ харьж, ээжтэйгээ амьдар даа» гэж хэлэв.

      Наоми тэднийг үнсэж, салах ёс хийв. Тэд Наомид их хайртай байсан учраас уйлж гарлаа. Тэгээд тэр хоёр: «Үгүй! Бид тантай хамт танай ард түмэн дээр очно» гэж хэлэхэд Наоми хариуд нь: «Охид минь буцагтун. Та нар гэртээ үлдсэн нь дээр» гэж ятгав. Тэгж хэлэхэд нь Орпа гэр уруугаа буцжээ. Харин Рут буцаж явсангүй.

      Наоми түүн уруу эргэж хараад: «Орпа явчихлаа. Чи ч бас буц» гэв. Гэвч Рут хариуд нь: «Намайг орхи гэж бүү ятгаач! Намайг аваад яваач. Таныг хаашаа явна, би тийшээ явна. Таныг хаана амьдарна, би тэнд амьдарна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан болно. Таны үхэх газар би үхнэ, тэнд намайг оршуулаг» гэж хэлэв. Рутийг ингэж хэлэхэд Наоми түүнийг гэртээ буц гэж дахин ятгасангүй.

      Тэгээд тэр хоёр Израильд ирж амьдрах болжээ. Тэднийг ирэхэд арвай хураах цаг байсан учраас Рут шууд тариан талбайд ажиллаж эхлэв. Боаз гэдэг хүн талбайгаас нь арвай түүхийг Рутэд зөвшөөрчээ. Боазын ээж хэн бэ, чи мэдэх үү? Тэр бол Иерихо хотын Рахаб билээ.

      Нэгэн өдөр Боаз Рутэд: «Би чиний тухай бүгдийг дуулсан. Бас Наомид сайн юм хийснийг чинь сонссон. Эцэг эх, төрсөн нутгаа орхиод, таньж мэдэхгүй ард түмэн дээр ирснийг чинь ч мэдсэн. Ехова чамайг ивээх болтугай!» гэж хэлэв.

      Рут: «Ноёнтон минь, та надад тун элэгсэг хандлаа. Таны хэлсэн сайхан үг намайг сэргээлээ» гэж хариулав. Рут Боазад их таалагдсан бөгөөд удалгүй тэр түүнийг эхнэрээ болгон авав. Наоми хэчнээн баярласан гээч! Рут Боаз хоёр Обед гэдэг анхныхаа хүүг төрүүлэхэд Наоми бүр их баярлажээ. Хожим нь Обед Давидын өвөө болсон юм. Харин Давидын тухай дараа бид ихийг мэдэх болно.

      «Рут» ном.

      Судлах асуултууд

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах